Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийг энэ удаагийн зочноороо урьж ярилцлаа.


Ингээд манай зочны ажил хэргийн товч намтартай танилцана уу.

Төгссөн сургууль: Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академи, Америкийн Нэгдсэн Улсын ST.TOMAS university, Шинжлэх Ухаан Техникийн Их сургууль

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Философийн Ухааны бакалавр, Нийгмийн ухааны магистр, Олон улсын хүний эрхийн хуульч, Сэргээгч эрчим хүчний инженер магистр 

Ажилласан байдал: Баянгол дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, Өвөрхангай Хархорин сумын Засаг даргын орлогч, Өвөрхангай Хархорин сумын Засаг дарга, Хөдөлмөрийн яамны сайдын зөвлөх, ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн Захирал

Сонгуульт ажил: БГД-ийн МАН хороо улс төрийн ажилтан, БГД НАМЗХ тэргүүн, Нийслэлийн НАМЗХ тэргүүлэгч, НИТХ-ын төлөөлөгч 2016 оноос...

И-мэйл хаяг: otgoo_luck@yahoo.com


- Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Би хувьдаа Отгонсүх гэдэг залууг “Хархорин”-ыг удирдаж байснаар нь мэдэж байна. Хоёулаа ярицлагаа таны улс төрд анх орж ирсэн үеэс эхлье.

- Би дунд сургуулийн сурагч байх даа л нийгмийн идэвхтэй, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүүхэд байсан. МУИС – д элсэж орсоныхоо дараа МАН – ын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон. Тэр үед олон нийттэй ажиллах, олон нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах зэрэг ажлуудад идэвхтэй оролцож байлаа. Миний хувьд ч олон нийтийн төлөө ажиллах нь таалагдаж, эндээс л миний улс төрийн салбарт ажиллах гараа эхэлсэн гэж боддог. 

Би Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт төрж, тэндээ дунд сургууль төгссөн. Монголынхоо хөдөөнөөс ажил амьдралын дөр, өв уламжлал, соёл, хүн чанар, хүмүүжлийг олж авсан гэх үү дээ. Харин Улаанбаатар хотод боловсрол эзэмшсэн. Мэргэжлээ АНУ-д дээшлүүлсэн. Тэнд их хотын соёлыг ажиглаж, суралцаж, хөл нийлүүлэн амьдарсан. Энэ гурван газраас өвлөж авсан боловсрол, туршлага, хүмүүжлээрээ өнөөдрийн Улаанбаатар хотын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна даа.

- 27 насандаа Хархорин сумын замын засаг даргын орлогч хийж байсан?

- 2009 онд буюу 27 настайдаа “Хархорин” сумын Засаг даргын орлогчоор очсон. Тэгээд хоёр жил орлогчоор ажиллаад 29 настайдаа Засаг дарга болж байлаа. Хархорин бол Монгол Улсдаа нэлээн том сумын тоонд ордог газар . 

- Том сум байлгүй яахав...

- Тийм. 15 мянган хүн амтай, гадны хүмүүсийг нэмбэл 20 мянга шахам болчихдог. Бас л хөлийн газар. Ер нь сумын засаг дарга гэдэг төрийн албаны анхан шатны байгууллага учраас бүхий л талын туршлага суудаг . Мал тооллогоос эхлээд бүх л төрлийн ажлуудыг зохион байгуулна. Тэгээд ч Хархорин анхаарлын төвд байдаг, аялал жуулчлалын бүс нутаг . Хөрөнгө оруулалтыг татах чиглэлд голчлон анхаарч ажилласан даа. Тухайн үедээ улсын 361 сумаас тэргүүний сумаар шалгарч, шагналын мөнгөөрөө сумандаа 700 м.кв талбайтай ногоон байгууламж, асфальтан зам тавьж байлаа. Маш бага хөрөнгөөр аж ахуйн аргаар тавьсан замын ажил, бий болгосон ногоон байгууламжаасаа итгэл, урам зориг авсан. Зам хариуцсан орлогч гээд одоо бичиж харагддаг нь үүнтэй холбоотой болов уу. (инээв) Тухайн үед манай сумын иргэд маш их дэмжиж байсан. Хэчнээн жил засаагүй байсан замыг улсын тэргүүний сумын шагналын мөнгөөрөө засаж байсан. Одоог хүртэл тэр ногоон байгууламж маань байдаг. Өвөрхангайн хамт олон маань намайг сайн дэмжиж, итгэл өгч, маш сайн баг болж ажилласанд одоо ч баярлаж явдаг. Нутагтаа очих болгон хийсэн ажлуудаа харахаар дурсамж сэргээд сайхан шүү. 

