Г.Аюурзанын томьёолсон IDENTITY
-Сэргэн мандалтын замын зургаа сэргээж буй монгол хүн-
Зохиолч Гун-Аажавын Аюурзана монгол хүний тухай гурвал ном хэвлүүлсэн байна. Энэхүү гурван ном нь монголчуудын туулсан түүх, бүтээсэн соёлын тухай өгүүлсэн бүтээлүүдийн дотор цар агуулга, хөндөн тавьсан санаа, цогц чанараараа тэргүүнд бичигдэх бүтээл болжээ. Энэ ном нь зохиолчийн уран бүтээлийн бүх л үеийг хамарсан эрэл хайгуул, бодол эргэцүүлэл, уйгагүй уншлагын үр дүн гэдэг нь эхний хуудсыг нь нээгээд, эцсийн хуудсыг нь хаах хүртэл тодорхой байна. Эрхэм уншигч Г.Аюурзанын шинэ номд зориулсан магтуу байна гээд сэтгүүлээ чулуудаж мэдэх тул, түр азнан цааш нуршихыг минь анхаарч үзэхийг хүсье. Нуршихдаа шууд Г.Аюурзанын номоос биш, С.Эрдэнэ зохиолчийн эсээнээс эхэлнэ ээ...
Эхлүүлэн нурших нь:
С.Эрдэнэ баавай юунд гуньж, юунд итгэж байв?
Зохиолч Сэнгийн Эрдэнэ уран бүтээлдээ маш нарийн нандин, утга уянгалаг хэл найруулгатай атлаа дурсамж, нийтлэл бичихдээ гүдэс шулуун, ярианы хар үгээр бол түс тас найруулдаг онцлогтой. Гэхдээ үүний цаана зохиолчийн эзэмшиж хөгжүүлсэн реалист бичлэгийн арга барил л оршиж буй юм. Зохиолч насан эцэслэх хүртлээ эх орныхоо төлөө зовнин, шаналж байсныг шинэ зуунтай уралдан бичсэн “Монголоо хэрхэн төвхнүүлэх вэ?” хэмээх эсээнээс тодорхой уншиж болно.
Уг эсээндээ зохиолч С.Эрдэнэ тойрч тогшуулсан зүйлгүй эрс шулуун дүгнэлт хийж, Монголын нийгмийн ирээдүйг томруулдаг шилээр татаж харсан мэт бодит таамаглалуудыг дэвшүүлсэн юм. Манай зохиолчид хуучин нийгмийн үеэс үзэл суртлын байгууллагад харьяалагдаж, эл байгууллагаас гадуур сонголт хийсэн нэгэн нь амьдрал, хувь заяагаараа тоглуулж дуусдаг байсан учраас амьдран буй нийгмийнхээ алдаа дутагдал, ололт амжилтын талаар ам дүүрэн, эрс шулуухан хэлчихгүй, тойруулж тогшуулсаар дуусдаг нь гашуун үнэн билээ. Харин С.Эрдэнэ баавай тийм хүн биш байжээ. Тэр өөрийн туулсан нийгмийнхээ алдааг бичжээ:
Өнөөдөр ахмад, дунд үеийнхний бид шинэ үеэ таньж ядан гайхширчсуугаа маань тухайлсан манай нийгмийн өвөрмөцасуудлыг гүйцэд ухаараагүй, чухам ямар хэлбэрээр хүмүүсийн үе солигдож, хэнд байраа тавьж өгөх болсноо ойлгохгүй байгаагаас болж байна. Ингэхээр ахмад,дундүеийнхэн бидэнд өөрсдийн бурууг хүлээж,жамаараа цагийг эзлэх ёстой шинэ үеийнхэндээ юугаа өвлүүлж өгөх,сургамжлан гэрээслэхээ, бас хэл үгээ хэрхэн ололцох ёстойгоо цэгнэн шийдэх цаг иржээ. Тэгвэл бидний буруу гэж юу байв аа? Хүн ардаа эрүүлжүүлж, олон хүүхэд төрүүлсний буруу гэж лав байхгүй. Харин нам төрийн урагшгуй бодлоготон он удаанаар улсыг толгойлж, шинэ хүн гэгчийг хүмүүжүүллээ гэж эндүүрсний уршиг их ээ.
