АГУУ НАЙРАГЧ Б.ЛХАГВАСҮРЭНГҮЙ “МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ”-ИЙН ТУХАЙ БОДОЛ
Энэ нэвтрүүлгийг яагаад бүх Монголчууд шимтэн үздэг вэ гэвэл агуу хүмүүсийн тухай, агуу хүмүүс бүтээж буй “Монголын ил товчоо” учраас тэр юм!
“…Нутаг гэдэг ээж л юм байнашдээ…Би ээжээ маш их санах юм аа. Хэцүү ч байсан, багын явдал ямагт сайхан л санагдана. 35 тэмээ хөтлөөд хоёулхнаа жин тээж ч явлаа. Удмаа дагаж өртөөний улаач хийгээд морин дэл дээр давхиж ч явлаа…” хэмээн ярьж буй энэ хүн бол өдгөө 95 настай хэдий ч эх орондоо биш ОХУ-ын Москва хотод амьдарч буй хурандаа генерал Сономын Лувсангомбо юм.
Түүнийг өнөө цагт мэддэг хүн тун ховор болсон бөгөөд харин хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров сайн мэдэхээр барахгүй олон ч зүйлийн гэрч тул яриа нийлэх нь сайхан. Харин Баатар найруулагч ийм хүнийг олоод ийм сайхан баримтат кино хийснийг бодоход үнэхээр сэтгэл, зүтгэл, ур чадвар төгс найруулагч юм аа. Үнэхээр үзээд өгье гэсэн ч үзчихээр нэвтрүүлэг ховор цагт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн 60 орчим цуврал хийсэн нь бүгдээр үзүүштэй. Өмнө ч би түүний монтажийн урлагийн талаар гэх мэт хийц талаас нь шүүмж бичиж л байсан бөгөөд энэ удаад би түүнийг хийцийг бус түүний мэдрэмжийг, түүний агуу их эх оронч сэтгэлийг тодотгон бичмээр санагдсан учраа комьпютерийн өмнө суусан бөлгөө.
Энэ нэвтрүүлгийн зочин 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй. 1954-1956 онд Цэргийн сургуульд багш, ангийн орлогч,1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн байсан хүн билээ.
Нэвтрүүлэг эхлэхэд Н.Жанцанноров хөтлөгч;
“Агуу найрагч Бавуугийн Лхагвасүрэн таалал төгссөнөөс хойших анхны дугаарыг бид хийх гэж байгаадаа ихэд сүрдэж, айж байна. Тэр агуу хүн их сайхан хөтөлдөг байсанд бид хүрэх эсэхийг үл мэднэ…” хэмээгээд Монгол тулгатны 100 эрхмийн өндөр босгыг таны өмнө нээж байна…гэсэн үгээр эхэлж байна билээ.
Үнэхээр ч өндөр босго!
Энэ нэвтрүүлгийг яагаад бүх Монголчууд шимтэн үздэг вэ гэвэл агуу хүмүүсийн тухай, агуу хүмүүс бүтээж буй “Монголын ил товчоо” учраас тэр юм!
Нийгмийн сүлжээнд Монгол тулгатны 100 эрхмийг муу хэлэх хүн тун ховор ч “сэтгүүлчээр хөтлүүлчхэд яадаг байнаа… хүн мундсан биш тамирчин Н.Түвшинбаяр хөтлөөд байхдаа яадаг юм… Анужинг санаж байнаа... Н.Сувдаа гуай одоо болимоор …” гэх мэт үгс мэр сэр харагддаг.
Гэвч би Баатрыг яагаад ийм хүмүүсээр хөтлүүлдгийг ойлгодог. Н.Сувдаа бол Монголчуудын шүтээн болсон бүсгүй гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх биз. Түүний ээж ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Лувсанжамцын ЦогзолмааМонголынXX зууны манлай сайхан эмэгтэй бөгөөд тэр хатан эхээс ургасан үр хүүхдүүдийг хүн бүр мэдэхээс гадна “элит гэр бүл” хэмээн бүгд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ. Тэгээд ч Намсрайн Сувд - БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин,одоо бид бүхэнтэй хамт амьдарч яваа “Мандухай цэцэн хатан” юм шүү дээ.
Н.Түвшинбаяр бол мөн л эгнэшгүй аварга. Олимпын аваргын алтан медалийг Монголд анх авч ирэхдээ Монголыг тэр аяар нь уйлуулан, баярлуулж өнөөх муухай 7 сарын 1-ний хар гуниг айдсыг ялалтын цагаан гэрлээр хага татаж цэлмээсэн агуу буянтан, агуу хүчтэн билээ л. Энэ их аваргыг Монголчууд бид хэзээ ч мартахгүй. Ийм хүмүүсийг л бид даган дуурайх ёстой учир найруулагч сонгодог байх гэж би боддог!
