-Таны бичсэн нэгэн содон нэртэй номыг их сурталчлах болжээ. Худалдаанд гарч эхлээгүй ч хүмүүсийн анхаарлыг нэлээд татаад байгаа энэхүү номондоо та юун талаар өгүүлсэн бэ?

-“Ариун голомт” хэмээх номондоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд хэвлэл, болон сайтууд дээр гарсан миний нийтлэлүүд орсон. Нийтдээ 50 орчим нийтлэл, ярилцлага багтсан байгаа. Өнөөдөр бус ойрын 2-3 жилд ярилцан хэлэлцэж, санаа бодлоо нэгтгэн, чиглэлээ тогтоох ёстой сэдвүүдээр бичсэн нийтлэлүүд. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад өнгөрөх бус ном хэлбэрээр нь хүмүүс уншаад санаа оноогоо гаргаасай гэсэндээ энэхүү номыг хэвлүүлсэн.

-Яагаад “Ариун голомт” гэж нэрлэсэн бэ?

-Энэ бол миний бичсэн нэг нийтлэлийн нэр байгаа юм. Үүндээ 1911, 1921 оны хувьсгал, Дэлхийн II дайны дараа монголчууд эх нутаг болсон ариун голомтдоо цуглан тусгаар тогтнолоо босгож, хамтран хөдөлмөрлөж байсан тэр цаг үеийг эргүүлж авчирах боломж байна уу гэдгийг дэвшүүлсэн. Ингэснээр бид хөгжлийн үндсэн асуудлуудаа давхар шийдэх боломжтой болох юм гэсэн санааг тусгасан.

-Өнөөдөр таныг эмч гэхээс илүү нийтлэлч гэж хардаг хүн цөөнгүй. Нийтлэл бичих нь таны хобби юу эсвэл ирэх сонгуульд хүчээ үзэх бэлтгэл ажил уу?

-Намайг эмчээр маань таньдаг хүмүүс бол нийтлэл нийтлэл бичдэг гэдгийг бараг мэдэхгүй байх. Миний нийтлэлүүдийг сонирхож уншдаг хүмүүс л нийтлэлч гэж таньдаг болов уу. Би жирийн эмч, сэхээтэн хүний хувьд малчид, энгийн иргэд манай орны улс төр, эдийн засгийн хөгжлийн тухай ямар төсөөлөлтэй явдаг талаар л бичдэг. Харин ирэх сонгуульд бараг өрсөлдөхгүй байх. Би УИХ-ын гишүүн болно гэж харайгаад яваад байдаг хүн ч биш. Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуульд би эрүүл мэндийн салбарт санхүүгийн болоод даатгалын шинэчлэлт хийе гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцож байсан. Өөрөөр хэлбэл, сонгуулиар далимдуулан энэ чухал асуудлыг хөндсөн гэж ойлгож болно. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН болон Иргэний зориг намын удирдлагуудтай гарын үсэг зурж тэд ирэх дөрвөн жилд буюу 2008-2012 оны хугацаанд дээрх шинэчлэлүүдийг заавал хэрэгжүүлнэ гэж амласан. Харин эрх барьж буй нам хэлсэн үгэндээ хүрээгүйгийнхээ горыг өнгөрсөн жил гарсан гахайн ханиадаар, мөн төрөхүүд хаагдсанаар амссан гэж бодож байгаа. Одоо ч гэсэн эмнэлгийн салбарын үйлчилгээ, эмчилгээ, оношлогоо хангалттай хэмжээнд хүрээгүй. Жилдээ 40 мянган хүн гадаадыг зорьж 100-200 сая ам.доллар үрж байна. Дарга нар нь бүгд гадаадад, тухайлбал Өмнөд Солонгос, Сингапурт эмчлүүлдэг. Дунд давхрагынхан Бээжин, Хөх хотыг зорьсон хэвээр. Харин ядуус нь бид нар дээр ирж байна. Гэхдээ тэд улсынхаа эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байдаг. Энэ байдал л надад сонгуульд орох шалтгаан болсон юм.

-Ирэх сонгуулиар биш юм гэхэд ер нь цаашдаа та улс төрд орно биз?

