Хар эхлэл

Хар мэдээ цуврана. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 25 настай Э хадам ээж Б-гийн амь насыг хөнөөж, гурван хүнийг барьцаалав, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 25 настай Ш эхнэрээ хороож өөрийгөө егүүтгэжээ, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э гэгч нь аав, ээж, охин гурвыг хэрцгийгээр хороосон байна, цагдаагийн ажилтан бүсгүйг 70 гаруй удаа хутгалан хөнөөсөн хэрэгт өсвөр насны 4 хүүхэд холбогдов, PC тоглоомын газарт найзыгаа буудан хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэжээ гэх мэтээр. Зөвхөн энэ онд үйлдэгдсэн онц ноцтой хэргүүдийн зах зухаас нь жагсаахад иймэрхүү. Иргэн А нь Б-тэй маргалдан мэс хэрэглэн хороосон тухай мэдээ нийтлэгддэг байсан цаг үе ард өнгөрч А нь Б-г гэр бүлтэй нь хүйс тэмтрээд зогсохгүй нохой муурыг нь ч орхилгүй харгисладаг болж байгааг хэвлэл мэдээллийн аль ч хуудаснаас харж болохоор байна. Хэрцгийгээр олон удаа хутгалжээ, бууджээ, шатаажээ, хүчирхийлжээ, боомилжээ, мөчилжээ гэх зэргээр хэргийн үйл явц цочирдмоор.



Гэмт хэрэг өсчээ, Улаанбаатар аллагын хот боллоо, ийм аймшигт нийгэмд иргэд дагжин чичирч байна гэсэн утга өгүүлж олны анхаарлыг татах гэсэн зорилго алга. Гэмт хэрэгтнүүд улам харгис хэрцгий болоод буй нь анзаарагдсан тул энэ тухай хөндөхөөр шийдлээ. Детектив зохиолч ч атаархам авир гаргасан гэмт хэрэгтнүүдийн хэрэг хийх болсон шалтгаан нь улам л утга учиргүй, зөвхөн өс хонзонгийн сэдэлттэй, өчүүхэн үл ялиг зүйлээс үүдэлтэй болсон нь гайхмаар. Ийм алуурчид үүсч бий болсон учир шалтгааныг хэрхэн харж болох тухай хоёр зочин маань ийн ярьж байна.

Бие хүн талаас нь судлая


Г.Оюунболд: Нийгмийн халамжийн бодлого гэмт хэргийн шалтгаан болж байгаа тохиолдол бий. Цагдаагийн ажилтнууд 21 мянга битгий буугаасай гэлцдэг, шаналдаг. Тэр орой гэмт хэргийн тоо 3-4 дахин ихэсдэг.

Онц гэмт хэргийн талаар цагдаагийн мэргэжилтнүүд “Архидалтаас болж байна” гэсэн улиг болсон ганцхан тайлбарыг хэлдэг. Ийм тодорхой бус зүйл рүү хамаг бурууг чихчихээд үндсэн шалтгааныг хайхарч байгаа хүн алга. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хэдэн хувь нь сэтгэцийн согогтой, өөрчлөлттэй байна вэ гэдгийг тогтоосон зүйл үгүй. Шүүх эмч нар гэмт хэрэгтэнтэй хэсэг хугацаанд ярилцаад л хэрэг хариуцах чадвартай эсэх талаар хялбархан дүгнэлт гаргадаг үндсэндээ кримнологи буюу Монголын гэмт хэрэг судлалд гэмт бие хүнийг судалгаа орхигдсон гэж хэлж болно. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, криминологич Г.Оюунболд гэмт хэрэгтнүүдийг бие хүн талаас нь судалж байя гэсэн саналтай байна. Түүний харж, судалж буйгаар онц гэмт хэрэг үйлдэгсэд нь дан хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй байдаг, тэр нь тодорхой хүчин зүйлээр өдөөгдсөн, ухамсарын байдал дорой түвшинд шилжсэн байх нь элбэг гэнэ. Энэ хүн ямар шалтгааны улмаас хүний амь хөнөөв, ямар сэтгэцийн өвчтэй болоод ийм харгис араншин гаргав, хүүхэд насанд нь дарамт, хүчирхийлэл байсан уу гэх зэргээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх явдал бидэнд үгүйгдэж байгаа юм.

