Т.Батцогт: МАН ёс суртахуунтай нам байсан бол Баянзүрхчүүдээс уучлал хүсэх байсан. Гэвч тийм алхам хийсэнгүй.
НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Түмэндэлгэрийн Батцогт ярьж байна.
НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Түмэндэлгэрийн Батцогт ярьж байна.
- Залуучуудаас дүүргээрээ овоглогддог ганц хоёрхон л хүн байх юм. Таныг Баянзүрхийн Батцогт гэдэг. Уг нь та Дарханы “хүүхэд” юм билээ. Дархан бол Монголын хамгийн гоё хотуудын нэг. Яагаад Дарханы биш Баянзүрхийн Батцогт болчихов оо. Хоёулаа эндээс яриагаа эхлэх үү?
- Дарханыг хот байхад би төрж байсан. (инээв) Дархан цоо шинээр бий болж, газар газраас илгээлтийн эзэн залуучууд зорин ирж, шинэ хотыг барьж байгуулж байсан тэр гайхамшигтай үеэр аав ээж минь танилцаж байсан юм билээ. Миний аав ээж хоёр насаараа Дарханы ДЦС-д ажилласан хүмүүс л дээ. Ээж эрчим хүчний мэргэжилтэй. Аав маань трубины машинист хүн байсан. Намайг оюутан болоод Улаанбаатарт орж ирэх үеэр аав бурхан болсон юм. Ээж маань одоо ч Дархандаа амьдардаг. Би бол шинэ Дарханы хээтэй хороололд төрж өссөн хүн. Улаанбаатарт оюутан болж ирээд хотын хүн болсон. Надад Улаанбаатар маань манай Дархан шиг л санагддаг. Дархан, Улаанбаатар хоёр бол адилхан л хотууд. Дархан-Уул аймаг бол яг манай Баянзүрх дүүрэгтэй адилхан. Байшинтай, гэр хороололтой, холимог бүтэцтэй. Амьдарч байгаа хэв маяг, ажиллаж байгаа орчин гээд бүх юм нь ижилхэн. Би 10 дугаар ангиа 2003 онд төгссөн. Тэгээд ШУТИС-д Уул уурхайн инженерийн анги сонгож, оюутан болоод ирсэн. Хүүхэд нас маань яалтчгүй л найрамдлын Дархан хотод минь өнгөрсөн. Харин Баянзүрхийн иргэн Батцогт болсоноос хойш өнөөдрийг хүрчээ. Анх оюутан болж Улаанбаатар хотод орж ирээд л Баянзүрх дүүрэгтээ төвхнөсөн. Оюутан ахуй цагийн дурсамжууд хүний сэтгэлд их нандин байдаг даа. Оюутны жилүүдийн тэр гоё өдрүүд, ханьтайгаа танилцаж байсан гэгээн дурсамж, анхны үрээ өлгийдөн авсан баярт мөч бүгд л энэ дүүрэгтэй холбоотой. Оюутны ширээнээс ажиламьдралын талбарт гарсан маань ч, хорооноос дүүрэгт, дүүргээс нийслэлд дэвшин улс төрд хүч сорьсон маань ч мөн л Баянзүрх дүүрэгтэй холбоотой. Нэг л мэдэхэд хүмүүс намайг Баянзүрхийн Батцогт гээд нэршчихсэн байсан. Ёстой нөгөө дуудах нэрийг эцэг эх дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг нь л тэр байх гэчихвэл томдсон тодотгол болчихгүй байгаа. /инээв/ .
- ШУТИС бол тооны хичээлд сайн хөвгүүдийн хүчээ сорьдог сургуулийн нэг. Математик суурьтай хичээлүүддээ илүү сонирхолтой хүүхэд байв уу ?
-Тийм. Ер нь бол эрэгтэй хүүхдүүд чинь физик математик гээд л явдаг шүү дээ. Хажуугаар нь бас спортод их дуртай. Багаасаа том биетэй байсан болохоор тэр үү спортоор хичээллэдэг хүүхэд байлаа.
- Уул уурхайн анги чинь таван жил сурдаг билүү. Их урт сурдаг юм шиг санагдаад байдаг?
- 4.5 жил. 2008 оны өвөл сургуулиа төгссөн. Манайх үйлдвэрийн дадлагаа уурхай дээр их хийдэг. Ер нь бол би ээжийнхээ мэргэжлийг шууд уламжилсан гэж хэлж болно. Ээж маань цахилгаанчин мэргэжилтэй. Тэгээд л Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийг сонгосон юм. Уул уурхайн инженер гэсэн үг.
- Дараа нь СЭЗДС төгссөн юм билээ ?
-Тийм. Сургуулиа төгсөөд хажуугаар нь намын, улс төрийн, олон нийтийн гээд сонирхлоороо ажлууд хийж эхлэсэн. Хажуугаар нь Санхүүгийн сургуульд сураад, бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Одоо докторын судалгааны ажлуудаа хийгээд явж байна. 2016 онд НИТХ-ын төлөөлөгч болсон. Дарь-Эхийн иргэдийг төлөөлсөн учраас тойрогтоо үүрэг хариуцлага хүлээгээд, иргэд рүүгээ чиглэсэн ажлуудыг хийж байна. Нийслэл дээр тавигдаж байгаа жоохон төсвийг аль болох тойрог руугаа чиглүүлэх ажлыг төлөөлөгч болгон л хийдэг. Нийслэл 1.5 сая иргэнтэй, асар их асуудалтай. Гэтэл тэднийг төлөөлөх 45-хан төлөөлөгчтэй. 45 төлөөлөгч бүгд тойргоо, амиа бодвол нийт массын том асуудлууд яах вэ. Тэгээд би Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудлыг барьж авсан юм. Ер нь төлөөлөгчийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудлыг хөндөж гаргаж ирье. Хөрсний бохирдлын асуудал гэхээр ганц нэг эрдэмтэд л ярьж байдаг сэдэв болчихсон. Манай улс чинь яг үнэндээ бол эрдэмтэй хүмүүсийг тоодоггүй, шинжлэх ухаанаа хойшоо хаячихсан улс шүү дээ. Тэгсэн хэрнээ муу нэртэй ч улстөрчдийгөө шүтээд байдаг. Ингээд хөрсний бохирдлыг судлаад ирсэн чинь айхтар асуудлууд гарч ирсэн. Та бас мэдээллүүдийг авч байсан байх. Жишээлбэл, зарим газар хар тугалга гэдэг хүнд элемент гарч ирсэн. Хүний цусанд орчихвол хэзээ ч гардаггүй. Суурь өвчин үүсгэдэг. Ялангуяа нүхэн жорлон, хог хаягдал, нянгийн бохирдлууд бүгд холилдож хутгалдаад шууд орж ирж байна шүү дээ. Борооны дараа ямар байдлууд үүсдэг билээ. Энэ жил бүр их орж ирлээ шүү дээ. Шараараа эргэлдээд л. Хатахаараа тэр бүх нянгууд агаарт хөөрдөг. Ингээд л нуль нян, бактери. Үүнээс болоод гэдэсний баахан суурь өвчинтэй хүүхдүүд байна. Тэгэхээр энэ хөрсний бохирдол руу анхааръя гээд 2017 онд анх удаа нийслэлд 4 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын хэмжээнд хөрсөө хамгаалах өдөртэй болъё гээд нийслэлийн төлөөлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хурал руу санал оруулаад, тогтоол гаргасан. Нэг тогтоолтой болж аваад тэр өдөр хөрсний чиглэлийн бүх эрдэмтэдээ цуглуулаад судалгаануудаа нэгтгээд, урт хугацааны төлөвлөгөөтэй болоод 2020 онд юу хийх вэ, 2021 онд яах вэ гээд ажиллах гэсэн чинь бүх юм нь маш тархай бутархай байна. Тэгэнгүүт ер нь үүнийг албан ёсны болгоно гээд шууд судалгааны ажил руу орж байгаа юм. Миний докторын ажил бол цэвэр судалгааны ажил. Тэгэхээр би санхүүгийн сургуулийн мундаг мэдлэгтэй багш нарыг ашиглаад энэ судалгааг бэлэн болгоод авъя гээд зүтгээд байгаа юм.