-За, бараг үгүй л болов уу. Намайг “хэрэглэх” сонирхол лав л хоёр намынханд байхгүй. Батлан хамгаалах яам эсвэл Эрүүл мэндийн яам гэсэн нарийн мэргэжлийн салбарыг улстөрийн албан тушаал гэж бодож  цэвэр улс төрийн тоглоом шиг санадаг юм билээ. Боловсрол, эрүүл мэндийн салбар өдийг хүртэл хөгжөөгүйн баталгаа нь энэ юм. Нөгөө талаар, би чинь насаараа эмч хийчихсэн хүн болохоор улстөрчидтэй ойлголцох амаргүй байх болов уу. Гэхдээ миний бичсэн нийтлэлүүд шийдвэр гаргагчдад ч бай, олон нийтэд ч бай уншаад санал бодлоо цэгцлэн, өөрийн санаагаа дэвшүүлэхэд нэмэр болоосой гэж боддог.

-“С.Ламбаа сайдын суудал ганхаж эхэллээ” гэсэн мэдээлэл их цацагдах болжээ. С.Ламбаа сайдын эрүүл мэндийн салбарт хийсэн ажлуудыг нь та эмч хүнийхээ хувьд хэрхэн дүгнэдэг вэ?

-Би Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүн гэж явдаг л даа. С.Ламбаа сайд хүнийхээ хувьд их аятайхан, дажгүй хүн. Эрүүл мэндийн салбарын гол үндсэн зүйлүүдийг өөрчилчих юмсан гэсэн бодолтой явдаг юм билээ. Гэхдээ яаж хийхээ мэдэхгүй байна уу даа гэж ажиглагддаг. УИХ, Засгийн газар, ЭМЯ-ны түвшинд салбарын ажлыг хэрхэн шинэчлэх талаар мэддэггүй. Мэдсэн ч хийх хүсэл байдаггүй юм шиг байна лээ. Хорин жилийн өмнө нийтийн хоол, худалдааны байгууллагууд эрүүл мэндийн салбартай нэгэн зэрэг чөлөөт эдийн засгийн босгыг алхсан. Өнөөдөр улсын гэсэн тодотголтой нэг ч дэлгүүр, хоолны газар байхгүй. Энэ хугацаанд хамгийн тансгаас нь авахуулаад хамгийн хямд гэсэн иргэний өөрийн сонголтонд тохирсон маш сонирхолтой хоолны болон худалдааны систем бүрэн бий болсон. Өнөөдөр аль нэг дэлгүүр, хоолны газрын тухай гомдол хэзээ ч гардаггүй биз дээ. Гэтэл эрүүл мэндийн салбарыг л ингэж өөрчлөөгүй. Сонгууль болгоноор хоёр нам эмчилгээ, оношлогоог үнэгүй болгоно гэж амладаг. Үнэгүй юм бол үнэгүй л байдаг. Хамгийн хямд, чанаргүй, арчаагүй байдаг. Тийм ч учраас Эрүүл мэндийн сайдаас авахуулаад Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бүгд л гадаадад эмчлүүлж байна шүү дээ. Тэд зарим нэг хүнээс эсвэл ямар нэгэн хэл амнаас зугтаж, хэд хоног тааваараа хэвтэхийн тулд хоёрдугаар эмнэлгийг зорино уу гэхээс биш эмчилгээ, зөвлөгөө авдаггүй. Тэгсэн хирнээ өөрсдөд нь гологдоод буй эмчилгээ, үйлчилгээг ард иргэддээ үнэгүй өгөх гээд байдаг. Дарга нарт эрүүл мэндийн салбарыг өөрчлөөд бусад орны жишигт хүргэх сонирхол, хүсэл эрмэлзлэл огт байдаггүй. Нэг тод жишээ дурьдъя. 1990-ээд оны дунд үе хүртэл өвөрмонголчууд манай эмнэлэгт ирж туршлага судалдаг байсан. Ингэхдээ “Та нар үнэхээр “тасарчихсан” юм байна. Европын эмнэлгүүд л ийм байдаг байх” гэж гайхдаг, шүтдэг байсан. Аргагүй, тухайн үед тэд ногоон даавуун цүнхэн дээр улаан тэмдэг зүүж, дугуйгаар түргэн тусламж үзүүлдэг байсан хүмүүс. Айлд ороод аягатай усанд шприцээ зайлан пенициллин тарьдаг байлаа. Харин 1990-ээд оны эцсээр энэ улсад эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийсэн. Одоо яаж байна. Боломжтой гэсэн бүх хүн Хятадыг зорин мэс засал, эмчилгээг нь голохоо байж. Энэ бүхэн тэдний эмч нар нь гэнэт сайжирснаас болов уу эсвэл эмнэлгийн ажилтнууд нь илүү ёс зүйтэй болчихов уу гэвэл огтхон ч үгүй. Ерөөсөө л эрүүл мэндийнхээ салбарыг шинэчлэе гэсэн хүсэл байсан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд санхүүжилт, даатгалын системээ өөрчилсөн. Харин манайхан үүнийг хүсэхгүй байна. Өнөөдрийн байдлаар, Хятадын аль нэг аймаг, сум, багийн хэмжээнд хүрэхээр улсын эмнэлэг гэж манайд нэг ширхэг ч алга. Тиймээс эрүүл мэндийн салбар ийм хэмжээнд байгаа нь манай улстөрчдийн ард түмэндээ зориулан үлдээж буй бэлэг, дурсгалын нэг хэлбэр юм байна гэж би ойлгодог. Бидэндээ тааруулж хийж буй үйлчилгээ, менежмент нь энэ юм байна. Харин өөрсдөө бол тэд арай өөр сонирхолтой. Нөгөө л Тавантолгой, Оюутолгой, төмөр замаа л бодож, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л явдаг. Тэдний өдрийн бодол, шөнийн зүүд нь тэр л юм. Түүнээс бус эрүүл мэндийн салбар эсвэл иргэдийг ажлын байртай болгоё гэсэн сонирхолтой хүн энэ улсыг удирдаж буй 200 улстөрч дотор хуруу дарам цөөн байгаа.