Буруу маань юу вэ гэвэл: залуу үедээ Монголынхоо уламжлал, бичиг соёлыг өвлүүлж чадаагүй нэг буруу,бусдын хараат байсны гайгаар өөрийн хүчинд үл итгэгч,бэлэнчлэх санаатан, хуний гар харагчдыг үржүүлсний хоёр буруу, үр хүүхдэдээ амьдралыг гоёчлон ойлгуулж, ядуу мөртөө эрх танхи өсгөсний гурван буруу, хөдөөгийн хүүхдүүдийг малаас нь холдуулж хүүхдүүдийг цагаан гартан болгосон дөрвөн буруу, хөдөөг хөгшрүүлж хотуудыг залуужуулсан таван буруу, бүх нийтээр нь эрдэм номтой болгох гэхдээ өнгөц хуурмаг мэдлэгтэн,долоон шидийн цол хэргэмтэн, түшмэлийн суудал горилогсодыг олшруулсан зургаан буруу, айл гэрийг үүсгэн төвхнүүлэх монгол ёс горимыг алдагдуулж, эр эмийн явдалд хөнгөн хийсвэр хандах болгосны долоон буруу гээд тоолоод байвал олон буруу бий.
С.Эрдэнэ баавай өөрийн цаг үеийн төгсгөлийг “эмгэнэлт” хэмээн дүгнэсэн юм. Бас ардчилсан нийгэмд онош тавьсан:
Ганц намын үзэл суртал гэнэт нурж хоосон зай гарав. Ардчилсан эрх чөлөө гэгч үнэн хэрэгтээ бараг амсаж үзээгүй согтууруулах ундаан байлаа. Олон жилийн турш хөгжингүй ертөнцөөс тусгаарлагдмал, ядуу даржин байсны гай гарч байна.Мөнөөх муу муухай бүхний үлгэр болгон ярьдаг асан хөрөнгөт ертөнцийг нээтэл нэг талаар өөрийнхөө хувь заяанд урам хугарах нөгөө талаар хүлээс баринтагнаас гэнэт салсандаа хөөрч дэврэн, юухныг боловч олж авахын их шуналд автлаа. Бух юм арилжаа наймаагаар үнэлэгдэх болов. Ухааныг, гоо үзэсгэлэнг худалдаж болдгийг мэдэнгүүтээ монгол хүний даруу зан, цэвэр ичимтгийг амархнаа огоорлоо. Монгол уужуу ухаан гэж хэчнээн яривч тэр нь чухам хэдийд, хаа байсныг мэдэхүйеэ бэрх ажээ.
Ардчилсан нийгэм дардан замаар явахгүй, түүнийг мухардал руу түлхэх хар хүч үйлчилнэ гэдгийг ч өвгөн зохиолч 20 жилийн өмнө тов тодорхой олж харж сануулж байжээ:
Хуучин суртлын нөөлөг хүчнээс бид салах болоогүй байна. Бараг л газар,тэнгэрээс дайсныг эрэлхийлдэг бурангуй зан арилаагүйгээр барахгүй харин ч зарим талдаа шинэ хэлбэрийг олжээ. Зүсэн зүйлийн эрх тушаал,гавьяа шагнал,социалист уралдаан мэтээс хүмүүсийн хооронд атаа жөтөөний хорыг цацсан нь өнөө болохоор улсын өмч задран буй зах зээл дээр яавал илүү эд юмс, нүүр тал олж авах вэ гэдэг далд явууллагын өрсөлдөөн тэмцэлд хүргэлээ. Үүнд нам хөдөлгөөнүүдийн хоорондох улс төрийн тэмцлийг ашиглагчид голлож байна. Тэд наанаа эх орончийн дүрд цамнан наадаж, цаанаа бүлгийн буюу сүргийн эрх ашигт үйлчлэх болов. Хойд хөршид яригдах болсон улаан хүрэн тахал буюу национал шовенизм, шинэ большевизм манайд нэг их байр суурьгүй мэт байгаа боловч, одоохондоо янз бүрийн бүлэглэлийн хооронд хэрүүлийн яс хаяж, ард түмний эх оронч, гэнэн цайлган санаа сэтгэлд дөрөөлөн, хэрэг дээрээ Монголыг дэлхийгээс дахин тусгаарлах холын бодол агуулж байна.Улс төрийн хоёр нүүр бол тэдний гол шинж юм. Урдах хөршийн талаар тэдний хэлж буй янз бүрийн яриа, явууллага үүнийг гэрчилнэ.Тэдэнд өөрчлөн байгуулалт бол мөн хуурамч байх ёстой байлаа.
