Эхлэл

Спортын салбарт боловсрол, шинжлэх ухаан ноёлох болж тоглогчоос илүүтэй дасгалжуулагч хамгийн чухал, ховрын бараа болж байна. 1930 оны үед очвол дасгалжуулагч бэлэгдэл төдий ихэнхдээ тоглогчдоосоо нас залуу байх нь элбэг. Ахмад тамирчид гарааны бүрэлдэхүүн эсвэл тухайн ганц бөх өөрөө өөрийгөө дасгалжуулаад явах нь түгээмэл зүйл байлаа. Дасгалжуулагчийн нөлөө маш бага, заримдаа бүр байхгүй гэж хэлж болохоор байсан юм. 1950 он гарч дайны жилүүдийн хүнд хүчир дэлхий түр зуур амсхийж салбар бүрт шинэчлэлүүд гарч эхлэв. Шинэчлэл спортын салбарыг ч тойрсонгүй. 

Зөвхөн гүйж харайж, бяр хүчээ үздэг тамирчид дээр дасгалжуулагчийн ур ухаан нэмэгдэх томоохон алхамууд гарч спорт нь боловсрол, шинжлэх ухаантай бага багаар холбогдож иржээ. Энэнээс хойш үеийг алгасаж харвал мэргэжлийн спортууд тултал хөгжиж, спортын салбарт бидний хөндөх гол сэдэв дасгалжуулагчийн байр суурь өндөрт гарч ирээд байна.

Монгол дахь гадаад дасгалжуулагчийн нөлөө

Пак Сун Гин

Манай улсад хувийн, улсын, шашины гээд олон шугамаар гадаад дасгалжуулагчид ирж байлаа. Янз бүрийн байдлаар нөлөө байгаа ч, илүү хөгжилд нэмэр болохуйц дэвшил гаргасан дасгалжуулагчид маш цөөхөн. Энэ удаа илүү тодорхой харагддаг хөгжилд хамгийн их цаг зарцуулдаг багийн спорт дээр жишээ авч үзье!

Манай улсын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дасгалжуулагч гэвэл сагсанбөмбөгт БНСУ-аас ирсэн Пак Сун Гин юм. Яахав 50, 60-аад оны үед манайд спорт түгээсэн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дурьдаж болох ч, саяхан болсон илүү чухал нөлөөг авч үзье.

Пак Сун Гин дасгалжуулагч 2004 онд Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар ирж байсан юм. Тухайн жилдээ Хасын Хүлэгүүд багийн дасгалжуулагчаар давхар ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 оноос Халлэлуяа багийг дасгалжуулж байлаа. Шигшээ багийг удирдан Азийн Наадам, Зүүн Азийн Наадамд оролцож байв. Ажилласан багууд, тэмцээнийг нь товчоор танилцуулвал ийм. Харин түүний монголын сагсанбөмбөгт үзүүлсэн нөлөөг харая.

Пак Сун Гин дасгалжуулагчаас өмнө монголын сагс ямар байсан бэ? Шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт хэлэхдээ: 

“Бэлтгэл хийдэггүй, бэлтгэлийн ач тусыг ойлгодоггүй, зааланд ирээд 3х3 тоглоно эсвэл дасгалжуулагч халаалт хийсэн болоод дунд нь бөмбөг хаяж өгдөг байсан. Ер нь бол тоглогч өөрөө өөртэйгөө ажиллаж байгаад тэмцээнд ордог байлаа.

Пак Сун Гин дасгалжуулагч ирээд бэлтгэлийг төлөвлөгөөтэй хийдэг болж, бэлтгэлийг зөвхөн дасгалжуулагчийн заавраар хийдэг болсон. Манайд бол ахмад тоглогчид ая тухаа бодоод бэлтгэлийг өөрсдөө шийдчих гээд байдаг тал бий. Тоглолтын систем бүрдэж, хурд хүчний тоглолтууд сайжирч, зөвхөн зогсож тоглодог тоглолт өөрчлөгдөж эхлэв. Ганц хоёр гол тоглогчоор явдаг байсан тоглолт өөрчлөгдөж багийн ажиллагаа, багийн тоглолтыг ойлголт монголын сагсанбөмбөгт орж ирсэн. 3-2-оос өөр хамгаалалтгүй манай сагс 2-3, 1-3-1, нэхэлт (прессинг), хувийн хамгаалалтын олон хэлбэрүүдэд орж эхэллээ. Тоглогч өөрийгөө хөгжүүлээд явдаг систем дасгалжуулагч дээр очиж хөгжинө гэдэг ойлголтыг бий болгосон юм. Одоо ингээд харахад Инчоны Азийн наадамд амжилт гаргасан тоглогчийн 90 хувь Пак багштай ямар нэгэн байдлаар холбоотой. Ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт хүртэл Пак багшийн туслахаар олон жил ажиллаж байсан юм. 