- Нөгөө талаараа байнга л хөгжиж, сурч, боловсролоо дээшлүүлж явахгүй бол нийгмийн хөгжлийн хурдыг гүйцэхгүй болчих гээд байна шүү дээ?
-Яг үнэн. Тэгээд тэнд нэг судалгааны багтай болоод ажиллаад явж байна. Одоо бол сайн туршлагатай болсон. Тэнд судлагдаад бэлэн болчихсон зүйлийг бид энд төлөвлөгөөндөө оруулаад, төсөв дээрээ тавиад явбал илүү бодитой ажил болно. Тэрнээс биш яг үнэндээ бол нэг улстөрч юм уу, нэг сөрөг хүчний төлөөлөгч хөрсний бохирдол гээд яриад ерөөсөө наалдахгүй, хүрэхгүй байна. Гэтэл утаа, хөрсний бохирдол хоёрын хүний биед үзүүлэх нөлөө, хор хөнөөл нь яг ижил түвшинд байна шүү дээ. Нэг нь уушги хордуулаад байна. Нөгөөдөх нь нян бактериар дамжуулаад хүний гэдэс ходоодонд нөлөөлөөд байна. Гэтэл тавьж байгаа анхаарал буюу төсөв нь эрс ялгаатай. Утаан дээр хэдэн тэрбумаар нь тавиад байдаг. Хөрсний бохирдол дээр тэг. Тэгээд л энэ сэдэв рүү бие сэтгэлээрээ орчихоод зүтгэж явна даа.
- Ер нь бол үеийн залуучуудын тань зарим хэсэг их өөр замаар явж байгаа л даа. Тэд маш их товчилж байгаа. Шууд л дарга. Гэтэл та хорооноос эхлээд л явсан. “Хороо бол үйлчилгээний байгууллага шүү” гэж та нэг ярилцлагадаа хэлж байсан. Харин найз нөхөд чинь ойлгодог байсан уу. “Чи юугаа хийгээд хороо, дүүрэг гээд гүйгээд байдаг юм” гэж хэлдэг байв уу. Бүх зүйлийг бүр 0-ээс нь эхэлье гэдэг шийдвэрийг гаргаж байсан тухайгаа дурсахгүй юу ?
- Хувь хүн болгонд өөрийнх нь гэх үндсэн зан төлөв гэж байдаг. Миний хувьд би айлын том хүүхэд. Би гурван эрэгтэй дүүтэй. Манайх дөрвөн хүүтэй айл. Түрүүн хэлсэн аав, ээж хоёр маань станцид ажилладаг байсан гэж. Станцын ажил хүнд хүчир. Дандаа ээлжээр ажилладаг. Насаараа л ээлжийн ажил хийцгээсэн. Ээлжийн ажил гэдэг бол өглөө гараад орой ирэхийг хэлж байгаа юм биш. Хонуут өнжүүтээр цагийн маш их өөрчлөлтөн дунд амьдардаг. Тийм нөхцөлд ерөнхийдөө ар тал болж дүү нарыгаа хүмүүжүүлнэ, өсгөнө гээд бүх ажил миний нуруун дээр ирсэн. Хариуцлага хүлээж сурсан энэ багын хүмүүжил нас ахих тусам улам нөлөөлж эхэлж байгаа юм л даа. Та сая шууд асууж байна. Улс төр рүү хамгийн доод шатнаас нь орсон гээд. Би анх их сургуульд байхдаа Оюутны зөвлөлд Спорт хариуцсан албанд гишүүнээр нь орж байсан юм. Уулын сургуулийнхаа оюутны зөвлөлд гэсэн үг. Оюутны зөвлөл нь зөвхөн Уул уурхайн инженерийн сургуулийнхаа олон нийтийн ажлыг хийгээд явдаг. Хоёрдугаар курст байхдаа оюутны зөвлөлдөө “Би спортод дуртай. Спортоор хичээллэж байсан. Би та нартай нэгдээд ажилд чинь тусалъя” гээд хүсэлт гаргаад, спортын албанд нь одоогийнхоор мэргэжилтэн гэдэг шиг гишүүнээр орж байсан. Спортын албанд ороод ажиллаад аяндаа өөрийгөө таниулаад ажилласан. Дараа нь албаны дарга боллоо. Удалгүй Оюутны зөвлөлийн дэд дарга, бүр Уулын сургуулийнхаа Оюутны зөвлөлийн дарга боллоо. Ингээд ажиллаад байлаа. Дараа нь бүр 20 мянган оюутантай, 12 салбар сургуультай төв ШУТИС-ийн Оюутны холбооны дэд дарга нь боллоо. Оюутан байх үеэ эргээд харахаар яг л бас доороос нь эхлээд л явсан байдаг. Оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх, нийгэмшүүлэх гээд зөвхөн мэргэжлийн дипломоос гадна нийгмийн зохион байгуулагч, нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн байх давхар ойлголтыг практикийн хувьд олоод авчихаж байгаа юм. Тэгээд Оюутны зөвлөл, Холбоо гээд явсан. Тэр үед сургалтын төлбөр их нэмдэг байсан. Тэгээд л нэмүүлэхгүй гээд тэмцээд, даавуугаа толгойдоо боогоод жагсдаг байлаа. Оюутнуудаа төлөөлж сургуулийн удирдлагуудтай уулзана. Сургуулийн ректор, том том профессорууд оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзаад, ярилцъя, ширээний ард сууя гэнэ. Би тэр үед нэг юм олж харж байсан. Яасан гоё эрх чөлөө, яасан том боломж вэ. Энэ хаанаас орж ирсэн боломж, хаанаас ирсэн эрх чөлөө вэ гэж. Энэ бол ардчилал байхгүй юу. Үнэхээр тэр үед бид нар чинь мэддэггүй л байлаа шүү дээ, ардчиллыг. Жирийн оюутан юун ректортой уулзах, юун хэлэлцээр хийх. Гэтэл тэр хүмүүс биднийг урьж уулзаад, бид нарын саналыг хүлээж аваад, хэлэлцээр хийдэг байсан. Тэгэхээр ардчилал бидэнд үгээ хэлэх эрхийг олгосон юм байна. Тэмцэх, хэлэлцээр хийх, ойлголцох, ярилцах энэ бүх боломжийг олгосон юм байна гэж тэр үед л анх мэдэрч байсан. Сургуулиа дөнгөж төгсөөд эхнэртэйгээ танилцсан. Ажил хийх шаардлага гарч байгаа юм.
- Тэгээд хаана ажилд оров ?
