АРДАД АБСУРД У.ХҮРЭЛСҮХИЙН РЕАЛИЗМ
МАН-ын дотоод зөрчил нь гагц эрх мэдлийн төлөөх тэмцэл бус, намын ирээдүйн чиг хандлага, улс төрийн өв залгамжлалын төлөөх өрсөлдөөн билээ. У.Хүрэлсүхийн 1970-аад оныхныг бэхжүүлэх стратеги нь богино хугацаанд намын хяналтыг баталгаажуулж болох ч залуу үеийнхний тэмүүлэл, нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй аваас алс хэтдээ МАН-ын эв нэгдэл, улс төрийн нөлөөг сулруулж болзошгүй.
Абсурд. Утгагүйгээс утга хайх, хүн ба нийгмийн зөрчил, логикгүй үйл явдлыг харуулдаг зохиолыг абсурд гэнэ. Бодит ахуйтай авцалдаагүй, гажиг, утгагүй үйл явдал ба дүрүүд гарна. Самүэл Беккетийн “Годог хүлээхүй”, Франц Кафкагийн “Хувирал”-ыг бид мэднэ. Абсурд зохиол нь ихэвчлэн хошин, философилог бас парадокс өнгө аястай. Дасал бус, гайхаш барсан өнцгөөр амьдралыг харахыг шаарддаг. Монголын уран зохиолд ийм бүтээл үгүй ч улс төрд нь хангалттай бий.
Реализм. Бодит байдлыг аль болох тодорхой, тэр чигээр нь, хэтрүүлэггүй дүрслэн харуулдаг зохиолыг реалист гэнэ. Энэ төрлийн зохиол нь хүн ба нийгмийн харилцаа, тухайн цаг үеийн онцлогийг нарийвчлан, объективоор тусгадаг. Реалист зохиол нь бодит ертөнцийн тусгалыг мэдрүүлэхийг зорино. Дүрүүдийн сэтгэл зүй, нийгмийн зөрчил, ёс суртахууны асуудлыг гүнзгий шинжилдэг. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” зэрэг бүтээл реализмын элемент агуулдаг.
Абсурд ба Г.Занданшатарын засгийн газар
Ардууд Г.Занданшатараас шинийг хүлээсэн ч Л.Оюун-Эрдэнийн танхимын гишүүдийн 40 хувийг өргөж авсан мөртөө яамгүй гурван сайдынх нь орон тоог хассан шийдвэр нь Үндсэн хуулийн 39.1-д “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ тогтооно” гэж заасныг зөрчсөн гэдэг асуудал гарав. Тэгсхийгээд өнгөрсөн ч Засгийн газраа байгуулагдахдаа хууль зөрчин төрийн удирдлагын тогтолцооны ноцтой алдаа гаргалаа гэдэг ойлголт үлдээж мордохын хазгай гэдэг парадокс болов.
Эдийн засгийн уналт, хэтийдсэн төсөв, эрчим хүчний доголдол гэх мэт ноцтой асуудлыг шийдвэрлэхийн тулд “төрийн үрэлгэн зардлыг багасгах, хариуцлагатай засаглал бий болгох” амлалт өгсөн ч хуучин гишүүдтэй засгийн газраас шинэчлэл горьдох нь Годог хүлээхээс ч долоон дор. Нийгмийн сүлжээнд “Түр засгийн газар” гэж цолуулсан нь хошин гэхэд гашуун. ИЗНН-ын даргын ХОМ энэ засгийн газрын гишүүдийг ээлжлэн гоочлох эхийг тавив. Хуучин сайд нарыг сундалж, дохио өгөхөөс өмнө зурхайгаас эргэсэн засгийн газар барианы газар хүрнэ гэдэгт ардууд эргэлзэх маягтай.
МАН-ын дотоод зөрчил мөн АН, ХҮН, ИЗНН-тай хамтрах эсэх тээнэгэлзээ нь энэ засгийн газрыг “албан тушаалын арилжааны талбар” болгож харуулав. Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдоод 72 цагийн дотор танхимаа бүрдүүлж чадалгүй улс төрийн тогтворгүй байдлыг гааруулж, нийгэмд “Юу ч шийдэж чадахгүй” нь гэдэг сэтгэгдэл төрүүллээ. Улс орны хямралын үед намууд албан тушаалын төлөө тэмцэлдэн цаг үетэй авцалдахгүй улс төрийн тоглоомоор наадаж ардын гайхшийг барлаа.
Хуучин гишүүдтэй шинэ засгийн газар ардад абсурд. Үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой маргаан нь ардад абсурд. Улс орон сүйрлийн ирмэгт тулчихсан атал албан тушаалын төлөөх намуудын тэмцэл ардад абсурд.
Реализм ба У.Хүрэлсүхийн засгийн газар
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын байгуулсан хамтарсан засгийн газрыг МАН VI бага хурлаараа нураалаа. Л.Оюун-Эрдэнэ амиа аваад үлдчих санаатай халамжлан хүмүүжүүлэгчээсээ хагацсан дүр эсгэсэн ч тусыг эс олов. У.Хүрэлсүхийн боловсруулсан тактикаар Л.Оюун-Эрдэнэ огцорч, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон үйл явц МАН-ын дотор зөрчил үүсгээд зогсохгүй, ирээдүйн улс төрийн тэмцэлд уриалсан дуудлага болон цуурайтлаа. Монголын улс төр Х.Баттулгын нөлөөнөөс ангижирч У.Хүрэлсүхэд шилжсэн нь үнэн шиг МАН 1970-аад оныхон (У.Хүрэлсүх, Г.Занданшатар, С.Бямбацогт) ба 1980-аад оныхон (Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Амарбаясгалан нарын үе) хэмээх хоёр эрэгт гарч өөд өөдөөсөө өржээ.
