Би атаархаж үхэх нь ээ
Өөрсдийн маань бүтэлгүйдэл дээр өрөөлийн амжилттай, гялалазаж яваа жишиг, жишээг сонсох, харах бүрийд атаа хөдөлж, бухимдал босгон тарчлаах нь бүр ч тамтай.
Ингэж тарчилж байх хувь заяаг бид өөрсдөө сонгосон хойно хохь нь
Утаанаас болж багтарч байгаа дээрээ унхиагүй, хөгийн, үнэнхүү элгийн улстөрчдийн өдөр тутам дэглэж байгаа “хошин шог”-оос шалтгаалж би бухимдаж үхэх шахан тарчилдаг. Энэ тарчлаан өглөөнөөс орой болтол үргэлжилж, унтахаас бусад цагт зовооно. Эргэн тойронд минь над шиг бухимдан тарчлагсад л ямагт анзаарагдаад байх юм. Ингэж тарчилж байх хувь заяаг бид өөрсдөө сонгосон хойно хохь нь. Өөрсдийн маань бүтэлгүйдэл дээр өрөөлийн амжилттай, гялалазаж яваа жишиг, жишээг сонсох, харах бүрийд атаа хөдөлж, бухимдал босгон тарчлаах нь бүр ч тамтай.
Өгүүлэх нь:
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ард түмэндээ илгээлт явууллаа. Жил бүр хийсэн ажлаа үр дүнтэй нь ард түмэндээ ийн тайлагнадаг л даа. Оросын Ерөнхийлөгчийн илгээлт уг нь маньд огт падлийгүй ч, атаа, жөтөө учиргүй хөдлөөд, багтарч бухимдсандаа бараг “явчих” шахлаа. Юу, юу гэнэ вэ?
147 сая хүн амтай Орос оронд арваад жилийн өмнө 40 сая нь нэн ядуу амьдарч байсан бол 2019 онд энэ тоо 19 сая болж буурсан тухай Путин ярьж байна. Цаашдаа Орос оронд ядуу амьдрал гэдэг үзүүлэлтийг байхгүй болгох зорилт тавьж байгаагаа тэрбээр итгэлтэй ярьж байна. Тус оронд хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд ОХУ-ын төр, засаг хэрхэн анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй болон орлого багатай иргэддээ ямар тус дэмжлэг үзүүлэх, улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хэрхэн бэхжүүлж чадах, үүний тулд юу хийсэн, цаашид юу хийхээ баталгаатай, басхүү бахтайгаар хэлж чадаж байна. Түүний энэ илгээлт ард түмэнд нь аз жаргалтай хүрсэн нь тодорхой.
Харин манайхны “... Путин Орос оронд гай удсан хүн, ...дарангуйлагч шаар, орк...” энэ тэр гэсэн ганц нэг хүний “анаалийз” бол яг үнэндээ түүн шиг удирдагчгүйдээ атаархаж, бухимдсандаа над шиг галзуурах шахаж буйн шинж мөн.
Өгүүлэх нь:
Өмнөд хөрш маань бол бүр “тасарсан”. Бидэнд тэдний амжилт, хөгжил бол мөрөөдөл болоод удаж байна. Бүр итгэхийн эцэсгүй. Бодоод үз л дээ. Нэг тэрбум, 378 сая хүн амтай атлаа ядуурал гэдэг үг Хятадад бараг мартагдаж эхэлсэн. Тэнд нэг минутад 20 хүн ядуурлаас гарч байна шүү дээ. 2012 онд болсон ХКН-ын XVIII их хурал дээр Ши Жиньпин 2020 он гэхэд Хятадад ядуурлыг бүрмөсөн устгасан байна гэж хэлсэн юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ яг таг эзэн болж чадаж байгаа нь миний бухимдлыг асар ихээр төрүүлж байна.
Тэрбээр 2013 онд юу гэж хэллээ? “...Хятад улсад 850 сая хүн ядуурлаас гарлаа” гэдэг үгийг даруухан атлаа дэлхий дахиныг дэлдийтэл хэлсэн юмдаг. Түүнээс хойш ердөө гурван жилийн дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сарын нэгэнд тус улсын “Ядуурлаас ангижруулах төрийн зөвлөл” –ийн албанаас “Хятад улс ядуурлаас бүрэн гарч чадлаа” гэсэн гайхамшигтай мэдэгдлийг хийсэн билээ. Өөрөөр хэлбэл Хятадад нэн ядуу, ядуу гэдэг ангилал үгүй болж эдүгээ хүн амын амьдрал нь бүгд дундаж давхрагаас дээш гэсэн бүтцэд шилжсэн гэсэн үг. Дэлхийн улс орнууд, тэр тусмаа бидний хоёр хөрш маань ядууралтайгаа ийнхүү амжилттай тэмцэж, ялж чадаж байна. Уг нь Монгол, Хятад, Орос гурав дэлхийд нөлөөлөгч агуу үүх түүхээрээ өөр ямар ч улс оронтой үл зэрэгцэх, эн чацуу, бараг бид илүү байж ирсэн үндэстэн юмсан. Тэгээд монголчууд яагаад хоёр хөршөөсөө ямагт хоцорч, ядуу дорой байгаад байна вэ? Яагаад манай улс оронд Чингис хаан шиг агуу биш юмаа гэхэд хоёр хөршийнх шиг хүчирхэг, хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав байж чадах удирдагч нэгэн гарч ирдэггүй юм бол оо!
