В.Ганзориг: Танай компани амьдралын мөчлөгийнхөө аль шатанд явж байна вэ? Энэ шатандаа бизнесийн ямар стратеги барьж, ямар загвараар ажиллаж байна? Мөн ковидын дараах бизнесийн орчлыг хэрхэн харж байгаа бол?

Д.Энхтүвшин: MCS групп олон төрлийн бизнес эрхэлдэг учраас төвшингүүд нь харилцан адилгүй байдаг. Зарим нь өсөж бойжих шатандаа явж байхад, зарим нь өсвөр, идэр насанд хүрсэн, бүр тогтсон бизнесүүд ч бий. Бизнесийн энэ мөчлөгөөс хамаарч өөр өөр стратегитай ажилладаг. Мөн бизнесийн онцлогоос стратеги шууд хамаардаг учраас группын хэмжээнд нэг хариултаар хариулахад хэцүү асуулт байна. 

В.Ганзориг: MCS бизнесийн стратегиа нуугаад байна уу даа?

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!

Д.Энхтүвшин: MCS гээд нэг малгай байгаа боловч дотроо тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг учраас багцалж хэлэхэд төвөгтэй байна.

Ц.Эрдэнэбилэг: Бид жилийн турш өөр хоорондоо коронавирус, ковид гэж явсаар байгаад ирээдүйн хөгжил, эдийн засгийн загвар, өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа нийгэмд хөл нийлүүлэн алхахад амаргүй болох нь. Ийм цаг үед энэ арга хэмжээ, ирээдүйн CEO нарыг бэлтгэх сургалт эхлүүлж байгаа нь чухал. АПУ компани удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монголын бизнесийн орчин, компанийн засаглалыг 3+1 гэж хэлж болохоор санагддаг. Эхний 10 жилийн хугацаанд компаниуд эзэн төвтэй байсан. Өөрөөр хэлбэл, компани үүсгэн байгуулсан эздийн манлайлал, шинэ санаа, санаачилга, тэвчээр, хүчин зүтгэлээр эхэлсэн. Дараагийн үед компанийн эзэн дээр техник, технологийн хөгжил нэмэгдсэн. Гурав дахь мөчлөг дээр хүмүүн баялгийг техник технологийн хөгжилтэй хослуулсан засаглалын хэлбэр явж байна гэж хардаг. Өнөө цагт эздийн засаглал гэхээс илүүтэйгээр ур чадвартай гүйцэтгэх захирал, удирдлагын баг, тэр дундаа дунд шатны менежерүүдийн чиг хандлага чухал болсон. 

Ковидын энэ цаг үе маш хурдан шийдвэр гаргаж, уян хатан байхыг шаардахаас гадна шинэ бүтээгдэхүүн хурдан гаргадаг соёлд сургаж байна. Компанийн засаглалын хөгжил зөвхөн эзэн, гүйцэтгэх захирлын манлайллаар цаашаа хол явахгүй. Дунд шатны менежерүүд, төслөө авч явдаг залуучуудын манлайлал, идэвх, санаачилга дээр үндэслэн компанийн шийдвэр гардаг шат руу явна. Ирэх 10 жилд гүйцэтгэх захирлын үндсэн үүрэг ийм залуусыгаа дэмжсэн, чиглүүлсэн тал руу явах болов уу гэж боддог.

Б.Хос-Эрдэнэ: Анд Глобал хэдий старт ап компани ч гэсэн дотроо ялгаатай үе шаттай бизнесүүдээс бүрддэг. Группын төвшинд өнгөрсөн 12 дугаар сард Японы Марубени корпораци болон Америкийн TechStars-аас амжилттай хөрөнгө оруулалт татаж, Series A хөрөнгө оруулалтын шатаа амжилттай хаасан. Старт апийн ертөнцөд компанийн түвшинг арай өөрөөр ангилдаг. Бидний хувьд гарааны мөчлөгөө даваад компанийн идэр насны мөчлөг рүүгээ орж байна. Гарааны мөчлөг дээр зах зээлээ тодорхойлох, тухайн зах зээлд таарах бүтээгдэхүүн хийдэг байсан бол одоо бид бизнесээ өргөтгөх (scale up), олон улсад гарах бизнесийн загвараа бүтээх шат руугаа орсон. Бид FinTech, TechFin аль аль бизнесийг нь хийдэг. Технологийн бизнес учраас бид Software as service загвараар ажилладаг. Өөрөөр хэлбэл, финтекийг үйлчилгээ хэлбэрээр олон нийтэд хүргэх бизнес загвараар явж байна. 

