АН-ын сунгаа шувтрах өнгөндөө орлоо. Сонин хачин нь дундрашгүй. Тус бүрдээ таван сумтай гараанаас хөдөлсөн нэр дэвшигчдийн ганзага газар газрын бэлгээр дүүрчээ. Бэлэг юм чинь бэлгэдэл хаа мундах вэ. Баян-Өлгийнхний өгсөн ташуур “Гардан тулаанд орох болсон”-ыг нь ёрлосон байж ч болох. Увсынхан нэжгээд жижигхэн боодолтой зүйл сэм атгуулж мэднэ гэж зарим ажиглагч таамаглажээ. Юу нь ойлгомжтой. Ямар ч өрсөлдөгчийг эгнэгт замаасаа зайлуулдаг найдвартай эд. Харин АН-ынхан ч, өрсөлдөгч нар өөрсдөө ч, сөрөг хүчин нь ч, иргэд бид ч эдгээр таван хүн анх яах гэж морио эмээллэснийг мартах талдаа орлоо.

... БАЙДАГ

Уул нь “Ахиулж хийх ажил ...” гэж яваад УИХ-ын сонгуульд ялагдан бүлэг төдийтэй үлдсэн АН-ынхан алдаагаа ярьж эхлэсэн байдаг. Сонгуулийн шөнө З.Энхболд дарга нь ялагдлын хариуцлагыг хүлээж, намын даргаасаа огцорно гэсэн байдаг. Гэвч хэлсэндээ хүрсэнгүй, харин VI их хурал зарласан байдаг. Арван гурван жилийн дараа болсон их хурлаас гишүүд нь ихийг горьдсон байдаг. З.Энхболд дарга нь тавьсан илтгэлдээ ялагдлынхаа бүх бурууг сөрөг хүчин МАН-д тохсон байдаг. Хурал цааш хэрүүл, талцлаас өөр сонин юмгүй шахам үргэлжилсэн байдаг. Намынхаа дүрмийн цөөн заалтыг өөрчилснөөр их хурал өндөрлөсөн байдаг. Ингэхдээ АН-ын шинэ даргыг сунгаа буюу бүх гишүүдийн саналаар тодруулахаар болсон байдаг. Харин VI их хуралд суугаад намаасаа гарахаар шийдсэн Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Орон нутгаас ирсэн 1210 төлөөлөгчөөс би өөрийгөө хасахаар 1209 гишүүн, бүгд оосортой утсан хүүхэлдэйнүүд харагдсан. Энэ дотроос 10 орчим хувь нь намын шинэчлэлийн хөдөлгөөний хэдэн залуу байлаа. Тэднийг овоо доо гэж харсан, гэвч тэр залуусыг хөдөлгөхгүй байсаар их хурал дууслаа” гэсэн байдаг. Гэхдээ АН-ын даргын сунгаа товлосноороо явж Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тавуул тоосоо өргөхөөр мордсон байдаг. Бас саналаа өгөх гишүүдээ дахин шинэчилж бүртгэхээр тохиролцсон байдаг.

ГАРСАН ХЭДИЙН ӨНГӨ
 
Барианы зурхай ойртох тусам таван өрсөлдөгчийн өнгө харагдаад эхлэлээ. Сайтуудад нийтлэгдсэн “санал асуулга”-ын дүнгээр дор бүрнээ тэргүүлээд яваа бололтой. Гэхдээ хэн сайн “хайрцагласан” нь сонгуульд ялна гэж хүний өөрийнгүй ярьж байна. Фракц фракцаа дагаад “хайрцаглагдах” нь ч тодорхой. Н.Алтанхуягийн “Алтан гадас” суларсан ч могой гурав тасравч гүрвэлийн дайтайгаа нотлоно. Дээр нь Увс аймгийн АН-ын ихэнх нь түүнд санал өгнө. Ж.Батзандан уулзалт болгонд алга ташилтаар мялаалгаж яваа. Гэхдээ бодит саналынх нь тоо тун өчүүхэн. Сүхбаатар аймгийн АН-ыг хайрцаглахыг хичээнэ. Харин Баянзүрх дүүрэг найдлага муутай. Фракцаа тараасан Л.Гантөмөрт тухайлсан аймаг хошуу үгүй. Авчиг шинэчлэлийн хөдөлгөөнийхөн; түүнээс гадна аймаг, дүүрэг бүрийн намаа шинэчлэгдээсэй билээ гэж чин сэтгэлээсээ хүсдэг АН-ын олон гишүүн бий. Нэг цул болж харагдахгүй байгаа ч жигд тархацтай том хүч. АН шинэчлэгдээд гишүүдийнх болчихоосой гэдэг хүсэл нь тэднийг фракц, орон нутаг үл хамааран нэгтгэнэ. Авдарлаж, хайрцагладаг аргаараа ардчиллын жилүүдэд үлгэрлэсэн С.Эрдэнэтэй үзэлцэх адгуус ч байхгүй. Баянгол бүхэлдээ; дээр нь Баянхонгор, Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжид буй Нийгмийн даатгалын газар хэмээх өгүүлшгүй том сүлжээний үзүүрийг атгаж суугаа. Д.Эрдэнэбатын хайрцаг ядруу. Тендер дээр л биесээ таньдаг МҮДН сул фракц. Нэмээд Багануур, Сэлэнгэ хоёр байвал их юм. Ингээд харвал Ж.Батзандан, Д.Эрдэнэбат хоёр толгойн гурваасаа хол саахалтын зайтай хоцорчээ.

