Ц.Нямдорж гэх ганц хүн 20 жил ямар ч эсэргүүцэлгүй, тэр ч бүү хэл, магтуулаад хуулиар тоглож, Төр Засгийг өөрт хожоотой тал руугаа залуурдан оодорч яваад гайхаш барагдахын хамт бусдад нь гутардаг. Дээрэлхэж доромжлох сагсуурлаа сааруулах тооромсоггүй, хавьтсанаа эрээ цээргүй загнадаг сүржин үг нь утгагүй, хэрээсээ хэтийдсэн ихэмсэг баядын хоосон бардамнал-дийлдэшгүй хүч хаанаас олов? Энэ бол Нямдоржийн хүч тэнхээ бус олонхын луйвар хулгайн балаг юм. Эрх баригчдын хөндүүрхэн газраар өчихдөө Нямдорж хаа очиж “сайн бөх” аж. Өчих мэх нь нутгийн голдуу өөрийн хүмүүсээ хуулийн салбаруудад тарааж байршуулсан хувийн далд сүлжээ л дээ. Сүлжээнийхээ тэмтрүүлүүдээр тагнуулдаж цуглуулсан баримтуудаараа хулгай луйварт идэгдсэн эрх баригчдыг шантаажилж амыг нь таглаад, өөрөө зоргоороо авирлах эрсдэлгүй нүх ухсан ийм л №1 хуульч.

Яланд дуртайгаа унагах, ялнаас дуртайгаа сугалах, болохгүй бол хуулийн заалт авч зорилгоо гүйцээгээд буцааж суулгах, хөнжилдөө өөрчлөх, олон тэрбумаар шахах, өөрийн хүмүүс-тагнуулуудаа хууль хүчний газруудын чухал отооны суудлуудад санаснаараа томилдог. Үүнийг харин чадаж байгаа. Эсэргүүцэж зүрхлэх баатар торойхгүй байгаа нь Монголд цэвэр хүн цөөрчээ. Ид шид Нямдоржид бус, хөндүүр газраараа өчүүлсэн хулгайч нарын айдаст буйг дахин хэлье. Өчүүлээд дуугарах сачийгүй болсон дээдсийн хүрээний орон зайд Нямдорж дураараа тонгочиж буйд баяр хүргэж уухайлдаг хөгжөөн дэмжигч доод талдаа хангалттай. Дээр дороо ийм түшигтэй дийлдэшгүй баатар. “Үнэн үгтэй шударга гишүүн Ц.Нямдорж УИХ-д ганцаардаад байна” гэж барууны маяг дуурайх гээд сурдаггүй хөөс шиг хөвсгөр сэтгүүлч хүүхнүүд дагаж намирдаг. Хөгжил чөдөрлөгч томчуудын хямрал ёзоортоо юунаас буглаад буйг оношлох эрдэмгүй мохоо мэдээллийг яалтай. 

Сэтгэхүй нь гажиг, араншин нь овилгогүй, хөгжлийн бэрхшээлтэй ч гэмээр доголдолтой атлаа аюултай этгээд ховор ч орон бүхэнд төрдөг. Бүтэн ухаантай улс тийм иргэнээ өндөр эрх мэдэлтэй албанд залахыг галзуу хүнд хутаг бариулсантай адилтгана байх. Хулгай луйвраа өчүүлсэн манай даргацрууд шиг давруулахгүй нь мэдээж. Хамгийн гол нь бардам авиртай түүний бусармаг үйлдэл нийтэд ил байхад нэг танхимд суугаа 75-ын дийлэнх Нямдоржийг өөгшүүлж, далиманд нь өөрсдийн хулгайг дарснаар нилдээ бузартав. Тиймээс Нямка гэгч догшин зааринг номхотгох ялдамд өчүүлсэн оодруулагчдыг сонгуулиар хуу хусаад үзвэл яасан юм бэ? Цөмийг хусаж дөнгөвөл Төр Засаг өргөн цараагаар цэвэршинэ. Ганц Нямдорж бус зайлуулах Нямка олон байгааг тооц. Бас өчилтөд эмзэглэх хөндүүргүй атлаа зоргоороо туйлагчид зам тавьж өгдөг бэртэгчин гишүүд цөөнгүй. Тэд юмыг яаж мэдэхэв гэж арчаагүй хаширлахаас цаашгүй. Сонгогч олныхоо захиасыг хэрэгжүүлэх чадвар мөхөс. Луйвар хулгайг мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй мэт сажилдаг нүдэн балай чихэн дүлий Төлөөлөл хэрэг байна уу? Олон сонгогдож зад баяжсан архаг гишүүдийн ид шид тэдний мөрөөдөл байвал яана.

