Эрчим хүчний эрх чөлөө
Ирэх өвөл хот хөлдөх өндөр эрсдэлтэй боллоо, цахилгааны хязгаарлалтанд ороод удлаа, дулаан болон эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүд дутагдахаас гадна энэ салбарт сүүлийн 5 жилд 10 хүн ажлын байран дээрээ амь насаа алдлаа. Бид хэзээ эрчим хүчний эрх чөлөөнд хүрэх юм бол гэдэг сэдвийг шинэ дугаараар хөндлөө. Зочдоор “Эрчим хүчний зохицуулах хороо”-ны зохицуулагч П.Товуудорж, “Монголын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээ, сайжруулалт хариуцсан захирал Б.Мэндбаяр, “Эрчим Сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал Н.Нямдаваа, Эрчим хүчний инженерүүдийн холбооны гишүүн Ө.Болорцом нар уригдлаа.

В.Ганзориг: Саяхан Монголд болж өнгөрсөн “Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын 10-р бага хурлын үеэр “Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавхиа дээшлүүлэх нь тухайн улсын бие даасан гадаад бодлогын том хөшүүрэг” гэдэг тусгай хэлэлцүүлэг өрнөжээ. Монгол Улс хэзээ эрчим хүчний эрх чөлөөтэй болох вэ?
П.Товуудорж: Эрчим хүч Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбогддог. Эрчим хүчний системд горимын хувьд тогтвортой, системийн хувьд найдвартай, эдийн засгийн хувьд үр ашигтай, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, сөрөн тэсвэрлэх гэсэн 5 үндсэн шаардлага тавигддаг. Сүүлийн үед байгаль орчинд ээлтэй байх гэдэг шаардлага нэмэгдэж буй. Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлаас гадна 80% нь нүүрснээс хамааралтай бүтэцтэй байгаа нь манай салбарын том сорилт болоод байна. Суурилагдсан хүчин чадлын 20 хүрэхгүй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж байна. Том чадлын сэргээгдэх эрчим хүчний станц манайд байхгүй.
Өнөөдөр бид эрчим хүчний хэрэглээнийхээ 25%-ийг хоёр хөршөөсөө импортоор авч байна. Уг нь үндсэн горимд ажилладаг системийн хувьд нүүрснээс гадна нар, салхи, ус, байгалийн хий гээд төрөл нь олон байх тусам бие биенээ нөхөж, хоршин ажиллах учиртай. Газрын тос, нефть, шатахууны хувьд бид 100% бусдаас хараат байдаг. Иймээс аюулгүй байдлын хувьд манай салбар маш эмзэг нөхцөлд байна. Энэ асуудлыг шийдэх ёстой. Бид усан цахилгаан станцтай болох ёстой. Эгийн голын төсөл гээд бид удаан ярьж байна. Засгийн газар дээр яригдаж буй төслүүдийн түвшинд 2028, 2029 оны хавьцаа эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлаас гарна гэж төлөвлөн ажиллаж байна.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Б.Мэндбаяр: Би эрчим хүчний эрх чөлөөг аж ахуйн нэгж, компаниудын түвшинд ярьмаар байна. Энэ түвшинд эрх чөлөө байхгүй. Яагаад гэвэл эрчим хүчний дэд бүтэц, эх үүсвэрийн дутагдлаас болоод манай аж ахуйн нэгжүүд өргөжиж, монголын бизнесүүд томорч чадахгүй байна. Эрх чөлөө ярихын тулд сонголтуудтай байх ёстой. Гэр хорооллын иргэдэд жишээ нь эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн өөр сонголт байна уу? Байхгүй! Байшин хороололд амьдардаг би өөрөө дулаанаа хэрэглээгээрээ төлж чаддаггүй. Иймээс бидэнд эрчим хүч, дулаан хангамжийн эрх чөлөө байхгүй.
Эрчим хүчний эрх чөлөөг бид хүний эрхийн асуудалтай адилтган авч үзэх ёстой. Хүн ус, агааргүй амьдарч чадахгүйтэй агаар нэг орчин цагт эрчим хүчгүй бол юу ч хийж чадахгүй буюу эргээд харанхуй, бүдүүлэг зуун руугаа явна гэсэн үг. Иймээс эрчим хүчний эрх чөлөө ярихын тулд бид сонголттой байх ёстой. Төр тэргүүн эгнээнд эрэмбэлж анхаарахгүй л бол бид хэзээ ч эрчим хүчний асуудлаа шийдэж чадахгүй. Улсын төсвөөс харвал ийм эрэмбэ харагдахгүй байгаа. Энэ салбарыг өөдрөгөөр харахад хэцүү байна.
Н.Нямдаваа: Эрчим хүчгүй оршин тогтнох боломжгүй буюу бид хэчнээн мундаг хиймэл оюун ухаан, технологи, хөгжил яриад нэмэргүй. Үүнийг л улс даяараа ухамсарлаж ойлгомоор байна. Нэн тэргүүнд эрэмбэлж хөгжүүлэх салбараа манай Засгийн газар тодорхойлох ёстой. Өмнөх асуудлаа хүлээн зөвшөөрч, өнөөдрийн нөхцөл байдалд анализ дүгнэлт хийх ёстой. Бидний банкны дансанд байгаа, аппликэйшн дээрх мөнгө, криптовалют эрчим хүчгүй болсны дараа зүгээр л нэг хоосон тоо болж хувирна. Иймээс эрчим хүч бидний анхдагч хэрэгцээ гэдийг ойлгож, улсын бодлогын түвшинд эхэнд нь эрэмблэх ёстой. Хамгийн эхэнд хөгжих ёстой салбар бол эрчим хүч юм. Учир нь эрчим хүчний салбар хөгжиж байж араас нь улс орны бусад салбар хөгждөг. Харилцаа холбооны салбар 5G рүү орсон бол манай салбар 2G эсвэл 3G дээрээ гацсан.
