С.Баярын Засгийн газрын боломжтой, боломжгүй хувилбарууд
Засгийн газрыг УИХ томилж, МАХН огцруулдаг боллоо.
Хуулийг УИХ баталж, парламент өөрөө тайлбарлах болов. Дээд шүүхийн хийсэн тайлбарт УИХ дуртай үедээ, хүссэн залруулгаа хийдэг. Ялангуяа, УИХ-д суудалтай нам гэдгийг цаг үедээ тааруулан үзэмжээрээ тайлбарлах юм. Хуулийн заалт, Дээд шүүхийн тайлбараас хүчтэй улс төрийн шалтгаан гэдэг энэ ажээ.
Одоогийн УИХ-д долоон намын төлөөлөл бий. Төлөөлөл нь бий гээд тэр нам парламентад суудалтай болохгүй. Хуулийн заалт, Дээд шүүхийн тайлбараар бол сонгуульд анх нэр дэвшүүлсэнээр нь парламентад суудалтай намыг тодорхойлдог. Энэ шалгуураар бол энэ парламентад суудалтай нь МАХН, БНН хоёр.
Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай нам нэр дэвшүүлдэг. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН, МСДН-ууд парламентын нэг субьектийн хувьд “Ардчилсан холбоо эсвэл” нэрээр П.Очирбатыг нэр дэвшүүлж байсан билээ. Гэтэл 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус тусдаа нэр дэвшүүлсэн учраас МАХН, ИЗН, АН, БНН, Эх орон намууд парламентад суудалтай болж таарч байна. Уг нь АН, ИЗН, Эх орон намууд бол “Эх орон-ардчилал эвсэл” нэрийн дор нэгдсэн, 2004 оны УИХ-ын сонгуулийн нэг л субьект. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-д хэтэрхий хүчтэй өрсөлдөгч болох байсан тул үнэндээ тус намын захиалгаар төрийн тэргүүний сонгуулийн өмнө эвслээ задалсан билээ. Хариуд нь МАХН-ынхан эвслээс задарсан гурван намыг гурвууланг нь парламентын болгон хуулийн заалтаа тайлбарлав.
Одоо С.Баярын тэргүүлэх Засгийн газрыг байгуулахад МАХН хэнийг парламентад суудалтай болгож “бурах” нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
М.Энхсайханы ҮШН, Л.Гүндалайн АТН бол үүсгэн байгуулагчид нь парламентад орж ирсэн хойно “төрсөн” намууд. Иймд энэ хоёр нам бол УИХ-д төлөөлөлтэй, суудалгүй. УИХ-ын тамгын газрын удирдлага ч ингэж мэдэгдсэн удаатай. Гэхдээ энд нэгэн логик бий. М.Энхсайхан, Ц.Батаа хоёр хоёул анх нэр дэвшсэн намаа сольсон. Нэг нь шинээр нам байгуулсан бол,нөгөө нь бэлэн нам сонгосон. Тэдний энэ үйлдэл хэлбэрийн хувьд өөр болохоос, явсан зүг, очсон газар нь адилхан л шинэ нам. Тэгэхээр ҮШН, АТН-ыг парламентад суудалтай гэж үзвэл Ц.Батаагийн сонголт МАХН-д албан ёсны нэг суудал болж нэмэгдэх учиртай. Хэрэв Ц.Батаагийн сонголтыг “МАХН-ын албан ёсны суудал”-д тооцохгүй гэвэл ҮШН, АТН-ууд парламентад суудалгүй гэсэн үг.
