ЯРУУ НАЙРГИЙН ГЭРЭЛТ ОД

Монголын яруу найраг судлаач эрдэмтэн Д.Цэнд “Дашцэвэгийн Сэнгээ бол орчин үеийн Монголын уран зохиолын гэрэлт од” хэмээн нэрлэжээ. Энэ бол аятайхан л сонсогдож байна. Сэнгээ шүлэг сайн бичдэг түүнийгээ сайхан уншдаг гал бадарсан найрагч байсныг мэдэх нь гэрчлэх байх, мэдэхгүй нь уншаад ойлгох биз. Жаалхан хүү Сэнгээ хошууны танхимын сурагч болж, бичиг сураад л шүлэг бичиж эхэлжээ. Түүнийг нь сургуульд суусныхаа хойтон, нутагтаа ирээд, найзыгаа харуулж байгаад цаас харандаа нийлүүлж, “Могой хээрээр мордон гүйлгээд, Мордсон шөнөө нойргүй давхиад” ээжийгээ хөдөөлүүлсэн газрыг эргэсэн тухай бичсэн шүлэг нь анхных гэдгийг гэрчилдэг боловч судлаачид 1932 онд Хувьсгалт Залуучуудын эвлэл сэтгүүлд нийтлэгдсэн Соёлын тухай шүлгийг нь эхний бүтээл гэж тооцдог юм билээ. Энэ үед Сэнгээ, Сэлэнгэ аймгийн яаманд, нэг орон тоонд хоёр хүн ажиллаад цалингаа хувааж авдаг тал бичээч гэгчийг хийж байсан байх. Харин 1933 онд Багш нарыг бэлтгэх сургуульд орж, эрдэм ном үзэхийн хамтад уран зохиолын авьяасаа нээх хувь тавилангаа мэдэрсэн ажээ. Тус сургуульд тэр үеийн толгой сэхээтэн Д.Нацагдорж, Т.Нацагдорж, Б.Доржсүрэн, Ө.Чимид нар багшилж байлаа. Сэнгээ сургуулийн дэргэдэх уран зохиолын бүлгэмд орж шүлэг бичих хорхой нь язганасан үеийнхэнтэйгээ нийлээд, шүлэг бичиж, сайн дурын уран сайханчидтай цуг жүжиглэж, радиогоор шүлэг найраг уншиж байлаа. Энэ дугуйланд нь С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ши.Аюуш нар хичээл зааж, зөвлөгөө өгч, хүүхдийн бичсэн зүйлийг сонин сэтгүүлд нийтлүүлж тусалдаг байжээ. Сэнгээ сурагч байхдаа нэлээд шүлэг бичиж уралдаан тэмцээнд оролцдог идэвхтэй нэгэн байв. Энэ үед бичсэн шүлгүүд нь, сонин сэтгүүлд нийтлэгдэж байсан боловч тухай бүр нь олж авч байгаагүй юм уу эсвэл нандигнан хадгалаагүй юмуу сүүлдээ нэлээд нь мартагдаж олж авахад хэцүү болсоноос хожим зохиолын түүвэрт нь цөөвтөрхөн нь оржээ.