Яагаад манай улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ард түмэндээ аз жаргалтай, урам зориг бадрааж, итгэл төрүүлсэн ИЛГЭЭЛТ үл илгээдэг юм бол!
Яагаад монголчууд ядуу тарчиг амьдарсаар байна вэ? Ингээд бусадтай өөрсдийнхөө байгаа байдлыг харьцуулах тусам, бодох тусам бухимдал багсарч, бачуураад л... ирж байгаа биз дээ!
Өгүүлэх нь:
Өнгөрсөн Пүрэв, Баасан гарагт Монгол Улсын Төрийн ордонд Монгол Улсын бүх дарга нар цугларлаа. “Орон нутгийн удирдах ажилтнуудын уулзалт” хэмээх нэртэй эл хурал хоёр өдөр үргэлжлэв. Аймаг, хот бүрийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, залж, жолоодож яваа энэ олон дарга нарынхаа хурлыг хөндлөнгөөс ажиглах “нүгэл”-ийг би сайн дураараа үүрлээ.
Учир нь Монгол Улсын маань тэр олон шилдэг удирдагч, сонгогдож, томилогдсон дарга нар маань хоёр өдрийн турш Төрийн ордны их амгалан дунд гүн нойроор унтах, сэрэхийн жаргалд умбаад буцахыг энэ хоёр цийлгэрээрээ харлаа.
Уг нь жилдээ нэг удаа манай бүх дарга нар ингэж цуглардаг болохоор Монголынхоо хөгжлийг эрх мэдэлтнүүд маань яг Путин, Ши Жиньпин нар шиг биш юмаа гэхэд өөрсдийнхөө хэмжээнд хэрхэн харж, төсөөлж, юуг төлөвлөж, ямар, ямар ажил амжуулж, бас хийж чадахыг нь эндээс л харж, мэдэж болох байсан юм. Гэтэл тийм л юм боллоо. Тийм байж байгаад дарга нар таран одоцгоосон болохоор нь маний бухимдал дахин, дахин оволзож, амьсгал бачуураад эхэлсэн хэрэг л дээ.
Хурал, семинарын агуулга, ач холбогдол өөрөө нэн ядуу ангилалд байгаа нь анзаарагдсан. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс орон нутгийн удирдлагуудад хатуу үүрэг даалгавар өгөх нь өгсөн. Дарга нарын ажлыг үүнээс хойш Ерөнхий сайд маань ядруулыг хариуцсан орон нутагтаа хэрхэн бууруулж, ажлын байр шинээр хэдийг нэмэгдүүлсэн байна вэ гэсэн тодорхой үзүүлэлтээр дүгнэх болно гэдгээ хэллээ. Харин суудалдаа “үнэгчилж” асан мань дарга нарын хэд нь түүний үгийг сонссон бол гэдэг эргэлзээтэй.
Магадгүй нэгэн цагт дахин нэг ийм уулзалт болоход манай дарга нар илүү ажил хэрэгч, басхүү хариуцлагатай болсон байж, бүгд хэлсэн үг, идсэн хоолондоо жинхэнэ эзэн, бас сав нь болж чадахаар хатаагдсан байж, Монгол Улс маань ажилгүйдлийн эсрэг хийсэн тэмцлийнхээ амжилтыг 0,7 пунктээр тэмдэглэдэг биш, ядаж бүхэл тоогоор илэрхийлдэг болж, улмаар нэгэн сайхан цагт “Монгол Улс ядуурлаас бүрэн гарлаа” хэмээн бахархалтайгаар, бахтайгаар, яруу тодоор хэлж чадах Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болсон байх нь дамжиггүй! Тэр цагт над шиг бусад улсын амжилтад атаархан, өөрсдөдөө бухимдан бачимдаж үхэх гээд байдаг монгол хүн нэг ч байхгүй болсон байх биз ээ!
Суудалдаа чимээгүй “үнэглэгч” мань дарга нарын хэд нь
Ерөнхий сайдынхаа үгийг сонссон бол гэдэг эргэлзээтэй