- Уул уурхайн инженер хүн шууд хотод оффист ажиллах боломж байхгүй шүү дээ. Тэгээд тухайн үед Таван толгой, Энержи Ресурс анх байгуулагдаж байсан юм. Хуучин MCS –ийн хажууд байлаа шүү дээ. Эднийд Эрдэнэтийн Болд инженер ирчихсэн, ажилд орох хүмүүсээс ярилцлага авч байна гэж сонссон юм. Очоод ярилцлага өгсөн чинь “Хөдөө ажиллах ажилд ор” гэж байна. Тэгээд эхнэртэйгээ уулзаад хөдөө ажиллахаа хэлтэл дургүйцээд. Найз охин маань буюу одоогийн эхнэр маань шүү дээ. Чи ингээд л хөдөө явчих юм бол бидний амьдрал бүтэхгүй тийшээ л болох байх даа гэхээр нь за болъё доо, дөнгөж гэр бүл болох гэж байж хөдөө яваад өгөхөөр яах юм. Хөдөө ажиллахыг минь зөвшөөрөхгүй байгаа юм байна гэж ойлгоод хотод үлдэж, өөр ажил хайсан. Тэр үед бид Оюутны холбоонд байхдаа Чөлөөт Ардчилсан оюутны холбоо гэж байгуулж байлаа. Тухайн үед БатынБатбаатар гишүүн удирдлага нь байсан. 2004-2008 оны үе шүү дээ. Яг оюутан байх үед. Батын Батбаатар гуай АН-ын хамгийн залуу гишүүн байлаа. Тэгээд бид нар очиж уулзсан чинь оюутнуудаа дэмжинэ гэсэн. Тэгээд л бид АН-ын бодлого ер нь зөв юм байна, энэ намыг сонгоно гээд шийдчихэж байгаа юм. Бидний хэсэг залуучууд.Тэгж Батын Батбаатар гуайтай уулзаж, Оюутны холбоогоор дамжуулаад нэлээн идэвхтэй оролцоод явсан. Нэг өдөр Гантөмөр даргатай уулзасан.
- Аль?
- Лу.Гантөмөр. Тэр үед чинь Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч байсан үе шүү дээ. “Би намын оюутны холбоонд ажиллаж байсан залуу байгаа юм аа. Сургуулиа төгсчихлөө. Одоо намын залуучуудын холбооны Удирдах зөвлөлд ормоор байна” гээд нэлээн өөртөө итгэлтэй хэллээ. Тэгсэн чинь мань хүн “За, анхан шатнаас нь явнаа. Чи эхлээд улс төрийн ажилтан хий. Манай залуучуудын байгууллага чамайг шууд УЗ-ийн гишүүн болгож чадахгүй” гэсэн. Би дотроо гайхаж байгаа юм. (инээв) Тэгээд за, ойлголоо л гэсэн. Би чинь оюутан байхдаа оюутны холбооны дарга байсан хүн өөрийгөө тэрүүхэн тэндээ мундаг, лаг л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд л тэр түвшинд очиж уулзаж байгаа юм. Тэгсэн чинь чи энгийн улс төрийн ажилтан бол, юун удирдах зөвлөлийн гишүүн энэ тэр гэсэн хариу авч байгаа юм. Тэгээд анкет бөглөөд АЗХ-нд улс төрийн ажилтан хоёр жил хийсэн дээ.
- Цалингүй биз дээ?
- Цалингүй шүү дээ. Нам чинь хандиваар бүх юм нь явдаг. Юуных нь цалин байх билээ. Яг тэр үеэс олон нийтийнхээ ажлыг шууд хийж эхэлж байгаа юм. Мэргэжлийнхээ ажлыг болиод олон нийтийн ажил руу эргэж буцахгүй орсон гэсэн үг. Тэр үед Ерөнхийлөгчийн зөвлөх байсан, одоо Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан юм. Тэр үеэр Д.Пүрэвдаваа дарга “За, ах нь Баянзүрх дүүргийн АН, Залуучуудын холбоо гээд явж байгаа. Чи Баянзүрхийн АН-д хүрээд ир. Цугтаа хэдүүлээ энэ намын төлөө явъя гэсэн”. Би ч зөвшөөрөөд, Баянүрхийн АН руу 2010 онд очсон. 2010 онд очиход Баянзүрхийн АН яг дотроо үзэлцэж байсан байхгүй юу. (инээв) Тэгээд тэнд үйл явдал, намын халуун амьдрал өрнөж эхэлж байгаа юм.
- Дараа нь та дүүргийн намын дэд дарга болсон билүү ?
-Тийм. Тэгээд 2010 онд Д.Пүрэвдаваа дарга Баянзүрх дүүргийн АН-ын дарга болсон. Би 2011 онд дэд дарга болсон. Ингээд 2012 оны сонгууль боллоо. Оюутан байхдаа олон нийтийн байгууллага толгойлж ажилллаж байхдаа мэдсэн сурсан бүх юмаа л тэнд гаргаж байгаа юм. Багаараа чардайгаад л зүтгэсэн, дүүргийн нам сэргээд босоод ирсэн. “Өө, манай намын залуус ёстой гоё ажиллаж байна” гэж намын хамт олон ч үнэлж эхэлсэн. Ингээд л өнөөдрийг хүртэл явж байна даа.
- Баянзүрх дүүргийн АН бусад дүүргийн намын байгууллагуудаас хамгийн их шуугиантай, амьд үйл ажиллагаатайгаараа ялгардаг. Сайн ч ажилладаг л даа?
- Маш идэвхтэй. Залуучууд маань илүү түүчээлж, давамгайлж явдаг. 2012 онд Манай залуучууд бүгд өөр өөрийн хороондоо дэвшсэн . Тэгээд 34 суудал авч байсан. 41 суудлаас 34-ийг нь авч үнэмлэхүй ялсан.
- Ардчилсан хувьсгалаас хойш нэгж дээр анхны ялалтаа авлаа гэцгээж байсан биз дээ ?
-1990 оноос хойш Баянзүрх дүүрэгт анх удаа АН орон нутагтаа ялж байгаа юм. Тэрнээс өмнө 22 жил АН сураггүй байсан. Тэгж анх удаа бид дүүрэг дээр олонх болж байсан. Гэхдээ хороондоо очиж ажиллаж, хорооныхоо иргэдтэй тулж уулзаж, ойлгуулж явж байж нэгжийн түвшинд төрийн ажил руу орж байгаа юм. Төрийн ажил руу орохдоо анхан шатны нэгжээс нь ингэж л эхэлсэн түүхтэй.
- Цүнх баригчид гэх хэсгийнхэнтэй зүйрлэх аргагүй хөдөлмөр гэж үү?
-Тийм шүү. Тэгээд 2012-2016 он хүртэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, хамгийн олон санал авсан, хамгийн залуу төлөөлөгч гээд л явсан даа. Би түүхийнхээ энэ эхлэлд хайртай.
- Тэр үед 26-тай байсан байна. Таван жил намын анхан шатанд ажиллаж. Таны үеийн зарим залуус замыг гайхмаар сонин товчилсон байх нь элбэг таардаг ?
- Туулах ёстой замыг туулаад л явж байна гэж боддог. Олон нийтийн төлөө ажиллах замыг сонгосон хүн тэртээ тэргүй маш их цаг хугацаа зарцуулна. Энэ бол бараг хууль шүү дээ. Тэр зам товчлох тухай ойлголт манай намд боломжгүй ойлголт. МАН-д бол нутагшсан үзэгдэл юм даа.
