АРДЧИЛАЛЫГ МӨХӨӨЖ БУЙ ПОПУЛИЗМ БА МОНГОЛ ОРОН
Нилээд эрт “sonin.mn” сайтад Н.Хичээнгүй “Барууны ардчилсан тогтолцоонд алдаа гарчээ...” өгүүлэл бичсэнийг үзэж байлаа. Тэрээр Францын Ерөнхий сайд байсан Доминюк Виллериний нэгэн ярилцлагад тулгуурлан энэ өгүүлэлээ бичиж, “Барууны ардчилсан тогтолцооны гол алдаа нь улс төрийг орхигдуулснаас эдийн засаг нь улс төрийн толгой дээр гарч, хуулийн засаглал нь ардчилсан төрийн толгой дээр гарсан, ... 1970-аад оноос улбаатай неолиберализмыг дэлхий дахинд хэт хөөрөгдсөнөөс энэ бүхэн болсон. ... Төр сульдаснаар өнөөдөр ардчилсан төрүүд сөгдөн доройтож дэлхий дахин зэрлэгшиж байна.” гэснийг онцложээ.
Барууны ардчилсан төрийн дээрх алдаанаас болж Америк болон Европын ардчиллын үнэт зүйлд аюул учруулахуйц популист улс төр газар авснаар олон нийтийн дургүйцлийг өдөөн эмх замбараагүй байдал уруу түлхэн нийгмийг бүхэлд нь хямрааж, улмаар ардчилал хүнд сорилттой нүүр тулгарч байгаа нь өнөө цагийн түгээмэл мөн чанар болж байна хэмээн Виллерин дүгнэсэн байна.
Популизм толгой өндийлгөснөөр нийгэм, эдийн засаг, соёлын бүх салбарт хүчирхийллийн аргаар шийдэлд хүрэх үзэгдэл гаарч, ардчилсан нийгэмд амаргүй сорилт тулгарч байна.
Тэгвэл энэ түгээмэл шинжтэй үйл явц хаана хэрхэн өрнөж, хямрал дэлхий нийтэд хэр хэмжээтэй нүүрлэж байна вэ?
Популизмын хор уршгийн тухай, ардчилалын хямралын тухай Америкт ч өргөн хүрээнд яригдаж, судлагдах болсон. Тухайлбал, Стевэн Левитски, Даниэл Зиблатт нар 2018 онд Нью-Иоркд бэстсэйллер болж байсан “Ардчилал хэрхэн мөхөж байна вэ?” (How democracies die) номондоо: ”Ардчилал анх үүссэн цагаасаа эхлээд буу барьсан харгис жанжин генералууд, дарангуйлагчдын гарт бус харин ардчилалын хүчээр, түүний нэрийг барьж сонгогдон гарч ирсэн популист, хагас мэдлэгтэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, тэдний ухвар мөчид үг хэл, бодлогогүй үйлдлээс болж ардчилал өөрөө мөхөж байсан. Одоо ч мөхөж байна” гэжээ.
Тэд бас түүхэн жишээнүүдийг гаргаж тавьсан байна.1933 онд Адольф Гитлер Германы Рейхстагын сонгуулиар өндийн босч ирээд дараа нь ардчилалыг аажмаар, үе шаттайгаар устгасан.
Хүйтэн дайн дууссан 1990-иэд оноос хойш ч сонгогдсон цөөнгүй удирдагчид Гүрж, Унгар, Никарагуа, Перу, Филлипин, Польш, Шри Ланка, Турк болон Украйн зэрэг орнуудад Гитлерийн нэгэн адил ардчилсан инститүцүүдээ түлхэн унагаж, сүйтгэсэн түүхүүд саяханых...
Сонгодог жишээ бол улс төрийн мэдлэг, боловсролын хувьд дульхан нэг байсан Уго Чавес “авилгад идэгдсэн эрх баригчдын эсрэг” тэмцэж, “газрын тосны баялагийг ашиглан ядуурлыг устгаснаар” Венесуэлд “жинхэнэ” ардчилалыг тогтоох амлалтаараа 1998 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бол өнөөдөр түүний залгамжлагчидардчилалыг устгасан төдийгүй улс орноо бүхэлд нь хямруулаад байгаа явдал.