МАН-ын Бага хурал дээр Г.Тэмүүлэн Ерөнхий сайдад нэр дэвшсэн ч сачий дутав. Архангайнхан, У.Хүрэлсүхийг эсэргүүцэгчид, Л.Оюун-Эрдэнийн ойр дотныхон, нэмэх нь Х.Нямбаатарын хотынхон нийлээд ердөө 30 хувь. МАН-ын хунтайж асан Н.Номтойбаяр ч хурлын гаднаас дэмжжээ. Д.Амарбаясгалан шийдсэн мэхээ хийж УИХ-ын 30 гишүүнээр Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг эсэргүүцэн Удирдах зөвлөлдөө гомдол гаргасан ч ах нар нь авч хэлэлцсэнгүй. Үүгээр энэ нам дотоод ардчиллын үнэргүйг бүгд мэддэг шигээ ах дүүс андгай тасарсныг харж авлаа.
У.Хүрэлсүх үеийнхнээ бэхжүүлж улс төрийн ирээдүйг хяналтдаа авах зорилго тавьжээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчөөр дахин суухгүй гэдгээ ам бардам хэлсний цаана Монголын жолоог эчнээ атгах санаархал байсан ажээ. У.Хүрэлсүх 2027 онд Г.Занданшатарыг ерөнхийлөгчөөр “суулгаж”, МАН-ыг С.Бямбацогтын гарт атгуулж, дор хаяж ирэх 10 жилийг “ивээх” эх оронч мөрөөдөлтэй. Түүний мөрөөдөл залуу үеийнхэнд нь халтай тул гадаадын хэвлэл дээр англиар хов тараагаад Б.Батцэцэг эгчдээ алгадуулж “ахын хайр”-ыг амслаа…
У.Хүрэлсүх “одоо ч хайрлаж, хүндэлж явдаг” Д.Амарбаясгалан дүүдээ бэлэглэсэн гурван квотын эзнээр С.Амарсайхан, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар тодорсон ч Г.Тэмүүлэн Сангийн сайдынхаас өөр суудалд суухгүй гэжээ. Халдахдаа хар халзандаа гэгчээр У.Хүрэлсүхийн хаяалыг дан дээлтэй нь үлдээвэл даарна шүү дээ, зайлуул. Хаашдаа хамтарсан засгийн газар байгуулах учир Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг Шадар сайдаар “урихад” “Г.Тэмүүлэнтэй л хамт засгийн газарт ажиллана” гэснээр С.Амарсайханы аз шовойж дөрөв дэхээ улирав. Ийнхүү Х.Баттулгын худ У.Хүрэлсүхийн засгийн газарт хамраа хавчуулжээ. Бусад нь ганц гарал үүслийн гэрчилгээтэй. Ч.Ундрам насаар залуу ч МАН-ын босгоор алхахад У.Хүрэлсүх өвдгөнд нь тоос хүргэлгүй тосож авсан. Харин Т.Аубакирийг нийгмийн халамжид өлгийдүүлсэн баян-өлгийнхнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бүүвэйл хэмээн Нийгмийн хамгааллын сайдаар томилжээ. Энэ бүхэн У.Хүрэлсүхийн реализм байлаа.
Politiko сонин №2 татахPolitiko#2
Авчиг…
Ардын абсурд У.Хүрэлсүхийн реализмыг бодижуулж Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчөөр залрах эсэхээ өөрөө шийдэх хүнд үүрэг оногдсоныг гэнэт мэдэрч шөнө нойргүй хоножээ. Өөртөө итгэлтэй өгсөн амлалт, иргэдийн хүлээлт хоёр эс мөргөвөөс ард түмний дэмжлэг буурч, МАН-ын нэр хүнд унах эрсдэл бий. У.Хүрэлсүхийн төлөвлөгөө хэрэгжих эсэх нь Засгийн газрын амжилт, намын дотоод эв нэгдлээс хамаарна. Эс бөгөөс нийгмийн бухимдал хөөсрөх тусам АН-ын хийморь сэргэнэ гэдгийг АН-ын хэдэн жаалын өчигдрийн үг хэл харуулж амуй.
МАН-ын дотоод зөрчил нь гагц эрх мэдлийн төлөөх тэмцэл бус, намын ирээдүйн чиг хандлага, улс төрийн өв залгамжлалын төлөөх өрсөлдөөн билээ. У.Хүрэлсүхийн 1970-аад оныхныг бэхжүүлэх стратеги нь богино хугацаанд намын хяналтыг баталгаажуулж болох ч залуу үеийнхний тэмүүлэл, нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй аваас алс хэтдээ МАН-ын эв нэгдэл, улс төрийн нөлөөг сулруулж болзошгүй. Г.Занданшатарын Засгийн газар амлалтаа биелүүлж, намын дотоод зөрчлийг зохицуулж чадах эсэх нь Монголын улс төрийн тавцан дахь МАН-ын ирээдүйг тодорхойлно. МАН-ын үе, үеийн лидерүүд хонзогнол хорслоосоо илүү нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой бөгөөд энэ нь МАН-ын дотоод эв нэгдэл, улс орны тогтвортой байдлын үндэс болой.
Цогзол