Хулан бид хоёр
Олон жилийн өмнө энэ явдал болсон билээ. Тиймээ... Тэгэхэд би Украйнд уул уурхайн их сургуульд сурдаг оюутан байсан юм. Би оюутны зуны амралтаараа эх орондоо ирсэн байлаа.
Олон жилийн өмнө энэ явдал болсон билээ.
Тиймээ... Тэгэхэд би Украйнд уул уурхайн их сургуульд сурдаг оюутан байсан юм. Би оюутны зуны амралтаараа эх орондоо ирсэн байлаа.
Тэгээд үнэндээ би тэгэхэд юу ч хийдэггүй байв. Хаяа нэг ном уншина, телевизор харж хэвтэнэ, ерөнхийдөө ихэвчлэн унтана.
Заримдаа би ганцаараа хийх юмгүй дэмий алхана. Хаана ч хамаагүй шөнө дүл болтол тэнүүчлэнэ. 7 дугаар сарын эхний долоо хоногийн тэр нэгэн сайхан орой би хотын төв гудамж гэх “Энхтайван”-ны өргөн чөлөөгөөр алхаж гарав. Нам гүм, нам гүмхэн тийм л нэг хачин сайхан орой байсан санагдана.
Хаа нэгтээ автомашины хурц шар гэрэл гэнэтхэн цацран гарч ирээд, төдий их удалгүй бүдэгхэн цайвар цагаан гудамжны гэрэлд ойж солонго татуулан хоосон харанхуй агаарт шингэн ул мөргүй алга болно. Замын хоёр талаар ойр ойрхон хоёр эгнээ тарьж ургуулсан өндөр өндөр хуш, улиас моднууд байх бөгөөд бас явган хүний цардмал зам, түүний захыг нь эмжиж жижигхэн бут сөөг моднуудыг их л шигүү тарьж ургуулсан ажээ.
Би улсын Их дэлгүүрийн урдуур өнгөрч Төв шуудан чиглэл алхав. Гэрэл муутай боловч гоё модот өргөн гудамж дуусахад миний зүүн гар талд төв шуудангийн том шар барилга, би зам хөндлөн гарч Сүхбаатарын талбай, урд талд нь байх хотын төв цэцэрлэгт хүрээлэнрүү эргэж оров. Миний хүүхэд ахуй насны дотно танил тийм дүр зураг, сэтгэл татам уянгалаг сайхан төсөөлөл тэрхэн зуур надад төрлөө. Ингээд би улирч одсон гэгээн сайхан хүүхэд насны дурсамжаа санагалзан өөрийн эрхгүй санаа алдан түр зогсоод, би цэцэрлэгт талбайг урдаас нь хойшоогоо нэвт өнгөрч, Сүхбаатарын талбайруу ордог хуучин цагийн хийцийн бат бөх чулуун хаалганы ахжууд ирэв.
Хаалганы хажуу талд хоёр залуу бүсгүй зогсож байлаа. Тэдний нэг арай ахмад болов уу гэмээр нарийхан туранхай биетэй, цонхигор цагаан царайтай тэр бүсгүй, маш их царайлаг бүсгүй байв. Би тэдэнтэй мэндлэв. Зөрүүд гэмээр ширүүн төрхтэй тэр бүсгүй надад бараг анхаарал хандуулсангүй. Харин нөгөө нэг бүсгүй 20 орчим насны бүсгүй байсан бөгөөд бас нарийхан, туранхай, цагаан царайтай том алаг нүдтэй тунчиг их царайлаг сайхан бүсгүй байлаа. тэрээр намайг гайхан хараад ямар нэгэн юм амандаа шивнэн хэлэв. Тэгээд тэр бүсгүй насаад харцаа салган буруу тийшээгээ эргэж харж зогслоо. Тэр бүсгүй дээшээгээ тэнгэр өөдөө харах ажээ...
Тэрхэн агшинд би өөрийн эрхгүй сандарч эхлэв.
“Намайг уучлаарай” гээд би “Одоо хэдэн цаг болж байгаа бол” гэж асуугаад “Уг нь би энд Сүхбаатарын талбай дээр өөрийнхөө нэг найзай л уулзах гэж ирсэн юм л даа...” хэмээн “Би гэмгүй нэгэн хүн билээ” гэх аялгаар аргадаж учирлан тайлбарлан хэлэх аядав.
“Залуу минь цаг тэр байна гээд гудамжны гэрлийн шонд өлгөсөн том шар цагийг заагаал, Сүхбаатарын талбай гэдэг бол энэ байна даа!” хэмээн арай ахмад насны ширүүн төрхтэй бүсгүй надад хандан хөндий хүйтэн аялгаар хариуллаа.
