“Европын дээрэм” буюу иргэншлийн өсөрхөл
Хүн төрөлхтөн хөгжил дэвшилдээ ид жигдэрч яваа үе юм энэ XXI зуун бол. Хөгжил ба амьдралын стандартын ялгаа тив, бүс нутаг, улс орнуудаар авч яривал сүхээр цавчсан мэт хуваагдсан үе.
Хүн төрөлхтөн хөгжил дэвшилдээ ид жигдэрч яваа үе юм энэ XXI зуун бол. Хөгжил ба амьдралын стандартын ялгаа тив, бүс нутаг, улс орнуудаар авч яривал сүхээр цавчсан мэт хуваагдсан үе. Улс орны дотор хүртэл социал ялгарал доозоо хэтрүүлсэн, ялангуяа хөгжиж буй ертөнцөд. Монголд амьдралын алаг цоог байдал ардчилалтайгаа хослон 25 жилийн нүүрийг үзэж байна. Ядуу дорой явагсдын өнийн гомдол ба ял зэмлэл төр засаг руу гэхээсээ, төр засгийг араас нь “шордогч” барууныхан руу чиглэнэ. Америк ба Баруун Европ гэж дээрэмдэж ханахгүй, алж талж ханахгүй аюулт дайсны тухай хий сүүдэр амь бөхтэй. АНУ байгаа учраас ч гай зовлон мөнхөд гэж ярих хүн хөлсний таксины жолоочоос аван захын нөхөр ярих. Улаан арьстаны диваажин байсныг европын өлөн нүдтэнүүд очоод орвонгоор нь эргүүлээд хаячихсан, Ази, Африк, Араб ертөнцийн хамаг сайн сайхныг Америк ба Баруун Европ дээрэмдэж аваад баяжаад жаргачихсан, лалын жихад чухам түүнийх нь төлөө шударга тэмцэлд боссон нь зөв гэсэн ойлголттой монгол хүн олон байдагт нь миний сэтгэл эмзэглэдэг.
Сэтгэл эмзэглэлээ гээд хоосон хэрүүл дэгдээх гээгүй, байгаа бодитой баримт сэлтийг эргэж сануулах нь зөв юм. Америкийг нээсэн европчууд, дэлхийд колонийн дэглэм тогтоосон европчууд чинь ямагт зэрлэг дээрэнгүй явсан юм биш. Түүх бичлэг нь дэндүү сайн бичигдээд хадгалагдаад үлдчихсэн учраас л харин бид тэдэн рүү өлөн нүдлээд байгаа юм.
Европ хүн сэтгэн бодох, бүтээх туурвих их авьяастай явсан, тиймдээ ч анхдагч нь тэд байсан, иновац гэж яриад байдаг бол чухам түүний чинь эцэг нь европчууд юм. Дунд сургуулийн физикийн хичээл үзсэн, тэгээд одоо цахилгаан эрчим хүч хэрэглэдэг, ампер, вольт, ватт гээд ярьдаг бол түүнийг чинь европын Андре Мари Ампер, Александр Вольт, Жеймс Ватт нар бүтээсэн юм.
Андре Ампер нь цахилгаан соронзонг анх нээж, түүгээрээ цахилгаан динамикийг үндэслэгч хэмээн түүхэнд үлдэж, эдүгээ гүйдлийн нэгж болох “ампер” нь түүний нэрээр нэрлэгдэн, тэр нь цахилгаан гүйдлийн хүчийг хэмждэг олон улсын нэгжийн системийн үндсэн нэгж болжээ. 1791 онд Александр Вольт хоёр өөр металл ба давсны уусмал бүхий хэлхээгээр цахилгаан гүйдэл гүйлгэж, 1799 онд “Вольтын давхраа” гэх анхны батарейг бүтээжээ. “Амьд биеийн цахилгаан”-ыг итали Луй Гальвани 1780 онд нээж, анхны цахилгаан хөдөлгүүрийг 1821 онд Фарадей, электроныг 1897 онд физикч Жозеф Жон Томсон нээсэн, 1866 оны үед франц инженер Жорже Леланже хуурай зай зохиосон, цахилгаан соронзонг Христиан Эрстэд 1820 онд нээсний дараа европ эрдэмтэд хэлхээнд гүйдэл үүсгэх арга замыг хөгжүүлсээр цахилгаан генератор буй болгосон гээд жагсаалт гаргаж болно. Тэгвэл Александр Флеминг гэж англи хүн микробны эрлэг эм болох пенициллин бүтээж, францын Шарль Фредерик Жерар 1853 онд аспириныг синтезийн аргаар гаргаж авсыг бас дурдъя. Энэ бүхнийг араб, африк, индиан, энэтхэг, хятад, монгол, япон хүн сэдэж олоогүй ба ийм бүтээл туурвихдаа европын дээрхи эрдэмтэд дээрэм тонуул, колоничлолын ямар ч арга хэрэглээгүй юм.