-Эрүүл мэндийн салбар чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш яамыг нь олон сайд толгойлж байсан. Харин тэдний дундаас “Энэ хүн л шинэчлэлт, өөрчлөлтийг хийж чадах байсан” гэж нэрлэх хүн танд бий юу?

-Бий. П.Нямдаваа багш үнэхээр энэ салбарыг өөрчлөе гэж бодож байсан хүн. 1990-ээд оны эхэн үеийн манай орны эдийн засаг, улс төрийн тэр хүнд нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарт хийх ёстой байсан эхний өөрчлөлтүүдийг хийж чадсан хүн. Харин дараагийн хүмүүс нь үргэлжлүүлээд энэ ажлуудыг хийх ёстой байсан ч чадаагүй. П.Нямдаваа багш оюуны өндөр чадавхитай, ёс суртахууны өндөр босготой, гайхамшигтай хүн. Мөн Б.Батсэрээдэн багшийг бас энд дурьдах хэрэгтэй. Өөрөө эмнэлгийн салбарт насаараа ажилласан хүн болохоор бидний зовлонг сайн мэддэг байсан. Гэхдээ хэдхэн сар ажилласан хүн юу хийж амжих вэ дээ. Бусад сайд нараас “нэмэр болоогүй юм гэхэд гай болоогүй” гэж хэлэхээр хүн цөөн. Зүгээр л сайд байхын жаргалыг амсаад л буусан. Одоогийн сайдыг ч би ийм хүн л гэж боддог.

-Таныг Тавантолгойг дурьдсантай холбогдуулан нэг зүйл асуумар байна. Та “Энержи ресурс”-ыг их өмөөрдөг л дөө. Энэ компанид танай эхнэр ажилладаг болохоор тэр үү?

-Манай эхнэр тэнд ажилладаг ч бай, ажилладаггүй ч бай төмөр замын царигын асуудал хүн бүрт л ойлгомжтой энгийн сэдэв. Оросын тагнуулч эсвэл надаа л ашигтай байвал улс орон, ард түмэн яаж ч хохирсон яадаг юм гэсэн бодолтой улстөрч биш л юм бол тэнэг хүнд ч ойлгомжтой асуудал. Гэтэл ийм бодолтой улстөрч зөвхөн манай оронд ч байдаггүй юм байна. Тайландын Ерөнхий сайд асан Т.Чинаватра улсынхаа эдийн засгийг хоёр жил зогсоож байна. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд 40 орчим, хоёр хоногийн өмнө 30 орчим хүн нас барсан тухай мэдээллээ. Гэтэл Т.Чинаватрад улс орных нь эдийн засаг, аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж уу, Бангкокийн онгоцны буудлуудад түгжрэл үүсч үү, 100 хүний амь эрсдэв үү гэдэг нь тийм ч чухал биш. Тэр хүнд зөвхөн эрх мэдлээ эргүүлж олж авах, магадгүй түгжигдчихсэн байгаа өөрийнхөө хөрөнгийг буцааж авах  нь л чухал. Монголын улстөрчид дотор ч тийм бодолтой хүн байдаг бололтой.

-Т.Чинаватра шиг бодолтой улстөрчид гэдэгт та Зам тээвэр, хот байгуулалтын сайд Х.Баттулгыг оруулж байна уу. Учир нь “Женко” Баттулгад ам муутай явдаг хүний нэг нь та шүү дээ?