Өмнө хөтөлдөг байсан одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын тухайднэмж ярих илүүц биз. Тэр л энэ нэвтрүүлгийг анхнаасаа ивээн тэтгэж, зургийн дарга хийж, бие хийгээд сэтгэлээр тусалсаар бидэнд ийм нэгэн агуу нэвтрүүлэг бэлэглэсэн хүн бөгөөд одоо ч санхүүжүүлсээр л буй.
Саяхан тэнгэр болсон агуу яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн тухайд бол үнэхээр миний үг ч гологдоно. Түүний агууг Монгол хэзээ ч үл мартана! Тэрээр маш олон дугаарт зүгээр нэг хөтлөгч төдийгүй нэвтрүүлгийн сүнс байсаар тайзан дээрээсээ тэнгэрт одсон учир агуу Н.Жанцанноров нэвтрүүлгийн эхэнд хүртэл эмээнгүй дурдсан биз ээ.
Нэвтрүүлгийн эхэн хэсэгт С.Лувсангомбо гуайгаас Сувдаа эгч ээжийнх нь тухай яриа өдөхөд ерэн тавтай буурал “ Тэр ядуу зүдүү үед ээж минь таван хүүхдээ нэгийг ч маажгий гуталтай явуулаагүй юм шүү дээ…” гээд нулимс нь цийлгэнэхэд үзэгч би бас өмөлзөж суулаа. Сувдаа эгчийн ч нүд чийгтэй өөдөөс нь харж сууна билээ. Ээжтэй нь нас чацуу хүн ээжийнхээ тухай яриагаар энэ нэвтрүүлэг эхлээд, мөн ийм яриагаар энэ нэвтрүүлэг төгсөж буй нь бүхэлдээ эх орон хэмээх ээжийн тухай яриа байлаа. Энэ бол найруулагчийн л шийдэл, сэтгэл юм даа…
Бидний шинэ үеийн түүх тийм ч урт биш ээ. Саяхан л бид яг хөтлөгч Н.Жанцанноровын хэлснээр 100 жил, гол дүр С.Лувсангомбо гуай 100 ч гэж дээ 50 жилийн л асуудал шүү дээ… гэдэг үнэн бөгөөд тэрээр өөрөө энэ бүхний амьд гэрч юм.
С.Лувсангомбо гуай өгүүлэхдээ “Анх хорь хүрээд цэрэгт очиход 200 гаруй цэрэг жагсаагаад бичиг үсэгтэй нь урагш алх гэхэд 4 хүн л гарч ирж байлаа…” хэмээн ярьж суух аж. Энэ бол дивангар бурхны үеийн түүх биш одоо таны үзэж суугаа хүний амьдрал бөгөөд бидний л үнэн түүх энэ юм. Тэхээр агуу Н.Жанцанноров хөтлөгч яг зөв зүйлээр нэвтрүүлгийг эхэлж агуу найруулагч Баатар дүү маань мөн маш зөв утга агуулж монтажлан найруулсан гэсэн үг.
Мэдээж Баатрыг агуу гэхээр таны эгдүү хөдөлж байж мэдэх ч Анастасия Филатовад агуу Н.Жанцанноров “Боролдойн цаг нэвтрүүлгийн эхлэл дээр буруу талруугаа мориноосоо буучихлаа гэхэд тэрээр ихэд уурлаж “ Чи тийм сайн юм бол өнөө шөнө наадахаа өөрөө засчих ” хэмээн хэлж байсныг өөнтөгч хэн нэгэнд бас хэлмээр л…
Өө эрэх, өө олох, муулах хамгийн амархан. Өөрөө бүтээх хамгийн амаргүй зүйл болохоор л А.Филатова тэр үгийг Жанцанноровт хэлээ биз дээ.
С. Лувсангомбо гуай цааш өгүүлэхдээ; “Би тэр бичиг үсэгтэй дөрвийн нэг байлаа…Гэхдээ ээж минь л Хөх Жадамба гэж нэг их бичиг номтой хүнд шавь оруулсан юм шүү дээ. Намайг багш минь юм цээжлэхгүй болохоор саваа аваад зодно. Устай цус шүүрээд л …тэр л надад их тус болсон гэж боддог юм гээд инээж суух…Мөн тэрээр нэгэн ламын гэрийн гадаа үнс овоорчихсон байсныг жижиг шээзгийнд хийж цэвэрлээд явтал өнөөх лам гарч ирээд; “Би чамд монгол бичиг зааж өгөе… Чи самбараа бэлдээд ир. …” гээд арваад хоногт бичиг үсэгтэй болж билээ… хэмээн ярьж сууна.
Дараа нь түүнийг барилгын сайд байх үед барилгын цэрэг гэж байгуулагдаж хэрхэн яаж бүтээн байгуулалтыг удирдаж чиглүүлж байсан тухай онцлон ярив.
