Эдийн засгийн монгол доктор
Синдикат ярилцлага – Эксклюсив 13 дахь дугаараар орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааныг Монголд нэвтрүүлэх, боловсролын тогтолцоонд тусгах, улсынхаа эдийн засгийн бодлогыг бие даан боловсруулж, хэрэгжүүлэх чадавхи, боломж бодитой байна уу, эдийн засгийн монгол доктор гэж хэн бэ, яаж тодорхойлох ёстой тухай сэдвийг хөндлөө. Нэвтрүүлгийн зочноор МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, профессор Б.Эрдэнэбат уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
В.Ганзориг: Өөрийгөө эдийн засагч гэж хэлж, бичдэг хүмүүс олон болсон. Эдийн засгийн шинжлэх ухааны хөгжил, манай их, дээд сургуулиудын чанар, чансаа хэр байна вэ?
Б.Эрдэнэбат: Их, дээд сургуулиудын чансаа дэлхийд хэдэд явж байгааг бид хэмждэг. Олон улсын хэмжээнд их, дээд сургуулиудыг чанараар нь эрэмбэлдэг The Times Higher Education, QS, World University Rankings зэрэг чансааны жагсаалтанд орсон Монголын нэг ч сургууль байхгүй. Манай дээд боловсролын олон улсын жишиг ийм л байна. Харин тодорхой нэг салбараар, тухайлбал манай эдийн засгийн тэнхим дэлхийд 861-т эрэмблэгдэж байгаа. Дэлхий дээр нийтдээ 30 мянга гаруй их сургууль байдаг. Эдгээр сургуулийн зарим нь эдийн засгийн тэнхимгүй. Эдийн засгийн тэнхим аливаа сургуулийн чухал хэсэг болдог. Шинжлэх ухааны салбаруудаас анх удаа олон улсын чансааны жагсаалтанд орсон нь МУИС-ын Эдийн засгийн тэнхим гэж ойлгож болно. Зөвхөн судалгааны ангиллаар гаргадаг жагсаалтанд нь бид орж байгаа. Эдийн засгийн сургуулиудын чансааг Голландын Tilburg University гаргадаг. Бид 2014 оноос эхлэн энэ жагсаалтанд орсон. Жилээс жилд чансаа хэлбэлзээд явдаг. 2014, 2015 онд нэлээд дээгүүр жагсаж байгаад бусад сургуулийн өрсөлдөөний улмаас жаахан доошилсон үзүүлэлттэй байна. Өрсөлдөөн дунд шинжлэх ухаан хөгждөг.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
- Эдийн засгийн шинжлэх ухааны хамгийн дээд цол нь юу вэ? Зэрэг, цолны ямар шатлал, ангилал байдаг билээ?
- Бид төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоотой, социалист системтэй байсан улс. Тэр үеийн эрдмийн зэрэг, цол, чансаа өнөөдрийн олон улсын жишгээс нэлээд хоцрогдсон ч бид шинэчилж чадахгүй байгаа. Тэр үед шинжлэх ухааны нэр дэвшигч, шинжлэх ухааны доктор гэсэн хоёр докторын зэрэгтэй байв. Үүний дараа шинжлэх ухааны академийн гишүүн гэдэг цол зэрэг байдаг. Олон улсын, өндөр хөгжилтэй орнуудын жишгээр докторын нэг л зэрэглэл байдаг. Тэр нь PhD буюу хамгийн дээд зэрэг цолд тооцогддог.
- Sc.D ямар учиртай билээ?
- Энэ бол Германы соёл. ЗХУ-аар дамжин манайд орж ирсэн. Энэ тогтолцоо одоо Англо-Саксон жишиг рүү шилжиж байгаа. Өдгөө PhD зэрэг шинжлэх ухаан давамгайлж буй улсуудын хамгийн өндөр цол болсон. Дэлхийн чиг хандлага энэ зүг рүү яваа.
- Монголд эдийн засгийн хэдэн доктор байдаг вэ?
- Эдийн засгийн PhD гээд ярихаар бага. Энэ бол Doctor of Philosophy гээд Англо-Саксоны зэрэг. Яг энэ тогтолцоотой орнууд, энэ системийг хэрэглэдэг Япон, Солонгос, Зүүн Азийн орнуудад эдийн засгаар PhD хамгаалсан хүмүүс гэвэл бага тоо гарна. Нийтдээ 40 орчим л хүн байдаг. Харин өөрсдийгөө эдийн засгийн доктор гэж нэрлэдэг, хуучнаар дэд эрдэмтэн, дэд докторуудыг оруулбал энэ тоо 580 орчимд очно. Энэ бол 1945 онд анх эдийн засгийн ухааны горилогч цол авч байсан Ардын их хурлын депутатаас авахуулаад өнөөдрийг хүртэлх эдийн засгийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн тоо шүү. Эдгээр 580 хүний дийлэнх нь амьд сэрүүн байгаа. Дээр үед БНХАУ ЗХУ руу намын кадруудаа явуулж энэ чиглэлээр их сургадаг байсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой улсад дарга нар л эдийн засгийн шинжлэх ухааны горилогч, докторууд болдог байв. Яг үнэндээ бол эдийн засгийн шинжлэх ухаанаасаа тэс хол, бусдаас ялгарах зиндаа тогтоосон зүйл байсан. Өөрөөр хэлбэл, энэ цолыг ашиглан коммунист намаасаа “добро”-г авдаг байсан гэсэн үг.
