Бид голын эхэнд амьдардаг үндэстэн. Онон, Хэрлэн, Сэлэнгийн адгийг үзээгүй. Ононг газрын зураг дээр хөөгөөд байхад Амар гэдэг томоо мөрөн болж цэлийгээд гадаад далай тийш одсон байна. Амар мөрний адаг жаахан булингартай боловч усаар халгиж цалгиж тэнд даруй далан сая Орос, Хятад, Солонгос үндэстэнг ундаалдаг.
 Өмнөговь орж чадалгүй шургачихдаг манай Онгийн гол шиг бол тэнд, Амар мөрөнд ийм олон хүн амьдарч чадахгүй. Том мөрөн голын адагт соёл иргэншил, улс гүрэн, хот балгад үүссэн. Ус бараадах, бүр их ус бараадах амьдрал одоо ч эрхэм асуудал хэвээрээ байдаг. Түүнээс гадна хүний хөгжил, оюун ухаан энэ олон үе удам, нийгмийг дамжин ирэх явцдаа усыг эрхшээлдээ оруулж, усыг басч байсангүй. Судлах тусам улам ойлгомжгүй болоод байдаг шинжлэх ухааны салбар бол ус гэдэг.
Өнөөдөр хүмүүсийг түгшээж буй айдсын тэргүүн эгнээнд усны хомсдол гээч асуудал явж байна. Дэлхий дээрх хуурайшил, ган, зуд, цөлжилтийн цаад нууц ноён тун ялдамхан мяралзан цэлэлзэх нь аймшгийн киноны гол баатрыг санагдуулна.
Усны эхэнд суугаад голын урсгалыг ажиглаж байхад мөнхийн хөдөлгүүр гэгчээр өдөржин шөнөжин өвөлжин зунжин шоржигноно. Ус мөрөн байнга л ийм байх юм шиг хэн хүнгүй боддог байлаа. Дуулдаг байлаа. Шүлэг бичлээ. Тэгээд одоо хартал дуу шүлгэнд орсон гол ус маань урсаад дуусчихжээ. Улаан цутгалангийн хүрхрээ гэхэд уйлах  нулимс нь хүртэл ширгэж тоос манарна. Ус газрын өөд урсахгүйгээс хойш манай орны нутаг дэвсгэр дээр удаан тогтох үндэслэл байхгүй. Одоо улам ширгэж хатингаршаад байгаа үлдсэн хэдэн гол маань урсаад дуусчих юм биш байгаа гэж бодохоос дотор муухайрч, гол харлаад байх юм.
Хойд ба Номхон далайд дусал нэмэр болж мөрөн гол минь очдог. Хариуд нь тэндээс тэвэр үүл ч нүүж ирэхээ больчихлоо. Өөрөөр хэлбэл манай экспортийн гарз нээгдээстэй, импортын орлого хаагдаастай. Ийм байдал цаашид улам нэмэгдэх хандлагтай байна. Туул голын усыг нэмэгдүүлэх ямар ч боломж байхгүй. Уул овоо тахих нь өөрийнхөө сэтгэлийг хуурч байгаа болохоос лус савдагт тэр авилга очдоггүй юм.
Төв Азийн өндөрлөг бүс дэх чийг явуулын олз омгон дээр тулгуурладаг. Хаа нэгтэйгээс ирсэн тэнэмэл үүлийг Хордил Сарьдагийн орой дороос ярж бороо цасыг нь сулладаг. Үүлнээс буусан хур уулын жалгаар уруудан, томогдон сүлжигдэхийг бид гол горхи гэх агаад, үүлгүй цэлмэг болохоор нь ховог сайр хэмээдэг. Монгол дахь голууд дотроос ганцхан Эгийн гол л Хөвсгөл гэдэг далай ээжийгээ хөхдөг. Бусад нь бүгд угжны хүүхдүүд. Тийм байгаа биздээ. Угж алга болмогц Бадын гол, Цэнхэрийн гол, Тогосын гол гэсэн хоосон жалган дээр тавьсан гүүрний хаягнууд болчихсон.
Байдал улам таагүй тал руугаа явж байгаа нэг аюул бол гол мөрний ус нэмэгдэж мэдэхээр байна. Мухар олгой гэдсэндээ хагараад өвдөхөө больчихлоо гэдэг шиг өндөр уулын нуур цөөрөм эрэг саваа дүүргэн халих гэж байна. Энэ бол гадаргын ус нь шавхарч дуусаад эцсийн араандаа орж гүнд байдаг мөнх цэвдэг хайлж буйн шинж. Мөнх цэвдэг хайлаад дуусчихвал манай орны нутаг дэвсгэр Сахарын цөлөрхүү болох төрхөндөө эргэлт буцалтгүй явна. Дахиад мөнх цэвдэг болон гүний ус хуримтлагдан бий болохыг хүний хэд хэдэн үе үзэхээргүй их хугацаа, хүлээлт юм даа.