“Барилгын цэрэг гэдэг чинь өөрөө хөдөлмөр шүү дээ. Залуудаа цэрэгт яваад хөдөлмөрч болчихно, хатуужилтай болчихно…Бас мөнгөтэй болчихно…Халагдаж ирээд байшингаа барьчихдаг, унах машинаа авчихдаг ийм болоод ирнэ шүү дээ. Эрчүүдээ залуугаас нь ийм чадалтай болгооч ээ одоо …хэмээн ярьж суух.
Бас тэрээр “ Иргэн баян бол ус баян гэдэг худлаа, их буруу үг. Иргэн баян болно гэдэг өнөөх олигархыг л хэлж байгаа хэрэг. Тэдэнд зориулсан үг. Улс баян бол иргэн баян болно шүү дээ…” хэмээн ярьж байлаа.
Мэдээж нэвтрүүлгийг үзсэн олонд тэр бүр хэлсэн бүх үгийг давтан нурших ямар ч хэрэггүй гэдэг ойлгомжтой.
Гэхдээ тэрээр 1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга байсан хүн учир манай бүтээн байгуулалтыг бүгдийг удирдан манлайлж хийсэн хүний үг учир түүний давтаж онцолсон билээ.
“Монгол тулгатны 100 эрхэм” бас зүгээр ч нэг ажил яриад өнгөрдөг нэвтрүүлэг биш бөгөөд хувь хүний амьдралын тухай өгүүлдэг. Б.Лхагвасүрэн агсан энэ тухайд арай хэтрүүлэн асуулаа хэмээн зэмлэл ч хүртэж байлаа.
“Байдаг”ийн тухай түүний ярьсан нэг сэдвийг зарим хүн нийгмийн сүлжээнд настай хүн байж нууц амрагийг хүлээн зөвшөөрсөн нь таалагдсангүй гэж бичсэнийг би олж харсан тул энэ тухай бас хэдэн үг нэмж хэлмээр санагдав.
Жанцанноров ; Та бол Орос эхнэртэй...Ер нь нээрээ гаднын эхнэртэй удахаар ийм юм бодогдох уу…Залуу цагтаа ганц нэг сайхан монгол эмэгтэйтэй уулзчихъя гэж бодогдох уу? хэмээн асуухад тэрээр ;
Уулзалгүй яах юм… ганц нэг ч биш байж мэднэ шүү дээ. Би бол говийн хүн, нүүдэлчин хүн… Манай говьд “байдаг” гэдэг юм. Хэн нэгэн морьтон гэрээс нь мордоод явахад энэ хэн билээ гэж асуувал
– Аан манай байдаг л ирээд явлаа… гэхээс биш нэр ус ч хэлэхгүй …Энийг нэг их эхнэрээ дээрэлхэж байна гэж ч боддоггүй. Монгол эрчүүдийн нэг онцлог шүү дээ… Монгол эр юм чинь мэдээж, хэлэхгүй л болохоос ийм юм одоо ч элбэг гэх утга бүхий зүйлийг өвгөн буурал айлдав.
Энэ тухайд нийтлэлч хүний хувиар хэдэн зүйл нэмж өвгөн ахыгаа өмөөрхөөр шийдэв.
Дэлхий дахинд моногамми буюу нэг эхнэр, нэг нөхөртэй байх ёс, полигамми буюу олон эхнэр, олон нөхөртэй байх ёс гэж бий. Анх бүх дэлхий полигамми байсан ч сүргийн атаман хөрөнгө мөнгөтэй болж эхэлснээр түүнийгээ хэнд өвлүүлэхээс эхэлж моногамми ёс эхэлсэн байдаг. Тэр цагаас нууц амраг, янхан гэсэн хоёр зүйл гарч иржээ.
Гэтэл Монголын түүхийг харахаар янхан гэсэн зүйл огт үл үзэгдэнэ. “Аргагүй амраг” гэсэн дуу ч хүртэл байдаг болохоор бас нууц амраг байсан байж таарах нь. Харин янхан гэдэг үг ч монгол үг биш байх.
Тэхээр Монголчууд эртнээсээ саяханыг хүртэл полигамми ёс жаягтай улс орон байжээ. Их холын түүх үл өгүүлэн өгүүлэхэд саяхан хүртэл их бага хатан гэж байсан төдийгүй “байдаг” хэмээх ойлголт энгийн зүйл байсныг ерэн таван жил насалсан өвгөн буурал айлдсан нь энэ юм.