ТАРХИНЫ ГУРВАН ТУЛААН

Одоо тархины гурвын хэн нь хэнийхээ толгойд ташуур зоохыг харна даа. Эзэн холбогдогч нь тогтоогдохгүй гэж боддог интернэт орчинд тарааж буй бузар булайгаас Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр яахаас ч буцахгүй болсон харагдана. “С.Эрдэнийг дэмжигч залуус” тэргүүт Фэйсбүүкийн олон пейжээр “Н.Алтанхуяг өнгөрсөн хугацаанд ҮЗХ-ны 60-70 хувийг өөрийн хүмүүсээр дүүргэн АН-ыг хэдхэн хүний өмч болгож өрөм бүхнийг нь хамсан”, “Н.Алтанхуяг намынхаа байрыг зараад идчихсэн” гэх мэтийг тараажээ. Хариуд нь С.Эрдэнэ 1984 онд цэрэг байхдаа хүний аминд хүрч ял сонссон “Таслан шийдвэрлэх тогтоол” эхээрээ гараад ирэв. Үүнийг социализмын үед прокурор явсан улстөрч нутгийнхаа хархүүд өгсөн байх тун магадлалтай. Үлдсэн өдрүүдэд хэн нь яаж “матах”-ыг харах биз. Шалдан ноёнтой тоглодог хүн гэж хаа байх билээ. Энэ хоёр хоорондоо ноцолдох шалтгаангүй ч АН-ын дарга болоод авбал аль алинынх нь хувийн ашиг өгүүлшгүй. Ухаан нь, Н.Алтанхуяг буцаад АН-аа атгаад авбал АТГ-ын үүд сахиж суугаа ах дүү, амраг садныхаа хөлийг амраана. Сунгааны турш түүний ярьж яваа ганц сэдэв нь “Уравсан хулгай Ц.Элбэгдоржийг уухай гээд даръя”. Харин хөрөнгө мөнгө үл хайрлан зүтгэх С.Эрдэнийн ард хоёрын хоёр хүний ашиг сонирхол бий. Өдгөөх дарга З.Энхболд, “Женко” Х.Баттулга нар хамаг бооцоогоо түүн дээр тавьжээ. Бас “Буян”-гийн Б.Жаргалсайхан хэдэн хямдхан хясаа түлхэсхийгээд додигор сууна. 

ХОЖЪЁ ГЭВЭЛ ЛУЙВАРД
    
С.Эрдэнэ буюу “Шонхор”-“МоАХ” эвсэл “Бүхнийг ялалтад” уриатай ажиллаж байгаа ажээ. Шинэчилсэн бүртгэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-оос орон даяар эхэлсэн. Гэтэл гишүүдийнх нь тоо 17 мянгаас ахисангүй. АН-ын дарга З.Энхболд бүртгэлийг сунгаж 2017 оны нэгдүгээр сарын 06-ны 00.00 цагаар тасалбар болгох тушаал гаргалаа. Удсан ч үгүй Л.Эрхэмбаяр АН-д 176 мянган гишүүн бүртгүүллээ гэж мэдээллэв. Харин намынхандаа “Бүртгүүлсэн гишүүдийнхээ тоог хараад санаа зовохдоо өөрөөсөө мөнгө гаргаад банкинд тушаачихлаа” гэсэн байна. Даруй арав дахин нэмэгдсэн гишүүдийн тоог татварын 1 200 төгрөгөөр тооцож үзвэл дор хаяхад 190 сая төгрөг болжээ. “Эзэн холбогдогч”-гүй бөөндөө тушаагдсан их мөнгийг одоо жинхэнэ хүний нэрээр бүртгэж “гишүүнчлэх” ажил ид дундаа яваа сурагтай. Р.Гончигдоржийн “Хүний 20 000 төгрөгийн сүлжээгээр намын шинэчлэлээ сольчихов!” гэх сануулга С.Эрдэнэ тэргүүтний фракцид хаягласан нь төвөггүй ойлгогдоно. Доод тал нь хоёр гурван зуун сая төгрөгийг хэн ч дэмий гаргадаггүй. С.Эрдэнэ АН-ын дарга, 2020 онд ерөнхий сайд болох хүсэлтэй. З.Энхболд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тачаалтай, “Женко” Х.Баттулга төмөр замаас мөнгө шамшигдуулсан хэргээсээ мултрах бодолтой. “Буян” Б.Жаргалсайхан “Хачиг” Луузан шиг ойрын хонжоо хараастай.

... БОЛТУГАЙ

Орон даяар сунгаа явуулж намын даргаа сонгоод үзэл баримтлалаа тодруулж, гишүүд нь асуудлаа шийддэг, нээлттэй АН болох анхны яриа ерөнхийдөө лөөлөө болж мэдэх нь. АН-ынхан VI их хурал дээр юу ярьснаа, юу ярьсныг нь бид байтугай тэд өөрсдөө бас мартжээ. Намын шинэчлэлийн цогц бодлого ярьж яваа ганц Л.Гантөмөрт нь фракц, сүлжээ, мөнгө аль аль нь алга. Одоо бүх зүйл АН-ын гишүүдийн гарт үлдлээ. Гадаад дүр өөр боловч гагцхүү хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн нэг бүлэглэлийг нөгөөгөөр нь солих эсэхээ намын гишүүд шийднэ. Авсан мөнгө тань хоол болж, хийсэн сонголт тань шинэлэг байх болтугай. Ганц АН-ын биш улс Монголын минь хувь заяаны асуудал шдээ, нөхөд өө.