Ирэх 5-10 жилд програм хангамжийн бизнесийг дэлхийн зах зээлд хийхийн тулд заавал тухайн улсад очилгүйгээр үүлэн технологи ашиглан дурын хэрэглэгч дуртай улсаасаа ашиглах боломжтой болгох бизнес загвар руу явна. 

В.Ганзориг: Ковид танай бизнест хэрхэн нөлөөлж байна вэ? Энэ нөлөөг дагаад та бүхэн компанийн стратегидаа өөрчлөлт оруулж байна уу?

Д.Энхтүвшин: Ковидын нөлөөгөөр бизнес цахимжиж байна. Ирээдүйд хиймэл оюун ухааны мэргэжилтэн, дата аналист хамгийн эрэлттэй мэргэжил байна гэж ярьдаг байсан бол ковидын энэ нөхцөлд түгээлтийн менежер хамгийн эрэлттэй нь боллоо гээд хошигнож хүмүүс ярьж байна. Энэ орчилд хэн түрүүлж цахим орчинд өөрийн орон зайгаа бий болгосон нь, одоогийн бизнес загвар, ДНК-гаа хэрхэн богино хугацаанд хөрвүүлэн мутацид оруулж, шинэ орчилд дасгаж чадсан нь хожно. Бизнесүүд ийм өрсөлдөөн рүү ороод эхэлсэн. Энэ бүхэн шинэ хэвийн үзэгдэл болох хандлагатай байгаа учраас цахим орчин руу бизнесээ хөрвүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. 

Худалдаа манай бизнест багагүй хувь эзэлдэг учраас бодлогоор E-Commerce хөгжүүлэх, одоогийн бизнес загвараа цахим бизнестэй хэрхэн уялдуулах зэрэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна. Ковид зөвхөн бизнесийн стратегиас гадна ажилдчын хандлагад нөлөөлж байна. Бүх ажилчид зайнаас ажиллаад ирэхээр байгууллагын мэдээллийн урсгалд өөрчлөлт орж, үүнийг зохицуулах асуудлууд үүсч байна. 

Ц.Эрдэнэбилэг: АПУ групп компанийн хувьд ковид бизнес загвар болон шийдвэр гаргалтанд хүчтэй нөлөөлсөн. Ямар ч эдийн засгийн хямрал сөрөг талтай хэдий ч нөгөө талаасаа хөгжих боломж олгодог. 2008, 2013 оны хямралуудыг даваад гарсан. Иймээс бид хямралд бэлэн байх, засаглал, бизнесийн процессоо сайжруулах, илүү өндөр стандартыг нэвтрүүлэх, ямар ч асуудал үүсэхэд бэлэн байх боломжийг эрэлхийлж ажилладаг. 2020 онд ковид дэгдэхийн өмнөхөн бид томоохон арга хэмжээ авч, олон юм руу сатаарахгүй ердөө 4 чиглэлд анхаарлаа хандуулахаар шийдсэн. 

Нэгт, ажилчдаа эрүүл байлгах, энэ хүнд үед ажилчдынхаа орлого, цалинг бууруулахгүй байх, хүн дээр суурилсан бизнес учраас болж өгвөл энэ цаг үед цалинг өсгөх, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хоёрт, тэг зогсолт хийх үед компанид хамгийн чухал зүйл бэлэн мөнгө байдаг. Өнгөрсөн хугацаанд хэмнэж болох бүхий л зардлыг хэмнэсэн. АПУ хамгийн удаан хугацаанд бизнесийн 0 зогсолт хийсэн, одоо ч хагас хэлбэрээр 0 зогсож байгаа компани. Энэ нөхцөлд бэлэн мөнгөний удирдлага сайн хийсний өгөөж гарч байна. Гуравт, хариуцлагын асуудал. Бид хуулийн дагуу бизнес хийж байгаа учраас төлөх ёстой татвараа улсад цаг тухайд нь төлөх ёстой гэдэг хатуу байр суурьтай ажилладаг. Бид 10 мянга гаруй харилцагчтай. Эдгээр хүмүүсээ энэ цаг үед илүү хөгжүүлэх тал дээр итгэлцэлийн үндсэн дээр анхаарч ажиллаж байна. Дөрөвт, компани дотроо үйлдвэрлэл, борлуулалтын төлөвлөгөөгөө улам нарийвчлан, түүхий эд, туслах материал, бэлэн бүтээгдэхүүний нөөцийн тэнцвэрийг сайтар барихыг хичээн ажиллаж байна. Эдгээрийн хүчинд харьцангуй амжилттай ажиллаж болж байна. 

