- XKH-ын 100 жилийн ойд

2018 оны саяхны түүхээс эшлэе. Тэр оны хавар Бээжинд чуулж дууссан XIII сонгуулийн БХАТИХ-ын чуулганы хуралдаан дээр лут лут тоо баримт ил болсон билээ. Юу гэвэл өмнөх XII сонгуулиас хойшхи 5 жилд 68 сая хүн ядуурлаасаа салсан (2012 онд 99 сая ядуу хүн байсныг 2017 оны эцэс гэхэд 30 саяд хүргэсэн), Хятадын эдийн засгийн хүчин чадал шинэ шатанд гарсан, дотоодын нийт бүтээгдэхүүн 54 их наяд юаниас 82.7 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр нь 30 гаруй хувьд хүрсэн. Хурдны төмөр зам, цахим худалдаа, хөдөлгөөнт холбооны төлбөр тооцоо зэрэг үзүүлэлтээр дэлхийд тэргүүллээ, хурдны төмөр зам 9000 км байсныг 25 мянга гаруй км-т хүргэлээ, дэлхийн нийт хурдны төмөр замын гурваны хоёр хувийг Хятадынх эзэллээ. Экологи, байгаль орчин аажмаар сэргэж, том том хотуудын агаарын бохирдлыг 50 хувиар багасгаж чадлаа гэх мэт.

Ядуурлыг арилгаснаа эдийн засгийн гол үзүүлэлт болгож байгаа нь хөгжил дэвшлийн уг үндэс нь хүн юм, хүний аж байдал сайжирч байж улс орон өөдөлнө гэдэг Хятадын эдийн засгийн реформын бодлогын гол баримтлал ажээ. Хүнийг хөгжүүлж, хүн өөрөө баяжиж хөлжиж, гэгээрч, эрүүлжиж тэр стандартаараа дэлхийд өрсөлдөх тухай яриа юм. Хэрэв анги бүлгээр авч яривал нийгмийн дундаж давхарга нь бараг 100 хувь болох тухай бүдүүвч юм. 

2012 онд ХКН-ын XVIII их хурлаас тун лут зорилт дэвшүүлж байсан. Юу гэвэл 2021 онд ХКН байгуулагдсан 100 жилийн ойгоор  чинээлэг нийгмийг бүх талаар байгуулна, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн  ойгоор социалист орчин үеийн орон болж шат ахина гэжээ. 2049 он гэдэг нь Хятад улсын нэг  дэх 100 жил дуусч байгаа нь тэр. Хоёр дахь 100 жил эхлэхэд л дэлхийд тэргүүлэх улс болчихсон байх холын стратеги юм. 

Харин 2017 онд хуралдсан ХКН-ын XIX их хурал эл хоёр зааг хугацааг “Хос зуу” хэмээн нэрлээд ойрын 100 гаран жилийн төлөвийг тодорхойлохыг зорьжээ. Ирээдүйд социалист орчин үеийн тэр улсыг хэрхэн бүтээн байгуулах вэ? 

Ийм төсөөлөл буухаар намын их хурлын илтгэлд орж байв. Үүнд 2020 оноос энэ зууны  дунд үе хүртэл хоёр шаттайгаар хөгжинө. Нэгдүгээр шатанд 2020-2035 оны эхний 15 жилд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсны үндсэн дээр социалист орчин үеийн болох бүтээн байгуулалтаа үндсэнд нь биелүүлэх. Хоёр  дахь шатыг 2035 оноос дахин 15 жил зарцуулж энэ зууны дунд үе хүртэл гэж тооцоод тэр үед орчин үеийн бүтээн байгуулалтаа дуусгасны үндсэн дээр Хятад ньцэцэглэн хөгжсөн, хүчирхэг, ардчилсан,  соёлч боловсон, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан орон болгон бүтээн байгуулах болно. Англиар prosperous, strong, democratic, culturally advanced, harmonious and beautiful гэснийг буулгаж байгаа маань энэ. 

