ӨНГӨРСӨН, ИРЭЭДҮЙ, ЭДҮГЭЭ ЦАГТ ЗАЛАРСАН ҮНЭНХҮҮ ТӨГСГӨСӨН БУРХАДЫН 

ОРОН БҮГДИЙГ ИЛТЭД МАГТСАН ХЭМЭЭХ ДОЛООДУГААР БҮЛЭГ.


НЭГ:

Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр охин тэнгэр Самукчая /Бодь-ийг үнэнхүү хураахуй/-д ийн хэмээн зарлиглав. 

Язгуурын охин тэнгэрээ. Тэр үед. Тэр нэгэн цагт. Суварна-бужен-дра /Алтан мутрын эрхэт/ хэмээх хаан байлаа. Тэр хаан түүнчлэн заларсан өнгөрсөн, ирээдүй, одоо цагийн бурхад бүгдийг шүлэглэн магтсан. Тэр магтаалыг "Лянхуа гарах орон" хэмээн талбисан. Энэ мэт. Өнгөрсөн, ирээдүй, одоо цагийн Ялж төгс нөгчсөн бурхад бүгдийг илтэд магтсан билээ. Тэр нь. Энэ мэт билээ 

Урьд заларсан бурхад

Арван зүгийн ертөнцөд заларч буй 

Бурхан бүгдэд мөргөж үйлдээд

Бурхан бүгдийг би бээр магтму ...

хэмээн бурхад бүгдийг шүлэглэн магтсан билээ хэмээн Бурхан багш зарлиглав. Бурхан багш магтаал шүлгүүдийг цааш үргэлжлүүлэн зарлиглалаа.



Урьд заларсан бурхад,

Арван зүгийн ертөнцөд заларч буй аль бүхий

Бурхан бүгдэд мөргөж үйлдээд

Бурхан бүгдийг би бээр магтму.


Чадагчийн эрхэт нь амирлангуй, нэн ариун

Лагшин нь алтан өнгөтэй

Лавтай эгшиг бүхний дундаас

Бурханы зарлиг нь үлэмж яруу.


Эсрэн тэнгэрийн аялгуу адил яруу зарлиг

Шаргалтах зөгий, тогос, хөх удвал мэт тэргүүн

Шанх үснэр нь заша өвс адил

Шинэхэн цас, дун мэт цагаан шүд. 


Шижир алт мэт гундашгүй маш үзэсгэлэнтэй

Хиргүй бөгөөд урт, тунгалаг мэлмий нь 

Хөх удвал дэлгэрсэн мэт

Хэл нь улаан лянхуан өнгөтэй 

Лянхуа мэт үзэгдэх буюу лянхуан хүйс адил.

Магнайн үс нь лянхуан үндэс, дунгийн хээ мэт 

Биндэрьяан өнгөтэй бөгөөд зөв тийш эрчилсэн. 

Лагшин нь чимэгт сарны дүрс мэт


Тунгалаг мэлмий нь өөдлөх саран адил

Нигуур өндөр, хамар нь илхэн нэн зөөлхөн

Өөсөө гарсан газрын алт мэт сайн өнгөтэй

Бурхан бүгдийн хэл нь амттаны дээдийг


Зөөлөн дээдийг мэдрэх машид үлэмж

Үсний нүхнээс нь нэг нэгээр гарсан

Ус нь зөв тийш эргэсэн бөгөөд 

Гялалзсан, огторгуй мэт хөх үснэр нь 


Гоо өдөт тогос мэт хөхрөх нь үзэсгэлэнтэй. 

Мэндэлсэн даруйдаа гоо үзэмжээрээ гийгүүлж 

Арван зүгийн ертөнц бүгдийг дүүргэсэн 

Гурван ертөнцөд зовлонг амирлуулсан 


Амгалан бүхнээр амьтан бүгдийг цэнгүүлсэн.

