ЗӨГИЙ ба БУРХАН

Зөгий нь цэцгэн дотроо
Цэцэг нь хашаан дотроо
Хашаа нь газар дотроо
Газар нь хот дотроо
Хот нь Япон дотроо
Япон нь ертөнц дотроо
Тэгээд, тэгээд бурхан нь
Жижигхээн зөгийн дотроо
 
Канеко Мисүзү
 
Энэ зууны хоёр мянга арван долоон оны намрын нэгэн бороотой өдөр гэрээсээ гарч ирэхэд манай хамар хашаа Дашчойлон хийдэд босож байгаа Майдар бурханы сэрэг дүрийг бүтээж буй ажил урд шөнө нэлээд явчихсан харагдана. Өнөөдөр бороотой болоод хүмүүс ажиллаагүй бололтой хажуугаар нь сэрийлгэн босгосон төмөр шат дунд  Хүрээ Майдар бурхан зүүн урагш харан сууж байх нь сүртэй үзэгдэнэ. Зэс хөөмлөөр эхэнд нь тааруулж хэвлэсэн хэсгүүдийг угсарч байгаа бөгөөд дуусгаад гаднах сүмийг нь барихаар орхисон тул ил харагдана.
 
Хүрээ Майдар бурханыг анх 1834-1837 оны хооронд бүтээжээ. Гэвч бурхан шашныг дарж хэлмэгдүүлэлтийн ид оргил, бараг төгсгөл үед буюу 1942-1943 онд нурааж устгасан байдаг. Хуучин бурхан нь долоон алд буюу 50 тохой өндөр байжээ. Харин одоо босгож буй   Майдар бурхан нь 23 метр өндөртэй болох аж.
Сүхбаатар кино 1942 онд хийгдсэн бөгөөд тэр киноны дүрсэнд Хүрээ Майдар үлдсэн байдаг. Сүхбаатар кинонд ховдог Гомбо Хүрээ Майдарын өлмийнд нь зоос тавьснаа хөлийг нь тоншиж үзээд хөндий юм байна гээд өлмийнд нь тавьсан зосоо эргүүлж аваад эргэж залбираад гардаг .

Энэ бол жинхэнэ бурханы өмнө авсан зураг юм. Магадгүй дараа жил нь устгагдсан байх. Сүхбаатар кино нь оросын уран бүтээлчид давамгайлсан кино бөгөөд ЗХУ-ын Ташкентын “Цокс”, Ленинградын “Ленфильм” студи /Зохиогч: Б.Лапин, А.Г. Зархи, И.Е. Хейфиц, З.Л. Хацревин, Найруулагч: А.Г. Зархи, И.Е. Хейфиц Зураач: А.Босулаев, Лувсангийн Гаваа жүжигчдийн ч ихэнх нь оросын жүжигчид тоглосон орос зохиолчтой, орос найруулагчтай орос голдуу гол дүрийн жүжигчидтэй  орос кино юм.
 
Хүрээ Майдар хуучин зүүн хүрээний үлдсэн хэсэг болох Дашчойлон хийдэд өмнө нь байсан гэх бөгөөд хамба лам Дамбажав хуучин янзаар нь дахин бүтээх хүсэлтэй буйгаа бараг 1990 оноос шахуу зарлан хандив цуглуулсан бөгөөд эдүгээ босч байгаа нь энэ бөлгөө.

Би тамхиа асааж зуугаад америк цэргийн ногоон хүрэмнийхээ юүдэнг бороо халхалж нөмрөөд нойтон газар ширтэн шиврээ бороон дундуур яаран алхаллаа.
Энэ өдөр хүүхдийн хичээл эхэлж буй есөн сарын нэгний өдөр байлаа. Тэнгэр бүрхэг энэ зунжин хүлээсэн бороо оройтон орж байгаа нь энэ. Сүхбаатарын талбайн баруунтаа байх Бодь цамхагийг чиглэн алхсаар тулж ирэв. Би гартаа нэг багахан цүнх бариад  арын хаалгаар орж уужим хөлийн өрөөнд нүдээрээ хүн хайж хэсэг зогсов.

Нэлээд уужим хөлийн өрөөнд байх агаад “Coffe shop” хэмээн англиар бичсэн уушийн газрын хаяг улаан өнгөөр гэрэлтэх нь эхлээд нүдэнд туссан болохоор тийш орж кофе захиалчхаад утсаа гарган Лувсанвандан сангийн гүйцэтгэх захирал Ширчингийн Сүхбаатарлуу залгав.

Түүнийг би нэлээд эртнээс мэднэ. 1990-ээд онд Ардын эрх сонинд сэтгүүлч тоймч хийж байгаад Улсын Ерөнхий прокурорт Тамгын газрын даргаар дэвшээд алга болсон. Ахиад Өдрийн сониндоо ирчихсэн л тууж явсан. Дахиад л Хууль зүйн дэд сайд энэ тэр хийгээд сэтгүүлч хуульч хос мэргэжлээрээ сэлгээд яваа дуулддаг. Тэр үзэгдэх өнгөөрөө “дарга” даамал ч дотоод сэтгэлдээ яруу найрагч, сэтгүүлч хэвээрээ болов уу хэмээн боддог юм би бээр.  Сүүлийн үед Лу. Болдын номыг бичих явцад түүнтэй ойртож эхэлсэн юм.

“Кофегоо аваарай” гэх дохио улаан гэрэлтэй бяцхан дугараг бор төхөөрөмж гэрэлтэн чичрэх тэр агшинд шилэн хаалгаар эртнээс радиод ажилсан яруу найрагч Данзангийн Нямаа орж ирж надтай гар бариад мөн кофе захиалаад ширээнд суулаа.

Би Сүхбаатарын ярианаас яруу найрагч Данзангийн Нямаа бид 3 хамт нэг машинаар Баянхонгор явах юм байна гэдгийг мэдэж авлаа.