Би бүсгүй хүний ер бусын сайхан төрх аясыг мэддэг хэрнээ ингэтлээ цочирдон сандарч байгаагүй мэт надад санагдав. Чухам яах гэж? Би тэдний хажууд очиж зовлон тоочин зогсох учрыг би өөрөө чиг үл мэднэ. Хоёр өөр дээд доод хоёр ертөнцийн яг тэр торгон ирмэг дээр би зогсож буй адил тийм нэг мэдрэмж надад төрсөн бөгөөд тэгээд харуусал гуниг хоёр хамтдаа зэрэгцэн төрсөн билээ. Надад байгаа хамаг сайн сайхан юмсаа, итгэл сэтгэл хүслээ би сохор зоосны алдсан мэт надад санагдав. Харуусал гэхийн учир гэвэл энэ ажгуу. Гэлээ гээд би яах вэ дээ.
Сайхан бүсгүйчүүдийг харахад жаргал мэт санагддаг тийм л нас, тийм л үе байсан билээ. Гэвч би одоо тэр үеийн тэр мэдрэмжийг тэр чигээр нь мартжээ. Үүр түүрхэн л санана. Гэсэн хэдий ч тэр бүсгүйчүүд цовоо сэргэлэн, итгэл үнэмшил дүүрэн цагаан цайлган сэтгэлтэй сайхан бүсгүйчүүл болохыг хожим хойно би ойлгосон билээ.
Төдий их удалгүй улаан өнгийн “москвич” маркын суудлын машин, бидний дэргэд ирж зогссоноор би тэдэнтэй салах ёс гүйцэтгэж “Баяртай... сайхан амраарай” гээд гар даллан хоцров...
Тиймээ тэгэхэд би дээд доод хоёр өөр ертөнцийн яг тэр торгон ирмэг, тэр зааг дээр нь зогсож байсан юм.
Тэгээд би бодов. Эцсийн эцэст Би сайхан муухай мядуу тэр хамаагүй юм шүү дээ. Тэр мөнх бус билээ. Мөнхийн хутгийг олохын тулд л хүмүүс амьдардаг бус уу? Бүү харамс, битгий гунигла. Бүх зүйлс зөвхөн миний оюун санаа, зөвхөн миний сэтгэл бодлоос үүсдэг билээ. Гэж би бодов. Сайхан бүхний өмнө хүд бөхийдөг бол, оюун ухаан, итгэл сэтгэлийн өмнө орчлон ертөнц өөрөө бөхийдөг. Тийм учраас оюун ухаан үйлчилж эхлэхэд орчлон ертөнц сансар огторгуйн ямар ч хууль, огт үйлчлэхгүй гадна үлддэг.
Тэр оюун ухаан өөрөө маш нягт нямбай хийгдсэн билээ. Тийм учраас тэр энэ дэлхийн бүх юмнаас хүнд байдаг. Тийм учраас тэр бүхнээс илүү их хүчтэй билээ. Тийм учраас би өөрийн гэсэн байх ёстой бус уу? Зорилготой байх хэрэгтэй. Зоригтой байх хэрэгтэй. Өөр өөр юманд хэрхэн яаж, ямар байдалд яаж хандахаа мэддэг болох ёстой. Бүх үед бүх хүнд, бүх юманд адилхан хандаж болохгүй юм байна хэмээн би бодов.
Тиймээ. Мунхаг явдал болвол сэтгэлээс л ургадаг. Тийм учраас би цаашид хичээх болноо... хэмээн би өөрөө өөртөө хэлэв.
... Тиймээ тэгэхэд би, тэр нэгэн уулзалтын дараа би тэр хоёр бүсгүйн тухай тэднийг хэн, хаана амьдардаг тухай, тэдний мэдэхгүй үлдсэн байсан би сэтгэл гонсрон харамсаж явдаг байлаа. Гэсэн хэдий чиг тун их удалгүй би тэднийг аль хэдүй нь мартаж эхэлсэн бөгөөд хааяа нэг хийх юмгүй уйтгарлан суудаг аваас, тэр бүсгүйчүүд миний сэтгэлд үе үе бодогддог байв. Тэднийг би дурсан санадаг байлаа. Тэгээд би яагаад чиг юм мэдэхгүй, тэд намайг бас дурсан ярьж байгаа бөгөөд бид тун удахгүй дахин уулзаж учрах мэтээр бага багаар хорогдож санагалзан хүлээх болов.
Тэгэхэд би гандангийн дэнжид байдаг ахындаа амьдардаг байсан юм. Миний ах эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байсан. Ах тэр жилийн хавар Кавказад эм судлалын их сургууль төгсөж ирсэн бөгөөд хотын эмийн газарт ажилладаг байлаа.
Ах, хөдөө их явдаг ажилтай би бүтэн долоо хоног заримдаа бүтэн сар гэртээ ирэхгүй алга болно. Ахын гэрийг ахад ажилладаг газраас нь барьж өгсөн бөгөөд хана туурга, шал бүрээс муутай, борооны ус тусаал гоождог хуучны муу таван ханатай гэр байсан юм.
