Д.Чимэд-Юндэн: Том улс гүрнүүд өөрсдийн ашиг сонирхлын хүрээгээ тэлэхээр тэмцэлдэж, харьцангуй намжмал байсан цэрэг дайны аюул сэргэж байна
Уншигч та бүхнийг Монголын алдартай генералуудын нэг Д.Чимэд-Юндэнтэй уулзуулахаар зорилоо.
Уншигч та бүхнийг Монголын алдартай генералуудын нэг Д.Чимэд-Юндэнтэй уулзуулахаар зорилоо.
-Залуу сэтгүүлч байхдаа л тантай ярилцлага хийх санал тавиад, та зөвшөөрөхгүй байсаар өдийг хүргэжээ. Тэр үед та тагнуулын байгууллагыг удирдаж байлаа. Хашиж буй алба нь тэр болгон хэвлэлийнхэнтэй уулзаад байхад төвөгтэй байсныг хожуу ойлгосон.
-Хэвлэл мэдээлллийнхэн ярилцлага авах, мэдээлэл авах хүсэлт их л ирүүлдэг байсан. Гэхдээ салбар маань өөрөө тусгай дэг журамтай л даа.
-Яасан их зантай хүн бэ л гэж боддог байлаа. Хоёр жилийн өмнө та чухал сэдвээр доктор хамгаалж байсан. Тэр үед жилийн дараа ярилцлага өгье гэсэн амлалтандаа хүрч одоо хоёулаа уулзаж байгаадаа баяртай байна. Д.Чимид-Юндэн генерал хаагуур, юу хийгээд явна вэ, таныг олон хүн хайж сураглах юм.
-Ер нь аль ч орны тусгай албаны удирдлага хэвлэл мэдээллийнхэнтэй тэр болгон нээлттэй харьцаад байх боломжгүй бичигдээгүй хуульбайдаг юм л даа. Тухайн үед ил гарах шаардлага байгаагүй. Аль болохоор л хол байя гэсэн зарчмыг баримталжажиллаж байлаа. Би сүүлийн хэдэн жил үндэсний аюулгүй байдлын асуудлаар шинжилгээ, судалгааны ажил хийж байна. Насаараа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад ажилласан хүний хувьд энэ асуудал сэтгэл зовоож явдаг юм. Хоёр жилийн өмнө БХИС дээр “Гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засгийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөө, түүний эрсдэлийн шинжилгээ” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэгэхлээр үндэсний аюулгүй байдлын орчин маш хурдацтай өөрчлөгдөж байна. Ийм хурдацтай өөрчлөгдөж буй орчин нөхцөлд дэлхийн бүх улс гүрнүүд аюулгүй байдлын асуудлаа нэгдүгээрт тавьж, гадаад дотоод аюулгүй байдлын бодлого, стратегийг дахин харж, өөрчлөлт шинэчлэлт хийж байна. Манай улс ч энэ үйл явдлаас хоцролгүй олон улсын байдлыг анхааралтай ажиглан, түүнд тохирсон уян хатан бодлого боловсруулах шаардлага хэзээ хэзээнээс хурцаар тавигдаж байна. Үндэсний аюулгүй байдлын дотоод орчноо аваад үзье л дээ. Үндэсний аюулгүй байдлын гол тулгуур болсон эдийн засгийн аюулгүй байдлын түвшин аюултай байдалд хүрсэн байна. Цаашилбал, хүнсний аюулгүй байдал, хүн амын удмын сангийн аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдал гээд аюулгүй байдлын бүх асуудал аюулын харанга дэлдэж байна. Гадаад нөхцөл байдал ч хүнд байна.
-Уучлаарай, Генерал аа. Үндэсний аюулгүй байдал гэдэг сэдвийг манайхан янз бүрийн түвшиндээ л ярьж, барьж гүйх нь гүйцгээдэг. Бараг бүх түвшнийг хамарсан, бие биенийхээ өөдөөс сөргүүлж тавьж улс төр хийдэг ойлголт болоод хувирчих гээд байна л даа. Тэгэхээр гадаад нөхцөл байдал ч хүнд байна гэсэн үгээ та жаахан тодруулж яривал манай уншигчдад хэрэгтэй байна.
-Дэлхийн томоохон улс гүрнүүд өөрсдийн ашиг сонирхлын хүрээгээ тэлэхээр өөр хоорондоо тэмцэлдэж, харьцангуй намжмал байсан цэрэг дайны аюул занал сэргэж байна. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал ч дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Ийм аюулгүй байдлын орчин нөхцөлд үндэсний аюулгүй байдлын асуудлаар ярьж, хэлж санаа тавихаас өөр аргагүй юм. Хамгийн нэгдүгээр асуудал шүү дээ.
