2018 оны 12 дугаар сарын 28. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдын даалгавраар, тагнуул, цагдаагийн тусгай албад болон прокурорын хяналт дор Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах ажиллагааг удирдав.

2019 оны 2 дугаар сарын 1. Тусгай ажиллагааг удирдсан Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдов.

2019 оны 12 дугаар сарын 25. УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордоос цэвэршүүлсэн мөнгөний дээж 47.5 кг мөнгөн гулдмайг Монголбанкны Эрдэнэсийн санд тушааж, энэ өдөр “Эрдэнэс Монгол”, түүний охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-иуд Монголбанкинд таван жилийн хугацаанд 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө бүхий үнэт металлын агууламж бүхий гулдмайг нийлүүлж байх тухай худалдах худалдан авах гэрээ байгуулав. 

2019 оны 12 дугаар сарын 31. Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” хэмээн мэдэгдэв.

2020 оны 1 дүгээр сарын 6. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

2020 оны 1 дүгээр сарын 10. УИХ Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталлаа. Энэ хуулийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө. Мөн тэтгэвэр барьцаалсан зээлгүй байсан 194 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн эрхийн бичиг өгнө. Бондын эрхийн бичиг 2021 оны тавдугаар сарын 1-нээс амь орж, мөнгөн хэлбэрээр тараагдана гэж тайлбарлаж байна.

Хуулийг батлах нь ойлгомжтой, хэрэгжих нь гарцаагүй. Харин Салхитын орд өнөөдөр хэний мэдэлд байгаа нь эргэлзээтэй шүү. Учир нь шүүхийн шатанд маргаан үүсгэгдчихээд байгаа Салхитын ордын лиценз Эрдэнэс Монголд ч, Эрдэнэс силвер ресурс компанид ч ирээгүй. Шүүхийн шийдвэр гарахаас нааш хөдөлгөж болох уу, яаж “хөдөлгөх” вэ гэдэг сонин. Салхитын мөнгөний ордыг эзэшмдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалтай "Жи Пи Эф"компани, Аминбилэгт, гүйцэтгэх захирал Сэдрагчаагийн Оюунбат гэдэг хүмүүсийн нэр дээр байна. Одоогоор улсын бүртгэлд харагдаж байгаагаар Хайгуул-1 XV-021034, Хайгуул-1 XV-021033, Салхит XV-021032 гэсэн хайгуулын гурван лиценз байна. Мөн “Ай Эн Ди” ХХК дээр MV-017405 ашиглалтын, XV-013053 хайгуулын лицензүүд байна. Тус компанийг 2017 оны 5 дугаар сарын 25-наас “Интермаркет Монголиа”, “Уулко” гэдэг компаниуд эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь Дагвын Содбилэг гэдэг хүн ажилладаг юм байна. “Интермаркет Монголиа”, “Уулко” компаниуд нь хоёулаа Германы хөрөнгө оруулалттай компаний мэдэлд байдаг. Түүнчлэн “Дацантрейд” ХХК-д Салхитын ордын ашиглалтын MV-015596 лиценз байна. “Дацантрейд”-ийг Дэжид Баянбат, Баянбатын Цэнгүүн нар 2016 оны 12 дугаар сарын 26-наас эзэмшдэг гэх мэт Салхит орд олон лицензтэй, тэдгээр нь олон эзний гар дамжжээ. 

Харин “Эрдэнэс Монгол” дээр л лиценз алга байна. Уг нь хуулиа мөрддөг бол энэ лицензүүд “Эрдэнэс Монгол” эсвэл “Эрдэнэс силвер ресурс”-ын нэр дээр шилжиж байж оны өмнө мөнгөнийх нь дээжийг Эрдэнэсийн санд тушаах, өнөөдөр ийм хууль батлаад ахмадууддаа тараах байсан. Эс бөгөөс гадаадын хөрөнгө оруулалттай компанийг дээрэмдсэн хэрэг биш гэж үү?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2020 оны 1 дүгээр сарын 8-нд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх үед “Эрдэнэс Монгол” компаний Санхүү эрхэлсэн захирал нь “Эрдэнэс силвер ресурс” 2019 оны тайлангаа анх удаа л гаргах гэж байна. Энэ компани бонд гаргах боломжгүй. Харин толгой компани “Эрдэнэс Монгол” компани бонд гаргах боломжтой” гэсэн юм. Харин бонд нь “Эрдэнэс силвер ресурс” дээр бүртгэгдэнэ гэв.

