Монголын үндэсний олон нийтийн телевизийн тоймч Т.Цогтоо “Цагийн хүрд”-ийн дотор хариуцсан хэсгээ “Та бүхэндээ өнөөдөр дэлхий дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдал, мэдээ, мэдээллээс хүргэе” гэж эхэллээ. Анзаарав уу? Миний мэдэхээр, хэдэн жилийн турш тэгэж байна. 

Харин араас нь Д.Баярсайхан Америкийн сагсан бөмбөгийн нэгэн тамирчны гуяны арын шөрмөс гэмтсэн зэрэг нарийвчлалтайгаар танилцуулсан спортын тоймоо “Та бүхний анхаарлыг манай оронд болсон тэмцээн уралдаан, үйл явдлын мэдээлэлд хандуулья” гэж зөв эхлэв.

Энэ алдааг зөвхөн сэтгүүлчид гаргадаггүй. Яг тэр “Цагийн хүрд”-ээр Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр ярихдаа “Олон улсын зах зээл дээр болж байгаа мэдээ, мэдээллийг бид ашиглаж сурах хэрэгтэй байна” гэж анхаарууллаа. 

MNC телевизийн мэдээгээр “... олон улсад өрнөсөн мэдээ мэдээллүүдийг” орчуулагч Алтаншагай хүргэхийг зарласан бол Алтаншагай нь өөрөө “Энэ долоо хоногт дэлхий дахинд өрнөж байгаа мэдээллийг...” гэж гүйцээх нь тэр.

Монголчууд буруу ярьж зөв ойлгодог ховорхон авъяастай ард түмэн учраас тоогоод яахав. Тэр тусмаа жирийн иргэдийг. Гэхдээ сүүлийн үед телевизийн сэтгүүлч, хөтлөгчдийн дунд дэлгэрч буй нэг хэллэг чихэнд тороод болдоггүй ээ. Би амжиж цаасны захад хэдийг тэмдэглэж авснаа сонирхуулья. 

Бас тэр орой “Цагийн хүрд”-ээр сурвалжлагч Эрдэнэбүрэн “.. хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй хориод төрлийн бага насны хүүхдүүдийн дэлгүүрээс байнга худалдан авч иддэг хатаасан жимс ...

Нэлээд хэд хоногийн өмнө Цогтоо тоймч “Хэрвээ Эр Риад зэвсэг худалдан авахаас татгалзсан тохиолдолд ... гэв.

Eagle телевизийн “Поп мэдээ”-ны хөтлөгч: ... Хэрхэн байгаа эсэхийг ... 

Бас тус телевизийн мэдээгээр:Хэрвээ түрээсийн орон сууц олгосон тохиолдолд ...

25-р сувгийн “Ёо Ёо-г анагаах нь” нэвтрүүлэг: ... Хэрвээ тэгсэн тохиолдолд ...

Бүр ДеФакто дээр нэг нөхөр: .. хэрвээ би ингэсэн тохиолдолд ...

Эхэндээ ийм өчүүхэн өө сэвээр хөөцөлдөх дэмий санагдавч илт алдаатай хэллэг тархсаар төдийгүй дэлхийн түвшинд гарах шинжтэйг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Швейцарьт хийсэн айлчлалын сурвалжлагад сэтгүүлч Т.Маралмаа “... Монгол Улс хоёр томоохон хөрш улс орны дунд ямар хэрхэн харилцаагаа хадгалж ажиллаж байгаа эсэх тал дээр ...” хэмээн дуржигнуулж, өнөөдөр олон улсын тоймч Ганбаяр “Кремль Трампийн энэ урилгад ямар хариу өгсөн эсэх нь тодорхойгүй ...” гэхийг сонсоод ухаарч, тэсэлгүй хэлэхээр шийдсэн минь энэ.

Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн М.Билэгт ээлжит уран бүтээлээ “Дотооддоо хэрэглэж болох маш их бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирж байна” хэмээн туурвисан байна. 

Оносон оноогүй үг, өгүүлбэр, хэллэгийн тухай цааш үргэлжлүүлье.

Үг хүчтэй. Гэхдээ үг олдохоороо хүч нь сулраад явчихдаг байж таарна. Социализмын үед “улс орон буруу замаар тууж явна” гэж дуугарах аюултай байсан бол одоо бол зүгээр л хөөс. Юу дуртайгаа хэлэх эрх чөлөө ба зуу дөхсөн телевизийн сувгууд, дээрээс нь нийгмийн сүлжээ холилдоод хутгаж өгч байна. Ярилцлага гэж чалчих буюу пан гөрөхийг хэлдэг болсон. Хайран цаг зав, гэхдээ үгийн цаана юу байгаа, байхгүй нь чухал хэвээрээ.