- Эдгээр хүмүүсийг дээр дурдсан жагсаалтаас “цэвэрлэвэл” нөгөө 40 хүн болж үлдэх гээд байна уу?
- Тэр 40 хүн бол барууны систем, олон улсын жишгээр явсан гэсэн үг. Иймээс маш бага хувийг эзэлдэг. Энэ 40 хүний талаас бага хувь нь Монголдоо ажилладаг. Эдийн засгийн докторуудын нийлүүлэлт их болоод, хуучны дэд доктор, дэд эрдэмтэн, горилогч нар өөрсдийгөө PhD гээд нэрлээд эхлэхээр энэ зэрэг цолны үнэлгээ унаж байгаа юм. Энэ хэрээр Монголд ажиллах орон зай хумигддаг. Тийм учраас барууны орнуудад эдийн засгийн шинжлэх ухаанаар PhD хамгаалсан хүмүүс Монголд ирж ажиллахгүй байна.
- Тэгэхээр чинь одоо олон улсын жишгээр эдийн засгийн шинжлэх ухаанаар мэргэшсэн Монгол хүн улсынхаа эдийн засгийн бодлогыг тодорхойлоход оролцож чадаж байгаа юм уу?
- Одоо манай эдийн засгийн бодлогыг тодорхойлж яваа хүмүүс хуучны ЗХУ-д бэлтгэгдсэн, зарим нь Монголдоо доктор хамгаалсан хүмүүс байдаг. Тухайлбал, МУ-ын ерөнхийлөгч асан П.Очирбат гуай өөрийгөө шинжлэх ухааны доктор гэж явдаг. Эрэл компанийн захирал Эрдэнэбат бас эдийн засгийн ухааны доктор гэж явдаг. Яамны сайдууд бараг бүгдээрээ эдийн засгийн докторууд гээд явж байна. Харин барууны өндөр хөгжилтэй орнуудад эдийн засгийн шинжлэх ухаанаар доктор хамгаалсан хүмүүс бодлогын шийдвэрт оролцож байгаа юу гэвэл үгүй! Ерөнхийдөө тэр хүмүүс хашааны гадна үлдсэн байгаа бөгөөд улсын эдийн засгийн бодлого, шийдвэрт ямар ч оролцоогүй явна.
- Яагаад ийм оролцоогүй, хашаан дотор орж чадахгүй явна вэ? Гол асуудал нь хаанаа байна?
- Социализмын үеийн эдийн засгаас ялгахын тулд орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухаан гэж ярьдаг. Өмнөх системд бэлтгэгдсэн хүмүүсийн хүрээлэл хэт том байна. Дарга нар бүгдээрээ эдийн засгийн доктор байна гэдэг нь тэднийг залуугаас нь намын кадраар бэлддэг гэсэн үг. Эдгээр хүмүүсийн насны динамик одоог хүртэл тэтгэвэрийн насанд ойртох болоогүй байна. 1990 онд эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөн ч хуучин системд бэлтгэгдэж байсан хүмүүс шинэ үеийн эдийн засгийн бодлого тодорхойлоод явж байгаа гэсэн үг. Энд ашиг, сонирхлын зөрчил үүсч байгаа юм. Эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөн гэж хэлэхээр энэ хүмүүс ажилгүй болчих гээд байдаг. Иймээс шинэ зүйл оруулахыг эдгээр хүмүүс хүсдэггүй, ашиг сонирхолд нь нийцдэггүй.
- Баруунд бэлтгэгдсэн хүмүүсийг эдийн засгийн алуурчид, бууны нохой гэх зэргээр хэвлэлээр үе үе балбадаг. Энэ ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй байх магадлалтай юм байна даа тэгвэл?
- Дотоод зөрчил, тэмцэл, статусаа авч үлдэх гэсэн оролдлого гээд янз бүрээр тайлбарлаж болно.
- Энэ зөрчил хэзээ арилах бол?