Ардчилалд популистуудын учруулж буй аюулын хамгийн сүүлчийн жишээ бол 2016 оны 11-р сард АНУ-д Доналд Трамп Ерөнхийлөгчид гарч ирсэн явдал бөгөөд энэ нь ардчилалын эх оронд тохиолдсон эмгэнэлт үйл явдал болсон байна.
2008 оноос эхлээд АНУ-аас эхэлсэн банк, санхүүгийн хямрал Европод халдварлаж, Ирланд, Португал, Грек, Италийн гэх мэтээр Евро бүсийн “Өрийн хямрал” болж өргөжин, улмаар 2009-2010 оноос Египт, Тунист “Арабын хавар”-ын хувьсгал гарч, дарангуйлагчдыг авч хаяж, Хойт Африк, Ойрхи Дорнод, Баруун Азийг донсолгож эхэлсэн. Улмаар эрх чөлөөний эх орон АНУ-д “Уолл Стрийтийг эзлэ!” хөдөлгөөн Нью-Иоркын Маннхейтанаас эхэлж, тус улсын 100 орчим, дэлхийн 1500 гаруй хотод салбарлаад энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяанд хүртэл нөлөөлхүйц байдалд хүрчээ. Үүгээр Америкийн өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэсэн, бие даасан хүмүүсийн чөлөөт нийгэм, либертаричуудын “мөрөөдлийн эх орон” эн тэргүүн хямарч байгаа нь харагдаж байгаа юм.
Энэтхэгийн 13 дахь Ерөнхий сайд асан Манмохан Сингх: “АНУ-д ажилгүйдэл өсч, Европын эдийн засаг хямарч байгаа нь тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх шаардлагатай гэдгийг харуулж байна.” хэлсэн байдаг. Харин Хятадын “Синьхуа” агентлаг “АНУ-ын эдийн засаг, улс төрийн тогтолцоонд зарчмын шинжтэй асуудал байгааг харуулж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Үүнээс үзэхэд ардчилалын орчин үеийн хямрал нь Америкийн чөлөөт ардчилал, чөлөөт зах зээл, өнөөгийн неолиберализмаас эхлээд Европын бүх нийтийн сайн сайхан нийгэм байгуулах түгээмэл шинжтэй хөгжлийн илүү либераль загварууд болох Англо-Саксон, Их газрын, Газрын Дундад Тэнгисийн загварыг авч хөгжсөн орнууд хямралтай эн тэргүүн нүүр тулж байна. Үүнд Их Британи, Франц, Герман, Грек, Италийг нэрлэж болно.
Харин ардчилалын хямралаас харьцангуй ангид байж, хөгжлийн тогтвортой байдлыг хангаж чадаж буй Европын улсууд бол Дани, Финланд, Швед, Норвеги болон Исландыг багтаадаг Нордик буюу Умардын орнууд болоод байна.
Тэдний хувьд өндөр хөгжил, төрийн санхүүжилт бүхий нийгмийн хамгааллын тогтолцоондоо тулгуурлан нийгмийн ялгаварлыг бага хэмжээнд барьж, чинээлэг дундаж давхаргын олонхийг бүрэлдүүлж чадсан нийгэм, эдийн засгийн хөгжлийн сонгодог загвартай билээ. Тэд бидний ярьдагаар социализм, капитализм хоёрыг эвлэрүүлэх оролдлогыг амжилттай хэрэгжүүлж, ерөөсөө хувь хүн болон бизнесийн эрх чөлөөг төрийн зохицуулалттай зохистой хослуулж чадсан тогтолцоогоороо хямралыг өмнө нь даван гарч байсан, одоо ч даван гарч байгаа юм.
Умардын орнуудад:
- Эдийн засгийн удирдлага, зохицуулалтад Засгийн газар нь онцгой үүрэгтэй оролцдог,
- Хөдөлмөрийн хөлс өндөр байх хэрээр татвар нь олон шатлалтай, харьцангуй өндөр,
- Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийн цогц хамгаалалтад тулгуурлан нийгмийн дундаж давхарга давамгайласан нийгмийн бүтцийг бүрдүүлж чадсан,
- Хөдөлмөрийн зах зээлийн нийгэмчлэлийн түвшин өндөр тул үйлдвэрчний эвлэлүүдийн санал, дуу хоолой Засгийн газар болон бизнесүүдийн хувьд онцгой нөлөөтэй,
- Төвлөрлийг сааруулж, нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлсэн,
- Нийгмийн сэтгэл зүйг хүртэл дундаж хэрэглээний түвшинд төлөвшүүлж чадсан зэрэг олон давуу талаараа хямралыг даван туулж, нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангаж, барьж чадаж байна.
Нобелийн шагналт Жозеф Стиглиц /Joseph Stiglitz/: Нордик загвар ... халамж, хамгаалалын ялгааг гаргаж, нийгмийн хамгааллыг тэгш хүртээх боломжийг сайтар хангаж чадсан” гэж дүгнэсэн нь Умардын орнуудад хүн амын 80-90 орчим нь дундчууд, чинээлэг дундчууд болж давамгайлснаар улс төр, эдийн засгийн байдал тогтвортой байж, хөгжлийн бодлого нь тогтвортой хэрэгжих нөхцөл бүрддэг болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн.
Үүнийг Умардын орнууд төрийн тулгуур 3 бодлогоороо хийж хэрэгжүүлсэн. Энэ бодлогууд бол а/ Нийгмийн тэгш бөгөөд өндөр хамгаалал, б/ Эмнэлэгийн салбарын төгс үйлчилгээ, в/ Бүх шатны төлбөргүй боловсрол байдаг.
Эмнэлэгийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал нь иргэн бүртээ өөрсдийнсанхүүгийн боломжоос үл хамааран тэдгээрийг тэгш хүртэх нээлттэй, хамгийн өндөр хүртээмжийн түвшинг хангаж өгдөг.
Тэгвэл, төлбөргүй боловсрол нь нийгмийн анги, бүлгийн дотоод шилжилт хөдөлгөөнийг идэвхижүүлж, эцэг эх, гэр бүлийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээнээс хамааралгүйгээр мэдлэг, боловсролоо дээшлүүлж, нийгмийн байр сууриа нэмэгдүүлэх эрмэлзлэл, тэгш боломжийг залуу хүн бүрт олгож, ингэснээр нийгмийн дундаж давхаргын хүрээ тууштай өсөн нэмэгдэх суурь нөхцөл бололцоог олгож байдаг байна.
Гэвч Азид юу болж байна? Үсрэнгүй хөгжиж буй “Азийн барууд” буюу “Күнзийн бүх нийтийн сайн сайхан нийгмийн орнууд” /Confucian Welfare States/ нийгмийн хямрлын эрчийг сааруулж, зайлсхийж чадаж байна. Учир нь эдгээр орнууд Кунзын сургаалд тулгуурласан соёл, сэтгэлгээний ерөнхий түвшинтэй, эдийн засгийн хувьд хүчирхэг төртэй, зарим тохиолдолд захиргаадалтын хатуу тогтолцоотой, төрийн үүргийг орлон гүйцэтгэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны /PPP/ чадварлаг тогтолцоог бүрэлдүүлж чадсан байдагт тэдний давуу тал оршиж байгаа нь харагдсаар...
Харин Монгол орон ардчилалын хямралд нэрвэгдэхэд бэлэн орнуудын тоонд эн тэргүүн тооцогдох болоод байна. Монголд өнөөдөр юу болж байна вэ?
Монгол
Макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдээс харахад, эдийн засаг харьцангуй сайжирч буй нөхцөл байдал ажиглагдаж байна. Гэвч эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, нийгмийн тэгш байдал хангагдахгүй хэвээр байна.
Эдийн засаг 2018 онд 6,8 хувь, 2019 оны эхний хагаст 8,6 өссөн мэдээтэй. Нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар орчим болжээ.
Гэтэл эдийн засгийн өсөлтийг илэрхийлж буй эдгээр тоон өсөлт нь нийгмийн тэгш байдлыг хангаж чадахгүй байна. “Эдийн засаг өссөн ч ард иргэдийн аж байдал тэр хэрээр сайжрахгүй байгаа бөгөөд баян болон ядуугийн ялгаа бүр ихэссэн” гэсэн дүгнэлтийг манай хандивлагчид, олон улсын ажиглагчид хэлж байгаа юм.
Өнөөдөр Монголын нийгмийн тэгш бус байдлын нэг тоон үзүүлэлт бол ядуурлын түвшин болоод байна. ХХ Зууны төгсгөлд 36 орчим хувьтай байсан ядуурлын түвшин 2012-2014 оны үед 18,6-21,6 хувь хүртэл буурч ирсэн боловч 2016 оны эцсээс 29,6 хувь болж эргээд өссөн байна. Энэ хэмжээгээр дундчуудаас ядуурал руу гулсан орогсдын хувийн жин нэмэгдэж буй хэрэг. Нөгөө талаар иргэдийн дунд өвчлөл нэмэгдэж, боловсролын нөхцөл байдал ч сайжрахгүй байна. Эдгээр нь эрүүл мэнд, боловсролын байгууллагын хоцрогдол, иргэдийн ядууралтай шууд холбоотой.
Гэмт хэргийн гаралт тасралтгүй өсөж, хар тамхи гэх мэт нийгмийг бүхэлд нь мөхөл рүү түлхсэн, урьд өмнө байгаагүй хор хөнөөлийн нөлөө газар авсаар байна.
Ядуурал нийгмийн үнэт зүйлс, хүний ёс суртахууныг алдагдуулж байна. Олон нийтийн бухимдал, дургүйцэл тэсрэлтийн байдалд дөхөж, шударга ёсны хүсэмжлэл улам өндөр болжээ.
Дүгнэлт
Монголд нийгмийнхээ энэ тогтолцооны хямралт байдлаас болоод улс төр нь популизмаар амьсгалдаг болоод удаж байна. Тиймээс улс төрийн нам, улс төрчдийн цөөнгүй хэсэг нь санаатай, санамсаргүйгээр олон нийтийн эгэл санаа бодлыг зориудаар төөрөгдүүлж, харалган “гудамжны улс төр” хийж, “популист нам”, “поп улстөрчид” болон хувирсаар байна. Популистууд олон нийтэд таалагдаж л байвал юу ч хийж, юугаа ч худалдахад бэлэн болжээ. Тэдэнтэй намын үзэл баримтлал, улс төрчийн ёс суртахуун, хүний мөс чанарын тухай ярих нь утга учиргүй зүйл болоод байна.
Шийдэл
Нийгмийн баялагийн зохистой, шударга хүртээмжийг бий болгож, нийгмийн тэгш байдлыг хангах нь хамгийн чухал зорилт болоод байна. Үүний тулд:
- Нэгдүгээрт, шударга ёсыг тогтоох,
Гэхдээ шударга ёс гэдэг нь популистуудын магтан дуулаад байгаа нийгэмчлэл, хүчирхийлэл, дарангуйлал бол огт биш гэдгийг ойлгох учиртай.
- Хоёрдугаарт, төрийн тогтолцоо, засаглалын чадамжаа сайжруулах,
Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хуульчилан тусгаарлаж, улс төрийн нам болон Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг хязгаарлах шаардлагатай.
- Гуравдугаарт, эдийн засгийн бүтцээ сайжруулж, хүндээ чиглэгдсэн зөв эдийн засгийн бодлого явуулах,
Улсын нэгдсэн төсвийн төлөвлөлт, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулж, эрүүл мэнд, боловсролын салбарыг үнэ төлбөргүй болгох замаар иргэдэд шударга, тэгш хуваарилалтыг хүргэж, хүртээмжтэй эдийн засгийг төлөвшүүлэх хэрэгтэй.
- Дөрөвдүгээрт, зөв нийгмийн халамжийн бодлого явуулах
Иргэдийг бэлэнчилэх сэтгэлгээнд уяж буй бэлэн мөнгө тараах, хавтгайруулсан халамж зэрэг нийгмийн халамж, хамгааллын алдаатай бодлогыг өөрчилж, хүртээмжтэй хамгаалал хийгээд ялгавартай, зорилтот халамжийг төлөвшүүлнэ.
Гарц
- Хүнээ боловсролтой болгох,
- Улс төрчдийг ёс зүйтэй болгох,
- Улс төрийн намуудыг үзэл баримтлалтай болгох,
- Улс орныг хөгжлийн номлолтой болгох
Уг нь монголчууд харьцангуй өндөр боловсролтой, иргэд нь ёс зүйтэй, намууд үзэл баримтлалтай, улс орон нь хөгжлийн номлолтой явж ирсэн үе бидэнд бий. Гагцхүү мөнгөнд шүтэж хөгжсөн 29 жилийн үр дүнд бүхнийг “мөнгө” ноёлох болжээ. Иргэд, улс төрчид, бүр улс төрийн намууд нь үнэт зүйлс бүхнээ мэдэхээ больсон байна. Эсвэл мэдэхийг ч хүсэхээ байсан байна. Улс төрчид нь ном уншиж эрдэмд шүтэх, боловсрохоо умартсан байна.
Уг нь бидэнд хөгжлийн номлол болохуйц урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд бол байхгүй биш, байсан, одоо ч бий. Гагцхүү сүүлчийнх нь эхнийхийгээ үгүйсгэдэг уваагүй, харалган үзэл бодлоос болоод хэн ч үүнийгээ мэдэхгүй, ашиглахгүй, санахгүй, эсвэл санахыг ч хүсэхгүй болжээ.
Тухайлбал, 2016 онд УИХ-аар баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д манай орон 2030 он гэхэд “Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг, дундаж давхаргын ангилалд багтсан” байх нийгмийн шударга ёсны гол зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ хаачив аа? Яагаад хэрэгжүүлэхээс хойш суугаад байна вэ? Уг нь популист хэнээрхэл биш, шинжлэх ухааны үндэслэлтэй, хүрэх чигийг заасан алсын хараатай бодлого хөгжлийн чиг хандлага, гарц байх учиртай бус уу.
Бидний учраа олохгүй, төөрч будилж, өөр хоорондоо дайсагнан буй байдлыг харсан сайн санаат анд нөхөд маань хэлэх үгээ олж ядаж байна шүү! Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизү гуай: “Монголын улс төр гаднаас харж байхад жаахан хэцүү байна. Монголчуудын эв нэгдэл маш суларсан байна. Ийм нөхцөл үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэйн дээр хөгжихгүй. Аж үйлдвэр хөгжихгүй, гадаадын хөрөнгө оруулагч нэмэгдэхгүй. Гадныхан тогтвортой Засгийн газар, тогтвортой бодлого хүсэж байна. Энэ асуудлыг гадаад хүн шийдэж чадахгүй. Монгол хүмүүсийн доторх янз бүрийн маргаан, тэмцлийг өөрсдөө л зогсооно.” хэмээн зөвлөж байна.
Улс төрчид минь амин хувиа хичээлгүй, улс орноо бодож, сийрэг сэтгэж, гүн бясалгаж, алс хэтээ бодож, ухаантайхан шийдвэр гаргаж байхгүй бол улс орон маань улам уруудан доройтсоор байна шүү. Та минь ээ!
ОББЭЭ, Доктор Б.ЭНХМАНДАХ
2019 оны 7 дугаар сарын 3