- 20 гаруй жил орон нутагт байгуулж чадаагүй байсан анхны ялалтыг авч ирсэн. Гэхдээ л өнгөрсөн дөрвөн жилийг чинь харахад л мөн ч их тэмцэл явлаа. Дүүрэгтээ ялаад гараад ирчихдэг. Тэгсэн хэрнээ УИХ-ын сонгуульд МАН ялчихдаг. Иргэд нь АН-ын залуусаа их сайн мэддэг, дэмждэг атлаа дээрээ болохоор яагаад МАН-ыг гаргадаг гэж та нар боддог вэ?
-Тийм. Анхан шатанд, яг иргэдтэй өөрсөдтэй нь нүүр тулж ажилладаг бидний хэсэг залуучуудаа бол иргэд маань маш сайн мэднэ. Том сонгуулийг бол залуучуудаас илүү нам харж харьцуулдаг юм байна. Мэдээж намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд өрсөлдөж байгаа. Манай Монголын нийгмийн амьдрал толь шиг хүн болгонд л ил харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэн ямар асуудал шийдэх нь хэнд ч ойлгомжтой. Үүн дээр нэг их айхтар толгой өвтгөсөн, мундаг академик бодлого гээд байх юм байхгүй. Бүгд л ижил түвшний мөрийн хөтөлбөр гаргаж тавьж байгаа тул нэг их ялгаа гарахгүй. Би саяны сонгуульд УИХ-д нэр дэвшлээ шүү дээ. Асар их мөнгөний сонгууль явагдсан. Мэдээж бид мэт яаж тэр их мөнгийг ялах юм бэ.
- Дүүрэгт ялалт байгуулж, олон жил ажиллаж үзлээ. Намаас тань саяны сонгуульд итгэл хүлээлгэж таныг УИХ-д дэвшүүлсэн. Үнэхээр том мөнгөний өрсөлдөөн болох юм уу ?
- Үнэхээр сонгогчийн боловсрол гэдэг сэдвийг Р.Бурмаагаас хойш хэн ч хөндөхгүй орхичихсон юм байна. Хамгийн чухал ойлголтоо бид хаячихаад яваад байна. Сонгуулийн ерөнхий хороо гээд байгууллага байна. Татвар төлөгч нарын мөнгөөр цалин аваад бүтэн дөрвөн жил сууж байдаг. Тэгээд сонгууль болохоор гэнэт нэг гарч ирээд сар ажилласан болоод л нам гүм болдог. Зүй нь бол энэ байгууллага бүтэн дөрвөн жил хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэйгээ хамтраад сонгогчийн боловсролыг дээшлүүлэх талаар л маш сайн ажиллах ёстой юм. Сонгогч сонголтоо хийхдээ өөрийнхөө төлөө хийдэг болмоор байна. Өнөөдрийн энэ шүүмжлэл дагуулаад байгаа утаа, түгжрэл, хот төлөвлөлт, ядуу буурай амьдрал, ажилгүйдэл яагаад арилахгүй байна вэ. Бүгд бидний өөрсдийн сонголттой холбоотой гэдгийг ойлгохгүй байна.
- Та дүүргийн орлогч дарга хүн. Найман жил энэ хөрсөн дээрээ ажилласан. Гэхдээ гишүүд шиг төсвийн мөнгөөр шоудаж л чадаагүй байх.
- Би өмнөх асуултын хариултаа гүйцээчих үү. УИХ-д дэвшинэ гэдэг бол маш том хариуцлага. Маш том итгэл найдвар. Яг тэрийгээ дагаад маш олон хүмүүс итгэдэг. Тэр нь сая юун дээр харагдсан бэ гэхээр хандив. Зарим нь итгэхгүй байх. Гэхдээ залуучууд бол ихэнх нь хандив босгож сонгуульд оролцоцгоосон. Олон жил олон нийтийн ажил хийж, хүмүүстэй нөхөрлөж явсны үр дүн саяны сонгуулиар бас гарлаа гэж би харж байгаа.
- Бас танай үеийнхэн сонгуульд ач холбогдол өгч оролцдоггүй байсан. Сая бол 1980-аад оныхон энэ сонгуульд маш том түрлэг боллоо ?
-Тийм. Маш идэвхтэй оролцсон. Ер нь бол одоо ачааны хүндийг үүрцгээе гээд зүтгэсэн. Салбар салбартаа манлайлал тээж яваа залуус маань бүгд түрлэг болж энэ сонгуульд орсон.
- Яг улаан цайм хууль зөрчсөн үзэгдэлтэй өрсөлдөөнд ороод явж байхад нүүр тулах юм уу. Хуулийнхан нь өөрсдөө хүртэл оролцсон тийм үйл явдлууд гарав уу?
- Та тэр нэг сонгуулийн үеийн бичлэгийг үзсэн байх . Манай штабууд руу зохион байгуулалттайгаар энгийн хувцастай залуучууд ороод штаб дээр байгаа бүх бичиг баримтуудыг булааж аваад, самбар дээр бичсэн ажлын төлөвлөгөөний зургийг аваад, шууд утгаараа халдлага хийж байгаа юм. Тагнуул, цагдаагийнхан шүү дээ. Дээрээс нь эрүүгийнхэн. Үнэмлэхээ ч үзүүлэхгүй, маш дээрэлхүү, бүдүүлэг аашилсан. Та мэдэж байгаа шүү дээ. Сонгуульд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь манай эмэгтэйчүүд, бас тэтгэвэртээ гарсан хүмүүс. Тэд нарыг чинь тэр том том биетэй залуучууд ирж дээрэлхээд л маш муухай л юм болж байгаа юм. Энэ бүхнийг хараад үнэхээр миний зэвүү хүрсэн. Шударгаар өрсөлдөөд явж байхад гэнэт төрийн байгууллагын залуучууд орж ирээд тэгж аашилцгааж байгаа юм. Яагаад тэгж дарамталж байгаа юм. Нөгөөдүүл маань бүр айж сандраад биднийг дуудсан. Бид яваад очсон. Хамтран нэр дэвшигч маань З.Энхболд дарга шүү дээ. Ер нь бол зарчимч, ширүүн, хатуу үгтэй хүн. Бид нар чинь түрүүлж очоод нөгөө зугтаж байсан залуучуудыг нь бариад авч байгаа юм. Тэгээд та бүхэн хэн бэ гэхээр манай хуулийнхан л байгаа байхгүй юу. Ахалж байгаа хүмүүсийг нь оруулаад ирсэн, З.Энхболд дарга шууд загнаж байгаа юм. Тэр үеийн бичлэгийг хэдэн өдөр сошилоор битүү явуулж байгаа юм. Хар технологи гэдэг чинь яг тэр л юм билээ. Асуудал яагаад үүссэн , шалтгаан нь юунаас болов энэ тэрийг бол гаргахгүй ш дээ. Тасалж аваад З.Энхболд даргын зэмлэсэн хэсгийг битүү явуулаад л “За, энэ хүн чинь бүгдийг нь ажлаас нь халах юм байна. Гарч ирээд бүгдийг нь алах юм байна” гээд нүдээд явчихсан. Дээрээс нь сонгуулийн хорооноос нэрийг нь татагдчихсан гэж худал мэдээлэл явуулсан. Манай намынхан хүртэл сонгуулиа өгөхдөө сонгуулийн хэсгийн хороон дээр ирээд асууж байсан. З.Энхболд дарга та хоёрын нэрийг татчихсан юм уу гэж. Тэгж ташаа мэдээлэлд автаж байгаа байхгүй юу, хүмүүс.
