“Богд Зонхов”ын хөшөө биш цогцолбор болж, УИХ-аар баталтал 32 тэрбумыг төсөвлөсөн “Пи Юу Ай” ХХК анхаарал татав
-Сангийн сайдын төсөв хэлэлцэх үеэр анхааруулсан “Магадлал дотор туулайчид бий” гэснийг анхаарууштай-
“Богд Зонхова”-ийн 32 тэрбумын төсөв олон нийтийг бухимдуулсан ч УИХ-ын гишүүд баталж буй төсөвтөө хэрхэн анхааралгүй, хайнга ханддагийг харууллаа. Тэр ч байтугай сэргэлэн зарим нь хуулийн байгууллага руу төсвийг “матсан” бичиг барин гүйж эхэлсэн гэх. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Тендер нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй байхад ямар ч гүйцэтгэл байх ёсгүй. Өмнө нь батлагдсан 1.5 тэрбум төгрөгийг ч би өгөхгүй. Захиалагч байгууллага буюу төсвийн захиран зарцуулагч сайд нь үүнийг бариулахгүй гэвэл төсөвт хэмнэлт гарна. Сайн л биз” гэж Сангийн сайд хатуу мэдэгдлээ. ” гэж хариулсан. Тэгэхээр Засгийн газар улсын төсвөөс нэг төгрөг ч зарцуулаагүй байхад “ямар нэгэн компани” зөвшөөрөлгүйгээр буюу өөрсдийн санаачилгаар “Богд Зонхова” цогцолборыг бариад эхэлсэн болж таарлаа. Энэ талаар хуулийнхан ч шалгана биз, бидэнд ч ажиг сэжиг дуулдаж эхэлсэн. Угаасаа барьсан “зүйлийнхээ” мөнгийг авах гээд ил гараад ирэх биз.
Харин сайд яагаад 1.5 тэрбумын төсвөөс нэг төгрөг ч өгөхгүй” гэв гэхээр тендер зарлагдаж гэрээ байгуулагдаагүй болохоор тэр биз. Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 3.2.2-т төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх дараахь шаардлагыг хангаагүй төслийг төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахгүй гэж заажээ. Үүнд: “3.2.2.2. барилга байгууламжийн хувьд сүүлийн 2 жилийн дотор хийгдсэн магадлалаар баталгаажсан зураг төсөл болон төсөвтэй байх” гэсэн байгаа юм. Мөн Барилгын тухай хуулийн 32.1.11-д зураг төсөлгүй барилга, байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх гэж заажээ. Үүний дагуу зураг төсөлгүй бол нэг төгрөг ч өгөхгүй гэсэн аж.
Харин 32 тэрбумын төсвийн тухайд “магадлалаар ороод ирсэн” тоо гэсэн. Тэгвэл “магадлал гэж юу вэ?”, “Яагаад төсөв батлахад хүрч болохгүй гэж?
Төсвийн тухай хуулийн 29.4-т “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана. Барилгын тухай хуулийн 4.1.16-д “Барилга байгууламжийн зураг төслийн магадлал” гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг хэлнэ” гээд заачихсан байдаг учраас төсөв батлахад магадлагдсан дүнгээс хасч болдоггүй гэнэ. Энэ тохиолдолд Үндэсний аудитын байгууллага л шалгалт хийж тухайн магадлагаа хэр бодитой дүгнэлт гаргасанд хяналт тавьж болдог аж. Тэгэхээр УИХ-ын гурван гишүүн ч, Засгийн газар ч дээр дурдсан “хараат бус байдалд нь халдахгүйн үүднээс “засаж, хасаж” болохгүй тэр чигээрээ өсчихөөд олон нийтийн бухимдал, улстөрчдийн шоу аль алийг нь хөөргөж Ерөнхийлөгч хүртэл “чиглэл өгч” будилж байгаа нь энэ.
Харин Соёлын сайд Ч.Номин “энэ төсвийг зарцуулахгүй” гэчихсэн нь хэдийгээр Төсвийн хууль баталсны дараа дураараа загналаа гэж шоолуулсан боловч уг хөрөнгийг зарцуулахгүй байх эрх төсвийн захиран зарцуулагчийнх нь хувьд байгаа юм байна. Гэхдээ тендер зарлаад гэрээ хийсэн л бол гэрээнд тусгасан мөнгийг заавал төсвөөс гаргаж өгнө. Энэ төсвийг хэрэгжүүлэхгүй гэж үзэж байгаа бол тендер зарлахгүй байх ёстой. Одоо хүртэл “Богд Зонхов” төсөлд тендер зарлаагүй учраас1.5 тэрбум төгрөг зарцуулагдах үндэслэл байхгүй.
Тэгвэл 32 тэрбум 490 сая гэдэг тоо “магадлалын ерөнхий дүгнэлт”-ийн “эзэд” дээр бууж таарлаа.
Тэд хэн байв? Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 20 дугаар тушаалын 17А дугаар хавсралтын дагуу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова”-ийн барилга угсралтын ажил гэдэг төсвийн төсөвт өртгийн дүн 32 тэрбум 490 сая 851 мянга 400 төгрөг гэж “тогтоож, баталгаажуулж, хянаж, гүйцэтгэснийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төсөв тооцжээ. Энд зөвхөн магадлалын ерөнхий дүгнэлтийн нүүрийг харуулъя, задаргаа дотор бүр ч нарийн харуулсан байх.
