СЭТГЭЛ ТАТАМ ХОР

Даниил Хармс хэмээх нэр бол Даниил Иванович  Ювачёвын зохиол бүтээлийн олон нууц нэрээс (Шустерлинг,  Дандан, Чармс, Хармс) шалгарч үлдсэн, эцэстээ цор ганц  нь болж тодорсон бичгийн нэр нь юм. "Хармс” гэх нэр нь франц хэлний сэтгэл татам, англи хэлний хор,  гай гэсэн үгсийн хоршил юм. Санкт-Петербургийн  улс төр, шашин ном, уран зохиолын хүрээнд ихэд нэр  хүндтэй, философич асан Иван Павлович Ювачёвын хүү  тэрбээр 1920-1930-аад оны Ленинградын урлаг соёлынхны  дунд анх хүүхдийн зохиолч, яруу найрагчийн хувиар  танигджээ. Хармс Санкт-Петербургийн Гэгээн Петрийн герман  сургуулийг төгсөөд Ленинградын цахилгааны техникумд  элссэн ч тэндээсээ хөөгдөж, бие даан боловсрол эзэмшсэн  хүн. 

Мэдлэг боловсролоороо хэн хүний сэтгэлийг татмаар  залуу хэдий ч танилцаж эхэлсэн, харилцаж ярилцаж үзсэн  хүмүүс нь төд удалгүй зай барихад хүрдэг байж. Хармс  1924 оноос авангард хөдөлгөөнд татагдан орж, жирийн  сэхээтний амьдралын хаалгыг гаднаас нь хаажээ. Ингээд  1925 онд яруу найрагч А.Туфановын хамт “Дэлхийн  бөмбөрцөг Зауми” хэмээх бүлэг байгуулав. “Зауми” гэдэг  нь “за умом” буюу “ухааны чанадад” гэсэн утгатай. Энэ  бүлэг “Шүлгийн агуулгыг няцааж, гол нь авиа сонсголонг  эрхэмлэн ямар ч үндэстний ойлгодог шинэ хэл бүтээнэ”  гэж тунхагладаг байв. Дараа нь 1926 онд насан туршийн  найз А.Введенскийтэй танилцаж “Зүүн жигүүр” гэх өөр  нэг бүлэг байгуулжээ. Улмаар тэд И.Бахтерев, К.Заболоцкий, Б.Левин,  Н.Олейпиков, Ю.Владимиров, А.Разумовский, К.Минц  зэрэг залуу авангардистуудыг нэгтгэсэн “Чинари” бүлгийг  байгуулсан юм. Энэ бүлгэмийн цугларалтад Казимир  Малевич мэтийн томчууд ирдэг байв. 

ХОРИОТОЙ БҮЛГЭМ БА БҮТЭЭЛҮҮД

Хармс 1927 онд хэсэг нөхдийн хамт урлагийн бүх  л төрлийг нэгтгэсэн “Жинхэнэ урлагийн эвлэл” буюу  ОБЭРИУ гэх нэгдэл байгуулсан нь чамгүй алдаршсан. Энэ  нэгдлийн зохиолч, яруу найрагчдын уран бүтээл тоталитар  дэглэм, соцреализмын уран зохиолыг схемчлэх үзэлтэй  зөрчилдөж, үзэл сурталжсан нийгэм хийгээд урлагийг  элэглэн шоглож байлаа. Ийм ч учраас тэдний бүтээл  хэвлэгдэж, олон нийтэд түгсэнгүй. 1932 оноос тэдний  бүтээлийг тас хориглов. 