Түүний энэ үеийн шүлгүүд нь ухуулах, уриалах аястай байсан нь мэдээж. Тухайн цаг үе нь ийм байхыг шаардаж байсан бололтой. Гэхдээ Сэнгээгийн нэг онцлог бол эх орныхоо сэргэн мандаж байгаа шинэ соёл, хөгжил цэцэглэлтийг аль болохоор магтан дуулахыг хичээж энэ чанараараа, ард түмнийхээ санаа сэтгэлийг баясган улмаар оюун ухааныг нь нээж, ухамсартайгаар хүмүүжүүлнэ гэж итгэж байжээ. Тэрбээр сурагч байхдаа, богино шүлэг нэлээдийг бичсэн боловч хоёр томоохон шүлэг нь нэрд гарчээ. Энэ тухай Л.Цэнд-Очир гуай нэг биш удаа ярьж билээ. Мань хүн, нүдээрээ инээгээд сайхан зантай нь аргагүй “Цаад Сэнгээ нохой чинь” гээд л, миний ар талд зогсож байгаа юм шиг ярьдагсан. Би гайхан “Гүй ээ та чинь нохой мохой гээд яаж байнаа” гэхэд, мань эр “Цаадах чинь хоргүй мөртөө жигтэйхэн нохой зальтай юм байсан юм. Бид сурагч байхад нь тэгэж дууддаг, том дарга болсон хойно нь ч хэлдэг байсан. Тун чиг зальжин, айхтар овсгоо самбаатай л даа” гэхээр нь би “Дотоод яаманд ажиллаж байгаад тийм муухай нэртэй болсон юм биш үү” гэж асуувал Цэнд-Очир гуай ваа гүйчиш, багын нь хоч гэж түйсээд, Яамнаас өмнө бид тэгэж нэр өгч хөөдсөн байхгүй юү. Хүн, хүний мууд дуртай болохоор яамныхныг гутаах гэхээрээ л цаадахын чинь багынх нь хочийг ашиглаж байгаа нь тэр гэв. Далим гарсан дээр юм асуумаар санагдаад,
-Та ч бас баригдсан. Түүнд Сэнгээ холбогдсон уу? гэв.
-Ваа үгүй чишш, Сэнгээ, намайг 1942 онд баригдахад яамнаасаа гарсан байсан. Цаадахыг чинь ахмад зохиолчдын нь араас явуулах шахсан шүү. Нэг юманд холбоод сүйдлэхийн даваан дээр учраа олж мултарсан. Тэгээд орчуулагч уу, хэлмэрч үү хийж байсан.

-Нууц биш бол та яагаад баригдсан юм бэ. Бас л тагнуул уу.
-Гүй ээ үгүй. Манай Төв театрын хашрууд л ховлочихсон юм. Урлагийн тэнгэр дор булай юм хийдэг улс ч байсан даа гээд юм ярих янзгүй байв.
-Сэнгээ хоёр том шүлэг бичсэн гэв үү гэж асуув.

-Бүр багш нарыг бэлтгэх сургуулийн сурагч Сэнгээ гэж байгаад л бичсэн Гэрэлт туяа, Бүрхэг манан, саруул туяа гэсэн нэртэй нэг нь хориод бадаг, том шүлэг. Бид тэр үед тийм их шүлэг бараг бичиж байгаагүй болоод “Яаж ийм том юм бичдэг байнаа” гэсэн шиг гайхширч байлаа. Тэр үедээ сүрхий л цээжлээд уншдаг байсан. Одоо бол би мартжээ. Номд нь бий биз. Чи олоод үзчихээч гэв.
Би Цэнд-Очир гуайн хэлснээр Сэнгээгийн 1965 онд хэвлүүлсэн Түүвэр зохиол-ыг сөхөж үзлээ. Бүрхэг манан, саруул туяа бол сонин бичлэгтэй шүлэг юм.

