Манай улсад хоёр хөршийн төрийн тэргүүн ойр ойрхон айлчилж сүйд болсон. Үүний дараа бид зунжингаа “Талын зам”, хурдны замын төсөл ярьж хөөрцөглөв. Хойд урд хоёр хөрш маань манай нутгаар транзит бүх урсгалаа явуулж бид нэг болж авах нь хэмээн итгэж баярласаар явлаа. Гэтэл хоёр хөрш маань биднээс хэрхэн даялан зуларч байгааг энэ зурагнаас харж байгаа биз дээ. Хоёр өдрийн өмнө ОХУ-ын телевизийн томоохон бүх сувгаар “Москва-Бээжин өндөр хурдны галт тэрэг” төсөл хөтөлбөрийг орон даяараа танилцуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн байр сууриа хатуу илэрхийлж уг төмөр замыг өөрийн нутгаар дайруулах нь эдийн засгийн болоод аялал жуулчлалын томоохон ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа ОРТ1 сувгаар тодорхой мэдэгджээ. Олон улсын зарим шинжээчдийн үзэж буйгаар Ерөнхийлөгч В.Путин “Өөр улсыг тэжээхгүй” хэмээх байр суурин дээрээ үлдлээ хэмээн бичицгээж байна. Харин Хятадын тал энэ асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Москва-Бээжинг холбох ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн баруун ба зүүн чиглэлийн хийн хоолой ба төмөр замын төслийн тодорхой зургийг та бүхэнд хар үгээр тайлбарлая. Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн цаахна Казахстан улс бий. Казахстан-Монгол хоёрын дундуур 50-хан км зайгаар тусгаарлагдсан ОХУ-ын нутаг дэвсгэр оршдог. Энэхүү 50 км хоолойгоор л оросууд төмөр замаа Хятадын нутаг руу оруулж улмаар Бээжинтэй холбох нь. Зурган дээрээс харахад Монголын баруун аймгуудын нутгаар туушиндаа явуулчихад хамаагүй шулуун ойр, зардал бага гарах, нутаг дэвсгэрийн байршил зүйн хувьд бэрхшээл бага байхаар байгаа биз. Тэгсэн тэгдэггүй юм байна аа. Гэхдээ үүнд монголчууд гоншигнох хэрэггүй.



Үнэнийг хэлье. Бид мөн­хийн хоёр хөрштэй. Тэдний хандлагыг харж байгаа биз дээ. Хоёр хөрш маань үнэндээ биднийг хүн гэж тоохгүй байгаа биз. Ер нь биднийг хүн гэж тоож байгаагүй шүү дээ. Дэлхий даяаршиж, улс гүрэн бүхэн хэн хэнээсээ хамааралтай болж, том жижиг орны тэгш харьцаа НҮБ гэх мэт байгууллагуудаар баталгаажин тогтсон тийм дэглэм бүхий цаг үед амьдарч байгаа болохоор бидэнтэй хоёр хөрш минь албан ёсны дипломат харьцаатай байхаас өөр ямар ч аргагүй. Тийм дэглэмгүй цаг үе буюу саяхных хүртэл гэж хэлж болох XX зууны эхэн үед бид тэдний дээрэнгүйллийн талбар байлаа шүү дээ. Гэхдээ XX зуунаас өмнөх түүхийг ярих юм бол монголчууд бид тэдний эзэд нь байлаа. Их түүхийн ийм бодит үнэн, тэдний дээр дэвж явсан үнэн түүх хэн хэнд нь мартагдаагүй.

Биднийг одоо бол дэлхий дээр хүн гэж үзэж харьцаж буй хоёр л улс байгаа. Миний хувьд тэгж харж байгаа. Япон, АНУ хоёрын зүгээс л бидэнтэй улс шиг харьцаж байна. Яг энэ хоёр улстай хоёр хөршөө харьцуулаад харвал, шулуухан хэлэхэд шог талдаа. Монгол Улс гэж тоодоггүй, монголчууд гэхээр онигооны баатар чукча мэтээр үздэг. Дээр нь түүхийн асар гашуун хонзон байдгийг хэлье. Бидний өвөг дээдэс тэднийг яаж дээрлэхэж явлаа. Яаж хурааж захирч явлаа. Бидний монголчууд сүр хүчит удамтай. Удам сайтын хаяа хэзээ ч сайн байдаг. Бурханаас монголчуудад зурж өгсөн тэг зурган дотроо бид багтаж амьдарч байгаа гэж үзэж байна. Тийм болохоор бид пээдгэр байх ёстой.

