1960-70-80-иад оны зохиолчдын дундаас арай дээр нь С.Эрдэнэ гуай мэт балчир насанд минь бодогддог байв. Дэлхийн тэргүүний уран сэтгэлгээтэй мөр зэрэгцсэн нь ганц тэр эрхэм л явсан. Өөрөөр хэлбэл дэлхийд нүүр улайлгахгүй бүтээл туурвидаг нь тэр. Боловсролоор ч, ухаанаар ч, авъяасаар ч, үнэнийг баримтлахдаа ч С.Эрдэнэ баавайг гүйцэх зохиолч байхгүй гэж би үздэгээс түүнийг далдуур дуурайж эхэлсэн. Энэ үнэлгээг надад хүн зааж өгөөгүй. Жар, дал, наяад оны манай хүүрнэл зохиолыг хэрэв бүхэлд нь судалбал миний дүгнэлт ямар ч эргэлзээгүй илэрнэ гэдэгт итгэнэм. 

Тэр үеийн уран зохиол нам засгийн амжилтыг үнэмших аргагүй гоёчлон магтаж бялдуучилдгаас болж цөөнгүй уншигч дотроо нулимж, гаднаа сайшаадаг байв. Мал сүргээ нэгдэлд өгснөөр хамтын хөдөлмөрийн давууг ухамсарлаж, өв тэгш иргэн болж буй тухай, гал авалцсан бензинтэй торхны амыг цээжээрээ таглаж, аюулаас аварч буй Матрасовоор хүмүүжсэн эвлэлийн гишүүний тухай бичнэ. Залуусыг коммунизм байгуулж буй зөвлөлтийн комсомолчдын үлгэр дууриаллаар өөд татах МАХН-ын программ нь тэр л дээ. Ингэж бичиж байсан зохиолчдыг буруутгахад бас хэцүү. Нам засгийн хатуу тулгалт, үг үсэг бүрийг тэмтрэх хяналтын нүсэр аппарат гайхамшигтай соргог ажилладаг байлаа. 
Ийм хатуу дэглэмийн үед С.Эрдэнийн зохиолуудаас өөр үнэр ханхалж эхэлсэн. Хүн, байгалийн хөг айзамтай уянга, хүмүүн төрөлхтөнд зайлшгүй учирдаг хайр дурлалын жаргал зовлон, хорвоогийн эрээнд оносон алдсан сайн муу танил дүрнүүдийн хувь заяа уншигчийн ой тойнд яв цав нийцсэн нь цоо шинэ үзэгдэл болов. Эрдэнэ баавайн шинэчлэл ингэж эхэлсэн дээ. Энэ бол тухайн үедээ монголчуудын харанхуй тархинд цацарсан тэсрэлт гэж бахадмаар санагдана. Тиймээс ч түүний бүтээлээс нам засаг болгоомжилж алсаас хянаж мөрдөж байсан нь нууц биш билээ. Уншигчид түүний зохиолд хуйларч эхлэхэд намдаа үнэнч том дарга нар дурамчхан өнгө цухалзуулдаг сан. Цагаантан буриадуудын удам болохоороо хонзогнох үзлээ тавидаггүй нөхөр гэж ирээд л янцаглалдана.     
Уран зохиол хэмээх болхи ухуулгад гонсгор явсан хорь хүрээгүй би бээр сонин хэвлэлээс С.Эрдэнийн шинэ өгүүллэгийг хайна. Над шиг С.Эрдэнэд автсан уншигч олон байсан нь мэдээж. Гэхдээ уран зохиол, тэр дундаа богино өгүүллэг бичих дур хүсэлдээ донтож явсан би бүр ч их шүтнэ. 1960-аад оноос л би С.Эрдэнэ гуайг нууцхан алсаас харж явдаг болов. Шинэ өгүүллэгтэй нь учран золгохдоо би бүр догдолчихдог сон. Уншина. Бишэрнэ. Яагаад би түүнд ингэж их татагдаад байв гэвэл намайг шаналаасан миний доторх “түүн шиг бичдэг зохиолч болохсон” гэсэн хүсэл юм. Тэгэхээр би түүнийг зүгээр нэг хөнгөн хөвсгөр зангаар биширч явсан этгээд биш ажээ. Тэр бээр надад маш их үнэтэй эрхэм байлаа. Түүний нөлөө миний уран бүтээлд шингэсэн байж таарна. Үүгээрээ би бахархдаг хүн. 
Сүүлдээ би түүнтэй мэндэлдэг болсондоо олзуурхаж, С.Эрдэний танил болсныгоо муусайн найз нартаа гайхуулдаг болсон гэж байгаа. Миний хошин өгүүллэгүүд хэвлэгдэж, С.Эрдэнэ гэх тэр том баавай намайг анзаарч, бүр магтаж, бараг зиндаархах боллоо. Надад ямар бахархалтай байсан гээч. Их ч урам зориг хайралсан. Далаад оноос уран бүтээлийн ах дүү, удалгүй анд нөхөд болж, айж эмээлгүй хуучилдаг, санал солилцдог, бүр маргадаг хэмжээнд хүрч, хамт наргиж даргидаг ч боллоо. Зохиол бичих өвчин сэдрэхийн хэрээр дэлхийн болон Орос-Зөвлөлтийн утга зохиолтой чадлаараа хутгалдаж эхэлсэн залуу зандан насанд С.Эрдэнийн хайр дурлалын уянга өчүүхэн молхи намайг ховстож галзууруулсан нь өсөж бойжиж буй залуугийн дур тачаал биз. Юуг нь нуух вэ. Энэ бол ичих учиргүй биологи. Хүсэл гижигдсэн түүний зохиол олон. “Хулан бид хоёр”, “Зуурдын жаргал”, “Малын хөлийн тоос”, “Тоогийнд өнгөрүүлсэн нэг өдөр” мөн гүн ухааны “Өвгөн шувуу”, “Наран тогоруу” гээд тоочвол баршгүй. Тууж романууд гэвэл “Сэрүүн дуганы мөхөл”, “Хойт насандаа учирна”, “Тэнгэрийн хөвгүүний эцэслэл”, “Халхын заяат харгуй минь” гээд бас олон. Түүний бүтээл Монголын ХХ зууны уран зохиолын сан хөмрөгт чансаагаар тэргүүлдэг. С.Эрдэнэ бол Монголын зон олны бахархал билээ. Ялангуяа түүний хэл найруулга бишрэм тансаг агаад уран гоё дүрслэл, мэргэн цэцэн өгүүлбэрүүд нь шил шилээ даран уншигчдыг баясгана. Үгийн баялаг гэж агуу. Зохиолдоо мартагдсан гоё монгол үг хэрэглэх нь олонтаа бөгөөд тэр үг нь моод болж тарна.       