Төдөлгүй Дан Нямаатай хамт кофе ууцгааж ойр зуурыг ярилцах явцад ганц Нямаа ч бус Баянхонгор нутгийн гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам, “Ану хатан” кинонд гол дүрд тоглосон филармонийн дуучин Д.Отгонжаргал, мөн хонгор нутгийн дипломатч, япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар зэрэг хүмүүс бидэнтэй хамт явахыг олж мэдлээ.

Бас Дан Нямаа маань өөрийнхөө эрхлэн гаргаж буй “Улирал ба Зохиолчид” сэтгүүлийнхээ шинэ дугаарыг надад өгөөд кино зохиол тэргүүтэн байвал нийтэлж болно шүү гэв. Сэтгүүлийг эргүүлж харж байтал Японы яруу найрагч Канеко Мисүзүгийн “ЗӨГИЙ ба БУРХАН” шүлэг ихэд таалагдав.

Бид хоёр хуучин нэг тогооноос хоол идэж байсан үе буюу тэр радиод би телевизэд байсан үеийн үйл явдлаа дурсан ярьж суутал нэг их ч удсангүй бүгд цуглаж гадаа байх таван жийп машинд тарж суугаад “Хувьтай хүмүүс хур борооноор ...” хэмээн ам амандаа шуугилдсаар таван хар машин цувран хөдлөв.

Гурван сэтгүүлч зохиолч нэг машинд таарсан тул ихэд олзуурхан Ш.Сүхбаатараас ХХ зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн 85 насны ойн хүрээнд ямар хөтөлбөртэй явааг лавлаж асуув. Өнөө орой аймгийн төв ороод буудалд унтана, маргааш ном Соёлын өргөөнд “Сономын Лувсанвандан” баримт бичгийн эмхтгэл хоёр боть номын нээлт болно. Энэ ботиуд бүхэлдээ их эрдэмтний ажил төрөл, бүтээл туурвилд холбогдох баримтын эмхтгэл. Тэр нь зөвхөн   түүнд холбогдох баримт биш харин Монголын ном, соёл, урлаг, гоо зүй судлалд хамрагдаж байгаа тул судалгааны эргэлтэд оруулж байгаа юм.

Дараа нь С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын байранд баярын хурал концерттой. Нөгөөдөр гол наадмын өдөр С.Лувсанвандан гуайн төрсөн Их богдын хаяа Богд суманд их нас, соёолон насны морьдын уралдаан, 64 бөхийн барилдаан, шагайн харваатай. Дараа өдөр нь Их богд хайрханы оройд гарч хаалтаа хийж ёслол үзүүлээд маргааш нь хот руу эргэж хөдөлнө гэсэн хөтөлбөр танилцуулав.  Ойн ёслолд эрдэмтний үр хүүхэд, ач зээ, ах дүү төрөл садан, ангийн нь охин, шавь нар, уншигчдын төлөөлөл, номын хорхойтнууд, эрдэмтэд, зохиолчид уригдсан гэлээ.
 
Ингээд бид Баянхонгор аймгийн зүг 640 км зам туулахаар шиврэн орох бороо сөрөн таван хар жийп машин хоорондоо богино холбоогоор дохио өгөөд цувран хөдөллөө.

-Сүхээ ер нь Болд гишүүнтэй хэр удаан хамт яваа юм бэ?
-Өө Батлан хамгаалахын сайд байх үеэс ...
-Албан ёсны арга хэмжээнээс гадна чи энэ урт замд энэ нөхрийн тухай жоохон яриад орхиоч. Одоо Баянхонгорт аавынх нь төрөл садан байна уу?
-Байлгүй яахав.  Лувсанвандан гуайн төрсөн дөрвөн дүү хүүхэн нь байгаа. С.Пагам, С.Цэдэвхүүхэн, С.Галтмай, С.Бямбаа гээд. Эднийхэн их олуул юм билээ. Тэд Өлзийт, Жинст, Баянлиг сумдаар өнөө ч нутагласаар байна.  Соном гуайн найман хүүхдийн хүүхдүүд, ах дүүс гээд 100 гаад хүн уригдсан. Ихэнх нь эндхийн малчид даа.  Маргааш харнаа.
-Энэ бороо гайгүй байгаа наадам борооноор болбол ч дээ...
-Богд сум говь уруугаа гайгүй байгаа... Харин маргааш өглөөнөөс оройн долоо хүртэл тог байхгүй гэнэ дээ. Сая цэргийн анги руу ярьж 380-ын станц зохицуулж байна. Манай гишүүн батлан хамгаалахын сайд байхдаа нутагтаа Зэвсэгт хүчний 339-р ангийгбайгуулсан юм. Бүтээн байгуулалтын зориулттай цэргийн анги л даа.
-Өө тийм үү? Бас нэг түрк гутлын тухай сонссон ...?
-Манай хүний Батлан хамгаалах яаманд сайдаар очоод хийсэн ажил их л дээ. Туркийн Батлан хамгаалахын тусламжаар цэргийнхээ 3 жилийн нормын гутлыг хийлгэж билээ. -40 градусын хүйтэнд хөлддөггүй, халуун зун шивэрт дэггүй тийм гутлыг зориуд Монголынхоо нөхцөлд тааруулан хийлгэсэн юм. Сайд байхдаа армийг бүрэн хангасан юмшдээ. Цэргүүд өнөө ч чанартай сайн гутал гэцгээдэг л юм. Ганц гутал ч бишээ. Анх шингэн саван шампунь манай даргын үед цэргүүд хэргэлж эхэлсэн,бас одоо өмсөөд байгаа цагаан саарал ёслолын хувцас китель энэ тэрийг бүр Пиер Карденаар загварыг нь хийлгэж, маш сайн материал олж сонгуулж хийлгүүлсэн бас одоо хээрийн гээд өмсөөд байгаа алаг эрээн хувцсыг дижитал даавуугаар хийлгэж анх тийм хувцастай болгосон …гээд зөндөө юм хийсэн юм. Чи өөрөөс нь асууна биз. Анх манай хүнийг очиход манай батлан хамгаалах арми ердөө хоёр тэрбумын төсөвтэй газар байсан юм шүү дээ.
-Арай ч дээ бүхэл бүтэн Монголын  арми уу?
-Харин тийм гурван жил хагас сайд хийгээд буухад 27 тэрбумын төсөвтэй болгож чадсан. Бараг мянгаад айлын орон сууц барьсан. Бүр төсвийн тодотголоор 10 тэрбум нэмүүлэх гэж өөрөө огцорно засгийг тараана гэж хүртэл үзэж байж анхны 300 айлын орон сууц бариулах хөрөнгийг гаргуулж байсан гээд зөндөө ажил хийсэн хүн шүү дээ.
-Тусгай салаа гэж нэг олон ангит кино анх гарч тэрийг бас санаачлан санхүүжүүлснийг бол би мэднэ. За дараа өөр бүлэгт энэ тухай уулзаж байж яриулаад оруулнаа. Аймгийн театр бас С.Лувсанвандангийн нэрэмжит гэхээр танай гишүүн бариулсан юм уу?
- Сономын Лувсанвандангийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 2005 оны 7 сарын 6-ны өдрийн Засгийн газрын 153 тоот тогтоолоороо Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг түүний нэрэмжит болгосон юм. Өнөө жил   40 жилийн ойгоо тэмдэглэсэн. Театрыг өнгөтэй өөдтэй болгоход “Лувсанвандан” сан хагас тэрбум шахуу төгрөгний ажил хийж өгсөндөө. Хөгжимт драмын театрын нүүрэн талын болон их засварын ажлыг санхүүжүүлсэн төдийгүй гэрэлтүүлэг, техник хэрэгсэл хандивлаж хүүхдийн “Тэмүүжин” чуулгыг хөгжим, тоног хэрэгслээр хангасан гээд тоочвол ч юм бий шүү. Театрын өмнө их эрдэмтний хөшөө ч сүндэрлэж байгаа.
-Баянхонгороос чинь за манай үеийнхнээс Г.Аюурзана манай энэ Дан Нямаа, Д.Сосорбарам дээшлээд Т.Галсан гуай, хүрэн морины Ч.Лхамсүрэн, нэрт эрдэмтэн Шадавын Лувсанвандан ...өөр?
-Гончигсумлаа гуай, Бирваа гуай, Сангидорж...бидэнтэй яваа Отгонжаргалаа мартаж өөр хэн байдаг юм... гэсээр бид ам халан шуугилдаж хар жийп маань өмнөө зурайх цардмал нойтон замаар ус үсчүүлэн давхисаар...