- Энэ зөрчил арилах юм шигээр, харьцангүй эерэгээр өөрөө яриад байна. Харамсалтай нь бодит байдал үүнээс нэлээд хол байгаа. Шийдвэр гаргаж байгаа масс том бөгөөд өөрчлөлтөнд тэсч үлдэхийн тулд мутацид ордог. Гаднаа залуу, орчин үеийн харагдаж байгаа мэт боловч дотор хүн хуучны сэтгэлгээтэй бүхэл бүтэн залуу үе шинээр үүсч байна. Энэ процессийг зогсоохгүй юм бол, олон улсын төвшинд эдийн засгийн боловсрол эзэмшсэн, өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургууль төгссөн залуусыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах ёстой гэдэг шаардлагыг тавьж чадахгүй бол бид төв Азийн Узбекстан, Тажикстан, Киргизстан шиг улсуудын нэг болж хувирна. Тийм газар орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухаан байхгүй.
- Энэ бүхнийг өөрчлөхийн тулд эдийн засгийн залуу эрдэмтдийн оролцоо хангалттай байж чадаж байгаа юу?
- Гадаадад ажиллаад карьер хийх нь хүний хувийн сонголт. Нэг л амьдрах тул хаа хүртэл тултлаа явж чадах, дэлхийн хэмжээнд хүрэхийг хүн болгон хүснэ. Гэхдээ энэ хүмүүсийн идэвхтэй оролцоо Монголд байхгүй бол залуу хүмүүсийн гишгүүр болж дараагийн шинэ үеэ гаргаж ирэх боломж, бололцоо тэр хэрээр багасна. Хамгийн гол нь бид хуучин социалист системтэй байсан, тэр нь бидний өнөөдрийн зах зээлийн системээс тэс өөр шүү, дэлхийтэй цуг алхаж, олон улсын жишигт хүрсэн эрдэмтэдтэй байх ёстойг бид ойлгож, ухамсарлаад, нийгмээрээ ийм байхыг шаардах ёстой. Ийм эрэлт, хэрэгцээг үүсгэж чадахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.
- Та өөрөө гадны том сургуульд сурч, бас ажиллаж байсан. Нууц биш бол яагаад Монголдоо ирсэн юм бэ?
- Эдийн засагч хүн хөгжил гэдэг зүйлийг судалдаг. Эдийн засаг дотроо олон дэд салбаруудтай. Эдийн засагт байгаа ашиглагдаагүй боломжуудыг бусдад нээж өгөх нь эдийн засагч хүний үүрэг. Монгол залууст багахан дэмжлэг үзүүлээд өөрийн хувь нэмрээ оруулах юм бол үр дүн нь цаашаа хэд дахин үржигдээд явчих юм байна гэдгийг би олж харсан. Хувиасаа гаргаж байгаа миний зардал бусад хүмүүсийн олох өгөөж, ашигтай харьцуулбал юу ч биш юм байна гэдэг тооцоог хийсэн. 2009 онд Манчестерийн их сургуульд хичээл заадаг байхад гурван Монгол оюутан миний ангид орж ирсэн. Тэр үед надад маш эвгүй санагдсан. Учир нь Манчестер их үнэтэй сургууль. Жилийн төлбөр нь 18 мянган фунт буюу одоогийн ханшаар бараг 70 сая төгрөг. Жилдээ найман хичээл л үзнэ. Нэг хичээлийн үнэ бараг есөн сая төгрөг болно гэснэ үг. Тэр залуус миний хичээлийг үзэхийн тулд тийм их зардал гаргаад, гэр орон, найз нөхдөөсөө хол сурч байсан.
Тэнд гуравхан Монгол залууд хичээл зааж байснаас Монголдоо ирээд ажиллавал миний тэнд авч байгаа цалин ба сургалтын төлбөрийн зөрүүг Монголд хичээл заах оюутнуудын тоогоор үржүүлбэл би ганцаараа Оюу Толгойгоос илүү хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой юм байна гэдэг тооцоог дотроо хийсэн. Олон янзын хөрөнгө оруулалт байдаг. Хүмүүн капиталд оруулах хөрөнгө оруулалтыг эдийн засагчид маш том бөгөөд олон дахин үржигдэн хөгждөг өгөөжтэй хөрөнгө оруулалт гэж тооцдог. Ийм хөрөнгө оруулалтаар шууд барилга байшин, тоног төхөөрөмж авч ирэхгүй ч энэ бүх дэд бүтцийг бий болгох, ашиглах суурь нөхцлийг хүнд оруулсан хөрөнгө оруулалт л бий болгодог. Хүмүүн капиталд оруулдаг хөрөнгө оруулалт бол хөгжлийн хамгийн чухал эх үүсвэр.
- Ийм шийдвэр гарган Монголд ирж ажиллаж байгаа танд баярлалаа! Манай 500 гаруй эдийн засгийн докторуудын судалгааны ажлын талаар таниас асуумаар байна. Гадаадын нэр хүнд бүхий сэтгүүлд хэд нь бүтээлээ хэвлүүлсэн байдаг вэ?
