Л.Оюун-Эрдэнийн дайны олз
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайд дайн зарлалаа. Дайн л юм хойно гарз хохирол гарцаагүй. Бас олз омог ч чамгүй. Юм яаж ч муудсан сайжрах тал руугаа явдаг.
Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай дайн зарласнаас хойш нийгэмд гэрэл гэгээ тусаж л байна. Олон хүний эрх ашгийг хөндчихсөн нь өдөр өдрөөр тодорсоор. Үүнтэй зэрэгцээд иргэд мэдвэл зохих зүйлс сөхөгдөж, учрыг нь олох ёстой мэдээлэл хангалттай цацагдав. Иргэн бүр 1072 хувьцааг нь эзэмшдэг ЭТТ ХК-ийнхаа нарийн ширийнийг сонсож эхэллээ. ЭТТ ХХК 2018-2022 онд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. ЭТТ ХК-ийн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл тээвэр эрхэлдэг 51 ААН байдаг аж. Эдгээр компани нийт 9000 орчим машинтай юм гэнэ.
“Нүүрсний хулгай” гэдэг ахуйн түвшний ойлголт ч эрс дээшиллээ. Нүүрсний хулгай гэдэгт хилээр бүртгэлгүй гаргах, хил залгаа уурхай хоорондын мөргөцгөөс олборлох, богинын буюу авто тээврийн үнийг хөөсрүүлэх, эцэст нь оффтейк гэрээ багтдаг юм байж.
Хулгай хойно хулгайч байх нь зүй. Жагсагчид шаардсаны дагуу АТГ 17 “нүүрсний хулгайч”-ийн нэрийг зарласан. Үүнээс өмнө чамгүй олныг нь саатуулаад шалгаж буй. Одоогоор МАН-аас УИХ-д сууж буй таван гишүүн хулгайд холбогдлоо. Авууштай нь сөрөг хүчингүй шахам явсан парламентад сөрөг хүчин мэндлэв. Тэднийхээр бол нүүрсний хулгайчийг “жинхэнэ” ба “хуурамч” гэж ангилдаг юм байна. Хоёр жил ажин түжин суусан таван гишүүн хэлд орлоо. Ялангуяа Ш.Раднаасэд хэлэмгий доломгой басхүү бичиг цаас ухахдаа шаггүй гэдгийг нь сонгогчид мэдэж авав. Бусад нь нүүрсний тухай дурсамжаа сөхөж, нүүрстэй илүү сайн танилцах танин мэдэхүйн аянд мордсон. Ц.Анандбазар бүр УИХ-ын гишүүн болсныхоо утга учрыг сая ойлгосон гэдэг.
Нүүрсний хулгайд арав хориороо нэр холбогдсоноор монгол хэлний олон тооны нөхцөлийн хэрэглээ ч өөрчлөгдөв. Хоёр ба түүнээс олон бол “хулгайчууд” эсвэл “хулгайч нар” гэж ярьдаг байснаа одоо “хулгайчид” гэх болж. Нүүрсний хулгайчуудыг бусдаас нь ялгасан нэр томъёо ч юм шиг. Ташрамд нь монголчуудын тооны нэрийн мэдлэг нэг тэгээр ахив. Их наяд хэдэн тэгтэйг өнөөдөр захын монгол түгдрэхгүй хэлнэ.
УИХ авлига, албан тушаалын хэрэгт оноох ялыг чатгатгахаар ид хэлэлцэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулан шийдэх зэрэг зөвхөн албан тушаалтнууд эдэлдэг онцгой эрхийг хасах гэнэ. Төрийн албан хаагчийн хөрөнгийг орлоготой нь жишиж шалгадаг эрүүл, зөв логикийг хуульчлах нь. Түүнчлэн УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хөндөх тухай ч яригдав. Үүний хамт сонгогчид УИХ-д Ж.Батжаргал гэж нөхөр суугаад байдгийг мэдэж авлаа.
Нүүрсний хулгайд холбогдох 41 гэрээнээс есийг нь ил болгов. Тэдгээрээс Бодь интернэшнлийн гэрээ бүхний хүртээл болов. Эндээс бид “нэг км төмөр замын өртөг” гэдэгт далан, рейлсээс гадна дохиолол холбоо, барилга байгууламж, эрчим хүчний дэд бүтэц, зүтгүүр, засварын цех ч багтсаныг мэдэж авлаа. Мөн ажлын хөлсөө нүүрсээр авч байгаа компаниуд үнийн индекс гэдэг зүйлээр үнээ тогтоодог юм байна. Тэр индекс нь зах зээлийн үнэтэй уялдах учир жам ёсоороо өсөж, буурдаг аж.
Нүүрсний хулгайгаас гадна УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулах шаардлага тавьж буй жагсаалын үеэр MEC судалгаа хийжээ. Мянган түүвэртэй судалгаанд оролцогчдын 29 хувь нь "УИХ-ын гишүүд өөрийг нь төлөөлж огт чадахгүй байна", 38 хувь нь "төлөөлж чадахгүй" гэж үзжээ. Ерөнхий зургаар 67 хувь нь одоогийн УИХ-д итгэхгүй байгаа аж. Харин нүүрсний хулгайтай хийж буй Л.Оюун-Эрдэнийн тэмцлийг 29 хувь нь "бүрэн дэмжсэн" бол, 25 хувь нь "дэмжжээ". Жагсагчид төдийгүй иргэд “тогтолцооны өөрчлөлт” шаардаж байгаа. Талбай дээр очиж жагсагчидтай уулзаж, шаардлагыг нь бичгээр хүлээн авсан Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд ерөнхий сайдын хувьд ард түмэндээ дахин сонголт хийх эрхийг өгөх нь зүйтэй” гэж мэдэгдэв. Сүхбаатарын талбайн жагсаал өдөр бүр шинэ шинэ үзэгдэл, нус нулимс, хэл амтай ч “тогтолцооны өөрчлөлт” нэхэн үргэлжилсээр...
Монгол Улсын 28 дахь ерөнхий сайд С.Баяр “Төрийн ордны гадаа, дотор өрнөж байгаа явдал 1990 оныг улам санагдуулна. Сүүлийн 30 жилийн байдаг л нэг жагсаал арай биш байгаасай. 1990 он шиг бүтэц, агуулга, хандлагын эерэг өөрчлөлт олныг авчрах биз гэж найдъя” гэж жиргэжээ.