Эрдэнэ баавайг шүтсэнээ тайлбарлахын тулд түүний зорилготой эрхэм чанар, торгомсог авъяас, гүнгэр ухаан, саруулхан боловсрол, хамгийн гол нь, манай зохиолч нарт дутагддаг, зөвхөн үнэнийг бичих гуйвшгүй тууштай чиг шугам, дэлхийн хөгжлөөс хоцорсон ард олноо соён гэгээрүүлэх эх оронч үзлийг нь эн түрүү хойч үедээ дамжуулмаар санагдлаа. Яагаад гэвэл Эрдэнэ баавайн энэ талыг би онцгойлон дээдэлдэг. Энэ үүднээс амаа олохгүй магтсан хоосон бичвэр болчих вий гэж хэлээ хазаад түүний амьдралынхаа сүүлийн мөчид бичсэн нэг нийтлэлийг номондоо оруулж, уншигч нартаа толилуулбал миний хуурай магтаалыг уншсанаас өөрийн нь бичсэнийг унших, зохиолчийн дотоод ертөнцөд нэвтрэхэд илүү төхөмтэй гэж үзлээ. Эрдэнэ баавайгаа тэнгэрт халихын өмнө бид цөхрөөж, гомдоогоод үдсэн юм биш үү? Хорвоог хоёр гурав хөлбөрүүлээд тунгаачих ухаантай төрсөн зохиолч үлдэгсэддээ уянгалаг зөөлөн захиасаа хайрлаад л оджээ. Бидний байж буй царай. Тэнэгийн ухаан үдээс хойш. 