Дарлагдлын их түмэн ардад
Жаргалын их хаад ноёдод
Банз шаахай малчны биед
Балбах занчих эздийн эрхэнд
Зөв ч бол ард цаазанд
Буруу ч бол феодал ямбанд
Эрдэм бичгийг эрхтэн сурна
Элдэв мууг ард хүлээнэ
Улсаа хамгаалах цэрэггүй
Үндсээ хамгаалах мэдрэлгүй... гээд
Эргэж харъя, эргэцүүлж бодоё
Энэ бүхэн үнэн үү, худал уу
Одоо байгаа байдлаа
Оролцуулан харьцуулж үзье
Улсын эзэн засагтай байна
Удирдаж хүмүүжүүлэх намтай байна
Орноо тойрсон хилтэй байна
Улсаа хамгаалсан цэрэгтэй байна
Дагаж явах хуультай байна
Давбал шийтгэх цаазтай байна
Эрх мэдэл ардад байна
Эрдэм боловсрол бидэнд байна
Манай засаг хайрлаж байна
Малчин бид хамгаалж байна... гээд шинэ хуучныг харьцуулж, сүрхий үнэн, хурц хэлсэн юм байна. Тэгээд нэгэнт үзсэнийх нөгөө шүлгийг ч харъя гэж бодлоо. Гэрэлт туяа гэдэг шүлгийг гэрэл цацарсан монгол орноо, радиогоор магтан дуулж байгаа маягаар бичсэн байна. Дээр Цэнд-Очир гуай “Буяннэмэх биднийг радиогоор нэвтрүүлэхэд тохиромжтой шүлэг бичвэл зүгээр байна” гэсэнд Сэнгээ овсгоотойгоороо биднээс түрүүлээд шүлэг биччихсэн” гэж ярьсан тэр шүлэг мөн байх гэж бодов. Сэнгээ энэ үеэс л тодорч эхэлсэн байна. Эрдэмтэн Д.Өлзийбаяр, Бүрхэг манан, гэрэлт туяа шүлгийг нь өнгөрсөн хийгээд тухайн үеийнхээ амьдран байгаа нийгэм, ёс суртахууны мөн чанар зэргийг харьцуулан дүрсэлсэн төдийгүй, хуучин нийгмийг жигшиж, шинэ хувьсгалт ололтоо бахадсан ухуулгын аястай шүлэг юм гээд, Сэнгээ бүтээлдээ эрэл хайгуул хийж эхэлсэн нь эндээс харагдаж байна гэж онцлон тэмдэглэсэн байна.


Нэг. Эх орноо магтан дуулагч

Залуу яруу найрагч Д.Сэнгээ, Багш нарыг бэлтгэх сургууль төгсөж, улсад алба хааж эхэлснээс хойш, бичихээ болиогүй ч гэсэн, элдэв ажилд дарагдан, түүндээ түүртсэн ч юм уу, уншигчийн сэтгэлийг догдлуулахаар содон бүтээл гаргалгүй зургаа долоон жилийг өнгөрөөчихсөн шиг байна. Энэ хооронд эх орноо хамгаалагч цэрэг эрсийн эрэлхэг үйлсийн тухай, Монгол зөвлөлтийн ард түмний найрамдлын тухай сэдвээр Дайчин алдрыг магтъя, Хил хамгаалагчид зэрэг шүлэг бичиж, эх оронч дайчдаа,


Харьтан дайсантай байлдан тулах нь

Цаст уулын цагаан арслан шиг

Хайрт нутгаа хамгаалан тэмцэх нь

Харцага шонхор өндгөө өмөөрөх шиг... хэмээн дүрсэлж,

Би хязгаарт очоод

Винтовоо чанга атгаад

Бат дархан хилээ

Баатрын ёсоор хамгаална... гэж тангарагладаг хэмээн дуулж байлаа. Тэрбээр цэрэг, эх оронч сэдвээр жирийн шүлгээс эхлээд Цэрэгт морьтойгоо, Баярын шөнө найраглал хүртэл туурвиж, олон зуун мөр найргаа дархан хилийн харуул цэрэг эрсэд зориулжээ. Тэгэхдээ, малчин ард, цэрэг эрсийн гүн зузаан холбоо харилцааг сонирхолтой дүрсэлж байлаа. Энэ үед Сэнгээ улсынхаа дархан хилийг нүд цавчилгүй харуулдан, борви бохис хийлгүй хамгаалж байгаа хилчид, дайсны тагнуулыг соргогоор илрүүлж, довтлон ирэгсдийг шантрашгүй тэмцлээр няцаасныг монгол хэлний аль яруу сайхан үгээр дүрслэхийг хичээж байжээ. Монгол хилчид


Ямар хүү төрүүлсэнээ

Эцэг эх минь мэдэг

Ямар хүнээр мануулсанаа

Эх орон минь үзэг... хэмээн тангарагладаг тэгээд үнэнч байдгийг илэрхийлсэн нь монгол эх орончдын чин сэтгэлийн үг билээ. Сэнгээ үүний зэрэгцээ эх орон, нам, төр, удирдагчдын тухай ч бичиж байлаа.


НЭПКО хэвлэлийн газар