Эрчим хүчний эрх чөлөө ийм хязгаарлагдмал байгаа гэдгийг тал талаасаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Энэ нөхцөл байдал ойрын таваас 10 жилд хэвээр үргэлжилнэ гэж би харж байгаа. Өвлийн оргил үеэр эрчм хүчний ачаалал 1655 МВт хүрсэн. Үүнийн 300 гаруй МВт-ийг бид ОХУ-аас авч хангаж, цахилгаанаа таслахгүй явж байна. Ийм л хараат байгаа гэсэн үг. Иймээс бид эрчим хүчний эрх чөлөөнд хүрэх болоогүй. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, эх үүсвэрүүдийнхээ тоог нэмж байж л эрх чөлөө рүүгээ бага багаар ойртоно. Түүнчлэн тохируулгын том чадлын усан цахилгаан станцыг маш яаралтай ашиглалтанд оруулах хэрэгтэй байна.
Ө.Болорцом: Би залуу хүн уг нь өөдрөг юм ярих ёстой. Гэвч гутранги жишээ хэлж буйдаа харамсаж байна. Сүүлийн 20 жилийн турш хөгжиж буй сэргээгдэх эрчим хүчний ачаар малчид хамгийн ихээр эрчим хүчний эрх чөлөөг мэдэрч байгаа хүмүүс. Гэвч нарны толь, батарейгаар ахуйн хэрэгцээгээ хангасан тэд шинээр баригдах бусад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг эсэргүүцэж зогсоодог. Тухайлбал, Эгийн гол, Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станц, атомын цахилгаан станцын төсөл гээд яригдахаар л нүүр бардам очиж эсэргүүцэж чаддаг.
Эгийн голын усан цахилгааны станцын төсөл намайг төрөхөөс өмнө яригддаг байсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байна. Бид Эгийн голын усан цахилгаан станцыг барьж чадвал гэж ярихаа болиод Эгийн голын төсөлгүйгээр эрчим хүчний эрх чөлөөгөө хэрхэн хангахаа бодох цаг болсон.
В.Ганзориг: Улаанбаатар хотын орлогч дарга энэ өвөл хот хөлдөх эрсдэлтэй гэдэг мэдэгдэл хийсэн. Үүн дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
П.Товуудорж: ТЭЦ3 дээр гарсан осолтой холбоотой ийм мэдэгдлийг хотоос хийсэн болов уу. Эрчим хүчний салбарынхан өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаад явж байгаа ба арай ч Улаанбаатар хотыг хөлдөөчихнө гэж бодохгүй байна. Тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг аваад хүндрэлтэй ч гэсэн өвлийг давна. Гэхдээ яагаад ийм байдалд орсон бэ гэдэг суурь шалтгаанаа ярих хэрэгтэй. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт ордоггүй, учир нь үнэ тариф нь хямд учраас хөрөнгө оруулагчид сонирхдоггүй гэж ярьдаг. Энэ нэг шалтгаан мөн. Нэмээд үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээ нь тасралтгүй зэрэг явж байдаг, хадгалж болдоггүй зэрэг онцлог эрчим хүчний салбарт байдаг. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбарын эх үүсвэр тал нь түрүүлж хөгждөг бизнесийн концепцтой юм. Эх үүсвэр нь баригдсаны дараа хэрэглээ нь бий болдог.
Өнөөдрийг хүртэл ТЭЦ5 баригдахгүй 20, 30 жил болсон шалтгаан бол ирээдүйд бий болох хэрэглээ хангалтгүй байсан хэрэг. Хувийн хэвшил ашгийн төлөө ажилладаг. Энэ төслийн хөрөнгө оруулагчид ирээдүйн хэрэглээн дээр үндэслэн засгийн газраас баталгаа гаргуулж зээл авч, мөнгө босгоно. Энержи Ресурс жишээ нь Ухаа худгийнхаа нүүрсийг барьцаалж байгаад хэрэглээгээ тооцоод бага хэмжээний станц барьсан. Харин 400, 500, 600 МВт хүчин чадалтай том эх үүсвэр, нэг тэрбум ам.доллараас дээш өртөг санхүүжилттэй мега төсөлд, нэмээд улс төр, эдийн засаг нь тогтворгүй Монгол шиг хөгжиж буй оронд хөрөнгө оруулах нь хувийн хэвшлийн хувьд дангаараа дааж чадахгүй хүнд, эрсдэлтэй ачаа болдог.
Өнөөдрийн хүртэл Монголд хэрэгжсэн сэргээгдэх эрчим хүчний 100-с 200 сая ам.долларын төслүүд дээр ханшны эрсдлээс хамгаалж үнэ тарифийг нь ам.доллараар зоож өгсөн байдаг. Нэмээд ийм хэмжээний санхүүжилтийг хоёроос гурван банк эрсдлээ хуваагаад санхүүжүүлж чаддаг. Харин эрчим хүчний том төслүүд дээр зайлшгүй Засгийн газрын давхар баталгаа шаардагддаг. ТЭЦ5 төсөл зогссон үндсэн шалтгаан энэ шүү дээ. Хэрэв миний үйлдвэрлэсэн цахилгааныг авахгүй бол Засгийн газар ирээдүйд олох байсан орлогын тооцооноос хамгийн бага дүнгээр санхүүгийн баталгаа гаргах ёстой болдог. Төр өнөөдрийн хүртэл эрчим хүчний салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийж, мега төслүүд хэрэгжүүлж чадаагүйн шалтгаан энд бий.
Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хийх ажлууд маш их байна. Гэхдээ хувийн хэвшлийн даахгүй ачааг төр авахаас өөр аргагүй болдог. Мөнгөгүй гэдэг боловч гаргая гэвэл төрд мөнгө бий. Жишээ нь, Ковидын үеэр Эрдэнэт үйлдвэр 1,6 жил эрчим хүчний үнийг дааж, бараг 1 ихнаяд төгрөг зарцуулсан. Энэ мөнгөөр эх үүсвэрээ барьж байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байв. Ийм асуудлынхаа чухлын дараалал, эрэмбэ гэдэг зүйлийг онцгой анхаараач ээ гэж УИХ, Засгийн газрын гишүүд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хэлмээр байна. Учир нь эрчим хүч бол үндэсний төдийгүй эдийн засгийн аюулгүй байдлын дугаар нэг асуудал юм.