- Манай 580 эдийн засгийн докторуудаас өөрийн бүтээлтэй хүмүүс нь үндсэндээ баруунд хамгаалсан нөгөө 40, нэмээд энэ чиглэлээрээ мастерийн зэргээ хамгаалаад эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс байгаа. Монголд эдийн засгийн шинжлэх ухаанаар доктор хамгаалаад, дэлхийн хэмжээний сэтгүүлд бие даан бүтээлээ хэвлүүлж, зохиолчоор бүртгүүлсэн хүмүүс тун цөөн. Миний мэдэхийн нэгээс хоёрхон л хүн байгаа. Гэсэн ч олон улсын жишгээр амжилттай яваа Монгол эрдэмтэд бий. Одоо Канадад байгаа, Монголын эдийн засгийн холбооны тэргүүн байсан Лхагвасүрэн докторыг дурдмаар байна. Энэ хүн миний хийсэн Монгол эдийн засагчдын судалгаагаар хамгийн өндөрт эрэмблэгдэж байгаа.
Мөн аль хэдийн Канадын Dalhousie University-ийн бүтэн профессор болж, тэр сургуулийн шалгуураар явж хамгийн дээд цолыг нь хүртсэн Норовсамбуу гээд залуу бий. Дурдаад байвал ийм залуус зөндөө бий. Эдгээрийн дийлэнх нь гадаадад ажиллаж байгаа. Ажлын орчин нөхцөл гээд наашаа ирвэл алдах зүйл зөндөө бий. Шинжлэх ухааны карьер зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй шүү дээ. Дэлхийн хэмжээний түүхэнд нэрээ үлдээх боломжтой болсон хүмүүс нэлээд том зүйлийг золиосолж байж л Монголд ирнэ. Цалин хангамж, орчин нөхцөл гээд цаанаасаа татах хүч ихтэй. Наанаас буюу Монголоос түлхэх хүч бүр ихтэй. Гайгүй хүмүүс хүрээд ирэхээр нүд үзүүрлэдэг, ялгаварлан гадуурхдаг, шахаж хавчдаг асуудлууд зөндөө бий. Энэ бүхнийг өөрийн биеэр туулж яваа хүний хувьд наашаа ир гэж зөвлөөд байх зүйл биш гэж хэлнэ.
- Энэ асуудлыг ганцхан танай сургууль, эсвэл боловсролын салбарын асуудал гэж бодохгүй байна. Боловсролын реформ хийх тухай залуу эрдэмтэд та хэд ярьдаг уу? Яриагаа хэрхэн үйлдэл болгох ёстой юм бэ?
- Нийгэм бидний үйлдлийг нэг их анзаарахгүй байх шиг байна. Өөрөө жишээ нь сайн мэдэхгүй байна. МУИС-ийн Эдийн засгийн сургууль гэж байсан. Бид энэ сургуулийг нэлээд амжилттай сургуулийн төвшинд хүргэж байлаа. Дэлхийн топ эдийн засагчид манай сургууль дээр ирдэг болсон байв. Эдийн засгийн холбоотой байсан. Гэтэл энэ сургуулийг маань 2014 онд татан буулгасан. Барын зулзагыг бага дээр гэдэг шиг л үйлдэл болсон. Тэр үед МУИС-ийн гадаа олон удаа жагсаал, цуглаан хийж, баннер барьж зогссон. Цаг аваад Ерөнхий сайдтай би хоёр удаа уулзсан. Бид зүгээр суугаагүй. Миний итгэл үнэмшил бол өөрчлөлт доороосоо гарах ёстой гэдэгт байдаг. Шинэ, залуу үе өөр байх ёстой гэдгийг аль болох олон оюутанд ойлгуулж, эдгээр залуусын тоо хангалттай төвшинд хүрсэн цагт хөрс суурь бүрэлдэж, өөрчлөлт хийгдэнэ гэж харж байна. Харин хэр олон хүн хэр хурдан ойлгохыг би сайн хэлж мэдэхгүй байна.
Богино хугацаанд асуудлыг шийдье гэвэл нэг асуудал дээрээ төвлөрч, сайн зохион байгуулалттай ажиллах ёстой. Зохион байгуулалт гээд ярихаар яг хэн зохион байгуулах юм, үйл ажиллагааны санхүүжилтээ яаж босгох юм гээд олон асуудлууд босч ирдэг. Хувь хүмүүсийн итгэл үнэмшил, хичээл зүтгэл аливаа нийгмийн урагшлуулдаг үнэт зүйл нь байдаг. Иймээс хүн бүр үүнийг ойлгож ажиллах ёстой. Ингэж чадвал хэн нэгэн гарч ирж зохион байгуулснаас хамаагүй өргөн хүрээтэй, үлдэцтэй, өгөөжтэй өөрчлөлт болдог.