Ялын тогтолцоо харгислалыг төрүүлдэг

Эхнэрээ зодоод нэг хоёр удаа эрүүлжүүлэгддэг эрийг энгийн зөрчил гаргасан гэж үзээд буцаагаад явуулчихдаг. Хэд хэдэн удаагийн иймэрхүү жижигхэн зөрчлийн эцэст нөхөр нь эхнэрээ, эсвэл эхнэр нь нөхрөө хороосон гэмт хэрэг үүддэг тал бий. Хүний амь хороосон гэмт хэргийн 80 хувь нь ахуйн хүрээнд болдог. Тэрхүү 80 хувийн доторх ахиад 80 хувь нь танхайрах зэргээр өмнө нь гэмт явдалд орооцолдож байсан хүмүүс байгаа нь тогтоогджээ. Шоронгоос суллагдсан хүмүүст хяналт тавьдаг тусгайлсан бүтэц манай улсад үгүй. Иймд маш хэрцгий харгис гэмт хэрэг үйлдэгсэд өмнө нь ямар нэгэн жижиг хэргээр ял эдэлж байсан түүх олон байдаг гэнэ. Шоронгийн зан үйл, зүй бус харилцаанд суралцаж, араатан мэт болчихоод суллагддаг ийм хүмүүс “төрөн гарахад” манай ялын тогтолцоо буруутай гэж Г.Оюунболд үзэж байна. Энд ганцхан жишээ дурдахад тодорхой болно. 2009 оны зун өршөөлөөр суллагдангуутаа Булган аймагт насанд хүрээгүй охиныг хүчирхийлээд, дараа нь хэрцгийлэн хороосон Тулга гэгч анх хулгай хийгээд шоронд оржээ. Суллагдан гарч ирээд дээрэм хийн, буцаад аавын хаалга татсан түүний гурав дахь удаагийн гэмт үйлдэл нь хүчирхийлэл, аллага байлаа. Шат өгсөж буй мэт үйлдэл нь улам хэрцгий болсоор байгааг шоронгийн муу зан үйлд суралцан, “мэргэжил дээшлүүлсэнтэй” холбож тайлбарлана. Гадаадын туршлагаас харахад ийм байдалд хүргэхгүйн тулд ял тохиролцох механизмыг хэрэглэдэг.

Гэмт хэрэгтэн буруутай гэдгээ хүлээн зөвшөөрвөл ялыг нь багасгаж, маш хурдан хугацаанд шийдэж өгдөг тогтолцоог ял тохиролцох гэдэг юм байна. Энэ нь чухамдаа хүмүүсийг хүмүүжүүлэх шинж чанартай юм. Хэрвээ чи гэм буруутайгаа хүлээвэл бага ял өгнө, эсвэл тэнсэн харгалзъя, дахин ирвэл хорино шүү гэсэн утгатай. Гэм буруугаа хүлээж, өөрийн буруугаа мэдэрсэн гэмт этгээдийн сэтгэл санаа ч хөнгөрдөг. Дараа нь өөртөө дүгнэлт хийх нь олонтаа. Ингэж тэдний ял шийтгэл нь хүмүүжлийн нөлөө үзүүлдэг бол манай ял шийтгэлийн тогтолцоо нь гэмт хэргийн шалтгаан болдог гэнэ. Монголд гэмт үйлдэл хийсэн хүн хэргээ хүлээсэн, хүлээгээгүй заавал ял үүрдэг учраас “би хийгээгүй, би алаагүй” гээд тас гүрийн өөртөө, сэтгэлдээ ямар ч зүйл мэдэрч хоцордоггүй. Ийм л зөвхөн цээрлүүлэх зорилготой тогтолцоо бийг мэргэжлийн хүн ярилаа.

Хэвлэл мэдээлэл буруутай юу?