- Хариуцлагатай эх сурвалж мөн үү, яг албан ёсны мэдээ мөн үү гэдгийг ялгах завдал олгохгүй нүдчихэж байгаа юм л даа?
- Ялгахгүй, шууд ямар ч цензургүйгээр хүлээгээд авчихдаг юм билээ.
- Дүүрэг дээр танай Засаг даргыг батламжлахгүй нэлээн удсан шиг санагдана.
- Тэгсэн. Бид ч тэмцсэн.
- Олон ч шүүх хурал болсон байх.
- Болсон болсон.:
- Бас танай дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд гэхээр Монголын улс төрийн түүхэнд сонирхолтойгоор л бичигдэх хүмүүс гарч ирсэн байсан. Дуучин С.Жавхлан, Ж.Батзандан гээд л... Ер нь хэд нь иргэдтэйгээ ажилладаг юм. Надад бол тэр гишүүдийг бараг ирээгүй гэх мэдээ дуулдсан ?
- Д.Оюунхорол гишүүн л нэг удаа ирсэн. Бусад таван гишүүн дүүрэг дээр нэг ч удаа ирээгүй. С.Жавхлан, Ж.Батзандан, Ж.Энхбаяр, Б.Батзориг, Б.Саранчимэг, Д.Оюунхорол гээд энэ зургаан гишүүн байсан шүү дээ. Нэг нь ял авлаа.Д.Оюунхорол гишүүн Байгаль орчны сайд байхдаа тэгж нэг ирж уулзсан. Ирээд баахан загнаж байгаад л явсан.
- Тэгээд яагаад зарим нь дахиад сонгогдчихов?
- Бусад гишүүд бол дүүрэг дээр яг УИХ-ын гишүүний хувьд ирээд “Та нар төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа. Нэгжийн тухай хуулиараа ажиллаж байгаа улс. Та нар дээр ямар ямар асуудал байна. Иргэдийн ямар асуудлууд байна. Та нар гишүүнээрээ дамжуулж ямар хууль санаачлуулмаар байгаа юм. Ямар санал байна. Ирэх жилийн төсөв дээр хаана, юу хэрэгтэй байна вэ гэдэг ажил хэргийн нэг ч санал байхгүй. Магадгүй энэ нэг нам гэдэг юмнаас болж тэгдэг байх. Гэхдээ энэ маш буруу үзэгдэл шүү дээ. Намын асуудал бол сонгуулийн 14 юм уу, 21 хоног дотор л байх ёстой. Бусад үед нэгэнт сонгогдоод, хариуцлага хүлээгээд, төрийн алба хашиж байгаа улсууд улс орноо хөгжүүлэхийн тулд эрх ашгаа нийлүүлээд л, нэг бодлогын дор явах ёстой.
- Гэтэл яг тойрог дээр иргэдтэй ажиллаж байгаа хүмүүс нь та нар байгаад байдаг. Нөгөөдүүл чинь ганц ч ирэхгүй байгаад байдаг. Тэгээд УИХ дээр лобби хийж, төсвөөр дамжуулж хэдэн төгрөг хуваарилуулж аваад, ямар ч уялдаагүй ажлууд хийгээд байдаг. Ийм асуудлуудаа та нар нээлттэй ярих хэрэгтэй шүү дээ?
- Ер нь бол Монголын төрийн тогтолцоо гажуудсан байна. Айхтар гажуудсан байна. Яагаад авлигал, хээл хахуулийн хэргүүд тасрахгүй байна. Яагаад энэ их айхтар албан тушаалын төлөө тэмцэл тасрахгүй байна. Тэгэхээр энэ өөрөө тогтолцооны гажуудал байхгүй юу. Зарим муу улстөрч нарын өмнөөс иргэдээсээ уучлалт гуймаар санагддаг юм. Яагаад гэвэл би ялгаагүй улс төрийн ертөнцөд явж байгаа хүн. Нэг улстөрчийн хийсэн хууль бус үйлдэл бусад бүх улстөрчдийг харлуулж байгаа байхгүй юу. Гэтэл улстөрч гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр уг нь бол эсэргээрээ. Нийгмийн сайн сайхны төлөө, илүү сайн сайхан болгохын төлөө өөрийн сурсан мэдсэн бүх зүйлийг зориулах тэр хүнийг л хэлж байгаа юм.
- Уг нь бол намынх нь удирдлагууд сонгогчид дээр очоод “Та бүхний сонгож явуулсан хүн ял авчихлаа. Уучлаарай” гээд хэлэх ёстой байсан шүү дээ. Дахиад л бүрэн бүрэлдэхүүнээр нь МАН-ын гишүүдийг сонголоо. Тэгэхээр бид хоёрын яриад байгаа гуниг энд л байгаа байхгүй юу. 30 жил ардчилал хөгжсөн оронд ийм байж болохгүй шүү дээ. Дүүргийнхээ удирдлагуудтай ирж уулзаж үзээгүй мөртлөө дахиад сонгогдчихсон байдаг?
- Харин тийм. Тогтолцооны алдаа нь хүмүүсийгяг ийм болгоод байна л даа. Дарга нар вакум орчинд орчихлоо гэдэг шиг УИХ-ын гишүүд бол яг нэг ийм вакум орчинд орчихож байгаа байхгүй юу. Яахав дээ, анхан шатны нэгж дээр МАН ч байна уу, АН ч байна хэн нь ч байсан очоод ажиллах л ёстой шүү дээ. Тэр үүрэг хүлээсэн, тэр олон хүмүүсийн итгэлийг даагаад, саналыг нь аваад гараад ирсэн бол ажиллах л ёстой байхгүй юу. Гэтэл тэгэхгүй байгаа нь хувь хүмүүсийн соёлын асуудал байгаа байх. Тогтолцооны алдаа байгаа байх гэж би боддог. Жишээлбэл, би НИТХ-ын төлөөлөгч. АН-аас сонгогдсон нийслэлийн төлөөлөгч. Нийслэлийн Хангарьд ордонд МАН-аас томилогдсон улс төрийн албан тушаалтнууд, удирдлаган дор нь ажиллаж байгаа албан хаагч нар гээд зөндөө хүмүүс ажиллаж байна. Би хэзээ ч тэд нартай ийм ялгавар гаргаж харьцаж үзээгүй. Яг л төлөөлөгч бол бүх хүмүүстэй, бүх агентлагийн дарга нартай, бүх л холбогдох хүмүүстэй уулзаад, ярилцаад явах ёстой. Ажлын хэсэгт орвол ажлын хэсэгтээ саналаа хэлээд, мэргэжилтэн, хэлтсийн дарга нартай уулзаад, ажлын хэсэг ахалж байгаа бол нөгөө хүмүүсээ удирдаад, зохион байгуулаад явах л ёстой. Тэгэхээр хувь хүмүүсийн хандлагын ялгаа байх шиг байна. Ялангуяа хатуухан хэлэхэд хоёр нийгмийг үзсэн хүмүүсийн хувьд ийм ялгаа байх шиг байна шүү. Би өөрийгөө зөвтгөж байгаа юм биш шүү. Манай үеийн залуучууд, 1970 