Газар тариалан эрхэлж эхэлсэн, хэвлэх арга бий болсон, боолын худалдаа дэлгэрсэн, гарамгай удирдагчид төрсөн, балмад дарангуйлагчид эрх барьсан, шинэ газар нутаг нээсэн, шинжлэх ухааны ололт дэвшил гарсан бүхий л үеийг хамарсан хүн төрөлхтний бахдам хийгээд сургамжтай түүх. Зургаар баяжуулж, шинэчлэн найруулсан энэхүү Үндэсний газарзүйн нийгэмлэгийн Дэлхийн түүхийн альманах-т хэдэн мянганыг түүчээлэн, дэлхийн өнцөг булан бүрт өрнөсөн үйл явдлуудыг тархай бутархай овог аймаг байхаас эхлэн өнөөгийн нарийн төвөгтэй, даяаршсан нийгмийн байгуулал болтлоо хөгжсөн түүхийг толилуулав. 

Оршил хэсэгт хүмүүний түүхэн дэх онцлох үйл явдлыг хураангуйлсан бол удаах найман бүлэгт анхны хотууд байгуулагдах үеэс XXI зуун хүртэлх үеийн түүх багтсан. Бүлэг бүрийн эхэнд тухайн эрин үеийн хураангуй танилцуулга, он цагийн дарааллаар өрнөсөн үйл явдалтай хамт байх ба залгуулаад дэлгэрэнгүй нь бичвэр, зураг, эшлэл, сэдэвчилсэн түүхийн товчооноор баяжин орсон. Бүлгийн төгсгөлд тухайн цаг үед дэлхийн бусад газар нутагт юу болж өнгөрснийг зэрвэс өгүүлсэн.

Түүхийн энэ цогц бүтээлийн сүүлийн хэсэгт дайн тулаан, шашин шүтлэгээс эхлээд түүхэн хүмүүсийг: удирдагчид, уран бүтээлчид, эрдэмтэд, философичид зэрэг харгалзах ангиллаар тус бүрт нь онцлох гавьяа, бүтээлийг дурдан багтаасан болно. 

Бүрэн хэмжээний цогц атлаа ойлгомжтой, уншихад хялбар энэ ном бол анхны хүн үүссэнээс эхлэн өнөөгийн бидний үе хүртэлх хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхийг өгүүлсэн гайхалтай бүтээл юм. 

Цар хүрээний хувьд өргөн хэдий ч нарийн мэдээлэлтэй Үндэсний газарзүйн нийгэмлэгийн энэхүү Дэлхийн түүхийн альманах-т эрт үеэс эдүгээ хүртэлх хүн төрөлхтний түүх бүрнээ багтжээ. Эрин үеүд хийгээд иргэншлийн түүхийг тод томруун цэгцтэй байдлаар хүүрнэж, харахад хялбар, дэс дараатай эмхэлсэн энэ бүтээлийг та сэтгэл догдлон уншаад, ахин дахин лавлан харах нь магад. 


300 гаруй зураг, дүрс, газрын зурагтай

Уншихад хялбар, баримтаар баяжуулсан

Түүхэн үйл явдлыг он цагаар товчоолсон

Нэмэлт мэдээллийг цэгцтэй харуулсан

Томоохон дайн, шашин шүтлэг, хүмүүний ололт амжилтыг лавлах мэдээллийг хавсралтаар оруулсан

Хэрэглэхэд хялбар, цогц индекстэй

Түүхэн огноог мэдээллийн хамт жагсаасан

Дэлхийн нөлөө бүхий уран бүтээлч, судлаач, удирдагч, философич, эрдэмтэд, зохион бүтээгчдийн товч намтрууд

Оюутан, сурагчдад зайлшгүй хэрэгцээт лавлах болно

Гэр бүлийн бүх гишүүдийн унших ном!


Түүх сэтгэл донсолгосон, ээдрээт үйл явдлаар дүүрэн. Нэг газарт өрнөсөн үйл явдлыг өөр бас хаана болсныг нягтлахгүйгээр судлах аргагүй. Дэлхийн түүхийн альманах-т хөврөн өнгөрсөн тэдгээр үйл явдлыг он дарааллаар, мэдээллийн хамт толилуулсан. Цаг хугацааны давхцлаар өөр, өөр газарт өрнөсөн олон үйл явдлыг ойлгомжтой харуулсан болно. 

Альманах дэлхийн иргэншлийн хөгжил, тархалтад онцгой нөлөө үзүүлсэн үйл явдал, цаг үеийг онцолсон арван эсээгээр эхэлнэ.

Уг номыг тус бүртээ нэгэн эринийг хамарсан найман бүлэгт хуваасан. Бүлгийн хэсэг бүрт нэг томоохон сэдэв, хөдөлгөөн, хүн, үйл явдал эсхүл иргэншлийн түүхийг өгүүлнэ. Мөн хэсэг бүрт хамаарах огноо нь тухайн өгүүлж буй зүйлийн хамарсан хугацааг илтгэнэ. Газрын зураг нь эзэнт улсын тэлэлт, томоохон тулалдаан, газарзүйн судалгааны чиглэлийг тодотгосон. Бүлгийн хэсэгт багтаагүй үлдсэн онцгой үйл явдлыг төгсгөл хэсэгт хураангуйлсан болно. Энэ хэсэг анзааралгүй орхигдож мэдэх тухайн үеийн чухал үйл явдлуудын тухайд товч мэдээлэл өгнө. 