- “Эдийн засгийн Монгол доктор гэж хэн бэ” гэсэн сэдвээр та судалгааны ажил хийсэн. Энэ ажлынхаа дүгнэлтийг хэлж өгнө үү.
- Эдийн засгийн Монгол доктор олон хүмүүс байгаа. Миний хэлдэг 580 хүн бий. Энэ хүмүүс хаана боловсрол эзэмшив, ямар бүтээл хийсэн юм, ямар албан тушаал хашдаг, хүйс, хэн нь хэнийгээ удирдаж доктор болгодог юм, дотоод сүлжээ ба хоорондын хамаарал нь хэр юм гэдгийг судлан тогтоон нийтэд ил болгосон. Улмаар одоогийн байдал болохгүй байна гэдэг дүгнэлт гаргасан. Иймээс яаралтай шинэчлэл хийх ёстой гэдэг ойлголтыг хүмүүст хүргэхийн төлөө ажиллаж байна. Энэ судалгаанаас сонирхолтой үр дүнгүүд гарсан. Жишээ нь, Монгол Улсын түүхэнд олон улсын хэмжээнд эдийн засгийн салбарын Web of Science, Scopus зэрэг зиндааны сэтгүүлүүдэд нийтлэл гаргасан, мэргэжлийн өндөр зиндааны сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн 64 Монгол эдийн засагч байна.
Хэдийгээр бүгдээрээ олон улсынх боловч сэтгүүлүүд нь дотроо зиндаатай. Топ сэтгүүл нь юу юм, 1000 дахь сэтгүүл нь аль билээ гээд судалсан. Үүнийг олимпын алтан медаль, тивийн аваргын зиндаатай зүйрлэж болно. Үүнтэй адил зэрэглэл шинжлэх ухаанд байдаг. Одоогоор эдийн засгийн шинжлэх ухааны топ 5 сэтгүүлийн нэгэнд Монгол Улсын түүхэнд 2013 онд байх аа нэг л удаа нийтлэл бичигдсэн. Тэр нь Канадын Ryerson-ийн их сургуульд багшилдаг Цогбадрал гээд залуу бий. Ер нь Монголын топ эдийн засагчдыг Канадын их сургуулиуд авчихдаг. Канад бол их, дээд сургуулиудын чанар дээр тулгаарлан хөгжлийн бодлогоо боловсруулж буй улс. Их, дээд сургуулиудынхаа чанарыг дэлхийн төвшинд байлгах зорилгоор багш нартаа хамгийн өндөр цалин, хангамжийг олгодог.
- Хамгийн өндөр гэдэг нь баримжаагаар хэд орчим байдаг бол?
- Хойд Америкт жилийн 140 мянган ам.доллараас эхэлдэг. Сарын 12 мянган ам.доллар гэсэн үг. МУИС-ийн эдийн засгийн профессорын сарын цалин 1000 ам.доллар байгаа. Цалингийн зөрүү 14 дахин бага бол ачааллын хувьд хоёр дахин өндөр байдаг. Бүх зүйлийг нь харьцуулбал 28 дахин бага цалин авч Монголд ажиллана гэсэн үг.
- Шилдэг хүмүүс нь Монголдоо багшлахгүй болохоор дотоодын их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудын чанар тэр хэрээр доогуур байна гэж шууд дүгнэж болох уу?
- Болно. Монголд 95 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуульд 200 мянга орчим оюутнууд суралцаж байна. Үндэсний статистикийн газрын мэдээгээр 2004-2018 оны хооронд 470 мянган хүн их, дээд сургууль төгсжээ. 2004 оноос өмнөх 15 жилд бас ойролцоо тооны хүмүүс дээд боловсролтой болсон. 1990 оноос хойш өнөөдрийн 3 сая хүний бараг 1/3-д дээд боловсрол олгожээ. Хэрвээ энэ хүмүүс бүгдээрээ дэлхийн төвшний багш нараа хичээл заалгаад гарсан бол өнөөдрийн манай нийгэм ямар байх байсан бол гээд бодоод үзээрэй. Энэ бол дэлхийн хэмжээний эрдэмтдийг гадны сургуульд ажиллуулах зардал юм. Уг нь бол цөөхөн хүмүүсийн цалин шүү дээ. Хувь хүмүүс, компаниуд, улсаараа нийлээд Канадад өгдөг цалингийн талыг нь өгье гэхэд ихэнх Монгол залуучууд хүрээд л ирнэ. Цөөн хэдхэн хүн авч ирэх ч эдгээр хүмүүс жилд хэдэн мянган хүүхдэд хичээл заана. Энэ бол хүмүүн капиталаар дамжуулан хөгжилд оруулах хөрөнгө оруулалт юм.