С.Эрдэнэ                           Зургаан зууны турш үргэлжилсэн уналт

Хүний итгэл эцсэн морь шиг туйлдах гэж байдаг байна. Энэ нь төгсөх тийшээ хандаж яваагийн шинж биз ээ.      
     
Өнгөрсөн хаврын урт уйтай байсныг хэлэх үү. Дөрөвдүгээр сарын эхээр Сэрүүн дуганаа сэргээн бүтээх ажлаар Дадал, Биндэр хүртэл явж Сэрүүн Галттайгаараа ороод ирлээ. Морин зэрэглээ гүйсэн саарал өдөр төрсөн бууц дээрээ хэсэг зогсож баахан уйллаа. Дотор онгойсонгүй.

Хотод ирсэн даруйдаа Амарбаясгалант хийдэд очиж Төвдийн их лам Аралозова бүтээсэн домогт Жигжид бурхан залж ирлээ. Танил сайхан хүмүүстээ гар дээр нь өргүүлэх минь холгүй явлаа. Дотор гэрэл орсонгүй. 

Миний ганцаардах, итгэл алдрах хэнд юуны хамаа билээ. Нуруу нугасны мэдрэлийн судлын хууч сэдрээд шаналгавч өвчин дарах тариа өөртөө хийчихээд ёолж ёншилгүй яваад л байна. Гэр бүл, үр ач нар бүтэн бүлээн, аж төрлийн аар саар юманд ядаж зүдсэн ч юм алга. 

Гэвч дотор пад харанхуй. Уг нь би сэтгэл мэдрэлийн эмчийн мэргэжилтэй болохоороо заримдаа өөрийн энэ “өвчнөө” оношлоод үзэх юмаа. Оросоор депрессивный психоз буюу утгачилан монголчилбол “гутралын хий өвчин” гэж байдаг. Гэвч арай түүндээ тулаагүй бололтой юм. Тэгвэл яасан хэрэг вэ? Хүмүүст болоод энэ улсад итгэх итгэл минь алдран туйлджээ. Өөр хэлэх юм алга. Одоогоос гучин жилийн өмнө “зорилготой явах сайхан” гэдэг өгүүлэлдээ “хүн өөрийн хүрэх уулын оргилтой явах ёстой” хэмээн бичиж билээ. Миний тэр хүрэх оргил намхан байж л дээ. Уг нь сая болтол сэтгэлээр үргэлж залуу явахыг хичээдэгсэн. Одоо нас ч сэтгэл ч ингэтлээ хөгширлөө.

Би сүүлийн хэдэн жил буяны үйлст чадлын хэрээр зүтгэсэн. Өндөр гэгээний бүтээлийн орон Төвхөн хийдийг сэргээх, Жанрайсигийг бүтээлцэх, Гүнжийн сүмийг өөд татах, “Сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний дөрвөн удаагийн аяллыг зохион байгуулалцаж оролцох мэт буяны л гэхээр ажилд оролцсоныг минь төр түмэн мэдэх байх.

Одоо Онон, Балж нутгийнхаа хэлмэгдсэн лам нар болоод буриад аав нарынхаа дурсгалд зориулж хэдэн нөхдийн хамт Сэрүүн дуганаа шинээр бүтээх ажлыг эхлээд байна. Энэ намрын эхэн цагаан бич сард барьж дуусган аравнай өргүүлнэ. Ингээд чанагш яахыг мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна.