XXI зууны эцэс гэхэд Хятад улсын биелүүлэх зорилтод шинэ томьёолол нэмэгдэж орлоо. Тухайлбал өмнө нь дэвшүүлж байсан “Баян, хүчирхэг, ардчилсан, соёлч боловсон, эвсэг зохицонгуй, социалист орчин үеийн орон байгуулна” гэснийг 2050 оноос цааш “Баян, хүчирхэг, ардчилсан, соёлч боловсон, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан, орчин үеийн, хүчирхэг орон байгуулна” хэмээн өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл XXI зууны хоёрдугаар хагасаас өмнөд хөрш маань “социалист улс” гэж нэрлэгдэхгүй болохоор төсөөлөл бууж байна. 

“Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй” гэсэн Дэн Сяопиний томъёоллоор Хятадад нийгмийн ямар байгуулал байх нь гол биш, хүмүүсийг идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой байлгах нь чухал гэдэг асуудлыг энэ 2021 он гэхэд бүрэн шийдчихжээ. Хятадад хамгийн либераль шинэчлэл явуулснаар нийгмийн бухимдал, тэсрэлтийг намжааж, сүйрлээс сэрэмжилж, ард түмнээ хөлжүүлж, гэгээрүүлж, нийгмээрээ чинээлэг дундаж анги болж чадсан бол тэр социалист гэх тодотгол чухал биш л дээ.

Үзэсгэлэнт, хүчирхэг гэдэг хоёр зорилт нэмж шинээр дэвшүүлсэн нь Хятадад экологийн соёлыг чухалчилж, бүтээн байгуулалтын зорилтоо гүнзгийрүүлж, шинэ шатанд ахиулах гэж байгааг илэрхийлсэн хэрэг юм. “Цэлмэг тэнгэр цэнгэг агаартай өдөр олшруулах” кампанит ажил шувтан өрнөсөөр буй. 

Агаарын бохирдлын зарим нэг статистик байна. Хятадад байгалийн салхиар агаар цэвэршсэн  өдөр 30 хувь, хүний хүчээр цэвэршүүлсэн өдөр 70 хувийг эзэлж байна. Нийт 338 хотын агаар мандлын  чанарын стандарт хангасан хэмжээ 3/1 хувьтай байна. Тэгэхлээр бохирдол байсаар байна гэсэн үг. Агаарынхаа бохирдлоор Хятад нь дэлхийд толгой цохиж явсан бол түүнийг ариусгаснаараа бас толгой цохино гэсэн лут зорилт дэвшүүлжээ. Агаараа хэрхэн цэвэрлэх вэ гэдэгт бэлээхэн хариулт (манайд туршлага болно) олжээ. Гол нь аж үйлдвэрийн бүтэц, эрчим хүчний бүтэц, зам харилцааны  бүтэцдээ ухаалаг өөрчлөлт хийнэ гэнэ. Юуны өмнө нүүрсэнд хэт түшиглэсэн эрчим  хүчний бүтцийг өөрчлөх ба гол бүс нутгуудын нүүрсний хэрэглээний ерөнхий хэмжээг бууруулна. Зам харилцаандаа хүнд даацын авто машины тээвэрлэлтийг багасгана. Хурдны төмөр замаар тээвэрлэхийг өсгөнө, хүнд даацын авто машины утаа ялгаруулахыг хатуу хянаж хориглоно. Ийм ажлуудыг тусгасан 2020 он хүртлэх агаарын бохирдлыг арилгах гурван жилийн  хөтөлбөрөө одоо дүгнэж байна.

Дээрхи лут зорилтуудыг нийлүүлж базаад, түүндээ хүрэх арга замыг оролцуулаад “Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализм байгуулах Си Жиньпиний үзэл санаа” хэмээх шинэ үзэл баримтлал гаргаж ирэн, ХКН-ын Дүрэмдээ суулгаж, дараа нь Ардын Төлөөлөгчдийн Их хурлаараа хэлэлцэн дэмжиж, шинэ эриндээ БНХАУ-ын дарга тодорхой хугацаанд баригдахгүйгээр (“5 жил+5 жил” гэснийг цуцалсан) ажиллахаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулжээ.

Шинэ эрин үедээ Хятад нь 9 салбарт хүч анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Үүнд 1) эдийн засаг, 2) улс төр, 3) соёл, 4) иргэдийн амьжиргаа, 5) нийгмийн  засаглал, 6) экологи, 7) батлан хамгаалах, армийн бүтээн байгуулалт, 8) эх орны нэгдэл,  гадаад харилцаа, 9) намын байгуулалт байх ажээ. 

