Дорнын философи (2-р хэсэг)
Би оршин байхын төлөөх зайлшгүй нөхцөл юу вэ?
Өмнөх хэсгийг ЭНДЭЭС
- Тархи гэж юу вэ?
Ерөөс тархи гэж юу билээ? Хялбарчлаад хэлбэл тархи гэдэг бол мэдрэлийн эсүүдийн (нейрон) бөөгнөрөл бөгөөд тэдгээр мэдрэлийн эсүүд нь өөр хоорондоо сигнал дамжуулж, мэдээлэл боловсруулалт хийдэг төхөөрөмж юм. Тэгвэл энэ тархи хэмээх мэдээлэл боловсруулах төхөөрөмж л “би” гээчийн бодит төрх юм гэж үү?
Яг тийм гэж хэлмээр санагдавч, яг нарийн утгаараа түүнийг “зайлшгүй шаардлагатай нөхцөл” гэж ам гаръя гэхээр бас арай ч биш юм шиг сонин оргих вий.
Учир нь тэгж ам гарч чадахгүй шалтгаан хоёр бий.
Нэг дэх нь “Тархи хэрхэн яаж «би» гэх ухамсрын туршлагыг үүсгээд байна вэ гэх цаад механизм нь одоо ч тайлагдаагүй” гэх явдал.
Жишээ нь та “алим” харжээ гэе. Чингүүт таны ухамсарт "гэрэлтсэн улаан алимны дүрс” хөвөн гарч ирдэг хэдий боловч ерөөс тэрхүү алимны “улаан” гэдэг зүйл чухам ямар механизмаар хэрхэн яаж үүсэж бий болно вэ? Та өөрийн ухамсарт хөвөн гарч ирдэг тэр “улаан” хэмээх өвөрмөц биет мэдрэмж ー “улаан гэх тэр ер бусын давтагдашгүй өнгө” ー төрөн гарч ирж буй цаад механизмыг логиктойгоор тайлбарлаж чадах уу? Үнэнийг хэлбэл, тэр “улаан” гээч юм чухам юу болохыг өнөөгийн шинжлэх ухаан одоог болтол тайлж чадаагүй “учир битүүлэг үзэгдэл” байгаа юм.
Гэсэн ч аягүй бол ингэж хэлэх хүн гарч болох юм.
“Одоохондоо мэдэхгүй л юм байгаа биз. Тархи чинь угаасаа маш ээдрээтэй нарийн бүтэцтэй болохоор тийм амархан мэдчихгүй байлгүй. Тийм байлаа ч тархи “тэр улаан”-ыг үүсгэж байгаа нь нэгэнт тодорхойгоос хойш ирээдүйд тархи судлал хөгжөөд явбал хэзээ нэгэн цагт ойлгож л таараа.”
Яалаа гэж дээ, даанч тийм биш. “Тархи «ухамсарт гарч ирдэг тэр улаан»-ыг үүсгэж байгаа” гэх санаа энгийнээр бодоход “хамгийн зохистой” гэж хэлж болох ч хэрхэвч “илэрхий үнэн” биш юм.
Үүнийг ойлгохын тулд “Тархи гэдэг төхөөрөмжийн цаад механизмыг яаж ч таньж мэдлээ гээд «улаан» гэх тэрхүү ухамсарт өрнөж буй үзэгдлийн тайлбартай холбогдохгүй” гэсэн зарчмын асуудлыг сайтар ухаарч авах шаардлагатай.
Ерөөс тархи гэдэг төхөөрөмж бол “Мэдрэлийн эсүүд (нейрон) гаднаас ирсэн өдөөлтийн нөлөөнд идэвхжихээр химийн бодис ялгаруулж, тэр нь ахиад хажуугийн мэдрэлийн эсийг өдөөдөг” гэсэн процессийг эцэс төгсгөлгүй давтах төдийгөөр ажилладаг. Ямар ч нарийн төвөгтэй өндөр түвшний гайхамшигтай мэдээлэл боловсруулалт хийдэг бай дотор нь өрнөдөг бодит процесс гэвэл ердөө л энэ. Эцсийн эцэст тархийг бүрдүүлэгч эд анги болох мэдрэлийн эсийг нэг нэгээр нь чимхэж гаргаж ирлээ ч, тэндээс физикийн хуулинд захирагдан элдэв бодис өөр хоорондоо дамжуулж буй механик үзэгдлээс өөр юу ч олж харахгүй.