Цонхоор жирэлзэн өнгөрөх намар цагийн байгалийг харахад С.Лувсанвандан гуайн бичсэн 9 боть номын 5-р боть болох утга зохиолын тухай хэсэгт Д.Нацагдоржийн шүлгийн холбоцод хийсэн зарим ажиглалт хэмээх нийтлэлд дурдсан хэсэг санаанд бууна.


Хэнтий Хангай Соёоны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн шарга номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон гэж
эхний бадаг бөөгийн дуудлагын

Гал могой ташууртангууд
Галзуу чонон хөлөгтөнгүүд
Хүний махан хүнстэнгүүд
Хүрэл чулуун зүрхтэнгүүд
гэсэн бадагтай ойролцоо төгсгөл холбоцоор төрөл болгосон юм гэж баталсан байдаг тухай бодож явлаа.

Бид элдвийг ярихын дундуур би ч бас ажлаа бодож Болд гишүүний тухай асуулт  хавчуулан хариу авсаар харуй бүрий болж байх үед Баянхонгор аймгийн төв харагдаж эхлэх  үед өмнөөс цэргийн ангийн хоёр машин тосч биднийг угтан аваад дагуулан Ардын армийн 339 р анги буюу Болд батлан хамгаалахын сайд байхдаа байгуулсан ангид бидний  10 хүн бууж, халуун хоолоор дайлуулж, ярьж хөөрч нэлээд суугаад аймгийн төвд байх “Сөүл” хэмээн буудалд ирж бууцгаалаа.
Энэ буудлыг хариуцдаг эмэгтэй Солонгост ажиллаж байсан бас тэндээс амьдралаа залгуулсан болоод нөхөртэй гээ хамжиж босгосон зочид буудал, ресторан, халуун тогооны жижиг мухлаг бас кофе шоп жижиг дэлгүүр бүхий үйлчилгээтэй дэн буудлаа  Сөүл хотын нэрээр нэрлэсэн ажээ.Түүний нөхөр Ширмэн Баянхонгор аймгийн  Ардчилсан намын дарга ажгуу.

Маргааш өглөө нь хамт нэг өрөөнд нэлээд ярьж байж оройтож унтсан яруу найрагч Дан Нямаа намайг дагуулан хотын төвийн хойхно байх Мазаалай цэцэрлэгт хүрээлэнд очиж нутаг орныхоо тухай танилцуулав. Өмнө нь би зурагтаар Баттулга 2016 оны сонгуульд нэр дэвшиж байхдаа хаалтаа хийж байсныг харсан тэр усан сан бүхий цэцэрлэгт хүрээлэнгээр нутгийн яруу найрагчийн ярихыг сонсож явлаа.