Луйвар хулгайгаар нь өчиж эрх баригчдаа дуугүй болгоод өөрөө хударгаар нь шуудаг Нямдоржийн схем Япон Солонгосын парламентад ганц алхахгүй. Энэ нь журамлаг Төр Засгийн үзүүлэлт. Солонгос Япончууд Нямдоржийг (монгол маягаар яривал) парламентаасаа нохой шиг чирж гаргаад хонь шиг өрлөнө. Гэтэл Нямдорж Монголын Төр Засгийг хэрхэн азаргалж буйг хар. Тиймээс Нямдорж ганцаараа буруутан бус дэргэдэх шархтай, амаа нээж чадахаа больсон өөгшүүлэгч гишүүд цөм буруутай гэж би хэлэх гээд байна. Нямдоржийн нөхөд рүүгээ давшилдаг цадиггүй дээрэлхүү үг, бүдүүлэг мэдэгдэл, ядаж өөрийгөө магтсан хөөрөл нь хүртэл утгын хувьд хөгийн тэнэг. Үнэн биз дээ уншигч минь. Түүний инээдэмтэй “афоризм”-үүд хошин шогд дуртай миний ой санамжаас салдаггүй юм. Цуглуулаад хэвлэвэл сонин байж магад. Тийм мулгуу үгийг онож хэлэхэд хэцүүг оросууд “нарочно не придумайшь” гэдэг. 

Мөнхийн гишүүн, дархлагдсан сайдаараа сүр далайлгаж, омог бардам сүрдүүлгээр зандарч дээрэлхэж доромжилдог дарангуйлагч хуучин бууны хугархай л даа уг нь. Бардамнаснаа хувийн сүлжээгээрээ бүтээж дөнгөдөг тул түүнээс айх уур амьсгал коммунист харгислалын хөндүүр илааршаагүй нийгэмд аяндаа тогтжээ. Ардаа Кремльтэй Бал дарга ч түүн шиг галзуурч байгаагүй. Хяналтгүй бардамнал нь Т.Рагчааг санагдуулдаг. Үхээнц мануусын Увс дарга нарыг зусардаж явсан баргар нийгэм дурсагддаг. Кремль гараа татсан тул үнэний төлөө зоригло. Цөм жигд шулуудвал зорьсондоо хүрнэ. Намынх нь хульчгар хулгайчууд түүнийг хусаж чадахгүй. Яагаад гэвэл хулгай луйврыг нь Нямка нээнтгэлчихсэн. Нямдорж гэгч дураараа дургигч догшин зайрангаас салах зам ганц. Түүнийг дахин бүү сонго. Тэгвэл шаргал ордонд цамнадаг эзэрхэг түрэмгий бөө гудманд ухаалаг ардынхаа доог болсноор номхорч хүн болно. Өчих схемтэй хуйхуйг өөрөөр барахгүй. Учир нь өчүүлсэн хулгайчид зовууртаа эмзэглээд Нямкаг үхэтлээ хамгаална.

