Богд уулаа Чойбалсан уул гэж нэрлэв
Түүхийн олон зууны харгуйд монголчуудад бүрэлдсэн хорвоод хандах ухаарлыг орос сургагчид орвонгоор нь өөрчилсөн гавъяатай.
Түүхийн олон зууны харгуйд монголчуудад бүрэлдсэн хорвоод хандах ухаарлыг орос сургагчид орвонгоор нь өөрчилсөн гавъяатай. Бид ч цагаан оросыг үзэн ядаж, улаан оросод нэвт хувирч, ингэснээр өр зүрхэндээ хадагдсан өрөвч хүлцэнгүй шүтлэгээ бурхан тахил судар ном сүм хийдийнхээ хамт булшлав. Сайн даган дуурайдаг гэж биднийг улаан оросууд магтсан. Цагаан нь сэхээтнүүд, улаан нь пролетариуд гэхэд хол зөрөхгүй. Зөвлөлтөд ардын дайсан байгаа юм Монголд байж л таарна. Дайснаа ах нар хайр найргүй буудлаа. Бид бас бууджээ. Буудаад байлаа. Лам нараа бол яйлаад өгөв. Тэгтэл Сталин Ягода хоёр Чойбалсанд “Хөөе дэндлээ. Одоо боль малаа” гэх удирдамж илгээж байсныг Сталины нарийн бичгийн дарга байхдаа оргож баруунд гарсан Бажанов номондоо дурссан байдаг. Зөвлөлтөд тариачдын газрыг булааж хамтрал байгуулахад манайд малчдын малыг хурааж нэгдэлжлээ. Тэнд коммунист хөдөлмөрийн төлөө бригадын хөдөлгөөн өрнөхөд энд социалист хөдөлмөрийн төлөө бригадын хөдөлгөөн өрнөв. Биднийг хамтарч түлээгээ хөрөөддөг, хамтарч хогоо цэвэрлэдэг, хамтарч хоолоо хийдэг, нийтийн халуун усанд хамт ордог, хамтарч ном уншдаг болгох гэж нам засаг их гүрийсэн. Манай танай гэх ялгаагүй коммунизмд ороход бэлдэж буй санаа нь тэр. Болохгүй юм явдаггүй юм билээ. Харин хамтарч архидаж сурсныг нуугаад яахав. Энэ үед би юмны учир бага сага гадарлах 20-иод насны залуу байжээ.
Эдүгээ “Ардчилал чөлөөт зах зээлд орж аль муугаа үзэж явна. Социализм жаргал байжээ” гэх халаглал улам л дэврээд байх шиг. Дэвэрсэн бухимдлыг дөрөөлөгчид хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг нийлүүлж атгалаа. 60 жилийн өмнөхийг хуучилъя: Сталиныг тахин шүтэхийг зөвлөлтийн тэргүүн туршлага хэмээн манайх Маршалыгаа тахин шүтсэн юм гэнэ лээ. Богд уулаа Чойбалсан уул гэж нэрлэв. Тэгтэл Зөвлөлтийн бодлого гэнэт эргэж Сталиныг алан хядагчаар цололмогц манайх тэр даруй Маршалыг алан хядагч гэж яллаад Чойбалсан уулаа Богд уул гэж хуучнаар нь болголоо. Пионерүүд-бид номхон зогсож ёслоод аугаа удирдагч гэж дуулж байсан Сталин Чойбалсан хоёроо мөн номхон зогсож ёслоод аймшигт яргачид гэж харааж эхлэв. Өмнө нь тэр хоёрыг тахин шүтэхийг гарамгай удирдан дэвэргэж, өөрөө бас тахин шүтүүлж эхэлсэн Ю.Цэдэнбал их яргалалд гараа лав дүрсэн тул цустай мутраа нуух гэж бажигдлаа. Сталин Чойбалсан нарын яргалал оргил үеэсээ арга буюу буурч эхэлсэн 1940 онд хоёр дахь удирдагчаар тодорсон Цэдэнбалын намтраас харамсалтай нь их баривчилгаа-дайчилгааны эсрэг тэмцсэн баримт олдооггүй. Олдсон бол Хрущевын зөөлрөлийн далиманд Ю.Цэдэнпил томоор хожих байв. Харин түүний Чойбалсантай дөрөө харшуулаад хэлмэгдүүлж явсан нүгэл нүдээрээ гарах аюул Хрущевын салхинд сөхөгдлөө.