-Төрийн түвшинд энэ бодлогын гол цөм дээр сууж байгаа хүмүүсээ нийгмийн зарим хэсэг их хурцаар шүүжилдэг. Жишээ нь, Ерөнхийлөгчийг ч юм уу. Түүнийг та энэ сэдэв дээр бодлого баригчийнхаа хувьд хэр ажиллаж байна гэнж хардаг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс сонгогдсон цагаасаа эхлэн үндэсний аюулгүй байдлын асуудлаар зоригтой дуугарч, дэс дараатай арга хэмжээнүүдийг авч байгаа гэж би хэлнэ. Өнөөдөр бид өөр хоорондоо хэрэлдэж, нам эвсэл ярьж суух цаг нэгэнт биш болжээ. Бид нэг л асууудал дээр нэгдэх, эв эеэ эрхэмлэх ёстой. Энэ нь Монгол улсын, монголын ард түмний язгуур эрх ашгийг хамгаалах асуудал. Өнөөдөр энэ хүн монголын ард түмэн сонголтоор гарч ирсэн, бидний өөрсдийн сонгосон Ерөнхийлөгч. Одоо Ерөнхийлөгчийг улстөрчид нь нэг намын төлөөлөл мэтээр харах, хувийн хэвшлийнхэн нь ч өмнөх түүхээр нь аль нэг бизнесийн групийн төлөөлөл гэж үзэхээ болимоор байна. Ингэж зарчимгүй нүдээр харж, үр өгөөжгүй өөлөлт гоочлолоор нүдэж байхын оронд түүний явуулж буй зөв зүйтэй бодлогыг нь дэмжих тал дээр анхаарлаа хандуулмаар байна. Энэ нь Монгол улсын эрх ашиг юм. Үнэндээ Парламент нь ч, Засгийн газар нь ч монголын ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөөх бодлогуудыг нь дэмжих тал дээр хангалтгүй ажиллаж байна уу даа гэсэн бодол төрөх юм. Монгол улсын Ерөнхийлөгч нь ҮАБЗ-ийн тэргүүний хувьд нэн түрүүнд үндэсний аюулгүй байдалдаа анхаарал хандуулах нь зүй ёсны хэрэг. Ерөнхийлөгч албан үүргээ эхлэхдээ яг энэ нэгдүгээр үүргээсээ эхлүүлсэн гэж би бол харсан.
Намайг юу хийгээд явна гэж та ярианы эхэнд асуулаа. Би 2012 оноос хойш Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж юу вэ, ямар аюул тулгараад байгаа тухай шинжлэх ухааны үндэслэлтэй судлах зорилт тавиад, “Эдийн засгийн аюулгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтанд үзүүлэх нөлөө, түүний эрсдлийн шинжилгээ” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэ судалгааны явцад эдийн засгийн аюулгүй байдал улс оронд ямар чухал байдгийг мэдэж авсан. Гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй юм байна. Дэлхий дээр эрчим хүчний нөөц хомсдолтой байна, ер нь аливаа нөөц, байгалийн баялгийн төлөөх том гүрнүүдийн тулаан өрнөхдөө бага буурай хөгжилтэй орон руу чиглэн хөрөнгө оруулалт нэрийн дор тухайн орны баялгийг хамж авах гэсэн бодлого хүчтэй явагдсан.
-ҮАБ, тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярьдаг хүрээлэл, нухацтай авч үздэг, энэхүү ойлголтуудын төлөө ажиллаж байдаг, нуруун дээрээ авч явдаг газрууд нь бий. Тусгай чиг үүргийн байгууллагууд байгааг л тодотгож би хэлээд байгаа юм. Гэтэл энэ сэдвийг тойрсон маргаан, мэтгэлцээнийг хариуцлагагүй улстөрчид, нийгмийг савлуулж үймүүлж байдаг “эх орончид” хийгээд яваад байдаг. Энэ баталгаагүй хэсгийнхнээс үүдэж үндсэн бодлогууд явахад саад тотгор гардаг шүү дээ?