Уг нь бол ухаан бүтэн, ганц хоёр ном ч тэрлүүлчих нөөц байгаа л бололтой юм. Гэтэл үнэндээ итгэл сэтгэлийн тэнхээ барагдлаа. Учир нь манай хүмүүс хүний мөс чанараа бүрмөсөн алдаж, худал хуурмаг, зэрлэг балмад, ёс суртахуунгүйн балар харанхуй нөмөрч Ренчин багшийн хэлснээр “Мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт” хэмээн дуу алдмаар болжээ.

Хөдөө явж ахуйд хөөрхий хэдэн малчид маань л монголоороо байна. Мал сүрэг нь ч өсөн үржиж, адуунаас нь таслан хөөж, бяруу шүдлэнгий нь хээр сүхдэж орхидог муусайн хулгайч нараас өөр хэнийг ч харааж зүхэлгүй, хувиа борлуулж довоо шарлуулаад сууж байна. 

Гэтэл хамгийн гутмшигтай нь миний мэт мунхагуудын тэгтлээ итгэж хөөрч явсан ардчилсан ёсны нэр нүүрийг дээрээс доороо хүртэлх монгол олон түшмэл унагаж гүйцжээ. Тэд ард түмнийг элдэв долоон хясаал боомиллоор тарчлаан зовоож байна. Хуучин хүнд сурталтныг унагаан гарч ирсэн шинэ түшмэл өчүүхэн ч “үл хөнгөрснөөр” үл барам ялангуяа дунд доод шатандаа хамаг ажлыг завхруулан, хриуцлагагүйн “монгол өвчнийг” даамжруулж гүйцжээ. Юухнаар боловч нэг нь нөгөөгөө хясан боож амьдын тамд унагадаг муухай монгол зан ялангуяа хууль барьж, биелүүлж байгаа нэртэй шүүх прокурорын байгууллага, хөрөнгө мөнгө барьж буй санхүүгийн долоон шидийн түшмэдийн бахыг хангаж байна. 

Хавар би улс төрийн хэлмэгдэгчдийн нөхөн олговорын хуульд заасан бичиг цаас бүрдүүлэх гэж бүтэн хоёр сар хууль цаазныхны ар өврөөр шогшихдоо хөөрхий ядарсан хүмүүсийг тэд бараг зориуд зовоохоор гаргасан гэмээр журам зааврын өч төчнөөн бичиг цаасны төлөө хайр гамгүй мөлхүүлж байгааг үзээд “монголын түшмэд та нарыг би үзэн ядаж байна” гэж хашгирмаар санагдсан. (Энэ сэдвээр нэлээд хэтрүүлэгтэй хошигносон “Хөөрхөн шүүгч бүсгүй” өгүүллэг хэдэн хуудасны ард бий шүү.Ц.Д). 

Улс төрийн хэлмэгдлийн гол буруутан хувьсгалт намынхан ард түмнээс хүлцэл өчихгүйгээр шийдэн гүрийсээр эцэст нь төр засгийг “сөгдүүлж” хэдэн тэрбум төгрөг гаргуулж “буян үйлдэхэд” хүргээд одоо түүн дээр нь хэлмэгдэгсдэд огт хамаагүй луйврын юмнууд хүртэл чарлалдан булаалдаж байгааг хараад “ардчиллынхны нэр нүүрийг унагах сайхан шалтаг гарлаа” хэмээн баярлалдаж сууна.

Итгэлийн төгсгөл бол хүний төгсгөл мөн. Би төгсөн буйгаа мэдэж байна. Үүнд гажран ганирах юм огтхон ч алга. Би энэ хорвоод ноогдсон насаа дэмий өнгөрүүлсэнгүй. Монголын соёлд тавин жил зүтгэсэн бичгийн молхи хүн ганц миний итгэл ингэтлээ туйлдсан л байгаасай.