Б.Мэндбаяр: Бид эрчим хүчний салбарын хямралын менежмент судалгааг хийхэд энэ салбар аль хэдийнэ хямралд орчихсон байна гэдэг дүгнэлт гарсан. Эрчим хүчний салбарын төлөвлөлт нь асуудал үүссэний дараа хариу үйлдэл үзүүлдэг болохоос хямрал үүсэхээс өмнө буюу осол аваар гаргахгүй байя гэдэг урьдчилсан төлөвлөлт хийгддэггүй. Урьдчилсан төлөвлөлт хийхийн тулд дотоод, гадаад нөхцөл, боломж, эрсдлийг бодитоор харах ёстой болдог. Энэ бол эрчим хүчний салбарын хамгийн гол асуудал гэж хэлмээр байна. Бүх ажлын хэрэгжилт, процессийг харж явсаар байгаад эцсийн дүндээ төлөвлөлт дээрээ л эргэж очдог. Иймээс зөв ажлыг зөв төлөвлөж байж үр ашигтай ажиллана. Энэ процесс, ажлын арга, төрийн менежемент сайжрахгүй юм бол асуудлаа хэзээ ч шийдэж чадахгүй буюу өөрсдийгөө хуураад л яваад байна гэсэн үг. Ийм нөхцөлд суурь асуудал огт шийдэгдэхгүй.
В.Ганзориг: Шийдвэр гаргагчид эрчим хүчний эрх чөлөөний ач холбогдлыг нээрэнгээсээ мэдэхгүй байна уу, эсвэл мэдчихээд эс үйлдэл хийгээд байгаа юм уу?
Н.Нямдаваа: Мэдчихээд эрэмбэлж чадахгүй байгаа гэж би харж байна. Соёлын салбараас бага төсөвтэй эрчим хүчний салбартай гэж хүн болгон ярьж байна шүү дээ. Энэ эрэмбийг нийтээрээ ойлгохгүй бас ухамсарлахгүй байна. Энэ салбарын дэд бүтэц тэр чигээрээ хуучирсан. Хэдийн 50, 60, 70 жилийн настай болсон. Үүндээ ямар ч шинэчлэл хийж чадахгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Хүн худлаа яриад яваад байж болдог. Харин техник, технологи, тоног төхөөрөмж хэзээ ч худал ярьдаггүй. Уг үндсээр нь асуудлаа шийдэхгүй, наана нь буй шархыг цэвэрлэж явсаар байгаад сая ТЭЦ3 маш том дохио өглөө.
Эрчим хүчний салбарт төрийн өмч хэт давамгай байдаг. Тэр утгаараа шийдвэр гаргалт төрд шууд хамаардаг учраас хувийн хэвшлийн дуу хоолойг харьцангуй сул хүлээж авдаг. Ийм учраас бодлогын түвшинд асуудлын шийдлээ төрөөр дэмжүүлж, лобби хийж ажиллаж чаддаггүй. Соёлын салбараас хамаагүй сул түвшинд ажиллаж байна. Хувийн хэвшил санал бодлоо уламжилдаг. Гэхдээ манай салбарын ихэнх нь буюу инженерүүд хэт хүлцэнгүй, дуугүй, асуудал шийдлээ илэрхийлж хэлдэггүй, урдах ажлаа чимээгүй хийгээд явдаг хүмүүс юм болов уу гэж хардаг. Энэ бидний алдаа мөн. Бид цаг нартай уралдан өндөр ачаалалтай ажилладаг. Хэдхэн секүүнд алдахад осол аваар гарахад ойрхон байдаг учраас урдах ажлаа яс хийхийн төлөө зорьдог. Харин яг бодлого, чиглэлийн хэмжээнд манлайлж ажиллахад дутагдалтай зүйлс бий.
Ө.Болорцом: Манай салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Би залуу буюу дунд үеийн инженерт тооцогдоно. Миний үеийн маш мундаг мэргэжилтэн инженерүүд бий. Бүгд том том бүтээн байгуулалтын төслүүд дээр асар завгүй ажилладаг. Эдгээр залуус маань энэхүү ажлын өндөр ачааллын улмаас гэр бүлээ даваад өөрийгөө хөгжүүлэх болон салбарынхаа асуудал руу идэвхтэй оролцож чаддаггүй. Иймээс эрчим хүчний салбарын залуусыг чадавхжуулах, дуу хоолойг нь нийгэмд гаргах, мэргэжлээрээ бахархдаг болгох, эрчим хүчний салбарыг сурталчлах ажлуудыг тогтмол хийхгүй бол ирээдүйд хүний нөөцийн асуудал улам хүндрэхээр байгаа.
В.Ганзориг: Асуудлуудаа хангалттай ярьлаа. Одоо шийдлээ хэлэлцье. Эрчим хүчний үнийг саяхан нэмсэн. Ард иргэд бухимдсан. Үр өгөөж нь гарсан уу, бодит үр дүн нь юу байна вэ? Энэ реформ юм уу? Эрчим хүчний хуулийн өөрчлөлтөөс юу хүлээх ёстой вэ?
П.Товуудорж: Эрчим хүчний зохицуулах хороо 2024 оны 11-р сард эрчим хүчний үнэ, тарифийг хөдөлгөсөн. Өртөгт нь ойртуулсан хэдий ч ашигтай ажиллах хэмжээнд бол очоогүй. Гэхдээ эерэг үр дүн гарсан. Үр дүнд нь тодорхой хэмжээнд гадна болон дотны хөрөнгө оруулалтын ажлууд эрчимжиж байна. Нөгөө талаас хэрэглэгчид эрчим хүний үнэ цэнийг илүү сайн ойлгоод, цахилгааны төлбөрөө бага гаргахын тулд хэмнэх хандлага үүсч эхэлсэн. Цаашид цахилгааны үнийг өртөгт нь хүргээд, үнэ тарифийг индексжүүлэх ёстой. Өнгөрсөн оны эрчим хүчний үнийн нэмэгдлээс 540 орчим тэрбум төгрөг нэмэлтээр орж ирсэн. Үүний ачаар нүүрсний уурхай, төмөр зам алдагдалгүй ажиллаж чадсан. Хөгжлийн банкны урт хугацаат зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан эрчим хүчний компаниуд зээлийн хуваарийн дагуу төлбөрөө төлж чаддаг болсон.