Пак дасгалжуулагчийн монголын сагсанбөмбөгийн нөлөө маш их. Зөвхөн тоглолтын арга барил, бэлтгэл сургуулилтаас гадна БНСУ-аас Донгүк, Тангүк, Хувийн их дээд сургуулийн шигшээ багуудыг авчирч олон улсын тэмцээнийг зохион байгуулж байлаа. Миний бие эдгээр олон улсын тэмцээнийг ТВ9 телевизээр тайлбарлаж, түүний бэлтгэл дээр очиж, тоглолт бүрийг нь алгасалгүй үздэг байсан юм. Донгүкийн их сургуулийн шигшээ ирсэн эхний жил манайх 20-30 оноогоор хожигдож, тоглогч, дасгалжуулагч, үзэгч бүгдээрээ сагсанбөмбөгийн мундаг системийн тоглолтыг харж, ангайж байлаа. Төвийн тоглогч О Ки Сок ердөө 194 см хамгийн өндөр тоглогч нь байв. Нурууны хувьд манайхаас намхан байсан ч, тоглолтын арга барил, багийн тоглолт гайхамшигтай. Дараа жил нь Донгүкийн их сургуулийн баг дахин ирэхэд манай шигшээ баг Эрдэнэтэд болсон тоглолтонд хожиж, Улаанбаатар хотод болсон тоглолтонд ана мана үзэж байгаад эцсийн мөчид хожигдож байсан юм. Ердөө 1 жилийн дотор монголын сагсанбөмбөгийн өсөлт асар өндөр байлаа. 

Пак дасгалжуулагч Б.Билгүүн, С.Өрнүүнбилэг, Г.Цэнгүүнбаяр гэх мэт манай залуу сагсчдыг БНСУ-д сургуульд явуулж, хэд хэдэн хүнийг солонгос руу эмчилгээнд явуулж байсан гавьяатай гээд бичих юм их бий.

Одоо сагсанбөмбөгийн ихэнх багууд тодорхой хэмжээний системтэй дасгалжуулагчийн үр нөлөө чухал болж иржээ. Энэ системийг монголд дэлгэрүүлсэн хүн Пак дасгалжуулагч гэдгийг зарим нь сайн мэдэхгүй байх шиг. Сагсны олон хүн надад манай сагс одоо буцаад зогсонги байдалтай болж ирж байна гэж хэлдэг. Миний хувьд ч үүнтэй санал нийлж буй. Сагсанбөмбөгт дэвшилтэт нөлөө үзүүлж чадах мэргэжилтэн манайд цөөхөн байна.

Сүүлдээ Пак дасгалжуулагчийг манайхан хөөх нь холгүй явуулсан. Бид ойр зуурын жижиг юманд анхаарч тоглогчоо цохилоо, хэт хүнд бэлтгэл хийлээ, хожиж болох юманд гол тоглогчоо суулгалаа, хүмүүсийг загнаж байдаг гэж эсэн бусан тайлбар, гомдол тавьсаар болиулсан. Бид том юм авахын тулд өөрсдийн гэсэн эрсдэл гаргах ёстой. Энэ талаар сүүлд дэлгэрэнгүй тайлбарлая.

Воикан Брааллушич

Хөлбөмбөгт хамгийн их нөлөө үзүүлж буй дасгалжуулагч яах аргагүй Воикан Брааллушич гэж Серб мэргэжилтэн. Анх Дэрэн клубын хүүхдийн багийн дасгалжуулагчаар ирж улмаар Эрчим клуб болон Монголын шигшээ багийг дасгалжуулж байлаа. 