Мэдээж хэрэг, “өөртөө байгаа бөмбөгийг (химийн бодис) хажуугийн баагийдаа дамжуулдаг энгийн төхөөрөмж” ч гэлээ тийм юмсыг хэдэн тэрбумаар нь цуглуулж байгаад эвтэйхэн шиг угсарч холбовол уулга алдам гайхалтай оюунлаг дээд түвшний мэдээлэл боловсруулах хэлхээ бий болж болохыг хангалттай хүлээн зөвшөөрнө. Жишээ нь, “тухайн нэг давтамж бүхий гэрэл”-д хариу реакцлахаараа “улаан гэдэг категорийн өдөөлт харааны мэдрэлээр орж ирсэн” болохыг механикаар илрүүлж, “Би улаан өнгө харж байна” гэж хэлдэг хэлхээ хийе гэвэл огтоос боломжгүй биш.
Энэ үед тэр хэлхээний үйл ажиллагааг “механик эд ангиуд”-ын механик үйлдэл (мэдрэл эсүүд хоорондын химийн бодисын солилцоо) төдийгөөр бүрэн тайлбарлаж чадна.
“Яагаад энэ тархи улааныг харж байна гэж хэлсэн бэ?”
“Яагаад гэвэл энэ тархины энэ энэ мэдрэлийн эс нь ингэж ингэж хөдлөөд ингэсэн байхгүй юу.”
гэх маягаар үндсэн зарчмыг нь тайлбарлахад ядах юмгүй биз.
Гэсэн ч ердөө энэ хүрээд л зогсоно. Тайлбарлаж чадах нь эцсийн эцэст “механик эд анги тус бүрийн үйлдлүүд”-ын комбинацаас бий болох “механик мэдээлэл боловсруулалт”-аар хязгаарлагдана. Түүнээс цаашхи зүйл буюу “ухамсарт гарч ирдэг өнөө «улаан» гэх үзэгдэл хэрхэн яаж үүсэв ээ?” гэдгийн тухайд огтоос юу ч тайлбарлаж чадахгүй.
Энэ асуудлын мөн чанарыг гүнзгий ойлгохын тулд нэг тийм “торны нүд шиг эгнэж цугласан асар олон өтний сүрэг” байна гээд төсөөлөөд үзнэ үү. Өт нэг бүр нь ямар нэг өндөр түвшний оюун ухаангүй, ердөө л гадны өдөөлтөөр хөдөлдөг төдий оршихуйнууд. Тэгээд тэр сүргийн захад байрлах нэг өтийг мөчрөөр “чон чон” гээд хатгажээ гэе. Тэгтэл хатгуулсан өт атиралдахдаа хажуугийн өтдөө хүрч, тэр нь бас цочсондоо атиралдаж ахиад цаад өтөө өдөөж…, гэсэн гинжин өдөөлт дамжаад явж.
Өт нэг бүрийн өдөөлт хүлээж авах “мэдрэмтгий шинж” нь харилцан адилгүй бөгөөд зарим нь хэт мэдрэг болохоороо дөнгөж хүрэх төдийд байдгаараа атиралддаг бол зарим нь дэндүү мэдрэмжгүй болохоороо хүчтэйхэн хатгахгүй л бол хөдөлж өгдөггүй байг. Тиймээс мэдээж хэрэг мэдрэг өтний хажуугаар өдөөлт дамжихдаа сайн, мэдрэмжгүй өтний дэргэдүүр өдөөлт дамжихдаа муу гэсэн үг болно. Тэгээд тэр онцлог ялгааг нь ашиглан, эвтэйхнээр өрж байрлуулж байгаад өдөөлт дамжуулалтын ээдрээтэй нарийн хэлхээ үүсгэе. Тэр хэлхээнд анх ямар өдөөлт өгөхөөс хамаарч эцсийн үр дүн нь янз бүр гарна.
Жишээ нь, захын өтийг “чон чон чон” гэж хатгавал тэр өдөөлт нь цаашаагаа тухайн нэг замаар дамжиж тархсаар эцэстээ сүргийн цаад талд буй унтраагуурт хүрч, тэр нь “Улаан” гэж дуугардаг аудио бичлэгийг тоглуулна. Харин арай өөрөөр “чочо чоон” гэж оролдвол тэр нь ахиад өөр нэг замаар дамжиж тархсаар энэ удаад өөр унтраагуурт хүрч, тэндээс “Цэнхэр” гэдэг аудио бичлэг тоглуулна, гэх маягтай. Энэ үед “анхны оролтоос хамаарсан ялгаатай гаралт” бий болж буй учиртай тул энэхүү өтний сүргийг “мэдээлэл боловсруулж байна” гэж үзэж болно.
