Шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинж
“Шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг хамгаалах” гэх ойлголтыг зарим хуульчид сүүлийн хэд хоногт өрнөсөн үйл явдлуудтай холбогдуулан хүчтэйгээр илэрхийлж буйг сошиал хуудсаас харж болно.
- Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг С.Батболд хүндэтгэн үзэж, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан шийдвэрийнхээ үйлчлэлийг түдгэлзүүлэв. Хувь улстөрчийн хувьд халгаж халирсан мэт харагдаж байж болох ч нийтлэг эрх ашиг, үнэт зүйл түүний амбициас илүү дээгүүрт эрэмбэлэгдэх нь зүй-
“Шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг хамгаалах” гэх ойлголтыг зарим хуульчид сүүлийн хэд хоногт өрнөсөн үйл явдлуудтай холбогдуулан хүчтэйгээр илэрхийлж буйг сошиал хуудсаас харж болно. Тодруулбал, хурдан морины хаврын уралдааныг хориглосон шүүхийн шийдвэрийг улстөрчдөөр манлайлуулсан уяачид үл ойшоон “уламжлал, өв соёлыг хадгалах” хэмээх “эрхэмсэг оршихуй”-н тухай маргаан болгон хувиргасантай холбоотой юм.
Улстөрчид “хуулийн заавал биелэгдэх шинжийг” үргэлж шахам уландаа гишгэлэх болсон нь өнөө цагийн төрх л дөө. Эцэстээ энэ нь нийтийн жишиг болтлоо нийгмийн мораль, ёс суртахууныг эвдэлж байгаагаараа илүү хор хөнөөлтэй үзэгдэл юм. Үүний сонгодог гэмээр жишээ нь өнгөрсөн амралтын өдрөөр болсон Дүнжингаравын хэмээх хаврын морин уралдаан байлаа. Унаач хүүхдийн эрхийг хөндсөн уг уламжлалтай холбоотой шүүхийн шийдвэрийг “хариуцагч тал” давж заалдсан бөгөөд дараах шатын шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй “цоорхой” дундуур шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинж хэмээх ойлголт үгүйсгэгдэж, үүнийг хуульчид нь ч хамгаалж чадахгүй хүчин мөхөстсөн хэрэг юм. Дүрэмгүй улс төрийн тоглолт, соёлгүй улстөрчид, авлигач албан тушаалтнуудаас өнөөдөр татвар төлөгчдийн хөрөнгийг, цаашлаад хууль ёс, шүүх эрх мэдэл, хэвлэлийн эрх чөлөө гээд илүү олон үнэт зүйлсээ “хамгаалах” хэрэгцээ үүсч байгааг бишгүй тохиолдлууд бидэнд сануулж буйн нэг нь энэ байх.
Уг үйл явдал “шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинж” гэх ойлголт Монголд ямар ч хамгаалалтгүй болохыг харуулахтай зэрэгцэн Захиргааны хэргийн шүүх Хотын дарга С.Батболдын Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан нь өчигдрийн бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хотын мээр хүндэтгэн үзэж байгаагаа даруй илэрхийлэн Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан шийдвэрийнхээ үйлчлэлийг түдгэлзүүлж байгаагаа мэдээлжээ. Улс төрийн намуудын өрсөлдөөн хурдан морины уралдаанаас дутахгүй улайрал, тэмцлийг бий болгодог ч улс төрөөс илүү чухал зүйл энэ улс оронд бий гэдгийг хаа, хаанаа бодох цаг болсон нь үнэн.
Сонгуулийн үр дүнгийн цаана сонгогчийн эрх гэх өргөн хүрээтэй ойлголт хөндөгдөж байдаг. Төрийн эрх барих дээд байгууллага-УИХ, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болох шат шатны ИТХ-аа иргэдийн саналаар сонгох нь ардчилсан нийгмийн амин чухал үзүүлэлтүүдийн нэг бөгөөд энэ нь хөндөж болшгүй үнэт зүйл. Түүнчлэн сонгогчдын саналд хөндлөнгөөс нөлөөлөх, саналыг худалдан авахыг оролдох, хуулиар хориглосон аливаа үйлдэл гаргах нь мөн л “халдлага” гэж үзэхүйц ноцтой зүйл байж таарна. Харин энэ бүхнийг шүүн тогтоох эрх мэдэл нь зөвхөн шүүх байгууллагад л бий. Өөрөөр хэлбэл, улс төрийн тэмцлээр биш хуулиар асуудлыг шийдвэрлэх ёстой. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнг баталгаажуулаагүй таван сар өнгөрч байгаа нь шүүхээр асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан хугацаа юм.
Шүүх асуудлыг эцэслэн тогтоох хүртэл улстөрийн намууд асуудалд ул суурьтай хандаж, улстөржилтээ хойш нь тавихгүй бол маш олон зүйл “хамгаалалтгүй, хяналтгүй” болж мэдэхээр эмзэг байгааг өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүрэгт болсон үймээн сануулав. Хотын дарга С.Батболд Ардчилсан намд уриалга гаргаж, иргэдийг улс төрийн тэмцэлд ашиглахгүй байхыг уриалсан. Энэ уриалгын утга санаа түүний өөрийнх нь үйлдэлд ч мөн хамаатай. Магадгүй, түүнд бүр илүү их хамаатай байх. Учир нь тэрбээр сөрөг хүчний намаас илүү эрх мэдэлтэй, илүү үүрэг, хариуцлага хүлээсэн албан тушаалтан. Улстөржилтийг зогсооё гэвэл тэр өөрийнхөө үйлдлээр үлгэрлэл үзүүлэх нь шударга. Тийм ч учраас энэ удаад шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзсэн нь зөв алхам биз ээ. Хувь улстөрчийн хувьд халгаж халирсан мэт харагдаж байж болох ч нийтлэг эрх ашиг, үнэт зүйл түүний амбициас илүү дээгүүрт эрэмбэлэгдэх ёстой.