Гэхдээ С.Эрдэнэ гуай ирээдүйгээ “Монголын залуу шинэ үеийг ер бусын гэхэд болно” хэмээн тун өөдрөгөөр харсан юм. Тэгээд Монголын ирээдүйн хөгжлийн үзэл санааны үндсийг урьдчилан томьёолсон нь энэ:
Өнөөгийн задрал, хямралын уршиг болох үндэсний харгис үзлийн эсрэг үндэсний эрүүл үзлийг чингэхдээ бүр Евроазийн их талд эртнээс оршин амьдрагч эсгий туургатны дунд болоод дэлхийд нэр хүндийг олохуйц тийм шинэ маягийн үндэсний үзлийг тунхаглах нь чухал. Үүнд Монголын сэргэн мандалтын үзэл санаа гол тулгуур болох ёстой биз. Сэргэн мандалтын үзэл санааг зарим нөхдийн бодож буйгаар хорин нэгэн оны ардын хувьсгалын ач холбогдлыг үгүйсгэхийн үүднээс өнөөгийн ардчилсан үзэлтэн тунхагласан ч юм биш, хэн нэгний онол номоор зохиосон нь ч биш ерөөсөө Монголын ард түмний удмын үр хөврөлд шингээстэй байсан "даравч дардайж, булавч бултайж" байсан мөнхийн үзэл санаа гэвэл зохино. Тэр Монголын их түүх үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл, эх оронч, баатарлаг уламжлал, үндэсний соёлын эрдэнэсийн сан, бурхны шашны сургаал аль бүхнээр монголчуудын оюун сэтгэлд гүн шингэсэн бөгөөд гагцхүү цаг төрийн эрхээр дарагдах,давлагаалах ээлжлэн иржээ. Сэргэн мандалтын үзэл санааг тэтгэгч нь үндэсний бичиг соёл, шашин билээ.
С.Эрдэнэ ардчилсан нийгэм мухардахыг ч, мухардлаас гаргаж болох арга замыг ч олж харжээ. Гэхдээ түүнд цааш нь бичих боломж байсангүй. Амьдралын тойрогт энэ сэтгэгчийн бичсэн хамгийн сүүлчийн зовнил, эх орон нэгтэндээ үлдээсэн гэрээслэл нь энэхүү эсээ юм. Тэр хойч үедээ “үндэсний эрүүл үзэл”, “шинэ маягийн үндэсний үзэл”-ээ тунхаглахыг захиж үлдээжээ.
Амьдралын бор тойрог, хорвоогийн хуран үймээнээс толгой өргөн өнгөрсөн, одоо, ирээдүйг дэнслэн харах чадвартан үндэстэнд ховор төрдөг. Ховор төрсөн тэр чадвартныхаа дутуу үлдээсэн ажлыг дараа үеийнх нь эн чацуу чадвартан олж хараад, онцолж судлаад, гүйцээж үйл хэрэг болгодог. Монголчууд бидний аз болоход тэр хүн нь Г.Аюурзана байжээ. Эл нуршуу бичвэрийн эхэнд дурдсан монгол хүний тухай гурвал номыг нь уншаад эрхгүй ингэж дүгнэхэд хүрэв. За тэгэхээр одоо С.Эрдэнэ баавайн эсээг номын тавиуртаа эргүүлж тавиад, Г.Аюурзанын номыг сугалцгаая...
Өрнүүлэн нурших нь:
Г.Аюурзана юуг эрэв, юуг олов, юу бичив?
Юуг эрэв?
Г.Аюурзанын уран бүтээлийн тухай мөхөс хүмүүн өөр нэгэн шүүмжид дүгнэснээ энд “цохолборлон бинтлэж” оруулъя. “Гун-Аажавын Аюурзана бол Монголын уран зохиолын үзэгдэл билээ. Нийгэмд үзэл санаа болон аж төрөхүйн хэвшлийн өөрчлөлт, шинэчлэл өрнөсөн сүүлийн 30 жилд монгол хэлтний ертөнцөд түүнээс илүү анхаарал татсан зохиолч байсангүй... “Г.Аюурзана хэмээх үзэгдэл”-ийн хамгийн гол бүтээмж нь хүүрнэл. Чухам энэ төрөл зүйл л түүнийг зохиолч болоод сэтгэгчийн хувьд уудлан илрүүлж, оюун санаа, сэтгэлгээний ур дүйг нь төлөвшүүлжээ...”