Даниил Хармсын амьдрал өөрийнх нь “ердийн  учрал тохиол”, “гэнэтийн осол” хэмээн нэрийдсэн богино  өгүүллэгүүд шиг нь эмгэнэлт инээдэм, цочир сонин  эргэлтээр дүүрэн байлаа. Хармс 36 наслахдаа Зөвлөлт засагт  нүд үзүүрлэгдэж, “Детская литература” хэвлэлийн газраас  халагдаж, орон шоронгийн хаалга татаж, зохиолчдын  эвлэлээс хөөгдөж, Курск руу цөлөгдөн, хүүхдийн хэдэн  номыг эс тооцвол зохиол бүтээлээ огт хэвлүүлж чадсангүй.  Хаана ч ажилд авахгүй байсан тул орон байр, хоол хүнсээр  үргэлж гачигдах хэдий ч Хармс тусламж эрж, бусдыг  царайчлахааргүй омог бардам нэгэн байлаа. Өөрөөс нь  төдий л дээрдэхгүй найз нөхөд нь түүнийг тусалж дэмжиж,  Хармс авангаристуудын нууц нарийн бичгийн дарга аятай  хэсэг амьдарчээ.


ҮХЭЛ НЬ Ч АВАНГАРД

Даниил Хармс 1942 оны хоёрдугаар сард Ленинградын  галзуугийн эмнэлэгт өлсгөлөнгөөр өөд болов. Учир юунд  гэвэл өмнөх жил нь Улаан армид татагдахаас татгалзсаныхаа  улмаас тагнуул гэгдэн баривчлагдсан тэрээр ял шийтгэлээс  мултрахын тулд солио өвчин туссан мэт жүжиглэж, сэтгэцийн эмнэлэгт хүргэгдээд байсан гэдэг.  1941 онд Германы арми Ленинградыг бөмбөгдөж  эхлэхэд Хармс “Над дээр бөмбөг уначихвал чухам баярлах  байна. Германчууд яагаад ингэтлээ сунжруулаад байгаа юм  бол. Зөвлөлтийнхний намагт шигдчихээд байгаа юм болов  уу?” гэхчлэн цуурч байсан гэдэг. Үнэхээр л Хармсын  амьдарч байсан байшин дээр хожим нь бөмбөг унажээ.  Харин тэр үед Хармс хэмээх этгээд оюун санааг агуулагч  бие цогцос энэ ертөнцөд хэдийн үгүй болсон байлаа. 

ХАРМС ДЭЛХИЙД

Хармсын авангард бичвэрүүд нас барснаас нь 20 гаруй  жилийн дараа буюу 1960-аад онд л анх уншигчдын хүртээл  болсон байдаг. Хэлмэгдүүлэлт, дайныг даван туулсан түүний  цөөхөн нөхдийн нэг Яков Друскин Хармсын бөмбөгдүүлсэн  байшингаас чемодантой гар бичмэлийг нь чирч гарган, 20  жил хүлээсний эцэст Францад дүрвэн гарсныхаа дараа  цэгцлэн хэвлүүлсэн юм. 

Хармс 1970-1980 онд илүү өргөн  хүрээнд уншигдан, барууны орнуудад хүртэл танигдсан  байна. Түүний утгагүй дэмий, “тэнэг” гэмээр бичиглэлүүд  тун ч этгээд хачин, бүр тухайн цаг үед бичигдсэн гэхэд  итгэмээргүй авч одоо эргэн харахад Сталиний үеийн  Зөвлөлт орны хэцүү бэрх амьдрал, өдөр тутмын улиг  хоосон ахуй, ерөөс оршихуйн эрс тэс өнгийг зураглахад  чухам л тохирсон хэлбэр шиг санагдана. Хармсын өөрийнх  нь хэлснээр “Амьдрал гагц абсурд илэрхийллүүдээрээ л  сонирхолтой” ч юм билүү.