-Том зөрчил, сөргөлдөөний эх үүсвэрүүд юунаас болоод байна вэ гэхээр газрын баялаг, ордуудын ашиглалтын үр шим бодит эдийн засаг дээр харагдахгүй байгаад л байна. МУ-ын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтаар орж ирж буй ашиг шигээ тэлж, иргэн бүрт хүрч чадахгүй байгаад хамаг учир байгаа. Газрын хэвлий, түүнээс олборлож буй баялаг ард түмний өмч байна гэж Үндсэн хуулиндаа заасан мөртлөө үүнээс хүртэх ашгийг нь хэдхэн хүн хуваагаад авчихдагт олон нийт бухимдаад байгаа юм. Шинжлэх ухааны үүднээс нь судлаад үзэхээр яах аргагүй үнэн байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихтэй, эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй 2012-2014 оныг аваад үзэхээр өндөр орлоготой хүмүүсийн орлого маш их нэмэгдэж, бага орлоготой хүмүүсийн орлого олигтой нэмэгдээгүй байдаг. Тоо бол худлаа хэлэхгүй. Энэ их ашиг уул, уурхай эзэмшээд байгаа эздийн халаасанд ороод байна. Монгол Улсад ашиг огт орохгүй байна гэдэг дүгнэлт гарч байгаа юм. Энэ байдал сөргөлдөөн, хардлага, сэрдлэг, бухимдлын эх үүсвэр болоод байгаа юм. Хэрвээ үүнийг зөв зүйтэйгээр ард түмэндээ шударгаар хуваарилаад, амьдрал нь бодитойгоор сайжраад, эдийн засаг нь үнэхээр хөгжөөд явбал ямар ч бухимдал, сөргөлдөөн гарахгүй. Товчхондоо улс үндэсний болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тэнцүү хангасан, алтан цэгийг олж байж үр дүн гарна. Судалгааны үг дүн ч ийм л хариултыг гаргаж байна. Манайд үүссэн нөхцөл байдал бол гудамжны гэгддэг улстөрчид эх оронч үзлээ хэт дөвийлгөөд, нөгөө хэсэг улстөрчид нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэт хамгаалан туйлширч өнөөдрийн энэ хүнд байдлыг бий болгосон.
-Хамтарсан бизнестэй, тэр түншүүдээ хамгаалж ажилладаг бүлэглэлүүд улс төрд газар аваад байна. Зарим үндэсний компаниуд нь татвараа шударгаар төлөөд, ямар ч дэмжлэггүй бор зүрхээрээ ажиллаад байдаг. Улстөрчдийн бохир тоглолтуудаас үүдсэн энэ зохисгүй байдал манай бухимдлын нэг том цөм юм даа.
-Үнэн. Эдийн засгийн аюулгүй байдлын дайсныг бид гадаадаас биш дотроосоо эрж хайх хэрэгтэй. Монголчуудын өөрсдийн буруутай үйлдлээс шалтгаалаад бид өгөөжтэй гэрээ, хэлцэл байгуулж чадахгүй байна. Энэ чиглэлийн хүмүүсээ ч бэлтгээгүй. Олон улсын түвшинд гэрээ хэлцэл хийдэг өндөр чадавхитай боловсон хүчнүүд маань тархай байна. Системтэй ч бэлтгэж аваагүй. Энэ бол бас л нэг чухал сул тал маань шүү. Үүнээс гадна гадныхны эрх ашгийг хамгаалдаг хүмүүс, бүлэглэлүүд Төрийн түвшинд үүрлэсэн байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компаниудын улс төрд шургалсан төлөөллүүд илүүтэй тэднийхээ эрх ашгийн төлөө явсаар эцэст нь МУ-ын Үндэсний аюулгүй байдлын эсрэг хор хөнөөл учруулж буй жишээ олширч байна. Энэ мэт олон таагүй хүчин зүйлүүд нийлэхээрээ энэ улсад ҮАБ-ыг эрхэмлэж байгаа юм харагдахгүй байгаа юм. Эрхэмлэж байгаа хэсгийнхэн бол цөөнх болсон ч байх.
-ҮАБЗ-ийн тэргүүн шүүмжлэлд өртдөг тухай би түрүүн цухас дурьдсан. Түүнийг шүүмжилдэг хэсгийнхнийг ажиглаж үзэхэд ихэвчлэн гадаадад мэргэжил эзэмшсэн, шинэ шилмэл тогтолцооны боловсролтой залуу үе байх юм. Үндэсний зарим баялаг бүтээгчдийн эрх ашгийг хумих гэж байна, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэх мэт олон шүүмжлэл түүний зүг цуварч байна. Энэ байдлыг та яаж харж байгаа бол?
