“Чайна энержи” компани Монголын Засгийн газартай гэрээлэхдээ “MCS”-ээс зөвшөөрөл авах уу
-Таван Ерөнхий сайдыг огцруулсан Тавантолгойн төмөр зам шүү дээ, одоо дуусгая!-
Ер нь Тавантолгойн орд хэнийх юм бэ? Өнгөрсөн зууны талаас хойш л төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордоос шалтгаалж хэдэн Засгийн газар огцорч, хэчнээн Ерөнхий сайд “зайлуулагдсан”-ыг та бид бүрэн мэдэх үү? Нөөц тогтоосон үеэс нь, тэр ч байтугай лиценз нь эзэнгүйдсэн үед ч бид үнэндээ ингэтлээ сонирхож байгаагүй. Ингээд ерэн оноос хойш тэртээ 2003 он хүрч лицензнийхээ мөнгийг төлж чадахгүй болоод Сү.Батболд гэдэг хүнд очсон цагаас нь хойш л Тавантолгой орд, Тавантолгой тойрсон улс төр эхэлсэн. Сү.Батболдтой хамтарч эзэмшсэн хүний тоонд саяхан бурхан болсон эрхэм хүмүүн оролцсон тул ёсыг бодож татгалзмаар байна. Алгасъя. Ингээд анх “Шиньхуа” гэгч компанитай холбогдож Тавантолгойн ордыг зарах санамж бичиг 2004 онд эхлэлтэйг эргэн дурсая.
Мөнгөн дүн 350 сая ам.доллараар яригддаг юм. Яг мөнгөө шилжүүлэх үйл явцын торгон мөчид М. Энхболд Ерөнхий сайд болчихов оо гэж. Энэ үед улс төр гэдэг сэдвээр өчүүхэн миний бие дөнгөж л бичиж эхэлж байв. Уг нь Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр нь “Тавантолгойг шийдүүлэх гэж” Ц.Элбэгдоржийг явуулж М.Энхболдыгоо Ерөнхий сайд болгож л дээ. Тэгсэн чинь түүнийг Ерөнхий сайд болохоос өмнө шийдэгдээд, хэрхэн хувааж авахаа ч тохирсон байсан болохоор М.Энхболдод ч “хийгээд байх зүйл” байсангүй. Асгатын орд дээр Н.Энхбаяр ерөнхийлөгчтэй арцалдаад, дээр нь “ХХБ-ыг зарах асуудал, MCS, алдарт “Жеральд металлз” нар оролцсон хувьчлалаас болоод огцорчихсон. Энэ дунд Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, М.Энхболд гээд хэдэн Ерөнхий сайд “агуулагдаад” өнгөрөв? Гэтэл дөнгөж 2007 он хүртэлхийг ярьж байна шүү дээ.
Тавантолгойн дөрөвхөн хувийг “Энержи ресурс”-т үлдээгээд 96 хувийг нь энхрий хайрт төр, ард түмэндээ өглөө. Гэтэл! “Энержи ресурс” гэдэг маань хэн хэнсэн билээ. Гэдгээс дахиад улс төр эхэлж байгаа юм. Тэнд 14 компани, компаниар нэрлэвэл “Тугсан”, “Алтай холдинг”, “Шунхлай”, “Петровис”, “USJ”, “Тэнгэрийн цаг”, “Mine info”, “Хасбуу”, “MCS”, “Туул кашмер” гэхчлэн, улстөрчөөр нь яривал Сү.Батболд, Т.Бадамжунай, Ц.Цэнгэл, Д.Идэвхтэн, Ц.Мөнх-Оргил, Т.Бадамжунай, С.Баярцогт, Батж.Батбаяр нар байв. Ингээд ард түмэн, төр засагтаа өгсөн 96 хувиас гадна атгандаа авч үлдсэн 4-хөн хувь нь одоо бидний яриад байгаа “өрөм” буюу “Энержи ресурс”-т үлдсэн. Үүнээс цаашхи түүх нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр нартай нэлээд холбоотой. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар оруулна, оруулахгүй гэх маргаан, Ерөнхий сайд, АН-ын Н.Алтанхуяг намаа байртай байлгаж чадах эсэх, юм юм л болж байж “Энержи ресурс”-ын нүүрс угаах үйлдвэрийн шав тавигдаж байснаас хойш хорин жил өолж байна. Гэсэн ч Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-аар орох гээд л “дуншсаар”, энэ хооронд уг ордын шалтгаанаар огцорсон Ерөнхий сайдын тоо нэмэгдсээр л. Энэ хооронд Ц.Элбэгдорж л “дээрээс” удирдаж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд нь УИХ-аар Тавантолгойн асуудлыг оруулахгүй гэнгүүт нь “давхар дээлний асуудлаар” шалтаглан Ерөнхий сайдаас огцруулаад л, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилоод, түүнийг дарамталж Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хөдөлгөхөөр болоод байв.