Ийм атал бид нар хоёр хөрштэйгөө ах нар, дүү минь гэх мэтээр нялуун, догдлонгуй харьцаж сүйд болдог. Орос ах нар, урд хөршийн алтан түнш нар минь ч гэх шиг. Одоо тэр нэг баруун талын нарийхан хоолойгоор тавигдах төмөр зам мэтэд сүйд болон хандах нь өөрсдийгөө доош нь хийсэн хэрэг болно. Тэд хоорондоо яриад тэрүүгээр тавья гэж тохирсон л биз. Шинжээчдийн бичээд байгаа В.Путиний “Өөр улсыг тэжээхгүй” гэсэн санаа нь одоо монголчуудыг хэлээд байгаа юм уу. Бид тэгж Оросоор тэжээлгэх дээрээ тулсан ард түмэн мөн үү. 60 сая малынхаа махыг барж ядаад хамгийн ядуу хязгаар нутаг Сибирт нь нийлүүлбэл нийлүүлье гээд л сууж байна. Авбал эдийн засаг нь элгээрээ хэвтэх гэж байгаа оросуудад л хэрэгтэй биз. Визгүй болсон биш Сибирийн 40 сая орос Монголын нийслэл Улаанбаатарт ирж наймаа хийхийн бөөн хүслэн болж байна. Өчигдөрхөн ноолуурын “Эвсэг” компанийн нэрийн барааны дэлгүүрээр орлоо, баахан оросууд цангаж үхэх гэж байгаа юм шиг л хамаг барааг нь хамж ачаад хөдөлж байна. Оросын Сибирийн хувьд Монгол Улс нь ганц ивээлдээ багтаагч нь болохоос Оросоор бид тэжээлгэнэ гэдэг бол байхгүй асуудал. Зүгээр л дэлхийн улс орнууд хоорондоо дипломат ёсоор харилцан ашигтай харьцдаг, хамтарч ажилладаг тэр л дэг соёлоор хоёр хөрштэйгээ бид харьцъя. Харилцан бие биедээ ашиггүй бол соёлтойгоор холуур явцгаадаг, биендээ гомдоод сүйд болдоггүй тийм жишиг байна. Түүгээр нь явъя. Энэ зарчмаар хоёр хөршийн холуур тавьчихсан төмөр замын талаар сүйд болох хэрэггүй, гомдох баярлах тухай асуудал бүр байхгүй, халихгүй, жижигрэхгүй байх ганц л зарчим бий. Энэ нь хоёр хөрштэйгөө эн тэнцүү, эрх тэгш харьцана гэсэн үг. Бурхан биднийг монголчууд байг, монгол шиг амьдар гэж бүтээснээс биш Орос юм уу, Хятадын арга эвийг олж байж л оршин тогтноно, цаашид амьдарна гэж бүтээгээгүй юмаа. Бид ингэж худлаа ярьж (төмөр зам манай нутгаар тавина ч гэх шиг), худлаа таамаглаж, худлаа таамгандаа баярлаж хөөрч, тэгснээ бас худлаа гомдож байгаагаа больё оо. Бид хүний юмыг зүгээр хэрэглээд баяжаад сууна гэж байхгүй. Төмөр зам, хийн хоолойг нь дагаж амьдраад баяжих юм биз дээ. Тэгэхгүй ээ, заавал өөрсдөө хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан, зүтгэн сэтгэн байж баян тансаг амьдарна, баяжсан улс болно. Өнөөдрийн сэтгэлгээ болохоор тал шиг том байшин нэгийг барьж аваад, түүнийгээ түрээслүүлээд, баяжаад хэвтчихнэ хэмээн жирийн иргэнээсээ эхлээд төр засгийн удирдлагууд нь хүртэл итгээд байгаа юм. Ийм ядарсан сэтгэлгээнээсээ сал. Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж байдаггүй, өөрийн хөдөлмөргүй баяжсан түүх гэж байдаггүй. Ерөөсөө ийм сэтгэлгээ хаана ч байдаггүй юм.