Энэчлэн төддүгээрт, төддүгээрт гэсэн заалт намын их хурал, чуулганаас олныг зааж өгсөн. Зах зухаас нь дурдвал: Хувиралтгүй хоёр, хөгжлийн хоёр үе шат, гурван баримтлал, дөрвөн аугаа их, намын дөрвөн хүчин зүйл, чинээлэг нийгэм байгуулах 7 стратеги, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл бодлын 8 тодорхойлолт, төр-засаг барих 8 ур чадвар, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализм байгуулахад баримтлах 14 зарчим гэх мэт. Заримаас нь дурдвал тэрхүү “Дөрвөн аугаа их” гэдэг нь – аугаа их тэмцэл, төсөл, ажил үйлс, мөрөөдөл болох аж. Задалбал өнөөдөр Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд хамгийн ойр зааг үед ирсэн байгаа, түүндээ ч итгэлтэй байна. Аугаа их тэр мөрөөдлийг биелүүлэхэд аугаа тэмцэл, их төслийн лут бүтээн байгуулалт хийж, тэгснээрээ аугаа их үйлсийг бүтээнэ хэмээн тайлбарлажээ.

Тэр 7 стратеги гэдэг нь хэрэгжүүлэх бодит арга замыг заасан зорилтууд аж. Үүнд 1) Шинжлэх ухаанд түшиглэн улс орноо мандуулах; 2) Хүний нөөц, хүний хүчин зүйлээр улсаа хүчирхэг болгох; 3) Инновацыг хөдөлгөх хүчний хөгжлийн стратеги гэж үзэх; 4) Хөдөө орон нутгийг тусад нь авч үзэн хөгжүүлэх; 5) Бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг барих; 6) Хөгжлийг огт сааруулахгүй хөгжүүлсээр байх; 7) Цэрэг, ард түмэн уялдан нэгэн зэрэг хөгжих гэж томъёолжээ. 

Коммунист намын өмнөх их хурлаас заасан тэрхүү 14 зарчим гэдэг нь урт хугацаанд баримтлах, мөрдөх, хэрэгжүүлэх бичигдээгүй хууль мэт дуулдахаар юм. Үүнд:

  1. Коммунист намаас бүх ажил үйлсийг удирдах
  2. Ард түмнээ төвдөө тавих
  3. Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх
  4. Хөгжлийн шинэ үзэл бодол дэвшүүлэх
  5. Ард түмэн эзэн, ард түмэн эрх эдлэх зарчим баримтлах
  6. Хуулийн дагуу засаглах
  7. Социализмын байгууллын үндсэн өртгийн үзлийг баримтлах
  8. Хөгжлийн дагуу ард түмний амьжиргааг сайжруулах, тийм баталгаагаар хангах
  9. Хүн төрөлхтөн, эх дэлхийн эв найрамдалтай хөгжлийг хангах
  10. Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах
  11. Коммунист намаас цэрэг армийг удирдах
  12. “Нэг улс-нийгмийн хоёр байгуулал”-Хятадын нэгдлийн үзэл баримтлалыг баримтлах 
  13. Хүн төрөлхтөний нийтлэг хамтын хувь тавиланг цогцлуулах
  14. Коммунист намыг бүх талаар чанд засан цэгцлэх гэж заажээ.

Хойтон 2022 онд хуралдах ХКН-ын XX их хурал ямар мэргэн шийдвэр, оновчтой шийдэл томъёолохыг харах л үлдлээ.

Энгийн ганц баримт. Хятадын их сургуулиудад Си Жиньпиний үзэл санаа гэдэг хичээл орж эхэлжээ. “Хятадын мөрөөдөл” гэх түүний шинэ номлол нь шинэ үеийн удирдагчдын сэтгэлгээний илэрхийлэл бөгөөд ХКН ба хятадын нийгмийг цоо шинэ үзэл суртлаар зэвсэглэх арга зам юм. Тийм дээрээ тулсан учраас марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл санаа гэдэгтэй нэг түвшинд гаргаад иржээ.