- НАМЗХ-ын удирдах зөвлөлийн гишүүн байсан. Одоо ч хэвээрээ юу?

- Сая ажлаа өгсөн. НАМЗХ-той 2005 хойш оноос холбогддог. Баянгол дүүргийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан байх үеэс. Ер нь тэр үед “Залуучуудын холбоо”-оос тусдаа өөр “Залуучуудын клуб”-ыг тус дүүрэгт байгуулж, 2- 3 жил бүх хороодод үйл ажиллагаа явуулсан. Үзэл санаа, үйл хэрэг нэгтэй залуустайгаа хамтраад ажилладаг байсан. 2006 онд Баянгол дүүргийн “Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо”-ны салбарын тэргүүн болсон. Тэгж НАМЗХ-тэй холбогдсон. Тэгээд нийслэлийн НАСЗХ-ийн тэргүүлэгч болсон. Тэр үед Г.Занданшатар дарга Ерөнхийлөгчөөр нь ажилладаг байсан. Тухайн үед залуучуудтайгаа гар нийлээд олон сайхан зүйлсийг хийж байлаа.

- НАМЗХ-ны үйл ажиллагааг би их шүүмжилдэг байлаа. Монголын залуу насыг намд аваачиж наан баллаж байна гээд л... НАМЗХ гэдэг байгууллага анхны үеүд шигээ намд нэр нөлөөтэй байгууллага хэвээр үү. Эсвэл жаахан сарнисан уу?

-Миний харж байгаагаар сарнисан зүйл байхгүй. Харин ч цаг хугацааны явцад уламшинэчлэгдсэн. Шинэчлэгдэж, өөрчлөгдөж явах ёстой. Тэр утгаараа явж байгаа байх. Гэхдээ залуучууд бид нэг юмыг бодох ёстой. Энэ хорвоо ертөнцөд уламжлалгүй шинэчлэл гэж ерөөсөө байхгүй. Залгамж чанар гэж зүйлийг орхигдуулж болохгүй. Мэдээж хүн болгон сайн сайхан зүйл бодож, энэ залуучуудын байгууллагыг улам илүү хүчтэй болгож, нийгэмдээ тустай юм хийе гэж гарч ирж байгаа. Гэхдээ хуучнаасаа сайн юмыг нь аваад цаашаа яваасай. Саар зүйлүүдийг нь орхиод цаашаагаа “update” хийгдээд яваасай гэж боддог, хүсдэг. Миний хувьд би аль хэдийн 35 нас хүрсэн. Дараагийн үеийнхээ мундаг боловсролтой залууст удирдах зөвлөлийн гишүүнийхээ суудлыг шилжүүлсэн.

- Танай үеийнхний намд яваа залуусыг ангилж байна шүү дээ. Нэг хэсэг нь цүнх баригч. Нэр нь муухай л юм. Гэхдээ л яах аргагүй нэг лидер дагаад явсан замналтай залуучууд дүүрэн. Гэтэл та хөдөө явж ажиллажээ. Энэ бол таны намтрын онцгой хэсэг учраас асуугаад байгаа юм. 1982 оны залуу сумын Засаг дарга болоод явахад үеийнхэн тань шүүмжилж л байсан байх?

- Би хэн нэгний хүн биш. Бас аль нэг фракцийн ч төлөөлөгч биш. 2016 онд СХД-ээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, улмаар сүүлийн нэг жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдоод ажиллаж байгаа жирийн л нэг улс төрийн албан хаагч. Хэрэв намайг хэн нэгний хүн гэж хэлэхээр бол сонгосон сонгогчдын л хүн гэх байх. Зарим залуучуудыг “цүнх баригч” гэж нэрлэдэг болж. Миний хувьд би өөрийнхөө цүнхийг л сайн барьсан гэж хэлнэ. Мэдээж улс төрийн намд үзэл санаа, эв нэгдэл байх ёстой. Энэ утгаараа зарим зарчмын асуудалд гишүүдтэйгээ санал нэгдээд, зарим асуудалд үзэл бодол зөрж, мэтгэлцээдявж л байна. Энэ бол ардчилсан нийгмийн улс төр дэх эрүүл үзэгдэл.

- Шашин соёлын их том төв, манай эртний нийслэл Хархорин. Үүнийгээ сэргээе гэдгийг ёстой үе үеийнхэн ярьдаг л даа. Эргээд очиход илүү сайжирсан, илүү хөгжсөн төлөв ажиглагдаж байна уу. Байрандаа л байна уу?