Манай салбарт хүний нөөцийн асуудал хоолойд тулсан. Сайн залуучууд өндөр цалинтай учраас уул уурхайн салбар руу шилжээд явчихдаг. 2023 оноос хойш эрчим хүчний компаниудын цалинг 40-өөс 60% нэмэгдүүлсэн. Үүнд 200 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан. Өмнө нь бид засварын зардлаа хойшлуулаад хүмүүсийн цалингаа таслахгүй тавиад явдаг байсан. Уурхай, төмөр замд 100 гаруй тэрбум төгрөг, шинэ эх үүсвэрийн өртөгт мөн 100 гаруй тэрбум төгрөгийг үнэ тарифийн нэмэгдлээс орж ирсэн эх үүсвэрээр санхүүжүүлээд байна. Цаашдаа бид энэ эрчээ алдахгүй эрчим хүчний үнэ тарифаа индексжүүлээд валютын ханш, хэрэглээний үнийн индекс, шинэ эх үүсвэрийн үнийн нөлөөллийг тооцож явах ёстой.
Засгийн газрын барьж буй бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүч рүү хувийн хэвшлийнхэн нэлээд эрчтэй орж байна. Эрчим хүч стратегийн бүтээгдэхүүн учраас төр энэ салбарт нийтийн эрх ашгийг төлөө ажилладаг. Тухайлбал, орлого багатай иргэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчээр хэрхэн хүртээмжтэй хангах вэ гэх мэт. Хэрэв төр огт хөрөнгө оруулалт хийхгүйгээр хувийн хэвшлээр эрчим хүчний салбарт дангаар нь явуулбал олон улсын жишгээр зорилтот бүлгээ дэмжихийн тулд тодорхой хэмжээнд татаасын бодлого заавал явуулах ёстой болдог. Гэхдээ тэр татаас нь манай эрчим хүчний компаниудаар дамжихгүй нийгмийн хамгааллын шугамаар тараагддаг жишиг бий. Эх үүсвэрийн нөөцийн төлөөх тэмцэл олон улсад явагдаж, эрчим хүчний үнийг яаж хямд байлгах вэ гэдэг дээр дэлхий нийт уралдан толгойгоо гашилгаж байна. Иймээс энэ салбарт төр ба хувийн хэвшлийн тэнцвэр маш чухалд тооцогддог.
2001 онд Эрчим хүчний хууль шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулиар өнөөдрийн яриад байгаа эрчим хүчний реформыг хийсэн юм. Хуучин босоо тогтолцоо буюу Эрчим хүчний удирдах газар гээд нэг том тогоотой корпорацийн зарчмаар ажилладаг байсан бол шинэ хуулиар удирдлагын тогтолцоог хэвтээ болгож бүх компаниудыг хувьцаат болгон задалсан. Дараагийн шатанд эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болгохоос гадна хараат бус байдлыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх ёстой. Жижиг зах зээлтэй, тархай бутархай суурьшсан өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд 1600-1700 гаруй МВт-ийн суурилагдсан хүчин чадалтай систем дээр өрсөлдөөнт зах зээл бүрэн утгаараа ажиллахад төвөгтэй байж магадгүй. Гэхдээ эрэлт ба нийлүүлэлт дээр үнэ тогтдог өрсөлдөөнт зах зээл рүү шинэ хууль тогтоомжийн бодлого явах болов уу гэж бодож байна.
М.Энхцэцэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг УИХ дээр гарч, эрчим хүчний суурь хуулиас гадна дулаан болон сэргээгдэх эрчим хүчний салбар хуулиад дээр ажиллаж байгаа гэж ойлгосон. Дулаан хангамжийн хувьд бие даасан хуультай байхад буруу зүйл огт байхгүй. Учир нь Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот бөгөөд жилийн найман сард нь дулаан хангамж хэрэглэдэг. Энэ утгаараа дулаан хангамж тухайн хотын хамгийн том асуудал байдаг. Иймээс Улаанбаатар хот өөрөө дулаан хангамж, түүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын бодлогууд дээрээ иргэдийнхээ эрх ашгийг ханган ажиллах ёстой.
Б.Мэндбаяр: Манай төслийн хувьд яг үндсэн ажил руугаа орох үед харамсалтай нь төсөл зогссон. Энэ дашрамд манай төслийг дэмжин оролцож байсан төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагууд, бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Эрчим хүчний реформ хийх тал дээр манай төсөл нэлээд дэмжлэг үзүүлэн ажилласан. Тэр дундаа реформ хийхэд ямар чадвар, чадамж бидэнд дутагдаж буйг судлан гаргаж ирэхийг зорьж, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн. Салбарын нөхцөл байдлын үнэлгээ хийж байхад оролцогч талууд эрчим хүчний реформын талаар өөр өөр ойлголттой байсан буюу бүгд нэг зүгт харж чадахгүй байсан. Реформ гэдгийг зарим хүн үнийн өсөлт гэж харж байхад зарим нь бүтцийн өөрчлөлт, бүр зарим нь нүүрснээс татгалзаад сэргээгдэх эрчим хүч рүү шилжих гэж ялгаатай ойлгож байсан. Нэгдсэн ойлголтгүй байгаа нь маш том эрсдэл юм.
Манай эрчим хүчний салбар өрсөлдөх чадвартай байх ёстой. Үүний тулд үнээрээ өрсөлддөг. Үнэ өндөр байх тусам бусадтай өрсөлдөхөд хэцүү болно. Иймээс үнийг өндөр гэхээс илүү оптимал түвшинд байлгах нь бидний зорилго байх ёстой. Гэвч эрчим хүчний үнийн оптимал түвшин нь энэ юм аа гээд гаргаад ирсэн бодитой судалгаа энэ салбарт алга. Үнэ нэмснээс хойш Багануурын уурхай алдагдалгүй ажилласан гэж дээр хэлсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл Багануурын уурхайн нүүрсний өртгийг яг таг хэлж чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл энэ хооронд уул уурхай, техникийн нөхцлүүд нь улам бүр хүндэрч байгаа. Иймэрхүү суурь судалгаанууд байхгүй байгаа нь ажиглагддаг.
Эрчим хүчний салбарын оролцогчдын дээр дурдсан ойлголтын зөрүүгээс болоод реформын үзэл баримтлал гаргах дээр санал нэгдэж чаддаггүй. Үзэл баримтлал дээр үндэслэн бодлого гардаг. Зөв бодлого гарч байж үр дүн гарна.
