ЦАГААН ХУВЬСГАЛЫН ТОХИРОО
Хувьсгал янз бүр. Улаан, улбар шар туг дарцагтай, өнгө будагтай нь улс төрийнх. Харин ногоон дэвсгэр, цагаан суурьтай нь байгаль экологи, хөдөө аж ахуйн, амьдрал ахуйг өөд татах, ажил хэрэгч хувьсгалынх.
Хувьсгал янз бүр. Улаан, улбар шар туг дарцагтай, өнгө будагтай нь улс төрийнх. Харин ногоон дэвсгэр, цагаан суурьтай нь байгаль экологи, хөдөө аж ахуйн, амьдрал ахуйг өөд татах, ажил хэрэгч хувьсгалынх. Улс төрийн хувьсгалд хожил байлаа ч хохирол, өртөг заавал дагуулна. Амьдралын хэв заншлыг өөрчлөх, өөд татах ажил хэрэгч хувьсгалд бол хохирогч байхгүй. Хувьсгал бүхэн өөрийн Ленинтэй. Аль ч хувьсгал аливаа тогтолцоог орвонгоор нь өөрчлөх буюу цоо шинээр буй болгох, олон нийтийн оюун бодол, санаа сэтгэлд үрийг нь тарьж ургуулах зорилготой.
Монголд улбар шарын, улаан ягааны хувьсгал моодноос гарчихсан байна. Тохироо нь бүрдсэн ногоон хувьсгалын үрийг энд тэндгүй тарьж байна. Уул нурж, ус ширгэж байгаа нь, ой шатаж, элс түрсээр буй нь, манай говиос гарсан түйрэн Япон, Америкт хүрч, компьютерийнх нь завсар зайгаар шигж шавдаг нь, Хөвсгөлийн тайгын төгөлд жижигхэн цөл таарч эхэлсэн нь, пэлцгэр том ч амт шимтгүй хятад төмс биш цэвэр монгол ногоо хэрэглэх эрэлт нь бүгд ногоон хувьсгалын тохироо. “Мод тарья” уриа, НҮБ-д цөлжилтийн эсрэг үг хэлсэн зэргээрээ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Атрын гуравдугаар аяныг санаачлан, 400 мянган тонн улаан буудай хурааж импортлох бус экспортлох хүртэл нь газар тариаланг сэргээсэн С.Баяр нар ногоон хувьсгалын “Ильичүүд”. Сэлэнгийн ногооны талбайгаас сонины редакц, гол, ус хамгаалах хөдөлгөөн тус бүрт ногоон хувьсгалчдын үүр, штаб байрлаж байна. Сүүлийн үед “Цагаан хувьсгал” хэмээх нэр томъёо, “Монгол сүүгээ ууцгаая” уриа дуудлага гарч эхлэв. Санаачлагч “Владимир Ильич” нь Т.Насанхүү. “МонФрэш”-ийн захирал. Хөдөөд шингэн сүү хүлээн авах, хөргүүртэйгээр хотод хүргэх, боловсруулан үйлдвэрлэх тогтолцоо буй болгох төслийн санаачлагч. Малчид тугалын зэл, морины нуруун дээрээс гар утсаар ярьж байгаа ч саасан сүүгээ мессежээр хүргэж болдоггүй. Литр сүү мессежээр илгээе гэвэл Send error гэсэн бичиг гарч ирээд байгаам. Дөрвөн улирлын нэгд нь л, зуны богино сард хэдэн үнээ саах хэдий ч ченжүүдэд литрийг нь 180 төгрөгөөр өгч шулуулна. Ченжүүд түүнийг нь хэд нугалж зарна. Сүүгээ байгаагаар нь нугалахгүй, усаар шингэрүүлнэ, дурын бидон саванд юүлнэ, саяхан хүндээр бие зассан нөхөр хуруугаа хийж явуулын лаборант царайлна. Хөөрүүлж буцалгасны дараа ч сүүнд үлдэх чадвартай есөн шидийн нян, халдвар, бруцеллез мэтийг хотынхон их үнэ төлөөд бонус урамшуулалд нь хамт худалдаж авна. Жилийн дөрвөн улирлын гуравт нь үнээнүүд сул зогсолт хийнэ. Улсын хэмжээгээр жилийн сүүний гарц 513 сая литр. Боловсруулж буй нь 22 сая литр. Сүүний гарцныхаа 4 хувийг нь л боловсруулж байна. Ерэн зургаан хувийг нь гашилгах буюу асгах, саахгүй орхиж үнээгээ шилрүүлэх мэтээр өгөөж буяныг нь хүртэхгүй орхино. Арван литр сүү саалаа гэхэд сав нь 400 граммын лонх, шанагатай. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг ардын онч үг аль ч цагт, түүний дотор одоо үед онцгой үнэн. Монголчууд өөрсдийнхөө үнээнээс жилдээ 22 сая литр сүү сааж боловсруулдаг бол 28 сая литр хуурай, 4 сая литр савласан шар сүү Оросоос доллар, рубль, еврогоор худалдан авцгаана. Шар сүү нь тосгон, муж, райондоо л худалдагдах эрхтэй, хайрцган дээрх заавар, хугацааг нь оросоор бичсэн. Орос хэл гадарладаггүй бол хохь нь болно, монголоо доторлодог байсан ч зол болохгүй. Монгол Улс тусгаар боловч, тал дүүрэн таван хушуу малаар баян ч цайны сүү хөршөөсөө царайчилна, шар сүү худалдаж болох Оросын тосгон, мужийн тоонд орчихоод байна. Буух эзэн, буцах мөр байхгүй. Айлаар бол гаднаа саах үнээтэй мөртлөө дэлгүүрээс хуурай сүү доллараар аваад байгаа улс. Монгол тавин сая малтай, 1,8 сая шахам үнээтэй айл. Угийн малчин, язгуурын нүүдэлчин ард түмэн. Наанадаж эдийн засгийн алдагдал, цаанадаж хүнсний аюулгүй байдал, нэр төрийн хэрэг. Залхуу хүн завагтай \тавагтай\ махандаа хүрэхгүй гэдэг үг биеллээ олчихоод удаж байна. Тавантолгойн нүүрсийг яаж бүх хүнд шуудай шуудайгаар өгөхийг бүгд ярина. Таван хушуу малынхаа ашиг шимийг хөдөөгийнхөн нь ч, хотынхон ч бидон бидоноор нь байтугай дусал дуслаар хүртэж чадахгүй сууцгаана. Тавантолгойн баялаг их хэдий ч хэмжээ хязгаартай, хар нүүрс үржиж өсөхгүй, төллөж олшрохгүй. Таван хушуу мал хавар бүхэн төллөнө, өснө үржинэ. Өнгөрсөн хавар 13 сая төл хүлээн авсан статистик мэдээ гарсан байна. Мал сүрэг уул нураахгүй, ус ширгээхгүй, шавхагдашгүй эх ундарга. Хөлдөө гинжгүй туурай, тавагтай, бөгсөндөө яндангүй сүүлтэй, түлш шатахуунаар биш өвс ургамлаар хооллоно, хөрс хуулахгүй, гол руу шавар лаг урсгахгүй. Шанага сүү саагаад, хүлээж авч хөргөөд, хот руу тээж ариутгаж боловсруулаад, савлаж үйлдвэрлээд, тараг, иогурт, цөцгии, масло болж худалдаанд гарахад малчин, саальчин жолооч, ажилчин, инженер, технологч, худалдагч олон хүний хөлс хүч шингэнэ, бүгд ашиг орлого, ажлын байр болно. Лондонгийн бирж дээр алт, зэс, нүүрсээс гадна үр тариа, цагаан будаа, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ ханш өдөр бүр тогтоогдож, хэлбэлзэж хөдөлж, дэлхийн эдийн засгийг тодорхойлж байдаг “цагаан алт”. Сүүгээ боловсруулсан үнээр бодоход эдийн засгийг жилд тэрбум доллараар тэлнэ. Монголд эхэлсэн “Цагаан хувьсгал” ялбал дэлхийн тоглогч болох нөөц боломж бүрэн байна. Алс тусгаарлагдмал арал дээр оршдог Австрали 1,6 сая сүүний үнээгээрээ дэлхийн зах зээлийн 20 хувийг хангаж байна. Дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний захын таван литр тутмын нэг нь Австралид нэмүү өртөг, үнэ цэнэ болон очно. Монгол 1,8 сая үнээтэй, Австралийнхаас 200 мянгаар олон, дотоодын