Энэ номд буддын шашинтнууд, тэдний үзэл бодол, үйл хөдлөл, амьдралын хэв маягийн тухай өгүүлэх болно. Буддын шашинтай хүмүүс ямар урсгалд шүтэж сүсэглэдэг, хаана аж төрдгөөс хамаараад оюун бодол, ахуй байдал нь харилцан ялгаатай байх ажээ. Гэвч буддын шашинтнууд ерөнхийдөө Төгс Гэгээрсэн Буддагийн хоёр мянга таван зуу гаруй жилийн өмнө номлосон тэр л сургаал номлолыг сахиж явдгийг энд онцлон тэмдэглүүштэй.

Өдгөө буддын шашны маш олон урсгал бий болжээ. Тиймээс уг шашны сургаал улам бүр баяжсаар байна. Дан ялангуяа Барууны орнууд үүнд багагүй хувь нэмэр оруулжээ. Буддын шашныг сонирхохын зэрэгцээ өнөө цагийн хүмүүс ч гэлээ эртний энэ сургаал номлолоос өөрт хэрэгцээтэйг нь шүүрдэж, амьдрал ахуйдаа үр өгөөжтэйгээр ашиглах боломжтойг хүлээн зөвшөөрсөн хэн бугайд ч болов уг шашны онол практикийг судлах боломж нээлттэй билээ.

Ухамсрын ёс жаяг

Будда ахан дүүстээ хандан “Бид дөрвөн үнэнийг ойлгож ухаараагүйн улмаас оюун ухааны цоо шинэ төлвийг өдий олон жил эрэлхийлж зүдэрчээ, ах дүүс минь” гэж өгүүлсэн байдаг.

Дөрвөн үнэн нь угтаа зөв хичээл зүтгэл, зөв зорилго, анхаарлаа зөв зүйлд төвлөрүүлэх гурван үйлээс бүрдэх ухамсрын ёс жаягт тулгуурлажээ. Эдгээрийг өөриймшүүлж эзэмшээгүй цагт юунд ч хүрэх боломжгүй.

Зөв хичээл зүтгэл гаргаснаар муу бодол, муу үйл үүсэх, ухамсар доройтохоос сэргийлж, хэрэвзээ ухамсар доройтсон бол засан залруулснаар зөв сэтгэхүйтэй болж улмаар гэгээрэхэд хөтөлнө. Үүний тулд шамдан хичээх нь чухал. Энд Будда өөрт нь тохиолдсон шийдвэрлэх мөчүүдэд зөв зүйлд тэмүүлж хичээл зүтгэл гаргаагүй аваас огт өөр үр дагаварт хүрэх боломжтой байсныг жишээ болгон татахад тохиромжтой мэт санагдана. Тухайлбал Будда зорьсондоо хүрэхийн тулд ар гэрээ орхиж явсан, Марагийн ятгалгад автаагүй, дармаг номлох ёстой талаар Буддад ухуулж байсан Брахматай зөрчилдсөн тэрхүү тохиол хичээл зүтгэл гаргасны бэлээхэн жишээ юм. Зөв хичээл зүтгэл гаргахгүй, сэтгэлээ хатамжлан барьж чадахгүй аваас зөв замаа алдаж, аясаараа урсах болно.

Бодол санаагаа зөв чигт залснаар зөв зүйлд шамдан тэмүүлэхийн эх үүсвэрийг тавьж, тухайн мөчөөс эхлэн зөв үйлд тэмүүлэх хүслийг бадраана. Яг одоо энд үүсч буй бодол санаа маань зөв байсан цагт бид зөв зүгт тэмүүлэхээс биш угаас ухамсар сайтайдаа зөв замаа олдоггүй. Өөрөөр хэлбэл бодол санаагаа зөв чигт залах нь бидний өнөөгийн үйл хөдлөлөөс шууд хамааралтай. Бодол санаа эндүү ташаа бол хичээл зүтгэл гаргаад нэмэргүй, тэр нь ямар ч үр дүнгүй тохиолдлын шинжтэй байна. Хичээл зүтгэл үгүй цагт хэдий бодол зөв ч аанай л ач тусгүй, үр өгөөжгүй оршино. Энэ хоёр хоёул үгүй бол ёс суртахуун буюу туйлын зорилго маань хий хоосон үүрэг хариуцлага төдий болж хувирна.