Хэтэрхий хялбарчилсан зохиомж боловч “зарчмын” хувьд тархин дотор өрнөж буй зүйлтэй энэхүү өтний сүргийн зүйрлэл яг адилхан юм.
Мэдээж хэрэг, бодит байдал дээр мэдрэлийн эсүүд өтнөөс хамаагүй нарийн төвөгтэй, нэг бүр нь хэдэн арваас хэдэн 10,000 гартай, тэгээд тэр тоогоороо бусад эсүүдтэй холбогддог. Комплексын түвшнээрээ өтнүүдтэй харьцуулашгүй нь үнэн л дээ. Гэхдээ л “өдөөлт авахаараа хажуугийнхдаа дамжуулдаг” үйлдлийг давтах хэлбэрээр мэдээлэл боловсруулдаг гэх тэр зарчим нь бол яаг адилхан юм.
Заа тэгэхээр, энэхүү зарчимд суурилсан механизмыг төсөөлөн бодвол “Тархи мэдээлэл боловсруулдаг” тухайд бол ямар ч гайхаж эргэлзэх зүйл үгүй. Тархи ямар ч оюунлаг дээд шийдвэр гаргадаг бай, бүгд “тархины эсийн (өтнүүдийн)” механик үйл ажиллагааны үр дүн хэмээн тайлбарлаж чадна.
Тэгвэл “бидний одоо харж буй «улаан» гэх энэ ухамсарт үзэгдэл” юу болох вэ? “Улаан гэх ухамсарт үзэгдэл”-ийг тархи хэрхэн яаж үүсгэдэг юм бол? Энэ механизмыг хэрхэн тайлбарлах боломжтой юм бол?
Шулуухан л хэлье. Энийг тайлбарлах ямар ч боломжгүй юм.
Тийм л биз дээ? Бодоод нэг үз дээ. Эцсийн эцэст тархины хийдэг ажил бол “жижигхээн өт хажуугийн өтөө балбаад, тэр нь дахиад хажуугийн өтөө балбаад…” гэсэн зүйл л хийж байгаа. Тэр нь хэрхэн яаж бидний ухамсарт “улаан” гэх тэр онцгой өвөрмөц биет мэдрэмжийг (улаан гэх дүрс) үзүүлэх билээ? Яаж ч бодоод тайлбарлах аргагүй байгаа биз дээ?
(Тайлбарлах боломжтой гэж бодож байгаа хүмүүс өөр зохиомж гаргаж, өтнүүдийн оронд бага ангийн хүүхдүүд байна гээд төсөөлөөд үз. Тус бүр нь 10,000 гартай аймшгийн хүүхдүүд сургуулийн хашаанд цуглаж, өөрийнх нь мөрийг алгадвал тодорхой нөхцөлийн дагуу дараагийн хүүхдийн мөрийг алгадана гэсэн ток дамжуулах тоглоом тоглож байна гэе. Тэгтэл санамсаргүй тохиолдлоор нэгэн эгшинд хүүхдүүдийн мөр алгадах комбинац нь “тархи улааныг харж байх үеийн төлөв”-тэй яг адилхан болжээ гэе. “Тайлбарлах боломжтой” гэж бодож буй хүмүүс тэр үед сургуулийн хашаанд “өнөөх онцгой өвөрмөц өнгийг харж буй ухамсар” үүснэ гэж хэлэх ёстой болно. Яагаад гэвэл физик талаасаа ав адилхан учраас тэр. Гэвч, тэр бол үгүйдээ л өнөөгийн шинжлэх ухаан хийгээд учир шалтгааны логикыг давж орхих тул өдийг хүртэл байгаагүй шинэ санаа, шинэ харах өнцөг оруулж ирэх шаардлагатай болох вий)
Явж явж тархи гэдэг төхөөрөмжийг хэчнээн ч судалж, үйл ажиллагаа, механизмыг нь бүрэн төгс илрүүллээ ч тэндээс мэдэж чадах нь тархины мэдээлэл боловсруулах функцын талаар л байх ба “улаан гэх хосгүй өвөрмөц «энэ өнгө» хэрхэн яаж бий болоод байгаа тухайд (өнөөгийн бидэнд буй шинжлэх ухааны систем дотор) тайлбарлах ямар ч боломжгүй юм. Тэгээд энэ бол ердөө л “өнгө”-ний тухай яриа биш нь тодорхой. “Амт”, “өвдөлт” гээд ухамсарт өрнөдөг бүхий л үзэгдлүүдийг тэр чигээрээ тайлбарлах боломжгүй гэсэн үг.
