Богд Зонховын цогцолборыг зогсоохын тулд Ерөнхийлөгч Төсвийн хуульд хориг тавих ёстой
Батлагдсан төсвийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэдэг нь хэн нэг эрх мэдэлтэй, ар талтай /Соёлын сайдыг хэлж байна/ хүний дур зорго байж болохгүй. Хуулиар хийсэн алдааг хуулиар л засч залруулах ёстой.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-аар баталсан 2022 оны төсөв дотор Соёлын сайдын багцад тусгасан Тасганы овоон д баригдаж буй Богд Зонховын хөшөө цогцолборт 32 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь өнгөрсөн амралтын өдүүдэд олон нийтийн сүлжээний гол дуулиан байлаа. Харамсалтай нь төсөв батласан УИХ-ын гишүүд маань энэ талаар “огт мэдээгүй” гэж мэлзээд зогсохгүй хэргийн эзнийг хайж эхлэв. Тухайлбал, Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Богд Зонховын барилгын төсвийн талаар би юу ч мэдээгүй. Гэхдээ Соёлын сайд бол мэдээгүй байна гэж байхгүй” хэмээн улаан цайм бултав. Хэрвээ хөшөө баригдаад ашиглалтанд орчихсон бол тойргийнхондоо юу гэж “лаах” байсан нь ойлгомжтой.
Эрэн сурвалжилсны эцэст хөшөө барих ажлыг санаачилсан хүн нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар гурав болж таарав. Хаа байсан Ховд, Завханаас сонгогдсон гишүүд яагаад гэнэт нийслэлчүүдэд буян үйлдэхээр шийдсэн нь бүрхэг. Санаачилсан нь энэ гурав боловч захиалагч нь өөр хүн байх магадлалтай. Тэд мөн 2021 оны төсөвт 5,5 тэрбумаар суусан хөшөөний төсөв ирэх оны төсөвт яагаад 32 тэрбум болоод орчихсон, хөшөөг цогцолбор болгож төсвийг өсгөсөн хүн хэн болохыг мэдэхгүй гэсэн. Иргэд, хэвлэл мэдээллийнхний эрэн сурвалжлагын дундуур УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр хальт гараад өнгөрснийг ч бас мартаж болохгүй.
Хөшөө, цогцолборын зураг, төсөлд магадлал хийсэн Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсайхан хэлэхдээ "2021 оны төсөвт суулгасан 5,5 тэрбумын төсөвт манайх магадлал хийгээгүй, зураг төслийг нь ч хараагүй. /Төсвийн тухай хуулиар зөвхөн зураг төсөл нь магадлалаар баталгаажсан төслийг Төсвийн тухай хуульд оруулдаг/ Барилгын хөгжлийн төв зөвхөн 2022 оны төсөвт суулгасан 32 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хөшөө, цогцолборын төсөлд магадлал хийсэн" гэж мэдэгдсэн.
Тэгэхээр Соёлын сайд Ч.Номин Тасганы овоонд одоо баригдчихаад байгаа цогцолборын суурийг төсвийн хууль зөрчин бариулсан гэсэн үг. Хэдийгээр хууль зөрчиж төсөвт суулгасан хүн нь өмнөх сайд мөн боловч, гардан гүйцэтгэсэн хүн нь эрхэм хатагтай Ч.Номин болж байна. Зураг төсөл нь батлагдаагүй юм чинь гээд өөрөө зураг, төсөл захиалаад төсөвт өртийг нь нэмээд /бүр зургаа дахин/ явчихсан.
Уг нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Соёлын сайдаар томилогдсон Ч.Номин сайдад өмнөх сайдынхаа хийсэн алдааг засч залруулах, “зураг төсөл нь батлагдаагүй барилгын ажлыг эхлүүлэхгүй” гэж хэлэх боломж нь байсан. Харамсалтай нь сайдтан “Хөшөөний ажлыг анх төсөвт суулгасан хүн нь би биш” гэж хариуцлагыг өөрөөсөө зайлуулаад сууж байгаа нь нэгдүгээрт хуулиа мэддэггүйнх. Хоёрдугаарт төрийн ажлыг хувийн компани шигээ үзэж эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хууль зөрчсөн үйлдэл.