Воикан ирэхээс өмнө монголын хөлбөмбөг сагсанбөмбөгөөс ялгаагүй байв. Бэлтгэл сургуулилт төдийлөн хийдэггүй, хийсэн ч кроссонд гүйх болон хэдэн сунгалтын дасгал, цохилт, дамжуулалтын дасгалууд л голлож байв. Хамгаалалтын хувилбар 3-1 буюу нэг цэвэрлэгч, нэг гурван номертой хувилбар. Шигшээ баг урагш цөллөхөөс өөр тоглолтын үүрэггүй, хаалгач нь бөмбөгөө цохиж чадахгүй ганц хоёрхон тоглогч хаалгачийн шугамаас бөмбөгийг цохиж тоглолтонд оролцуулна. Сүүлдээ хамаг хамгаалагчдынхан шөрмөс нь татдаг байв. Ардаа нэг сайн цөлдөг хүнтэй, урдаа нэг гүйдэг хүнтэй баг лигт нилээд явна. Шигшээ багийн бэлтгэл дээр ахмадууд нь хоцорч ирээд бараг л халаалт хийхгүй шууд тоглоно. 3-1-3-3 гэдэг хувилбар солигдож, дөнгөж 3-1-4-2 гэдэг хувилбар руу шилжээд бүх клубууд адилхан хувилбартай байв. Насаараа төвийн хамгаалагч хийсэн Д.Лүмбэнгарав нэг жил довтлогч хийгээд лигийн мэргэн бууч болж байсан нөхцөл байдалтай байсан юм. 

Воикан Брааллушич ирснээр Эрчим клуб системтэй бэлтгэлтэй болж, одоог хүртэл систем нь эвдэгдэхгүй босоо хэвээрээ байна. Бэлтгэлийг төлөвлөгөөтэй, сахилга баттай болгож ачаалал даахгүй тоглогч хасагдаж байсан юм. Нэг хэсэг л Воикан, Эрчим гэдэг яриа тасраагүй юм. Шигшээ баг илүү зохион байгуулалттай болж, тоглолтын арга барил, систем нэвтэрч эхлэв. Байрлал бүрийн үүрэг ролийг тоглогчдод ойлгуулж, багийн тоглогт, сахилга бат эрс нэмэгдэв. Шигшээ багийн тоглолт чанаржиж, цөлдөг, бууддаг тоглолт бага багаар халагдлаа. Бүх дасгалжуулагчид Воиканаас суралцаж, бэлтгэлийг нь очиж үздэг байв. Шигшээ багийн дасгалжуулагч З.Баттулга Воиканы удирдлага дор тоглож, дасгалжуулж явсан. Б.Гарьдмагнай ч ялгаагүй ирээдүйд сайн дасгалжуулагч болох замаа аль хэдийнээ Воиканы ачаар татчихсан явж буй. 

Шууд амжилт хүлээдэг манайхан амжилт гаргахгүй байна гэж гомдоллож эхлэв. Пактай адилхан тоглогчийг цохидог, орой үдэш буудлаас гаргасангүй, бэлтгэлийг хэт ачаалалтай болгож байна гэх мэт явган ярианууд гарсаар сүүлдээ лигийн тоглолтоос хүртэл бандаж байв. Мэдээж адилхан үйлдэлтэй монгол дасгалжуулагчдын шийтгэл өөр.

Манайд гаднаас олон дасгалжуулагчид ирж байлаа. Одоо ч ирж буй. Ихэнх нь зөвхөн тухайн багтаа нөлөө үзүүлдэг, нөлөө нь бага. Угтаа бол цар хүрээ байхгүй. Энэ хоёроос бусад дасгалжуулагчид ур чадвар муу гэж байгаа юм биш. Ур чадвар сайтай мундаг дасгалжуулагчид нилээд байлаа. Харин тухайн ур чадвараа манай хөрсөнд буулгах, заах арга барил, манай орчин нөхцөлд тохирохгүй байх олон шалтгаан байсан юм. Энэ хоёр дасгалжуулагч үнэн сэтгэлээсээ ажилладаг. Тийм учраас уурлаж уцаарлах нь элбэг. Маш өндөр шаардлага тавьж, тэрийгээ заавал хэрэгжүүлэх гэж тоглогчдыг шахна. Харин манай хөрс ямар билээ. Дасгалжуулагч болон бэлтгэлийн мөн чанарыг сайн ойлгодоггүй их зантай тоглогчид. Тэгсэн мөртлөө ачаалал даахгүй, сахилга батгүй, ёс зүй мэдэхгүй, харилцаа нойл, хандлага нойл. Алдаа бүрийг нь хүлээгээд, отоод сууж байдаг бидний нийтлэг төрх. Дэлхийн адагт бичигддэг бид энэ хоёр хүний хүчээр сагс, хөлбөмбөгийн спортоо арай өөр түвшинд хүргэж чадсан. Дэлхийн спортын өндөр түвшинээс ирсэн хүмүүс манайх шиг тэр доор байгаа улсад ирээд уурлаж бухимдах бол юу ч биш. Харин ч бусад гадаад дасгалжуулагчид шиг өөрийнхөө амрыг бодоод, бидний дунд хутгалдахгүй байж болох байсан. Бидний хэрүүлч, алсын хараагүй, сахилга батгүй орчин дунд өөрсдөө хутгалдаж үнэн сэтгэлээсээ сайжруулчих юмсан гэсэн тэр дэврүүн хүсэл, тэр эмоцийг бид ялгаж чадахгүй байна. Манайх шиг олигтой мөнгөгүй, орчингүй улсад энэ хоёроос өөр хэн ирэх юм бэ? Ирсэн хэд нь биеийн амраа л бодно. 