- Бүх юм санхүүжилттэй л холбоотой. Одоо сумдын бүх орлогыг улсын төсөвт төвлөрүүлээд татаад авчихдаг. Суман дээр үлдэж байгаа юм байхгүй. Татварын орлогыг нэгдсэн төсөв рүү татаад авчихдаг. Тийм учраас сум хөгжихгүй байгаа юм. Хархорин бол үнэхээр шашин соёлын төв. Үнэхээр Монголд ирж байгаа жуулчдын нэлээд хувь нь Хархорин суманд очдог. Гэхдээ бидэнд жуулчдаас орлого олох тэр дэд бүтэц нь маш хэцүү. Халаасыг нь хоослоод үлдэж чаддаггүй, арчаагүй гэж ярих, шүүмжлэх амархан. Гэхдээ амьдрал бол өөр. Орон нутагт эрхийг нь өгдөггүй атлаа буруутгаад суух маш хэцүү.

- Та Баянгол дүүргийн намд ажиллаж эхэлснээр нийслэлийн намын хороотой эрт гар барьсан хүн байна билээ. Хотын бүлэг гэж танай нам доторх том бүлэг бий. Нэг холбогдсон хүн бол цэвэрхэн салчихдаггүй. Энэ хотын бүлэг гэдгийн хаагуур нь та биеэ авч гарсан бэ. Одоо бол таныг тэрний хүн, энэний хүн гэж хэлж чаддаггүй юм билээ ?

- Хэлж чадах ч үгүй л дээ. Отгонсүхээ чи тэрийг хий гээд өөрт оногдсон үүрэг даалгавар авсан бол тэрийгээ л хийдэг. Ямар нэг хүн дээр очоод намайг дэмжээч, би таны хүн болъё гэж явж үзээгүй. Тэртээ тэргүй урдах ажлаа сайн хийгээд явж байхад үнэлэгддэг гэж боддог. 

- Хотын даргатай ярилцлага хийхдээ асуусан. Дөрвөн орлогчийг татан буулгалаа. Орлогчоос илүү хоёр том төслийн удирдагч гаргаж иржээ. Юугаараа хуучин дарга нараас илүү юм. Яаж сонгов, яагаад ингэв гэж. “Та өөртэй нь уулзаж үзэх хэрэгтэй. Манай залуустай уулзах хэрэгтэй” гэж их товчхон хариулж байсан. Тэгээд л уулзаж байна. Энэ албыг танд анх хэн санал болгож байсан бэ.

- Бид Нийслэлийн Засаг даргатай нэг баг болоод цаг наргүй л ажилласан. Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч болохоосоо өмнө Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдагчаар ажиллаж байсан. Эрчим хүчний салбарын томоохон стратегийн төсөл дээр хоёр жил ажилласан туршлагыг маань үнэлж нийслэлийн чухал төслүүдийг удирдуулах шийдвэр гаргасан байх. 

Аливаа ажлыг эхлүүлсэн бол эцсийг нь харъя, ард нь гаръя гээд зүтгэчихдэг. Эхэлсэн ажлаа дуусгадаг нь миний хүмүүжил юм болов уу. Нийслэлд ирээд удирдсан төслүүдийн хувьд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан олон асуудлын шийдэл байсан. Тиймээс дараагийн Засаг дарга, дараагийн орлогч нар хийнэ биз гээд үлдээх эрхгүй. Төрийн ажлыг хийнэ, ачаа үүрч чадна гээд хүлээгээд авсан учраас өдөр, шөнөгүй ажиллаад ард нь гарахаас өөр арга байгаагүй. Цаашдаа ч энэ зарчимаа бариад ажиллана. 

- Таныг ууртай хүн гэх юм. Үнэндээ машин шиг л ажиллаж байна. Өдөр шөнөгүй ажиллуулж байна гэж хотынхон ярих юм. Зүгээр л асууж байгаа юм шүүн

- Ажил хийхэд зарчмын хувьд шүүмжлэх, шахах, хяналт тавьх, гүйцэтгэлээ төлөвлөгөөний дагуу нэхэх гээд олон талын л харилцаа үүсдэг. Хүний төлөө, ирээдүйд зөв байх шийдвэрийн төлөө хамт олонтойгоо баг болоод ажиллаж байна. Мэдээж шаардлага тавих үедээ хэлнэ. Бидэнд назгайрч, цаг алдах эрх байхгүй. Хийнэ гээд ажил авсан бол хийж, гүйцэтгэж, үр дүн гаргах л хэрэгтэй. 