Лев Гумилёв Монголын их гүрэн сэргэн мандаж асан үеийн тухай “пассианарность” буюу “ялгуусан ид хав” гэсэн утгатай онолын томъёо гаргасан билээ. Тэр ялгуусан ид хавын үе өнгөрсөөр даруй зургаан зуу гаруй жилийн нүүрийг үзлээ. Ардчилсан шинэ өөрчлөлтийн эхний сэтгэл хөөрлийн үед өтөл миний бие бас сэтгэлээр залуужин Монголын шинэ сэргэн мандлын тухай бишгүй л дуугарсан. Гэтэл зургаан зуу гаруй жил үргэлжилсэн уналтанд энэ жилүүд зүгээр л үүлэн чөлөөний наран төдий байжээ.    

Өнгөрсөн хавар ерөнхийлөгч Багабанди Кувейт улсад айлчлахад дагалдаж явсан сэтгүүлчид тэр орныг газар дээрх диваажингийн хэмжээнд магтацгаасан. Үнэндээ бол Кувейтийг бурхан харсан юм. Одоо Монголыг бурхан л харахгүй бол өөр аврал байхгүй. Сэхээтний дунд бол Монголд жинхэнэ лидер байхгүй гэсэн яриа ихэд дэлгэрчээ. Өчнөөн жил улс орныг ганцаар захиран толгойлж байсан жолоодогч нэртэнгүүд хорьдугаар зууны Монголд лав хоёр гурвын зэрэг байсан. Гэвч тэд цөм харь гүрний гарын доорх эмгэнэлт хүмүүс байлаа.

Одоогийн залуус бол намын буюу хэсэг бүлгийн лидерүүд л юм. Ардчилсан ёс жинхэнэ утгаараа тогтоогүй, тогтох нь хол байгаа үед тэдгээр лидер хэмээгчид бие биесээ унагах өнөөх л муухай монгол зангаасаа салж чадахгүй нь ардчилал “гүнзгийрэх” тусам илэрхий болж байна.

Бид өөрсдийгөө оюуны потенциал ихтэй гэж магттацгаадаг. Гэтэл тэр маань ердийн соёл, хариуцлага, хүмүүнлэг чанарт хүрдэггүй нь хачирхалтай. Бүх юм өнгө мөнгөөр хэмжигдэх цаг ирэхэд ялангуяа янз бүрийн зиндааны суудал эзэлсэн олон мянган түшмэд бие биесээ болоод, олон түмнийг тэр суудал, эрх дархаараа хясан боодог нь гэм биш зан болсон юм. Урьд ч тийм байсан одоо ч тийм байна. Мөн ердийн анархизм, согтуучууд юм уу хонзогногч хэсэг бүлэг хүмүүс улс орныг үймүүлж, мууд дуртай олны аазгайг хөдөлгөн иргэний дайн болно, зулын гол болж шатна, дайрна, устгана, цаазлана гэх мэтээр хотын гудамж талбайгаар нэг өлөн чоно мэт улилдаж байна. Энэ чинь зургаан зуун жил үргэлжилсэн уналтын “эцсийн улилт” ч байж болох юм.

Ер нь монголчууд бид байж байгаа царайгаа үнэнээр нь харах чадвараа ч алдсан бололтой. Жинхэнэ үнэний захыг хэлвээс:

-Монголчууд бидэн шиг эв нэгдэлгүй, хэзээнээс жалганы үзэлд автсан, зөвхөн өнөө маргаашийн ашиг хонжооны төлөө, бүтээн байгуулахын бус эвдэн бусниулахын төлөө талцан идэлцдэг хүмүүс дэлхийд ховорхон.

-Монголчууд бидэн шиг өнгөнд хууртагдсан бөгөөд шуналтай хомголзуур, хөнгөмсөг гангамсаг, үрэлгэн барьцгүй хэтийдсэн дууриамтгай хүмүүс дэлхийд ховорхон.