оны дунд үеэс эхлээд, 1980 он, одоо 1990 онынхон одоо хүч түрэн орж ирж байна. Арай өөрөөр улс төрийг харж байгаа шүү. Гэтэл нөгөө хуучин нийгмийн ах нар, соц нийгэмд мэдлэг боловсрол олж авсан хүмүүс байна. Сайн нь сайн л даа. Үнэхээр сайн байна. Би баярладаг. Гэтэл тэрийг буруугаар, муугаар ашиглаж байгаа хүмүүс илүү олон байгаад байгаа юм. Хэзээ ч шунал нь дуусдаггүй. Хэзээ ч өөрийгөө татдаггүй. Бүр мөнхийн эрх мэдэлд зууралдаад байж л байдаг. Ичгүүр байхгүй, улайраад л байна. Яг тэр улсуудын хар гайгаар улстөрч гэдэг хүмүүс нийтлэг нэр хүндээ алдчихсан мэт нийгэмд буруу ойлголт байна. Дүүргийн засаг дарга байсан, УИХ-ын гишүүн, төрийн сайд байсан, манай дүүргийг парламентад төлөөлж байсан улстөрч иргэдийнхээ боломжийг хууль бусаар завшсан хэргээр яллагдлаа. Мөн тэдний бүхнийг авах гэсэн эрх мэдэл, шунал хэтэрч Баянзүрх дүүрэг дээр МАН-ын нөхдүүд иргэдийн сонголтод яаж бүдүүлгээр халдаж, дэвсэлж байсныг монгол даяараа харсан. Цагдаа цэргээр хүч түрэн дайрч орж, дүүргийн байрыг булаан эзлэх дажиндаа хүртэл тулсан. Эцэст нь шат шатны шүүх үнэний талд, ард түмний талд шийдвэр гаргаж даварсан үйлдлийг нь таслан зогсоосон шүү дээ. Ард түмний сонголтыг шүүх тэгж хамгаалаагүй бол, Үндсэн хуулинд заасан иргэдийн сонгох сонгогдох эрх төгсгөл болох аюултай байлаа. Сонголтыг цэрэг цагдаатай дарга нар нухчин дардаг, эрх мэдлээр далайлган хүч түрдэг, эзэн суудаг байдал даамжрах байлаа. Зүй нь энэ ичгүүр сонжуургүй, улаандаа гарсан увайгүй үйлдлийнхээ өмнөөс МАН ёс суртахуунтай нам байсан бол Баянзүрхчүүдээс уучлал гуйх ёстой байсан байх. Гэвч тийм алхам хийсэнгүй.
- НИТХ дээр үзэл бодлын хатуу хуваагдал явдаг уу ?
- Ер нь бол бид нар нэг ийм л зарчимтай байх ёстой юм билээ. Юу вэ гэхээр дөрвөн жил улс төржиж болохгүй. Дөрвөн жил улсаа хөгжүүлэхийн төлөө л ажиллах ёстой. 45 хоног улс төржиж болно. Тэр нь сонгуулийн өдрүүдэд . Бид хатуу улс төржихөөсөө илүүтэй маш ойлгомжтой, тодорхой санал тавьдаг. Нэг мэдээжийн жишээ татаад ярья л даа. Та бод доо. Нийслэлийн төсөв гээд хэлэлцлээ. Гэтэл бид нар энд оффислож ажиллаад болоод байхад заавал тэр яармаг руу 97 тэрбум төгрөгийн үнэтэй ордон барих шаардлага байна уу. Гэтэл төрийн өмчийн цэцэрлэггүй маш олон хороо байна. Улаанбаатар хот, есөн дүүргийн хэмжээнд шүү. Тэгвэл 150 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг барихад нэг тэрбум гаруй төгрөг. Ингэж бодоход бид 97 тэрбум төгрөгөөр хэдэн цэцэрлэг барьж, хэдэн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролоор хангах боломж бүрдэж байна. Энэ хоёрын хоорондох ялгааг л бид хэлж байгаа юм. Ач холбогдолтой ажлуудаа эрэмбэлээч ээ гэж байгаа юм. Ач холбогдолтой ажлын нэгдүгээрт тэнд ордон барих нь хэрэгтэй юу. Гэртээ түлэгдэх гээд, ээж нь ажилдаа явж чадахгүй хүүхдээ хараад, өрхийн орлого нь буураад байж байгаа асуудлаа шийдэх юм уу. Хүүхэд болгон төрийн үйлчилгээ авах эрхтэй байхгүй юу. Хэнийх нь хүүхэд төрийн үйлчилгээ аваад, хэнийх нь төрийн үйлчилгээ авахгүй байдаг юм. Энэ чинь сугалаагаар шийддэг асуудал биш байхгүй юу. Тийм биз дээ. Жишээлбэл, цэцэрлэгээр 3 жил боловсрол эзэмшээд сургуульд орсон хүүхэд, гэртээ ээж ааваараа харуулаад сургуульд орсон хүүхдийн хооронд ялгаа гарах уу.
-Гаралгүй яахав.
-Тэгэлгүй яах юм бэ. Адаглаад тэр чинь гэрт нь ялгаа үүсэж эхэлж байна шүү дээ. Тэр хүүхдийг гурван жил гэртээ харсан ээж, гурван жил ажил хийсэн ээжүүдийн хооронд цалингийн ялгаа гарч байна шүү дээ. Тийм байгаа биз. Хүүхдийн боловсрол, мэдлэг, нийгэмших асуудал, төлөвших асуудал гээд маш олон юм энэ гажуудалтай хамааралтай. Би бол өөрөө багаасаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Цэцэрлэгт байхдаа бас идэвхтэй жаал байлаа. (инээв) Суурь хүмүүжлээ тэнд л олж авсан. Удахгүй улстөрчдийн ёс суртахуун өөр болно гэдэгт би итгэдэг. Тэрний төлөө ч явж байгаа. Би таны төлөө чадлаараа ажиллая. Надад таны төлөө ажиллах боловсрол, сэтгэл зүрх, хүчин чадал, цаг зав байна. Тийм учраас намайг сонгоочээ, дэмжээчээ гээд иргэдтэйгээ уулзаад явж байна. Тэгэхгүй би бүх юмыг ингэе, намайг дэмжээрэй, май гээд мөнгө өгдөг буруу жишгээр бид явахгүй. Ийм ялгааг арилгамаар байгаа юм. Би бол дотоодын бүтээгдэхүүн. Дотооддоо сургууль төгссөн. Гадаадад сургууль төгссөн мундаг сайн залуучууд байна. Гэхдээ бүгдээрээ мундаг гэж байгаа юм биш. Сайн нь сайн. Муу нь бас муу. Тэгэхээр сурсан мэдсэн, олж авсанаа төрж өссөн улс эх орондоо зарцуулах ёстой гэж боддог.
- Дүүрэгт ажилласан 10 жилийн хөдөлмөр тань бол үнэ цэнтэй хөдөлмөр. Гэхдээ нам тань манай Баянзүрхийн залуучууд ондоо шүү гэж үнэлдэг үү ?
