Чингис хааны одонг гардуулах үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгт хийсэн задлан шинжилгээ
Үгэн дотор үг бий
Үхэр дотор гиваан бий
Ардын үг
Үгийн үнэлэмж
Улстөрчид, удирдагчдын язгуурын санаа бодол, цаашдын эрмэлзлэл илрэн гарах мөч нь олон нийтэд хандаж хэлсэн үг нь байдаг.
Өмнөд хөршийнхөнтэй ажил хэргийн шугамаар олон удаа уулзаж байхдаа миний анзаарсан зүйл бол тэд удирдагчдынхаа хэлсэн үгийг маш анхааралтай ажиглаж, дүн шинжилгээ хийгээд түүнээс өөрийнхөө ажилд юуг мөрдлөг болгох, юунд зорихоо тодорхой болгож байдаг. Жишээ нь тэд 2014 онд Си Зиньпин Монгол Улсад айлчлахдаа УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийг надаас асууж, “Дарга Хятад, Монголын харилцаанд харилцан ашигтай байх, зарим нэг төсөл дээр Монголын талд ашигтай байхад анхаарч ажиллана гэсэн шүү” гэх мэтээр ярьж байхтай таарч байлаа. Хятадын практикт мөрийн хөтөлбөр, журам гэх бичиг баримтаас илүүтэй даргын үг чухал ажээ. Даргын үгийг хэр ойлгож, хэр хэрэгжүүлж чадна тэр хэмжээгээр ажлаа үнэлүүлдэг юм байх.
Манайд бол асуудалд яг эсрэгээр ханддаг. Хятадууд энэ тал дээр “Танай монголчууд ёс журамгүй шүү. Танай дарга Ц.Элбэгдорж тэгэж хэлсэн ш дээ, та нар одоо ингээч” гэхээр “Аа, муу хүзүүгүй новш чалчиж л байдаг юм” гээд огт үл тоодог хэмээн гайхаж байлаа. Үнэндээ ч тийм. Нэг талдаа өнөөх нь байнга шахуу худал ярьдаг, хөөргөн хоосон үг хэлдэг ч байх, нөгөө талдаа сонгосон удирдагчийнхаа үгийг сонсохоо больчихжээ, бид.
БАРУУНЫ УЛС ОРНУУДАД УДИРДАГЧДЫГ ҮГ ХЭЛСЭН ДАРУЙД ЗАДЛАН ШИНЖЛЭХ, ХЭЛЭЛЦЭХ, МЭТГЭЛЦЭХ ЖИШИГ АМЬДРАЛЫНХ НЬ ХЭМ ХЭМЖЭЭ БОЛЖЭЭ.
Саяхан Вьетнамд болсон АПЕК-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлсэн үг олон улсын тоймчид, судлаачдын шинжилгээгээр орж, нэг хэсэгтээ энэ үгийг тойруулан мэдээлэл бэлтгэж байв.
Шинэ жишиг
“Үндэстний ТОЙМ” сэтгүүл ертөнцийн жишгийг баримтлан улстөрчдийн хэлсэн үгэнд шинжилгээ хийдэг уламжлал тогтоохоор зорьж байгаа бөгөөд энэ удаад Эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой - Монгол бахархлын өдрөөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг сонгож авлаа. Тэрээр өмнөх Ерөнхийлөгч шиг байн байн үг хэлээд байхгүй ч үе үе жинтэй, утга гүнзгий үгс хэлж байгааг дурдах нь зүй.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд тогтож анзаарах ёстой хэд хэдэн зүйл дурдагдав. Эхнийх нь: “Чингис хаан бол ертөнцийн явдлыг эрт таньж, амьдралын мөн чанар, утга учрыг энгүүнээр номлодог суу билэгтэн байлаа. Тэрбээр хоосон тансаглал, ихэрхлийг жигшин үздэг,
“өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгах, ард иргэдээ нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжих, юуг ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл”
байхыг сурган номлох төдийгүй өөрийн биеэр үлгэрлэн хэрэгжүүлсэн удирдагч байсан. Их хаан атлаа
“ҮХЭРЧИН, АДУУЧИН ЛУГАА АДИЛ ХУВЦАСЛАЖ, ИЖИЛ ХООЛЛОДОГ”
ард олныхоо адил энгүүн амьдралыг дээдлэдэг удирдагч байлаа. 855 жилийн өмнө төрсөн хүн гэхэд XXI зууны түгээмэл суртлыг үйл ажиллагаандаа хэвшүүлчихсэн их удирдагч бол дэлхийд цор ганц Чингис хаан байв”.
