Өмнөх хэсгийг ЭНДЭЭС унших

Цагаан философи бол “мөн чанар”-ыг тунгаадаг мэдлэгийн салбар


Багш:

За тэгэхээр философи гэж юу болохыг ойлгосон бол одоо “цагаан философи”-ийн талаар ярья. Үнэндээ цагаан философи бол дээр тайлбарласан тодорхойлолтын дагуух философийг хэлдэг юм.


Охин:

Нээрээ цагаан философийг та “философийн үндсэн урсгал” гэж хэл лүү?


Багш:

Мхн. Тэгээд цагаан философийг албан ёсоор “Мөн чанарын философи” ч гэдэг…


Охин:

Мөн чанар?


Багш:

Акихо! мөн чанар гэж биет мөн үү?


Охин:

Мөн чанар бол... биет биш байх аа, харж тэмтэрч болохгүй юм чинь.


Багш:

Тэгэлгүй яах вэ. Тэгэхээр цагаан философи буюу “мөн чанарын философи” гэдэг нь юмс үзэгдлийн “мөн чанар”-ын талаар тунгаан бясалгадаг мэдлэгийн салбар гэсэн үг. Энэ бол угтаа философийн тодорхойлолт ч бас мөн юм.


Охин:

Тийм байх нь. “Амьдралын мөн чанар юу вэ?” ч юм уу, “Аз жаргалын мөн чанар юу вэ?” ч юм уу, иймэрхүү зүйлс бүгдээрээ “материйг давсан оршихуйн” тухай асуудлууд юм чинь... нээрээ л философи юм даа.


Багш:

“Мөн чанар” гэдэг үг хэрэв чамд жаахан ойлгомжгүй санагдаад байвал “утга учир” эсвэл “үнэ цэн” гэдэг үгээр орлуулсан ч болно.


Охин:

За тэгвэл “Миний амьд яваа утга учир (мөн чанар) юу вэ?” гэж асуух нь “цагаан философи” юм байна шүү дээ. Цагаан философи ч бас сонирхолтой санагдаад явчихлаа.


Багш:

Тийм үү? Тийм бол сайн л байна.


Охин:

Одоо тэгвэл амьд яваа “утга учир”-аа шалавхан танаар заалгаад авъя.


Багш:

(Ингэж айхтар тулгаж асуух байсан юм уу?) Заа байз, яадаг билээ. Тэгэлгүй яах вэ, Акихогийн амьд яваа “утга учир”-ыг чаддаг бол хэлээд өгмөөр л байна, гэхдээ жаахан хэцүү гэх үү дээ. Юу гэвэл Нишцегийн философи буюу хар философийн тал байна ш дээ, тэд алив юмс үзэгдэлд “утга учир” ч юм уу, “мөн чанар” гэх зүйлс “байхгүй” гэж үздэг юм.


Охин:

Юу? Байзаарай. “Миний амьд яваад утга учир байхгүй” гэж үздэг хэрэг үү?


Багш:

Т... тийм ээ. Алив түр азнаарай. Юу ч гэсэн гараа буулгачих уу, хоёулаа... Аанхаа, наад зангидсан гараа! Ээ зүйтэй, за сайхан тайвширчих.


Охин:

Ямар аймаар үг хэлдэг юм бэ? Ницше гэж ийм хөгийн амьтан байсан юм уу?


Багш:

Үгүй үгүй, хаанаас тийм байх вэ. Харин ч бидний сэтгэлийг чөлөөлж өгсөн сайн хүн ч байж мэднэ.


“Экзистенц” – бодит оршихуйн товчлол


Багш:

Ямартай ч хар философийн талаар ахиад жаахан тайлбарлаад өгье. Хар философийг албан ёсоор бол “Экзистенциализм” гэдэг юм.


Охин:

Өө, саналаа саналаа. Ницшетэй холбоотой ганц нэг ном уншиж байхад “экзистенц..., экзистенц...” гээд залхтал давтдаг юм байлээ. Гэхдээ тэр нь тэгээд яг юуг хэлээд байгааг бас сайн ойлгоогүй ээ. Нуулгүй хэлэхэд тэрнээс нь болоод л бууж өгсөн.


Багш:

Тэгнэ ээ тэр (хэхэ). “Экзистенц” гэдэг нь философийн голлох түлхүүр үгсийн нэг болохоор танилцуулга номуудад элбэг таардаг л даа. “Экзистенц гэдэг бол ертөнцөд шидэгдэн унаж ирсэн хүн төрөлтийн субъектив оршихуй юм” гэхчлэн бүр хүндрүүлж тайлбарладаг ном ч бас олон байдаг.


Охин:

Ерөөсөө л цаад үгнээсээ толгойд буухгүй байгаа юм. “Тоос сорогч” гэвэл “тоос сордог юм байна” гээд шууд бууж байгаа биз дээ? Гэтэл “экзистенц” гэхээр ямар ч утгатай юу ч гэсэн үг юм, бүү мэд. Ямар ч төсөөлөл төрөхгүй. Тийм байтал философийн номууд дээр “экзистенц” гэдэг үгийг мэдээжийн юм шиг л ярайтал ашиглаад байхаар шууд залхаад хаяснаа санаж байна.