Энэхүү “Тархины физик механизмыг яаж ч нээн илрүүллээ гээд ухамсарт үзэгдлийн тайлбар болж чадахгүй ээ” гэх асуудлыг 1994 онд, тухайн үедээ дөнгөж 28 настай байсан идэр залуухан философич Чалмерс дэвшүүлэн тавьсан байдаг ба гайхмаар нь түүнээс хойш өдийг хүртэл хэн ч үүнд төгс хариулт олж чадаагүй байгаа билээ.
(Сонирхуулж ярихад, энэ асуудалд хандаж “Тархи чинь асар аймшигтай комплекс болохоороо ухамсрыг үүсгэдэг байхгүй юү” ч юм уу “Тархинд өөрөө өөрийнхөө төлөвийг хянадаг мониторинг функц байгаад, тэр нь ухамсрын үзэгдлийг төрүүлж байдаг юм” гэх мэтээр хялбархан тайлбарлахыг завдах хүмүүс байдаг. Харин философичид тэр мэт “хэт абстракт хоёрын хооронд хариулт”-ад сэтгэл ханах уу гэвэл үгүй. “Тэгээд? Тэгээд яг яаж тэр «улаан өнгө» гарч ирээд байгаа юм бэ? Цаад зарчмыг нь тодорхой тайлбарлаад өг л дөө! Алив, яг одоо!” гээд дайраад унавал хэлэх үггүй болох вий)
Аягүй бол өдийг хүртэлх шинжлэх ухааны арга барил, өөрөөр хэлбэл “тухайн системийг эд ангиар нь (элементээр нь) задалж, эд анги тус бүрийн хөдөлгөөний комбинациар системийг бүхэлд нь тайлбарлах” гэсэн уламжлалт аргаар яваад нэгэнт бүтэшгүй, цоо шинэ хувьсгалт арга зам бодож боловсруулах шаардлагатай ч байж магадгүй.
Энэхүү “шийдэгдээгүй асуудал”-ыг хэрхэн шийдэх нь ирээдүйн философичид, эсвэл магадгүй уншигч таны ариун үүрэг (тодотгоод хэлэхэд, Чалмерс үүнийг ердөө 1994 онд буюу дөнгөж саяхан дэвшүүлсэн гээд бодохоор энэ бол гарцаа байхгүй өнөөдрийг амьдран буй бид л шийдэх ёстой асуудал юм) хэмээн орхихын ялдамд, ямар ч байсан одоогийн байдлаар “Тархи хэрхэн ухамсарт үзэгдэл бий болгодог нь тодорхойгүй” нь үгүйсгэх аргагүй бодит байдал гэдгийг тодотгоод орхиё.
Тиймээс нэгэнт тэрийг мэдэхгүй л юм бол “би” гэх ухамсарт үзэгдлийг бий болгодог нь яг үнэндээ “тархи биш” байх магадлалыг ч няцаах боломжгүй болно. Аягүй бол “сүнс” маягийн үл мэдэх ямар нэг юм байгаад, тэр нь тархинд байрлаж байх зөвхөн тэр үед л “ухамсарт үзэгдэл” бий болдог ч юм бил үү! “Сүнс” гэсэн фантастик санаа таалагдахгүй байвал арай жаахан шинжлэх ухаанчаар “үл мэдэгдэх физик үзэгдэл Х” гэсэн ч болно. “Ухамсарт үзэгдэл”-ийн жинхэнэ шалтгаан нь үнэндээ тархи бус “үл мэдэгдэх физик үзэгдэл Х” ч юм бил үү.
