Хөгжлийн банкны зээл олголтын хүүний болон валютын ялгаварлал анхаарал татаж эхэллээ!
-Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлүүд чанаргүй, “хүчээр тулгасан” ам.долларын зээлүүд чанартай төлөгдөж байна-
Хөгжлийн банкны олгосон зээлийн тайлангаас харж байхад зээлдэгчдэд зээлийн нөхцлөө тулгасан, үүний улмаас үйлдвэрлэгчдийг сөхрүүлсэн бодлогын алдаанууд цөөнгүй харагдаж байна. Үүний горыг тухайн зээлдэгчид зээлийн тайлан ил болсноос хойш мэдэж байгаа учраас тэдэнд нийтээрээ “Хөгжлийн банкны зээлдэгч” гэх адлалаас өөрөөр байр сууриа илэрхийлэх, учир байдлаа тайлбарлах боломж төдийлөн олдохгүй байгаа нь өнгөрсөн нэг сарын хугацаанд харагдлаа. Үүнтэй холбогдуулан зарим “хурц” ялгааг гаргаж холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх нь зүйтэй болов уу гэж бодсон юм.
Юуны өмнө экспортын төслүүдэд ам.долларын зээл олгосон явдалтай холбоотойгоор цемент үйлдвэрлэгчдийн яриад байгаа “зовлон” үндсэндээ ижил төстэй байна. Зээлдэгчдийн хэлж байгаагаар Хөгжлийн банкнаас зээл авахдаа төгрөгөөр хүсэлтээ гаргадаг боловч тус банкны ТУЗ-аас зээлийн шийдвэр гаргахдаа ам.долларын нөхцөл санал болгодог. Санал болгох ч гэж дээ, “зээл олгогдох боломж нь энэ” гээд бараг тулгадаг юм байна. Мэдээж зээлийн гэрээ хийхийн өмнө төгрөгөөр зээл авах хүсэлтээ гаргадаг боловч эцсийн дүндээ тулгасан нөхцлөөр нь буюу арга буюу ам.долларын зээл авдаг аж. Зээлээ төлөх явцад ам.долларын ханшийн өсөлтөөс үүдсэн дахин дарамтад ордог талаар хэвлэл мэдээллээр олонтаа мэдээлэгдэж, сурвалжлагдаж байсан. Харин энэ удаад ам.долларын зээлийн хүүгийн ялгаатай байдлыг хөндөхийг хүсч байна.
Экспортын төслүүдэд ам.доллараар олгосныг төгрөгийн зээлийн хүүд хөрвүүлж үзвэл тун сонирхолтой дүн харагдаж байна. Үүнд хамгийн өндөр хүүтэй зээлээр “Ачлал трейд” компанийн 300 ортой эмнэлэгийн цогцолбор барих төсөлд 10.28 хувийн хүүтэй, 42.8 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг ам.доллараар олгосон. Үүнийг төгрөгийн хүүд хөрвүүлэхэд 17.3 хувийн хүү дээр очиж байна. Арай ч дээ, эмнэлгүүдийн хүртээмж өнөөдөр ямар байгаа билээ. Арилжааны банкны олгож буй зээлийн хүү хэд байгаа вэ? Яагаад эмнэлгийн цогцолбор барихад заавал ам.доллараар олгох нөхцөл тулгаж, хүү нь өндөр байна вэ?
Гэтэл орон сууцны баахан бүтэлгүй төслүүдэд төгрөгөөр, 10-13 хувийн хүүтэй олгосон зээлүүдээ хар! Тэд бүгд чанаргүй зээлүүд болсон. Уул уурхайн салбарт, алтны шороон ордуудын төсөлд, уул уурхайн тоног төхөөрөмжид олгосон зээлүүд мөн адил. Төгрөгөөр, бага хүүтэй, тэгээд эцэст нь чанаргүй зээлүүд.