Энэ үеэс “Тавантолгойг хөдөлгөөгүй” Н.Алтанхуягийг АТГ, Тагнуулын байгууллага мөн ч их оролдсон доо. Хүргэн Г.Дэнзэн нь ЗГХЭГ-ын дэд дарга, “ЭТТ”-н ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон хэдий ч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлчихсөн. Охин А.Сайнзаяаг “Цэвэр агаар сан”-ийн асуудлаар АТГ шалгаж байсан. Саяхан экс Ерөнхий сайд, эрхэм гишүүн Н.Алтанхуяг нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан анхан, дунд шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх буцааж дахин хянах нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг улс төрийн хүрээнд “Элбэгдоржийн хуйв урт”-тай л холбон тайлбарлаж байв. Тэгээд ч тэр үед АТГ-ын даргыг хэн томилдог байлаа, одоогийнхоос нэлээд өөр байсан юм шүү дээ. Цаашилбал, яагаад “Шиньхуа”-д вэ гээд л улс төрийн улаан хэрүүл гарч байв шүү дээ. Үнэндээ ч захирлуудын зөвлөлд нь хэдэн хятад хүн байдаг, хятадын хөрөнгө оруулалттай ямар компаниуд тухайн ордын төслүүдийг удирддаг талаарх үзэл суртлын нэвтрүүлгүүд, өнөөх л цэвэр цус, танк, цэргийн тойргийн тухай нэвтрүүлгүүд айдас төрүүлж байв. Ингээд үе үеийн олон Засгийн газар, олон Ерөнхий сайд Тавантолгойн нүүрсний ордтой ямар нэг байдлаар холбоотойгоор, гэхдээ өөр өөр шалтагаар огцорч байжээ. Энэ бол НҮҮРСНИЙ ХӨӨТЭЙ төрийн ид үе.
Бид энд “МГИМО”-г мартсан байна. Үүнд, МАН-аас таван хүн байдаг нь Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Цогтбаатар, Ё.Отгонбаяр, Д.Зоригт АН-аас П.Цагаан, Я.Батсуурь, Л.Пүрэвсүрэн, Б.Баттөр нар багтдаг. Тэднийг “MCS”-ийн Ж.Оджаргал удирддаг. Аль ч нам ялсан ялгаагүй эзэгнэж байдаг байлаа гэж…Ямартаа л тухайн үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтад оролцсон дэлхийн консорциумууд “Монголын Засгийн газартай ярьснаас Энержи ресурстэй ярьсан нь хялбар юм байна. MCS-ийн оффист яригдсан яриа Засгийн газрын шийдвэр болж гардаг юм байна” гэсэн дуулдах вэ. Ийм л хүчтэй “бүлэглэл” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед л “баахан гундуу” яваа юм л даа. Жишээ нь одоогоор өдөр бүр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, “Чайна энержитэй байгуулах гэрээ”-ний талаар санаа зовинон суугаа Д.Энхтүвшин гишүүн л гэхэд 1997 оноос “MCS”-д ахлах шинжээчээр, “ММС”-д Удирдах зөвлөлийн түвшинд ажиллаж байсан ёстой л “Энержи ресурс”-ын “уураг тархи”-аар хорь гаруй жил цэнэглэгдсэн “MCS”-чин хүн шүү дээ. Ингэж цэнэглэгдсэн улстөрч УИХ-ын гишүүн болчихоод тэдний эрх ашгийг огоорч чадна гэж үү. Д.Энхтүвшин гишүүнийг улс төрийн тавцан дээр харах гоё ч, эрх ашгийн тавцан дээрээс харахаар энэ чиглэлээр саналаа өгөх, улс орны эдийн засагт нөлөө бүхий томоохон төсөл хөтөлбөрийн үр ашгийг буруу ухуулж тайлбарлавал ашиг сонирхлын айхавтар том зөрчил үүсээд зогсохгүй, тэр нь даамжирвал үндэсний эрх ашигт ч сөргөөр нөлөөлөх вий гэж болгоомжилж явдгаа нуух юун.
Тэгэхээр яасан байх нь вэ? 2004 онд санамж бичиг байгуулахдаа ч, 2014 онд гэрээ байгуулахдаа ч УИХ-аар оруулаагүй "Энержи ресурс"-чид 2024 оны Засгийн газарт орж чадаагүйдээ тэчьяадаж, сурснаараа Засгийн газрыг, Ерөнхий сайдыг "мэрж" байна. Учир нь 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон нарийн төмөр замыг ашиглах чиг үүрэгтэй “Гашуунсухайтын төмөр зам” компанийг холбогдох ААН-үүдтэй хамтран байгуулах шийдвэр гарч байв. Үүнээс арав гаруйхан хоногийн дараа “Гашуунсухайтын төмөр зам” гэдэг компанийг байгуулахаар Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, Хятадын талаас “Шэньхуа” компанийн оролцоотой “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийг үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг.
Эдүгээ “Гашуунсухайт-Ганцмод” боомтыг холбосон төмөр замын асуудал “Шанхайн хэлэлцээр”-ээр эцэслэн шийдэгдэж эдүгээ УИХ-ын босгон дээр ирээд байгаа нь уг төмөр замтай холбоотой “нүүрсчдийг” давчдуулж энэ бизнесээ авч үлдэх тэмцэл ид өрнөж байна. Дээр дурдсан “Энержи ресурс”-тай, “MCS”-тэй ямар нэг байдлаар холбоотой компаниуд, улстөрчдийн ашиг сонирхол нэгт болон “харанхуй” дэмжигчид өнөөдөр нарийн учрыг эс мэдэх ч Засгийн газар, Ерөнхий сайд, “Гэрэгэ тауэр” гэхчлэн бүдчин барин эсэргүүцэж сууна. Дэндүү хөөрхийлөлтэй. Гэвч Монгол Улсын эдийн засгийг монголчуудаас өөр хэн өсгөх билээ, нэгдэх цаг болжээ.
2025.01.31. Баасан гариг.