Ковид бидэнд маш олон боломжийг гаргаж өгч байна. Одоогийн компаниудын засаглал, шийдвэр гаргалтын тогтолцоо энэ чигээрээ удаан явахгүй юм байна гэдэг нь ойлгомжтой байсан хэдий ч үүнийг өөрчлөх хугацааг хурдасгаж өгч байна гэж харж байгаа. 

Б.Хос-Эрдэнэ: Бид өөрсдийгөө технологийн компани гэж тодорхойлдог. Технологийн компанийн онцлог нь түүхий эд гэж бараг байдаггүй. Компьютер, сервер рүүгээ нэвтрэх эрхтэй байхад хаанаас л бол хаанаас ажиллах боломжтой. Иймээс ковидын үед үйл ажиллагаагаа доголдолгүй явуулж чадаж байгаа. Монгол оюуныг экспортлох зорилготой ажилладаг бидний хувьд гадны улсуудад очиж ажиллах, гадаад зах зээлд өөрсдийн шийдлээ борлуулах ажил ковидоос болоод түр зогссон. 

Макро түвшинд яах аргагүй цахим шилжилт хурдасч байна. Бизнесүүдээс гадна эцсийн хэрэглэгчид өөрсдийн дадал, соёлоо өөрчилж байна. Онлайн худалдаа хийж үзээгүй хүмүүс интернэтээр худалдан авалт хийдэг болсон. Том зургаараа ковид манай бизнест эерэг нөлөө авч ирж байгаа. Нөгөө талаас бид цагаа олж стратегийн түншлэлийг дэлхийн том компаниудтай үүсгэсэн гэдгээ харж байна. Хил хаалттай өнөөдрийн нөхцөлд бид гадагшаа явах боломжгүй байхад манай түнш Марубени корпораци бидний өмнөөс гадны улстай бизнес уулзалт хийж, биднийг танилцуулж явж байна. 

В.Ганзориг: Олон улсын зах зээлд гарах, дэлхийн том корпорациудтай түншлэх тал дээр танай гурван компани Монголдоо жишиг болно. Энэ түншлэлийг дагаад компанийн бизнес загвар, стратегид ямар өөрчлөлтүүд орсон бэ?

Д.Энхтүвшин: Бид анх Procter & Gamble компанитай хамтарсан. Эндээс хүний нөөцийн асар том хичээл заалгаж авсан. MCS группын гол соёл энэ компанитай хамтарч ажиллаж байх үед үүссэн. Үүний дараа Coca Cola, Kerry групптэй ажиллаж байна. MMC гээд Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр гарсны дараа бид өөрсдөө гадаадын зах зээлд хэрхэн гарах, экспорт хийх судалгаа эхлүүлсэн. Эхний үед гадны компани Монголд ирэхэд бид хамтрагч нь байсан бол дараа нь өөрсдөө дэлхийн зах зээлд гарахад яаж ажиллах ёстой вэ гэдэг туршлага хуримтлуулж эхэлсэн. Хятадын зах зээлийг судлаад явж байхад “Далайн гүнг заавал өөрөө хэмжих хэрэггүй. Шумбаж чадах цэг хүртлээ яваад түүнээс цааш чаддаг хүнтэй нь хамтраад явсан нь дээр” гэдэг үгийг сонсоод гадны зах зээлд түнш маш чухал гэдгийг ойлгож байсан.

Монгол дахь бизнесээ амжилттай сайн хийсэн байхад гадаад түншлэл тэр хэрээр хүчтэй, бат бөх, урт хугацаанд оршдог. Улмаар үйл ажиллагааны түвшинд хамтрахаас гадна хувь эзэмшлийн түвшин рүү ордог. ММС-гээс гадна сүүлд олон улсад тэргүүлэгч хөрөнгө оруулалтын сан болох Cerberus Capital Management MCS-ийн тодорхой бизнесүүдийг багцлаад хөрөнгө оруулж, манай хувьцаа эзэмшигч болсон. Хэдий сайн болохыг хичээж, олон улсын стандартыг Монголдоо нутагшуулахыг зорьж байгаа ч бидэнд сурах, сайжруулах зүйлс асар их байна. Энэ хэрээр олон улсын зах зээлд гарах зорилго бий. Үүний тулд компанийн хүний нөөц олон улсын өрсөлдөөнд бэлэн байх ёстой болдог. Үүнийг дагаад компанийн засаглал ,бүтэц, соёл өөрчлөгддөг. Олон улсын түншүүдээс энэ бүхнийг суралцаж байгаа. 