-МУ-ын тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагад насаараа ажилласан хүнийхээ хувьд ч тэр, судлаач хүний хувьд ч тэр харахад өнөөдөр Монголд тааламжтай цаг үе ирчихээд байгаа юм. Энэ асуудлыг зоригтой ярьдаг, зөвхөн ярих ч биш үүний төлөө тодорхой ажлуудыг хийдэг, санаачилдаг Ерөнхийлөгчтэй болсон гэж би хэлнэ. Ерөнхийлөгч сонгогдоод удаагүй байхдаа Будапештад болсон том тэмцээнд явсан. Монголчууд алтан медаль авсаар байгаад бараг гадаадынхан төрийн дууллыг маань мэддэг болох нь ээ гэж хошигнодог болохуйц амжилт гаргасан. Дэлхий дээр Монгол орон хүчтэй жудочидтой гэдгээ харуулсан. Жудо гэдэг бол тулааны урлагийн хаан нь. Япон, Өмнөд Солонгос, Францзэрэг том гүрэн энэ спортын амжилтаараа тэргүүлдэг. Гэтэл Монгол эдгээр оронтой зэрэгцээд ирнэ гэдэг Монголын нэр төрийн дархлааг л сайжруулж байгаа нэг хэлбэр. Шууд биш утгаараа спортоор дамжуулж хийж байгаа ҮАБ-ын төлөөх том ажил. Жишээ нь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныимиж, түүний тухай баримт судалгаанууд дээр ч энэ талын ойлголтуудаар өөр олон жишээ татаж ярьж болно.Үүний дараа Владивостокт болсон яриа хэлэлцээрүүд байна. Маш чухал шүү. Мөн дараа нь Хүнсний аюулгүй байдлын талаар том семинар зохион байгууллаа. Энэ дашрамд дурдахад, “Аюулгүй Байдлын Монгол Эрдэмтдийн Нийгэмлэг” байгуулагдаад, энэ нийгэмлэгийнхээ хүрээнд бидХүнсний аюулгүй байдлын асуудлаар анхныхаа семинарийг хийж байтал, МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар тулгамдсан асуудлаар том семинари хийгдсэнд их баяртай байгаа. Дараа нь оффшорчдын асуудлыг гаргаж тавилаа. Монголчуудын эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчсөн агаарын бохирдлыг маш хүчтэй гаргаж тавилаа. Ийм ийм асуудлыг дэс дараалалтай, бодлоготойгоор гаргаж тавиад байгаа нь ҮАБ-ын төлөө эрчтэй зүтгээд байгааг л харуулж байна. Тийм болохоор энэ хүнээ дэмжье, ямар нэгэн нам, эвсэл гэхгүйгээр монголын үндэсний язгуур эрх ашгийн төлөө хамтдаа тэмцье. Бид энэ ойлголтууд дээр нэгдмэл, цул үндэстэн байх зайлшгүй шаардлагын өмнө ирсэн байгаа шүү. Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, ҮАБЗ-ийн тэргүүн. Үүрэгт ажлаа УАБЗ-ийн тэргүүн гэдэг нэгдүгээр үүргээсээ эхлүүлсэн, үүн дээр төвлөрч ажиллаж чадаж байгаа. Энэ өнцгөөс нь би мэргэжлийн хүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлэхээс айж ичих юм алга.
-ҮАБЗ гэснээс ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар А.Гансүхийг тавилаа гээд л цахим орчинд шүүмжлээд байсан. Та энэ тал дээр юу гэж бодож байна?
-Би А.Гансүх гэдэг хүнийг хувь хүнийх нь хувьд мэдэхгүй, бас сайн танихгүй.Харин олон жил төрд томоохон албан тушаал хашсан төрийн ажлын туршлагатай, өндөр мэдлэг, чадвартай хүн гэдгийг мэднэ. Энэ үүднээс нь Ерөнхийлөгч зөв сонголтхийчихлээ дээ гэж л харсан. Ажлын албаны даргаар ч хууль, хүчний байгууллагад олон жил ажилласан хурандаа, доктор,профессор Даваа-Очир гэдэг туршлагатай хүнийг тавьсан байна лээ.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын томилгооны хувьд сонирхож асуумаар байна. З.Энхболд бол маш сонирхолтой улстөрч. Нэг талаасаа улс төрд чанагдсан “хатуу самар”, боловсрол чадавхиар хэнд ч самруулахгүй том тоглогч,нөгөө талаасаа “дайсан цуглуулагч”, үргэлжийн “гал дуудагч”?