Өрсөлдөөнийг бий болгож, эрчимжүүлнэ гэдэг бодлого гарч болохгүй. Харин өрсөлдөөн бий болгоход ямар хүндрэл, саад бэрхшээл, асуудал тохиолдож байна, эдгээр асуудлыг шийдэхийн тулд ямар бодлого баримтлах вэ буюу юуг, яаж эрэмбэлж, хамгийн эхэнд хийх ёстой вэ гэдгийг томъёолох учиртай. Ингэж санал нэгдэх процесс эрчим хүчний салбар дээр явагдахгүй байна. Оролцогчдыг нэг зүгт харуулахын тулд манлайлагч хэрэгтэй. Аливаа реформ ямар нэг манлайлагчаар дамжин хийгддэг. Манай төсөл яг ийм манлайлагчдыг дэмжих хөтөлбөрийг дэмжиж ажилласан. Үүний бодит жишээ нь энд манай Ө.Болорцом сууж байна. Бид “Эрчим хүчний салбарын ирээдүйн манлайлагчдын холбоо”-той хамтран ажиллаж байсан.
Н.Нямдаваа: Манай компани 2004 онд байгуулагдан эрчим хүчний салбарт түгээх, хангах үйл ажиллагаа явуулан ажиллаж буй анхдагч компаниудын нэг. Манайтай адилхан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагаа явуулж буй хувийн 14 компани бий. Бид бүгд нийлээд зах зээлийн маш бага буюу 1-ээс 2%-ийг эзэлдэг. Төрийн зохицуулалттай системийн дор үнэ тарифаа гарган ажилладаг. Зохицуулах хорооны авсан зөвшөөрлийн хүрээнд зардлуудаа батлуулдаг. Өмнө нь алдагдалтай ажилладаг байсан бол одоо өртөгөө нөхөх шат руугаа орж буй. Эрчим хүчний салбарт төрийн монополь өндөр байдаг. Цахилгаан дамжуулах, түгээх үйл ажиллагаанаас гадна үйлдвэрлэх, барилга угсралт гээд олон явна. Нийтэд нь авч үзвэл энэ салбарт төрийн оролцоо 80%-тай буюу хувийн хэвшил 20%-д нь л ажилладаг.
Эрчим хүчний хуулийн өөрчлөлт дээр бид өндөр ач холбогдол өгч, саналаа өгөн ажиллаж байгаа. 2001 оны хууль 20 гаран жилийн өмнө батлагдаж өгөөж, үр дүнгээ өгсөн. Өнөөдөр нөхцөл байдал шал өөр түвшинд хүрсэн учраас үүнийгээ дагаад хууль, эрхзүйн орчин өөрчлөгдөх ёстой. Өрсөлдөөнийг дэмжиж, энэ салбар үр өгөөжтэй ажилладаг байх зорилгыг хуулийн шинэчлэл агуулж буй. 2001 оны хууль маш ерөнхий хууль. Иймээс энэ хуулиар зохицуулдаггүй маш олонх зүйлийг журмаар зохицуулдаг. Одоогоор хуулиас давсан 800 гаруй журам байна гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэлж байсан. Үүнийг халах хэрэгтэй гэж хувийн хэвшил үздэг. Зохицуулах хорооны удирдлагыг одоо Засгийн газраас томилдог. Үүнийг шинэ хууль дээрээ зааж өгөөд, Засгийн газраас биш хараат бус байдлаар УИХ-аас томилдог болгох саналтай явдаг. Учир нь хорооноос үнэ тариф, реформтой холбоотой олон санал гараад цаашаа явдаг ч Засгийн газар, Ерөнхий сайд дээр очоод гацчихдаг. Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлага хараат бусаар томилогддог хууль эрхзүйн орчин байх ёстой.
П.Товуудорж: Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч нар УИХ-аас томилбол хараат бус ажиллах орчин нөхцөл шууд бүрдэнэ гэвэл тийм баталгаа байхгүй. Хараат бус байдлыг сайжруулахын тулд үнэ тариф батлах болон бусад хуулиар тогтоосон үүргээ биелүүлэхгүй бол ямар хариуцлага хүлээхийг нь чангаруулах ёстой юм. Үнэ тарифийг 2019 оноос хойш хөдөлгөөгүй байж цалингаа аваад л яваад байсан. Эрчим хүч нийтлэг үйлчилгээнд ордог. Тэр утгаараа дэлхийн ихэнх улсуудад татаастай үнэ явдаг учраас Зохицуулах хороо тодорхой хэмжээнд Засгийн газартай ойр ажиллаж нийгмийн эмзэг хэсгээ хамгаалж явахаас өөр аргагүй. Засгаас тэр чигээрээ хараат бусаар бие даан ажиллана гэвэл маш хэцүү.
Төрийн монополь дээр сая Нямдаваа захирал хэллээ. Төрийн монополь гэж байдаггүй гэж би боддог. Яагаад гэвэл төр шууд эзэн биегүй шинж чанартай. Харин эрчим хүчийг натурал буюу зүй ёсны монополь бүтээгдэхүүн гэж үздэг. Учир нь танай гэр рүү нэг л цахилгааны утас, нэг л дулааны шугам ордог. Гэхдээ манай хуулинд тодорхойгүй зүйл маш их байдаг. Эрчим хүчний салбарт төр нь юу хийх вэ, хувийн хэвшил нь юу хийх ёстой вэ гэдгийг хуулинд маш тодорхой зааж өгөх ёстой. Эх үүсвэр барих дээр хувийн хэвшил оролцох нь тодорхой. Хэрэглэгчдэд зайлшгүй сонголт бий болгох ёстой. Монополь салбар ингэж байж олигополь болно. Японд 1995 оноос хойш реформ хийгээд дамжуулах, түгээх сүлжээгээ 2016 онд төрд авсан байдаг.