Эх сурвалж нь арш Чан Чунь хэмээх бичгийн хүнд Их хаанаас илгээсэн захидал болон Чан Чуний Монголоор аялж, хаантай уулзсан тэмдэглэл юм байна. Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн мөнгөөр тансаглах, хувийн ашиг сонирхолд ашиглах, сонгогдсон улстөрчид чамирхаж, сүржигнэж, гангарахыг таашаахгүй гэдгээ тодорхой илэрхийлжээ. Харьцуулахад өмнөх Ерөнхийлөгч ганган чамин дээлийг өнгө өнгөөр нь ээлжлэн өмсөж, байсхийгээд л малгай, дээл, бүсний шинэ загвар танилцуулдаг нэгэн байв. Загварын шоунд уригдах хэмжээнд очсон гэх шог яриа ч гарч байлаа. АСЕМ-ын уулзалтын үеэрх алдарт фото бий. Ц.Элбэгдорж улаан шунхан дээлийнхээ хээг Ангела Меркельд хүүхэд аятай гайхуулан суух мөчийг ажигч зурагчин мөнхөлсөн. Бас нэг алдартай фото бий. Алт мөнгөөр чимэглэгдсэн, чамин нь дэндсэн хүнд нүсэр бүсээ өөрөө зүүж чадахгүйд хүрч, хамгаалагч нь хүч гарган бүслэж өгч байгаа зураг нь нйигмийн сүлжээгээр тархаж байлаа. Ийн атал Х.Баттулгын хэлсэн үгийг өөнтөглөн “Чингис хаан адуучин, үхэрчин шигээ хоолож хувцасладагийг дэргэдээс нь харчихсан юм шиг ярьж байх шив” гэхчилэн зарим хүн бичүүлж сууна. Тухайн цаг дор Их хаантай уулзаад, хараад, ойлгосон бичгийн мэргэний тэмдэглэлээс эшлэж гэдгийг мэдэж авмаар байна аа! Жаахан юм унш, судла. Дараа нь өөнтөглөвөл оновчтой болдог юм.
Гол нь шинэ Ерөнхийлөгч элдэв тансаглал, сүржигнэлээс хол хүн болохоо амьдрал дээр харуулж буй. НҮБ-ын чуулган, Давосын форум гэх мэт ямар ч өгөөжгүй, зардал мөнгө үрсэн, хувийн нэр хүндээ өсгөхөд илүү анхаарсан арга хэмжээнд шаардлага гарахгүй л бол очихгүй гэдгээ хэлсэн. Их тэнгэрийн харшид тансаглахаас татгалзан албан ажилтайгаа ойр газар амьдраад, алхаж явахыгаа илүүд үзсэн. Яаралтай ажилгүй үедээ гарцан дээр зогсож, иргэдийг нэвтрүүлчихээд хөдлөж байна. Одоогоор шинэ, хээ хуар дүүрэн дээл хийлгэж өмсөөгүй явна. Үг, үйлдэл нь авцалдаатай прагматик хүн болохоо хангалттай харуулж байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга цааш нь “Үндэстнийхээ түүх, уламжлалыг сайтар мэддэг их удирдагчийн хувиар Чингис хаан бээр
“Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж эмээмүй”
хэмээн айлдаж байжээ. Евроазийг дамнасан их гүрний эзэн хааны сууринаас ингэж хэлж байсан гэдэг түүнийг ёс зүйтэй, өгөөмөр сэтгэлтэй хүн байсныг илтгэдэг. Гэтэл өнөөгийн улстөрчид, төрийн алба хашиж яваа хүмүүсийн олонхи нь ямархуу байдалтай, ямархан сэтгэлтэй байгаа билээ? Төрийн өндөр албан тушаалд очсныгоо ихэд санаж, Үндсэн хуулиар нийтийн өмч болохыг нь зарлан тунхагласан баялгаас хумслан, тансаглалд умбан бялуурч байгаа өчүүхэн сэтгэлт улстөрчдөд тэнгэрийн бошиг буухыг урьдчилан дохиолсон Чингис хааны билэг буй” гэж хэлжээ.