Гэхдээ Р.Раш гишүүний хэлснээр МАХН бол Монгол Улсын төрийн эрхийг барьдаг тэр зурагтаар яг ингэж ярьсан шүү... учраас парламентад суудалтай, суудалгүй намууд бүгд л МАХН-ын Засгийн газарт багтах боломжтой. Энд хууль, логик хамаагүй. Амьтан бүхэн тэгш эрхтэй, “гахай” бүр илүү эрхтэй учраас тэр л дээ. Гагцхүү сонголтыг МАХН хийж, тэдэнтэй наймаа тохирч чадсан бүр парламентад суудалгүй байсан ч нь л энэ намын ивээлд багтана. “Ах” намын ивээлд багтах дайн аль хэдийнэ эхэлж, АН-ын бүлэглэлүүд дотроо, бусад намууд хоорондоо өрсөн МАХН-ын удирдлага руу гүйж, утас цохиж, мессеж нисгэж сууна. МАХН-ынхан ч зүгээр суусангүй. М.Энхболд огцрох өргөдлөө өгөх гэж, төрийн тэргүүн Н.Энхбаяр хариу өгөлгүй сунжруулж байгаа нь шинэ Засгийн газрыг тойрсон “бялуу” хуваарилалтаар хотын болон Ерөнхийлөгчийн бүлгүүд С.Баяртай эцэслэн тохироогүйг, хэлэлцээ үргэлжилж буйг илтгэж байгаа болов уу. Энэ зуур С.Баярын Засгийн газрын бүрдүүлэх боломжтой, боломжгүй хувилбаруудын тухай товчхон өгүүлье.
МАХН
Энэ парламент олонхигүй. Засгийн эрх барих, олонхи байх хуулийн зөвшөөрөгдсөн доод хязгаар нь 39 суудал. МАХН 38 суудалтай. Хэрэв Эх орон намаас ирсэн Ц.Батааг оролцуулбал 39 болж байгаа. Иймд МАХН-ыг дангаараа Засгийн газраа байгуул гэж зарим улстөрч хэлдэг. Саяхан энэ намын лидер, хамгийн их хууль ярьдаг Ц.Нямдорж гишүүн “хэрэв бусад нам зөвшөөрвөл МАХН дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой” гэжээ. Хэрэв хууль улстөрийн шалтгаанаас хүчтэй л юм бол МАХН 38 суудалтай. Ц.Батаа гишүүнийг оролцуулбал энэ нам парламентад 39 гишүүнтэй, саналтай, кноптой. МАХН парламентын албан ёсны олонхи биш учраас дангаараа Засгийн газраа байгуулах эрхзүйн боломжгүй. Байгууллаа МАХН-ын Засгийн газрын бодолго парламентаас дэмжлэг авах магадлал багасна. Засгийн газраа байгуулахаас өмнө танхимын гишүүн болох сайд нар эхнээсээ УИХ дээр бүдэрнэ. Эх орон намын Н. Чулуунбаатарыг Онцгой байдлын сайдад унагасан шиг зохион байгуулалттай санал хураалтын үр дүнд Засгийн газрын танхим бүрдэх хугацаа сунжирч мэднэ. Хамгийн аюултай нь дангаараа байгуул гэж одоо хэлж байгаа хүмүүс дараа нь шинэ Засгийн газрын эрхзүйн чадамжийн талаар хэн нэгнийг Үндсэн хуулийн Цэцэд хандуулна. Хэрэв тэгвэл хуулийн талаас ч, улстөрийн бүлэглэлийн талаас ч Цэц Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас огцруулсантай адил шийдвэр гарах магдалал өндөртэй. Магадгүй Цэцэд өгөх ажлыг сөрөг хүчнийхэн гардаж, гаргах шийдвэрийг нь МАХН доторхи бүлэглэлүүд зохицуулна.