Бодол санаагаа зөв чигт хандуулахын тулд анхаарлаа зөв зүйлд төвлөрүүлэх шаардлагатай. Анхаарал төвлөрөөгүй баймааж нь зөв бодол үрслэхгүй, үүнийг дагаад ёс суртахуун суухгүй. Анхаарлаа зөв зүйлд хандуулах нь анхаарлаа төвлөрүүлэхийн суурь юм. Буддын шашны янз бүрийн урсгалд төрөл бүрийн аргаар анхаарлаа төвлөрүүлэх аргачлал байдаг ч ерөнхийдөө ямар нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлж эргэцүүлэх нь үйл хөдлөл, бодол санаагаа тогтоон барих шалгарсан арга техник гэж үздэг.

Амьсгалдаа төвлөрөх нь (анапанасати) анхаарлаа төвлөрүүлж сурах үндсэн аргын нэг юм. Бодол санаагаа зөв чигт залснаар юмсын шалтгаан үрийг ойлгох бол анхаарлаа зөв зүйлд төвлөрүүлэх нь мөнөөх шалтгаан үрийг ухаарахад суурь болж өгнө. Хүн физиологийн хамгийн чухал үйл явцын нэг амьсгал авах, гаргахдаа анхаарлаа төвлөрүүлж чадвал орчин тойрноо ойлгоход ихээхэн дөхөмтэй. Мэдрэмж мэдрэхүй, оюун санааны үйл ажиллагаа, бидэнд тодорхой дадал суулгадаг төрөл бүрийн үзэл онол, төсөө төсөөллөө сайтар ажиглавал бүхний учир шалтгааныг ойлгох дөртэй болж эхэлнэ.

Анхаарлаа зөв зүйлд төвлөрүүлснээр оюун бодол цэгцрэх буюу холбирохгүй тогтвортой оршиж, үүнийг дагаад аахар шаахар зүйлд адгаж сандрах, автаж үймрэх нь багасна. Жишээ татвал бясалгаж суухдаа, эс бөгөөс өдөр тутмын амьдралдаа бид уйтгарлах нь элбэг шүү дээ. Уй гунигаа мартахын тулд сонирхол татахуйц ямар нэгэн үйлдэл хийж,  таашаал авахыг хүснэ. Чингээд бид түрхэн зуурын таашаал өгөх тэр л зүйлд байдгаараа тэмүүлж эхэлнэ. Ахуй амьдрал, ашдын зорилго, дармагийн замаар замнахаар шулуудсанаа ч мартаад баяр баясал мэдрэхийн төлөө бүхнээ зориулна. Тэр үедээ бид бие махбод, оюун санаа маань ямар байдалтай оршин байгааг огтхон ч анзаарахгүй, хүссэн зүйлдээ шунан дурлах сэтгэлд бүрэн автана. Бид болж буй бүхнийг хянаж чадахаа болиод үүссэн шунал хүсэлдээ толгой мэдүүлэн бэдрэх болно.

Зөв хичээл зүтгэл гаргаж, бодол санаагаа зөв зүйлд залаад, анхаарлаа зөв чигт төвлөрүүлэх нь биднийг мөр даган гишгэх элдвийн атгаг санаанд автуулахгүй тогтоон барих найдвартай хүчин зүйл болохын зэрэгцээ шила-гийн үндэс суурь болно.



Мэргэн ухаан

Зөв зорилго буюу чиг хандлага, аливааг зөвөөр ойлгох нь мэргэн ухаан болой. Үүний тулд бодол санаагаа зөв зүйлд хандуулснаар аливаад ганхаж гуйвалгүй (дээр өгүүлсэн аливаад уягдах, хоргодох сэтгэлтэй эсрэгцэх зан чанар) бат амгалан орших нь чухал бөгөөд аливааг зөвөөр ойлгох нь юмсын мөн чанарыг таних суурь болно (бид хүслээ гүйцээхийн төлөө байдгаараа хичээх учраас зовлон үүсгэдэг эндүү ташаа бодлоос ийн ангижрах боломжтой).