-Таны хүнтэй ажиллахдаа баримталдаг гол зарчим ?

- Би хувьдаа хэлж ярьж тохиролцох нь гэрээ мөн гэж боддог. Харин гэрээ бүр зөвийн тэмүүлэлтэй байдаг. Хэлж ярьснаасаа буцах нь тэмүүллээсээ буцсан үйлдэл. Тиймээс хэлсэндээ байхыг хичээж, зарчмаа болгодог. 

- Та 2016 онд нийслэлийн иргэдийн хуралд хаанаас нэр дэвшлээ?

- Сонгинохайрхан дүүрэг.

- Тойрог дээрээ ажиллаж чадаж байна уу?

- Тойргийнхоноо хаях эрхгүй. Ажиллаж байгаа. НИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа гэр хороолол дахь хамгийн том хэмжээний буюу 4 га газарт цэцэрлэгт хүрээлэнг тойрогтоо хийж байна. Удахгүй ашиглалтад орно. Орлогч болохоосоо өмнө санал санаачлага гаргаад хийж эхэлсэн ажил маань юм. Судалгаа харахад иргэд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, амарч зугаалах талбайг их хүсч байгаа. Тийм учраас би хамгийн түрүүнд тойрогтоо цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зорьж, мөн хоёр ч цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлыг шийдэж ашиглалтад оруулж, төмөр зам доогуурх нүхэн гарц, авто замын ажлууд, тохижилт гээд иргэддээ хэлсэн, амалснаа ажил болгосон байдаг юм. 

- Цэцэрлэгт хүрээлэн удахгүй ашиглалтад орох нь?

- Тийм. Цэцэрлэгт хүрээлэндээ эмэгтэйчүүд, ахмадын хороо, залуучуудын байгууллага зэрэг байгууллагуудаа дотор нь оруулсан. Талбай талбайгаар нь хариуцуулаад ногоон байгууламжийг ньарчилдаг эзэнтэй болгоно. Тэгж эзэнжүүлэхгүй бол мөрөөдөөд, зүтгээд байгуулчихдаг. Дараагийнх нь оршин тогтнох, амьд орчин байх боломж нь орхигдоод хаягдаад байдаг. Тийм учраас бүгдийг нь эзэнжүүлнэ.

- Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт туссан энэ авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажлууд дуусч, үлдсэн тохижилтуудаа хийж байна. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Налайх, Чойрын уулзвар хүртэл 20,9 километр авто зам, Баянзүрхийн гүүр гээд 4 мега төслийг удирдаж дуусгалаа?

- Миний бие төслийн удирдагчийн хувьд технологийн горим мөрдүүлэх, явцын хяналтыг тогтмол хийж, шаардлагатай нөхцөлд хотын удирдлагыг төлөөлж байгаагийн хувьд холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран шуурхай удирдлагаар ханган ажилласан. Төслийг удирдана гэдэг хааяа нэг очиж үүрэг өгөхдөө биш хамт байж тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдэх, багтаа итгэл өгөх, нөхцөл байдлыг удирдаад явах чиг үүрэг гэж ойлгодог. Энэ том төслийг хариуцан ажиллах боломжийг олгосон Монгол Улсын Засгийн Газар, Ерөнхий сайд, Нийслэлд талархаж явдаг даа. 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдож, тав хоногийн дараа буюу 15-ны өдөр Налайх-Чойрын 20.9 км автозамын бүтээн байгуулалтын төслийг ахалж эхэлсэн.Ингээд зургаахан сарын дараа Монгол Улсдаа “нэгдүгээр зэрэглэл”-ийн ангилалд багтах хоёр дахь замын хөдөлгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 05-нд нээсэн. Зургаахан сарын хугацаанд нэгдүгээр зэрэглэлийн 20.9 км зам тавих “ТОМ АМБИЦ” байсан. 

Төслийн гүйцэтгэлийн шатанд 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашигласан бөгөөд нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг нь сүүлийн үеийн технологийн шийдэлтэй хийгдсэн. 

Түүнчлэн Замын цагдаагийн гүүр, Сонсоголонгийн гүүр, Баянзүрхийн гүүр, зам байгууламжийн төслүүдээ ерөнхийд нь дуусгаад өнөөдөр Налайх, Замын цагдаагийн гүүрний үлдсэн тохижилт, нэмэлт ажлууд эхэлсэн явж байна. Эдгээр төслүүд бүгд технологи, шийдлийн хувьд их онцлогтой Монголдоо анхдагч инновациудыг агуулсан гэж хэлж болно. 