МАХН ба АН
Энэ бол хамгийн боломжтой, бас хамгийн боломжгүй хувилбар. Боломжтой нь МАХН талаасаа. Хэрэв АН-тай эвсч чадвал өнөөдрийн сөрөг хүчин Засгийн газар байгуулагдсаны маргаашаас эрх баригч болно. Шүүмжлэхээс өөр хариуцлагагүй явсан АН зөвхөн С.Баярын төдийгүй 2004-2008 оны Засгийн газруудын үйл ажиллагааны эцсийн хариуцлагыг үүрэлцэнэ.. Эцэст нь АН-тайгаа 2008 оны сонгуульд ижил гараанаас гарах боломж МАХН-д тохионо. Хэрэв МАХН, АН хоёр эвслээ гэхэд явцын дунд хамгийн зөрчилдөнө. Дээр нь С.Баяраас хамгийн “их юм”, хамгийн олон сайдын суудал нэхэх улс төрийн хамтрагч бол АН юм. Магадгүй С.Баярын Засгийн газар популизмаар биш, шударга ёсны шинэчлэлээр олон түмний дэмжлэгийг хүлээх гэж байгаа бол энэ үйлст нь АН садаа ихтэй. Энэ нам эдийн засгийн хамгийн олон бүлэглэлтэй учраас тэр. Харин АН сөрөг хүчин хэвээр үлдвэл шударга ёсны шинэчлэлийг хамгийн сайн дэмжигч нь байх болов уу. Хамгийн боломжгүй хувилбар нь АН-аас хамааралтай. Тэд одоо түр зуурын баригч болон тоглож, намынхаа нэр хүндээ унагахгүйг хичээх болов уу. Магадгүй 2008 оны сонгуульд ялна гэж байгаа бол тэрхүү ялалтаа чиглэлийн голдуу хэдхэн салбарын сайдын зургаахан сарын “нас”-тай суудлаар солихгүй л байх. Гэхдээ ирэх сонгуульд ялах ч юм уу, үгүй ч юм уу, боломж олдсон дээр нь засгийн эрх барилцах сонирхолтой, энэ хүслээ намын даргадаа шантааж болгож байгаа бүлэглэл, УИх-ын гишүүд АН-д нэлээд бий. Тэдний дуран дээр тоглох, эсвэл зорилгыг нь мэдэж байгаа учраас татгалзах эсэх нь С.Баяраас л шалтгаална.
МАХН ба ИЗН
ИЗН гадна талаасаа гайгүй имижтэй ч, УИХ-д хоёрхон гишүүнтэй учир Засгийн газарт хүчтэй дэмжлэг байж чадахгүй, парламент дотроо. Энэ нь МАХН-д ирэх сөрөг тал. Гэхдээ МАХН-ын дарга ИЗН-ыг илүү сонирхож, С.Оюун Делигээс яаравчлан ирсэн мэдээ ч байна. Ер нь МАХН-ын дарга өөрийн намын удирдах зөвлөл шигээ хүчгүй хамтрагчийг сонирхож байж ч мэднэ. Эцсийн хариуцлагаа хуваалцахгүй учраас “хүүхэлдэй”-тэй эвсэх нь МАХН-д, С.Баярт ашигтай. ИЗН шинэ Засгийн газарт багтлаа гэхэд засгийн эрх баригч болж 2008 оны сонгуульд оролцохоос өөр сонголтгүй болно. Магадгүй үргэлжлүүлээд МАХН-тайгаа сонгуулийн нэг эвсэл болж болох ч, энэ нь “ах” намынханд бол гар бариад бугуй барьсантай адил үйлдэл болж харагдана. Өөрөөр хэлбэл, МАХН-тай эвссэнээр ИЗН-ынхан 2008 оны сонгуулиар АН ч үгүй, Иргэний холбооч үгүй хоцрох талтай. Учир нь АН, Иргэний холбооныхон засгийг муулж байж улстөрийн орон зайгаа олж авна уу, гэхээс биш, эрх баригчдыг магтаж, тэдний нэг хэсэгтэй эвсч сонгуульдахгүй шүү дээ. Иймд Засгийн газрын түр зуурын хамтрагч байх, ирэх сонгуулийн ялагчаа олж эртнээс эвсэх нь ИЗН-ынхны хувьд сонголт болоод байна. Хэрэв дараагийн сонгуулийн ялагчаа олж эвсч чадахгүй бол өнөөдөр Засгийн газарт орох боломжоос татгалзсандаа тус намынхан хожим харамсч мэднэ. Яагаад гэвэл хэн нэгэнтэй эвсэхгүй бол МАХН, АН хоёр шиг олонхи болж мэдэх магадлал, ирээдүй дангаараа явах ИЗН-д ойрын хэдэн сонгуульд ч харагдахгүй байгаа юм.