-Монголчууд бидэн шиг өнгөндөө бол хуурамч даруу зантай, цаана бол ичгүүр сонжуургүй, танхай даруулгагүй хүмүүс дэлхийд байхгүй.

-Монголчууд бидэн шиг ёс журмаа умартсан, аливаа ёсын уламжлалаа уландаа гишгэсэн улс дэлхийд байхгүй.

-Монголчууд бидэн шиг хариуцлагагүй, найдваргүй, зальжин мэхтэй, урвамтгай шарвамтгай хүмүүс дэлхийд ховорхон. 

-Монголчууд бидэн шиг хүний мууд дуртай ер нь аливаа муу муухайд автамтгай, атаач авилгач зантай хүмүүс дэлхийд ховорхон.

-Монголчууд бидэн шиг сайд дарга нараасаа авахуулаад онгоцны нисэгчид хүртлээ эр эмгүй архи дарсанд живэн мансуурч садар самуунд жолоо алдан, түүнийхээ хор уршгийг мэдэхээ больж, оюун санааны хоосролд өдөр хоногоор автаж, тэр мэтийгээ бах таваа ханатал цуурхаж байдаг улс дэлхийд байхгүй.

-Монголчууд бидэн шиг залхуу хойрог, хар зовлогоо хоохойлон амар хялбарыг хардаг, бэлнийг нэхэх дуртай, ажлын долоо хоногийн наяад цагийг дэмий алхаж өнгөрүүлдэг хүмүүс дэлхийд байхгүй.

Тийн яван явсаар айл гэрээс эхлээд төрийн өндөрлөг гэдэгтээ тултал хэрүүл маргаан, хүн хүнээ үзэн ядах занал хорсолд автаж гүйцлээ.

Хэд хоногийн өмнө урьд сайдын зиндаанд хүрч явсан эртний нэг танил минь гудамжинд муухан хувцастай, нүдээрээ ус гүйлгэсэн явж тааралдаад их заналтайгаар “Чи хоёр төрд долигнож элдэв шагнал хүртээд их юм явж байна” гэсэн. Төр солигдоход түшмэл солигдохоос бус уран бүтээлчийг хэнбугай нь ч “сольж” чадахгүйг тэр яахан мэднэ. Би хэзээд дотоод дотроо “дисседент” явсан. Түшмэд намайг наашаа гэснээс биш би хэзээ ч түшмэдийг наашаа гэж яваагүй. Энэхэн төдий жишээ бол бид бас бие биесээ үзэн ядаж, атаа жөтөө өвөрлөж явдгийн л гэрч юм. Түүхийн жам ч юм уу үйлийн үрээр ч юм уу монголчууд бид ойр мөддөө хүлээн зөвшөөрч чадахгүй баян хоосны ялгаа гарч, мөнөөх оюуны потенциалтай хэмээгчид болоод зүсэн зүйлийн луйварчид суудал зэрэг, өнгө мөнгөний төлөө улайран тэмцэлдэж байна. 

Чингээд нэг нам нь нөгөөгөө, нэг засаг нь нөгөөгөө унагахын төлөө чухам юу эсийг хийхдээ анхан үед мань мэтсийн сэтгэлийг догдлуулсан Монголын сэргэн мандлынүзлийг хэдийнээ таягдан хаяад сонгуулиас сонгууль хүрэх “бодлого” дээрээ л ажиллаж байна. Өөр хоорондоо эв зүйгээ ололцохгүй, ололцуулахаас эвдрүүлэх нь дээр гэж үздэг долоон шидийн хэсэг бүлэгт хуваагдчихсан цөөхөн монголчууд бид энэ янзаараа дэлхийн өмнө цаасан малгай өмссөн инээдтэй бөгөөд хөөрхийлөлтэй байдлаараа олонхон он жилийг туулж таарах нь ээ.