Сталины яргаллыг орвонгоор нь уудлах Н.С.Хрущевын омогшил хил даван хальж, түм буман гэмгүй монгол хилсээр хөнөөсөн геноцитыг МАХН-ын ТХ-ны бүгд хурлаар хэлэлцэж, буруутныг зарлах заавар Кремлээс ирж сандаргав. ЗХУ-д аймшигт яргалал үйлдсэн гэмтнүүдийг хатуу цээрлүүлж эхэлсэн тул Монголд бас хатуу цээрлүүлэх номтой. Алуурчдын залгамжлагчаар цоллуулах ял Цэдэнбалд нүүрлэв. Цэдэнбалын гараа цустсан гэмт хэргүүдийн гэрч Д.Дамба Кремлийн шууд даалгавраар МАХН-ын ТХ-ны бүгд хуралд илтгэл тавих эгзэгтэй тавилан нөмөрлөө. Төв Хорооны бүгд хурлын гишүүд дунд хэлмэгдлийн гай гамшиг, үхэл хагацал амссан хохирогч цөөнгүй. Тэдний шахалтаар Д.Дамбын илтгэлээс үнэн илэрнэ гэж учир мэдэх хүрээнийхэн горьдож догдлов. Ю.Цэдэнбал нойрон дундаа “Би хүн алаагүй” гэж орилдог болжээ.
Гэтэл Д.Дамбын илтгэл горьдлого тасалж урам хугаллаа. Тахин шүтэх завхарлыг сөхсөн Н.Хрущевын хурц бодлогыг Д.Дамба цаагуураа зөөлрүүлж, Цэдэнбалыг аврах сэтгэл гаргажээ. Хэлмэгдэлд өртсөн, угаас хэлмэгдлийг үзэн яддаг ТХ-ны бүгд хурлын гишүүд Д.Дамбын илтгэл хэлмэгдлийн хор уршгийг тодорхой буруутгасангүй, бөөрөнхийллөө гэж ширүүн шүүмжилсэн авч хариуцлага хатуурхан тооцож сураагүй Дамбынхаа ууч хэнэггүй халх зангийн ачаар Цэдэнбал арай чуу мэнд мултрав. Дамбадаа баярласан авч Дамбын нэр нөлөө Төв Хороо, Засгийн газрын хэмжээнд, тэр ч байтугай, Кремльд өөрийнхөөс нь илүүрхэх хандлага илэрсэнд Бал дахин шаналлаа. Бас дээр нь Төв Хороо хавиар “Их яргалалд гараа цустсан Цэдэнбал зүгээр өнгөрлөө” гэж өширхсөн шүд зуулт олон хүнд үлдсэнийг төрөлхийн хартай тэр бээр тантав. 1930-40-өөд оны хядлагын баримтыг илчлэн дэлгэсэн “Улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилд гарч байсан алдаа завхралыг шалгасан шалгалтын дүнгийн тухай” Т.Гэндэнгийн 1962 оны тусгай илтгэлийг одоо хүртэл буюу 60-аад жил олон нийтээс нуусаар буйг дашрамд сануулъя. Энэ илтгэлд Ю.Цэдэнбалын удирдсан “бага” хэлмэгдүүлэлт ямар нэг хэмжээгээр сөхөгдсөн гэдэг юм. Дамбын ууч сэтгэл зөв ч байсан байж мэднэ. 1940 байтугай 1990-ээд онд ОХУ-ын улс төрийн хэлмэгсдийг цагаатгах комиссын дарга ЗХУКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн асан А.Н.Яковлев “МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд КГБ-ийн туршуулууд байсныг итгэлтэй хэлж чадна” гэж сэтгүүлч нарт мэдэгдэж байлаа. Тиймээс Чойбалсан Цэдэнбал нарыг шууд адлахдаа бус тэд бүгд аргагүйн эрхэнд КГБ-ийн уяаны ноход явжээ гэдгийг “авах гээх” ухаанаар хандах одоо ч аминд өлзийтэй. Гарцгүй тулгалт арилсан юм уу.