Энэ бүхнээс анзаарахад монголчуудад инженеринг буюу оюуны экспорт хийх боломж их өндөр харагддаг. Манайх эрчим хүчний чиглэлээр гадны олон компанитай ажиллаж байхад монгол инженерүүдийн ур чадвар дэлхийн хэмжээнд өрсөлдөх түвшинд хэдийнэ хүрсэн гэдгийг баталдаг. Улмаар энэ хүмүүсээ системтэй бэлдэн зохион байгуулж гадны зах зээлд гарах ёстойг хэлдэг. Энэ чиглэл рүү ажиллах бодолтой байгаа.

Ц.Эрдэнэбилэг: Энэ амаргүй асуулт байна. Олон улсын бизнес, гадаадын хөрөнгө оруулагч гэж ярихаас өмнө хоёр талаас харах ёстой гэж бодож байна. Гадны хөрөнгө оруулагчдад тухайн улсын нэг аж ахуйн нэгж хэр зэрэг ажиллаж байгаа нь чухал биш. Харин тухай орны хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, тогтвортой байдал чухал байдаг. Тогтворгүй байдал бизнесийн хамгийн том саад болдог. Төрийн бодлого сайн, эсвэл муу ч байж болно. Гэхдээ тогтвортой байх ёстой. Энэ ярилцлагыг үзэж байгаа төрийн бодлого тодорхойлогчид үүнийг сайтар ойлгоосой.

Бид Heineken компанитай хамтран ажилладаг. Энэ бол дэлхийн шар айрагны зах зээл дээрх хоёр номерын компани. Дэлхийн 160 улсад салбар, охин компани, үйлдвэрүүд нь ажилладаг. Эндээс бизнесийн процесс, стандарт, засаглалын форматуудыг Монголд нутагшуулахад бидэнд маш том давуу тал үүссэн. Олон улсын зах зээл ярьж байгаа л юм бол эн тэргүүнд сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Зөвхөн би монгол хүн, Чингис хааны үр сад гэж зүтгээд дэлхийн зах зээлд гарах юм бол хэзээ ч амжилт олохгүй. Нэг шинэ бүтээгдэхүүн гаргаад Орос, Америкийн зах зээлийг заавал ав гэж тулгаж байгаа нь бидний том алдаа. Тухай зах зээлийн хэрэглэгч яг юу хүсч байна, яагаад тэд Монгол брэнд хэрэглэх ёстой юм гэдгийг урьдчилан мэдэж, бас мэдэрч байж гэмээнэ тэр зах зээлд амжилттай нэвтэрнэ. Эс бөгөөс хамаг мөнгөө үрээд дуусдаг юм байна гэдгийг бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд харсан. Тиймээс байгаа боломжоо ашиглан дэлхийн зах зээлд гарахын тулд сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой.

Монголын үйлдвэрлэгчдийн олон улсын зах зээлд гарч байгаа бүтээгдэхүүнүүд өртгийн хувьд масс зах зээлд өрсөлдөх боломжгүй байдаг. Өнөөдрийн нөхцөлд бид тийм өндөр бүтээмжтэй ард түмэн биш. Дунджаас дээш зэрэглэлийн дэлхийн зах зээл рүү орох нүх л бидэнд бий. Энэ зах зээл рүү орохын тулд бүх хүмүүс сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй байна. 

Б.Хос-Эрдэнэ: Монгол хүмүүс олон улсын зах зээлд юу хийж чаддаг гэдгийг харуулах зорилготой бид ажилладаг. Монголдоо хийсэн технологийн шийдлүүдээ гадны улсуудад өөрсдөө нэвтрүүлэх гэж үзсэн. Зүүн өмнөд азийн улсуудад нэлээд ноцолдож, гурван жилийг зарцуулсан. Финтек бизнесийг хүний нутагт дангаараа хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хөдөлмөр маш их шаарддаг. Санхүүгийн бизнес учраас тухайн орны хууль, дүрэм маш хатуу. Иймээс энэ бүхнийг яагаад дангаараа хийх ёстой юм гэдэг асуулт гарсан. Хамтрах бол хэнтэй хамтрах уу гээд үргэлжлээд асуулт үүссэн. 