-За даа, энэ асуудал ч бид хоёрын хэр хэмжээнээс хэтэрсэн асуулт байна даа. (инээв) Гэхдээ нэгэнт асуусан болохоор иргэн хүнийхээ хувьд өөрийн бодлоо хэлэхэд Монгол улсад Ерөнхийлөгч байсан, УИХ-ын дарга байсан хүн хэд байгаа билээ. Цөөхөн шүү дэ, ийм туршлагын эзэд. Тэр цөөхөн хэдийн нэг, УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон, УИХ-ын дарга байсан хүнийг Тамгын газрынхаа даргаар тавихаас өөр сонголт юу л юм бол доо. Дахиад л хэлэхэд хүнийг аль өнцгөөс нь харах вэ гэдгээс л болно. Шүүмжлэх юмгүй хүн гэж байхгүй. Би хувь хүнийхээ хувьд З.Энхболд даргыг монголын ард түмний өмнө гавьяатай хүн гэж боддог, Тавантолгойн асуудлыг ЗГ-аар хууль зөрчин гадаадын компанид өгөхөөр шийдвэр гаргуулах гэж байхад нь УИХ-аар оруулж шийдвэр гаргуулах ёстой гэж сөрж зогсож байгаад л нэг нам эвсэл гэлгүйгээр зогсоож чадсан. Өөрийн намтайгаа ийм тодорхой, ийм зарчимтай харилцаа баримталж чаддаг лидер хэд юм. Хэн хэн юм. Түүний хийсэн энэ акцийг мартаж болохгүй. Товчхондоо тэр миний хүндэтгэдэг улстөрчийн нэг.Ахиад нөгөө харах ёстой өнцгийн тухайд сануулъя. Одоо тэр хүнийг сөрөг хүчний нэг том төлөөлөл гэж харахаа хойш тавиачээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга гэж харах ёстой шүү дээ.
Би өөрийнхөө салбараар, тэр бодлогынхоо хүрээнд, тусгай чиг үүргийн алба насаараа хашсан хүний хувьд л таны асуултуудад ерөнхиий хандлагаа баримталж хариуллаа.Бидний цөөхөн монголчууд алийн болгон шуудайнд хийсэн үхрийн эвэр гэдэг шиг явах вэ. Нэг бол гадна дотны нөлөөнд автана, түүхэнд хангалттай гашуун сургамж бий, одоо л нэг эв эеэ хичээх цаг болсон байна.Үүнийг манай улсын дотор үүсээд байгаа ядуурал, байгаль орчны гамшиг, баялагийн шударга бус хуваарилалт, баян ядуугийн эрс ялгаа, хууль жигд хэрэгжихгүй байгаа зэрэг асуудлаас гадна гадаад нөхцөл байдал, дэлхий дахины хандлага байдал ч шаардаж байна. Нэг ёсондоо төр засгаас зөв шийдвэр гаргаж, хэл амаа ололцон, МУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлаар гаргаж байгаа санал, санаачлагыг дэмжин, нягтарч ажиллахгүй бол орших эс оршихын асуудал ард нь зогсож байгаа шүү гэдгийг л хэлье дээ. Би яагаад энэ үгийг хэлж байна гэхээр, саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ойрх Дорнод, Европ, Азийн 20 гаруй орноор зочлоод, 1000 гаруй хүнтэй уулзаж ирээд, АНУ нь нэгдүгээрт, цэргийн хүчээр энхтайван тогтоох хэрэгтэй юм байна.Хоёрдугаарт, маш хүчтэй эдийн засагтай байх хэрэгтэй. Гуравдугаарт,НАТО, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, Индонез зэрэг холбоотны гүрэнтэй илүү дотно ажиллах хэрэгтэй гэсэн гурван бодлогыг томъёолсон. Даян дэлхийд энхтайван тогтооход хоёр том дайсан байна. Нэг нь Зүүн өмнөд тэнгисийн арлуудыг хүчээр авах гэсэн Хятад орны түрэмгийлэл, нөгөө нь Крымыг булаан авсан Орос орон гэж мэдэгдэж байх жишээтэй. Энэ бүгдийн цаана Америкчууд ч гэсэн газар нутгаа тэлмээр байна гэсэн давхар санаа агуулагдаж байсан.