Зарим хүмүүс өөрсдөө тэндэх карьераа хаяад МУИС-ийн цалингаар ажиллая гээд ирж байна. Энэ бүхэн хувь хүний итгэл үнэмшил дээр тулгуурладаг болохоор удаан байна. Үүн дээр хувийн хэвшил дэмжин орж ирээд, төр бодлогоор удирдвал хамаагүй хурдан үр дүн гарна. Хятад жишээ нь “Мянган авъяас” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж, барууны их, дээд сургуульд багшилж байгаа хүмүүстээ яг тэнд авч байсан цалин, хангамжийг нь өгөөд эх орондоо авч ирсэн. Үүнээс гадна өөр урамшууллын бодлогууд ч хэрэгжүүлж байна. Монголд ийм ажил хийгдээсэй гэж боддог. Харамсалтай нь манай төр засгийн удирдагчид өөрсдөө боловсролгүй, боловсролын ач холбогдлыг үгүйсгэдэг, шинжлэх ухааны ач холбогдлыг ойлгодоггүй. Манай хувийн сектор ч ялгаагүй. Тэр зүйлийг ойлгох төвшний бизнесменүүд гарч ирээгүй л байна. Турк, Солонгос болон Emerging economy орнуудыг харвал хувийн хэвшлийн сургуулиуд нь хамгийн шилдэг нь байдаг. Гэтэл манай улсын хувийн хэвшлийн сургуулиудыг харахаар залуу үедээ дэлхийн хэмжээний боловсрол олгоё гэж хүсдэг хүн байхгүй байна.
- Их, дээд сургуулийн төлбөрийг хувийн дунд сургууль, тэр бүү хэл цэцэрлэгийн төлбөртэй харьцуулахад сонин парадокс харагддаг. Энэ хэр эрүүл үзэгдэл вэ?
- Монгол дундаж орлоготой улс болсон. Энэ үед хүмүүс, эцэг эх, оюутнуудад сонголт бий болдог. Монгол Улсын худалдан авах чадварын парити дээр суурилсан нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.долларт хүрсэн. Энэ үзүүлэлт Африкийн орнуудын хувьд 4000-5000 ам.доллар байгаа. Эдгээр улсуудтай харьцуулбал олон улсын стандартаар Монгол буурай хөгжилтэй, бага орлоготой улс биш болсон. Дундаж орлоготой хүмүүс эхнээсээ их, дээд сургуулиа Монгол уу эсвэл гадаад уу гээд сонгодог болж байна. Хүмүүс сургууль сонгохдоо маш олон үзүүлэлтийг харгалздаг. Эдгээрийн нэг нь олон улсын чансаа. Монгол Улсаас ганц ч сургууль олон улсын чансааны жагсаалтанд байхгүй байхад нэг л олдох залуу насаа, эсвэл хүүхдийнхээ ирээдүйг боддог эцэг, эх олон улсын жишиг рүү л тэмүүлнэ. Бусад улсын засгийн газраас санхүүжүүлдэг ч манай дотоодын их сургуулиас чанаргүй сургуулиуд руу ч хүүхдээ явуулж сургадаг. Улс төрийн зорилготой, нийгмийн бодлоготой нь холбоотой хөтөлбөрүүд зөндөө байдаг. Эдгээрийг бид анхаарах ёстой. Солонгост жишээ нь тэнгэрийн гурван сургууль гэж байдаг. Sky буюу Seoul, Korea, Yonsei их сургуулиуд. Манай хүүхдүүд тэнцээд энэ гурван сургуульд л орж чадвал Харвард, Оксфорд л биш бол хүүхдээ гадагшаа сургуульд явуулахгүй гэж Солонгос эцэг, эхчүүд ярьдаг. Аливаа улсад дор хаяж ганц ийм сургууль байвал нөхцөл байдал шал өөр болно.
Одоо бид асар их хэмжээний валютын гадагшлах урсгалтай амьдарч байна. Энэ гадагшлах урсгалын үндсэн хэсэг нь үйлчилгээний салбар. Нябо, аудит зэрэг шууд үйлчилгээ байдлаар гардаг байхад боловсрол гээд шууд бусаар бас гардаг. Боловсролын салбараа дэлхийн жишигт хүргэж чадвал энэ хоёр үйлчилгээнд гарч байгаа зардлаа хэмнэж, гадаад руу урсгадаг валютыг багасгах боломжтой. Үүнийг бизнесийн боломж, асар их хэмжээний валют гэж харж байгаа хүмүүс байхгүй байна.
- Шинжлэх ухааны академийн орон тоо, төсвийн мэдээлэл саяхан сошиал медиа дээр гарч хүмүүс хэсэг шуугилдлаа. Энэ байгууллагад хуваарилдаг нөөц, гаргаж буй үр дүнг нь их сургуультай харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй санагдсан. Таны бодол ямар байдаг вэ?
