Өмнөх хэсгийг ЭНДЭЭС


  • Сэтгэлзүйн шарх гэж байдаггүй

Залуу: - За яах вэ. Тэгтлээ хүчтэй хамгаалж байгаа бол танаар наад яриаг тань тултал нь тайлбарлуулъя л даа. Бүр ерөөс гэж асуухад, детерминизм ба телеологи хоёрын ялгаа нь тэгвэл юу юм бэ?

Философич: - Жишээ нь, та ханиад хүрч халуураад эмчид үзүүлжээ гэе. Тэгтэл эмч “Та ханиад хүрсний шалтгаан нь өчигдөр нимгэн цамцтай явснаас болжээ” гэж хэлж. Одоо та эмчид үзүүлсэндээ сэтгэл ханах уу?

Залуу: - Юу гэж дээ. Ханиад хүрсний шалтгаан нь нимгэн цамц уу, бороонд норсон уу, ерөөсөө сонин биш. Асуудал бол одоо би халуураад өвдөөд хэцүү байгаа тэр зовиур биз дээ? Эмч юм бол эмээ бичдэг үү, тариагаа тарьдаг уу, ямар нэг мэргэжлийн арга хэмжээ авч эмчлэх л ёстой.

Философич: - Тэгтэл детерминизмийг баримтлах хүмүүс, жишээ нь ердийн сэтгэлзүйч, сэтгэл мэдрэлийн эмч нар зүгээр л “Таны сэтгэлийн зовлонгийн шалтгаан өнгөрсөнд байна” гэж хэлсэн төдий болоод, “Тиймээс танд ямар ч буруу байхгүй” гэхчлэн аргадаад л өнгөрдөг. Сэтгэлзүйн шарх (trauma) гэдэг яриа бол детерминизмийн маш түгээмэл жишээний нэг.

Залуу: - Түр хүлээгээрэй! Та дөнгөж сая сэтгэлзүйн шархыг үгүйсгэчхэв үү?
Философич: - Тууштайгаар үгүйсгэнэ.
Залуу: - Өө за за. Багш та..., бишээ тэр Адлер чинь ер нь сэтгэл судлалын хүн мөн үү?
Философич: - Адлерын сэтгэл судлалд сэтгэлзүйн шархыг тов тодорхой үгүйсгэдэг. Энэ талаараа маш шинэлэг, бас гойд гэж хэлж болно. Яах вэ, Фрейд урсгалд байдаг сэтгэлзүйн шарх гэсэн ойлголт сонирхол татахуйц гэдэг нь үнэн л дээ. Сэтгэлдээ тээх хөндүүр шарх (trauma) өнөөдрийн зовлон шаналалыг нөхцөлдүүлдэг гэж тайлбарладаг. Амьдралыг нэгэн урт “аялал” гэж харвал тэндээс тодрон харагдах “шалтгаан ба үр дагаварын холбоо”, драматик өрнөл гээд олон талаараа хүний сонирхлыг ховсдон татдаг.

Харин Адлер сэтгэлзүйн шархыг үгүйсгэхдээ ингэж өгүүлсэн байдаг. “Амьдралдаа үзсэн туулсан ямар ч туршлага нь тэр байгаагаараа амжилтын ч зовлонгийн ч шалтгаан болохгүй. Бид өөрсдийн туршлагаас үүссэн шок буюу сэтгэлзүйн шархны нөлөөнд шаналдаг юм биш, харин тэрхүү өнгөрсөн туршлагуудынхаа дотроос зорилгодоо нийцсэн шалтгийг л эрж хайдаг. Бид өөрийн туршлагаараа тодорхойлогддог бус, харин туршлагадаа оноосон утга учраар өөрийгөө тодорхойлж явдаг” гэж.

Залуу: - Зорилгодоо нийцсэн шалтаг эрж хайдаг гэнэ ээ?