Америкийн империалист нэг нөхөр төрийн толгойд хэсэг суужээ. Түүний нэр нь Бенжамен Франклин. Харин түүнийг тодорхойлоодох гэвэл тэрээр цүнх дүүрэн мэргэжлийн үнэмлэхтэй, тэр бол шинжлэх ухааны эрдэмтэн, хэвлэгч, зохиолч, нийтлэлч, дипломатч, номын санч, шинийг санаачлагч, өглөгч, Америкийн хувьсгалын удирдагчдын нэг гээд гарч өгнө. Франклин шинжлэх ухаанд олон шинэ зүйл өвлүүлсэн төдийгүй физикт зарим нэгэн нэр томьёо тухайбал нэмэх ба хасах цэнэг, туршилтын явцад “батарей”, “цэнэг”, “багтаамж” “дамжуулагч” –ийг техникийн дэвшилд оруулсан байдаг юмсанж. Бенжамен Франклины энэ үйлсийг тэр үеийн хар, шар, бор, өнгөт, буддист, мусульман, бөө шүтлэгт үндэстэн ястнууд булааж аваад түрүүлээд хийчихээгүй л юм. Зам нь нээлттэй байсан уу гэвэл байсан.
XIX зуунаа орхиод ХХ зуун руу ороод үз. Эхэн үеийн цахим компьютер, микрочип бол бас л нөгөө муу нэртэн барууныхны оюуны бүтээл л дээ. Хамгийн анхны олон талын зориулалттай цахим компьютер нь 1946 онд бүтээгдсэн ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) юм. Энэ компьютерыг АНУ-ын армийн хэрэгцээнд баллистик тооцоо бодохын тулд бүтээжээ. Түүний жин нь 27 тонн (ойролцоогоор 30 тонн) бөгөөд бүхэл бүтэн тасалгааг эзэлж байлаа, 1946 онд шүү дээ. Европын эрдэмтдийн бүтээсэн эгэл бөөмийг гэрлээс илүү хурдан дамжуулах хурдасгуур хоолой гэх тодорхой том төсөл байна.
Эдүгээ судалгаа шинжилгээ–туршилт–зохион бүтээх үйл ажиллагаа–үйлдвэрлэл–борлуулалт–үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээг цогцоор нь нэгтгэсэн цоо шинэ технологийг европчууд бүтээчихлээ. Эдүгээ дэлхий дахины бодит байдлаа ч хар л даа. Ердөө жагсаалт гаргаж болж байна.
- Олон улсын банк-санхүүгийн системийг муу нэрт барууныхан л ажиллуулж байна
- Бүхий л хатуу валютыг (дэлхийн мөнгө!) тэд л эзэмшдэг
- Дэлхийн эдийн засгийн гол хэрэглэгч нь тэд л байна
- Олон улсын хөрөнгийн биржүүдийг тэд л хянадаг
- Тэд бол цэрэг зэвсгийн ихээхэн хүч нөөц, чадавхитай
- Өндөр техник, технологи бүхий зэвсэглэлийн үйлдвэрлэл тэд л эзэмшдэг
- Усан замын чухал зам харилцааг тэд л хянадаг
- ШУТ-ийн дэвшил, судалгааны ололтыг тэд л гардан эзэмшдэг
- Техник, технологийн тэргүүлэх боловсрол тэд л олгодог
- Тэд л сансрын уудмыг түлхүү ашиглах бололцоотой
- Тэд л сансрын аж үйлдвэрлэлээр давамгайлж буй
- Олон улсын харилцаа холбооны технологид тэд л давамгайлсан гэх мэт.
Иймдээ ч барууны нийгмийн эдийн засгийн хөгжил цэцэглэл, технологийн дэвшил, цэргийн хүч чадал, улс төрийн эв нэгдэл рүү олон зууны туршид баруун бус ертөнцийн араб, африк, индиан, хар, шар, өнгөт, буддист, мусульман, бөө шүтлэгт үндэстэн ястнууд ямагт өсөрхөж ирсэн түүх буй. Одоо ч өсөрхсөөр яваагийн илрэл нь исламистуудын жихадаар илрэн гарч ирж байна. Өрнийнхний энэ бүх амжилтын нууц нь тэдний үнэт зүйлс, институцчилалд нь байна гэдгийг өсөрхөхчид нээж олсон тул тэр цөм рүү нь цохилт хийх ёстой. Тэр цөм нь аль нэг улс, хот, дүүрэг биш, ардчилсан, либерал, хүний эрхийг дээдэлдэг тэр нийгэм нь л юм!