XX зууны Монголын тусгаар тогтнолыг Ардын нам, ардчиллыг Ардчилсан тус тусдаа өмчлөөд авсан. Одоо ардчилал бол Ардчилсан нам биш гэж мянга нотлоод нэмэргүй. Сонгуулиар ялбал ямар ч эргэлзээгүй “Ардчилал яллаа”. Бас “Монгол ялав” гэж цаана хэн, юу байгаа нь тов тодорхой хэрнээ зарлаж болдоггүй нэг хэцүү юм байх. Дээрхэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Төмөр зам бариулахгүй байгаа этгээдүүдтэй хатуу тэмцэнэ” гэж айлгасан, албан тушаалаа илт ашиглаж буй нийслэлийн өндөр албан тушаалтан “Та нар авлигалын мөнгөөрөө намайг дийлэх гэж оролдвол гонжийн жоо” хэмээн сийхгүй мэдэгдсэнийг яах ч арга алга. 

Яаж нэрлэхээс их зүйл хамаарна. Нэр солиход хандлага өөрчлөгддөг. Тахир дутуу гэдэг байсныг хөгжлийн бэрхшээл болгосон. Одоо ижил хүйстэн нөхдүүд “бахархлынжагсаал”-аар айсуй. Удалгүй тиймэрхүү нэртэй болох биз. 

Бүтээн байгуулалт, бүтээн байгуулагч, баялаг бүтээгч гэж сайхан нэршлүүд байна. Социалист бүтээн байгуулалт гэж байгаад хөсөр хаягдсаныг өөд татаад авсан түүхтэй. Чухам энэ хэллэг өнөөдөр манай бизнесийн нэр хүндийг өөд татаж байна. Одоо барьж босгож овоолж байгаа бүхэн гарцаагүй бүтээн байгуулалт. Гагцхүү төсвөөс мөнгө сааж, авлигаар газар авч, булааж, хууль бусаар хийснийг ялгахгүй. Одон тэмдгийг жинхэнэ гавъяатан ба хулгайч дээрэмчинг ялгахгүйгээр бөөнддөг шиг. Нийслэлийн баруун хэсэгт Туулын эргийг ухаж хайрга олборлон сүйрүүлж байгаа компаниудыг эсэргүүцсэн иргэдийг “бүтээн байгуулалтыг саатууллаа” гэж буруутгасан байдаг. Уг нь бүх зүйл ажил, барилга, бизнесюмсан. Одоо үйлдвэрлэж үйлчилж байгаа хүнийг баялаг бүтээгчид гэж өргөмжилдөг болжээ. Бусад нь? Тэгвэл ядахдаа эмч нарыг “баялаг бүтээгчдийн эмч”, багш нарыг “баялаг бүтээгчдийн хүүхдийн багш”-аар нэрлэвэл нэрлэвэл шударга ёсонд нийцэхсэн. 

Ноос ноолуур, арьс шир, газар тариалан, шатахуун импортын компаниуд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” мэтийн гоё нэр зүүж байгаад төсвөөс хэдэн зуун тэрбумаар салгадаг аргатай. 

2015 онд нэр нь үл мэдэгдэх компаниуд татвар, гааль, нийгмийн даатгалын өр төлбөрөө цайруулахын тулд УИХ-аар дамжуулан 32 их наяд буюу тухайн жилийн ДНБ-ээс 1,5 дахин давсан мөнгөө өршөөлгөж өөрсөддөө үлдээжээ. Бусад оронд бол зөвхөн шийтгэл, торгууль, алдангиас чөлөөлдөг болохоос биш төлөх ёстойг төлүүлдэг юм байна. Түүгээр зогсохгүй хэн хэдийг өршөөлгөснөө байтугай зүгээр нэрсийг нь хүртэл төрөөр нууцлуулсан. Тэгээд энэ бүгдийг юу гэж нэрлүүлсэн бэ гэвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль. Ёстой нөгөө аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг.

Энэ бүх асуудал ганц нэрнээс болоогүй, цаагуураа ил далд зөндөө “хөдөлмөрлөсөн” нь мэдээж боловч “хэрвээ нэр оносон тохиолдолд” буюу хүчтэй үгийг бодож олох, ганц нэр солих төдийд мянга мянган хүнийг толгой эргүүлэх арга ухаан, PR, ухуулга сурталчилгаа дэндүү хөгжиж хулгайч, худалч болон авлигачдыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ба УИХ-ын гишүүд болгон хувиргадаг болжээ.

Сүүлийн өдрүүдэд шуугиулж буй дараачийн нэршил бол Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сан. Аливаа бизнесийн том жижгийг бид тэртээ тэргүй баримжаална. Босго, хэмжүүр нь хуулинд бий. Ийм учраас Монголын төрийн том зүтгэлтнүүд, эсвэл сиймхий гарвал хусчих гээд байдаг жижиг гарын хэцүү нөхдүүдийн алин болохоо яруу тод харуулсан УИХ-ын эдгээр гишүүдэд талархая.