Философич: - Яг тийм. Адлер “туршлага биднийг” бус, харин бид туршлагадаа утга учир оноож өөрсдийгөө тодорхойлдог гэж хэлснийг сайн анзаараарай. Жишээ нь, аймшигт байгалийн гамшигт нэрвэгдсэн ч юм уу, багадаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн зэрэг үйл явдлууд хүний зан чанарын төлөвшилд огт нөлөөлдөггүй гэж хэлэхгүй. Мэдээж хүчтэй нөлөөлнө. Гэхдээ чухал нь юу гэвэл, тэр үйл явдлууд шууд ямар нэгэн юмыг шийдэж тодорхойлдог уу гэвэл тийм биш юм. Харин бид өнгөрсөн цагийн тэдгээр туршлагадаа “ямар утга учир оноох вэ, хэрхэн түүнийгээ тайлбарлах вэ” гэдгээс хамаарч өөрсдийн амьдралаа тодорхойлж байдаг. Амьдрал гэдэг бол хэн нэгнээс эсвэл гаднаас оноогддог зүйл биш, хүн өөрөө сонгодог зүйл. Хэрхэн амьдрах вэ гэдгээ хэн ч бус тухайн хүн өөрөө л сонгодог.

Залуу: - Та тэгвэл манай найзыг өөрөө л дуртайдаа өрөөндөө бүгэж байгаа гэж хэлэх гээд байна уу? Эсвэл өөрөө л тэгж бүгэхийг сонгосон гэх нь үү? Энэ наргиа биш шүү. Өөрөө сонгосон бус хүчээр сонгуулсан юм. Найзад маань энэ сонголтыг хийхээс өөр арга байгаагүй!

Философич: - Үгүй дээ. Хэрвээ найз тань “Багадаа гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн учраас л нийгэмтэй зохицож чадахгүй байна” гэж боддог гэвэл, тэр нь түүний дотор тэгж бодмоор байгаа “зорилго” байна аа гэсэн үг.

Залуу: - Ямар зорилго байна гэж?

Философич: - Ямар ч байсан “гадагшаа гарахгүй” гэсэн ойрын зорилго байгаа байх. Гадагшаа гарахгүйн тулд айдас тавгүйтлийг төсөөлөн бий болгодог.

Залуу: - Харин яагаад гадагшаа гармаагүй байна гэж? Гол нь тэр биз дээ?

Философич: - Та тэгвэл өөрийгөө аав гээд бодоод үз дээ. Хэрвээ хүүхэд тань өрөөндөө бүгээд байвал та яах вэ?

Залуу: - Тэгвэл мэдээж санаа зоволгүй яах вэ. Яавал буцаад нийгэмших бол, яавал буцаад сэргэлэн цовоо болох бол, миний хүмүүжүүлэх арга буруу байсан юм болов уу гээд янз бүрээр л нухацтай бодох байх. Тэгээд буцаж нийгэмшүүлэх талаар бүхий л арга хэмжээг авна даа.

Философич: - Ээ яг наана чинь л асуудал байгаа юм.
Залуу: - Хаана?
Философич: - Гадагшаа гарахаа болиод өрөөндөө л бүгээд байвал эцэг эхийн санаа зовно. Тэгснээр тэдний анхаарлыг өөртөө татна. Өөртэй нь яг л нүдний цөцгий мэт нандигнан харьцана. Эсрэгээрээ гэрээсээ ганц алхам л гадагшаа гарвал хэний ч анхааралд өртөхгүй “байдаг л түмний нэг” болж хувирна. Танихгүй хүмүүс дунд орсон хэний ч танихгүй БИ, эсвэл бүр бусдаас дорд муухай БИ болж хувирна. Тэгээд хэн ч намайг онцгойлж эрхэмлэхгүй... Энэ бол гэртээ бүгдэг хүмүүс дээр түгээмэл тохиолддог шалтгаан.

Залуу: - За тэгвэл багш таны логикоор бол миний найз зорилгодоо хүрсэн бөгөөд одоо байгаадаа сэтгэл хангалуун байгаа байх нь ээ?