Дараагийн түүний ярьсан маш чухал зүйл бол хүүхдийн төлөө фонд ийн тухай хэсэг байлаа. Хэдийгээр бид Цэдэнбал Филатова үүсгэн байгуулсан Найрамдал зуслан, Гэрлэх ёслолын ордон, Пионерын ордон зэргийг мэдэх ч “Эх нялхсын төв”ийг мөн л тэрээр байгуулсныг үл мэдэх ажээ. Тэгээд ч зогсохгүй Хүүхдийн төлөө фондыг бүх төсвийн байгууллагуудын нэг хувиар бий болсон юм байна. Тэрээр өгүүлэхдээ “Намайг хотын дарга байхад байгуулагдсан юм л даа…Эхлээд бүх аймагт тавин цэцэрлэг барьж байгуулснаар ажил эхэлсэн юм хэмээн ярьж байх юм.
Хэдийгээр энэ нэвтрүүлэгт Ю.Цэдэнбалын тухай их эерэг зүйл орж байгаа ч бас анх удаа нийтэд нэгэн хүн яриа өгсөн нь 1983 оноос 1986 онд НАХЯаманд КГБ –ын дэргэдэх төлөөлөгчийн газрынтэргүүнээр ажиллаж байсан В.К. Радчинкогийн яриа юм. Тэрээр анх удаа энэ нэвтрүүлэгт үнэн байдлыг ярьсныг ухааран сэхээрэх мэргэн үзэгчид ойлгож анхаарсан гэдэгтэй маргашгүй…
Энэ нэвтрүүлгийг хамт хийхээр Москва яваад ирэхэд би Ч.Содбилэг дүүгээс “ Энэ хөгшин тэгээд Монголдоо ирж, амьдарч болдоггүй юм болов уу? Яагаад өдий болтол ээжээ, эх нутгаа санаад тэнд амьдарч энд ясаа л тавих тухай ярьж суугаа юм бол” гэж асуухад Содоо дүү маань ; “ Тиймээ гэхдээ тэнд байх байр сав, бас хангамж бүгдийг ОХУ даадаг юм билээ. Тэгээд хүүхдүүд нь ОХУ ын иргэд, тэднийхээ буянд сайхан байгаа ч туж нутгаа, ээжээ санаж суугаа нь маш гунигтай санагдсан…” хэмээж билээ.
1992 онд Ардчилсан хувьсгал ялаад Ардын Их Хурал баталсан үндсэн хуульд өнөөдөр нэмэлт өөрчлөлт хийх тухай ярьж өдөр бүр хуралдаж, хэрэлдэж байна. Төрийн дээд байгууллага ярих, хэрэлдэх л ажилтай 27 жил болжээ. Өмнө цагт тавь орчим жилд л бүтээн байгуулж чадсан бол сүүлийн 30 жилд бид хэрүүл л хийж сурчээ. Аргагүй юм уу даа. Төрийн дээд байгууллага УИХ ярих, хэрэлдэх л ажилтай бусуу? Улсын Их Хэрүүлийн газар гэлтэй ч юм шиг.Тэд засгийн газраа байгуулах ч сайд болж чадаагүй жаран гишүүд засгийнхаа дайсан нь болж ээлжлэн унагасаар өнөөг хүрсэн билээ.
Маш товчхон өмнө бид хэрхэн бүтээн байгуулж байсан тухай Баатар найруулагч ижий орныхоо бүтээн байгуулсан амьд гэрчээр дамжуулан сануулах гэж оролдож. Үнэхээр хагас зуун жилд бид бүтээн байгуулжээ. Гэтэл 1992 оноос хойш дээр дооргүй л хуралдсан, хэрэлдсэн л улс болж хувирч.
Гэтэл нэвтрүүлэгт хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров А. Филатова машинаа хүлээж зогсохдоо борооны усанд тоглож буй хүүхдүүдийг хараад тэднийг яаж бүгдийг халуун устай цэцэрлэгтэй болгох вэ хэмээн цурхиртал уйлж байсан тухай үзсэнээ ярьж байна билээ.
Хүний нас туйлын богинохон. С.Лувсангомбо гуай 95 наслахдаа 34 мянга 675 өдөр л амьдарсан аж. Гэхдээ энэ өдрүүдээс унтаад өнгөрүүлсэн бүтээх хүртэлээ туулсан өдрүүдийг хасахаар хэдэн өдрийг бүтээлд зориулсан бэ гэдэг асуулт дагуулна. Гэхдээ л энэ хүн амьдралынхаа ихэнх өдрийг нь бүтээж өнгөрүүлжээ хэмээн бодож суулаа.
Ийм үлгэр жишээг л үзүүлэн сануулах гэж Херо энтэртайнмэнтийн залуус Монголын агуу хүмүүстэй хамт Монголын агуу хүмүүсийн тухай “ Монголын ил товчоо” дархалжбуйг дэмжихийн учраа ийм нэгэн сэтгэлийн үг бичсэн болно.
Монгол эх орон минь хуралдагч, хэрэлдэгч улс биш, бүтээгч улс орон болох болтугай!