-Энэ Паркийг хэн барьсан юм?
-Жаргалсайхан гэж засаг дарга байсан нөхөр Ширмэн хоёрын л хийсэн ажил. Тэгээд өнгөрдөг УИХ ын сонгуулиар ч хачин юм их болсон доо. Баттулгаасаа эхлээд л бүгд ташраараа унацгаасан. Энэ Жаргалсайхан чинь бидэнтэй хамт яваа Сосорбармын дүү юм шүү дээ.
-Өө тийм үү?Догмид гэдэг овог чинь өвөөгийнх нь нэр гэсэн байхаа?
-Тийм хар Догмид гэж хүн байсан юм. Гавъяат энэ тэр болсон хойно жинхэнэ эцгээрээ овоглох яриа гарсан ч манай хүн хавьтуулаагүй юм гэсэн. Өвөө дээрээ л хүн болсон хүн дээ. Манай голын юм шүү дээ.
-Би ч Драмын театрт байхаас танина л даа. Илүү сартай зунд тоглох гэж бөөн хөгтэй юм болсон юм шүү дээ. Талийгаач Доржсамбуу даргатай муудалцаж театраас гарчихаад боож үхнэ гээд Нүхтрүү явж манай шог зураач Цогтбаяр архи цутгаж унагасаар байж өнгөрөөсөн гэж ярьдаг юм.
-Холионо шүү дээ. Дунд сургуульд байхын л үдэшлэг энэ тэр хөтөлдөг тасархай бас задгай нөхөр байсан одоо ч хэвээрээ л харагдах юм. Манай хөдөөд улстөржинө гэж баллаад өгнө шүү дээ. Манай сумын намууд гэж нэг өгүүллэг байдаг даа яг тэр чинь...хэмээн ярьж явтал зочид буудлын хоолны танхимд манайхан цуглаж байна гэж утастсан тул бид хоёр цэцэрлэгт хүрээлэнгээс гарч буудлын зүг алхав.

Бид хоёрыг буудалдаа хүрч очиход Болд ирчихсэн өрөөндөө Сосорбарам, элчин сайд Хүрэлбаатар дуучин Отгонжаргалын хамт өнөөдөр болох арга хэмжээний тухай яриад сууж байлаа.
 

 
 
НОМЫН НЭЭЛТ, БАЯРЫН ХУРАЛ КОНЦЕРТ
 
Намрын бороо зүсэрсэн тэр өдөр эхлээд "Сономын Лувсанвандан II" номын нээлт Баянхонгор аймгийн “Ном соёлын өргөө”-нд боллоо.

Монголын орчин цагийн соёл урлаг, утга зохиолыг хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхтгэлийн II боть хэвлэгдэн гарлаа. Энэ номын тухай болон Лувсанвандан гуайн бүтээлийн талаар эрдэм шинжилгээний ажилтан доктор Наранбаатарын тавьсан илтгэл анхаарал татаж байлаа. Мөн тэр хурлын үеэр нутгийн ахмадууд хийгээд бүтээл зүтгэл гаргасан улсад Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны одон болон бусад медалиар шагнагдсан хүмүүст одон эрэгт нь зүүж өгөх ёслол болж байх үеэр би номыг анхааран харвал бидний сайн мэдэх одоо ч үзсээр буй “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг тамир”… зэрэг киног хийж байх үеийн Лувсанвандан сайдад хамаатай бичиг баримт эхээрээ байхыг сонирхон уншиж суулаа.
 

 
ИХ БОГДЫН НААДАМ
 
Маргааш өглөө нь босоод цонхоор харахад цэлмэг тунгалаг намрын өглөө биднийг угтлаа. Бид урагшаа Богд сум орохоор хөдөллөө.

Нутгийн байдал гандуу агаад урагшлах тусам шаргал тал угтах аж. Бид нэлээд яваад Богд сумын нутагт орж ирсний баталгаа Онгийн нуур цэнхэртэн харагдаж түүний наагуур чихэр өвс найгасан элсэн манхан шаргалтаж, тэртээ алсад Их Богд хайрхан тэнгэрээ дүүрэн цэнхэртэнэ. Зүүн Богд, Жаран Богд тэгээд Их Богд үргэлжлэх бөгөөд хайрханы оройд үүл үргэлж тогтож байх нь сонин агаад содон үзэгдэнэ.

Энд 1957 оны 12 сарын 04 ний өдөр маш хүчтэй газар хөдлөлт болж өнгөрсөн байдаг. 21-р зуунд болж байсан дөрвөн том газар хөдлөлтийн нэг. Хамгийн сүүлд хөдөлсөн нь өмнө цэнхэртэн буй Богд уул.  Энэ газар хөдлөлтөөр Говь-Алтай, Баянхонгор аймгийн 12,13 хүн амь насаа алдсан бөгөөд хэдэн мянган толгой мал хорогдсон тоо баримт байдаг. Энэ газар хөдлөлтийн уршгаар 280 гаруй метр газар хагарч цуурсан бөгөөд Их Богд уулын оргил тэр газар хөдлөлтийн үеэр сэтэрч нурснаараа Их богд бусад уулсаас ялгаатай өвөрмөц тогтоцтой болсон нь илт харагддаг.

Өчигдөр гардуулсан Лувсанвандангийн 85 жилийн ойн медальд ч энэ огцом сэтэрхийтэй хөх хайрханыг дүрсэлсэн хувилбарыг зориуд сонгосон хэмээн Сүхбаатарын ярьж байсныг уул хараад саналаа.

Биднийг тэнд угтаж авсан эр;
-За одоо дээрээс зурхайгаас морь хөдөлсөн байгаа. Соёолон насны морьд удахгүй ороод ирнэ. Тээр харагдаж байгаа хөндийгөөс эргэж давхих юм. Хэдүүлээ морьд иртэл энд тухлаад нэг цайлчихъя гэсээр бидний нөхөд тэнд төвхнөлөө.
-Энэ мөн урт нуураа?
-Хэдэн онд билээ дээ 1992 онд шиг санаж байна энэ нуур таг ширгэсэн юм шүү дээ. Сангидорж нутаг явж ирчхээд ийм болчихсон байна гэж харамсаад ус дуудах дуу гэж нэг ая хийж би тэр аянд нь би үг хийж дуулаад тэгээд их хачин төдөлгүй буцаад ус дүүрчихсэн юм шүү дээ гэж Дан.Нямааг ярихад Сосорбарам
-Манай Нямаа хоосонгүй ээ...шившлэгтэй шүлэг бичээд дуулаад ус ундраад айн ...гэж түүнийг цаашлуулж байлаа.