“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал Төмөрийн Мөнхбаяр гэж хэн бэ?

Тэгвэл “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал Төмөрийн Мөнхбаяр гэж хэн бэ? “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 28-нд байгуулагдсан. Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр нь 2019 оны 12 дугаар сарын 27-нд томилогдсоноор бүртгэгджээ. Өнөөх 50-иад кг цалин цагаан мөнгөний дээжийг тушаахын өмнөх өдөр томилогдоод л, маргааш нь Салхитын мөнгөний ордын мөнгийг Монголбанкинд гулууз гулуузаар нь тушааж байхаар худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Энэ ямар киноны зураг авалт уу? Юунд ингэтлээ яарав?

Ер нь Төмөрийн Мөнхбаяр гэж хэн юм бол? “Монголиан гоулд резарв”, “Империал гоулд майнинг” гээд цуутай алтны компаниуд түүний мэдэлд байх юм. Ялангуяа “Империал гоулд майнинг” компани нь сөрөг талаар бидний эчнээ танил. Тус компанийн Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах алтны уурхайн хашлага нурж насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан амиа алдсан хэрэг 2019 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих гарсан. Хамгийн зэвүүн нь 2019 оны гуравдугаар сард уг уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газраас зогсоочихоод байхад хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж байхад нь энэ осол гарсан.

 Ийм компанийн эзэн тэрхүү  “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирлаар ажиллаж байна. Түүнийг 2015 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлуулж байсан, мөн ондоо Чингэлтэй дүүргийн Засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганболдын гарын үсэгтэйгээр М.Энхтайван гэх нэрээ М.Энхтайванбаатар болгож өөрчлүүлсэн аймгийн заан цолтой, их гарын бизнесмэн, мөн Намсрайжавын Батмагнай гэх хоёр хүн нэлээд дагалдаж хамтрах юм. Хачирхалтай нь Т.Мөнхбаяр ч бас дунд сургуульд байхдаа Т.Мөрбаяр гэдэг нэртэй байсныг хожим яагаад солиулсан юм бол? 

 Намсрайн Батмагнай, Төмөрийн Мөнхбаяр нар нь Төртогтохын Алтайбаатарын хамт “Агнистын алтан орд”, “Агнистын зэсэн орд” ХХК –ийг тус тус эзэмших бөгөөд хоёр хамтрагчийнх нь тухай цахимаар хайвал шүүхийн шийдвэрийг цахимд байрлуулсан хуудсууд элбэг таарах аж. Тухайлбал Т.Алтайбаатар нь Донжхаус, Донжхацукомпаниудыг эзэмшдэг, нэр дээр нь 8000 га газар аваад, буцаагаад 14 хүнд өгчихсөн байх жишээний сонирхолтой баримтуудыг Улсын дээд шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-нд шүүсэн талаар Дээд шүүхийн цахим хуудсаас харж болно.

Цаашилбал Т.Мөнхбаяр нь “Монголын нууц тарни” ТББ, “Монголын нохойн холбоо” ТББ, “Монголын немц овчарка сонирхогчдын холбоо” ТББ, өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-нд л гэхэд Монголын пониболлын холбоо ТББ гэгчийг үүсгэн байгуулсан байх жишээний. Ийм нэгэн маш сонирхолтой хоёр их наядын ашиг олох, Монголын ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлөх, зээлгүйг нь ваучер тарааж баярлуулах Төрийн мэдлийн алт, мөнгөний ордын Гүйцэтгэх захирал болчихсон байгаа юм. Цаг хугацааны хувьд яаран томилогдсон, нөхцөл байдлын хувьд нэг жилийн дотор маш хурдтай бужигнуулж, түүндээ цагдаа, тагнуулын байгууллагыг ашигласан энэ “террор ажиллагаа” ба тэтгэврийн зээл тэглэх баяр цаанаа ямар учиртай бол. Анхааралтай ажиглацгаая! 


                                                                                                                         /Үргэлжлэл бий/