Айл руу орж буй дэд бүтцийг түгээх сүлжээ, харин хангах гэдэг нь цэвэр борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хэлж буй хэрэг. Эрчим хүчний барилга байгууламж барих, зураг төсөл, засвар үйлчилгээ хийх ажил руу төр орох ёсгүй. Олон нийтийн эрх ашиг, сонголтыг байнга бий болгож явах шаардлагатай. Эрчим хүчний салбараа дангаар нь хувийн хэвшил нуруун дээрээ хариуцаад явдаг улсууд дэлхий дээр цөөхөн. Европын холбооны 10 гаруй улс л бий. Ковид ба Орос, Украйны дайны асуудлаас болоод Германд нэлээд хэдэн эрчим хүчний компани дампуурлаа. Ард иргэдээ эрчим хүчээр найдвартай хангахын тулд төр нь эдгээр компанид хөрөнгө оруулж, худалдаж авсан тохиолдлууд бий.
Миний бодлоор түгээх нь орон нутгийн өмчит, дамжуулах нь төрийн өмчит, эх үүсвэр болон хангах хэсэг дээрээ хувийн хэвшил оролцоод явах нь зөв. Хувийн хэвшил оролцож буй хэсэг төр орохыг хориглох ёстой. Тэгэхгүй бол хувийн хэвшил хөгжиж чадахгүй байна. 1997 онд ТЭЦ3 ба ТЭЦ4 засварын компаниудаа тусдаа гаргасан. Гэтэл өнөөдөр эргээд дотроо засварын цехтэй болчихсон ажиллаж байна. Ингэхээр чинь хувьд гарсан засварын компанид хөгжихгүй бас томорч чадахгүй байгаа нь аргагүй юм.
Мөн эрчим хүч экспортлох ба импортлох асуудал дээр ч гэсэн төр ба хувийн хэвшлийн оролцоог маш тодорхой болгож өгөн нарийвчлах шаардлагатай. Би ажлын хэсэгт нь ороогүй учраас нарийн сайн мэдээлэлгүй байна одоогоор. Уг нь анхдагч хуулийг Засгийн газар өргөн барьдаг. Гэхдээ УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төслөө засагтай хамтран өргөн барих болов уу.
В.Ганзориг: Ирэх 5 жилд хаана хаана, ямар дулаан, цахилгааны эх үүсвэрүүд шинээр ашиглалтанд орохоор байна вэ?
П.Товуудорж: ТЭЦ5 төсөл олон жил яригдаж байгаа. Нийслэл Улаанбаатар хот сүүлийн үед эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг нэлээд сайн хөгжүүлж ажиллаж байна. Багануурын 50 ба 250 МВт батарейг бонд босгоод барьчихлаа. ТЭЦ5 төслийн хүрээнд төр ба хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан, дулааны эх үүсвэр барихаар сонгон шалгаруулалт эхлүүлээд ажиллаж байна. Ийм төслүүд дээр ихэнх гадны хөрөнгө оруулагчид Засгийн газрын баталгаа шаарддаг. Тухайн үед би ТЭЦ5 төслийн ажлын хэсгийн хэлэлцээрийг ахалж байв. Хөрөнгө оруулагчид сарын хамгийн багадаа сарын 20 сая ам.долларыг Монголбанкны аккредитив дансанд бэлэн байлгах шаардлага тавьсан. Хэрэв диспечерийн үндэсний төв мөнгөө өгөөгүй нөхцөлд энэ мөнгийг татаж авна гэсэн үг. Жасрай гуайн Засгийн газрын үед л ийм баталгааг нэг удаа гаргаж байсан түүхтэй юм билээ.
ТЭЦ5 төсөл дээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт яригдаж байсан. Энэ хөрөнгө оруулалтыг авчихаад үйлдвэрлэсэн цахилгааныг нь үнэтэй байна гэдэг шалтгаанаар ч юм уу авахаа больсон нөхцөлд энэ хөрөнгө оруулалтыг Засгийн газар ирээдүйд олох байсан орлого, ашигтай нь нөхөж өгөх үүрэг хүлээхээр байв. Энэ төслийн үргэлжлэх хугацааг 20-25 жил гэж тооцвол энэ мөнгөн дүн 6-аас 7 тэрбум ам.долларын асуудал яригдаж байсан юм. Үнэ тариф нь доогуур, улс төр болон эдийн засаг нь тогтворгүй, хөгжиж буй Монгол шиг орнуудаас гадаадын хөрөнгө оруулагчид зайлшгүй ийм баталгаа шаарддаг. Иймээс аж ахуйн ажил хийдэг, өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй нийслэл хот Багануурын төсөл шигээ EPC зарчмаар ТЭЦ5 төслөө хийвэл богино хугацаанд амжилттай хэрэгжих магадлал өндөр.
Өнөөдөр Таван Толгойн цахилгаан станцын төсөл явбал явахаар байгаа. Учир нь энд Оюу Толгойн бэлэн хэрэглээ нь байна. Тэгвэл яагаад явсангүй вэ? Энэ төсөл дээр 2015 онд MCS компани Японы түнштэйгээ шалгарч байсан. Рио Тинто баталгаа гаргасан бол энэ төсөл явах байсан юм. Гэтэл гүний уурхайн санхүүжилтээ шийдэж аваад Рио Тинто баталгаа гаргаж өгөлгүй нэг ёсондоо Монголын Засгийн газрыг мурисан. Turquoise Hill, Оюу Толгой баталгаа гаргая гэхээр олон улсын банкууд Оюу Толгойн төсөл баталгаа болж чадахгүй гэж үзсэн. Учир нь Хятад хилээ хаавал яах юм, зэсийн үнэ унавал яах вэ гэдэг шалтгаанаар. Харин Рио Тинто дэлхий даяар төмрийн хүдэр, зэс, алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг учраас баталгаа гаргавал санхүүжилт өгөхөд бэлэн гэж байсан юм. Гэвч баталгаа гаргаагүй учраас Оюу Толгойн Хятадаас авч буй эрчим хүчний хэрэглээг хангах Таван Толгойн цахилгаан станцын төсөл хэрэгжээгүй. Иймээс хувийн хэвшлийн даахгүй ачааг төр тодорхой хэмжээнд үүрэг шаардлага үүсдэг.
Өнөөдөр маш олон компани тусгай зөвшөөрөл авч байна. Авсан компани болгон эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ гэдэг баталгаа байхгүй. Яагаад гэвэл монголын эрчим хүчний хэрэглээ хязгаартай. Энэ хэрэглээнээс хэд дахин давсан тусгай зөвшөөрлүүд гарсан байгаа. Ийм баталгаа шаардахгүйгээр Монголд хөрөнгө оруулаад цахилгаан станц барьж байгаа бол тэр мөнгө цэвэр биш буюу мөнгө угааж буй үйлдэл байх магадлалтай. Учир нь цэвэр бизнес, эдийн засгийн хувьд утга заахгүй гэсэн үг.