захынхаа 4 хувийг боловсруулсан сүүгээр хангана. Шинэ Зеланд, Австрали хоёр дэлхийн захын 50 хувь болно, талыг нь атгана. Орос шар сүү угтаа бол Австрали хуурай сүүг шингэрүүлсэн эд. Гадаад далайн цаадах Австралиас Оросоор дамжуулж сүү авдаг Монголд Ховд, Баян-Өлгий хол биш ойрхон. Австрали үнээ мэргэжилдээ гаргуун. Өдөртөө гурав саалгана, дэлэн нь чинэрээд цаг нь болохоор өөрсдөө хүрээд ирнэ. Мэргэжлийн үнээний дэлэн том, хүнээр бол “Памела Андерсонууд”. Сүүний гарц нь хоногт тавин литр хүрнэ. Баасыг нь бордоо болгоно. Мэргэжлийн үнээ баасаа авахуулах болохоороо хөлөө өргөөд өгөх нь бүжигчин л гэсэн үг. Израйльд үхрийн баасаар жаахан ч атугай эрчим хүч үйлдвэрлэж, улсын нэгдсэн шугамд нийлүүлбэл киловаттыг нь 50 центээр худалдаж авна. Хөдөө аж ахуйг аль болох эрчимжүүлэх юм бол гарах ач холбогдол нь энэ мэт байна. Бэлчээрийн үнээний сүүний гарц бага ч өвсний соргог, усын тунгалгийг дагадаг учир амт, чанар, аминдэмээр илүү, органик бүтээгдэхүүн. Социализмын үед эдийн засгийн хувьд ашиг багатай ч сүүгээ сааж, зөөж, цөгийн тос цохиж, хүүхдийн сүүний газар хотын энд тэндгүй байсан билээ. Одоо капиталимын үеийн тогтоц хэрэгтэй байгаа учраас хувийн хэвшлийнхэн Цагаан хувьсгал санаачилж байна. Тогтмол орлого, байнгын ашиг гарах бол малчид үнээгээ саах, бордох, арчилж маллахаа хүнээр заалгахгүй чадна, угаасаа сурчихсан байсан улс. ХААН банк мал барьцаалж зээл олгосныг буруутгах аргагүй ч түүнийгээ хэрхэн төлөх, байнгын орлого, хөшүүрэг механизм нь байхгүй. Малчдын зээлийг бусдын, татвар төлөгчдийн мөнгөөр чөлөөлөх болчихоод байгаа хэрэг. Цагаан хувьсгалчид эхний ээлжинд хот орчмын 100 км тойрогт сүү хүлээн авах явуулын 12 цэг байгуулах юм байна. Халдварт өвчин гарлаа, хорио цээр тогтлоо, сүүний гарц зарим газар багаслаа гэхэд нүүж шилждэг явуулын хэлбэртэй, зориулалтын хөргүүртэй учир гашилгаж муутгахгүй. Явуулын цэгт нийлүүлэх сүүг улирлаас үл хамааран тогтмол үнээр худалдан авах гэрээ хийнэ. Малчны орлого баталгаажиж, зээлийн түүх бүрдэнэ. Банк ч зээл өгөхдөө малчны орлогыг тооцох боломж нээгдэнэ. Үнээнийх нь чанар, тэжээл бордоо сайжирна. Цаашлаад Ховд, Хөвсгөл хүрэх хол биш ойрхон. Австралиас сүү авч болдог юм чинь Ховд өдөрчийн газар. Илүүдэл сүүгээ боловсруулж хуурай болгочихно. УИХ, Засгийн газрын баталсан мал эрүүлжүүлэх “Таван эрдэнэ” аян, “Монгол мал” хөтөлбөр, 21 аймагт сүүний үйлдвэр байгуулах зорилт бүгд нийлээд “Цагаан хувьсгал”-ын бүрэн тохироо. Оросын улаан хувьсгалын санхүүжүүлэгч нь нууцаар германчууд байсан бол Монголын цагаан хувьсгалд хөрөнгө оруулагч нь ил тодоор Азийн хөгжлийн банк. Явуулын цэг байгуулан ажиллуулах төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээнд “МонФрэш”, Азийн хөгжлийн банк гарын үсэг зуржээ. Эднийх анх удаа хувийн хэвшилд, тэр дундаа хөдөө аж ахуйд хөрөнгө санхүү оруулж байгаа тохиолдол болж байна.