Бид хамтдаа зураг хөргөө авахуулж дуусаад Болд
 
-Тэртээд цэнхэртэн дүнхийх Их Богд хайрханы яг өвөрт тэр харагдаж байгаа газар аав минь 85 жилийн тэртээ мэндэлсэн юм даа..хэмээн  ярьж Сосорбарам овоонд сүү өргөөд ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг дуулж бүгд Их Богдын зүг сүслэн харж цээж дүүрэн амьсгалж зогслоо. Ийм үед ямар ч монгол хүн нутаг усаараа бахархах сэтгэл төрж эх орончийн цус дотроосоо огшоод ирдэг дээ.

“Эзэнтэй газрын нутаг гэдэг юм
Нутагтай хүнийг эзэн гэдэг юм.
Эх нутгаа хайрлаж яваарай”  гэсэн энэ нутгаас төрсөн төрийн тэргүүн Х.Баттулгын хэлсэн үгс санаанд аандаа ургана.

Төдөлгүй цэгцэрийн шар талын зүүнтэй гээс улаан тоос босож морьд наашлаж буй нь үзэгдэж эхлэв.

Нууц товчооны 67 д өгүүлэхдээ “Есүхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув.Татаар нар Есүхэйг таньж,” Эрхэм Есүхэй ирэв” гэж хуримд суулгаад, урдын булаагдсан өшөөгөө санаж, нууцаар хэлэлцэн,хоолонд хор хольж өгчээ. Есүхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хүрч...” хэмээн гардаг. Есүхэй баатрыг энэ шар талын хаа нэгтэй магадгүй бидний зогсож байгаа энэ газарт ч юм уу хор өгч егүүтгэсэн байх нь хэмээн бодож амжаад бид тус тусын машиндаа сууж морьд эргэх тэмдэгт газрын зүг хөдөллөө.
 

 
Сумын наадам гэж... Морьдоосоо олон машин дагаж давхихгүй, наадмын талбай нь гарын алган дээр мэт ил, ойр дөт. Нэг л тийм амин наадам болдог. Яг л тийм уртын дуу цагаан хоолойгоор хангинасан инээлдэж хөөрсөн олон биднийг угтан авлаа. Хурдан морьдийн түрүүнд  Өвөрхангай аймгийн соёолон түрүүлж нутгийн соёолон удаалсан тухай цагаан хоолойгоор зарлах бөгөөд  хөөрч догдолсон наадамчин олон барианд орж ирж буй морьдоо даган гүйлдэж ар араасаа наадмын барианы зурхайд морьд ар араасаа  орж ирж,  морьтой, явган, мотоциклтой, машинтай  түмэн барианы зурхайд дүүрчээ.

Бид морьд барьсан гараас хөдөлж сумын төвийг дайраад наадмын талбайг зүглэв. Богд сум бас ч үгүй овоо олон барилга байшинтай сум аж. Сумаас хойш өнгөрөөд Түйн голыг дагасан ногоон зүлгэн дээр наадмын талбай байрлаж байлаа. Ёстой л зүгээр л нэг зүлгэн дээр гэрээ барьцгаасан наадамчид  зочид гийчдээ угтан авцгаалаа.
 

 
Биднийг очиход наадам хараахан эхлээгүй ч машин тэрэг морь малтай маш олон хүн цуглаад баяр наадмын амьсгал хэдийнээ орчихсон байх нь нэн сайхан.  Наадамчдын яриаг сонсвол ганц Баянхонгорын бөхчүүд төдийгүй улсын цолтой бөхчүүд ч өөрсдөө санаагаараа хүрээд ирцгээсэн хэмээн бахдан ярих аж.

Үнэхээр говь тийшээ болоод энд халуун ажээ. Аргагүй биз дээ энэ дүнхийж буй Их Богд уулын өмнөөс Дундговийн нутаг залгадаг болохоор говь л гэсэн үг.

Бид их гэрт тухлан айраг цагаа сөгнөж бас л зоог барьцгаав. Айраг цагаа, мах шүүс  бүгдийг маш сайхан элбэг дэлбэг бэлджээ. Японд элчин сайдаар найман жил ажиллаад одоо нутагтаа эргэн ирж байгаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайн С.Хүрэлбаатар гуай
-За тэгээд нас ахихаар хоёр зүйлийг л чухалчил гэдэг юм даа. Нэгд үгээ цөөлөх, хоёрт аягаа багасгах ...гэтэл  нутагтаа ирсэн чинь ёстой хутга тавихгүй л идээ ундтай таараад байх юм даа ...гэж суув.

Болд
-Аав минь  эцэг эхээс есүүлээ. Одоо амьд сэрүүн нутагтаа байгаа нь Пагма эгч 1936 онд төрсөн байх тэ? За  Цэдэвхүүхэн эгч 1938 онд, Галтмаа эгч 1943 онд, Бямба эгч 1944онд , Тэдний хамаатан Б.Даваасүрэн гэж хэл шинжлэлийн ухааны доктор МУИС-д багш. Гэхдээ ойрд уулзаагүй. За тэгээд тэдний үр хүүхдээс Болдбаатар, Батсайхан, Норовсамбуу, Мөнхтогоо, Намхай, Чулуунбаатар, Жвазандулам, Отгонбаатар энэ хэд Галтмаа гуайн үр хүүхдүүд байгаа юм.  Цэдэвхүүхэнийн хүүхдүүд бол Болд, охин Бадамцэрэн, Ичинхорлоо, Саранцэцэг Болормаа, Иддэрзаяа Бадамханд, Пагма эгчийн хүү Гансүх, Бямба эгчийн охин Заяа, Норв эгчийн охин Бямбасүрэн нар хотоос ирсэн. За тэр цаанаа С.Цэрэнпилийн ар гэрийн хүн Үрчинсүрэн эгч ирсэн байна. Хүү нь Дамдинсүрэн гэж байдаг гэхдээ ойрд уулзаагүй шүү. Бямба эгчийн охин Заяа Монгол Туркийн хамтарсан сургуульд багш . 1945 онд Баянзүрхийн 5-р ангид С.Лувсанвандан, Осоржамаа, Цэгмэд, Долгор, Цэрэнпил, Цэдэн, Пунцагдаш, Батмөнх, Галбадрах Бумаа нар хамт суралцаж байсан зарим нь энд ирээгүй байна хуралд бол сууж байсан…Ингээд тоолбол 300 гаруй хамаатан садан хонгор нутагт байна даа ..хэмээн бүгдийг сайхан танилцуулж байлаа.