Б.Мэндбаяр: Эрчим хүчний системд оролцогчдын үүрэг, роль алдагдсан учраас ажил үүргийн завсар, зөрүү гараад байна. Хэрэгцээ шаардлагаа хангахын тулд нийгэм өөрөө эмчилгээгээ гаргаад ирдэг. Түүний нэг жишээ нь “Эрчис Монгол” компани гэж харж байна. Үүнийг би зөв гэхгүй, буруу ч гэхгүй. Зөв явуулах боломжтой ч бидэнд тийм нөөц, бололцоо нь байна уу гэвэл асуултын тэмдэг. Эрчим хүчний төслүүд дээрээ дуудлага худалдааг зохион байгуулахаар бэлдэж байгаа гэж дуулсан. Техник болон чанарын үнэлгээг хийсний дараа үнэ рүү ордог. Гэтэл манайхан үнийг нь чухалчлаад чанар болон техникийн үнэлгээг хойш тавьдаг. Тендерийн хууль байнга ингэж хэрэгждэг. Гэтэл энэ хууль дээр хамгийн бага үнэтэй ав гэж огт хэлээгүй. Дуудлага худалдаа маань бас ингээд буруу зарчмаар явчих вий дээ гэдэг айдас, эрсдэл байна. Баахан компанид тусгай зөвшөөрөл өгсөн гэж хэллээ. Тэгвэл дуудлага худалдаа хийхээр шалгарсан тэр компаниудад дахиад зөвшөөрөл өгөх ёстой болох юм уу? Гэх мэт олон зүйл шийдэгдээгүй хэвээр байгаа шүү.
П.Товуудорж: “Эрчис Монгол” компанийн 66%-ийг Засгийн газар 2027 оны 2-р улирал хүртэл Эрчим хүчний яаман дээрээ авах шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргасан. ТЭЦ3 дээр гарсан осол энэ шийдвэрийг гарахад нөлөөлсөн байх. Би хувьдаа “Эрчис Монгол” компанийг байгуулсныг буруу гэж үздэг. Энэ бол 20 жилээр ухарсан үйлдэл буюу 44 компанийг эргээд босоо удирдлагын тогтолцоо руу оруулсан. Ингэхээр хүссэн хүсээгүй удирдлагын хоёрдмол байдал үүсч, зардал өснө. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй асуудал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ арга нь буруу яваад байна. Сонгууль болгоноор сайд солигддог. Дагаад баахан намын тавиул хүмүүс ирдэг. Үүнийг цэгцлэх ёстой.
В.Ганзориг: Улаанбаатараас яриагаа халиад гаргая. Аймгийн төвүүд эхнээсээ өвөлдөө нийслэлээс дутахгүй утаатай өвөлждөг болжээ. Баахан замбараагүй уурын зуухууд нэмэгдсээр байна. Эрчим хүчний компаниуд аймаг, бүсийн зах зээл руу орж тэнд яагаад эх үүсвэр барихгүй байна вэ?
Н.Нямдаваа: Эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээ зэрэг явдаг онцлогтой. Манай 21 аймагт бизнесийн утгаар хөрөнгө оруулалт хийх хэмжээний хэрэглээ байна уу гэвэл байхгүй. Бид өргөн дэлгэр уудам нутагт маш урт шугам сүлжээтэй, төвөөс түгээдэг гэхдээ сул сүлжээтэй. Сүлжээний төгсгөлд буй хэрэглэгчид ёлтойсон гэрэл очдог гэсэн үг. Ойрын хэдэн жилд шинээр бий болох боломжтой эх үүсвэр байна уу гэсэн таны асуултанд хариулах гэхээр шууд толгойд тийм төсөл орж ирэхгүй байна. Эгийн голын төслийг 20 гаруй жил ярьж байна шүү дээ. Иймээс 20, 30, 40 МВт-ийн бага чадлын тархмал эх үүсвэрүүдийг бий болгох хэрэгтэй. Ялангуяа аймгийн төвүүд дээр. Энэ нь усан цахилгаан станц байж болно.
Би хувьдаа 26.5 МВт-ын Чаргайтын усан цахилгаан станц ашиглалтанд орчихоосой гэж их хүсдэг. Энэ төсөл хэрэгжвэл тэр хавийн хоёроос гурван аймаг найдвартай эх үүсвэртэй болохоос гадна Булганд жишээ нь цахилгаа тасарлаа гэхэд өвөл хөлдөхөөргүй болно. Нэмээд цахилгааны чанар нэмэгдэж, дамжуулах чадамж сайжрах юм. Бага чадлын эх үүсвэрүүдийг барих төслүүд дээр гео улстөр буюу Орос, Хятадаас хамааралтай асуудал үүсэх нь харьцангуй бага болов уу. Иймээс үүнийг бодлогын түвшинд ярьж шийдвэр гаргах замаар төр нь хувийн хэвшилтэйгээ хамтран тархмал эх үүсвэрийн сүлжээг бий болгох нь зөв. Ингэж чадвал маш олон давуу тал үүснэ.
П.Товуудорж: Эрчим хүчний яам Баян-Өлгий, Увс, Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэсэн 5 аймагт сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд дуудлага худалдааг зохион байгуулахаар бэлдэж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн өртөг зардал буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаа. Гэхдээ эх үүсвэр нь тогтворгүй байдаг. Жишээ нь, салхигүй болчихвол үүнийг нөхөх хэмжээний тохируулга заавал шаардагддаг. Үүнийг батарей гаргаад шинэ технологиор шийдээд эхэлж байна. Иймээс өргөн уудам нутагтай, хэрэглээ багатай манай улсын хувьд ийм тархмал эх үүсвэр эрчим хүчний хөгжлийн зөв загвар гэж үзэж болно. Энэ утгаараа баруун аймгууд буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл аймгууд дээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд баригдсан. Энэ төслүүдийг Дэлхийн цаг уурын хөрөнгө оруулалтын сангаас авсан 30 сая ам.долларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны нэн хөнгөлөлттэй буюу жилийн 0.75%-ийн хүүтэй зээлээр санхүүжүүлсэн.