Нэгэнт хөшөө, цогцолборын төсөв УИХ-аар батлагдсаны дараа, олон нийт шүүмжлээд эхлэхээр “Богд Зонховын цогцолборыг санхүүжүүлэхээ болилоо” гэж байгаа нь ч гэсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. Хэрвээ Засгийн газрын нэг гишүүн нь батлагдсан төсвийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэж өөрийн дураар ярьдаг бол УИХ Төсвийн хууль батлахын утга юун.
Ч.Номин сайдын энэ хууль зөрчсөн мэдэгдэлтэй зэрэгцээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бас нэг утгагүй мэдэгдэл хийсэн. “Богд Зонховын цогцолборыг санхүүжүүлэхгүй байх чиглэлийг Засгийн газарт өглөө” гэж. Сануулахад Ерөнхийлөгч УИХ-ын баталсан төсөв дээр ямар нэг “чиглэл өгөх” хууль байхгүй. Ерөнхийлөгч УИХ-ын баталсан төсөвт гар хүрэх ганц боломж нь төсөвт хориг тавих. Хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эрх нь Ерөнхийлөгчид бий. Гэтэл хуулиар олгогдсон энэ эрхээ хэрэгжүүлэхийн оронд "Төсвийн хуулийг хэрэгжүүлэхгүй байх чиглэл өглөө" гээд сууж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн бас хууль бус үйлдэл мөн.
Хэрэвзээ Ерөнхийлөгч маань үнэхээр л “32 тэрбумаар бурхан багшийн хөшөө цогцолбор барих цаг нь бишээ” гэж үзэж байгаа бол Төсвийн хуульд яаралтай хориг тавих ёстой. Харамсалтай нь ингэвэл, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нарын ирэх оны төсөвт суулгасан хулгай зэлгий энэ 32 тэрбумаар зогсохгүй гэдгийг гадарлаж байгаа учраас, баталсан төсвийг нэгэнт задалбал төсвийн хулгай тэр чигээрээ дэлгэгдэнэ гэдгийг мэдэж байгаа учраас хоригийн тухай ам нээх дургүй байна.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёлын сайд Ч.Номин нарын “Богд Зонховын цогцолборыг санхүүжүүлэхгүй” гэсэн мэдэгдлийн дараа маш олон хүн, манай хэвлэл мэдээллийнхэн хүртэл оролцоод “Олноороо шүүмжилсний хэрэг гарлаа. Бид чадлаа” маягийн зүйл олон нийтийн сүлжээнд бичиж, түгээж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Шулуухан хэлэхэд энэ бол чадсан биш, чадуулж байгаа хэрэг. Батлагдсан төсвийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэдэг нь хэн нэг эрх мэдэлтэй, ар талтай /Соёлын сайдыг хэлж байна/ хүний дур зорго байж болохгүй. Хуулиар хийсэн алдааг хуулиар засч залруулах ёстой.
Үүний тулд нэгдүгээрт Соёлын сайд Ч.Номинг төсвийн хууль зөрчиж, зураг төсөл нь батлагдаагүй ажлыг тендергүй хийж гүйцэтгэснийх нь төлөө хариуцлага ярих ёстой. 5,5 тэрбумаар барих байсан ажлын төсвийг 32 тэрбум болгож өсгөсөн, тэрний оронд эмнэлэг барих хэрэгтэй байсан энэ тэр гэдэг бол дараачийн асуудал. Ер нь бол эмнэлэг баригдаагүй асуудлыг Соёлын сайдтай биш, Эрүүл мэндийн сайдтай ярих ёстой. УИХ өөрөө үүнийг ярих ёстой.
Харин Ерөнхийлөгчийн хувьд үнэхээр иргэдээ боддог, эрх ашгаа эрэмбэлж чаддаг, шашин соёл, мухар сүсгээс илүү эрүүл мэнд, боловсрол нэгдүгээр асуудал мөн гэж итгэж байгаа л бол УИХ-ын баталсан Төсвийн тухай хуульд яаралтай хориг тавих ёстой. Маш олон гишүүн “Энэ хөрөнгө оруулалтыг хараагүй, үзээгүй, мэдэхгүй” гэж хэлж байгаа. Энэ УИХ тангараг өргөсөн цагаасаа эхлээд маш олон алдаа хийсэн. Тэглээ гээд ядаж төсвөө баталж чаддаггүй УИХ байж болохгүй. Шаардлагатай бол тараах ч ёстой.
Зочин
Зочин
Зочин
Ганаа
Оноч
Зочин
Зочин