Дэлхийн том гүрнүүд дэлхийг дахин хуваах, газар нутгаа тэлэх, хүрээллээ нэмэгдүүлэх гэсэн өөр өөрийн амбицтай айхтар бодлогууд гаргаж тавьж байна. Азид гэхэд Солонгосын хойгийн асуудал хүнд байна. Ер нь л хурцадмал асуудлууд энд тэндгүй, эргэн тойрон байна шүү дээ. Тэгэхээр ҮАБ-ын маш уян хатан бодлоготой, анхаарлаа төвлөрүүлж ажилламаар байна. Маргааш юу болохыг хэн ч таашгүй ийм цаг үед бид амьдарч байна. Маш олон шинэ онол гарч ирлээ. Тухайлбал, цахим мөнгө хэний ч тооцоолоогүй үр дүнд хүрчихлээ. Технологийн асар хурдтай өрсөлдөөнүүд байна, системийн онол, сөргөлдөөний онол, хаосын онол энэ бүх зүйлийг мэддэг, чаддаг хүмүүсээ бэлтгэн нэгтгэж, энэ цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын зэрэгцээгээр ҮАБ-ын уян хатан бодлогыг хэд хэдэн хувилбартай тодорхойлох нь нэн чухал цаг үе ирчихээд байна. Гэтэл ийм цаг үед бид нар нэг нэгийгээ жижиг сажиг зүйлээр нь шүүмжилж, хэт ахуйн юм яриад байх биш том глобал байдлаар бодлогоо харах болжээ. Үүнийг л олон хүн ойлгоосой.
-Тагнуулын байгууллагыг та олон жил удирдалцсан. Энэ байгууллагын дарга нар ямар хүмүүс байдгийг олон нийт төдийлөн мэддэггүй шахам л байлаа. Зарим оронд одоо ч ийм жишгээр л байдаг.Манай тагнуулын байгууллага улс төрөө дагаад замраад явчихлаа. Саяхан ТЕГ-ын даргыг бараг ажлаа гүйцэд өгч амжаагүй байхад нь парламент дээр ямар асуулга өрнөв. Ярьж болох, болохгүй юм гэх зааг байхгүй болжээ. Үүнийг хараад танд ямар бодол төрсөн бэ. Тагнуулын байгууллага ч, бусад хүчний байгууллагууд ч маш их өөрчлөгдсөн. Улс төр өөрөө эдгээр байгууллагуудаараа тоглочихсон нь улам бүр тодрон харагдах юм.
-Улс төр эдгээр байгууллагаар тоглосонтой үнэндээ би өөртэй чинь санал нэг байна. Уг нь зарчим нь бол улс төр орох ёсгүй. Улс төр орсны гай их. Нөгөө талаас тусгай албанд ярихгүй, хэлэхгүй байх зарчим тодорхой хэмжээнд үйлчилдэг бичигдээгүй хуультай. Хувь хүний асуудал бол хувь хүний асуудал гэхдээ нийтлэг зарчим бол энэ чиг үүргийн албадад нууцын бодлого үйлчилдэг.
-Монголын Тагнуулын даргыг нээлттэй байцаах нь алдаа мөн үү. Та хэдээс хэдэн онд тагнуулын дэд дарга байлаа. Таныг яагаад нэгдүгээр дарга болгодоггүй байсан юм бол. Улс төрийн түшиг дэмжлэг муутай байсан юм уу. Та дэд дарга байхдаа хэн хэн гэж дарга нартай ажилласан бэ?
-Эхний өгүүлбэрт хариулъя. Энэ бол ёс зүйгүй асуудал. Асуудал хувь хүндээ биш. Би 1996-2006 оны хооронд 10 жил Тагнуулын дэд даргаар ажиллажбайсан.Янз бүрийн оролдлогууд мэдээж тохиолдож л байсан. Тэр үеийн манай дарга бид хоёр улстөрчидтэй л хутгалдахгүй юм шүү гэж ярьдаг байлаа. Үндсэндээ бидний барьж байсан зарчим гэсэн үг. Магадгүй, миний хувьд улс төрийн хөл, хань муу байсан нь нэг талын нэгдүгээр дарга болгохгүй байх үзүүлэлт байсныг үгүйсгэхгүй. Улс төрчдөөс, бизнесмэнүүдээс аль болох л хол байх зарчмыг би барьж ажилладаг байсан. Алба хашиж явахдаа Ж.Энхнасан, М.Батсайхан, Н.Ганболд, Б.Билэгт гээд олон дарга нартай ажилласан байна.