- Би энэ асуудлаар олон удаа хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандаж байсан. Миний хувьд шинжлэх ухааны академийг их сургуулиудтайгаа нэгтгэх ёстой гэдэг байр суурьтай. Эрдэмтэн хүн залууст юм зааж байж л сайн эрдэмтэн болдог. Залуу хүмүүс эрдэмтдээс юм сурч байж л шинжлэх ухааны хүн болдог. Хүүхдүүдэд ямар ч хичээл заадаггүй атлаа эрдэмтэд гээд нэг хэсэг хүмүүс яваад, мөнгө аваад, зүгээр суугаад байдаг. Зүгээр суух гэдэг нь гаргаж буй үр дүнгийг нь бусад байгууллагуудтай харьцуулаад хэлж байгаа юм шүү. Уг нь бид олон улсын чиг хандлагыг дагаад, хуучин социалист тогтолцоогоо халаад, багш суурьтай биш судалгаанд суурилсан их сургууль болох ёстой. Үүний тулд академийн сайн эрдэмтэд их, дээд сургуулиуд дээр ирээд оюутнуудад хичээл заах ёстой. Ийм ажлаа ч бид өөрсдөө хийчихэж чадахгүй, цөөн хэдэн хүний сандал ширээ булаацалдсан асуудлаас хэтэрч чадахгүй өчнөөн жил болж байна.
- Ямар зовлонтой юм бэ?
- Өндөр хөгжилтэй улсуудад шинжлэх ухааны академиуд байдаг. Гэхдээ тэр хүмүүс нь академич гээд тусдаа байшинд, тусдаа сандал ширээнд суудаг хүмүүс биш. Тэдгээр хүмүүс дандаа их сургуулийн профессорууд байдаг. Яг академид нь хэдэн оффис менежер, захиргааны ажил хийдэг хүмүүс л суудаг. Үндсэн хүмүүс нь их, дээд сургуулиуд дээрээ судалгаагаа хийж багшилдаг.
- Ийм нөхцөл ярьж байхад мангар асуултанд тооцогдох байх л даа.Битгий эгдүүцээрэй. Гэхдээ эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг Монгол хүн хэзээ авах бол?
- Хэлж мэдэхгүй байна. Хүний оюуны потенциалыг хэмжих хэлэхийн аргагүй. Би хувийн өндөр төлбөртэй сургуульд биш улсын сургуульд багшлаад байдгийн учир нь аль болох л олон авъяастай хүүхдүүдэд гишгүүр болчих юмсан гэж боддогт байгаа. Авъяас сонин зүйл. Гэнэт гоц хүүхэд гарч ирээд цаашаа яваад өгөхийг хэлэх аргагүй. Эдийн засгийн шинжлэх ухаан хамгийн олон сэтгүүлтэй, хамгийн олон хүн ажилладаг, асар өрсөлдөөнтэй салбар. Дэлхийн хамгийн олон эрдэмтэд ажиллаж буй салбар гэж хэлж болно. Тэр дундаа Хойд Америкийн их, дээд сургуулиудын өрсөлдөөн хүчтэй байдаг.
- Магадгүй Канадад ажиллаж, багшилж буй залуус хамгийн түрүүнд юм дуулгах байх даа.
- Насны хувьд хэцүү байж магадгүй. Олон шавь ч төрүүлж амжихгүй байх. Нобелийг шагнал авдаг хүмүүс багаасаа нэлээд сайн бэлтгэгдсэн хүмүүс байж таараад байдаг. Гэхдээ амьдрал баялаг шүү дээ.
- 580 Монгол эдийн засгийн докторуудын дотор ердөө 40 хүн л барууны стандарт, олон улсын жишгээр доктор болжээ. Таны бодлоор энэ харьцаа хэзээ ядаж тэнцэх бол? Үүний тулд бид юу хийх ёстой вэ?
- Засгийн газраас хийж болох зүйл бол их, дээд сургуулиудын эдийн засгийн хөтөлбөрт тусгай зөвшөөрөл олгох, сунгахдаа дор хаяж ганц ширхэг олон улсын эдийн засгийн эрдэм шинжилгээний бүтээлтэй багштай байх ёстой гэдэг шаардлага тавих. Ийм болговол хувийн, улсын сургуулиуд ийм багшийн эрэлд гарна. Ийм эрэлтийг бий болгосон нөхцөлд тоо биш чанарын араас сургуулиуд хөөцөлддөг болно гэсэн үг. Яамны нэг дарга гарын үсэг зураад олгодог тусгай зөвшөөрөл дээрээ л ганц шаардлага нэмэх асуудал. Үүнийг л хийхэд асар их хэмжээний эерэг өөрчлөлтийг Монголд бий болгож чадна.
