Фэн гэж "салхи", шүй гэж "ус" гэсэн хятад үг. Фэншүй бол өөрөө хятадын маш эртний шашин шүтлэг ажгуу. Фэншүй шашин нь Хятадын үндсэн философи, шүтлэг болох күнзийн болон даогийн (бумба) шашин үүсэхэд томоохон хувь нэмрээ өгчээ. Христийн (загалмайн) болон мусулманы (лал) шашин үүсэхдээ гол нь жүүд нарын иүдэйн шашин дээр тулгуурласан. Хиндуизм болон буддын шашин буй болгохдоо эртний Энэтхэгийн брахманы (бярман) сүсэг дээр үндэслэсэн. Харин күнз, даогийн цэвэр хятад шашныг фэншүй дээр суурилан буй болсон гэж үздэг. Лалын болон христийн шашин нь иүдэйн ганц бурхны буюу монотэйзм философийг авч цааш хөгжүүлжээ. Буддын болон хинди шашин нь брахманы нүгэл хилэнц үл үйлдэн нирваан болох сургаалыг улам боловсронгуй болгон цоцлуулсан. Тэгвэл кунзын болон даогийн шашин нь хүний байгаль болон нийгэмтэй хамтран зохицох зохицлын үзэл санааг дэлгэрүүлсэн юм.

Хүмүүсийг нийгмийн бүрдүүлэгч эд эс гэж үздэг күнзийн сургаал, бие хүн өөрөө цогцлон төлөвших индвидуалист даогиин сургаал хоёр яг эсрэг тэсрэг үзэл боловч аль алин нь зохицлын тухай сургаал учраас нэг юмыг хоёр талаас нь тайлбарлаж буй хэрэг юм. Чухам энэ нь хятадуудын өнө эртнээс мэддэг байсан инь, янь буюу арга, билгийн хослол билээ.

Эртний хятадууд байгаль орчинтойгоо зөв зохицвол эрүүл саруул байж урт насална гэж үздэг байжээ. Фэншүй гэдэг нь араасаа салхи хаасан уултай, өврөөрөө тунгалаг устай газар амьдрах нь ээлтэй гэсэн ойлголтоос үүссэн бололтой. Ерөнхийдөө л ээвэр газар ба фэншүйг ч ээвэр гэж орчуулж ойлгож болмоор. Байгальтайгаа зохицох энэ ойлголтыг фүшэ гэж нэрлэж байсан ба энэ тухай Ба гуа хэмээх анхны ном - бүтээл гарчээ. Хятадын түүхэнд гарсан хамгийн сонгодог бүтээлийн нэг аж. Хятадын соёлын хамгийн сонгодог бүтээл И чэн чухам Ба гау дээр тулгуурласан юм. Монголоор үүнийг Зурхайт ном гэдэг, эндээс таван ухаан гэсэн цогцолбор ойлголт буй болжээ.

Шань династийн үед бичигдсэн И чэн нь хожмын Жоу династийн үед хамгийн алдартай бүтээл байсан. Эндээс Күнз, Лао цы нар өөрийн тус тусын зохицлын номлолоо тунхагласан байна. Харин он удаан жилд фэншүй нь зөвхөн мухар сүсэг, эртний ардын ухаан болон хоцрогдсон аж. Учир нь эндээс үүссэн дао болон күнзийн сургааль нь зүйл бүрээр салбарлан хөгжиж, үе үеийн ухаант эрдэмтэд улам баяжуулж байсан бол фэншүй нь боловсрол нимгэн тариачдын дунд мухар сүсгийн хэлбэрээр өөрийн өвөрмөц баяжил, шинэ шинэ тахилга, сүжгийг олж явжээ.

Инь, ян буюу арга, билгийн зохицлыг Лоа цы, Күнз нар өөр өөрийнхөөрөө тайлбарласан ба хожим Хань династийн үед дао шүтэгчид араараа модот уултай, өврөөрөө тунгалаг голтой газар амьдарч инь, янын жинхэнэ зохицлоор амьдрах гэж олноороо эзгүй ууланд очиж суурьшиж байв. Иймээс фэншүй нь даогийн шашинд илүү хамааралтай гэсэн ойлголт нэлээд түгээмэл байдаг.