Хөдөө аж ахуйн яам Хятадаас 400 үнээ худалдан авсан нь нэг талаас аргагүй хэрэг, нөгөө талаас малч монголчуудын нэр төрийн асуудал. Сүү, цагаан идээ гэдгийг уг түүх, уламжлал заншлаараа мэдэхгүй ч хятадууд ашгийг нь олж харчихаад айхтар хөдөлж байна. Сургуулийн сүү хөтөлбөр хэрэгжүүлээд арван жил болжээ. Өдөртөө аяга сүү уусан хятад жаалуудын биеийн өндөр, оюуны чадвар, яс, шүдний бэхжилт сайжирсан судалгааны дүн гарчээ. Манайх сааль нь бэлэн ч сав нь байхгүй болохоор “Үдийн цай”-нд хайрсан боорцог, хөөсөн мантуу, шарсан пирожки, чихэр, жигнэмэг өгнө. Захирлууд нь хичээл сурлага гэхээсээ сургуулийн гуанзны бизнес хөөнө, эхнэр, хүүхдээ Эрээн лүү мордуулж гал тогооны аяга сав цуглуулна. Хятад хүүхдийн шүд цайрч цавцайна, Монголынх нь хорхойтож цоорно. Хүүхэд багшийн өгсөнийг үгүй гэж чадахгүй, идэж ууна. Үдэш унтахад нь нойр хүргэх гэж өгдөг таргийг өдөр нь хүчээр уулгачихаад, үүлгэртлээ зүүрмэглэлээ хэмээн бяцхан сурагчдыг зандарна. НҮБ-аас анх санаачлан хэрэгжүүлсэн “Сургуулийн сүү” хөтөлбөр тэдний мөнгөөр ингэж дампуурч байна. Сүү гэхээр бидон саванд юүлсэн, хуруу хумсаа хольсон, хуванцар элдэв савтайг ч өгдөггүй. Зөвхөн 130 хэмээс дээш халуунд боловсруулсан, хагас жилийн хугацаанд шинээрээ хадгалагддаг “Тетрапак” савлагаатай сүү уулгадаг юм байна. Манайд ингээгүйгээс хүүхэд хордож, захирал нь өөрөө уулгаагүй учир буруугүй гэдэг шүүхийн шийдвэр нэг биш удаа гарч байсан билээ.
Цагаан хувьсгал гарах, ялах бас нэг шалтгаан нь хар архины хэрэглээ, үйлдвэрлэл. Улаанбаатарын дүүрэг, аймгийн төв тус бүрт эрүүлжүүлэх байр байна. Архины үйлдвэргүй аймаг, сум ч гэж бараг алга. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Амраг ханиа алаг нүдээн гэж дуудан, уруул хүргэдэггүй мөртлөө айргандаа архи хийчихээд алаг нүдэн гэж өхөөрдөн уруул амаа тамшаалдаг. Архи биш сүү тулгая” гэж уриалж байна. Далай лам Данзанжамц монголчуудад хандан “Архиа бага, айргаа их уугаарай” гэж захиж билээ. Сүүн цацал өргөдөг ёс уламжлал, сүүний ариун мөр, цагаан өнгийг бэлгэдэн дээдэлдэг ёс “Цагаан хувьсгал” ялах хөрс суурь юм.
Цагаан хувьсгал гарах шалтгаан, ялах тохирооноос заримыг нь тоочлоо. Өвөг дээдсээс өвлөн ирсэн монгол малын өрөм тос, өгөөж буяныг хот, хөдөөгийнхөн, малчин, ажилчин бүгдээрээ, ажлын байр, ашиг орлогоороо, эдийн засаг, нэр төр, аюулгүй байдлын хувьд ч духандаа хүргэн, дундуураа дүүргэн хүртэх болтугай. “Монгол сүүгээ ууцгаая!” Владимир Ильич Насанхүү гэж.
Зочин