Олон улсын түвшний том корпорациудтай түншлэл ярихад бидний суралцах ёстой зүйл юу вэ гэвэл тэр дэлхийн хэмжээний том компаниудаас авах зүйлээ л голцуу бид хараад байдаг. Харин тэдэнд бид юу өгч чадах вэ гэдгээ бодох ёстой. Мөн тэдний мэддэг хэлээр нь ойлголцож чаддаг байх ёстой. Би гадаад хэл гэдэг утгаар хэлээгүй шүү. Салбарын, бизнесийн хэлээр ойлголцох чадварыг хэлж байна. Үүнийг дагаад компанийн бизнес загварт тодорхой хэмжээний өөрчлөлт зайлшгүй ордог. Энэ бүхнийг ойлгож мэдрээд, өөрчлөлтөө хийгээд явж байгаа. 

В.Ганзориг: Та бүхэн компани үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, удирдлагын багт ажилладаг хүмүүс. Компанийн стратеги, бизнес загвар боловсруулахад тулгамддаг хамгийн том асуудал юу байдаг вэ? Таны компанидаа үлдээж буй, үлдээхийг зорьж буй өв (legacy) юу вэ?

Д.Энхтүвшин: Тогтворгүй байдал, байнгын өөрчлөгддөг орчин хамгийн том асуудал. Тодорхой хэмжээнд судлаад тооцоо хийдэг ч гэсэн асар богино хугацаанд өөрчлөгддөг. Энэ байнгын тогтворгүй орчилд шийдвэр гаргах хурд хамгийн чухал. Улс төрийн буюу бодлогын тогтворгүй байдал бизнесийн хувьд хамгийн төвөгтэй асуудал болдог. Гадаадаас хөрөнгө босгох яриа хийж байхад гадны улсууд улс төрийн тогтвортой байдлын тухай хамгийн их асуудаг. Бизнес загвар гаргах хамгийн том хувьсагч бодлогын тогтворгүй байдал, байнгын өөрчлөлт болдог.

MCS групп “Дэлхийн хөгжлийг Монголд” гэдэг уриатай ажилладаг. Дэлхийн сайн стандарт, жишгийг Монголдоо нутагшуулан, тэр хэрээр бизнесийн өрсөлдөөний чанарыг сайжруулахаар зорьж байгаа. Үүнийг бид Монголдоо оруулж буй хувь нэмэр гэж боддог. Энэ том зорилгын төлөө ажиллаж буй хамт олны нэг хэсэг нь болж, хэрэгтэй газар нь хувь нэмрээ оруулж байгаа нь миний өв болов уу гэж хэлмээр байна. 

Ц.Эрдэнэбилэг: Тогтворгүй бодлого гэдэг дээр Энхтүвшин захиралтай санал нэг. Бид өнгөрсөн болон одоогийн бизнесийнхээ нөхцөл байдлыг бодитой харж чадаж байгаа учраас ирээдүйгээ тодорхойлоход хүндрэл харьцангуй багатай. Бид ирэх 5 жилд хүрэх зорилгоо тодорхойлсон. Манай бизнесийн нэгдлийн гол зорилго экспортоо нэмэгдүүлэх. Ирэх 5 жилийн хугацаанд дотоодын зах зээлд тэргүүлэхээс гадна АПУ нийт борлуулалтын орлогын 20%-ийг экспортоос олдог болно. Энэ хүрээнд эрхэм зорилго, 5 үнэт зүйлийг гаргасан. Хүний хэв маяг, дадал зуршлыг өөрчлөхөд онцгойлон анхаарч ажиллана.

Б.Хос-Эрдэнэ: Анд Глобал Монгол, Филиппин гээд олон улсад бизнес эрхэлдэг. Спарт ап нөөц арвин компани биш. Иймээс нөөцийн хуваарилалт маш чухал. Хоёрт, хүний нөөц маш чухал асуудал. Олон улсад бизнес хийхэд олон улсын туршлага наад зах нь шаардагддаг. Ийм хүмүүс нь хэр их билээ? Гуравт, дэлхийд технологийн шийдлээ санал болгоод явж байхад олон улсын хүмүүсийн Монгол гэдгийг харах өнцөг том асуудал үүсгэдэг. 

Би анхнаасаа багаараа юу хийж чадах вэ гээд явж байгаа учраа хувь хүн гэхээс илүү багийн өвөө хэлмээр байна. Монгол хүн, монгол оюуны бүтээлийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж болдог, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалт босгож, дэлхийн том корпорацитай мөр зэрэгцэн стратегийн түншлэл хийж чаддаг юм байна гэдгийг харуулж байгаа нь технологи, спарт апийн салбарт том өв болж байгаа болов уу. 

В.Ганзориг: Сонирхолтой ярилцлага өгсөн захирлууддаа баярлалаа!