Альманах-ын “Түүхэн товч” хэсэгт дэлхийн бүх томоохон дайн, шашин, удирдагч нар, хүн төрөлхтний ололт, уран бүтээлчдийн тухай өгүүлнэ. Энэ лавлагаа хэсгийг бүлгүүдээс авч буй мэдээллийг лавшруулан үзэхэд зориулсан. 

Гэрэл зураг, бүтээлийн зураг болон тайлбар зураг зэрэг нь тухайн эрин үеийн түүхийг тодотгож өгсөн. Эдгээр зураг уншигчдын түүхийн талаарх ойлголт, мэдээллийг баяжуулж өгнө. 

Эзэн хаад, угсаа залгамжлагчид, удирдагч, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн талаарх мэдээлэл Хавсралтад багтсан. Мөн зөвлөмж болгож буй номын жагсаалтаас гадна түүхийг “амьдруулсан” энэхүү Дэлхийн түүхийн альманах-ыг уншихдаа ашиглах хялбар бөгөөд цогц индекс бий.


Дэлхийн түүхийг харахад заримдаа өөр хоорондоо холбоогүй нэгэн том эргүүлэг мэт санагдана. Египетэд Аугаа пирамид барьсан нь османчууд Византийн нийслэл Константинополийг эзлэн авсантай ямар нэг учиг сэжмээр холбогдсон байх боломжтой юу? Хойд Америкийн Их нууруудын ирокэзүүд болон Японы минамото омгийнхны хооронд үнэхээр холбоо байгаа гэж үү? 1400 оны орчимд Мексикийн хөндийг эзэгнэн суусан ацтэкүүд хийгээд 1930-аад оны сүүлээр Европыг талхилсан Германы нацистуудын дунд нийтлэг зүйл бий болов уу?

Гуравдагч мянганы босгон дээр антропологичид эсхүл палеонтологчид үүнийг судалбал магад “Тийм” гэсэн дүгнэлтэд хүрэх байх. Тэд бидэнд соёлууд хэрхэн хил хязгаарыг даван тархаж, далайгаар гэр хийгч хийгээд хээрээр хоног төөрүүлэгч нүүдэлчид тив хоорондын заагийг ажралгүй санаа, бодлоо солилцож байсныг батлаад өгөх байх. НҮБ-ын ажилчдын олонх нь вирус, агаарын бохирдол, хортой хаягдал гээд хилийн зурвасаар чөлөөтэй нэвтрэх зүйлсийг онцолж байгаад бас л нотолсон хариу өгөх биз ээ. Нийтлэг соёл тэгэхээр нийтлэг өв соёлыг бий болгодог байх нь. Жон Ленноны Imagine дуу л гэхэд хорсол зэвүүцлээ орхиж, эв нэгдлийг эрхэмлэсэн мөрөөдлийн ертөнцийн тухай өгүүлэх даян дэлхийн энх тайвны “сүлд” дуунд тооцогдсоор удаж байгаа. 

Хүн төрөлхтнийг “нэгэн бүхэл” болохыг харуулах хамгийн үнэмшилтэй тайлбарыг хиймэл дагуулаас авсан зурган дээр хийж болох юм. Саяхан би Нил Армстронгтой түүнийг саран дээр хөл тавьсан анхны хүн болгосон 1969 оны Аполло-11 ажиллагааны талаар ярилцлага хийсэн юм. Манай цаг үеийн бараг бүх хүнд Армстронг, Эдвин “Базз” Олдрин хоёр сансрын нисгэгчийн цагаан өмсгөлтэйгөө сарны гадарга дээр ойж буун жингүүдэн явж байгаа дүр зураг тодхон санагдаж байгаа биз ээ. Хоёр эр Америкийн далбааг хатган, ажиллагааны үеэр амиа алдсан сансрын нисгэгч Чаффэ, Гриссом, Вайт нарын дурсгалд зориулж медаль үлдээж буй мөч бол хамгийн сэтгэл догдлуулам байлаа. Ерөнхийлөгч Ричард Никсон, VI Пол пап, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Танаас эхлээд дэлхийн удирдагч нараас баярын зурвас тасрахгүй ирж байв.