- Бүтээн байгуулалтын төслүүдийн хувьд чанар маш чухал гэж хардаг. Та “Нэг жилийн настай замуудын бодлогыг хална” гэж мэдэгдэж байсан. Нийслэлийн иргэд таны хэлсэн тэр үгэнд итгэсэн ч байх?

-Нэг жилийн настай зам тавьдаг жишгийг хална. Үер болохоор урсчихдаг замуудыг иргэд талхан дээр тавьсан маслотой зүйрлэж байна. Тийм зам тавьсан компаниудын нэрийг зарлана. Цаашдаа ер нь зам гэлтгүй бүтээн байгуулалтын төслүүд дээр нэгдсэн нэг стандартыг баримтална. Нийслэлийн зүгээс аль болох компаниудыг дэмжих, чирэгдэл үүсгэхгүй байхад анхаарах, төр хувийн хэвшлийн түншлэлийг улам сайжруулах, хууль ёсны шаардлагаа тавиад ажиллах ёстой. 

- Ажлыг чанаргүй гүйцэтгэсэн компаниудыг ахин бүтээн байгуулалтад оролцуулахгүй байх арга хэмжээг авах юм байна. Тийм үү?

- Авна. Листүүдийг нь гаргана. Хар жагсаалт ч гэж ярьдаг. Хотод муу зам барьсан компаниудын хар жагсаалтыг гаргаж байгаа.

- Газрын төлбөрөө төлөөд явж байсан компаниудын газруудыг булааж авч байна. Өчнөөн сая доллар зарцуулаад барьсан байшингуудыг хүртэл нураах арга хэмжээг авна гэж байгаа. Үүнээс болоод “Эд нар юм л бол нураана, булаана гэж байна” гэсэн шүүмжлэлд өртсөн. Яг хотын даргатай (С.Амарсайхан) уулзаад ярихад хотод маань үлдсэн байсан хэдэн цэцэрлэгт хүрээлэнгийн газар, Сүхбаатарын талбайн маань тал нь ч байхгүй болчихсон юм шиг хачирхалтай мэдээллүүд олныг соноод гайхширч байсан. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх явц нь ямар түвшинд үргэлжилж байна вэ?

- Хамгийн сүүлийн жишээг дурдъя. Наадамчдын зам, Яармагийн зам борооны үерт өртөж ямар хэцүү юм боллоо. Уулын үерийн ус зам дээр гараад ирсэн. Засаг дарга ч гэсэн хэлж байгаа. “Бизнес хийж, барилга барьж, зам тавьж болно. Гэхдээ энэ хотод чинь сая 600 мянган хүн амьдарч байгаа. Ерөнхий төлөвлөгөө гэж бий. Энэ стандартын дагуу л юмаа хий” гэж. Бизнес эрхэлж болно. Бат, Доржийг бизнес эрхэлж болохгүй гэж хэн ч хэлээгүй. Гэхдээ хамгийн гол нь иргэдийн амьдралд, амар тайван байдалд төвөг учруулахгүйгээр, стандартын дагуу барьчих юм бол эсрэгээрээ иргэд ч , хот ч илүү дэмжиж байгаа. Хуучин бол ерөнхий төлөвлөгөөнд оруулж, шийдвэр гаргах гэж 14 хоног хуралддаг байсан бол одоо үнэхээр хэрэгтэй бол тухайн өдөрт нь хуралдаад яаралтай шийдвэрүүдийг гаргаж байгаа. Зардал чирэгдэл болохгүйгээр ажил явдаг болсон. Өдөр болгон даргын өрөө сахидаг зүйл байхгүй болж байгаа.  Заримыг нь онлайн болгож, техникийн дэвшлүүдийг ашиглаж байна. Заримд нь өдөрт нь хурлын шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ тухайн компани хууль дүрэм зөрчөөгүй, стандартаа барьсан норм, дүрмийн дагуу байх хэрэгтэй.Аливаа зүйл дээр зөвхөн энэ шаардлага л тавигдаж байгаа. Харин ч шийдвэр гаргагчид болон харилцагчдын хоорондын харилцаанд зөөлөн, уян хатан бодлого орж ирсэн гэж хэлж болно.

- Улаанбаатар хотын түгжрэл гэж сэдэв мөн ч зовоож байна даа?

