“Ардчиллын цагаан морь”-ны гэдсийг хүүлэх үү
“Ардчиллын цагаан морь”-ны гэдсийг хүүлэх үү
Одоогоос зургаан жилийн өмнө, 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр МоАХ-г удирдаж байхдаа өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн уярам сайхан үгийг хэлж билээ. “Ардчиллын цагаан морь дүүхэлзэж байна. 23 жилийн өмнө өвлийн жаварт уур савсуулан байсан тэр л янзаараа хөгжлийн үсрэлт, дүүлэлтэд бэлтгэж байна” гээд л... “23 жил тасралтгүй тэмцэж, зүтгэж явсныхаа үр дүнг та бид өнөөдөр үзэж байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нийслэл, аймгууд, дүүргүүдийн олонхийн удирдлага Ардчилагчид шилжлээ. Үүнээс илүү итгэл гэж байхгүй. Хийх, бүтээх, зүтгэхээс өөр зам бидэнд байхгүй” гэхчлэн. Ингэж хэлснээсээ хойш таван жилийн дараа тэр бүр чих итгэл хүлээж Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харин Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа УИХ-ыг тараая гэж 64 гишүүнтэй олонхиор дэмжүүлэх гэж даажигнав. Дэмжигдэхгүй бол өлсөнө. Дараагийн замыг сонгоно гэх бололтой. Тэр нь Ерөнхийлөгчийн засаглал байж болох бөгөөд энэ чиглэлээр болгоомжтой, зугуухан зүтгэсээр яваа. Парламентат засаглал ардчиллын хамгийн зөв зам мөн л юм бол тэрбээр Ерөнхийлөгч болонгуутаа өнөөх дүүхэлзээд өөдөөс нь ирж явсан “Ардчиллын цагаан морины” гэдсийг хүүлэхээр шийдэв бололтой.
Тэгэхээр наанадаж л 76 тойрог тус бүрт таван тэрбум төгрөг төсөвлөж байхаар гээд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ гэж тооцсон бололтой. Уг нь хэдэн тэрбумаар ч үнэлэмгүй үнэ цэнэтэй капитал нь чөлөөт сонгууль, ардчилсан парламент баймаар юм.
Ерөнхийлөгчийн засаглалтай болох амархан ч санагдаж болох юм. Ард түмний санал асуулгаар ч хүчтэй дэмжигдэх байх. Харин Белоруссьт яг ийм үйл явдал болж олон нийтийн хүчтэй дэмжлэгтэйгээр авлигатай тэмцэх Ерөнхийлөгчийг “олж аваад” одоо яаж ангижрахаа мэдэхгүй балмагдаж сууна. Ер нь Ерөнхийлөгчийн засаглалаас салах хавьгүй хэцүү байдгийг улс төрийн онолчид зөвлөдөг.
Парламентын засаглал нь хууль тогтоох байгууллагаас хамааралтай, хууль тогтоох байгууллага нь Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх эрхтэй бөгөөд огцруулах боломж нээлттэй. Харин Ерөнхийлөгчийн засаглалд Ерөнхийлөгч нь хүндээр өвчлөх, гэмт хэрэгт холбогдох зэрэг онцгой нөхцлөөс бусдаар огцруулахад амаргүй байдаг.
Нэгэнт парламент ерөнхийлөгчид итгэл үзүүлэхгүй байгаа боловч түүнийг огцруулж чадахгүй байх нөхцөл үүсэх нь нийгэм, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх аюулыг бий болгодог байна.
Цаашилбал, шийдвэр гаргахад парламентын засаглалд гүйцэтгэх эрх мэдэл хамтын буюу танхимын зохион байгуулалтаар хэрэгждэг. Ерөнхийлөгчийн засаглалд энэ нь нэг хувь хүн буюу танхимын бус зарчмаар хэрэгждэг. Ерөнхийлөгч ганцаараа шийдвэр гаргана. Хуульд заасан байдаг зөвлөх гишүүд зэрэг нь зөвлөгөө гэгчээ хэлж болох ч шийдвэр гаргахад нөлөөлөхгүй, ихэвчлэн эсрэг үр дүн бүхий шийдвэр гардаг байна. Ерөнхийлөгчийн засаглалд хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдэл бие даасан шинжтэй байдгаараа одоогийн бидний мэддэг хэнийг, ямар хэргийн улмаас хэрхэн хариуцлага хүлээлгэж байгааг мэдэх ч эрхгүй. Мөн ч том эрх чөлөөг цоожилж байгаа биз.