Гэрт тавилга эд хогшил гэхээр юм бараг байхгүй байсан. Хуучин мод модон ширээ, орос хийцтэй малтмал хоёр сандал ба хоёр төмөр ор, тавилга эд хогшил гэхээр тоймтой юм бараг байхгүй байсан. Санагдана. Аан тийм... гараас гарахгүй их том темп нэртэй орос телевизор бас байсан юм байна...
Цаг агаар тааруу бороо салхи ихтэй аянга цахилгаантайтийм өдрүүдэд тэр муу гэр салгалан чичирч хэдэн хэсэг болон салах алдана.
Шөнө орой ялангуяа би гэртээ ганцаараа байх үед энэ байдал надад аймшигтай санагддаг байв...
... Улсын баяр наадмын дараахан 7 дугаар сарын дундуур цаг агаар тогтуухан нартай сайхан тийм нэгэн өдөр байлаа.
Тэр өдрийн үдийн алдад миний хамт сурдаг оюутан Тулга гандангийн дэнжид байх миний муу гэрт ирэв. Бид хоёр манайд бага сага сууцгааж байгаад гадагшаа гарав. Бид хоёр хоёулаа олонд урт цагаан гэж нэрлэгдсэн хотын худалдаа үйлчилгээний гол гудамжны нэг болох урт цагаан байшингийн урдуур нь өнгөрөөд “Туул” рестораны зүүн урд талд байдаг “Туул-Нисэх яармаг” чиглэлийн автобусны буудлын ойролцоо очлоо.
Тэнд би тэнд би тэр хоёр бүсгүйү дахин олж харав. Бид хоёр тэнд түр саатав. Тэдний танил дотно төрх байдал, сэтгэл татам үзэсгэлэнт сайхан байдал хоромхон зуур чамайг эзэмдэв. Би баярлан санагалзах, ичингүйрхэн тээнэгэлзэх зэрэгцэн тэнд чимээ үгүй дуугай зогсоно.
Тэр хоёр бүсгүй Тулгааг ихэд танимхайран ярилцах бөгөөд тэдний нэг болох арай эгчмэд бүсгүй надтай гэхээсээ Тулгаатай их л дотночилон ярилцах ажээ.
Тэрээр түүнээс хэзээ ирсэн? .. хичээл сургууль болон бусад зүйлсийн талаар шалгаан асууна.
Тэр бүсгүй “Тулгаа чи биднийг харамгүй өнгөрөн байлаа шүү дээ... Нэг орцны хөрш хүмүүс чинь бие биенээ танихгүй юм шиг байж болохгүй биз дээ!” гээд чанга дуугаар инээх бөгөөд тэр их ярих боловчиг, тэр бүсгүйг сонсоход надад сонирхолтой сайхан байв. Түүнийг сонгох нь надад би тааламжтай сайхан байлаа.
Харин арай залуувтар, давхраатай том алаг нүдтэй туранхай цагаан тэр бүсгүй ярианд үл оролцох бөгөөд тэр намайг сонирхон харах ба хөнгөхөн инээвхийлэн зогсоно. Би тэр бүсгүйн нимгэн уруул, гэзэг ба бүсэлхийгээрээ чавхийлгэн чанга бүс бүсэлсэн туранхайболовчиг өө сэвгүй цэвэрхэн биеийг ажиглан дуугүй зогсоно. Бас би, яг энэ цаг мөчид өөрөө өөрийнхөө гадаад байдал уруу дорой байгаа байдалдаа сэтгэл шаналан зогсоно.
Би ийм хурдан мөртлөө... дэмий хоосон өнгөрүүлсэн тэр амьдралдаан харамсан зогсоно.
Тиймээ. Би тэдний сэтгэлийг үл татна.
Тэднийг явж одонгуут Тулга ярьж гарав. Тэр хоёр бүсгүй нэг гэр бүлээс гаралтай ба эгч дүү бүсгүйчүүд ажээ. Тэр том алаг нүдтэй бүсгүйг Хулан гэдэг. тэр аав ээж эгчтэйгээ Нисэхийн тосгонд амьдардаг бөгөөд түүний эгч арай ахмад бүсгүй Халиунаа дунд сургуульд багшаар ажилладаг гэнэ. Харин Хулан нисэх буудлын нэгэн даргын туслахын ажил хийдэг ажээ.
Мундаг сайхан гэр бүл гэж Тулга хэлээд
-Хэрвээ чи сонирхвол хоёулаа дараа нэг удаа тэднийд зочилж хоёр бүсгүйтэй сайхан танилцаж болно шүү дээ. гэж хэлээд цааш нь үргэлжлүүлээд:
- Манай хауу талын орцонд 1-р давхарт амьдардаг юм. Тэднийх нисэхэд олон жил амьдарч байгаа ба аав нь олон жил ниссэн алдартай сайн нисгэгч хүн байдаг юм хэмээн ярьж байлаа...