Хорвоо бусгамтгай. Сталин багшийг алан хядагч гэж онгирсон Хрущев гэнэт онхолдлоо. Лоохууз нар Кремлийн энэ тэргүүн туршлагыг шүүрэн авч Цэдэнбалыг Хрущевийн замаар тонилгохоор шүүмжлээд цөлөгдөв. “Хрущевыг авч хаясан Зөвлөлт ахын туршлагаар Балыг яагаад авч хаясангүйв. Ах нарын жишээг хэн дур мэдэн зөрчив” гэж бухимдсан олон хүн Лоохууз нарын араас цөлөгдөж зарим нь шоронд үхэв. Цэдэнбал өөртөө аятайгаар эргэсэн улс төрийн салхийг ашиглан Дамбыгаа Хөвсгөлд цөлж, хамтран зүтгэгч багын анд Б.Ширэндэвийгээ гадаадад “Хангай уулын хүү” ном хэвлүүлж өөрөөсөө илүүрхэх гэлээ гэх мэтээр өөнтөглөж, дахин сэхэхгүй болтол балбаж санаа нь амарчээ. Эрх баригчдын нулилцаан ганц ардчилалд байдаггүй бас коммунизмд ч байсан аж.
Лоохууз Нямбуу нарыг намнасан Балыг Москвад 1965 онд ЗХУ, БНМАУ-ын харилцааны түүхэнд тохиож байгаагүй хүндэтгэл үзүүлэн зочлууллаа. Тэр үед Орос Хятадын харилцаа дээд цэгтээ тултал хямрав. Лоохууз Нямбуу нарыг Хятадын талыг баримтлагчид гэж ялалснаас үүдэж, ерөөс монголчууд Хятадыг дагах санаатай байж магадгүй гэж оросууд хардаад Балыг тэгж өндөр зочны хэмжээнд хүндэтгэж, “найрамдал-дружба”-гаа цуурайтуулсан юм билээ. Үзээгүй юм үзэж, үхэр цам харайв гэх шиг Цэдэнбал маш их хөөрчихсөн явсан зайлуул. Арга ч үгүй, түүнийг байн байн Москвад хадамсаж очиход сайндаа ЗХУКН-ын ТХ-ны манайхыг хариуцсан зааварлагч угтаж авбал дээдийн заяа болдог байв. Түүнийг Лоохууз Нямбуу нарын хүчинд бүхэл бүтэн гүрний удирдагч шиг хүндлүүллээ гэж жиг жуг хийцгээв. Өрөвдмөөр хэр хэмжээгээ хойч үе мэдэж явахад гэмгүй. Өчүүхэн минь үнэн хойно ичих гомдох илүү зан. Бид үхнэ та нарт буруу ойлгуулсан түүх зөндөөн үлдэнэ. Бурууг хойч үедээ залруулж байж үхэх уг нь дээдсийн баримталж ирсэн жудаг сан.