Г.Аюурзанын хүүрнэл зохиолын хөдөлмөрийн гол үр дүн нь роман. Түүний романуудыг туршиц роман, эрлийн роман, бясалгалын роман хэмээх гурван хэв маягт хувааж болно. Үүний дотроос өгүүлэн буй асуудалд хамаатуулж “эрлийн роман”-ыг авч үзье.
“Эрлийн роман: Нүүдэлчдийн мөр”
2010 онд “Бөөгийн домог” романаа хэвлүүлснээр тэр хүүрнэлчийн хувьд шинэ шатанд дэвшсэн юм. Өмнөх гурвал(Туршиц роман: “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд”) -аасаа өгүүлэмжийн өнгө аяс, сэтгэлгээний цар хүрээ илтэд тэлсэн “Бөөгийн домог” роман нь өнөөдрийг хүртэл зохиолчийн хамгийн ул суурьтай бүтээл байв. Үүнээс хойш хэвлүүлсэн “Шүгдэн”, “Цагаан, хар, улаан”, “Судасны чимээ” романуудыг хамрах нэгэн мөчлөгийг “Эрлийн роман: Нүүдэлчдийн мөр” гэж тодорхойлмоор байна. Ламаизмын нууцлаг шүтээн, эртний хөлгөн туульс, хуур, увдис гэж ойлгогдтолоо домогжсон анагаах уламжлал, Чингис хааны хасбуу тамга, Ольхон арал. Мэдээж хэрэг бөөгийн ёсон. Мөрдөн байцаагч, эрдэнэсийн эрэлчин, сэтгүүлч, зураач. Г.Аюурзанын дүрүүд нүүдэлчдийн балран үгүйрч буй соёлын улбааг тэмтрэн аялна. Гэхдээ эд өлгийн араас биш сэтгэлгээний, үзэл санааны эрэл хийнэ. Эцэстээ тэгээд өөрийгөө арай илүү ойлгож, биежсэн бодол санаа уншигчийн дотор үүрлэж үлдэнэ. Чиглэсэн зорилготой, чимээ аниргүй ажиглагч хүмүүс энэ мөчлөгийн турш улс орны бодит хил хязгаарыг үл ойшоон аялж байдаг.”
Юуг олов?
Г.Аюурзана бол үзэл санааны эрэлчин юм. Тэр дүр, үйл явдлын эрэлчин биш үзэл санааны эрэлчин. Тэр Москва дахь Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулиас өөрчлөлтийн салхинд өрх оосор нь дэрвэсэн эх орон, Хайлаастын эцсийн автобусны буудлаас Ордосын Чингис хааны тайлга тахилгын үүдэнд Өмнөд Монголын домогт тэмцэгч Хүчинтөгстэй уулзах хүртэл нэг л зүйлийг эрж яваа хүн. Тэр нь С.Эрдэнэ гуайн гэрээслэлд буй “Сэргэн мандалтын үзэл санаа”. Тэр бөөгөөс, туулиас, анагаах ухаанаас, хасбуу тамганаас эрсэн. Эрлийн үзүүр нь нэг л зүйл рүү хөтөлжээ. Тэр нь “Монголын нууц товчоон”. Г.Аюурзана “Монгол хүний эрхэм дээд чанарууд ‘Монголын нууц товчоон’-д” номынхоо эхэнд ийн өгүүлжээ:
“Бид үндэстнийхээ хувьд бусдын нөлөө, хараа, хяналт дорбайсан цагийн үзэл суртлаар хойч үеэ хүмүүжүүлэх эрхгүй! Үр дүн нь ч олигтой гарахгүйг бид мэдэрч байгаа.
Харин улс үндэстнийхээ хувьд дэлхий дахинд тэргүүлж явсан үеийнхээ үзэл санааг үр хүүхдүүддээ суулгаж, тийм ёс зүйгээр тэднийгээ хүмүүжүүлбэл сая үндэсний ухамсрын сэргэн мандал, бадрал буй болно!”
Юу бичив?
Хэлэх хүсэл, өгүүлэх тачаал хэн хүнд байдаг. Гэхдээ гагцхүү бичсэн нь л үлддэг жамтай. Г.Аюурзана 30 жилийн эрлийнхээ үр дүнг гурван цагаан номд багтаан бидний өмнө тавиад байна. Хорин жилийн өмнө тэрээр арван хар ном гаргаж шинэ үеийн уншигчдын өмнө шинэ зам гаргаж байлаа. Хорин жилийн дараа тэр гурван цагаан ном гаргаж үзэл санааны мухардалд орсноо анзаарахгүй, эдийн засгийн мөхөсдөлдөө хоригдон суугаа монголчуудын дунд “Сэргэн мандалтын үзэл санаа”-г тунхаглалаа.
