ДЭМБ: Санхүүжилт

Манай гаргийн хүн зоны амь, амьдралыг шийддэг болчихсон байгууллага 1948 онд үүссэн, өдгөө 194 гишүүн оронтой. Эхэндээ гишүүн орнуудынхаа татвараар үйл ажиллагаа явуулж байсан ч 1978 оноос зардалдаа чирэгдэж, гишүүдийнх нь татвар хаанаа ч хүрэхээ болих шинж оржээ. Дэлхийн санхүү, валютын тогтолцоо, мөнгөний урсгалаар дагнасан герман сэтгүүлч Эрнст Вольфын эрэн сурвалжилж тогтоосноор ДЭМБ-ын энэ цагаас төсвийнхөө 80 хувийг хандивлагчдаас бүрдүүлэх болсон аж. Эрүүл мэндийн олон улсын байгууллага хандиваар санхүүжилгүй яах билээ. Харин хандивлагчид нь эм үйлдвэрлэлийн магнатууд, бас Билл Гейтс. Мань эр “Билл ба Мелинда Гейтс сан”-аасаа жил бүр төсвийнх нь 14 хувь буюу 2.5 тэрбум ам.доллар өгдөг. Хандив өргөгчдийн нэг нь өвдсөн хавдсан хүний үндсэн хэрэгцээг хангадаг эм үйлдвэрлэгч. Нөгөө нь вакцин үйлдвэрлэгчийн хувьцаанаас өдий төдий тэрбумаар нь унагасан мөртлөө “Манай гаргийн хүмүүс дэндүү олширчихлоо” гэж хэлээд нүүрээ бялуугаар нялгадуулсан Билл Гейтс. Хүн эрүүлжих тусам орлого нь буурах нигуртай бизнеснийхэн, хүний тоо толгойг “хорогдуулах” замаар асуудлыг шийдэх юм шиг ам алдсан тэрбумтан хоёр ДЭМБ-ыг санхүүжүүлдэг. Мал “Эзэн минь биднийгээ бөөцийлөн өсгөж үржүүлдэг” гэж бодож явахад малчин ахиухан мах зооглох санаа агуулж суудагтай адилтгахаар жишээ мөн биз? 

ДЭМБ: КОВИД 19

Дэлхийн эдийн засгийн чуулганыг санаачлагч Клаус Шваб, ДЭМБ-ын том хандивлагч Билл Гейтс нарын 2023 онжин Ковид 19 цар тахлаас хэдэн арав дахин хөнөөлтэй шинэ өвчин X disease дэлгэрнэ хэмээн цуурч, Давос 2024 чуулганы үндсэн сэдэв болно гэж үзмэрдсэн. Амазоны удганаар шившүүлэн тарнидуулсан энэ удаагийн чуулганаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус улс орнууд X disease өвчинд бэлтгэж ДЭМБ-тай нь гэрээ байгуулах ёстой гэлээ. Үнэндээ олон улс орон захаасаа ДЭМБ-ыг сонсохоо больсон. Тэд ДЭМБ өөрчлөгдөх ёстой, үгүй бол гишүүнчлэлээ цуцлана гэх болов. Австрали улс жишээ нь “ДЭМБ-ыг шинэчилж, тусгаар улсын эрүүл мэндийн бодлогод оролцдог, зааж зааварладаг явдалд нь хориг тавих ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн. Австралийн сэтгүүлч Жеймс Морроу Ковид 19 цар тахлын гол сургамж нь ДЭМБ гэж асар авилгажсан, ХКН-ын сурталчдаар дүүрсэн, ямар ч хэрэгцээгүй байгууллага гэдэг нь илэрхий болсонд оршино гэжээ. 2023 онд коронавирусын халдварын тархалт огт зогсоогүй, дэлхий даяарт 900 мянган тохиолдол бүртгэгджээ. Хүмүүс жирийн ханиад шиг тусаад, эдгэрч байгаа. Австрали гол холбоотнууддаа ДЭМБ-ыг шинэчлэх уриалгыг хүлээн авч, хэрэгжүүлэхийг санал болгож байна. Зэвсгийн шинжээчид аюултай цэг рүү оруулдгийн адил ДЭМБ-ын санхүүд нарийвчилсан шалгалт хийх ёстой. Цар тахал зарласан, хөл хорио тогтоосон асуудлыг шалгах хэрэгтэй гэж Австрали улс үзэж байна. Ковид 19 ирээдүйд болох үйл явдлын ерөнхий сургуулилт болчих шиг боллоо. Тиймээс Засгийн газрууд Ковид 19 цар тахлын үеийг эргэн харах, ДЭМБ-аас улсын бодлогод хошуу дүрдэг явдлыг тас зогсоох ёстой хэмээн тэд үздэг. 