Би тэднийг ажиж суухдаа дотроо
“...Хүний тавилан гэж хачин юм даа. Энэ нутагт төрөөд тэр цагт хот явж, тэгээд эрдэм номын мөр хөөгөөгүй бол яг л энэ малчид шиг л хүн байх байж дээ. Энэ нэг дүүгийнх нь ахыг бас Лувсанвандан гэдэг гэж түрүүн хэлж байсан. Өлзийт суманд малчин хийдэг юм гэсэн. Нээрээ бараан л царайтай болохоос адилхан юм байна...Эцэг эхийн ачийг амьдад нь хариулж бараагүй ч бас ингээд нутаг усандаа ирж  ийм сайхан арга хэмжээ хийгээд ах дүүсээ баярлуулж явдаг сайхан л юм байна...” хэмээн бодож суулаа.
 

 
Удалгүй сумын наадам эхэллээ.

Дан.Нямаа бидэнтэй хамт телевизэд ажиллаж байсан Шагдарсүрэнгийн Гүрбазарын шүлэг санаад илхэ /МУСГЗ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дорноговь аймгийн Алтанширээ сум. 1955 он/
 
Дугуй хээтэй наадам
Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дээлээрээ гайхуулцгааж
Хөх торгон баадантай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах
Есийн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн Алтанширээгийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтлоо дэрвүүлэхэд
Хатирч саарал мориных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурван хоног нижигнэсэн
Дэвжээ энэхэн дэнж дугуй хээтэй үлдэв ээ
Морь инээд хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурайн хээтэйг ухаарав аа...

...Наадам оройтож харанхуй болсон хойно машины гэрэл тусган байж үзүүр түрүүний бөх барилдаж Богд сумын харъяат аймгийн арслан Б.Баторших түрүүлж наадамчин олноо баярлуулж харин наадмыг хааж Болд үг хэлэх байсан ч харанхуй болсон тул  шагнал гардлуулаад өндөрлөж билээ.
 

 
Бид ногоон зүлгэн дээр барьсан гэрүүдэд тарж хонохоор болсон ч Дан Нямаа бид хоёр энд шөнөжин яриа хөөрөө айраг цагаа болж мэдэх тул ядарснаа өчөөд сум орж хонох санал тавьсан тул бид хоёрын сууж ирсэн машин маань сумын төвд байх зочид буудалд  хүргэхээр хөдлөв.

Сумын төв харанхуй гудмаар эрж хайж явсаар бүр сумын өмнө голын жижиг цохиотой хэсэгт зайдуухан байх хашаанд орж ирлээ. Дан байшингийн дэлгээтэй хаалгаар гэрэл тусаж хүн дотор нь харагдахаар орвол ширээний ард гурван хүн суух бөгөөд цаад талын өрөөнд тогооч байрын махлаг шар авгай хоол хийж байгаа харагдана.

-Буудал хаа билээ? гэвэл арын байшин гэж хариулав.
Хойд зүгт нэг дан урт байшин байх бөгөөд нээлттэй хаалгаар орвол харанхуй хонгилд нэг улаан гэрэл үзэгдэв. Хүрч очвол жижиг леп топ компьютер мухар сандал дээр тавиад хананд байх залгуурт залгасан байлаа.

“Хн хоосон хонгилд комьпютерээ залгаад орхидог ...”гэсэн шуу юм бодоод өрөөндөө бид хоёр орж ирхэд хоёр модон ор хайш хэрэг дэвссэн хар бараан хивсэнцэр бүхий хоосон өрөө байлаа.

Данзангийн Нямаа өдөр нутгийн олон хүнтэй уулзаж ярилцаж, зургаа хамт авахуулж мөн гурвын давааны дараа гарч шүлгээ хэлж, айраг цагаа ч чамгүй хүртсэн болоод ядарлаа гээд шууд хөнжилдөө шургаад хурхирч эхлэв.

Миний утасны цэнэг сууж байсан болохоор өнөөх залгууртай газар тийш очиж харвал цор ганцхан залгууртай бөгөөд түүнд нь бас 220 вольтыг 110 болгодог хувиргагч хийгээд залгаж орхисон байлаа.

Түрүүчийн гал зууханд тог байж л таараа гэж бодоод харанхуй хонгилыг орхиж гадаа гараад өмнөх байр луугаа хүрч очвол ширээний ард тав зургаан хүн зэрэгцэж суугаад хооллож байлаа. Би бүгдтэй нь толгой дохиод энд залгуур байгаа юу гэвэл өнөөх хэд бие биерүүгээ гайхсан үл ойлгосон харцаар харцгаахад л эд нар чинь япончууд болж таарлаа гэж ойлгов.