Багш:

Ойлголоо, ойлголоо. За тэгвэл экзистенц гэдэг үгийг ой тойнд чинь буутал тайлбарлаад өгье. Экзистенц гэдэг маань яг үнэндээ “Бодит оршихуй” гэдэг үгийн товчлол байгаа юм.


Охин:

Юу? Товчлол үг байсан юм уу? “Бодит оршихуй” гэнэ ээ? Тэр нь тэгээд яг юу гэсэн үг вэ?


Багш:

Яг л шууд утгаараа. “Бодитоор, оршдог, оршихуй”.


Охин:

Айн? Экзистенц гэдэг чинь тэгээд “бодитоор оршдог юм” гэхийг л донж оруулаад хэлж байгаагаас цаашгүй юм уу?


Багш:

За бараг л тийм. Энэ үгээ цааш нь хөгжүүлээд, өөр олон янзын утга оноогоод, төрөл бүрийн хэрэглээтэй болгосноос үүдээд ойлгоход хэцүү үг болчихсон юм л даа. Анхны утга нь ердөө л “бодит оршихуй” байсан юм.


Охин:

Бодит оршихуйг экзистенц гэж чамирхаж хэлдэг л төдий гэнэ ээ... Сүшиг сүүший гэж маяглаж нэрлэдэг л төдий... Салбарынхан салбар дотроо л ойлгогдох мэргэжлийн үгээр ярьж гайхуулдаг л төдий... Хмм…


Багш:

Я... ямар гүнзгий хүлээж аваад байна аа? За за, гэхдээ ямар ч байсан “экзистенц” гэдэг үгээс жийрхээд байсан тавгүйрхэл чинь арилсан бол болоо доо.


“Хар философи” (Экзистенциализм) бол тэрслүү урсгал


Охин:

Ёох, арай гэж тайвширлаа. Экзистенц гэдэг нь “бодит оршихуй” гэсэн үг юм байна. Гэхдээ хар философид яагаад “бодит оршихуй” энэ тэр гэсэн мэдээжийн үгийг ингэж товчилж хэрэглэдэг юм бэ?


Багш:

Одоо үүн дээр цагаан философийн ойлголт чинь хэрэг болно. Цагаан философи бол “мөн чанарын философи”. Өөрөөр хэлбэл “юмс үзэгдлийн мөн чанарын талаар тунгаадаг ухаан” гэдгийг түрүүн ойлгосон, тэ? Харин “хар философи (экзистенциализм)” цагаан философийн тэрхүү зорилгыг няцаах үүднээс “экзистенц” гэдэг нэршил гаргаж ирдэг юм.


Охин:

Няцаах ий? Юу гэсэн үг вэ?


Багш:

Зориуд өдөөн хатгаж, хэрүүл өдсөн гэвэл арай ойлгомжтой юм болов уу? Мөн чанар гэдэг бол “бодит оршихуй” биш гэж сая хэлсэн дээ. Энэ ч үүднээсээ хар философийн талынхан “цагаан философи” буюу “уламжлалт философичдод” хандаж иймэрхүү өдөөн хатгалга явуулсан хэрэг.


  • Өдийг хүртэлх философич гэх нөхөд мөн чанар ч гэх шиг, утга учир ч гэх шиг шал хоосон “бодит бус оршихуй”-н тухай л тархиа гашилтал бодож ирсэн байх аа?! (хаха)
  • Одоо тийм агаарын хоосон юмаа боль оо!
  • Үүнээс цааш арай газарт буусан “бодитой зүйл”-ийн талаар философидвол яасан юм бэ?
  • За тэгэхээр цаашид “бодит оршихуй” л ярина шүү. “Бодит, оршихуй”. Ойлгосон биз? “Бодит, оршихуй” (хаха)


Охин:

Пээ, ямар дээрэнгүй юм бэ.


Багш:

Гэхдээ энэ бол маш том сорилт байсан гэх үү дээ. Хаа байсан 2,000 гаруй жилийн түүхтэй цагаан философи гэх үндсэн урсгалын өөдөөс сөрж зогссон гээд бод л доо. Ийм урт удаан хугацаанд бат бөх оршин тогтнож байсан зүйлийг шүүмжилж, няцаана гэдэг чинь асар их зориг шаардсан байж таарна аа даа. Их сургуулийн том том профессоруудыг хуйгаар нь өөрийн дайсан болгож, чанх эсрэг талд нь тугаа мандуулж байгаад, цоо шинэ мэдлэгийн салбар байгуулах “дайн” зарлаж байна гээд л төсөөлчих.


Охин:

Тийм бий вий. Цагаан философийг сөргүүлж гарч ирсэн нь хар философи гээд ойлгочход болох юм байна л даа. Тэгээд Ницше болохоор хар философич гэл үү?


Багш:

Мхн. Ницше 2,000 гаруй жилийн түүхтэй философийг эрс үгүйсгэж, философийн цоо шинэ урсгалыг бий болгосон юм. Тиймээс л Ницше агуу хүн гэгдэн, түүхэнд нэрээ мөнхөлж чадсан юм шүү дээ.


Охин:

Амьдралд “утга учир” байхгүй гэдэг үзлийг бүрэн зөвшөөрөөгүй л дээ. Гэхдээ би Ницше шиг тэрслүү хүмүүст хайртай... Ерөөсөө түүнийг эсэргүү үзэлтэн юм байна гэж ойлголоо. Ницшегийн философийг ахиад жаахан дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч!