Ардчилал заавартайгаа ирдэггүй
Миний хувийн хар багцаагаар бол Засгийн газрын тал нь, УИХ-н талаас илүү нь нүүрсний хулгайтай холбогдсон болов уу даа. Сонгууль 2023 онд явагдана. Гэхдээ тэр нь нөхөн сонгуулиуд л байх болов уу.. Чапаакуудыг л баривчиллаа гэх, хэн гарын үсэг зурсан тэр нь л баригдана, чапаакууд өөрсдөө үнэ бяслаг сонгосон, өөрсдөө хулгай хийх замыг сонгосон. Хулгайч нарыг ядаж чапаакуудаас нь салгаж байгаа нь нэг шийтгэл, дараа дараагийн олон чапаак эрхбиш айдаг болно.
1989-90 онд дэлхий даяар ардчилсан хувьсгал өрнөхөд зүүн европын улсууд комунист намуудаа хуугаар нь тарааж, бүхнийг шинээр эхэлсэн бол Хятад, Вьетнам хоёр ардчилалд шилжсэнгүй, зах зээлээ л чөлөөлөв. Харин манайх яаааг тэхий дундуур нь буюу зүүн европ шиг ардчилсан нийгэмд ч шилжсэн мөртлөө бас хятад вьетнам шиг комунист намаа ч авч үлдсэн өвөрмөц сонголт хийсэн юм. Засаглал нь ч бас яг тэхий дундуур, парламентийн ч юм шиг ерөнхийлөгчийн ч юм шиг. Тухайн үеийн шийдвэрт хэнийг ч буруутгах аргагүй, бүгдийн л зөвшилцөл байсан юм. Төрийн сүлдээ харахад л ойлгогдоно. Давхиж буй морь байх ёстой, бас алтан соёмыо ч байна, тэгсэнээ шонхор шувуу ч байх ёстой гэсний дагуу мориндоо далавч нэмчихсэн шиг байгаа юм. Чандмань эрдэнэ, тариан түрүү, хөх тэнгэр, түмэннаст хээ, ашид арвижихын хүрд... гээд ёстой бүх талаасаа юм юмыг нь багцлаад нийлүүлчихсэн, бүх талуудын “эрх ашгийг хангасан” Төрийн сүлд одоо буй. Бас 1990 онд ардчилсан хувьсгалаас гадна 70 жил соц нийгэмд дарлуулсан үндсэрхэг үзэл сэргэж, шашны сэргэлт ч явсан юм. Чингис хаанаа юм бүрт залж, шарын шашин ч сэргэсэн. Хамгийн ядуу тарчиг 1990-2000 онд ард түмний хандиваар алтадмал Мэгжид Жанрайсэг бурхан, Бөхийн өргөө хоёрыг босгож билээ. Өнөө солонгосчууд азийн эдийн засгийн хямралаар алт монетон эдлэлүүдээ цуглуулж улсдаа хандивласан домог ч шиг л юм. Бид бүгд л халуун зүрхтэй романтик байснаа аяндаа “амьдралын үнэн”-ийг ойлгож буруу тийш хальтирдаг.
Тэгвэл яагаад МАХН-г тухайн үед тараачихаагүй юм бэ гэж үү? Энэ бас л ард нийтийн зөвшилцөл. Тухайн үед жагсагчид хэд хэдэн шаардлага жагсаагаад биччихсэн ард түмэн, МАХН хоёр халз нүүр тулж хэлэлцээрт орж байлаа. МАХН зүгээс “Улс төрийн товчоо” тарах, ардчилалд шилжих, төр засгийг бүрэн солих, парламентийн сонгууль явуулах, зах зээлийн нийгэмд шилжих зэрэг бүх шаардлагыг нь зөвшөөрсөн ч ганцхан намаа тараахгүй үлдээе гэсэн байдаг. “Оготны хамраас цус асгаруулаагүй ардчилсан хувьсгал” явсан зөвшилцлийн үнэ цэнэ тэр байсан юм. Хэрэв тухайн үед ард түмэн, жагсагчид МАХН тар гэж тас гүрийсэээр байсан бол зөвшилцөл гацаанд орж цэрэг оруулахдаа тулж, үймээн самуун дэгдэж, бүр ардчилсан хувьсгал хийгдэхгүй ч байсан байж магад. Түүхэнд хэрвээ гэж байх бишдээ, хэн мэдлээ. “Оготны хамраас цус асгараагүй” хувьсгал хийсэн ард түмэн жинхэнэ төлөөсөө харин 2008 оны 7 сарын 1 -нд төлсөн юм. Төрийн ордон уруу биш МАХН байрыг галдан шатаасан нь ардчилсан хувьсгалаар дутуу үлдээснээ гүйцээх гэсэн ард түмний зөн байсан болов уу. Үүнийг ч нам доторхи ухаантай улсууд нь эрхбиш ойлгоод МАХН гэдэг хуучин комунист нэрээ солихгүй бол цаашдаа явахгүй юм байна гээд 2010 онд МАН болж, туг сүлдээ өөрчлөв. Харин Энхбаяр дарга намынхаа жинхэнэ комунистуудаа дагуулж гараад /буйр сахиж үлдээд ч гэх юмуу/ хуучин МАХН-г сэргээнэ. Харин сэргээх шүүхийн шийдвэрийг нь 1990 онд МАХН-г хамгийн эсэргүүцэж тэмцэж байсан Элбэгдорж сонгуульд дэмжиж гаргуулсан юмдаа, энэ улс төрийн шийдвэр байсан. Ингээд 2012 оны сонгуулийн үр дүнд багцаагаар нийт саналын АН 40%, МАН 30%, МАХН 20% орчмыг авсанаар АН олонх биш олуулаа болсон байдаг. Ердөө саяхан 2021 онд л МАН өөрсдийгөө социал демократ нам гэдгээ албан ёсоор зарлаж, МАХН-г бүрмөсөн татан буулгаж, дахиж энэ нэрийг ашиглахааргүй болгов. Төлөөсөнд нь Энхбаяр дарга хүүгээ гишүүн болгохоор “зөвшилцөв”. “Муусайн соцдекүүд” гэж ардчиллынхныг хараадаг Улаан, Нямдорж нар нь өөрсдөө Бат-үүл, Баярцогт, Баабар нартай адилхан “соцдээкүүд” болчихож буй хэрэг. Манай сүүлийн 30 жилийн түүх шоглоомтой шоглоомтой. Бүх юм замбараагүй эхлээд жигдрэх юмандаа орж байна шүү дээ.
Зиа 1990 он гарлаа, 1992 онд үндсэн хуулиа баталлаа, ингээд цаашаа явлаа. Өмч хувьчлал, орон сууцны хувьчлал явагдав. Улс мөнгөгүй байлаа. Газрын наймаа дэлгэрээгүй үеийн 2004-2005 оны УБ хотын зургийг харвал соц үеэс бараг ялгагдах юмгүй харагддаг. Тухайн үед Миеэ “Газрыг эдийн засгийн эргэлтэнд” оруулах нь угтаа бол түүхэн рэформ, түүхэн шийдвэр байсан юм. Дараа нь өөрөө "амьдралын үнэн"-ийг ойлгоод заваарчихсанаас биш. Яг үнэндээ тухайн үед хүссэн газрыг чинь өгье, барилга бариад өгөөчээ гээд гуйгаад гуйгаад барилга барих хүн олдохгүй мөнгөгүй байсан гэдэг. Талбайн хажуугийн Бодь цамхаг баригдахад бараг улсаараа нэг шинэ гоё барилгатай боллоо гээд сонин, хэвлэл бүхнээр шагшин бахдаж байсан нь ердөө 20 хүрэхгүй жилийн өмнө. Бага тэнгэрийн аманд газар өгье өө гэхэд хэн ч тоохгүй, тухайн үеийн шилдэг CEO Анандбазар дуртай дургүй авсанаа ярьсан байдаг. Математик физикийн олимпиадын аварга, МУИС-н физикийн сургуулийн гавал Наранхүү гэдэг мундаг толгойтой залуу Буян Жагаагийн хажууд хэдэн сар жолооч, туслах нь хийж яваад “Амьдралын үнэн”-ийг ойлгоод Миеэгийн жижиглэн худалдааг хийсэн байдаг. Комунист намаа татан буулгаагүй учир шинэ байгуулагдсан намууд хуучин комунист намын дэд бүтэц, хүний нөөцтэй үнэхээр өрсөлдөхийн аргагүй учир ялахын төлөө хамаг л байж болох бүхий л аргаа хэрэглэсэн нь “Хүүхдийн 10 мянга”-аас эхлэлтэй одооны халамжийн бодлого. Энэ бүгд бидний буруу гэхээсээ хорвоогийн жамын л нэг, туулах ёстой л зам нь байсан байх. Амьдрал заавартайгаа ирдэггүй шиг Ардчилал ч бас заавартайгаа ирдэггүй юм байна билээ, тэгээд тэр америк заавар бол манайд бүр ч худлаа юм билээ. Ер нь одоо улс төрд яваа гаднаас нь харахад тэнэг, мангар юм шиг гарууд яг бодит түүхийг нь сонсохоор багадаа маш их хөдөлмөрч, сэргэлэн, манлайлагч, онц сурлагатан, гүйлгээ ухаантай Монголын хамгийн шилдэг толгойнууд л байдаг юм. Нээрээ шүү. Бид нар хамгийн ухаантай хүмүүсээ дээрээ залья гээд л байдаг, яг үнэндээ хамгийн ухаантай хүмүүс нь л Улс төрд сүүлийн 30 жилийн улс төрийг толгойлсон байдаг юм. Гол нь манай ардчилал сайн бүрэлдэж тогтоогүй, олон нийтийн боловсрол ч тааруухан, хулгай хийгээд л хулгайлсан мөнгөөрөө сонгуульд үзээд байх нь хамгийн ашигтай тийм л "бизнэс модэль" байсан хэрэг. Монголын хамгийн шилдэг уураг тархинууд тал нь гадагшаа явж, тал нь "амьдралын үнэн"-ийг ойлгон хулгайч болох замыг сонгоцгоосон юм. Харамсалтай.
Товчхондоо сүүлийн 30 жил “үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэдэг дүрмээр том жижиггүй баахан үнэгүй бяслаг шааж, сүүлдээ бяслагаа хавхтай нь шаачих дээрээ тулжээ. Одоо процесс явна. Авлигын гэмт хэргийг цагдаа, АТГ шалгаад, прокурорт шилжүүлээд, прокуророос ялын дүгнэлт үйлдэж Шүүх үрүү очдог. Шүүхээс шийдвэр гарсаны дараа гэмт этгээдийг баривчилна. Илт илэрхий баримттай бол “хойшлуулшгүй” заалтаар 461-т түр саатуулна. Гэхдээ энэ “илт илэрхий” гэдэг үг өөрөө аюултай. Илт илэрхий хулгайч гэж хэнийг хэлэх вэ? Сошиалд шүүсэн хүнээ хэлэх үү? Энэ муу харваас л хулгайч, бүгд мэднэ шдээ гэж шүүх үү? Хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох нь өөрөө маш их боловсрол, ур чадвар, хүн хүч цаг хугацаа шаардсан удаан процесстой ажил. Үзэн ядалтаа тэвчиж хулгайч нар баригдахыг удаан хүлээх нь бидний эрх чөлөөний төлөөс, төлбөр юм. Засгийн газар хүний нэр зарлаад эхэлбэл шууд дарангуйлал уруу очдог юм, тиймээс ч саяын 17 нэрийг Засаг биш АТГ зарласан. Миний хувийн хар багцаагаар бол Засгийн газрын тал нь, УИХ-н талаас илүү нь нүүрсний хулгайтай холбогдсон болов уу даа. Сонгууль 2023 онд явагдана. Гэхдээ тэр нь нөхөн сонгуулиуд л байх болов уу.. Чапаакуудыг л баривчиллаа гэх, хэн гарын үсэг зурсан тэр нь л баригдана, чапаакууд өөрсдөө үнэ бяслаг сонгосон, өөрсдөө хулгай хийх замыг сонгосон. Хулгайч нарыг ядаж чапаакуудаас нь салгаж байгаа нь нэг шийтгэл, дараа дараагийн олон чапаак эрхбиш айдаг болно. Процесс дургүй хүрмээр удаан явна, энэ бол гарцаагүй. Тэр бүхэнд нь нэг цохилтоор бүгдийг шийдүүлчих гээд дайраад агсраад байж болохгүй. Ямар ч төрд нэг цохилтоор бүгдийг нь шийдэх боломж чадал бий, угаасаа ард түмний хүсэл ч тэр, гэхдээ бид төлөөсөнд нь өөрсдийнхөө эрх чөлөөг ч алдах болно. Бүгдийг өгдөг төр бүгдийг ч бас авдаг. Ямартай ч бид нэг том өөрчлөлтийн өмнө тулж ирсэн нь гарцаагүй болсон байна, тэр өөрчлөлт нь зөв тийшээгээ л яваасай. Үзэн ядалтаар биш эрүүл ухаанаар асуудалд хандацгаах юмсан.