Парисын хэлэлцээрийн дагуу өндөр хөгжилтэй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөхөн төлбөр Инчонд төвтэй Green Climate Fund-аар дамжин хөгжиж буй орнууд руу хуваарилагддаг. Энд жишээ нь 100 тэрбум ам.доллар эргэлддэг. Эдгээр боломжуудыг ашиглаад 21 аймаг дээрээ 30-аас 100 МВт-ийн тодорхой хэмжээний нүүрс хосолсон нар, салхи болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд барьж чадвал эрчим хүчний аюулгүй байдлаа хангах боломжтой. Одоогийн байдлаар хууль эрхзүйн орчноосоо хамаараад Улаанбаатар хотоос гадна Өмнөговь аймаг л бие даан бонд гаргах боломжтой. Уул уурхайн 14 компани үйл ажиллагаа явуулж буй Өмнөговь аймаг энэ боломжоо ашиглан 50 МВт-ийн эх үүсвэр барихаар яригдаж байгаа.
В.Ганзориг: Эрчим хүчний салбарт сүүлийн 5 жилд 10 хүн ажлын байран дээрээ амь насаа алдлаа. Энэ яагаад ч байж болохгүй зүйл. Энэ алдааг дахиж гаргахгүйн тулд яах ёстой юм бэ? Эрчим хүчний шилжилт ойрын хугацаанд хэр бодитой вэ?
Б.Мэндбаяр: Аюулгүй байдал ямар ч байгууллагын хувьд соёлын түвшинд яригддаг зүйл. Гэвч үүнийг чухал биш гэж хардаг сэтгэлгээний асуудал бидэнд бий. Жил болгон компанийн гүйцэтгэх захиралтай ажлын үр дүнгийн гэрээ байгуулдаг. Энэ гэрээнд аюулгүй байдлын үзүүлэлтийг оруулж өгөх ёстой. Байгаа бол тэр үзүүлэлтийг нь улам сайжруулж өгөх хэрэгтэй байна. Манлайлал дээрээсээ хүчтэй орж ирвэл байгууллага дотор хүчтэй тархдаг. Үйлдвэрчний эвлэлээс авахуулаад доороосоо ярих үед байгууллагын түвшинд хэрэгжилт удаан байдаг.
Нэмж хэлэхэд манай эрчим хүчний салбарт хэрэглээг биш хэмнэлтийг дэмжсэн бодлого ус агаар мэт хэрэгтэй байна. Хэмнэлтийг урамшуулсан бодлого явуулахгүй л бол хэрэглээг байнга өснө. Үүнийг шийдвэр гаргагчид, бизнесменүүд бүх түвшиндээ харж хэрэгжүүлбэл маш зөв бодлго болно.
Н.Нямдаваа: Эрчим хүчний салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг цусаар бичигдсэн дүрэм гэж ярьдаг. Аливаа осол аваар хүнээс гадна бусад хүчин зүйлтэй холбогддог. Манай салбарын тоног төхөөрөмж маш ихээр хуучирч муудсан. Энэ нь маш том эрсдлийг үүсгээд буй. Эрчим хүчний салбар сүүлийх хэдэн жил хүний нөөцийн асар том дутагдалд орсон. Салбараараа 10-аас 20 хувийн хүн хүчний дутагдалтай ажиллаж байна. Хэдхэн хоромд шийдвэр гаргах ёстой болдог. Энэ шийдвэр зөв эсвэл буруу гарснаас болж хүний амь насны асуудал яригддаг хариуцлагатай салбар. Тийм учраас аюулгүй байдлыг маш чанд хангаж ажиллах ёстой.
Эцэст нь хэлэхэд эрчим хүчгүй бол орчин цагт оршин тогтнох боломжгүй болсон. Ийм учраас иргэд маань ахуйн төлбөрөө төлөхдөө эрчим хүчний төлбөрөө хамгийн эхэнд төлж заншаарай. Бодлого боловсруулагчид ажлаа эрэмбэлж төлөвлөхдөө эрчим хүчийг хамгийн эхэнд тавдаг болоосой. Эрчим хүчгүй бол бидний амьдрал үгүй болно.
Ө.Болорцом: Дандаа хуучирсан тоноглолууд дээр суурилсан эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг хүний нөөцийн чадавхтай шууд хольж дүгнэж болохгүй. Эрчим хүчний салбарт ажиллаж буй залуу мэргэжилтнүүд энэ салбарт ажилладаг гэдгээрээ айх бус бахархдаг байх ёстой.
П.Товуудорж: Эрчим хүчний салбарт ТЭЦ3 шиг осол аваар дахиж гарахгүй гэх баталгаа алга байна. Нийтдээ 220 орчим МВт суурилагдсан тоноглолын ашиглалтын хугацаа дуусчихсан, хэзээ мөдгүй зогсоход бэлэн байгаа. Гэхдээ бүх асуудлыг хуучирсан тоноглол руу буруу гэж чихэж болохгүй. Хаана сахилга хариуцлага сул байна, тэнд осол гардаг. Цаашдаа сахилга хариуцлагыг зайлшгүй дээшлүүлэх шаардлагатай.
Эрчим хүчний шилжилт ба эрчим хүчний реформ хоёр тусдаа асуудал. Нүүрсээр баян манай орон эрчим хүчний шилжилт хийхдээ зохистой харьцаагаа сайтар бодох ёстой. Ногоон эрчим хүчийг шингээх манай системийн чадвар хэр вэ гэдгийг тооцож, тэнцвэрийг алдагдуулахгүйгээр төр ба хувийн хэвшил адилхан ачаа үүрч эх үүсвэрийн дутагдлын асуудлыг хамтдаа шийдэх ёстой. Иймээс хөрөнгө оруулалтын эрэмбэ, чухлын дараалал гэдэг зүйлийг шийдвэр гаргагчид байнга бодож ажиллаасай. Хэрэглэгчид эрчим хүч ийм үнэ цэнтэй бүтээгдэхүүн гэдгийг ойлгож ухамсарлан, хэмнэх дадалд суралцаасай гэж уриалмаар байна.