- Хотын хөдөлгөөнд сард 7-8 мянган машин нэмэгдэж байгаа гэсэн судалгаа бий. Бид яалт ч байхгүй нэгдүгээрт, нийтийн тээврээ сайжруулах ёстой. Олон хувилбарт нийтийн тээвэр лүү шилжих ёстой.Нийтийн тээврийн 1200 автобусыг шинэчлэх. Суухад даардаггүй, аюулгүй нийтийн тээвэртэй болох. Яг гэрээсээ гараад буудлаас суугаад ажлынхаа үүдэнд буудаг нийтийн тээвэртэй болох юм бол энэ түгжрэл байхгүй болно. Иргэд нийтийн тээврийг сонгож байж энэ түгжрэл буурна. Түгжрэлийн асуудлаар хот өнөөдөр иргэддээ нээлттэй мэдээлэл өгдөг, иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр зоригтой шийдвэр гаргаж хэрэгжүүлэхгүй бол тэг зогсолт хийхэд ойрхон байна. Түгжрэлийг бууруулахад Засгийн газрын дэмжлэгийг авах хэрэгтэй гэж үздэг. Энэ тал утааг бууруулсан шиг дорвитой хотын хэмжээнд акц хийж байж бид цэгцэндээ орно. Тооцоо, судалгаа, асуудлуудын талаар саналаа хүргүүлсэн байгаа. 

- Автобус парк шинэчлэл гэж та их ярьдаг. Явц хэр байна?

-Ажлаа авчихаад автобусны парк шинэчлэлтийг ямар ч байсан хийнэ гэсэн зорилт тавьсан. Тийм учраас ядаж энэ ондоо багтаагаад 300 автобусын парк шинэчлэлт хийгдэхээр болсон. Бид эко цахилгаан автобусыг нэвтрүүллээ, болдог юм байна. Хоёр давхар автобусыг нэвтрүүллээ болдог юм байна. Сургуулийн автобус төслийг санаачлаад давтагдсан тоогоор ЕБС-ийн 115 мянган сурагчиддаа үнэ төлбөргүй үйлчиллээ. Болдог л юм байна. Сүүлийн 10 жил шинэчлэл хийгдээгүй нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхний түвшиндхийж дуусгана. 

- Хотыг шүүмжилдэг юм л даа. Олон шинэ нөхдүүд орж ирээд засаглаж байна. Костюм өмсөж, зангиа зүүсэн хэн нэгний фракцийн нам дагасан нөхдүүд удирдах ёстой гээд ойлгочихсон. Цаашаа алхаад ажлаа ч мэдэхгүй, хотынхоо иргэдтэй ч зөв харьцаж чадахгүй хүмүүс олон байна гээд л... Одоо өөрчлөгдөж байна уу?

- Хотыг сэтгэлтэй хүн удирдах ёстой юм билээ. Өнөөдөр манай засаглалд зориг нь байгаад эрх мэдэл дутах, эрх мэдэл нь байгаад зориг нь дутдаг асуудал байна. Хотын ажил бол нэг талдаа бодлого төлөвлөлт, нөгөө талдаа аж ахуйн ажил. Яалт ч үгүй хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй хийх хэрэгтэй байна. Хот өөрөө мэдээд хогоо ч арилгаад, цэвэрлэчих чадамжгүй байна гээд бодохоор ойлгомжтой. Хөрөнгө оруулалт, санхүүжилт босгох, захиран зарцуулах эрх нь дутмаг. Нийтийн тээвэр бохир байдаг л гэсэн ойлголт бидэнд байдаг байлаа. Шахаад, хянаад, зохион байгуулаад явбал цэвэрхэн байж болдог гэдгийг харууллаа. Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж харанхуй гарц, замыг нь гэрэлтүүлээд, тохижуулаад өгөхөөр ядаж шөнө орой тайван гарцаараа гарч болох боломжийг нь бүрдүүллээ. Олон жил барилга барина гээд хашсан хэд хэдэн газрыг нийтийн эзэмшилд авч ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Ажил болж чадсан бүхнийг тоочвол нурших байх. Сэтгэл, зөв зохион байгуулалт байхад ажил урагшилж байна. 

-Утааг 50 хувиар бууруулахад өөрийн тань оролцоо нэлээдгүй байсан юм билээ. Тээвэрлэлтийг маш сайн зохион байгуулсан гэж Засаг дарга нь хэлж байсан. Ирэх өвлийн утаатай тэмцэх бэлтгэл хэр явж байна?