Энэ гурван цагаан ном “Монголын нууц товчоон”-ы хэрменевтик, эстетикийн тайлбар болох “Монгол хүний эрхэм дээд чанарууд ‘Монголын нууц товчоон”-д номоор эхэлнэ. Уг номд “Монголын нууц товчоон”-ы эх текстээс дэлхийг төвхнүүлж асан монгол хүмүүсийн сэтгэлгээ, ёс зүйн онцлогийг эрж хайжээ. Тэгээд Чингис хааны үеийн монгол хүний 14 чухал онцлогийг тодорхойлон гаргаж ирсэн байна. Эдгээр онцлогийг Нууц товчоон дахь баримтаар батлах бөгөөд өдгөө цагт хэрхэн өвлөж, өөрсдийн амьдралд шингээх талаар гаргалгааг ч бичихээ мартсангүй. Тэдгээр товч гаргалгаагаа гурвал номын дараагийн дэвтэрт илүү гүн гүнзгий задлан өгүүлнэ.
Гурвалын хоёр дахь ном “Монгол хүн: Худам бичгээс гүн сэтгэлгээ рүү” нэртэй. Монгол хүний сэтгэлгээний онцлог бичиг үсэгт нь шингэснийг, монголчуудын бичиг үсгийн соёл, өөрийн гэсэн боловсролын сонгодог уламжлал, сэтгэлгээний хэв маяг буй болгосныг энэ дэвтрийн эхэнд буй 66 нүүр эсээнээс уншигч сайтар ойлгож авна. Ном цааш “Монголын нууц товчоон” болон монгол хэл, соёлын гарамгай зүтгэлтэн, тэмцэгчдийн 16 намтраар үргэлжилнэ. Энэ нэгэн дэвтэр бол урам зоригийн дэвтэр юм. Энэ дэвтрийг уншсаны дараа уншигч чухам зохиолчийн өгүүлсэнчлэн “Энэ дэлхий дээр бичиг соёлын түүх уламжлалгүй, эрдэм боловсролын суурь өвгүй улс орон, ард түмэн цөөнгүй бий.Тэдэнтэй өөрсдийгөө харьцуулж бус, эрдэм боловсролоороо дэлхийг тэргүүлж яваа улс түмнүүдээс дутах зүйлгүй гэдгээ ухамсарлан жишиж байж л бид ирээдүй хойчоо итгэл төгс харж чадна.”
Гурвалын гутгаар номд эдүгээ бидний цаг үед уламжлагдан ирсэн монгол уламжлал, сэтгэлгээний өвүүдийн мөн чанарыг мөшгөн бичжээ. “Монгол хүн бол дэлхийд хосгүй ген”-тэй хэмээн цээжээ хийлдэг бидний омог бардам сэтгэлийн тухай тайлбарласнаар эхлэх уг ном ургийн овог, монгол нийслэл, Монголын төлөө тэмцэгчид, монголчуудын хөгжүүлсэн ардчиллын уламжлал, монгол үндэстний хуваагдал зэрэг сэдвийг дэлгэрүүлсэн, баялаг мэдлэгт дулдуйдсан 12 эсээнээс бүтнэ. “Монгол хүн: Үндэсний үзэл бодол” хэмээх энэхүү дэвтрийг уншсаны дараа монгол хүний дотор магад нэгэн хүчирхэг бодол шургалан орно. Тэр нь зөвхөн Г.Аюурзанын бодол биш, зохиолчийн ур ухаанаар дамжин уншигчийн оюун санаанд амилах мэдлэгийн хүч юм. Тэр нь үндэсний үзлийг номлосон оргилуун цагаан номлол биш, бодит мэдээлэлд суурилан бодол санаанд нөлөөлөхүйц хэмжээнд боловсруулсан бичвэрийн нөлөөлөл юм.
Г.Аюурзанын хүүрнэл бичлэгийн үндсэн арга барил бол эсээ. Тэр зохиомол түүх хүүрнэх романдаа хүртэл өөрийн мэдэлгүй эсээний найруулга ашигладаг сул талтай. Тиймээс түүний романууд хачин сэхээтэнлэг, номлоллог уншигддаг. Тиймдээ ч шувуу хүртэл Г.Аюурзанын романд Хуульч Сандаг ч атаархам ухаалаг дүр болж хувирах нь бий.