Гэтэл ширээний буланд суусан эмэгтэй монгол

-Буудлын коридорт нэг залгуур байдаг. Манайхан ээлжээр компютерээ цэнэглэдэг юм аа. Та хэрэглэх бол салгаад хэрэглэ гэлээ.
-Өө зүгээр зүгээр. Маргааш утсаар ярих хэрэг ч гарахгүй байх. Та нар юун улс юм? Япончууд юм уу ?
-Аан тийм . Говь төсөл гэж эмийн ургамал судалдаг юм аа. Эд нар бараг жил бүр энд ирж судалгаа хийдэг экспедици юм гэлээ.
Маргааш нь бид наадмын талбайдаа эргэж цуглаад Их Богдод гарах тухай ярьж суухдаа би
-Өчигдөр шөнө энэ харанхуй суманд, зочид буудалд эмийн ургамал судалдаг гээд баахан япончуудтай таарлаа гэлээ.
Хүрэлбаатар элчин сайд;
-Говь төсөл гэж байна уу? Гэж асуув.
-Тэгж байна лээ . Бараг жил бүр ирдэг гэнэ үү? Энэ чихэр өвсийг судалдаг юм байх даа?
-1980 аад онд одоо энэ Болдын аав Лувсанвандан гуайн хөөцөлдөж байж арай чүү эхлүүлсэн Говь төсөл шүү дээ. Японтой ойртох гээд байдаг, нам засаг нь хардаад байдаг, их юм болж байж хөдөлгөж чадсан юм. Одоо хүртэл үргэлжилж байдаг байх нь. Япончууд ч өөр л дөө. Би энэ төслийг жил бүр явж байгаад маш сэтгэл хангалуун байна. Сайн хүний тарьсан үр ингээд л үргэлжлээд ургаад байх юм даа гэж билээ.
Би тэхэд Болдод
-Энийг одоо номондоо бичвэл хүн үнэмших болов уу? Яг ойг нь тэмдэглэж байхад хэдэн япон түүний ажлыг үргэлжлүүлээд л...  нэг тас харанхуй гал зууханд... нэг урт хулдаасаар бүтээчихсэн яажгий ширээн дээр хоолоо идээд таг дуугуй сууж байдаг... Яг кино шиг...гэхэд тэрээр инээгээд өчигдөр би бас нэг Недерланд эмэгтэй гурван Герман нөхөдтэй наадмын талбайд таарсан. Бас аавын энэ төслийн хүрээний ажил юм билээ. Яахав энэ нутгынхан бол эднийг жил бүр ирдгийг мэднэ л дээ. Гэхдээ манай аавын эхлүүлсэн ажил гэдгийг аягүй бол энэ германууд ч японууд ч өөрсдөө мэдэхгүй байж болно л доо. Харин би тэгээд чамд сүүлд саран дээр бууж геологи хайгуул хийж олборлолт хийх төслийн тухай жич яринаа.
-Юу гэсэн үг юм? Саран дээр очиж алт ухах хэрэг үү?
-Саяхан би Америкийн саран дээр буусан сансрын нисгэгчийг авч ирснийг мэдээгүй юм уу?
-Үгүй чиш.
-Та нээрээ зурагт бараг үздэггүй гэсэн шүү дээ. Нэг том төсөл байгаа. Манай Монгол хүн тэр сансрын орчинд зохицож чадах юм билээ. Нүүдэлчин зан, өнөөх ямар ч байдалд хурдан дасдаг чанар за тэгээд ой тогтоомж нүдний хараа гээд аль ч талаараа тохирдог юм билээ. Тэгээд манайд ирсэн юм. Би сүүлд сайн яринаа. Одоо ингээд цөмөөрөө Их богд ууландаа гарна даа.
-Машинаар яваад тэр өндөр уулын оройд гарна гээд байх юм...Юу гэсэн үг юм бэ? Бараг 4000 гээ биз дээ...?
-Одоо л өөрөө харна даа. Хадан хавцлаар өгсөөд дээшээ гарахаар дээрээ бол тэгш өндөрлөг юм. Олон уулс бас дээрээ байна. Гэхдээ нэг дээшээ гарчихвал тээр харагдаад байгаа сэтэрхий хүртэл явчихдаг юм. Гэхдээ бас нэг талдаа гурван цаг элбэг ээ...хэмээн ярьсаар бид машиндаа сууцгааж хөдөллөө.

Бид эхлээд нарийхан цавчим хавцлаар аажуухан дээшлэв. Эргэн тойрон чулуу дээш харвал цавчим хясаа. Гэвч хамгийн гайхалтай нь тэр өндөрт, тэр хадан хясаан дунд чулуугаар маш сайхан тойруулж босгосон  өвөлжөөний хашаа өвсөө бэлдээд орхисон буйр тэргүүтэн тасрахгүй дээш цувсаар байх ажээ. Зарим өвөлжөө бүр гүний худагтай ч байх аж. Манай малчин түмэн гэж малынхаа төлөө ийм өндөр уулын цавчим хясаан дунд хонь ямаагаа хариулаад өвөлждөг байх нь байна шүү дээ хэмээн гайхан бодож явлаа.

Бид нэг цуваа болон аажуухан дээшилсээр цаг гаруй мацаад дээш гарч ирэхэд  нээрээ тал шиг тэгш өндөрлөг байх ажээ. Тэр тэгш өндөрлөг дээр мөн олон уулс байх бөгөөд алсаас харахад нэг л том уул шиг харагддаг болохыг ойлгов. Гэвч бид далайн төвшнөөс дээш 3957 метрт гарчихсан гэдгээ хойд зүгт цэнхэртэн харагдах нуур түүнийг хөвөөлсөн шаргал элс доор харагдах Зүүн Богд уулын барааг хараад ухаарах ажгуу.

Энд зогсоод доош харахад тэнгэрт зогсоо мэт сэтгэгдэл юун түрүүн бууна. Хараа гүйцэмгүй тэртээ доор бүргэд хальж байхыг харахад өөрийн эрхгүй  омог сэтгэл төрөх аж.