- Нийслэлчүүд утаатай танилцаад 20 жил болж, түүнтэй тэмцэх ажилд 10 жилийн дотор л гэхэд 800 тэрбум төгрөг зарцуулсан ч утааг огт бууруулж чадаагүй. Энэ үед агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлэгч эх үүсвэр болох гэр хорооллын 220,000 өрхийн зуух руу чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн нь ганцхан жилийн дотор агаарын бохирдлыг 50 хувиар бууруулав.Түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр солих тийм ч амар байгаагүй бөгөөд Нийслэлээс Засгийн Газрын шийдвэрийг тууштай, зоримог хэрэгжүүлж ажилласан юм. Өнгөрсөн 10 жилдээ бодитой дүгнэлт хийж, өнөө маргаашийн жижиг эрх ашгийн төлөө эсэргүүцлээс айж эмээсэн бол бид энэ өвөл утааг 80 хувь бууруулах зорилтыг тавьж чадахгүй байх байлаа. 

Монгол Улсын Засгийн Газар болон Нийслэлийн өмнө утааг шийдэх, гэр хорооллын 1.5 сая иргэнийгая тухтай дулаан өвөлжүүлэх түүхэн сорилт тулж ирсэн. 2017-2018 оны өвөл Улаанбаатарын агаарын бохирдол дэлхийн дунджаас 18 дахин их гэсэн үзүүлэлт гарсан нь энэ асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг илтгэн харуулж байлаа. 

Хүүхдүүд өдөрт 40 ширхэг тамхи татсантай адил хордож, тэр дундаа 0-5 насныхан агаарын бохирдолд хамгийн их өртөж байна гэсэн судалгааны дүн сэтгэл түгшээж байлаа.Түүгээр ч зогсохгүй жилд утаанаас болж 120 хүүхэд, 1,300 насанд хүрсэн хүн агаарын бохирдлоос үүдэлтэйгээр өвчлөн нас барж, энэ тоо цаашид ч нэмэгдэх нь тодорхой гэж байв. Миний бие түлш түгээх шинэ дэд бүтцийг бий болгох ажлыг хариуцахаар болсон. Нийслэлийн 500 цэгийг түлшээр таслахгүйн тулд 360 тээвэрлэгч өдөр, шөнөгүй явж, түлш савлах ажилтан олдохгүй үед манай нийслэлийн бүх шатны алба хаагчид өөрсдөө савладаг байсан. Хэнийг ч орхигдуулахгүйн тулд гэр хорооллын алслагдсан, өндөрлөг, хүрэхэд хэцүү цэгүүд рүү түлшээ хүргэхийн тулд том оврын ачааны авто машиныг ч явуулж байлаа. Бид хамтын хүчээр утааг 50 хувь бууруулж чадсандаа бахархдаг. Одоо ирэх өвөл амжилтаа ахиулж 80 хүртэл хувь бууруулна гэсэн зорилт тавин ажиллаж байна. Хотын зүүн бүсийг хангах шинэ үйлдвэрийг барьж байна.Түүнчлэн энэ онд багтаан нийслэл дэх 5,000 гаруй уурын зуухыг цэгцэлснээр дахин 150 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах зорилт тавиад ажиллаж байна. 

- Үнэхээр нүсэр ажил л даа. Амжилтад хүрч байгаа болохоор сонсоход сайхан байна. Зарим төсөл амжилттай явагддаг. Зарим нь царцаад зогсдог. Төсөл яагаад царцдаг вэ. Энэ нь юутай холбоотой вэ?

-Олон хүчин зүйлээс шалтгаална. Эхлээд төсөл гэдгээ ойлгох нь чухал. Төсөл гэдэг бол шийдвэр. Энэ шийдвэр дотоод, гадаад гэсэн хоёр хүчин зүйлийн нийлбэрээс бүрддэг. Дотоод хүчин зүйлд мэдээж чадвартай хүний нөөц, дотоод хяналт, сайн гүйцэтгэл гэх мэт. Хэдийгээр баг сайн байсан ч заримдаа төсөл зогсох тохиолдол гардаг.

Төсөлдөө улс төрийн болон эдийн засгийн дэмжлэгийг авч чадах уу, үгүй юу гэдэг бол харин гадаад хүчин зүйл. Энэ нь шууд төслийн удирдагчаас шалтгаалдаг зүйл. Дотоод, гадаад хүчин зүйлээ зөв уялдуулж, аль аль талд нь тэнцвэрийг сайн хадгалж, шаардлагатай албан тушаалтан, шийдвэр гаргагчдад танилцуулга мэдээлэл, ач холбогдол, ойлголтыг нь сайн өгч чадвал тухайн төсөл урагшлахад их дэмжлэг болдог.