Оросууд “Надежда умирает последней” буюу “итгэл хамгийн сүүлд дуусдаг” гэсэн утгатай зүйр үг хэлдэг. Миний хувьд итгэл туйлдлаа. Энэ бол миний төгсгөл мөн. Бардам хэлэх ганц зүйл бол би Монгол хэмээх энэхүү ариун дагшин газар нутаг, хүн зондоо хайртай явсан. Олноороо аймшигтай дөжирч дүлийрсэн энэ цагт миний үг дуу гучаад онд сүйтгүүлсэн хуучин сүмийн өнчин хонхны дуутай адил өнгөрнө л биз. Аль тэртээ жараад онд залуу зандан насандаа Отгонтэнгэр уулын оргил гялбалзах тэртээ Цагаан Турууны голын хөвөөндөх эвдэрхий сүмийн өнчин ганц хонх салхинаа найган жингэнэхийг сонсоод Монголын мөхлийн билэг тэмдэг мэт санаж билээ. Тэр хонхны гунигт дуун өчнөөн жил чихнээ жингэнэн жингэнэсээр итгэл минь туйлдсан энэ хаврын өдрүүдэд бүр тодорлоо. Тийн би энэ зун намартаа амжиж Сэрүүн дуганаа сэргээн бүтээгээд хонхны дуутай болгож, хэлмэгдэгсдийн дурсгалд зул бадраагаад ийм нэг буянт үйлээр төгсгөл болсноо унасан газар угаасан усандаа залбиран хэлье. 1998-08-04   
Эрдэнэ баавай ийм л уян зөөлөн хүн дээ. Нийтлэлийг нь уншаад өөртэй нь уулзсан мэт дуу хоолойг сонслоо. Зохиолч хүн эрх мэдэлд дулдуйдсан хүчирхэг амьтан биш бөгөөд хаад ноёд элдэв намаас ангид, чөлөөт сэтгэлгээтэй хувь хүн байдаг. Эрдэнэ баавай чухам тийм зохиолч явсан. ХХ зууны эхээр улаантан цагаантны алалдаан туйлдаа хүрч буриад зон төрсөн нутаг усандаа амьд явах нөхцөлгүй болсны улмаас хил давж халх ахан дүүсээ бараадсан түүхтэй. Гэвч болъщевикууд Х.Чойбалсанд тушаал өгч тэднийг хөнөөсөн. Нүүж ирсэн буриад зоноос эр хүн бараг үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Аймаглан устгах яргаллыг эцэг эхийн хамт туулсан балчир хөвүүн Эрдэнэ зохиолууддаа “Халхын ач буян” гэж олонтаа дурдсан нь түүний ухаалаг чанарыг илтгэдэг бөгөөд баруун зүүнээс нүүдэллэж нийслэлдээ бөөгнөрч сууршигчдын дундаас тийм ч олон сонсогддог үг биш шүү. 

Эрдэнэ баавай минь таны итгэл алдрах долоон зөв байжээ. Таниас хойш гэгээрсэн журамлаг масс үүсэх найдвар бүрэн унтарлаа. Иргэд зэрлэгшив. Хөлс гаргахгүй цатгалан амьдрахыг сүйхээлэгч, илүүдэл жинтэй жагсагсад хүний эрх ярьж омогдоно. Таниас хойш эх оронч лидер, шударга түшмэд тодрох нь бүү хэл төрийн жолоог хулгайчид атгачихав. Ардчилал, зах зээлийг хөгжил болгох залуус гарч ирнэ гэх горьдлогоор би бишгүй л сараачлаа. Хоёр намаас алинаас нь ч тийм хүн гарч ирсэнгүй. Өчүүхэн надад үхэхийн өмнө үг солих хүн таниас өөр алга болжээ. Миний итгэл таных шиг бас л алдарлаа. Таныг цөхрөөсөн юм чинь намайг цөхрөөх юуухан байхав За ингээд уулзатлаа баяртай гэх үү дээ. Эрдэнэ баавай тандаа мөргөе.
                                                                                                                                    2017-03-15