МАХН ба БНН
Б.Жаргалсайхан заавал дахин сайд болно гэхгүй л бол БНН бол МАХН-ын хамгийн бодитой хамтрагч. Ер нь шинэ Засгийн газрын эрхзүйн чадамжийг бүрдүүлэхийн тулд МАХН-ын дарга БНН-ын төлөөллийг танхимдаа заавал багтааж таарах болов уу. Ингэж танхимдаа БНН-ыг багтааснаар Цэц рүү хэн нэгнийг элдэв өргөдөл шидэх боломжгүй болгож байгаа юм.
МАХН ба Эх орон
Тус нам УИХ-д таван суудалтай. Одоо ажиллаж байгаа гурван сайд болох Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар, С.Отгонбаяр нар нь дахин сайдаараа үлдэх боломж багатай. АН бүхлээрээ, МАХн-ын гишүүдийн олонхи Эх орон намын гурван сайдыг улираахгүй болов уу. Гэхдээ хоёр гол шалтгаан Эх орон намыг сонгохгүйд хүргэж байж мэдэх. Нэгдүгээрт, энэ нам БНН, АТН-тай адил нэг хүний, компанийн гэх тодотголтой. Иймд томилгоо нь шинэ хүмүүс байж болох ч, тоглолт нь бас л нэг компани байх магадлалтай. Энэ нь МАХн-ын хувьд шинэчлэл биш, харин ч ухралт болно. Хоёрдугаарт, Эх ороны намын даргыг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хамтрагч гэж хэвлэлээр бичдэг. Хэрэв энэ нь ортой бол Н.Багабанди сая намын их хурлаар М.Энхболдыг дэмжсэн. Үүнийх нь хариуд С.Баяр Эх орон намыг засгийн гадна үлдээж мэдэх л юм.
ҮШН, АТН-ын тухайд
Энэ хоё намыг парламентынх гэж үзвэл МАХН парламентад 39 суудалтай, Засгийн газраа дангаараа байгуулах боломжтой. Хэрэв ҮШН, АТН-уудыг хамтрагчаараа сонгоход хүрвэл С.Баярын Засгийн газар анхнаасаа АН-ын дэмжлэггүй болно. Энэ нь цааш явах, ажиллахад хэцүү. АН-ынхан МАХН-ыг дангараа Засгийн газраа байгуул гэж М.Энхболдыг хоёр удаа оролдсон нь сайндаа биш, М.Энхсайханыг л сул гишүүн болгох гээд байгаатай холбоотой юм. Нам нь жижиг ч, Л.Гүндалай, М.Энхсайхан, Ж.Наранцацралт нар бол улс орон даяар танигдсан нэр нөлөөтэй улстөрчид. Тэд, тэдний нам нь ирэх сонгуулиар МАХН-ын биш, өөрийнх нь саналаас л хуваалцах учир АН-ынхан ийнхүү байж ядаад байгаа юм. Гэхдээ МАХН-ынхан зөвхөн ҮШН, АТН, эсвэл хоёулантай нь хамтарлаа гэхэд энэ эвслийн үүсгэсэн Засгийн газар удахгүй л Цэцийн өмнө очно. Парламентад суудалгүй намтай эвссэн байна гэж. М.Энхболдын танхимд ҮШН-ын гишүүд байгааг зарим хүн хольж магадгүй юм. Одоо ажиллаж байгаа Засгийн газар бол МАХН ба БНН-ынх. Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нарыг сайдын суудлаас огцруулаад Үйлдвэр, худалдааны яамыг Ц.Даваадоржоор БНН-ын гишүүн, Эрүүл мэндийн яамыг МАХН-ын Д.Туяагаар удирдуулах болсон нь БНН паралментад суудалтай, АТН УИХ-д суудалгүй байсантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, БНН нь Засгийн газарт хэрэгтэй, АТН хэрэгүй байсан гэсэн үг.
Эцэст нь өгүүлэхэд МАХН+ БНН+ бусад нам, эсвэл аль ч хувилбараар Засгийн газраа байгуулах, эвслийн хамтрагчаа сонгохдоо С.Баяр нам доторхи бүлэглэлүүдээсээ гадна Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон АН-тай ойлголцох нь хамгийн чухал. Тэгж байж нам дотроосоо ч, УИХ-аас ч дэмжлэг авна.