Өнөөдөрын сагсны хөгжил Пактай шууд холбоотой. Халлэлуяа багт хэдэн шинэ хүүхэд аваад монголын лигийн хамгийн үзүүштэй тоглодог баг болгож, Эрдэнэтэд очоод бэлтгэл хийхдээ Эрдэнэбулган гэж лигт ч тоглож үзээгүй тоглогчийг шууд шигшээ багт дуудаж, нөгөөх нь олон улсын тоглолтын эцсийн мөчид тэнцээний оноо авирч байв. Манайдаа л сор болсон дасгалжуулагч О.Баярцогт түүний шавь. Араас нь гарч ирж буй дасгалжуулагчдад шууд Пакын нөлөө байхгүй ч, дам нөлөө асар өндөр. Пак байхгүй бол шинэ залуу дасгалжуулагчид ч ийм байхгүй. 

Өнөөдрийн хөлбөмбөгийн хөгжил Воикантай шууд холбоотой. Дэрэн шиг зохион байгуулалттай тоглодог баг алга. Дэрэн шиг хараал ерөөл хэлдэггүй, сахилга баттай баг монголд байхгүй. Дэрэн шиг хүүхдийн клуб ямарч спортын төрөлд монголд алга. Жилд 6 удаа олон улсын тэмцээнд явж байна. Эрчимын систем өдий болтол дасгалжуулагчтай хамт хадгалагдаж буй. Дан Ахлах сургуулийн хүүхдүүдээр баг босгож монголын лигт Эрчимээс бусад багийг хожсон тохиолдол дэлхийд ч гарахгүй жишээ (2015 он). Монголын Дээд лигт ахлах сургуулийн хүүхдүүдийг авч ороод амжилт үзүүлэх дасгалжуулагч энэ хоёроор өөр байхгүй. Тэд нар нь бүр шигшээ багийн хүүхдүүд биш, зөвхөн өөрсдийнхөн клубын хүүхдүүд шүү дээ. Бидний хардаггүй өөр нэг нөлөө нь өрсөлдөгч монголын багууд нь дагаад сайжирдаг.

Ажаад байхад энэ хоёр дасгалжуулагчийн шаардлагат тэнцээгүй тоглогчид, тэнцээгүй дасгалжуулагчид хамгийн их гомдол тавьдаг. Уг нь сайн тоглогч больё гэвэл өндөр зэрэглэлийн шаардлагыг заавал давах ёстой, чамайг хөөж явуулсан чч би явахгүй гэж хэлээд үлдэх ёстой дасгалжуулагчид бол эд нар. 

Холбоодын бодлого ямарч стратегигүй, хов живээр асуудалд ханддагаас болж ийм мэргэжилтнүүдийн зай хумигдана. Гадаад дасгалжуулагч бүр өөр. Манайд тохирох дасгалжуулагчид, манайх шиг доор байгаа улсад тохирох хүмүүс тусдаа шүү! Гаднаас ирж буй болгон ур чадвартай, гэхдээ нөлөө нь чухал.

Дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нөлөө

Харин гадаадад дасгалжуулагчид ямар байна вэ?