- Ил гарч ирээд ажиллахаар олны хараанд ороод ирдэг л дээ. Ер нь ирж буй шүүмжлэлүүд хэр бодитой байх юм. Таныг ч бас гөвдөг л юм билээ. Авлигатай тэмцэх газарт яллагдагчаар татагдсан байна гэж ч уншиж байсан санагдана. Хэр бодитой мэдээллүүд байдаг юм бэ?

- Намайг шалгасан. Би шалгуулсан. Та ямар ч холбогдолгүй юм байна гээд дүгнэлт нь гарсан. Өргөдлийн дагуу шалгуулсан. Асуудал байхгүй юм байна л гэсэн.Тэгээд явах нь ч амар. 

- Манай барилгын компаниуд хүн ажиллуулчихаад цалин хөлсийг нь өгдөггүй, өвөл болохоор хөөгөөд , хуураад явуулчихдаг. Нийгмийн даатгал төлдөггүй, хулхи . Ийм газрууд олон. Олон залуу инженерүүдийг ингэж хохироож байна. Үүнд тавих хяналт гэж байдаг уу?

- Нэг үеээ бодвол манайд салбар салбарын мундаг компаниуд гараад ирсэн. Эдгээр компаниуд цаг тухайд нь цалингаа өгдөг. Нийгмийн асуудлыг нь хариуцдаг болсон. Гол нь манайхан нэг газраа тогтвор суурьшилтай ажиллаж чаддаггүй. Өнөөдөр Отгонсүх 50 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байхад, маргааш нь 60 мянган төгрөгийн цалинтай ажиллана гээд өөр газар гүйгээд очдог. Тэгээд долоо хоног ажиллаад нөгөө ажил нь дуусчихдаг. Манай залуус нэг дороо тогтвор сууршилтай ажиллавал боломж их бий. Ирээдүйнхээ төлөө хүлээцтэй, гүргэр байх хэрэгтэй. 

- Сүүлийн асуулт. Улаанбаатар яавал хөгжих вэ?

-Улаанбаатар хот маань түүхэн бүхий л цаг хугацаандаа хөгжиж ирсэн. Өнөөдөр ч өчигдрөөсөө урагшилсаар л байгаа. Харин хурдтай байсан уу, үгүй юу гэдэг л асуулт. Мэдээж Улаанбаатар хотын хөгжилд боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, эдийн засгийн хүчин зүйлс, хөрөнгө оруулалт, дэд бүтэц гээд олон зүйл нөлөөлнө. Гэхдээ энэ бүгдийн суурь хүчин зүйл нь “стандарт” гэж боддог. Өөрөөр хэлбэл хийсэн ажил бүр стандартыг хангадаг, тэр стандарт хангасан ажил дээрээ суурилаад дараагийн алхам урагшилдаг байх нь бидний хөгжлийн суурь. Аливаа шийдвэрүүд нь цаасан дээр үлддэг, нэгдсэн зохион байгуулалтгүй, нүд хуурсан гүйцэтгэл хотын удирдлагуудыг эргэж харах, зогсоход хүргэдэг. Тиймээс ч энэ жил Нийслэлийн зүгээс “Нэг хот-Нэг стандарт”-ыг дагаж мөрдөхөөр болсон. Товчхондоо ажил хийсэн л бол стандарт хангана. Тийм бол эргэж харахгүй зөвхөн урагшаа алхана. Хөгжлийн хурд нэмэгдэнэ, зогсохгүй гэсэн санаа. 

- Ингэхэд таныг энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид дотор олж харсангүй. Яагаад вэ ?

- Би энэ удаа өнжихөөр болсон. Намын бодлого шийдвэрийн хүрээнд гарч байгаа шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандах ёстой. Бидэнд ер нь юу чухал юм бэ. Бидэнд ажиллахаас өөр чухал юм байхгүй. Хэдий болтол ингэж бужигналдаж хэрэлдэх юм.

- Гэхдээ л сонин юм даа?

- Юу нь тийм сонин гэж ....(инээв) Би ажил л хийдэг хүн ш дээ. Цаашдаа ч ажиллах л болно. Таныг намайг сонгож зочнооороо урьсанд би их талархаж байна. Амжилт хүсье. 

- Баярлалаа. Та бүхний ажилд ч амжилт хүсье.