 
Бид тэнд машинаасаа бууж дээш жоохон яваад өнгийтөл өнөөх холоос сэтэрхий харагдаад байсан 1957 оны их газар цууралтад хамгийн ихээр нурсан тэр хавцалд дээр зогсоогоо мэдэв. Тэртээ доор бүргэд элин хальж огцом хурц цууралтаас үүссэн хөх чулуун хавцал доор алсад зурайж үгээр битгий хэл муухан дурангаар үзүүлэхэд ч яг тэр хавцал дээрээс харж байсан шиг мэдрэмжийг илэрхийлэх боломжгүй санагдсан. Байгаль дэлхий гэдэг үгээр хэлж, зургаар үзүүлэхийн аргагүй тийм сүрлэг томруун, тийм их айзам  хэмнэлтэй, амин сүнстэй  тэнгэрлэг симфони юм даа л гэж бодогдож байж билээ л.

Бид тэнд тойрч зогсоод яагаад ч юм  бэ өчигдөр харанхуй болоод наадмаа ч, бас баярын хурлаа ч өөдтэй  хааж чадаагүй харанхуй болж хоцорсон бүхнийхээ  хаалтыг хийж байх шиг бүгдэд санагдав.

Яг тэр агшинд бас нэг хар машин ирж зогссон бөгөөд тэр машинаар өчигдрийн наадмыг авсан бөх бусад бөхчүүдийн хамт ирж билээ.

Төрийн шагналт гавьяат жүжигчин Д.Сосорбарам  дуугаа дуулахад тэр хавийн хад асга цуурай татуулж бүүр ч сүртэй болж бүгд сэтгэл уяран байтал түүний дараа Улсын филормонийн дуучин Д.Отгонжаргал мөн энэ нутгийн хүү Т.Гаслангийн шүлэг Б.Шаравын ая “Аав ээж хоёр минь” дууг уул хадаар нэг бүсгүй хүний цээл өндөр  хоолойгоор  хадааж эхлэв.

Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргэж олдохгүй ээж минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав минь ээ


Хүний дайтай явна гэж
Хүүдээ итгээрэй ээж минь ээ
Олондоо тустай явна гэж
Охиноороо бахархаарай аав минь ээ


Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргэж олдохгүй ээж минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав ээж хоёр минь...
хэмээн дуулах үед миний нүдийг нулимс өөрийн эрхгүй бүрхээд ирлээ.

Би насаараа телевизэд ажилласан гэтэл аавынхаа тухай нэг ч нэвтрүүлэг, ээжийнхээ тухай ганц мэдээ ч бэлдсэн билүү? Өөрсдөө үзээд яаж баярлах байсан бол…би дөнгөж ноднин ээжийгээ алдсан шүү дээ …хичнээн ч нэвтрүүлэг хийж болох хугацаа  …хэмээн бодогдоход хоёр нүдэнд тогтож байсан нулимс … алтаар алтаар хайлавч ахиад олдохгүй аав минь … Эрдэнээр  эрдэнээр уйлавч
Эргэж олдохгүй ээж минь ээ… хэмээн аялгуулан бөмбөрч хацар дагасан  шорвог нулимсны амт уруулд мэдрэгдэж байлаа.

Би эхэндээ биеэ барьж байснаа дууг дагаад зөнд нь орхичихов… Хүний дайтай явна гэж Хүүдээ итгээрэй ээж минь ээ…
 

 
Их Богдын орой дээр бид тэгж сэтгэл хөдлөн зогссон бөгөөд хамгийн сүүлд Данзангийн Нямаа маань доорх шүлгийг уншсаныг хожим тэмдэглэж суухад энэ шүлэг өөрөө хэл бичгийн ухааны доктор Баян хонгор нутгийн их соён гэгээрүүлэгч С.Лувсанвандангийн 85 насны ойн арга хэмжээг хааж буй шүлэг мэт санагдаж омог сэтгэл цээж дүүрэх ажгуу.
 
 
   МОРЬТОЙ ТҮҮХ
 
  Нахиад гүрнийг аравчилж
  Наран улсыг саравчилж
  Номхон дөлгөөн далайгаас
  Намхан морьдоо усалсан
  Эзэрхэг түрэмгий дээдсийн минь
  Хүчирхэг эрэмгий зориг
  Мөсөн уул шиг гүндээн
  Ёсон жудагт хүндээн
         Оршсоор л байгаа болохоор
  Домогт бурхан Халдун минь
  Довцог болоогүй уулаараа   байна
  Долгис цалгис таслаагүй
  Онон Хэрлэн Туулаараа байна
  Альп давсан хүлэг минь
  Адуун зүсний өнгөндөө байна
  Алтан ураг Чингис минь
 Ариун дагшин онгондоо байна
  Чинжаал Кавказыг мохоож
  Цүнхээл Днеприйг цалгиаж
    Хар далайн эрэг дээр
    Бар жилээр өвөлжсөн
    Домог бадрангуй дээдсийн минь
    Омог задрангуй зүрх
    Мэлмийдээ галтай үрсдээн
    Өлмийдээ дөрөөтэй эрсдээн
             Цохилсоор байгаа болохоор
     Шившиж татсан сум минь
     Есүхэй мэргэний байндаа байна
     Агсаж зүүсэн сэлэм минь
     Есүүл цэцний хуйндаа байна
     Дөл цэлмэг зориг минь
     Өөдөө соёмбын галдаа байна
     Хол нүүдлийн зөрөг минь
     Хүннү чулуут талдаа байна
     Цамхаг Вавилоныг бөхөөсөн ч
      Таж Махалыг бүтээсэн
     Гүнж дэлхийг бөгтөрсөр ч
     Манж хаантанд бөхийсэн
     Сөхрөвч асаагаараа дээдсийн минь
     Цөхрөвч босгоороо хүслэн
     Цээжний гүнд минь бадаглан
     Чин зүрхэнд минь бадамлан
                   Ассаар л байгаа болохоор
    Долоон бурхан минь бөхөхгүй
    Азын цолмонт тэнгэртээ байна
   Дорнын Монгол минь мөхөхгүй
    Ази эхийн энгэртээ байна
    Олмоон чангалж мордсон
    Дээдсийн цадиг минь мөртэйгээ байна  
    Он оны зурхай дээр
    Миний монголчууд морьтойгоо байна.