Онц хүндэтгэлтэй тэр айлчлалын үеэс “хятадын аюул” гэх суртал шуурч, хятад барилгачидтай манайхан зодолдоод хөөж явуулав. Оросуудын заавраар дээрээс томилсон хэсэг өдөөн хатгагч зодооныг үүсгэсэн гэдэг юм. Хятадуудаар барьж буй зам барилгыг дуусгуулаад гаргая гэсэн хүн бурууддаг боллоо. Оросууд өөрсдийгөө хятадаас давуугаа харуулахаар Сэлбийн зүүн гүвээг ямар хэрэгтэйг бүү мэд эксковатороор сэтэлж, уул сэтлэхийг үзээгүй малчдыг гайхашруулж, ХII микро районыг барив. Муусайн хятадуудыг бодвол ах нар бидэнд ийм үнэнч гээд уйлсан монгол цөөнгүй. Гэтэл хэдэн монгол сайд дарга нарыг эс тооцвол барьсан байшиндаа оросууд өөрсдөө ороод тухалчихав.
Урьд баярын хурал байн байн болно. Хөгжим, марш, алга ташилт. Оргил нь Брежнев даргын айчлал өндөрлөхөд болсон баярын хурал байх. АИХ-ын танхимд Брежнев Цэдэнбал хоёр атгалцсан гараа өндөрт өргөж, “найрамдал-дружба” гэж өндөр дуугаар давтахад ажлаараа шалгарч ордонд уригдсан яруу алдарт таван жилийн гавшгайч нар дуу нийлүүлж, “найрамдал-дружба, найрамдал-дружба” гэж түрэн цовхчиж, коммунист ухамсраа харуулсан билээ. Энэ хийрхэл таалагдаж, сүүлдээ бүр гаарч аймаг сум САА-н дарга нар зөвлөлтөд үнэнчээ Бал даргын маягаар харуулбал сэнтийнээсээ хусуулахгүй гэсэндээ хурал дуусмагц дэргэдээ хүндэтгэлтэй залсан зөвлөлтийн мэргэжилтэн хэмээгч барилгачин, тракторч, комбайнч, токарч, слесарь хэн ч бай гараас нь шүүрч аваад босон харайж, яг Брежнев Цэдэнбал хоёрын маягаар “найрамдал-дружба” гэж уриалдаг бөгөөд хуралд суусан ажилчин малчид “найрамдал-дружба” гэж түрдэг хэнээрхэл улс орны өнцөг булан бүрт дорхноо тарав. Найрамдал-дружба гэх үгийг модон жорлон дээрээ томоор бичдэг болсон гээч. Энэ тэнэглэлээ коммунизмд ойртож буй ухамсар гэж хөөрцөглөнө. Хэнээрхэл цааш хөгжөөд “найрамдал-дружба, дружба-найрамдал” гэж солбиулан их бага хоёр улс эн тэнцүү харилцдаг гэсэн утга нь улс төрийн “ардчилсан” тэргүүн туршлагаар дэлгэрлээ. Зөвлөлт зочинтой хурал ингэж өндөрлөх ах дүү хоёр орны ган бат найрамдалд ард түмнээ бүрэн итгүүлж чадсаны баталгаа гэж манай удирдагч нар биеэ магтав.
Энэ хоёр үгийг Оросын ард түмэн Монголын ард түмэн шиг тэгж бишрэн шүтэж дампуураагүйг би жаран хэдэн онд Москвад суралцаж байхдаа анзаарлаа. Оросууд монголчуудтай Москвад албан ёсны баярын хурал зохиохдоо харанхуй бүдүүлэг бидний аяыг дагаж арга буюу нэрлэхэн байж “найрамдал-дружба” гэж чангаар лоозогнодог болох нь танигдав. Энэ хоёр үгэнд оросууд биднээс арай л ухаалаг хандаж буй нь надад харин орос ахын тэргүүн туршлага болж наалдсан билээ. Тэгээд би энэ хоёр үгэнд хэтэрхий улаан хувьсгалч маягаар хандвал орос ах нар дотроо нууцаар дооглох юм байна гэдгийг ухаарлаа. Оросуудын зөв гэж би олзуурхаж тэднийг жинхэнээсээ хүндэлж эхэлсэн гээч. Төрсөн нутаг-Хашаатын маань ахан дүү малчид энэ хоёр үгийг бас тоодоггүй, хэлбэр төдий өнгөн дээрээ хуурамч лоозогнодог далд санаагаа нутгийн хүү-надаас нуудаггүй байв. Москвичууд ба манай голынхны ухамсар нэг түвшинд адил байна гэдэг бахархал. Ган бат найрамдлыг илэрхийлэгч энэ сүржин хувьсгалч зан зөвхөн Монголд дэвэрсэн нь бидний ухамсар дэндүү доройг илтгэж, бусад орны оюутнуудаас их ичдэг сэн. Брежнев нутагтаа тэгдэггүй, европын социалист орнуудад бол бүр ч үгүй нь мэдээж. “Найрамдал-дружба”-г яагаад дурссанаа эцэст нь хэлье.