Тиймээс хэрэвзээ ямар нэг эгзэг нь таараад “үл мэдэгдэх физик үзэгдэл Х” тархинаас мултраад уначихвал…, тархи нөгөө л механик төхөөрөмж байдлаар хийдэг ажлаа хийж, “Жаргаж буй улаан нар ай мөн үзэсгэлэнтэй еэ” гэсээр юу ч болоогүй юм шиг хэвийн амьдраад явах боловч бодит байдал дээр “ямар ч ухамсарт туршлага байхгүй” тийм нөхцөл байдал бий болохыг ч байг гэхгүй болно. Эсвэл эсрэгээрээ тархи бяцраад байхгүй боллоо ч “физик үзэгдэл Х” л үлдчих юм бол ухамсарт үзэгдэл үргэлжлэн оршиж ч мэднэ.
Энэ мэт боломжийг хүртэл ухан тунгааж үзвэл “тархи” гэх оршихуйг “Тархи л миний их бие, би гэдэг чинь тархи” гэхчлэн ам гарч хэрхэвч чадахгүй юм.
Хоёрдугаар шалтгаан гэвэл “одоо, бидний амьдарч буй энэ бодит ертөнц яг үнэндээ зүүд байж ч мэднэ” гэх явдал.
Аягүй бол таны одоо харж буй энэ ертөнц бол яг үнэндээ өөр ертөнцийн “аквариум дотор хөвж буй тархи”-нд механикаар үзүүлж буй “зүүд” байхыг үгүйсгэхгүй.
Мэдээж тийм гэсэн нотолгоо байхгүй л дээ, зүгээр л шалтаг төдий. Гэвч, тийм байлаа гээд “Юу гэж тийм байх вэ дээ” гээд бүрэн няцааж чадах уу гэвэл үгүй. Нээрээ л, аягүй бол, яг үнэндээ энэ ертөнц “зүүд” ч байх юм бил үү? Зарчмын хувьд тэр эргэлзээг яагаад ч тайлах боломжгүй юм.
Тэгээд тэрхүү өөр ертөнцийн аквариумд хөвж буй тархи бидний ертөнцийн тархитай юугаараа ч ижилсэх юмгүй гантайсан хатуу чулуу шиг юм байх ч юм бил үү. Тийм байх магадлалыг нэгэнт төсөөлөх боломжтойгоос л хойш хээв нэг өөрийнхөө тархи руу заагаад
“Энэ гавлын ясан дотор байгаа тархи л “би” гэх ухамсарт туршлагыг төрүүлж байгаа юм. Яаж ч үгүйсгээд нэмэргүй илэрхий зүйл, за юу! Баталгаатай бодит үнэн юм чинь!”
гэж хэлэх нь үнэндээ боломжгүй юм.
Ийм хоёр шалтгааны улмаас “Би гэх оршихуйд зайлшгүй шаардлагатай нөхцөл бол «тархи» мөн гэж баттай хэлэх боломжгүй”. Сүнс гэх мэт оккулт шинжтэй зүйл, эсвэл зүүд энэ тэр гэсэн ердийн бус таамаглал хүртэл гаргаж тавиад, хаанаа ч юм булхайтай санагдсан байж магадгүй л байх.
Гэхдээ “философи” гэж үүнийг л хэлдэг. Бүхий л хэвшмэл ухагдахуунуудаас салж, эргэлзэн эргэлзсээр туйлд нь хүргэж, “гарцаагүй”, “маш нарийн”, “хөдөлшгүй үнэн” гэж хэлэхүйц зүйлийг эцсийн мөч хүртэл хөөн эрэлхийлснээр л сая философи болдог юм хойно тэр мэт “боломж”-уудыг гээгдүүлж хэрхэвч болохгүй билээ.
- “Би орших”-ын төлөөх нөхцөл
Тийм бол тэгээд явж явж “Би орших”-ын төлөөх зайлшгүй шаардлагатай нөхцөл юу юм бол оо? Философичдын булхайтай ч гэмээр хачин маниак эргэлзээг тэсэж гарахуйц найдвартай нөхцөл олдох болов уу?
Зөв хариултыг хэлбэл, тэр бол “«өвдөлт» мэдэрч, «өнгө» хардаг тэрхүү ухамсарт үзэгдэл өрнөж байх” явдал юм. Өөрөөр хэлбэл “Би оршиж байна” гэж хэлэхийн тулд “ямар нэгэн объектыг харж, мэдэрч байх ухамсарт үзэгдэл («улаан» гэх мэт өвөрмөц биет мэдрэмж бүхий ухамсрын туршлага) өрнөж байх ёстой", тэгээд зөвхөн тэр үед л тэгж хэлэх боломжтой гэсэн үг.