-Нэг уншигч маань надад Д.Чимид-Юндэн генерал их ааштай хүн. Тэгээд л улс төртэй хэл үгээ олоогүй гэж хэлж байсан юм. Улс төртэй найзлаад явсан бол миний уншигчийнхаар та их хол явах байжээ. Олон гадаад хэл эзэмшсэн, хувь хүн нь их сонирхолтой хүн гэж дурсаж байсан нь санагдаж байна. Нэгэнт нэгдүгээр хүн болох ч үгүй, нам, улс төртэй учраа олох ч үгүй юм чинь гээд та мэргэжилтнийхээ хувьд өөрийгөө чимээгүй хөгжүүлээд л явчихсан уу. Нэг талаар уйтгартай ч юм шиг энэ амьдрал таны өөрийн чинь сонголт яг мөн юм уу?
-Хүний суурь хүмүүжил, олж авсан боловсрол, мэдлэг гээд хүн өөрийнхөө дуртай ажлыг хийж байвал аз жаргалтай байдаг. Тухайн үед зарим хүн улс төрдорохыг зөвлөж л байсан. Тэр үед би улс төрийн тухай огт боддоггүй. Энэ ажил, мэргэжлээ хамгийн эрхэм гэж үздэг байлаа. Москва хотод Холбооны Аюулгүй Байдлын Академид би суралцаж төгссөн. Карьер хөөх,улс төрд орох нь чухал хэмээн одооны залуус үздэг болсон нь тэдний өөрчлөлтөөс харагдаж байна. Бидний үед тийм санаа байгаагүй. Харин ч бүр эсрэгээрээ улс төрөөс холхон байя, ажлаа л сайн хийе гэж бодоцгоодог байсан. Би үүргээ л гүйцэтгэе гэж боддог тэр сэхээтнүүдийн нэг.
-Таныг олдсон дээр, хэд хэдэн гэмт хэргийн талаар би сонирхмоор байна. 1998 онд улстөрч С.Зоригийн амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа. Тэр үед эхлээд тагнуул, цагдаад тус тусад нь ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Тэгж байснаа гэнэт хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдаад, энд тэндгүй бүтцүүд гарч ирээд ойлгомжгүй байдал руу орчихсон. Шууд хэлэхэд олон салаалсан, савирсан ажиллагаанууд болоод явчихсан л даа. Тэр үед та тагнуулын дэд даргаар ажиллаж байсан.
-Тийм ээ, би ажиллаж байсан.
-Танай зарим мэргэжилтнүүд цагдааг техникийн алдаа их гаргасан гэж дүгнэдэг. Та юу ч ярьдаггүй шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ хэрэг санаанд оромгүй хачин байдлаар эргээд явж байна. Энэ хэргийн мөрөөр олон жил сурвалжлага хийсэн сэтгүүлчид битгий хэл, тэр үеийн үйл явцыг мэдэж байгаа хүчнийхний хувьд ч ойлгомжгүй гаргалгаа гаргаж ирж тавьчихаад байдаг. Та энэ хэргийн тухайд юу хэлэх вэ? Танаас энэ тухай асуухгүй бол манай уншигчид гайхах байх?
-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн тэр ноцтой хэрэг гарах үед бид нар ТЕГ ажиллаж байсан. Нэг удаа л энэ хэргийн материалтай би танилцаж байсан. Гэтэл яг тухайн үед миний ажил өөрчлөгдөөд, би өөр чиглэлээр ажиллах болсон. Сүүлийн арван тав, зургаан жилийн үйл явцыг би сайн мэдэхгүй байна. Миний хувьд нэг л үг хэлье. Энэ бол улс төрийн хэрэг биш, улстөрчийн амь насыг хөнөөсөн хүн амины хэрэг. Улс төрийн хэрэг гэдэг нь хэзээ нотлогддог ёстой вэ гэвэл, гүйцэтгэсэн, захиалсан хүнийг олсны дараах ойлголт юм шүү дээ. Ер нь үзмэрчдийн түвшний юм ярьж хийцгээж байхаа хаа сайгүй болихсон.
-Захиалагч битгий хэл гэрч ч байхгүй болчихлоо шүү дээ?
-Юу ч тодорхой биш байтал улс төрийн хэрэг болгоод байгаа нь их сонин шүү.
-Энэ хэргээс таныг яагаад холдуулсан юм бол?