Философич: - Сэтгэл хангалуун ч биш, аз жаргалтай ч биш л байх. Гэхдээ л зорилгоо дагаж үйлдэж байгаа нь бол эргэлзээгүй. Ер нь тэр залуугаар ч тогтохгүй, бид нар бүгдээрээ ямар нэгэн зорилгод хөтлөгдөн амьдарч явдаг. Үүнийг телеологи гээд байгаа юм.

Залуу: - Аа яа яа, наадах чинь ёстой яагаад ч хүлээн зөвшөөрөх аргагүй яриа байна. Ерөөсөө миний найз бол...

Философич: - Хоёулаа найзын тань талаар ингээд яриад байвал мэтгэлцээн маань огтлолцохгүй, байрандаа л байгаад байх шинжтэй. Эзэн нь байхгүй шүүх хурал ямар сайн байх вэ. Өөр жишээ гаргаж яривал яасан юм бэ?

Залуу: - Тэгвэл ийм нэг жишээ байж болох уу? Дөнгөж өчигдөр надад тохиолдсон явдал байгаа юм.

Философич: - Бололгүй яах вэ. Дуртайяа сонсъё.


  • Уур бол зохиомол

Залуу: - Өчигдөр үдээс хойш, цайны газар ном уншиж суутал нэг зөөгч хажуугаар өнгөрөхдөө цамцан дээр минь кофе асгачихдаг байгаа. Аваад удаагүй шинэхэн цамц байсан юм. Өөрийн эрхгүй уур хүрээд тэрүүгээр нэг загнаж гарсан. Ердийн үед бол би тэгж олон нийтийн газар чанга чанга дуугараад байдаггүй л дээ. Харин өчигдөр л тэр газрыг доргитол чанга дуугаар уурлаж орхисон. Уурандаа өөрийгөө барьж дийлэхээ больсон гэх үү дээ. За тэгэхээр энэ жишээн дээр юу гэмээр байна даа? “Зорилго” энэ тэрийгээ хавчуулах завсар байна уу? Энэ бол яаж ч бодсон “шалтгаан”-аас үүдэлтэй үйлдэл мөн биз?

Философич: - Өөрөөр хэлбэр та уурын эмоцод дөрлөгдөн хөтлөгдөөд, өөрөө ч мэдэлгүй орилж хашгичсан. Ердийн үед бол тогтуун дөлгөөн зантай байтал, уураа барьж дийлээгүй. Өөрт тань ямар ч уураа барих боломж байгаагүй. Та тэгж хэлж байна уу?

Залуу: - Тийм ээ. Бодох ч сөхөөгүй шууд л дүрэлзээд явчихсан.

Философич: - За тэгвэл ингэж төсөөлье. Өчигдөр та биедээ мэстэй явж байсан гэе. Тэгээд гэнэт тэсрэхдээ үйлчлэгчид мэс хүргэн гэмтээчихжээ. Тэр үед ч бас “Надад ямар ч өөрийгөө барих боломж байгаагүй” гээд хийсэн хэргээ өмгөөлж чадах уу?

Залуу: - Наад..., наадах чинь бол арай туйлширсан жишээ байна.

Философич: - Туйлширсан юм биш ээ. Таны логикоор тунгаавал, уурандаа дөрлөгдөж үйлдэгдсэн бүх гэмт хэрэг уурын эзний хариуцлага биш “уурын л буруу” болж таарах гээд байна. Та сая, хүн уурын эмоцыг барьж чадахгүй гэж айлдсан шүү дээ.

Залуу: - Тэгвэл та миний уурыг хэрхэн тайлбарлахсан бол?

Философич: - Маш амархан. Та “уураасаа болж чанга чанга хашгичсан” биш юм. Харин “Чанга чанга хашгичихын тулд уурласан”. Өөрөөр хэлбэл, хашгичих гэдэг зорилгодоо хүрэхийн төлөө уурын эмоцыг үүсгэсэн гэсэн үг.

Залуу: - Юу гэнэ ээ?