Дараагийн жишээ. “Мон драй милк” компанийн Монгол хуурай сүү төсөлд 9.75 хувийн хүүтэйгээр 42.7 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг ам.доллароор олгосон. Төгрөгийн зээлийн хүүд хөрвүүлэхэд 16.4 хувийн хүүтэй тэнцэхээр байгаа нь арилжааны банкныхаас өндөр байгаа юм. Эдний зээл одоо “чанаргүй” ангилалд орсон. Дараагийн өндөр хүүтэй гарч байгаа зээл нь “хэвийн” ангилалд байгаа “Вестерн холд” ХХК-ийн цементийн үйлдвэрийн төсөл. 9.26 хувийн хүүтэй 80 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларын зээл авсан байгаа юм. Төгрөгийн зээлийн хүүд шилжүүлбэл 15.5 хувийн хүүтэй олгогдсон болж таарч байна. Одоогоор зээл нь хэвийн төлөгдөж байгаа боловч 2030 оны есдүгээр сар хүртэл энэ нөхцлөөр явна гэдэг амаргүй бэрхшээлийг давж таарах нь.
Ер нь яагаад Хөгжлийн банкны олгосон зээлүүд хүүгийн хувьд харилцан адилгүй, мөн ам.доллараар эсвэл төгрөгийг олгох шийдвэрийг хэн, яаж тогтоож байсан нь яах аргагүй анхаарал татлаа. Тухайлбал, “Эрэл” компанийн Байшин үйлдвэрлэх комбинатын 77.6 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларын зээлийн хүү 4.4-8.17 хувь, мөн Тавантолгой цахилгаан станцад олгосон ам.долларын зээл 6.1 хувийн хүүтэй, “Кью Эс Си” компанийн Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр зам барих төсөлд авсан ам.долларын зээл 8 хувьтай, саяхан төрд хураах шийдвэр гараад байгаа “Хөтөл” компанийн цементийн үйлдвэрийн өргөтгөлд авсан 174.9 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц ам.долларын зээл 7.8 хувийн хүүтэй олгогджээ. Гэхдээ чанаргүй бөгөөд хуулийн талаасаа зөрчилтэй олгогдсон нь өдөр ирэх тусам нотлогдсоор байгаа зээлүүд шүү дээ.
Гэтэл хангалттай барьцаатай, хуулийн зөрчилгүйгээр зээлээ төлж буй компаниуд Хөгжлийн банкны “тулгасан” нөхцлөөр нь буюу аргагүйн эрхэнд ам.доллараар өндөр хүүтэйгээр авсан ч хугацаанд нь зээлээ төлж яваа цөөн хэдэн ААН-ээ Засгийн газар бодлогоор дэмжих цаг болсон гэдэг саналтай байна. Ингэхдээ Засгийн газар, Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд дээр дурдсанчлан төгрөгийн зээлийн хүүд хөрвүүлж тооцоод тухайн үеийн ТУЗ-ийн “үзэмжээр” тогтоосон валютаар олгогдсон зээлийг төгрөгт шилжүүлж, хүүг арилжааны банкныхтай хэт ойрхон байгааг эргэн харж update хийх боломжтой эсэхийг судалж үзэх цаг болжээ. Энэ нь зээл эргэн төлөгдөхөд ч, Хөгжлийн зээл хуульд заасан зорилгодоо хүрэхэд ч, үйлдвэрлэгчдийг дэмжихээр сонгуулиар амласан Мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ч хамгийн зөв алхам болно. Мөн зээл авсны дараа Ковидын хямрал, хилийн саад хоригууд, өнөөдөр нүүрлээд буй дэлхийн эдийн засагт тооцоологдоогүй хямрал хүндрэлүүд учирсныг харгалзаж үзэх нь бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжиж “Эдийн засгийг эрчимжүүлэх”, “Шинэ сэргэлт”-ийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд нь бодитой үр дүн авчирна.
Энд жишиг ханшаар бодож төгрөгийн хүүд шилжүүлсэн тооцооллыг харуулъя.
