МАН 65-аар ялаад баярлах гэтэл амлалт нь хоолой дээр нь гацчихав. Хэр хэмжээгүй сүржин амлалт даржин дуусдаг жамтай. “Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж, тэгш журамт, баян, хүчирхэг Монголыг цогцлоож чадна”. Чадна гэж амлах амархан. Юу ч гэж бурсан дур. Харин амлалт биелнэ гэдэг бодит хөгжил, бодит өгөөж. Хууртсан сонгогчид 65 суудал өгчээ. Тэгтэл яасан гээч? Төр Засгийн эрхэнд гаруут “май” гээд салаавч үзүүлдэг байгаа. Судалгаагүйдээ хоосон амласан юм огт биш. Өмнөх дөрвөн жилд 25 суудалтай хүчирхэг сөрөг хүчин явсны дээр Засаг хамтран барилцаж, Сангийн зэрэг чухал яамдын сан хөмрөгтэй хутгалдсан нам. Эдийн засгийн хомсдолыг мэдэхийн цаагуур мэдэж асан нам ингэж биелшгүй амлалтаар шоудсан нь сонгуульд ялахгүй гэх эргэлзээ их байж гэмээр. Тэгээд хэт олонхоор санамсаргүй тодормогц АН-ын эхлүүлсэн бүх төслийг гутааж, ажлаа тэгээс бус хасахаас эхэллээ хэмээх үглэл дуу хоршив. Нөгөө залгамж чанар энээ тэрээ сураггүй. Төрийн жолоог сонгуулиар ээлжлэн барьдаг хоёр гол намын нэг гэхэд юун ч ядмаг үзэлтэй юм. Төр Засгийн эрхэнд энэ хоёр намын аль нь ч гарсан, тар нь танигдаж ард түмнээ гомдоодог нь гэм биш зан болжээ.  

Юуны өмнө АН-ын эхлүүлсэн төслүүдийг зогсоохоор дайрсан. Төслийг хэн нь эхлүүлж, хэн нь гүйцээв, Монгол улс хожвол барав. Гялайж гялтайх бүдэг гэгээ ёлтойсон болгоныг унтраах гэж давшлаад, олон нийтийн эсэргүүцэл мөргөж ягтсан. Мухардаж, буулт хийхээс аргагүй болмогц нааш харж инээгээд, “зогсоохоо болилоо” гэж хайр зарлаж буй нь хоёр ааштай хүүхэд шиг. Болих байсан юм бол “хасна”, “танана” гэж айлгах хэрэг юу байв. Учраа олохгүй энэ мэт будилсаар 100 хоногоо барлаа.

Бүх сонгогчдын 53 хувь буюу МАН-ыг сонгогчид “миний нам яллаа, бид одоо чинээлэг амьдарна” хэмээн хөөр болсон. Тэгтэл эрх баригчид сангийн авдар хувхайрчээ, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахаа болилоо гэх мэдэгдэл цацаж, нийгмээ цочирдуулсны дунд МАН-ыг ямагт дэмждэг мөнхийн сонгогчид нь хүртэл гомдов. Тэд хөөрхий минь сонгуулийн өмнө АН-аас болж ард түмэн дэлгүүрээс талхаа хувааж авдаг, ургамлын тосоо граммалдаг болтлоо ядуурлаа. МАН-ыг сонгоорой гэж чадлаараа ухуулсан партизанууд билээ. МАН-ыг сонгосноор тэд бас хохирчээ. АН-ыг сонгосон ч хохирох байсан. Хоёр хулгайч намын эрх баригчид ингэж гарцгүй болгожээ. Ардчилал зах зээл хэрэглэж чаддаг хүмүүстээ хөгжил, хэрэглэж чадахгүй монголчуудад гай ажээ. Тиймээс монгол хүн биеэ цэвэрлэж, ардчилал зах зээлийг бүү зүх. 
 