ДЭМБ: Монгол Улс

Монгол Улс 1990 оноос ДЭМБ-ын чиглэл, зааварчилгааг үг дуугүй дагаж, ард түмэн дээрээ “туршилт” хийлгэгч орны нэг болсон. Ковид 19-ийн жилүүдэд ДЭМБ-ын мэргэжилтнүүд Монголын Эрүүл мэндийн яаманд үнэмлэхүй эрх эдлэн акцинжуулалт, хөл хориог тушаан зааварлаж манай эдийн засаг, санхүүд онцын их хохирол учруулсан. Ковидын сонсголд зориулан цуглуулсан бүрэн бус мэдээллээр 22 их наяд төгрөгийн төсвийг тодорхой бусаар, үргүй зарцуулсан асуудал ил гарсан. УИХ дахь сөрөг хүчин сонсгол явуулахыг шаардаж, ажлын хэсэг байгуулан мэдээлэл цуглуулахад үлэмж эсэргүүцэл, эс үйлдэлтэй тулгарсан бөгөөд үүнд ДЭМБ-ын оролцоо, тулгалт байсныг үгүйсгэх хэцүү. ДЭМБ манай Эрүүл мэндийн яамны гуравдугаар давхрыг нь бүхэлд нь эзэгнэж, хажуугаас нь хяналт тавьж, сайд дарга нарын хөдөлгөөн бүрийг хянаж, хөлслөгдсөн мэргэжилтнүүдээр бодлогоо тулган үйл ажиллагаагаа ямар ч эсэргүүцэл, хориггүй чөлөөтэй явуулдаг. Ийм дүр зургийг ядуу буурай орнуудад түгээмэл харж болно. Big Pharma гэгдэх эмийн аварга компаниуд өргөсөн хандивынхаа хариуд буурай орнуудад ДЭМБ-ын тус дэмээр эмийн борлуулалтаа нэмэгдүүлж байдаг.

ДЭМБ: Шинэ дайсан

АНУ, Их Британи, Япон зэрэг тэргүүлэх хөгжилтэй улс ДЭМБ-ын зааврыг сонсохоо больжээ. ДЭМБ томоохон хандивлагч тамхины корпорациудын шахалтаар электрон тамхийг хориглох, хатуу хянахыг гишүүн улсуудаасаа шаарддаг. Их гүрнүүд өөрсдийн бие даасан судалгаагаар электрон тамхи нь утаат тамхинаас 95 хувиар бага хортойг тогтоож, зохицуулалттай худалдах бодлого хэрэгжүүлж байна. Японы Засгийн газар электрон тамхинд агуулагдах хорт бодис үлэмж бага, утаат тамхинаас гарах явцыг дээшлүүлдэг учир дэмжин ажилласнаар тамхинаас үүдэлтэй өвчлөлийг сүүлийн 10 жилд 36 хувиар буулгажээ. Хөгжингүй орнууд цар тахлын үеийн хөл хорио, вакцинжуулалт зэрэг нь ямар ч үр дүнгүй ажил болсныг хүлээн зөвшөөрч, цаашид халдварын тархалтын эсрэг ухаалгаар, тэмцэх командлагч нь ДЭМБ-ын түвшний удирдлага яав ч биш гэдэг дээр санал нэгджээ. Улс бүр өөрийн онцлогт тохируулан судалгаа, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан стратеги боловсруулж, олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бол хохирол харьцангуй багатай, үр дүнтэй гарч болох байж хэмээн шинжээчид үзэж байгаа билээ. Дараагийн удаад ДЭМБ Монголын Эрүүл мэндийн салбарт нөлөөллөө хэрхэн тогтоодог, гүйцэтгэлийг нь хэн хэн хэрхэн хэрэгжүүлдгийг цаг хугацааны эрэмбээр, баримтаар дэлгэю.

Үргэлжлэл бий.