-Зориуд холдуулсан зүйл байхгүй биз. Тухайн үед миний эрхэлсэн ажлын чиглэл өөрчлөгдөөд, ажлын хэсгээс гарсан. Өөр нэг чухал зүйл бол энэ хэрэг бол гэрчтэй хэрэг гэдгийг одоо арчиж үгүйсгэхэд боломжгүй. Мэргэжлийн хүний хувьд, бас Тагнуулын байгууллагаас бүрдсэн ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувьд надад дотроо хадгалж, гайхширч явдаг зүйл бий. Одоо яриагаа дуусгах уу даа.
-Танд сургууль төгсөж ирээд цагдаад ажиллах боломж ер нь байсан уу?
-Байгаагүй. Яагаад гэвэл, би нийгмийг аюулаас хамгаалах чиглэл буюу тагнуулаар суралцаж төгссөн.
-Та Завхан аймгийн хүн. Ийм мэргэжлийнхнийг дунд сургуульд байхаас нь бэлтгэдэг байсан үед шийдэгджээ...
-Тийм. Багаас нь судалж, бэлтгэдэг байсан.
-Эцэг, эхээс хэдүүлээ вэ? Олуулаа, бүгдээрээ мундаг сурлага, хүмүүжилтэй хүүхдүүдтэй айл байсан гэж сонссон.
-Бид эцэг, эхээс наймуулаа. Москвад ах, дүү гурвуулаа сурч, амьдарч байлаа. Энэ бол ховор тохиолдол. Миний бахархалуудын нэг. Нэг нь Москвагийн Газар Зохион Байгуулалтын Дээд сургууль, нөгөө нь Москвагийн Энергетикийн Их сургууль төгссөн. Аав маань цагдаа хүн байсан л даа. Би бол цагдаа хүний гэр бүлд өсөж, хүмүүжсэн хүн.
-Танд Цагдаагийн байгууллагын даргаар ажиллах санал ирж байсан юм биш үү? Таныг татгалзсан гэж сонссон.
-Үгүй, үгүй. Тийм санал ирж байгаагүй. Би цагдаагийн байгууллагыг мэднэ, гэхдээ ажиллаж байгаагүй.
-Тагнуулын байгууллагын төсөв ямар байх ёстой вэ? Үнэхээр их мөнгө хаях шаардлагатай байгууллага мөн үү?
-Мөнгө хаях шаардлагатай байгууллага мөн.
-Тоноглогдсон цөөхөн машинтай, онгоц ч байдаггүй гэсэн үнэн үү? Эсвэл бид хоёр энэ тухай ярих ёсгүй юу. Гэхдээ манай тагнуул потенциалын хувьд дэлхийн жишгээс доошоо ороод байхгүй биз дээ?
-Тагнуулд заавал тоноглогдсон машин байх шаардлагагүй. Ер нь улс оронд бол хэрэгтэй. Ажилтан, албан хаагчдын чадвар, чансааны хувьд тийм доогуур биш.
-Ингэхэд одоо яагаад тэтгэвэрт гарсан хүн яагаад ТЕГ-ыг удирдахаар ирчихэж байгаа юм бол?
-Мэдэхгүй.
-За, яриагаа дуусгая. Та ч мэдэхгүй, мэдэхгүй хариулт руу ороод явчихлаа. Эрхэм генерал танд урилга хүлээн авсанд баярлаж, бас цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.
-Баярлалаа.
Тагнуулч, дипломатч хоёртой ярилцахад хэцүү байдаг. Хэцүү байдаг ч гэж дээ “ярилцсан” гэж үзэх боломжгүй зүйл л хальсанд үлдсэн байдаг юм л даа.
Д.Чимэд-Юндэн генералыг би хувьдаа сайн цагийн сүүлчийн генералуудын нэг л гэж боддог. Хэзээ ч мэргэжлийн зарчим, хил хязгаар, хэм хэмжээнийхээ алтан хилийг зөрчиж яваагүй энэ эрхэмтэй уулзаад салсны дараа зүгээр л чимээгүй гудамжинд алхаж яваа түүнийг бодож яагаад ч юм бахархах, бас хайрлах сэтгэлээр дүүрч байлаа. Бид албан бус буюу ярилцлагын ширээний наана цаана биш л болохоос олонтаа уулзаж “ярилцдаг” байв. Түүнийг сэтгэл нь хөдөлсөн ч, уур бухимдал, эгдүүцэл нь төрсөн ч гадагшаа яаж тийм эрхэмсэг тэсч чаддагийг би хувьдаа их гайхдаг. Аргагүй ийм л хүмүүсийн нуруун дээр мөнөөх Үндэсний Аюулгүй байдлыг хамгаалах үйлсийн дагшин баганууд нь зогсож байдаг бизээ.