Ингээд 2021 оны 09 дүгээр сарын10-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилга хөгжлийн төвийн 1330/202 дугаартай Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова”-ын барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл, үүнд: гадна дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, гадна цахилгаан хангамж, гадна холбоо, барилгын төсөвтэй, “Тэнхлэгээрээ 20.0 м радиустай, тойрог хэлбэртэй, цутгамал төмөр бетон каркасан барилгын зураг төсөв “Пи Юу Ай” ХХК-ийн зураг төслөөр Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд 32 тэрбум 490 сая 851 мянга 400 төгрөг гэдэг дүнг “төрүүлжээ”. Тус компанийг сонирхоход 2014 онд байгуулагдсан, тухайн жилдээ буюу 2014 оны1 дүгээр сарын 30-ны Нийслэлийн Засаг даргын А/55 захирамжаар, 000434990 тоот гэрчилгээгээр “Богд Зонхова” төвийг барьж буй газрыг эзэмших болсон байх юм. Мөн 2019 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Номын сан, Соёлын төв, Спорт төвийн гадна инженерийн шугам сүлжээ, зураг төсвийг боловсруулах тендерт оролцохоор материалаа илгээсэн гэж бүртгэлийн санд бүртгэгджээ.
Тэгэхээр 32 тэрбумын Зонховын хөшөө ийм концепцитэй, Бөхийн өргөө шиг барилга болж уг үнийн дүнг гэнэт олон тэрбумаар өсгөсөн “эзэн” нь энд буй магадлалыг гаргасан “Пи Юу Ай” компанийн захирал Б.Баттулга, тэдний нэр дурдагдсан төсөвчид болж таарлаа. Сайн, муу төсөв гэдгийг мэргэжлийнхэн, үнэн бодитой төсөвлөснийг аудит шалгана биз. Харин үүнээс өндөр үнэтэй олон төсөвтэй ч танилцаад авлаа, гэрээ хийх л юм бол хэн ч засах эрхгүйгээр тэр төсвүүд “мөнгөжих”-д бэлэн байдаг аж. Тиймээс энэ талаар хууль, эрх зүйн орчин, хяналтын талаар нь анхаарах нь зүйтэй биз ээ. Ялангуяа төсөвт өртөг, магадлал нь нууцын зэрэглэлтэй, эсвэл энэ чиглэлээр төсвөө танилцуулаад тэр ч байтугай цааш нь ”худалдаад” сурчихсан том бизнес байдаг нь анзаарагдлаа. Төсөвчдийн хувьд бол айдастай, эрсдэлтэй л байдаг юм билээ.
Товчхондоо Барилга хөгжлийн төвөөс ирсэн дүнг Сангийн яам хянадаггүй, хянаж болдоггүй хуультай гэнэ. Хянах хамгийн эцсийн цэг нь Барилга хөгжлийн төв гэнэ. Тэндээс ирсэн төсвийг нэмж, хасах эрх Сангийн яаманд байхгүй. Сангийн сайд ингэж л тайлбарласан. Түүнийх нь мөрөөр явахад 32 тэрбум 490 сая 851 мянга 400 төгрөгийн “зохиогчид” ийм л болж таарлаа. Ер нь Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Барилга, хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Замын хөгжлийн төв гээд “халдашгүй” хэдэн том “Төв” байна. Сангийн сайд төсөв хэлэлцэх үеэр “Магадлал дундуур туулайнууд байдаг” гээд байсны учир энд байх шиг байна.
Тэднээс гаргасан төсөвт нөлөөлөх ганц газар нь Үндэсний аудитын газар юм байна. Тэд л уг магадлалыг татаж авч шалгах боломжтой аж.
Мөн захиалагч буюу Соёлын сайд Ч.Номин хуульд заасан “Төсвийн ерөнхийлөн захирагч нь батлагдсан төсвийг үр дүнтэй, зөв удирдана” гэдэг заалт байгаа учраас “хэрэгжүүлэхгүй байх санал оруулах” эрхтэй. Энэ бол маш өргөн хэрэглэгддэг практик. Жишээ нь энэ жил зарласан тендерт оролцох санал ирээгүй, төсөв нь хэрэгжих боломжгүйд хүрсэн олон санал ирнэ. Оны эцэст төсвийн гүйцэтгэл 70 гаруй хувьтай л гарна, 20 гаруй хувь нь хэрэгжихгүй гэж Сангийн яамны албаны эх сурвалжууд хэлж байна. Цаашид энд нийтэлсэн “нүүр”-ний цаана байгаа уг магадлангийн задаргааг Аудитын байгууллага шалгах боломжтойг дашрамд анхааруулъя.
Хамгийн сүүлийн “ажиг сэжиг” гэвэл “Богд Зонхов” ТББ хандив цуглуулсан байж болзошгүй байх юм. Мөн олон нийтийн сүлжээнд “Богд Зонхов” цогцолборын зураг төслийг өмнөд хөршийн Хэбэй мужид “санал болгон танилцуулж” яваа “Ц.Насанхутаг захиралтай “Дамар баян” компанийн талаар мэдээлснийг сонирхож үзэхэд мөн л 2020 онд зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл авсан компани байсан нь анхаарал татлаа. Энэ талаар тодруулж эргэн мэдээлэх болно.