Б.Ууганцэцэг: Бидний юмыг үнэлж байгаа үнэлэмж хялбархан, хүний амь бол юу ч биш гэх хэмжээний сэтгэлгээтэй болж байна. Өөрийгөө гэмтээж, шийтгэж, бэртээж байгаа хүн бол бусдыг гомдоож, асуудал үүсгэхэд бэлэн байдаг.


Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэлзүйч Б.Ууганцэцэг гэмт хэргийн шалтгааныг өөр талаас нь харж байна. Нийгэмд хамгийн их нөлөө үзүүлдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээс их зүйл шалтгаалж байна гэж тэр хэллээ. Хүчирхийлэл, гэмт хэргийн тухай мэдээллийг хэрэгслүүд ямар ч хязгаарлалтгүй, тогтоосон цаг наргүй цацаж байгааг шүүмжилж байна. Гэмт хэрэгтэн өмнө үйлдэгдсэн гэмт хэргээс сэдэл авах нь их. Сэлэнгэд олон айлын байшин шатаасан хүүхдүүд Чаки Чаны киноноос сэдэл авсан тохиолдол гарсан. Ер нь гэмт хэргийн тохиолдол болгон урьдын ямар нэгэн зүйлээс зайлшгүй сэдэл авсан байдаг ажээ.

Хүн сайхан мэдээллээс илүү асуудалтай мэдээллийг сонгодог байна. Сайн, сайхан мэдээг нэг хүн гурван хүнд дамжуулдаг бол муу мэдээг 13 хүнд хүргэдэг гэнэ. 3х13 гэсэн цуурхлын зарчмаар муу мэдээлэл нийгэмд хурдан тархдаг. Гэтэл Монголд өнөөдөр “үйлдвэрлэгдэж” нийт мэдээллийн 35 хувь нь зөвхөн гэмт хэргийн тухай байгаа нь судалгаагаар нотлогдож байна. Хүчирхийлэл бүхий кино, нэвтрүүлэг, мэдээлэл зэргийг бид ухамсаргүй даган дууриаж байдаг аж. Дундаж наслалт дээрээ нэг хүн 15 мянган хүнд нөлөөлж, 15 хүнээс нөлөөлөл авч түүгээрээ хүн болох төлөвшилтөө тогтоож байдаг учир муу нөлөөлөлтэй ийм нийгмээс тэр хүний ямар дүр төрхийг өөртөө суулгах нь тодорхой.

Нийгмийн сэтгэлзүй

Эрүүл мэндийн хуулинд сэтгэцийн гурван түвшинг заажээ. Эрүүл, тулгамдсан асуудалтай, эмгэгтэй гэж. Манай хүн амын 75 хувь нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай байгааг Б.Ууганцэцэг хэллээ. Тулгамдсан асуудалтай гэдэг нь сэтгэцийн эмгэгтэй болоход ойртсон байнаа гэсэн үг. Тулгамдсан асуудалтай хүмүүс дотроо түмэн асуудал тээж явдаг, тэр асуудлаа шийдэж чаддаггүй, шийдэхээсээ ч айдаг айдастай болчихдог учир хөл алдах нь амархан. Өөрөөр хэлбэл, сэтгэл түвшин амьдарч чадахгүй байгаа иргэн олонтой нийгэмд ямар ч хэрцгий асуудал гаргах магадал өндөр.

Монголын залуучуудын хувьд чиг баримжаагаа алдсан, яахаа мэдэхээ байчихсан тохиолдол олон гэнэ. Хувь хүний үнэт зүйл, баримжаа чиглэл, өөртөө итгэх итгэл, амьдралын утга учиргүй тэд хүний амьдралын хамгийн чухал зүйл болох зорилгоо ухаарч чадахгүй байгаа учраас гэмт хэрэгт орооцолдохдоо амархан байна гэж дүгнэж болох нь. Миний дотор яг юу болоод байна, би юу хүсээд байна вэ, хаашаа яваад байна, долоо хоногийн дараа юу хийсэн байх юм, сарын дараа хаана байх ёстой вэ гэдгээ тодорхойлох нь нийгэмдээ буруу гишгэлт хийлгүй явах хамгийн эхний зөв алхам гэнэ, залуу хүний хувьд.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл №37 2011.09.19