Ерөнхийлөгчийн засаглалын үед сонгуульд ялсан тал дараагийн сонгууль хүртэл дангаар ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломжтой болж дан ганц нэг хүчин засагладаг.Тиймээс ялагч бүгдийг авна, ялагдсан тал бүхнээ алдана гэсэн зарчмаар сонгуульд өрсөлддөг. Улс төрийн намуудын төлөвшил гэдэг асуудлыг мартаж, хувь хүнийхээ хувьд ганцаарчилсан тоглолт хийж амжилтад хүрдгээрээ онцлогтой.
Монгол Улсын яг өнөөгийн байдалд, тухайлбал Ерөнхийлөгчийн УИХ-ыг тарахыг санал болгосон шалтгаан болох ядуурал, авлига, хүнд суртлыг үгүй хийхэд хүчтэй Ерөнхийлөгч хэрэгтэй гэсэн олон нийтийн хүлээлт эцэстээ Ерөнхийлөгчийн засаглал руу хөтлөх нь “байдаг л үзэгдэл” гэж ажиглагчид үздэг аж. Харин хүссэн үр дүндээ хүрсэн нь ховор байдаг нь харамсалтай. Асуудлыг хэн, хэдэн талаас нь харж шийдвэр гаргав, харилцан зөвшилцөл гэгч байна ууүгүй юу гэдгээс эрх мэдлийн төвлөрөлийг хамт булшилснаа ухаарсан байх юм.Либерал ардчилсан улсуудаас арав хүрэхгүй хувь нь буюу 34 улсаас гурав нь л /АНУ, Франц, Коста Рика/ Ерөнхийлөгчийн засаглалтай хэвээрээ үлджээ.
Ерөнхийлөгчийн засаглалтай орны Ерөнхийлөгч нь яг л манай Ерөнхийлөгч шиг үндэсний тусгаар тогтнол, үндэсний дэвшлийн удирдагч, баатарлаг дүрийг бүтээсэн бараг л “булчинлаг”, “Batmen” төрхтэй байдаг гэнэ.
Казахстаны Н.Назарбаев, Тажикстаны Э.Рахмон, Туркменстаны Б.Гурбангул, улмаар Украин, Белоруссийн ард түмний Ерөнхийлөгчдөө бэлэглэсэн хязгааргүй эрх мэдэл ард иргэддээ ямар хариу өгснийг бид харж байна. Анх парламентын гишүүн болоход нь, хожим сайд болоход, улмаар сонгууль дөхүүлээд давхар дээлээ тайлж хаяхад нь бахархаж байсан “Тулга ах” нь Хорватын Ерөнхийлөгч агсан Ф.Тужманаас юугаараа ялгаатай гэж.
2018 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавихад манай парламент унагаад ард түмэн нь Ерөнхийлөгчөө ихэд хайрлаж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болсноор хууль тогтоох байгууллага нь дээд эрх мэдэлтэй боловч Ерөнхийлөгчийн шийдвэрт парламент нь хориг тавьж чаддаггүй.
Энэ бүхний эцэст өнөөх өнгөт хувьсгалууд гардаг. 15 жил засгийн эрхийг барихдаа өөрийн бүрэн эрхээ нэмэгдүүлээд байсан Киргизстаны Ерөнхийлөгч асан А.Акаев шиг бослогоор зайлуулах уу, Гүрж, Украин шиг жасгаал хийсээр байгаад тайван замаар албан тушаалаа шилжүүлэх үү гэдгийг Монголын тухайд төсөөлөхөд амаргүй. Учир нь, жишээ нь Х.Баттулга бол Ж.Батмөнх агсантай харьцуулахын ч аргагүй фигур шүү дээ.