Амьтны тамд төрсөн, адгууст төрсөн

Бирд ба тэнгэрийн орон, хүний төрөлд төрөгсөд 

Амьтан бүгд амгалангаар цэнгэж 


Муу заяанд төрөгсөд бүгд амирласан

Сайн шижир алт адил өнгөтэй гэрэлт 

Шижир алт адил гэрэлтсэн лагшинтай

Заларсан машид хиргүй сар мэт нигуурт 


Мишээсэн нэн үзэсгэлэнтэй тунгалаг нигуур

Нялх ногоо адил бие лагшин гишүүн нь зөөлхөн 

Арслан адил хүчтэй, дарж номхотгогч дээд

Мутар нь машид урт тэнийх нь


Бургас салхиар хөдлөх мэт

Алд дүүрэн гэрэл бадарсан

Мянган нар мэт

Чадагчийн хиргүй дээд лагшин 


Орон бүгдийг машид гийгүүлнэ

Бурханы гэрэл нь ил тодорхой

Хязгаарлашгүй зуун мянган оронд түгж

Олон нар, сар ч түүний лагшины дэргэд


Тэнсэлгүй тул бүгд гэрэл үгүй мэт болно

Бурхад ертөнцийн зул бөгөөд 

Зуун мянган наран бурхадыг

Хязгаарлашгүй зуун мянган оронд залрах ба 


Түүнчлэн заларсан тэднийг 

Орчлонгийн олон амьтад үзэж ташаана.

Зуун мянган буян төгөлдөр лагшин 

Эрдэм бүгдээр машид чимэглэсэн лагшин 


Бурхадын мутар нь их эрхэт зааны хошуу адил 

Мутар, өлмийн гэрэл нь 

Машид үзэсгэлэнтэй хир үгүй

Газар дээрх нарийн тоосны тоотой адил. 


Нарийн тоосны тоотой өнгөрсөн цагийн бурхад 

Нарийн тоосны тоотой ирээдүйд залрах бурхад

Нарийн тоосны тоотой залран буй бурхад

Би бээр Бурхан тэдгээрт машид сүжиглэн 


Бие, хэл, сэтгэлээр өргөл өргөж

Хүжсийг өргөх ба магтаал олон өргөж

Буяны сэтгэлээр бурхадад мөргөх билээ.

Бурханы эрдэм тэнцэшгүй их төгөлдөр


Машид дээд элдэв олон, хир үгүй

Цаглашгүй их тустай

Би бээр мянган галавт хэлээ зуу хувилаад ч 

Бурханы эрдмийг өгүүлж гүйцээж барахгүй билээ.


Би бээр хэлээ мянга хувилгаад ч 

Ганцхан бурханы эрдэм чадлыг өгүүлж үл барах билээ.

Тиймээс би бээр бурхад бүгдийн 

Ганцхан эрдмийг ч тайлж хэлж яаж чадах билээ.


Тэнгэр ертөнц бүгд далайд автаад 

Орчлонгийн үзүүрээс доош усаар дүүрэх аваас

Үсний үзүүрээр хэмжиж болох хэдий ч 

Амгалан залрагсадын ганц эрдмийг ч тийн чадахгүй.


Би бээр бие, хэл, сэтгэл машид сүжиглэснээр 

Бурхан бүгдийг би бээр сайшаан магтсанаар 

Би бээр буяны үр дээдийг хурааснаар

Ялгуулснаа хүрэх болтугай. 


Тэр мэт хаан бээр бурхадыг магтаад, ерөөл талбисан нь: 


Ирээдүйн хязгаарлашгүй галвуудад 

Хаана хэзээ би төрвөөс

Зүүдэндээ энэ адил хэнгэргийг үзэж

Наминчилгаа энэ адилыг сонсох болтугай. 


Ялгуулсны магтаал Лянхуа гарахын хаан адил 

Төрөл буян заяаг тэр бүгдэд олох болтугай.

Бурханы эрдэм хязгаарлашгүй, тэнцэшгүй 

Мянган галавт ч олоход бэрхтэй


Тэдгээрийг зүүдэндээ сонсох болтугай

Өдөр болохтой тэдгээрийг үзэх болтугай.