-Би номондоо тэр хүмүүсийг нэрлэсэн байгаа. Энэ удаад дурьдмааргүй байна. Гэхдээ өнгөрсөн жил монголчууд Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар өөрийн гэсэн бие даасан төмөр замтай болъё гэж зорьсон ч бүтсэнгүй. Хэрэв хүмүүс анзаардаг бол одоо байгаа төмөр замаас улсад жилдээ 10 сая орчим төгрөг л ордог юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, жижиг гуанзны хэмжээний л татвар өгдөг юм шиг байна. Зарим тохиолдолд харин ч бүр гарлагатай байдаг юм биш үү. Тухайлбал, төмөр замын салбарт манай талаас 20 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэгсэн хирнээ УБТЗ дахь манай улсын хувь нэмэгддэггүй. Сталины үеийн харгис гэрээгээр л яваад байдаг. Ердөөсөө өөрчлөхгүй байна. Гэтэл оросууд Вьетнам зэрэг орнуудад төмөр замыг нь буцаагаад өгчихсөн. Мөн Польшийн хэдэн тэрбум ам.долларын өрийг нь хүчингүй болгочихсон байдаг. Харин бидэнд тэгж хандсангүй. Төмөр замыг буцааж авах нь битгий хэл, монголчууд бид өөрсдөө нэг метр ч зам тавих эрхгүй болчихсон.

УИХ-аас гарч буй тогтоол бүр хуулийн адил хүчин төгөлдөр байдаг. АНУ-ын Конгрессоос гарч буй тогтоол бүр мөн л АНУ-ын хууль шиг хүчинтэй зүйл. Гэтэл УИХ болон АНУ-ын Конгрессоор батлагдсан, Ерөнхийлөгч нь үзгэлчихсэн гэрээ, хэлэлцээрийг оросууд хөндлөнгөөс орж ирэн нулимсан. Хоёр хөрштэйгээ эрх тэгш харьцаатай байя гэж байгаа бол энэ хоёр улсын эрх ашгийг тэнцүү мөргөлдүүлж байх ёстой. Тэгээд энэ дундаас нь монголчууд хамгийн ашигтай хувилбарыг гаргах нь зүйтэй. Би үүнийг мэддэгтэй ч биш, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан судалгаа, зөвлөлгөөг үндэслэж хэлж байгаа юм шүү. Тэд ч гэсэн “Монголчууд нэг метр ч байсан хамаагүй өөрсдийн гэсэн төмөр замтай байх ёстой” гэж хэлээд байгаа. Гэтэл энэ асуудал дээр УИХ, Засгийн газар эсвэл Х.Баттулга ч юм уу мэдэн будлиад, цаг алдаад байх шаардлагагүй.

-Ирэх сонгуулиар өрсөлдөхгүй ч УИХ дээр өрнөж буй Сонгуулийн тухай шинэ хуулийн хэлэлцүүлгүүдийг ажиглаж л байгаа байх. Та өргөн баригдсан хоёр хувилбарын алийг нь дэмжиж байна вэ?

-Пропорциональ хувилбарыг сонгох нь зүгээр байх л даа. Сонгуулиар мөнгө амладаг, хүн ард нь 10, 20 мянган төгрөгөөр худалдагддаг нь монголчуудын тэнэгийнх биш шүү дээ. Угаас ямар ч орон 200-300 жил явдаг тэр замаар монголчууд дөнгөж 20 дахь жилээ л явж байгаагийн илрэл. Гэхдээ ч манай улс маш хурдтай явж байна. Тав, арван жилийн дараа гэхэд илүү гайгүй түвшинд хүрэх байх. Харин үүнд нь хувь тэнцүүлсэн дээрх хувилбаруудын аль нэг нь дэм болно гэж бодож байгаа.

-Саяхан Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын Ерөнхий прокурорыг томиллоо. Эх орныхоо улс төрийн байдалд санаа зовнидог хүний хувьд та энэхүү томилгоог хэрхэн тайлбарлах вэ?