Философич: - Танд чанга хашгичих гэдэг зорилго эхлээд байсан. Нэг ёсондоо, чанга хашгичин загнаснаар алдаа гаргасан үйлчлэгчийг өмнөө бөхийлгөж, өөрийнхөө үгэнд оруулахыг санаархсан.Түүнийхээ арга болгож уур гэдэг эмоцыг зохиомлоор гаргасан байна.

Залуу: - Зохиосон гэнэ ээ? Би тоглоогүй шүү!
Философич: - Тэгвэл яагаад чанга хашгичсан юм бэ?
Залуу: - Харин тэгээд гэнэт тэсэрсэн байхгүй юу.
Философич: - Үгүй ээ. Заавал тэгж хашгичилгүйгээр, эвтэйхэн тайлбарлаж хэлсэн бол үйлчлэгч ойлгож уучлалт гуйх л байсан байлгүй. Цэвэрхэн алчуураар хувцсыг тань арчаад, авах ёстой арга хэмжээг ном журмаар нь авах л байсан байлгүй. Тэгээд ч та тэгж өгнө гэдгийг сэтгэлийнхээ мухарт тааварласан л байж таараа.

Тэгсэн хэрнээ л та том дуугаар хашгичсан. Эвтэйхэн тайлбарлаж хэлэхээс залхуурч, ямар ч эсэргүүцэлгүйгээр шулуухан шиг өмнөө бөхийлгөхийг зорьсон. Тэгээд тэр зорилгодоо уур гэдэг багажийг ашигласан.

Залуу: - За больж үз. Би тийм ч амархан хууртахгүй шүү. Үйлчлэгчийг бөхийлгөх гэсэндээ уурласан гэв үү? Баттай хэлэхэд, надад тийм юм бодох ганц секундийн ч сөхөө байгаагүй юм шүү. Би тэгж бодож бодож уурласан юм биш. Уур гэдэг чинь гэнэт гарч ирдэг эмоц биз дээ?

Философич: - Тийм ээ, уур бол эгшин зуурын эмоц. Ийм нэг яриа байдаг. Нэгэн ээж охиноо чанга дуугаар хашгичин загнаж байжээ. Тэгтэл гэнэт утас дуугарч гэнэ. “Байна уу?”. Сандран харилцуур авсан ээжийн хоолойноос уурын эмоц бага зэрэг цухалзсаар байв. Тэгтэл утасны цаадах хүн нь охиных нь ангийн багш байж гэнэ. Түүнийг таньсан ээж тэр дороо хоолойгоо засаж, боловсон гэгчээр бараг таван минут хэртэй ярьж дуусаад харилцуураа тавьжээ. Тэгснээ тэр дороо царай нь хувираад охиноо үргэлжлүүлэн загнаж гарсан гэдэг.

Залуу: - Тийм ээ. Байдаг л яриа байна.

Философич: - Ойлгохгүй байна гэж үү? Нэг ёсондоо уур гэдэг бол хурааж гаргаж болдог багаж юм шүү дээ. Утас дуугарангуут гялс далд хийгээд хураачихна. Тэгээд утсаа тавихаараа буцаагаад гаргаад ирнэ. Энэ ээж уураа барьж дийлэхгүйдээ хашгичаад байгаа юм биш. Зүгээр л чанга хашгичиж охиноо дарамтлах гэсэндээ, тэгснээр өөрийнхөө үгэнд оруулах гэсэндээ уурын эмоцыг ашиглаж байгаа юм.

Залуу: - Уурыг зорилгодоо хүрэхийн төлөөх хэрэгсэл гэв үү?
Философич: - Телеологи гэж үүнийг хэлээд байгаа юм.
Залуу: - Аа яа яа багш минь, та чинь наанаа зөөлөн энэрэнгүй хүний баг зүүчээд, цаанаа бол аймшигтай нихилист (үгүйсгэх үзэлтэн) хүн байна шүү! Уурын яриа ч тэр, манай найзын яриа ч тэр, бүх номлол тань хүмүүст үл итгэсэн үзлээр дүүрэн цэлэлзэж байна!