ХАРМС МОНГОЛД

Орчуулагч Ч.Мөнхбаяр Хармсын зохиол бүтээлээс анх  монгол хэлнээ буулгасан юм. Түүний орчуулгууд хориод  жилийн тэртээ “Өчигдөр” сонинд (1997 он) хэвлэгдэж  байсан түүхтэй. Харин Г.Аюурзанын эрхлэн гаргасан  “Дэлхийн сонгомол өгүүллэг” орчуулгын антологид (2010  он) Хармсын “Зүүд” өгүүллэг багтсан. Мөн орчуулагч  Д.Дашмөнх “Цэвэрхэн саруулхан газар” нэртэй орчуулгын түүвэртээ (2016 он) Даниил Хармсын 10 гаруй өгүүллийг  орчуулснаа багтаасан байна. Харин 2020 онд Даниил Хармсын гол бүтээлүүдийг орчуулагч Г.Лхагвадулам эмхэтгэн орчуулж, "Оршихуй №2" нэрээр хэвлүүлсэн. 


Энд Хармсын зарим бичвэрүүдээс орчуулагчийн зөвшөөрөлтэй нийтлэв.


НЭГЭН ӨГҮҮЛЛИЙН СЭДЭВ

Нэгэн инженер Петербургийг хэрсэн аварга том  тоосгон хана барихаар төлөвлөжээ. Төлөвлөгөөгөө хэрхэн  биелүүлэхээ бодож, олон ч шөнө нойргүй хонож. Яваандаа  инженерийн төлөвлөгөө гаргагчдын баг бүрдүүлж аваад  хана босгох хар зургаа ч боловсруулаад авлаа. Тэгээд хана  хэрмээ шөнийн цагаар, бүхэл ханаа ганц шөнийн дотор,  хүн болгон хараад гайхаж балмагдахаар, гэнэтхэн л барьж  босгохоор хатуу шийджээ. Ингээд ажилчдаа цуглууллаа. Бэлтгэл ажлаа ч эхэллээ.  Хотын захиргааныхан ажлыг нь сайшаан дэмжиж, аварга  хана босгохоор товлосон шөнө ч боллоо. Ийм хана барих гэж  байгааг дөрөвхөн хүн л мэдэж байв. Ажилчид, инженерүүд  чухам хаахна, хэн, юу хийх талаар нарийн зааварчилгаатай  болоод авав. Тооцоо жин тан байсан учраас ганц шөнийн  дотор хана хэрэм босгох ажил чамбай сайн бүтлээ. Харин дараа өдөр нь Петербургийг айдас хүйдэс  нөмөрчээ. Ханыг зохион бүтээгч ч өөрөө бүр гутарч гүйцэв. Яах гэж, юуны тулд ийм балиар, аварга том хана  босгосноо тэд огт мэдэхгүй байлаа. 

1935 


ПРОФЕССОРЫН ЭХНЭРИЙН ТАВИЛАН

Профессор тун аягүй юм идчихжээ. Тэгээд баахан  бөөлжив. Эхнэр нь түүнээс “Юу болов?” гэж асуухад “Юу  ч болоогүй ээ” гэхээс өөр юм хэлсэнгүй. Эхнэр нь ч дахиад  өөр юм шалгаасангүй. Профессор буйдан дээрээ жаахан  амсхийж аваад ажилдаа явжээ.

Ажил дээр нь түүнийг гэнэтийн зүйл хүлээж байв.  Цалин нь 650 рубль байх ёстой ч 500 болтлоо буурчээ.  Профессор дээгүүр, доогуур яаж ч гүйгээд учрыг нь эс  олов. Захирал дээрээ ортол түүнийг хөөгөөд гаргачихлаа.  Нягтлан дээрээ очтол “Би мэдэхгүй, захирал дээр оч”  гэлээ. 

Тэгэхээр нь профессор галт тэргэнд суугаад Москва  явжээ. Харин замдаа гэнэт ханиад хүрч, галт тэрэг нь  Москвад ирэх үед өртөөн дээр бууж ч чадахааргүй болж.  Буудлынхан түүнийг тэргэнцэр дээр суулгаад эмнэлэгт  хүргэж өгсөн байна. Хөөрхий профессор эмнэлэгт дөрөв  хоноод амьсгал хураав. 