Өөр нэг боломж манай хувийн хэвшилд байдаг. Гадаадад байгаа эрдэмтдийг татаж авч ирэхэд компаниуд оролцох хэрэгтэй байна. Нэрэмжит профессор гэдэг дэлхийн жишиг, соёл байдаг. Монголд маань харьцангуй хөрөнгө, чинээтэй хүмүүс бий болчихлоо шүү дээ. Аав, ээж нь эдийн засгийн салбар, банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан бол аав, ээжийнхээ нэрэмжит профессорын орон тоо үүсгэн, тэр орон тоон дээрээ баруунд ажиллаж байгаа монгол эрдэмтнийг авч ирэх боломжтой. Аав, ээжийнх нь нэрийг олон мянган хүүхэд эерэгээр дурсаж явна. Хүнээс эд хөрөнгө биш дурсамж л үлдэж хоцордог. Банк, санхүүгийн байгууллагууд харьцангуй өндөр ашигтай ажилладаг. Эдгээр байгууллагууд ганц ганц нэрэмжит профессортой байж болно шүү дээ. Энэ зөвхөн эдийн засгийн салбартай холбоотой биш. Бүх салбарт хийж болно. Жишээ нь, НИК Петровис компани ганц ширхэг дэлхийн хэмжээний нефтийн профессор, Оюу Толгой метал боловсруулалтын шилдэг профессорыг Монголын их, дээд сургуульд авч ирэх гэх мэт. Ингээд цаашаа уг нь явчихаж болох л ёстой ажил л даа.
- Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааныг Монголд нэвтрүүлэх, боловсролын тогтолцоонд тусгах, улсынхаа эдийн засгийн бодлогыг бие даан боловсруулж, хэрэгжүүлэх чадавхи, боломж бодитой байна уу гэвэл том асуултын тэмдэг босч ирж байна даа. Та Ерөнхий сайд, эсвэл Боловсролын сайд болбол хамгийн түрүүнд ямар ажил хийх байсан вэ?
- Дээр ярьсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой тушаалыг яаралтай гаргана. Тэр биднийг хаашаа явахыг тодорхойлж, хаана хүрэхийг хэлээд өгнө. Хувийн хэвшлийнхэнтэй сайн уулзаж, хамтран ажиллах байсан. Би Ерөнхий сайд байсан бол гадаадад багшилж байгаа Монголчуудыгаа зорьж очиж уулзаад, та бүхэн Монголдоо ирж ажиллаач гээд өвдөг дэвсэн гуйх байсан. Эх орноосоо гарч явсан сэхээтнүүд эргэж ирэхгүйгээр Монголын нийгэм урагшлах боломжгүй. Ямар нэгэн байдлаар тэр хүмүүстэй эргэж холбогдоод, эх орондоо ирэхийг гуйна. Аливаа зүйлийг томоор төлөвлөхөөр хэрэгждэггүй тал бий. Иймээс жижиг жижгээр эхэлж, багахан өөрчлөлт хийж том эерэг үр дагавар гарах зүйлүүдийг нээж олох ёстой. Нэг эерэг процесс эхлүүлж чадвал оюунт ухаантай хүмүүс нийлээд хөгжөөд явчихдаг л даа.
- Ерөнхий сайд байсан бол гадаадад байгаа эрдэмтдээ дуудах байсан гэж та хэллээ. Аваад ирлээ гэж бодъё. Тэгвэл нөгөө хуучны, ялзарсан, шинэ салхи оруулах дургуй муухай тогтолцоог яаж эвдэх юм бэ?
- Энэ ажлыг хэдийнэ эхлүүлээд хийж байгаа хүмүүсийн туршлагаас судлана. Тийм туршлага зөндөө бий. Нэг жишээ бол Хятад. Яг адилхан социалист улс байж байгаад сүүлийн үед шинжлэх ухааны салбарт ямар том амжилт гаргаж байгааг бид нүдээрээ харж байна. Монгол эрдэмтэд хүртэл Хятадад очиж багшилж байна. Хятад улс өөрийнхөө дошийг хамгаалах бодлоготой л байж таараа. Түүнийгээ шийдээд гадны эрдэмтдийг уриад ажиллаж байна. Хуучин ба шинэ урсгалын хүмүүс гээд хоёр статус гаргасан байна лээ. Хуучин системийн үед сурсан хүмүүс шинэ урсгал руу чөлөөтэй орж болно. Гэхдээ яг л тавигдсан стандартын дагуу бүх болзол, шаардлагыг хангах ёстой. Бүтээлээ олон улсад нийтлүүл, үгүй бол ядуу амьдар гэдэг сонголт өгдөг гэсэн үг. Тэгэхээр бид амжилттай яваа улсуудын жишээг дагах ёстой.
- Сонирхолтой, хэрэгтэй сэдвээр цаг гарган нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа!
Зочин
123
Чагнаа
М.золбаяр
Үочин
Зочин
Зочин тэтгэвэр
Зочин
Монголоор дүүрэн эдийн засагчид
zochin
Зочин