Дасгалжуулагчийн ангилал, сургалт бүх түвшиндөө ялгаатай болжээ. Бага ангийн багш 1-4 ангид хүүхдээ сургаад дунд ангид оруулдаг шиг анхан шатны техник, сургалтыг заадаг дасгалжуулагчид тухайн спорт хөгжих суурь болж буй. Улс спортоо хөгжүүлэх хамгийн том алхам бол энэ. Тухайн спортоо заахаас илүү дуртай болгох, тамирчин хүний сахилга бат, хандлага, суурь техник гэх мэт зүйлсийг заана. Ингэж дээшилсээр оргил нь мэргэжлийн спортын дасгалжуулагч. Одоо дасгалжуулагч нь мэнэжэр гэдэг дараагийн шатанд орчихсон явж буй. Яахав Хойд Америкийн лигүүдэд арай өөр зарчим үйлчилж байгаа ч, агуулга нь адилхан. 

Хөндөх сэдэв маань дасгалжуулагчийн нөлөө. Орчин үед хөлбөмбөгийн хамгийн нөлөөтэй дасгалжуулагч Пэп Гуардиола болоод буй. Яагаад гэж үү? Гуардиола очсон газар бүртээ соёл түгээж, хөгжлийн үр цацаж байна. Дасгалжуулагчид бүгд хожил байгуулж амжилт гаргах, бизнесийн ашиг орлогыг хөгжүүлэх давхар үүрэгтэй. Клуб бүр ийм дасгалжуулагчийн мөрөөдөлд умбадаг бол зарим нь ийм чадвар дээр нэмэлт ур чадвар тээж явдаг. Гуардиолагийн нэмэлт чадвар бол тоглогчдын хөлбөмбөгийн боловсролыг нэмж, нүдийг нь нээж өгөх юм. Түүнийг Барсэлонаг удирдаж байхад том тэмцээнд олигтой явдаггүй Испанийн шигшээ 3 том тэмцээнд дарааллан түрүүлж байлаа. Дараа нь Байерн Мюнхэнд очсоны дараа Герман шигшээ дэлхийд ноёлж эхэлсэн. Үндсэн шалтгаан нь тоглогчдын тактикийн мэдлэг, хамтын сэтгэлгээг хөгжүүлсэн явдал юм. Тактик болон багийн ажиллагааны асар өндөр чадвартай болсон тамирчид нэмээд хувийн чадвар сайн бол тэднийг зогсооход бэрх. Өрсөлдөгч багуудын тоглолт хүртэл хэт сайн багийн эсрэг тоглосоор байгаад дагаж сайжирсан. Испанийн дундаж клубууд европийн тэмцээнд бусад лигийн багуудаас давуутай тоглож байсан нь Гуардиолагийн нөлөөний гавьяа. 

Гуардиола одоо англид ирсэн. Нэг асуудал байгаа нь Испани, Германы том клубууд шиг англи тоглогчид Манчэстэр Ситид тийм ч олон биш. Энэ нь Английн шигшээд нөлөөлөх хүчин зүйл нь, Испани, Германы шигшээд нөлөөлсөнд хүрэхгүй байх магадлалтай. Харин английн клубууд хөшүүн, хүчний, агаарын тоглолт зонхилсон тоглолтоосоо бага багаар татгалзаж эхэлнэ. Энэ арга барил нь тэдний европийн том клубуудэд арчуулдаг байсны гол шалтгаан юм. Та бүхэн анзаарсан бол Гуардиола гарч ирснээс хойш английн багуудын ноёрхол багасаж английн клубуудын тоглолтын хэв маяг тактикийн шинэчлэлд бут цохиулсан. 

Австри дасгалжуулагч Карл Раппэний Швейцарын шигшээд хэрэгжүүлсэн катеначчиогоор италичууд дэлхийг байлдан дагуулсан бол, Ринүс Михэлсийн Тotal Football дэлхийн хөлбөмбөгт дэвшил авчирсан. Эдгээр системүүд одоог хүртэл нурж уналгүй, дараагийн өнгө төрхөө сайн дасгалжуулагчдын хүчээр сольсоор байна. Ийм жишээнүүд олон дурьдаж болох ч, сүүлийн үеийн жишээг түлхүү оруулахыг хичээлээ.

NBA-д Стив Кэрр тактикийн томоохон шинэчлэл хийж байна. Гуардиолагийн 2008 онд дасгалжуулсан багийн 2010, 2011 оны хувилбар ирж буй мэт. 2010 онд Интэр Миланд хожигдсон хэдий ч, Исландад болсон галт уулын балгаар Барсэлонагийн тоглогчид Милан руу газраар явсантай холбож тайлбарлаж болно. Тэгээд ч нэг удаагийн хожигдлоор бүтэн тактикийн шинэчлэлийг буруутгана гэж юу байхав. 