Жишээ нь цементийн үйлдвэрийн төслүүдээс харахад “Монполимент” компанийн “Монцемент” төсөлд болон “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийн өргөтгөлд адилхан ам.долларын зээлийг 7.85 хувийн хүүтэй олгосон нь төгрөгт хөрвүүлэхэд 13.2 хувийн хүүтэй, “МАК”-ийн Хөх цавын цементийн төслийнх 9.85 хувь буюу төгрөгт хөрвүүлбэл 16.5 хувийн хүүтэй зээл төлж байгаа тохиолдолд яаж цементийн үнэ буурах вэ? Магадгүй тэдгээрийн зээл “чанаргүй” зээлийн ангилалд орсон нь зээлдүүлэгчийн зүгээс ийнхүү хэт хүнд нөхцөл тулгасантай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Хөгжлийн банкны ТУЗ ямар шалтгаанаар ийм ялгавар үзүүлэх болов? Үүнийг одоо ярих ёстой.
Хөгжлийн банкны зээл олгосон төслүүдийг “Ач холбогдолтой”, “Ач холбогдол багатай”, “Ач холбогдолгүй” гэж ангилаад төгрөгийн зээлийн хүүд хөрвүүлсэн байдлаар жагсааж үзэхэд уул уурхайн салбарын болон уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудад олгосон зээлүүд голдуу 10-12 хувийн хүүтэй олгогдсон боловч өнөөдрийн байдлаар бүгд “чанаргүй” зээлийн ангилалд байна. Гэтэл импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зээлийн хүүг төгрөгийн зээлийн хүүд шилжүүлж үзэхэд арилжааны банкны зээлээс ч өндөр байна. Жишээ нь “Газ импорт” ХХК хаягдал батарей дахин боловсруулахад 6.89 хувийн хүүтэй инений зээлийг төгрөгт хөрвүүлэхэд 12.7 хувийн хүүтэй, “Зэст-Өндөр” ХХК Ширэн овоо төмрийн хүдрийн орд төслөөр 7 хувийн хүүтэй зээл авсан, төгрөгт хөрвүүлбэл 13 хувийн хүүтэй, одоогоор “чанаргүй” зээлийн ангилалд байна. Яагаад “Ган хүдэр” ХХК-ийн хорголжин төмрийн үйлдвэрийн төсөлд 5 хувийн хүүтэй төгрөгийн зээл олгосон мөртлөө цементийн үйлдвэр нь 9.26 хувийн хүүтэй ам.долларын зээл олгов. Ингээд харахад хөнгөлөлт үзүүлж төгрөгийн зээл, эсвэл бага хүүтэй зээл авсан төслүүд чинь “чанаргүй” зээл болгочихжээ. Анхнаасаа “ач холбогдол багатай” буюу “ач холбогдолгүй” төслүүддээ арилжааны банкныхаас хавьгүй хямд нөхцлөөр зээл олгох хариуцлагагүй байдал үүсгэсэнд барьцах, бизнесийн тэгш нөхцлийг шаардах ёстой.
Ялангуяа “ач холбогдол багатай” ангиллын төслүүдэд олгосон бүх зээл чинь чанаргүй байна. Тухайлбал, “Моннис”-ийн хөрс хуулалтын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл 11.5 хувийн хүүтэй, “Мон дулаан”-ы алтны шороон ордынх 12.9 хувийн хүүтэй олгогдсон бол “Орон сууцны төслүүд” бүгд 10-13 хувийн хүүтэй чанаргүй зээлүүд ярайж байна.
Энэ нөхцөл байдлыг Хөгжлийн банк, Засгийн газар эргэн харж, иргэд сонгогчдод УИХ-ын 2020 оны сонгуулиар өгсөн амлалт, мөрийн хөтөлбөртэйгээ харьцуулж ажлаа уялдуулах шаардлагатай байна.
Эс тэгвээс сонгогчдод, үйлдвэрлэгчдэд худал амлалт өгсөн болоод зогсохгүй “Импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжинэ” гэсэн Засгийн газрынхаа зорилтоос ухарсан, эсэргүүцсэн нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар зээлдэгчдийн санал хүсэлтийг сонсож, хүндрэлийг төрийн бодлого, дэмжлэгтэйгээр даван туулах талаар бизнесийн байгууллагуудтай байнгын уялдаа холбоотойгоор хамтран ажиллаж эрх баригчдад хамтын шаардлага тавих болно.