Энэ бол Үндсэн хуулийн 6.1 дэх заалт газрын баялаг нийт ард түмнийх гэдгийг умартаж, цөөнхийн баяжих хэрэгсэл болгон хувиргаж үндэстнээ ядууруулан гуйлгачлуулсан улстөрчдөд хандаж хэлсэн чанга мессэж мөн. Гаднынхны шуналыг бадраан түрээ барих замаар өөрсөддөө унац гарган, лиценз хэмээх бичгээр өчнөөн саяар нь уутлаж суудаг хүмүүст шударга ёсны хариуцлага, хуулийн буулт ирэх өдөр айсуйг дохиолсон үг. Монголын улстөрчид сав л хийвэл тэр улсад ингэдэг, олон улсад тэгдэг хэмээн бүхнийг хуулбарлах, даган дууриах заншилтай.
Шинэ Ерөнхийлөгч эсрэгээр “Бидний өнгөрсөн 27 жилд гаргасан түгээмэл, давтамжтай алдаа бол үндэсний онцлог, үндэсний өвөрмөц нөхцөл байдлыг үл хэрэгсэн гадаадын туршлага нэрээр элдэв туршилт, хууль заалтуудыг нэвтрүүлж ирсэн явдал байдаг. Энэ бол өнөөгийн хамгийн том алдаа юм болов уу” хэмээн дүгнэдэг аж. Бодолдоо үнэнч тэрээр саяхан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг дээр цаазын ялыг сэргээх тухайд “Дэлхийн улс орнуудаас одоо 58 улс цаазын ялыг хэрэглэсэн хэвээр байгаа дотор бидний хөгжилтэй орон хэмээн даган дууриахыг хүсдэг Япон, АНУ зэрэг улсууд ч бий. Бид үндэснийхээ эрх ашгийг эхлэж бодох ёстой. Цаазаар авах ялыг “хүмүүнлэг бус” хэмээн үзэж, хэрэглэхгүй байх уриалга олон улсад тархаж байдаг. Гэвч өөрийгөө хамгаалах чадваргүй багачуудыг зэрлэгээр хөнөөж, тарчилган, тэдний амьд явах эрхийг бусниулсан гэмтнүүдэд амьд үлдэх эрх байх ёстой юу гэдгээр сошиалаар, бусад сүлжээгээр санал асуулга явуулах хэрэгтэй болов уу” хэмээн байр сууриа бататгажээ. Өмнөх бүх Ерөнхийлөгч аливаад үндэсний онцлог, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавих талаар ганхийж байгаагүй юм. Бүгд “тэнд ингэдэг, энд тэгдэг, тэрийг авъя, энийг дагая” л гэдэг байлаа. Өөрийнхөө байж, өөрсдийнхөөрөө хөгжих цаг ирсэн баймаар юм даа, одоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга уламжлал ёсоор Чингис хааны одонг гардуулах болсноо зарлаад “Спортын салбарынхнаас Н.Түвшинбаярт анхлан энэ хүндэт шагналыг олгож байна. Монголчуудын эв эвдэрч, сэтгэл санаа булингартан, түгшүүр бухимдал буглан байсан хар өдрүүдийг олимпийн анхны аварга төрөн гарсан баярт мэдээ хэрхэн гэрэлтүүлж, эвлэлдүүлэн нэгдүүлж, баясган хөөргөж байсныг монгол түмэн мартах учиргүй. Н.Түвшинбаяр бол нийт монголчуудын эх оронч үзлийг бадрааж, үндэстнээ дээдлэх сэтгэлийг нь оргилуулан бадраасан гавьяатан билээ. Н.Түвшинбаяр нь шаргуу хөдөлмөр зүтгэлийн эзэн төдийгүй ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чанд ухамсарлаж, хариуцсан ажлаа дээд зэргээр гүйцэтгэхийн жишгийг бодитоор харуулж, амжилтын оргилыг байнга дээшлүүлэн өргөж байхын үнэ цэнийг илтгэн харуулсан сод тамирчин билээ” хэмээн цохон дурджээ.