Харин энэ үндсэн арга барил нь монгол хүний тухай энэхүү гурвал номд чухам зохьжээ. Энэ ном мөдхөн Монгол Улсын хилийг давж, монгол туургатан даяар шуургалан уншигдах нь дамжиггүй. Ийн уншигдахын нууц нь давтагдашгүй хэл найруулга нь юм.
Төгсгөн нурших нь...
Монгол хүн “Хүний мөс” гэж ярьдаг. Үгэн завсраа хавчуулах мөртлөө үнэн утгыг нь ойлгодог хүн цөөн. Атал Г.Аюурзана ийн бичжээ:
Үндэстнийхээ хуваагдлыг, газар нутаг, хүн амаар зогсохгүй ахуй уламжлал, хэл соёлын хуваагдлыг өр зүрхэндээ хэр ойр тусгаж хүлээн авч буйгаар нь монгол хүний мөс чанарыг тодорхойлоход ч төдийлөн буруудахгүй биз. Мөс бол нумаар харвах сумны гол эх биеийг хэлнэ.Хүний мөс гэж цэх шулуун харагдах мөн чанарыг нь хэлнэ.
Монгол хүн “Би монгол хүн” гэж омогшин дуулдаг. Атал Г.Аюурзана ийн бичжээ:
Монгол хүн гэдэг ойлголт бүхий л цаг үед монгол үндэстний төлөөлөл болж чадахуйц хүмүүст хамгийн ихээр хамаатай явсаар ирсэн. Өнөөдөр ч энэ ойлголт өөрчлөгдөөгүй. Монгол хүн гэдэг үгээр Монгол Улсын иргэн гэдэг ойлголтыгл илэрхийлдэг юм биш. Монгол эцэг эхээс төрсөн, Монголын түүх соёлыг дээдэлдэг, монгол хэлээр ярьдаг хүн бүр (дэлхийнхаа ч бай) монгол хүн. Монгол Улсыг бий болгосон үндэс суурь,“үндэстэн-улс” хэмээх статусын утга учир ч энэ л ойлголт мөн.
Монгол хүн “Байлдан дагуулагч өвөг дээдсийнхээ хийсэн нүглийн үйлийн үрийг бид үүрч байгаа” гэж цэцэрхдэг. Атал Г.Аюурзана ийн өгүүлж байна:
Хувь хүний өнгөрсөн,ирээдүй байтугай өмнөх,хойд төрлийг ч үйлийн үрийн өр төлөөстэй холбон үздэг Бурханы сургаал бий. Үндэстэнд тийм үйл ба үр байдаг бол, нэгэн цагт хүчирхэг явсныхаа төлөөсийг бид буурайж доройтоод хангалттай төлсөн. Монгол үндэстний ихэнх нь бусдын эрхэнд яваа нь ч тэр төлөөс биз. Одоо харин бидэнд ахиж хохирох өр үлдээгүй.
Амтай болгон, англи хэлний захтай болгон “natiоnal identity”хэмээн ярьж, түүний эрэлд хатаж яваагаа дух атируулан шогширцгоох болсон цаг билээ. Орчуулж, эх хэлнээсээ утга оноож ч чадаагүй тэрхүү “identity”-г нь зохиолч Г.Аюурзана тодорхойлоод өгчихлөө. Одоо уншиж ойлгоод, түгээн дэлгэрүүлэх цаг. Гэхдээ Марксын номыг буруу зөрүү цээжлээд, Хайекийн номыг халти мөлт ойлгоод цэцэрхэж давхидаг шигээ бүү уншаасай. Өөртөө уншаасай, тэгээд гэр бүлдээ уншаасай, дараа нь өрөөлд уншаасай.
Г.Аюурзана монгол хүний тухай энэ гурвал номын үг нэг бүрийг эх орноо гэсэн халуун сэтгэлээр бичжээ. Тиймээс монгол хүн бүр үг нэг бүрийг нь эх орноо гэх халуун сэтгэлээр уншаасай хэмээн хүснэм.
2024.01.13
Ардчилсан "Үндсэн хууль" батлагдсан өдөр болой.
ҮНДЭСТНИЙ ТОЙМ сэтгүүл.№03 (582)
Цнк
Цнк
DR. ADITYA
Ахмад сэхээтэн