Инженерээр бэлтгэгдсэн Армстронгийн хувьд философийн ухагдахуун хол хөндий зүйл. Гэтэл түүнээс саран дээр хөл тавихад хамгийн их гайхшруулсан зүйл юу байв хэмээн асуухад минь “Дэлхийг харсан явдал. Өнгө нь сүлэлдэн хэчнээн гайхамшигтай гээч!” гэсэн хариу өгч билээ. Тэрээр Грeнланд, Антарктидыг харсан тухайгаа нарны туяа Африкийн зүрхэнд орших Чад нууран дээр сацрахтай зүйрлэж байлаа. 1994 онд Аполло-11 ажиллагааны 25 жилийн ой дээр хэлсэн үгэндээ Армстронг тэрхүү түүхэн үйл явдлаас хойших үеийн тухай бодож явдаг зүйлээ уудлан, тун энгийн үгээр илэрхийлсэн нь: “Луна ахиад л биднээс алсран холджээ. Хорин жил өнгөрөөд байхад түүний тоост гадарга дээр ахин хөлийн мөр гараагүй л байна. Сарны уул толгодоор дугуйт хөлөг ч яваагүй уджээ. Аниргүй дүнсийх толгод нь айлчин ирээгүй талаа хамгаалан байгаа мэт. Хэний ч үзээгүй үзэсгэлэнт дүр зураг Дэлхийгээс ирэх аялагчдыг хүлээсээр. Тэд удахгүй очно оо”.

Армстронгийн ярианаас содон туссан зүйл нь “Нарны аймгийн үүднээс” авч үзэх юм бол дэлхийн иргэд бид нэгдмэл нэгэн бүхэл зүйл гэсэн ойлголт. Бид өдөр бүр л хар, цагаан; лал, жүүд; бүтээн байгуулагч, байгаль орчны активист – гэхчлэн ялгаварлалыг харж байдаг ч, хэрэг дээрээ бид дэлхийн нийтлэг түүхтэй шүү дээ. Асуудлын гол нь бид бүгдийг олж мэдэх боломжгүйд байна. Хүмүүний гарал үүслийг судалж байгаа эсхүл аль нэг барилгын архитектурын үүслийг тогтоох гэсэн хэн ч атугай өнгөрсөн түүх сурвалжийг уудлах нь тэнгэрийн умдаг атгахтай адил гэдгийг мэднэ. Есүсийг Галилд номлолоо айлдахад, Марко Полог Хятадын өмнөд нутаг руу анхны аяллаа хийхэд чухам яг юу болж өрнөсөн тухайд түүхчид угтаа бүүр түүрхэн л сэжим олжээ. Стивэн Дэдалүс болон эхнэр, нөхөр Блүүмийн ганц өдрийн амьдралыг Жэймс Жойс Үлисс бүтээлдээ 760 хуудсанд өгүүлсэн байхад өнөөгийн олон соёлыг товчоолбол түмэн хуудас болох дэлхийн түүхийг ганц хүн нэвтэрхий судлах аргагүй шүү дээ. 

Гэвч зургаар баяжуулж, гоёмсгоор бичсэн Үндэсний газарзүйн нийгэмлэгийн энэ бүтээлийг уншихад олон зүйлийн учгийг тайлж өглөө. Амьдрал цаг хугацаанд захирагддаг, тиймээс тооллын угаас эхлэх нь зүйтэй. Би хувьдаа иргэншлийг юу бүрдүүлдэг болохыг бүрэн ойлгож байсангүй; ямартай ч тухайн үед амьдарч байсан хүмүүсийн үлдээсэн хагархай шаазан, араг яс, балар эртний урлаг, ам дамжсан ярианаас багцаалж судлах зүйл гэдгийг мэдэж байв. Дэлхийгээр тархсан номын сангуудад дэлхийн түүхийг эвлүүлж авцалдуулж холбох хэдэн сая олдвор, бичвэр сэлт бий. Тэднийг бүгдийг уншина гэвэл бидний хувьд боломжгүй зүйл. Бид магад Бууруудын дайн, Айзэнхауэрын үеийн улс төр дэх жендерийн асуудал эсхүл Өмнөд Африк дахь апартейдын эсрэг хөдөлгөөн гээд тодорхой нэг чиглэлээр мэргэшиж болно. Гэвч өөртөө итгэлтэй аялагчид хүртэл танил бус нутгаар явахад нь чиглэл заах лавлах хэрэгтэй.

Хянуур үзсэний эцэст миний бие энэхүү Дэлхийн түүхийн альманах бол цогцоор судлах гэсэн хүнд хамгийн зөв ном гэдэгт улам итгэл төгс боллоо. Уншигчдын оюуны далайд дусал нэмэх ном гэж айлгаж бишрүүлэх биш, харин сургаж зааварласан ном байдаг. НАСА-аас 1977 онд Нарны аймгийнханд манай гариг дээр амьдрал хэрхэн өрнөж буй тухайн дамжуулах Вояажэр-1 болон 2 хөлгүүдийг сансарт илгээж байж билээ. НАСА тэр бяцхан хөлөгт Ерөнхийлөгч Жимми Картэрын зурвас, Моцартын хуурцаг, Чак Бэрригийн Жонни Б.Гүүд цомог тэргүүтнийг хийсэн байв. Үндэсний газарзүйн нийгэмлэгийн Дэлхийн түүхийн альманах-ыг уншсаны дараагаар би Вояажэрын бүхээгийг ахин нээгээд, энэ альманахыг шургуулчих юмсан гэсэн хүсэл төрж билээ. Миний хувьд, энэ бол хүмүүн бидний тэрлэсэн бүтээлүүд дунд хамгийн уншууртай, өгүүлэмж сайтай зургуудтай альманах болж чаджээ.


—Дуглас Бринкли