Тэгэхээр ус голоо хамгаалах нь эх орноо дайснаас хамгаалахаас илүү чухал асуудал болчихоод байна. Эх орноо хамгаалахын тулд зарцуулсан сүүлчийн дусал цусны найрлагын 99 хувь нь ус л байдаг шүүдээ.
Энэ жил улсын тэргүүний тариаланч цол авсан Баянхонгор аймгийн Бууцагаан гэдэг говийн сумын ногоочин Д.Батгэрэлийнд тэр жил очиж билээ. Тэднийх их олон жилийн өмнөөс л тариа ногоо эрхэлдэг айл байсан. Сар шинийн өмнө тэргүүний тариаланч болсныг дуулаад нүдээ олсон шагнал болж гэж бодож байв. Энэ айлын байшингийн дээврүүд нь хавтгай өргөн талбайтай , тэгээд цорготой, цорго нь явсаар байгаад том усан санд холбоостой байсансан. Говь хээрт хаа нэгтэй галзуу юм шиг ордог хурын усыг тэднийх ийн тосч аваад хожим бага багаар нь талбайдаа цацаж ургацаа ургуулдаг юм билээ. Хэдхэн байшинийн дээврээс авсан ус дараагийн бороог иртэл элбэг хүрдэг тухай ярьж байсан.
Ноднин Алтайн цаад говь дахь Эхийн голд явж байлаа. Эргэн тойрон ус байтугай үүл заяалгүй арван хэдэн жил болчихдог цөлийн ангамал хөрсөнд дээр томоо гэгчийн сайхан нуур цэлэлзэж байх юм. Нуурыг тойроод ой шугуй найган ганхаж, өвс халиуран, тариа ногоо тарьжээ.Үдэш нь тэнгэр бүрхэж удалгүй шиврээ бороо намиран солонго татна. Эхийн голоос гараад нэг километр явахад хязгааргүй хайрган цөл үргэлжлэнэ. Эндхийн нуур яагаад говийн агруу хуурай дээр ширгэхгүй байгаад байдаг юм бол гэж асуутал тэд хонхор газар гялгар цаас дэвсчихсэн юм билээ. Байгальд хог болоод байгаа гялгар ууттай адил нийлэг эд хямдхан бүтээгдхүүн. Түүнийг нааж зүйсээр байгаад хонхрыг битүүлчихдэг юм байна. Тэгэхээр хонхрын ус доошоогоо үл ширгэх бөгөөд бороо цасны ус нэмэрлэн улам арвижина. Гялгар уутан дээр мал ороод цоочихгүй бол хэдэн зуун жил гээгүй байгаадаа. Мөд ялзардаггүй гэнэ шүү. Очоод нуурын хөвөөний элсийг яраад үзтэл дор нь гялгар уут дэвсээстэй байв.
Нэмэгдхүүний байрыг сольсон ч нийлбэр хэвээрээ байдаг томьёоны дагуу урсаад одсон гол мөрөн энэ гаригаас гараад явчихдаггүй байх. Зарим газар ус нь ихдээд заримд нь болохоор сох дутаагаад энэ тэнгэр хангай бүр уймарчихсан цаг үед бид амьдарч байна. Удтал хүлээсэн бороо нэг л өдөр палхийтэл ороод үер усны гамшиг тарьж өгөөд арилна. Бороо ирж л таараа. Ирсэн дээр нь дор бүрнээ хувин ч болтугай тосон авч үлдэх асуудал бол амьдралаас урган гарч буй проблем болжээ.
Төр сүүлчийн мөнгөө шавхаж байж усан сан байгуулахгүй бол Монгол орон цангахаар болчихлоо. Хүмүүс яагаад энийг анзаарахгүй байна вэ? Хүмүүс тоомжиргүй байгаа болохоор төр засгийн тулгамдал усан дээр төвлөрч өгөхгүй байна. Туул голыг бүрмөсөн ширгэхийг хүлээгээд байгаа биш юм бол хувин ус хаанаас олохоо эртхэн шиг хайж баймаар байна.
Энэ янзаараа хэдэн жил болвол Улаанбаатарыг Хөвсгөл нуур руу нүүлгэхээс өөр гарц олдохгүй.
Хэрэв та Бээжин рүү нисэх онгоцоор зорчвол доошоо цонхоор хараарай. Хянганы нурууны бүх ам жалгыг цементлэн боож усан сан хийсэн харагдана. Бодвол их л хөрөнгө хаяа биз. Гэхдээ усгүй бол алт байгаад хэрэггүй. Алтыг хүртэл усны хүчээр олдворлодог. Гол ус урсахыг хараад хармын сэтгэл төрөөд байх юм.