Үүнийг эсрэг тохиолдлоос (ухамсарт үзэгдэл байхгүй тохиолдол) нь бодож үзвэл илэрхий байх болов уу. Жишээ нь, нэг өглөө бостол яагаад ч юм танаас “ухамсарт үзэгдэл” алга болсон байна гээд төсөөлөөд үзнэ үү. Тэр нь нэг ёсондоо “таны тархи органик төхөөрөмж байдлаар нөгөө л янзаараа ажиллаж байгаа ч «улаан», «өвдөлт» гэх мэт өнөөх өвөрмөц биет мэдрэмжүүд огт ухамсарт дүрслэгдэхгүй” байгааг төсөөл гэсэн үг.
Тархин доторх мэдрэлийн эсүүд (өтнүүд) нөгөө л физикийн хуулиараа ажиллаж, мэдээлэл боловсруулах үүргээ урьдын адил хийж байгаа тул шулуухандаа бол таны өдөр тутмын амьдралд ямар ч асуудал гарахгүй. Таны бие махбод урьдын адил ажил, сургуульдаа явж, урьдын адил “Ургахын улаан нараан” хэмээн дуулж, урьдын адил бусадтай ярилцаж, уйлж, инээж, уурладаг өнөөх л өдрүүдээрээ амьдарч чадна (мэдээж тэр хооронд ухамсарт үзэгдэл огт үүсэхгүй).
Тэгээд энэ амьдрал цаашаа үргэлжилсээр л байна. Тийм нөхцөлд та үнэхээр “Би оршин байна” гэж хэлж чадна гэж үү?
Үгүй ээ, тэгж хэлж чадахгүй л болов уу. Бодит байдал дээр энэ нөхцөл бол “Би үхээд байхгүй болсон хойно надтай усны дусал шиг өөр нэг хүн (надтай адилхан молекулын бүтэц бүхий робот) гарч ирээд миний оронд амьдарч байна” гэсэн нөхцөлтэй юугаараа ч ялгарахгүй. Ийм нөхцөлд “Би оршин байхгүй байна” гэвэл таарна. Нэг ёсондоо бие махбод минь оршин байна уу, эсвэл тархи минь оршин байна уу ер падгүй, түүнээс илүүтэй “ухамсарт үзэгдэл” байхгүй л бол нэгэнт “би” гээч юм оршин тогтнох аргагүй болно оо гэсэн үг.
Эсрэгээрээ “ухамсарт үзэгдэл” л байх юм бол бие махбод, тархи байх эсэхээс үл хамааран ямар ч байсан “би” гэх оршихуй байгаа болж таарна.
Жишээ нь, одоо амьдарч буй энэ бодит ертөнц үнэндээ “зүүд” байжээ гэе. Тэгмэгц одоо бодитоор оршин байна гэж бодож буй бие махбод, тархи бүгдээрээ хоосон зэрэглээ болж, яг үнэндээ оршин байдаггүй болж таарна. Бүгд зүүд юм чинь. Тэгээд аягүй бол сэрээд харсан чинь шал өөр бие махбод, шал өөр тархитай байх ч юм бил үү.
Гэсэн ч тэр мэт шалихгүй асуудлууд үнэндээ сонин биш. Зүүд нь байна уу, бодит нь байна уу, ямар байсан ч “ийм нэг ертөнцийг харж байгаа (буюу тийм ухамсарт үзэгдэл өрнөж байгаа)” л бол “харж буй би” оршин байна гэж хэлж болно.
Тиймээс энэ хүртэлх яриаг эмхэтгээд хэлбэл
“«Би» гэдэг бол «улааныг харж, өвдөлтийг мэдэрч байдаг ухамсарт үзэгдэл» юм аа”
гэсэн үг болно. Үүнийг “Би бол миний нийгмийн байр суурь”, “Би бол бие махбод”, “Би бол тархи”, “Би бол миний хувийн төсөөлөл” гэх мэт тоогүй олон санаануудыг бүгдий нь үлдэн хөөх хамгийн суурь, хамгийн мөн чанарлаг хариулт гэж болох биз ээ. Эндээс нэг мөр ухамсарт үзэгдэл энэ тэр гэсэн толгой эргүүлэм илэрхийллээ орхиод, арай зөөлнөөр “Улааныг харж, өвдөлтийг мэдэрдэг тэр нэг юм чинь л би байхгүй юу” гээд хэлсэн ч болохоор байгаа биз?
Үргэлжлэлийг ЭНДЭЭС