Кармын хүчин зүйлээр тодорхойлогддог оюун санааны ажлын үр дүн, оюуны чадавх сайтай байлаа гээд мэргэн ухаантай болчихгүй. Мэргэн ухааныг оюуны чадавх гэж үзэж байгаа хүн Буддагийн сургаал номлолыг буруу тайлжээ гэсэн үг. Буддын шашинд сүсэглэж, алив юмс үзэгдлийн мөн чанарыг таньж мэдэх замаар замнахаар шулуудсан хүн оюуны чадавх сайтай, өргөн дэлгэр мэдлэгтэй байх шаардлагатай гэвэл эндүүрсэн хэрэг болно. Оюуны чадвар сайтай байлаа гэхэд мэргэн ухаанд хүрэхэд тодорхой хэмжээгээр нэмэртэй байж болох ч саад тотгор болох нь бишгүй тохиолдоно. Мэдлэгтэй хүн өөрийгөө хуурах магадлалтай ч нөгөө талаас түүнийхээ ачаар эргэлзээ тээнэгэлзээгээ арилгаж болох юм.

Урьд өмнө нь практикаар баталсан бүхнийг мэргэн ухаан гэх агаад зөв хичээл зүтгэл гаргаж, сонгосон замаараа урагшлахад зөв зорилготой, аливааг зөвөөр ойлгох нь түүнд хүрэх суурь дэвсгэр болдог. Ингэвэл мэргэн ухаан нь гэгээрэлд хүрэх түлхүүр хүчин зүйл болохыг та ойлгох биз ээ. Мэргэн ухаан цагийн аясаар баяжина. Бид мунхгийн харанхуйгаас холдож чөлөөлөгдөх тусам тэр хэрээр мэргэн ухаантай болно.

Практик хийснээр л мунхгийн харанхуйгаас ангижрах боломжтой билээ. Энэ үйл явцыг бавана буюу оюуны хөгжил гэж нэрлэнэ. Мэргэн ухаанд хүрэхээр тэмүүлж буй хүн өөрийгөө төгөлдөршүүлэхэд бүхнээ зориулахдаа аливаад чин сэтгэлээс хандаж, тодорхой хариуцлага хүлээх нь хамгаас чухал ажээ. Тухайн хүн тавьсан зорилгоо сайтар ухамсарлаж, одоо энд юу болж буйг ухаж ойлгох шаардлагатай. Гэхдээ хамгийн гол нь бидэнд туршлага суулгах аливаа нөхцөлд үзүүлж буй бидний хариу үйлдэл буюу практик үйлдэл юм. Буддын шашны төрөл бүрийн урсгалынхны сурах арга барил харилцан адилгүй ч дээр өгүүлсэн нийтлэг гурван хүчин зүйлийг эрхэмлэн дээдэлнэ.

Буддын шашинтны замнал яаж өндөрлөх вэ, үхэл гэж юу болох тухайд Будда нирваан дүрийг үзүүлэхээс өмнөхөн шавь Ананддаа хандан ийн өгүүлжээ.

Хүсэл тачаал, уур хорсол, аливаад уягдах сэтгэлээ ялан дийлж нөгцсөн хүн үхлийн дараа юу угтахаас эмээх учиргүй. Тэр хүн ахиж зовохгүй, түүний ухамсар муу карма болон зовлонт үйлийн үрийг ахиж эдлэхгүй, харин ч эсрэгээр бүрэн чөлөөлөгдөх юм. Түүнийг нас барсны дараа үнэн мөн, шударга ёсны үргэлжлэл болсон сайн санаа бодол, сайн үйл хэрэг, сайн сайхан бүхэн л үлдэх болно. Гол мөрөн урсан урссаар эцэстээ их далайд цутгадаг лугаа адил түүний ухамсар дээд оршихуйд хүрч, улмаар чин үнэний их далай, нирвааны мөнх оршихуйн тийш цаашлах юм.

Хүмүүс үхлээс, түүний дараа юу болохоос жигтэйхэн эмээж явдаг. Гэтэл хүн болсон хойно үхэх нь гарцаагүй. Үүнд гайхаж балмагдах явдалгүй. Энэ тухай цаг үргэлж асууж лавлаад үнэн мөнийг мэдсэн ч айж эмээж суух нь адислагдсан хүний хувьд утга учиргүй санагддаг юм шүү...

Миний хувьд там гэж үгүй, амьтны төрөлд би ахиж төрөхгүй, сүнс ч болохгүй, зовлон гуниг шингэсэн уйт орчинд ч би ахиж мэндлэхгүй. Би бөгөөс шинэ дүрд хувилсан нэгэн бөгөөд ахин төрж, ашдын зовлонд унахаас хэлтэрч, мөнхөд чөлөөлөгдсөн болно.

H.Dumoulin and J.C.Maraldo (eds)
“Buddhism in the Modern World”,
Collier Macmillan, 1976, 21-р тал


НЭПКО хэвлэлийн газар