Амьтныг зовлонгийн далайгаас гэтэлгэх болтугай

Чанадад хүрэх зургааг төгсгөөд

Тэнцэшгүй их бодь-ийг олох болтугай 

Тавилан заяа буян ханьцашгүй болох болтугай. 

Хэнгэргийг өргөсний нэн боловсрохын үр хийгээд 

Бурхан бүгдийг магтсаны шалтгаанаар 


Шагжамуни бурханыг илтэд үзэх болтугай 

Тэнд би бээр эш үзүүлэхийг олох болтугай 

Алтан гарны эрхэт хийгээд Алтангэрэлт 

Миний хүү энэ хоёр хоёулаа 


Тэнцэшгүй бодь-д эш үзүүлэхийг олох болтугай.

Орон үгүй, шүтээн үгүй 

Авралаас хагацсан амьтан бүгдэд

Ирээдүй цаг бүхэнд аврагч шүтээн болох болтугай.


Зовлон гарахын шалтгааныг баран үйлдэх болтугай 

Амгалан бүгд гарахын орон болох болтугай

Өнгөрсөн, ирээдүйн галавт бодь-ийг эдлэх болтугай 

Дээд Алтангэрэлтийн наминчилгааны хүчээр


Миний хилэнцийн нуур хатах болтугай.

Миний үйлийн далай барагдах болтугай

Миний нисванисын далай ширгэх болтугай

Миний буяны далай дүүрэх болтугай.


Хиргүй билгүүний дээд гэрлээр 

Миний билгүүний далай нэн ариусагтун.

Эрдэм бүгдийн далай болох болтугай 

Бодь-ийн эрдмийн их эрдэнийн эрдэм төгсөх болтугай.


Дээд Алтангэрэлтийн наминчилгааны хүчээр 

Миний буян машид их гийх болтугай.

Миний бодь-ийн гэгээ нэн ариун болж 

Хиргүй билгүүний дээд гэгээгээр 


Миний биений гэрэл гийх болтугай.

Буяны гэгээг үйлдэхийн тулд 

Гурван ертөнцөд ялгамжаатай илүү болох болтугай 

Буяны хүч үргэлжид төгс төгөлдөр болох болтугай. 


Зовлонгийн далайгаас гэтлэх хийгээд 

Амгалан бүгдийн далай адилаар 

Ирээдүйн галавт 

Бодь-ийг эдэлж үйлдсүгэй.


Урьд гурван ертөнцөд заларсан 

Бурхадын орон газарт тэдгээр бүгд 

Хязгаарлашгүй ялгамжаатай эрдэм адил оршсон 


Хязгаарлашгүй эрдэм нь миний орон газарт

Ирээдүй цагт тэр мэтээр болох болтугай.

Ручира-кету бээр мэдэж үйлд 

Алтан гарын эрхэт хаан тэрбээр


Урьд цагт энэ ерөөлийг тавьсан

Үзэсгэлэнгийн охь бээр мэдэж үйлд

Эртний хаан тэр нь одоо чи мөн юм

Урьд цагийн хоёр хүү 


Алтан гарт ба Алтангэрэлт 

Мөнгөн охьт, Мөнгөнгэрэлт хэмээн 

Би бээр тэр цагт эш үзүүлсэн болой.

Олон нөхөд, бурхад, бодисадва нар 


Үүнийг олж сонсоод 

Бүгдээр гэгээрэх сэтгэлийг үүсгэв

Одоо, ирээдүй цаг нугуудад 

Үргэлжид наминчилга үүнийг үйлдэгтүн.


Жич: Энэ бүлэгт өнгөрсөн, ирээдүй, одоо цагийн бурхадын лагшин, зарлиг, таалал, эрдэм үйлсийг яруу сайхнаар магтсан. Басхүү ийн магтсаны үрд гарах сайн үр, ерөөл сэлтийг шүлэглэн айлсан байдаг.