Түүнийг чандарлаад чандрыг нь жижигхэн бумбанд  хийн эхнэр лүү нь илгээжээ. Хаалганых нь хонх дуугарах  яг тэр үед эхнэр нь кофе ууж суулаа. 

“Юу вэ?” 

“Танд илгээмж ирлээ”. 

Профессорын эхнэр ихэд баярлаж, нүүрэндээ  инээмсэглэл тодруулсаар шуудан зөөгчийн гарыг цайлгаад  илгээмжийг задлав. Илгээмжин дотор жижигхэн бумбатай  хамт “Таны нөхрийн чандрыг илгээлээ” гэсэн товчхон  зурвас хийжээ. Профессорын эхнэр юу ч ойлгосонгүй. Өнөөх бумбыг сэгсэрч нэг, гэрэл өөд барьж нэг үзэв.  Мөнөөх зурвасыг нь бүр зургаан удаа уншив. Тэгж  тэгж арай гэж учрыг нь олохтойгоо болж, хачин ихээр  бачуурав гэнэ. Балмагдаж бачуурсандаа бүтэн гурван цаг  уйлаад эцэст нь арай гэж чандрыг булахаар шийджээ.  Тэгээд жижигхэн бумбыг сонины цаасанд ороогоод өмнө  нь Таврическийн цэцэрлэг нэртэй байсан Анхдугаар таван  жилийн төлөвлөгөөний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн рүү  алхлаа. Профессорын эхнэр хэний ч явдаггүй зам дээр л  өнөөх бумбыг булж орхиё гэсэн бодолтой явсан ч гэнэтхэн  цэцэрлэгийн манаачтай тааралдчихжээ. 

“Хөөе, юу хийгээд байна?” гэж манаач орилов.  Сандарсан эмэгтэй “Энэ жижиг вааранд хэдэн мэлхий олж  хийх гэсэн юм” гэлээ.  

Манаач хариуд нь “Болно оо. Харин зүлгэн дээр  битгий гишгээд бай” гэжээ. 

Манаачийг явсны хойно профессорын эхнэр бумбыг  газарт булаад тойруулан шороогоор сайтар чигжлээ. Тэгээд  цэцэрлэгт хүрээлэн дундуур удтал алхлав. Гэтэл нэг усан  цэрэг хүрч ирээд “Явж жаахан дуг хийцгээе” гэв.  

Профессорын эхнэр “Өдөр болж байхад унтаж яах  юм бэ?” гэж хариу асуулаа.  

Усан цэрэг харин бодлоо өөрчилсөнгүй, “Унтаад л,  унтаад л байя” гэв ээ.  

Тэгтэл профессорын эхнэрийн нойр үнэхээр хүрээд  явчихжээ. Тэр нойрмог чигтээ гудамж уруудан алхаад л  байлаа. Эргэн тойронд нь цэнхэр, ногоон хувцастай хүмүүс  дүүрэн байвч түүний нойр хүрээд л байсан нь хачин.  Ингээд тэр алхсан чигтээ унтаж орхижээ. Тэгээд хөтөвч  барьчихсан өөдөөс нь айсуй Лев Толстойг зүүдэлж гэнэ. 

Эмэгтэй түүнээс “Энэ юу вэ?” гэж асуув. 

Лев Толстой хөтөвч рүүгээ заагаад “Би сая л нэг  жинхнээсээ ганц юм хийлээ. Одоо энийгээ бүх дэлхийд харуулна аа. Хүн болгонд үзүүлнэ” гэжээ. 

Профессорын эхнэрийг харин тийшээ нь өнгийхөд Лев Толстой нэгэнт байхгүй болоод оронд нь тахианы пүнз бий  болов. Тэнд нь нэг азарган тахиа байх юм. Профессорын  эхнэр тахиаг барьж авах гэтэл буйдан доогуур орчихов.  Тонгойгоод хартал нь өнөө тахиа туулай болчихсон байлаа.  Профессорын эхнэр туулайг барьж авах гэж буйдан  доогуур мөлхөж байгаад сэрчихэв. Сэрээд эргэн тойрноо  сайтар харвал тэр үнэхээр буйдан дор хэвтэж байлаа. 