2015 оны Голдэн Стэйтэд яг энэ гээд хэлчих сүпэр од байгаагүй. Көрри сүпэр од болох эхлэлээ тавьж байсан бөгөөд Көрри, Томпсон, Барнэс, Грийн, Богут болон сэлгээн Ливингстон, Игуодала, Эзэли, Барбоза, Спэйтс гэсэн бүрэлдэхүүнтэй аварга болж байв. Кэррийн хувилбар, шинэчлэл дунд тоглогчдын өсөлт хөгжил илт сайжирсан. Жижиг тавтад суурилсан хурдан довтолгоо, нягт хамгаалалт, холын шидэлтүүд NBA-гийн бусад багуудыг хиар цохих болж, улирлын тоглолтонд 73-9 гэсэн амжилт гаргах нөхцөл болсон. Тоглогч солигдсон ч систем ажиллаж байгаа нөхцөлд тэдний замд хэн ч саад болж чадаагүй. Дунд нь сул талаа засан ур чадварын шинэчлэлийг хийж Дюрантыг систем рүү оруулсан. Ингэснээр төгс багийн тоглолт бий болж, ямарч сүпэр одууд гурав, дөрвөөрөө нэгдсэн байсан ч Голдэн Стэит Варриорсыг яаж зогсоох талаар ам уралдан ярьж байна. Кэррийн жижиг тавтад зориулсан сагсанбөмбөг гэдэг нь тоглогчид ямар үед яаж тоглох талаарх тактикийн мэдлэгээ нэмэгдүүлсэн чадвар юм. 

Грэгг Попович гэдэг дасгалжуулагчийн нөлөө ямар олон цэцэглэж байгаа бид харж болно. Энэ бол дасгалжуулагчийн нөлөө.

Нэг хүний спорт тухайлбал бөхийн төрлүүдэд дасгалжуулагчийн нөлөө харьцангуй их болжээ. Хөгжиж буй улсуудад дасгалжуулагчийн 20-30 хувийн нөлөөг авч, үлдсэн бүх хувиа өөрөө бий болгон дэлхийд амжилт гаргаж байгаа тамирчид бий. Гэвч энэ нь насжилт бага. Нэг, хоёр удаагийн амжилтаар л хэмжигдэнэ. Харин дасгалжуулагчийн нөлөөг 80-90 хувьтай авч буй бөхчүүд дэлхийн дэвжээнд удаан хугацаанд амжилт гаргах нөхцөл бүрддэг юм. Ерөнхий дасгалжуулагч хажуудаа 4-8 туслах дасгалжуулагчтай бөгөөд туслах дасгалжуулагчдын мэдээллийг нэгтгэж дүгнэлтээ гаргадаг загвар руу шилжээд байна. Биомеханикч яаж жин хасах, булчинг доороо масстай байна уу үгүй юу гэдгийг тогтоож жин хасах аргачлалаа гараж ерөнхий дасгалжуулагчдаа өгнө. Дасгалжуулалт, хүний бие, сэтгэл зүй гэх мэт олон талын мэргэжлийн дасгалжуулагчдаар өөрийгөө хүрээлүүлж шийдвэр гаргана. 

Манайд одоог хүртэл монгол дасгалжуулагчийн спортын хөгжилдөө нөлөөлөх нөлөө бага байна. Нэг сайн тоглогч, бөх гаргасан дасгалжуулагч яагаад хоёр, гурав дахь сайн шавиа гаргахгүй байна вэ!Тухайн од болсон тамирчинд дасгалжуулагчийн нөлөө тун бага байж, өөрөө өөрийгөө бэлдэж гарч ирсэн гэдэг тайлбар илүү үнэнд дөхөх биз. Зөвхөн амжилт гаргадаг дасгалжуулагчид байдаг, харин бидэнд эхний ээлжинд хөгжилд нөлөө үзүүлдэг дасгалжуулагчид хэрэгтэй.

Бидэнд тоглогчид бий, сайн тамирчид байна. Харин сайн дасгалжуулагч, мэргэжилтэн, холбоодын алсын стратеги гэдэг зүйл алга. Соёлын үр тарьдаг спортын “сэхээтэн” хэн байна. Таньд нэрлэчихээр хүн олдохгүй. Спортын салбарт маань олон асуудал байна, миний хувьд ердөө нэг хэсгийг хөндсөн нь энэ. 


2017.10.25