- Өнгөрсөн сонгуулиар 1980-аад оны залуучуудаас АН хэд хэдэн залуучуудыг дэвшүүлсэн. Тэрний нэгэнд нь надад итгэл хүлээлгэж дэвшүүлсэн. Дүүрэгтээ хэдэн залуус орон нутгийн сонгуульд гарч ирээд, дүүргээ удирдаад ингээд явж байгаа шүү. Бусад залуустаа манлайлал үзүүлээд явж байгаа шүү гэж намын хамт олон маань үнэлдэг. Энэ цаг хугацаа чинь дардан, шулуун замаар яваагүй. Тэрийг бүгдээрээ л мэдэж байгаа. Маш олон дарамт шахалтууд ирдэг. Бүгдийг нь туулаад л явж байгаа. Хамгийн гол зүйл бид нар шударга ажиллах ёстой, зарчмаа барих ёстой. Нийтийн эрх ашгийг хойш нь тавиад, зөвхөн бид гээд албан тушаалын төлөө зүтгэж байгаа нөхдүүдтэй бид нар тэмцэнэ. Хатуу тэмцэнэ. 100 байтугай 1000 шүүх хуралд ороход ч бид бэлэн байна. Хэн нэгэн хүчтэй дарга, цэргээс бид айхгүй.
- Сөрөг хүчин амьд уу гэх асуулт байна.
- Сөрөг хүчин гэхээр л гудамжинд орилж байдаг тэр улс төр одоо өөрчлөгдсөн. Сайн юмны үлгэр жишээ биднээс л эхлэх ёстой юм. НИТХ-д дөрвөн жил бид ажиллалаа.Яг үеийн залуучуудтайгаа ярилцаж байгаа юм. Аль нэг нам гэлтгүй л уулзацгааж ярилцана шүү дээ. “Хэдүүлээ хэтэрхий их намчирхахгүй. Улс эх орноо, нийслэлээ хөгжүүлэх гээд зорилго нэгтэй сууж байгаа улс шүү. Тийм учраас хэт их намчирхахгүй. Хүн рүү дайрахгүй. Асуудлаа ярья, гажуудлаа ярья. Тэгээд өөрсдөөсөө улс төрийн шинэ соёлыг эхлүүлцгээе. Тэнд ах нар нэг нэгнээ муулаад л, попроод л хоосон амлаад байгаа нь гоё харагдаж байгаа ч гэсэн бүгдээрээ арай өөрөөр явцгаая . Бид нараас энэ соёл эхлэх ёстой. Бид нар буруу юмны залгамж халаа болж болохгүй” гээд ярьцгаана. Зарим нь хүлээж авна. Зарим нь хүлээж авахгүй. Янз бүр л дээ.
- Таныг тэрний хүн, энэий хүн гэж ярихгүй юм. Гэхдээ таны “багш” хэн юм бэ гэж асуувал юу гэж хариулах бол ?
- Үнэнээ хэлэхэд хэн шиг ч болно гэж боддоггүй. Би өөрийнхөөрөө л явна. Хэрэв итгэл найдвар надад хүлээлгэвэл би чадлаараа итгэлийг нь алдахгүй зүтгэхийг л хичээдэг. Онцолж хэн нэгэн лидер дагадаг жишгийг асууж байх шиг байна.Би өөрийн гэсэн зам мөр сонгосон.
- Ингэхэд нийслэлд хамгийн том ажил хэрэг болсон ямар төслүүд байна. Хийгдээгүй зүйл юу байна. Жишээлбэл, түгжрэлийн асуудал яг одоо хурцаар яригдаж байна ?
- Хүмүүс бид их мартамхай. Сонгууль гэж баахан шуугихдаа үндсэн зовлонгуудаа мартчихна. Зунжингаа амарч орж ирээд л хэзээ ч өмнө нь түгжирч байгаагүй юм шиг бухимдаж байна. Нөгөө л нэг түгжрэл чинь яг хэвэндээ шүү дээ. 8 сарын сүүлээс эхлээд түгжирдэг. Тэгээд л бүгд бухимдаад бичээд эхэлж байна. Сарын дараа ч юм уу, хоёр сарын дараа мартчихна. Тэгээд л түгжирдэгээрээ түгжрээд л. Хувь тавилантайгаа эвлэрээд, машинаа барьцгаагаад л явцгаана. Өнгөрсөн дөрвөн жил түгжрэл дээр ямар ч ажил хийгээгүй. Харин хот өөрөө жинхэнэ түгжирлээ. Албан тушаалын хувьд түгжирлээ. Иргэдийн авто замын хөдөлгөөнд оролцох, түгжрэлийг арилгах тал дээр нэг ч ажил хийгээгүй. Эсэргээрээ өмнөх дөрвөн жилтэй буюу 2012-2016 онтой харьцуулахад 2016-2020 онд бол нийслэлийн эрх барьж байгаа МАН-ын хувьд хотыг удирдлагын хувьд түгжрэлд оруулсан. Ухралт хийсэн дөрвөн жил байлаа.
- Утаа гэдэг асуудал дээр бол тодорхой бодлого хийж чадсан гэж байгаа. Та юу гэж үзэж байна ?
- Яахав дээ, хүүхдэд шилний цаанаас чихэр харуулж долоолгоно гэдэгтэй л адилхан юм хийсэн. Би хатуухан хэлж байж магадгүй. Ялгаагүй манай нам ийм юм хийсэн бол би ингэж л шүүмжлэх байсан. Юу вэ гэхээр утааг харагдах өнцгөөс нь бууруулсан юм шиг зохион байгуулалт хийгээд явсан. Бидний хүртэж байгаа хор нь яг ижил түвшинд байсаар л байгаа юм. Ямар ч ахиц дэвшил байхгүй. Ер нь бол утаан дээр маш их мөнгө зарж байгаа. Энэ мөнгийг бага багаар нь дэд бүтэц рүү нь тавиад бай л даа. Одоо сайжруулсан түлшний оронд хойшоо хамгийн ойрхон байгаа гэр хороолол руугаа шугамуудаа тат л даа. Өөр юу хэрэгтэй юм бэ. Тийм биз дээ. Долоон буудал, Дарь-Эх, Баянхошуу, Монель руу, Шар хад руу шугамуудаа татаад бай л даа. Тэгж байж л тэнд цэвэр эдийн засгийн өсөлт бий болж эхэлнэ. Барилгын компаниуд айлуудтайгаа уулзаж тохиролцоод орон сууцаа барих уу, хувийн хаус болгох уу. Хувийн хэвшлийнхэн юу хүлээж байна вэ гэхээр төрийг дэд бүтэц тавьж өгөхийг л хүлээгээд байгаа юм. Бид нүүрснээс олж байгаа таван цаасаа энэ рүүгээ зарцуулчих ёстой. Гэтэл одоо яг шугам хэвэндээ байна. Шугамын ажил нэг ч хийгдээгүй. Мөнгө маш их үрсэн. Үрсэн мөнгө нь утаа болоод замхарсан. Ингээд л болоо. Хэрэв тэр мөнгийг бид шугам болгосон бол тэр нь насан туршийнх. Дараа жил нь хэрэглэгдэнэ, түүний дараа жил хэрэглэгдэнэ. Ингээд энэ бүтээгдэхүүн болж байгаа юм. Гэтэл эд нар яадаг вэ гэхээр шатдаг бүтээгдэхүүн хийчихэж байгаа юм. Тэгээд тэр мөнгийг энд авчраад шатаагаад байна гэсэн үг. Гэтэл тэр мөнгийг дэд бүтэц болгох хэрэгтэй. Хүмүүсийг сайхан амьдруулах хэрэгтэй шүү дээ. Улаанбаатарын 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Бид нар бүгдээрээ л мэдэж байгаа. Гэр хороололд амьдарч байгаа иргэн бүр ая тухтай амьдрах юмсан гэж бодож байгаа. Энэ Улаанбаатар хот чинь хоёр хот болчихлоо. Бүр хот нэртэй хөдөө болчихлоо гэх юм уу. Хатуугаар хэлэхэд. Тэгэхээр нийслэлийн бүх хөрөнгө оруулалтыг шууд гэр хороолол руу зарцуул. Саяхан нэг харьцуулалт гарсан байна билээ. Төсвийн хөрөнгөнөөс Зайсан руу хэдэн хувийг, гэр хороолол руу хэдэн хувийг зарцуулсан бэ гэсэн судалгаа. Зайсан руу хамаагүй их мөнгө зарцуулсан байгаа Болохгүй шүү дээ. Энэ хот чинь бүр хоёр хуваагдчихлаа. Хоёр нийгэм боллоо шүү дээ. Бид нэг л хотод амьдармаар байна.