Харин буйдан дороос мөлхөж гараад хартал өөрийнх  нь өрөө урьдын янзаараа байв гэнэ. Ууж дуусгаагүй кофе  нь, “Таны нөхрийн чандрыг илгээлээ” гэсэн өнөөх зурвас  ч ширээн дээр нь байлаа. Профессорын эхнэр хэдэн дусал  нулимс унагаад хөрсөн кофегоо уухаар ширээндээ суужээ.  Гэтэл гэнэт хаалганы хонх жингэнэж, баахан хүн орж  ирээд “Явцгаая” гэлээ. 

“Хаашаа?” 

“Галзуугийн эмнэлэг рүү”. 

Профессорын эхнэр орилж хашхичин өсгийгөөрөө  газар цавчилсан ч өнөөх олон хүн түүнийг хүчээр барьж  аваад галзуугийн эмнэлэг рүү явжээ. Тэнд, галзуугийн  эмнэлгийн овоолоотой хогон дээр эрүүл саруул, зүв зүгээр  профессорын эхнэр загасны уурга барьчихаад үл үзэгдэх  загас барихаар сууна. Энэхүү профессорын эхнэр бол  амьдралд хүртэх ёстойгоо хүртэж чадаагүй өдий төдий  золгүй амьтсын ердөө нэг нь билээ. 

1936


ТАЧААНГУЙ ЭМЭГТЭЙ

Би тачаалтай биш, харин тачаангуй эмэгтэйд дуртай.  Тачаалтай эмэгтэй бол нүдээ аньчихаад гиншиж гингэнэнэ,  орилж чарлана, бас дур хүсэл нь сохор байж таарна.  Ийм эмэгтэй ямар ч хүнийг хаанаас нь ч хамаагүй татаж  чангаана, зуурч авна, үнсэж үнгэнэ, бүр хазаж өвтгөхөөсөө  ч сийхгүй, дур хүслээ хурдхан хангах гэж адгахдаа бэлгэ  эрхтнээ ч ил гаргахгүй, хүнийхийг ч харж сонжихгүй, хүрч  хүрэлцэхгүй, таалж үнсэхгүй. Харин хуял тачаалынхаа  тухай яриач гэвэл шуудхан хурхираад өгч мэднэ. Хий  хоосон хүсэл тачаалтай ийм эмэгтэйн салтаа саам хув  хуурай байх нь бий. Иймэрхүү эмэгтэй ямар нэг талаараа  эр шинжтэй байдаг. 

Гэтэл цаанаасаа л тачаангуй эмэгтэй байна аа, гойд  эмэгтэйлэг, бие галбир нь ямагт бүрэн дүүрэн, төмбөгөр  бумбагар байна гээч. Ийм эмэгтэй барагтай л бол харалган  сохор шунал тачаалд хөтлөгдөхгүй, бэлгийн дур хүслээ  үргэлж онцгойлж үзнэ. Урин тачаангуй эмэгтэй хэзээд хүн  шиг байхын дээр дур хүсэл нь оргилоогүй үед ч нууцын орон  нь чийглэг нойтон байна. Ийм эмэгтэй ичимдэг эрхтэндээ  бүр ороолт хийхээс аргагүй болж, түүнийгээ үдэш орой бүр  байнга мушгих хэрэг гардаг юм. Тэрхүү амтлаг шингэн нь  үргэлж ялгарч байдгаас дур хүсэл нь хөдөлсөн үед шимт  үнэр нь бүр ч хүчирхэг, ялдам болно. Тэр шингэн нь лав  чихэрлэг, наалдамхай горхиор урдарч урсдаг байж таарна.  Эцэст нь тачаангуй эмэгтэй өөрийнхөө эд эрхтнийг хүнээр  шинжүүлэх дуртай байдгийг нэмж хэлье.  

1930-аад оны эхэн