Ц.Нямдоржийн 20 жил үйлдсэн нүгэл даагдахаа больжээ. Бялхан асгарч нийгэмд шуугиан үүсмэгц тэр бээр гавъяа байгуулах баатрын дүр эсгэж, нүглээ далдлах тоглолтод шилжив. Эрдэнэтийн 49 хувийг гаднаас оруулж ирсэн “Зэс” компанийг 400 гаруй сая долларын хулгайд унагах гэж шалгуулаад, бүх хуулийн байгуулага шат шатандаа нотолж чадаагүй. Сүүлдээ аргаа бараад шинэ хууль зохиож хувийн өмч-49 хувийг хурааж авснаар шахаа хийхэд саадгүй болсон. “Зэс”-ийн хулгайг нотолсон бол шинэ хууль зохиож новшроогүй. 400 гаруй сая долларыг хулгайнх гэж хэдэн жил дэлж дуулиан дэгдээснээ тогтоож чадаагүйн баталгаа нь шинэ хууль зохиосонд оршино. Энэ бол хөдлөшгүй баримт. Иргэний нэхэмжлэх эрх боймлосон шинэ хуулиа 49 хувийг авч чадсан хойно одоо устагчихъя гэж ичихгүй ярьж байгаа. 400 сая доллар өвсөнд хаясан зүү биш, булавч бултайна даравч дардайна. Хулгай зээл биш. Зээлбэл буцааж төлнө. Буцааж төлөхгүйн тулд хулгайлдаг. 400 сая хулгайлагдсан бол олдохгүй. Тийм их доллар хулгайд алдсан хохирогч өдий хүртэл гомдол гаргаагүй нь нэгийг хэлээд байгаа юм биш үү.

Бөгсийг нь ухаж шинэ шинэ бохир нийтэд дэлгэсэн мэдээлэл хүчээ авсан тул С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг олно хэмээн дүйвээлж толгой мултлахаар жүжиглэв. Захиалагчийг удахгүй зарлана гэж ам алдсан нь сонин дээр бий. Хууль зөрчсөн үйлдлээ няцаах өчиг олохгүй тулгамдаж тэвдэхээрээ гишүүд чуулганд цагтаа орж ирсэнгүй гэх мэт дутагдалд бухимдаж цамнана. Өөр лүүгээ чиглэсэн үхлийн сумыг холдуулж буй түүний энэ баашинд хууртсан сэтгүүлчид ганц шударга гишүүн рүүгээ омойрлоо гэж хөөргөдөж тархи угаана. Манан мафийн эсрэг цогтой тэмцэгчийг хэлмэгдүүллээ гэж 5 балиус сэлмэн дохиогоор мэдэгдэл хийнэ.

Нямдорж оо худлаа ярьдаг чинь аль эрт ад болсон. Дүү минь чиний өнгөн дээр гэмт хэрэг гаарчээ. Хар тамхи, авилга, хүчирхийлэл гэх мэт урьд байгаагүй аймаар хэргүүд хөгшид-биднийг цочирдуулж байна. Ганц Та үүнд буруутай биш ч гэлээ Та гол хариуцлагыг үүрэх ёстой сайдын албыг таван удаа хашиж 20 жил өндөр цалин хангамж хүртсэн удирдагч. Одоо уучлалт гуйгаад ажлаа өг. Хуулийн засаглалтай болгож чадах залуус ард чинь хүлээсээр өтөллөө. Ялгүй салж Та чадах нь гарцааггүй, ямар мань мэт биш. Нас тогтлоо одоо тайван амьдар. Хойч үедээ сургамжтай дурдатгал бичих зугаатай гэдгийг зөвлөе. Хураасан хөрөнгө багадав л гэж. Сэтгэл цадвал ходоод ямар ч тэтгэвэрт цаддаг. Та надад ямар ч гэм хийгээгүй. Адсага шиг ааш, хуулийн сайд атлаа хууль зөрчдөг үйлдлийг чинь мораль бичдэг зохиолч тэсвэрлэлгүй таны талаар олон муухай нийтлэл бичсэндээ санаа зовох юм. Нямдорж минь одоо түрэмгий бүдүүлэг үйлдлээ боль. Би ч гэсэн үхэхийн өмнө эрихээ тайван имэрч мааниа уншъя. Танд хэрэг болж юу магад гээд өндөр насаараа түрүү бариад хатуу үг бичив уучлаарай. Бардам авираар баатар болдоггүй. Харин С.Зоригийг хөнөөх аллага захиалсан ландрамыг илрүүлбэл мөнх дуурсах буян болно шүү. Танд амласнаа биелүүлэхийг ерөөе.

2019-11-01