Эдүгээ улс орнууд, ялангуяа хөрш орнууд хэн хэнийхээ сонгосон замыг хүндэтгэж, хамтын ажиллагаа, арилжаа наймаан дээрээ адилхан хожиж, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа дээдэлнэ гэх болжээ. Ядмаг дорой хүнийг бяр нь багтахгүй этгээд зодож нүдвэл олны шившиг болдог. Өчүүхэн эдийн засагтай гуравхан сая маний хоёр хөрш их гүрэн учраас эрсдэлгүй найдвартай гэж би итгэдэг хүн. Тиймээс тэдний олигархиудыг аргадаж, хөгжлийнхөө оньс-аварга төслүүдээ гацааж, өдий төдий тэрбум доллароор хохирох ард олноо тоодоггүй манай эрх баригчдын балаг. Хагас боловсруулсан эрдсээ төмөр замаар хямд бөгөөд асар ихээр тээвэрлэж, өндөр үнээр арилжаалж, цэвэр ашиг уутлах бурхны хайрласан ховорхон хишгээр чонотой нөхцсөн банхар өрсөлдөгчөө зуйрдаг.
Гадны их өр төлөх цаг тулчихлаа. Өнөөдөртөө мөнгө олох боломжтой үлгэр бус ганц төсөл бол Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам. Азаар заяасан энэ өгөгдлөө Чингисийн удам хөх толбот босоо монгол В.Путины харцны аясаар гацаах гэж 415 км Зүүнбаянгийн төмөр зам 2,5 сая иргэний 1072 хувьцааны мөнгөөр тавьж эхлэв. Зүүнбаянд галт тэрэгний цуваагаар зөөж очсон олон сая тонн нүүрсээ хааш нь яаж мөнгө болгох гээд буйгаа ярихгүй, олон цэрэг ажилтай болно хэмээн дэлж буйд алга таших хэрэг байна уу. Энэ замын тоочоод буй толгой эргэм ашиг уг нь үнэн. Хэрэгжүүлэх мөнгө бий юү. Ханги Мандал руу 600-700 км төмөр зам тавьж нүүрсээ мөнгө болгоно гэх үлгэр хэзээ хэрэгжих вэ? Гадны их өрийг ганц жилийн дараа валютаар төлж эхэлнэ. Зүүнбаянгийн төмөр замаар борлуулсан нүүрсний мөнгө цутгах тэр үед одоогийн удирдагчид аль лавирандаа заларч байх бол? Сталинизмыг орос оюун ухаан орхиогүй бол монголчууд бид өдгөө Богд уулаа Чойбалсан уул гээд явж байх анзааны хүмүүс шүү. Худлаа гэвэл хуучин руугаа тэмүүлэгчдийг хар. Дэлхийн аль ч оронд байдаггүй найрамдал-дружбагийн хийрхлээс бид салж үхэхгүй шүү.
2019-06-06
Отгонбаяр
Зоригт
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
Хэн бэ чи
Сэтгэгдэл
бнмау
Булган
tumur
SS
tumur
tumur
Зочин
уншигч
onom
Гана
иргэн
Зочин
Намын ахмад гишүүн
иргэн
УНШИГЧ
Tugs
Бат
Zz
Эх Оронч
Зочин
Зочин
Зочин
Иргэн
зочин
Иргэн
Зочин
Зочин