Гэтэл зарим хүн шагналын өмнөх өдрүүдэд “бөхчүүд, тамирчдыг л шагнаад байх юм өөр хүмүүс байдаггүй юм уу, урлаг соёл, шинжлэх ухааныхандаа өгөөч” гэхчилэн шуурч байсныг бүгд санаж байгаа байх. Чингис хааны одонг өмнө нь урлагийн салбараас 3 хүн, шинжлэх ухаанаас 1 хүн авч байв. Спортоос анхных нь Н.Түвшинбаяр болсон юм. Түүнээс өөр ямар хүн энэ цаг үед үндэстнээ эвлэрэлд дуудсан юм бэ? Өөр хэн амжилтдаа бялууралгүй, гурван олимп дараалан тогтмол амжилт үзүүлэв? гээд асуухад хариулчих хүн байна уу. Ийм явган хэрүүлч яахав, гол олзуурхах үг нь ард бий.
Ерөнхийлөгч Х.Баттулга
Найдангийн Түвшинбаярт Чингис хааны одонг гардуулахдаа би төрийн албан хаагчид, улстөрчид, хууль тогтоогчдыг түүн шиг эрхэлсэн ажилдаа гаргуун байж, төр түмнийхээ өмнө гавьяа байгуулах сэдлийг тээж яваасай хэмээн хүсч байгаа юм. Улстөрчид төрийн албан тушаал хашсан он дараалал, эрэмбээрээ бус ард түмнийхээ өмнө хийсэн ажил, байгуулсан гавьяагаараа Их хааны нэрэмжит шагналыг хүртдэг байгаасай хэмээн уриалж байна. Авлигатай тэмцэх үүрэгтэн нь ажлаа хийсэн шиг хийдэг, хууль тогтоох байгууллагад сонгогдсон нь хуулиа боловсруулсан шиг боловсруулж, батласан шиг баталдаг, Засгийн газрыг удирдаж байгаа нь Ерөнхий сайд шиг сайд байх нь ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, гүйцээн биелүүлж байгаагийн илрэл юм. Хариуцсан ажлаа хийсэн шиг хийсэн хүнийг түмэн олон гавьяатан хэмээн үнэлдэг агаад тийм хүмүүст Их хааны нэрэмжит шагнал нээлттэй байх нь дамжиггүй.
Энэ бол нийгмийн олонхийн санаа бодлын шууд тусгал болсон үг. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс нэгэндээ саймширч, байгуулсан гавьяа зүтгэл нь үл олдох, үл ойлгогдох хүмүүст одон шагнадаг нь уламжлал мэт болсон зүйл. Ийм балмад заншлыг шинэ Ерөнхийлөгч хална, жинхэнэ гавьяатнуудад л шагнал очих болно гэдгийг хэллээ. Үнэхээр ч Чингис хааны одонт Д.Дэмбэрэл гэж улстөрч ард олондоо дуурсагдахаар ямар гавьяатайг шагнал өгөгчөөс өөр хэн ч үл мэднэ. Олон жил улс төрд суудал бөглөсөн нь гавьяа юм уу, одон тараагчтай нэг нутаг усных гэдэг нь чухал юм уу, бүү мэд.
Харьцуулахад манай АТГ-ын газрын дарга эрх баригч намын даргын гэрээр очиж, сөгдөн золгохоос өөрөөр олонд танигдаагүй байхад Румын улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга 44 настай эмэгтэй Лауру Ковеши эрхэлсэн ажлаа хийсэн шиг хийдгээрээ эх орондоо төдийгүй олон улсад гайхагдаж, хүндлэгдэж байна. Тэр эмэгтэй Х.Энхжаргал шиг тансаг олон өрөөтэй байранд бус жирийн 2 өрөө орон сууцанд амьдардаг. Тэр хэзээ ч намын дарга нарын гэрээр хэсүүчилдэггүй эсрэгээр гэм хийсэн бол хэнийг ч ялгалгүй хуулийг сахиулдаг. Ард түмэн нь Л.Ковешиг итгэл даах хүмүүсийн жагсаалтад нэгдүгээрт бичсэн. Ерөнхийлөгчийн ойрмогхон хэлсэн үгэнд шинжилгээ хийхэд нэг иймэрхүү.
Г.Мөнгөнчимэг
Үндэстний ТОЙМ №345
Нэргүй
Э.Баттулга
Zochin.
зочин
Зочин
Зочин
зочин
Адуучин
dd
Зочин
Гарчигныхаа
Зочин
Jav
Дэмжигч
Зочин
TGT
TGT
Судлаач