Ардын гэж нэрлэгдэж байсан фэншүй алс Америкт нэг удаа амжилт олжээ. XIX зууны дундуур Калифорнид алтны халуурал болж, газар газрын ядуу "нинжа" нар азаа үзэхээр цөлд цугларсан байна. Боолчлолыг устгаж байсан тэр үед Америкийн хойд мужуудад боолчлолыг хуулиар хориглосон байлаа. Иймээс хямд ажиллах хүч болгон Хятадаас хэдэн арван мянган ядуу хужааг Калифорни руу зөөсөн байна. Харин үгүйрсэн тариачин болох тэдгээр ардууд өөрсдийн "ардын" ухаанаа тээж очлоо. Алт хайж байгаа хүмүүст тэд фэншүй хэмээх бүдүүлэг онолоо нэмж хачирлан мухар сүсгийн хэлбэрээр тайлбарлаж  өгсөн байна. Ийм юм гэртээ байрлуулбал, тийш харж унтвал олз олно, алттай газар нээгдэнэ гэх мэтийн мэрэг төлөг шиг юм нь мөн л боловсрол соёл нимгэн, азаа үзэж яваа цагаан арьст цагаачдад их өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Нэг хэсэг бүр Америк фэншүй гэж хүртэл ярих болсон ба энэ нь таарсан таар шуудай болох өрнө дорнын азаа үзэгсдийн дундаас төрсөн мэрэг төлөг мухар сүсгийн хольц, шинэ хэлбэр, баяжмал төрх нь байв. Нийгэм хямарсан, ядуурал газар авсан газарт фэншүй нь харь гаригийнхан, үзмэрч, астрологи, зурхай, мэрэг төлгийн нэгэн адил ихэд нэвтрэмтхий байдаг.

1949 онд коммунистууд Хятад орныг захирч эхлүүтээ фэншүйг фөодлын ёс хэмээн хориглож байв. Хамтралжуулах их хөдөлгөөнд нэрвэгдэн гуйланчлалд орсон хятад тариачид харин улам ихээр фэншүйг шүтэх болжээ. Ер нь маоистууд Соёлын хувьсгалын үеэр күнзийн болон даогийн шашныг ч хортой суртаал хэмээн хориглож байсан. Харин өнөөгийн хятадуудад фэншүйгээс эхлээд бүх шашин чөлөөтэй боловч "орны байрлалаа өөрчилж биш орноосоо босож хөдөлмөрлөж байж баялаг олно"  гэсэн ойлголт илүү нэвтэрчээ. Өнөөдөр фэншүйгийн хамгийн цэцэглэж байгаа газар нь хуучин ЗХУ-ын суурин дээр буй болсон олон орны олон сая "ардууд" болсон байна. Фэншүй нь өөртөө шинжлэх ухааны халхавч нөмөрч чаддагаас гадна Дорнын ухаан, эртний ухаан гэсэн чимгээр "ухаанаа" гоёж фэншүй гэсэн луйвар маягийн "бизнес" ч ихэд дэлгэрч байна.

Үнэндээ ийм төрлийн цоо шинэ ухаан ч байхгүй, тэр дундаа бизнесийн салбар огтоос үгүй. Өрнө ч гэсэн өөрийн луйварчидтай байдаг учир гар утас ганган лимүзэнээр гоёсон өндөр хамартай, ногоон нүдтэй нөхдүүд хялбар олз олохоор элдэв шинжлэх ухааны цол хэргэм, гуншин дуудуулан мөн л хөдөлмөрлөлгүйгээр хялбар олз олох эцсийн зорилго бүхий гэнэн тэнэг "ардууд"-ын толгойг эргүүлж ядуу дорой газар хайн шиншилж явна. Өнөөгийн жинхэнэ Дорнын ард түмэн фэншүйд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Тухайлбал, солонгосоор үүнийг пүнсү жири гэдэг ба энэ нь "амьдрахад таатай ээвэр газар байна", "хүн нутаглуулахад аятай газар байна" гэсэн зан заншлын шинжтэй ярианд хэрэглэгдэх төдий хэлц юм. Харин ядуу дорой хойд солонгосчууд пүнсү жирид илүүтэй ач холбогдол өгөх нь мэдээж. Бодит боломж багасахын хэрээр хий горьдлого улам өсдөг, энэ бол фэншүйгийн жинхэнэ тайлбар болов уу.

2011.11.6