- Та нар ISO гээд нэг гоё төсөл хэрэгжүүлэх шиг болсон?
-Тийм. Төрийн байгууллагад анхан шатны нэгжид яг иргэдтэйгээ найман жил тулж ажиллалаа. Иргэд шууд хаалга татаад л ороод ирдэг. Тэдний өмнө бусад шатныхан шиг хүнд суртал хөндөлсөхгүй. Бид нээлттэй, чөлөөтэй ярилцдаг. “За, та суу. Яасан бэ, юу болсон бэ” гээд нүүр тулахад маш их зовлон ярьдаг. Гэтэл дүүргийн эрх мэдэл өөрөө хуулиар хязгаарлагдмал . Нэгжийн тухай хуулиараа. Харин иргэд илүү их юмыг нэхэж байгаа юм. Амьдрал тийм хүнд, хэцүү байгаа гэсэн үг. Тиймээс төрөө бараадаад ярилцахаар орж ирж байгаа юм. Гэтэл тэрийг шийдэх эрх мэдэл нь дүүрэгт байхгүй. Төрийн анхан шатны нэгж дээр найман жил ажиллаад харахаар манай төрийн байгууллагын гажуудал харагдаж байгаа юм. Бид төрийн тогтолцоогоо эргэж харахгүй бол болохгүй байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар. Баянзүрх дүүргийн Засаг дарга гэхээр бараг дүүргийн хаан гэж харж байна шүү дээ. Номер нэг хүн бүх асуудлыг шийдэх ёстой гэж харж байна. Гэтэл Засаг дарга бол өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийнхөө удирдлаган дор зургаан хэлтэстэй. Нийгмийн хөгжлийн, дэд бүтцийн, хуулийн хэлтэс, цэргийн штаб гэх мэт. Гэтэл яг хажуу талд нь иргэдэд өдөр тутам үйлчилдэг Бүртгэлийн хэлтэс бий. Энэ нь яамнаас харьяалалтай, босоо удирдлагатай. Газрын алба нийслэлийн Газрын албанаас хамааралтай, босоо удирдлагатай. Халамж, нийгмийн даатгал, цагдаа дандаа босоо удирдлагатай. Засаг даргатай бүр падлий ч байхгүй. Тэгэхээр тэнд ямар асуудал үүсдэг вэ гэхээр цаанаас томилогддог улсууд улс төрийн албан тушаалтан биш учраас дарга л намайг мэднэ гээд сууж байгаа. Дарга нь хотын төвд нэг квадрат дотор суучихна шүү дээ. Мэргэжилтэн нь тэнд сайн ажиллаж байна уу, муу ажиллаж байна уу мэдэхгүй. Иргэд мэргэжилтэндээ “Та нар хүнд сурталтай байна. Удаан байна” гээд гомдол мэдүүлж байгаа юм. Ихэнх бухимдал газрын алба, бүртгэлийн хэлтэс дээр үүсэж байгаа. Тамгын газар буюу Засаг дарга “Чи одоо наад иргэнтэйгээ зөв харьцаад, асуудлыг нь шийдээчээ. Яагаад хөлөн дороо, шкафандаа 100-гаар нь өргөдлийг нь хураачихсан юм. Наад хүнийхээ газрын асуудлыг шийдвэрлээч” гэхээр загнасан дарамталсан болоод явчихна. Тэгэхээр тэр мэргэжилтэн хариуцлага хүлээх хүн биш байгаад байгаа юм. Яагаад гэвэл цалингаа тогтмол авчихаж байна. Тэр хүний асуудлыг шийдсэн ч цалингаа авна, шийдээгүй ч авна. Гэтэл Засаг дарга бол улс төрийн албан тушаалтан. Дүүргийнхээ иргэдээс санал авч сонгогдож байгаа . Тэгэхээр тэр хүн бол санаа зовж байна шүү дээ. Нэг иргэнийхээ ч болтугай асуудлыг шийдчих юмсан гээд. Мэргэжилтэн бол тийм биш. Тэгэхээр босоо удирдлагатай байгууллагын мэргэжилтнүүд дээр төрийн байгууллагын хүнд суртлын асуудал үүсэж эхэлж байгаа юм. Гэтэл манай Тамгын газрын зургаан хэлтэс дээр бид нар анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төрийн үйлчилгээний ISO стандартыг нэвтрүүлсэн. Дүүргээрээ ярьж байгаад. Энэ ямар ч дүүрэг дээр хэрэгжээгүй. Ямар ч төрийн байгууллага дээр. Банкин дээр л байдаг. Та мэднэ шүү дээ. Банк руу ороход манай банкныхан гоё харьцдаг шүү дээ. “Сайн байна уу. Та ийшээ суучих. Яах вэ, ийх вэ” гээд л. Мэдээж тэр үйлчилгээ авч байгаа хүний сэтгэлийг татах гэж байгаа учраас.
- Банк бол өндөр түвшинд очсон шүү?
-Ер нь бол тийм.
-Тэгээд дараа нь хувийн эмнэлэгүүд юм даа?
-Тийм.
-Мөнгө төгрөгийн дэмжлэггүйгээр яаж хийв?
-Хийе гэсэн сэтгэл байвал болдог юм байна. Монголд энэ талаар санаа зовдог, сэтгэлтэй зүтгэлтэй залуус олон байна. Энэ бүхнийг хэрэгжүүлж байгаа. Сургалт хийж байгаа залуучуудаа бид нар олж уулзсан. Тэгээд ярилцсан, санаа нийлсэн. Одоо манай дүүргийн зургаан хэлтэс дээр хэрэгжсэн. Та яг одоо манай Баянзүрх дүүргийн Тамгын газрын үүдний жижүүрийн утас руу залгаж болно. “Сайн байна уу. Баянзүрх дүүрэг таныг сонсож байна. Танд юугаар туслах уу” гэж өмнөөс тань асуух болно.
-Би залгаж үзсэн ?
-Энэ бол төрийн байгууллагын шинэ соёл юм. Манай Тамгын газрын зургаанхэлтсийн бүх мэргэжилтэн энэ сургалтыг авчихсан. Ингээд иргэддээ үйлчилж байгаа. Орж ирсэн аж ахуйн нэгж, иргэдтэйгээ ингэж л харьцдаг. Гэтэл босоо удирдлагатай байгууллагуудыг та сая сонслоо шүү дээ. Бид нар тэнд шаардлага тавиад, хариуцлага тооцох эрх байхгүй. Тэгэхээр энэ тогтолцооны гажуудлаа засахгүйгээр бид явахгүй.
- Баярлалаа. Танд амжилт хүсье.
- Танд ч бас.