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ хуульд “улс төрийн албан тушаал” гэсэн тодорхойлолт байдаг л байх. Би өөрөө либеритар үзэлтэй учир манай орон либерал, шударга ёсыг дээдэлсэн нийгэм рүү явж байгаа гэдэгт итгэдэг. Тиймээс нарийн мэргэжлийн салбарууд руу ядаж мэргэжлийнх нь хүнийг тавиасай гэж хүсдэг. Зөвхөн улстөрчийнхөө талаас бус тухайн салбарыг сайн мэддэг хүн байх ёстой болов уу. Салбарынхаа эрх зүй, эдийн засгийн тогтолцоо, системээс нь авахуулаад хамгийн жижиг деталиудыг нь хүртэл сайн мэдэж байж тухайн салбарыг авч явна. Тухайлбал, эмч нарын мэс засалдаа хэрэглэж буй утаснаас авахуулаад даатгалын систем яаж ажиллах ёстой вэ гэдгийг мэддэг л байх хэрэгтэй. Иргэн хүн гудамжинд явж байхад нь цагдаа хэрхэн харьцаж байна. Замын цагдаа нар нормоо биелүүлэхийн тулд дурын машинаа зогсоож байгаа тэр л жижиг зүйлсээс авахуулаад Монголд хууль хэрхэн хэрэгждэгийг маш сайн мэддэг хүн баймааж л манай улс зөв тийшээ хөгжих болов уу. Одоо үед ер нь бүх юм улс төрийн томилгоо, улс төрийн албан тушаалаар шийдэгддэг болж байгаа юм байлгүй дээ. Д.Дорлигжав, Х.Баттулга, Б.Болдсайханы үе нэг л өдөр дуусна. Тэр хүртэл нь улсынхаа хөгжлийг унагаачихгүйхэн шиг л авч явах хэрэгтэй байна. Тус болдоггүй юм гэхэд гай болчихгүйхэн шиг л явах хэрэгтэй. Эмчийн үйл ажиллагааны тангарагын үндсэн мөн чанар нь ч ийм байдаг.  

-Засгийн газар бол нам шиг л амьд организм. Тэгвэл “Хамтарсан Засгийн газрыг оношлоод өгөөч” гэвэл та ямар онош тавих бол?

-Засгийн газрын “бие” эрүүл эсэх талаарх оношийг улс төр судлаачид л тавих байх. Гэхдээ юм бүхэн сайнтай, муутай байдгийн адилаар зарчим талаас нь хамтарсныг нь буруу гэж үздэг. Дангаараа Засгийн газар байгуулах хэмжээнд оччихоод ямар нэгэн шалтгааны улмаас, тухайлбал долдугаар сарын 1-ний үймээний хэргээс бултах нэрийдлээр хамтарсан Засгийн газар байгуулсан явдал нь УИХ, Засгийн газар хяналтгүй байгааг харуулж байна. 1990 онд сонгосон ардчилсан сонгуулийн гол мөн чанар байхгүй боллоо гэсэн үг. Нийлээд нэг том нам шиг болчихлоо. Нөгөө талаар, бодит амьдрал дээр монголчууд буруу ч гэсэн олон юм хийж байна. Нийлээд нэг Засгийн газар байгуулчихлаа. Одоо нэгэнт дүүрч. Харин хамтарсан хугацаагаа ашиглаад муу ч гэсэн тэр зарчим дээрээ олон зөв ажлыг хийх хэрэгтэй. Тухайлбал, Оюутолгойн гэрээг баталсан явдал зөв ажил болсон. Долоон жил гацчихсан байсан энэ гэрээг баталсан нь маш сайн хэрэг. Муугүй сайн, сайнгүй муу гэж байхгүйн жишээ энэ юм. Үргэлжлүүлээд Тавантолгойн монгол хүн бүрт хамгийн ашигтай хэлбэрээр ажиллулах тэр аргыг олох хэрэгтэй. Гэхдээ Ерөнхий сайд С.Батболдын хамгийн сүүлийн Засгийн газрын хуралдаан дээрээ тэмдэглэж хэлсэн шиг Тавантолгойд аль нэг сэргэлэн 1200 хүн бус 2.7 сая хүн хувьцаагаар эсвэл татвараар дамжуулан үр ашгийг нь хүртэх ёстой. Үүнийгээ боловсрол, эрүүл мэнддээ зориулдаг байх учиртай. Энд л төрийн жинхэнэ зохицуулалт үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, муу зарчим дээр ч сайн үр дүн гарч байх ёстой гэж би боддог.

-Та хувьдаа компанитай юу. “Монгол 999” үндэсний нэгдэлд орсон уу?

-Компанитай. Гэхдээ энэ нэгдэлд ороогүй. Миний компанийн хөрөнгийн эргэлт бага. Ажилтай учраас компанийнхаа үйл ажиллагаанд ажилд санаа тавьж чаддаггүй. Тэгээд ч энэ нэгдэлд орох сонирхол алга. Миний мэддэг салбар биш учраас орохгүй, орох ч үгүй гэж бодож байгаа.

-Танай гэр бүл Тавантолгойд хувьцаа эзэмшдэг үү?

-Хувьцаа бол байхгүй. Харин “MCS” компаний хувьцаагаар дамжуулан эзэмшдэг.