МАН хэт олонх болсноор хэн хожив? МАН-ын амлалт замхарсан учир нийт хүн ам хожсонгүй. МАН-ыг дэмжсэн сонгогчид хожихгүйгээ 100 хоногт ойлгож амаа барилаа. МАН-ын жирийн гишүүдэд урьдын адил юу ч наалдахгүй. Тэгээд хэн хожив? МАН-ын томчууд, тэдний үр сад, хамаатан садан, нутаг нугын танил, хэтэвч нэгтэй луйварчдаас бүрдсэн бүлэглэл хожив. Гэвч төсвийн мөнгө бүлэглэлд хүрэхтэй үгүйтэй. Бүлэглэлд албан тушаал горилогч дэндүү олон. АН эрх барьж эхэлсэн 2012 оноос алба хашиж, ажилдаа мэргэшиж эхэлсэн залуус эхний очерт хяргуулж, хэдэн сандал сулрахад түвэг орсонгүй. Хэт олонх болсон МАН-ын эрх баригчид сонгуулиас хойших 100 хоногт гарааныхаа зураан дээр “тэгнэ”, “тэгэхгүй” хэмээн эргэж хургаж будилсаар урагш ганцхан ч алхалгүй “халаас суйлагч” хоч хүртэв. Хөөрхийс минь тун завгүй ажиллаж, их ч ядарч байх шиг. Ямар ажилд ингэтлээ ядрав гэвэл албан томилолт! Сайд даргын сэнтий тодорхой тоотой агаад горилогч ахан дүү, хамаатан садан, хэтэвч нэгтэн хэтэрхий олон учир эрх баригчдыг 100 хоногт ёстой тамлав. Мөрийн хөтөлбөртөө бус томилгоондоо бүр тамирдаж гүйцлээ. Аргаа барахдаа урьдахь дөрвөн жилд сөрөг хүчин байхдаа улаан галзуу эсэргүүцэж асан дэд сайдуудыг улаан нүүрээ улалзуулан байж нэмээд ч өндөр сэнтийд залрахаар олон саяыг өгсөн албан тушаалын хорхойтнууд “сэнтий өгөхгүй хулхидвал орвонгоор чинь нураана” гэж заналхийгээд аймшигтай. Авилга өгсөн тэд-тэсрэх бөмбөг. Ийм эрсдэл дунд юун баялаг бүтээж хоосролоос гарах манатай. Жалга дүүрэн илжирч буй нэхийгээ хужаа ченжүүдэд өгөхгүй гэж томорсон эх оронч тогтоолоо цуцлаж хэдэн цаас болгосноос өөр юу ч бүтсэнгүй.

МАН социализм, тэр ч бүү хэл, коммунизм байгуулах амлалт өнгөрсөн зууны турш өгч, үл итгэгч тэрсэлдвэл хөнөөж байв. Энэ туршлагаараа амлалтаасаа буцах юу ч биш. МАН-ыг сонгосон 53 хувь хүртэл “Ингэхэд бид хэнийг сонгочихов  оо” гээд хирдхийсэн биз. Тэглээ ч илжиг модон хударгандаа дуртай гэгчээр орон нутгийн сонгуульд бас л МАН ялав. Ганц намын хуйвалдааны тухай нүд чих болох хүмүүсээ сум дүүрэгт сонгосон аваас дураараа дургигчдыг жаахан ч гэсэн хазаарлах ардчилсан механизм, дуу хоолой болох байв. Тэгсэн бол Монголд ардчилал арай орвонгоороо хөмөрчихөөгүй байна гэх мессеж дэлхийд тарж юун магад байлаа. АН ч өөдгүй л дээ. Өөдгүй монголчуудын нам юмсан хойно АН өөдгүй байхаас өөр яах билээ. Хоёр өөдгүйн нэг дангаараа бус хоёул нэг танхимд бие биеийг татаж унагах нисванисээ бадруулаад уралцвал даварсан хулгай нь ядаж хумигдах горьдлоготой сон гэж халаглая.   
 
Зуун сонгогчийн 53 нь МАН-ыг сонгоод үлдсэн 47 нь АН-ыг сонгожээ гэсэн бүдүүвч харагддаг. Зөрүү нь 7-хон сонгогч. МАН-ын ялсан 65 тойрогт АН-ын нэр дэвшигч 10-аад хувийн саналаар ялагдаж буйг бид мэдээллийн самбараас харж суусан. Нэг бодлын харамсалтай ялагдал ч юм шиг, нөгөө бодлын тэнцүүхэн өрсөлдлөө шүү гэж сэтгэл засмаар ч юм шиг төгсгөл болсон. Ялагдсан АН-ын хувьд ингэж уужирч болох авч сонгуулийн бараг бүх тойрогт 100-н сонгогчийн 47 нь төлөөллөө Төрд гаргаж чадаагүй ноцтой хохирол бол АН-ын гай. Уг нь сонгох, сонгогдох эрхийг ардчилал бидэнд олгосон. Ардчиллыг нулимав. МАН-ын сонгууль дээрээс томилдог, сонгох сонгогдох эрхийг боймолсон дарангуйлал байсан. 
       
МАН боловсон хүчнээр хахалддаг гэж бахархдаг. Барууныхантай ХХI зууны зах зээлийн менежмэнтээр банкны ерөнхийлөгч Чулуунбат асан шиг, Да.Ганболд, Бямбасайхан, Отгочулуу нарын анзаанд таван үг сольчих элитүүд МАН-аас яагаад хахалдан язганахгүй байна. Н.Багабанди “титэм үг”-ээрээ бол хол харайхгүй. Мега төслүүдээ хөдөлгөж дөнгөх баруун зүүний өндөр боловсролтой залуус МАН-д хахалдаад дээш бүлтэрч чадахгүй гацчихав уу? 80 дөхсөн Д.Дэмбэрэлийг Оюутолгойн ТУЗ-д дэвшүүлж байна ч гэх шиг. Өвгөн Д.Дэмбэрэлийг давах боловсон хүчин тодордоггүй. Сая тэр бээр “Эрдэнэт”-ийн ТУЗ-д тасархай цойлов. Араас нь алдарт Бадамжунай. Хахалдаад буй залуус бараагүй. 

УИХ-ын удирдлага, Засгийн газрын гишүүдийн яриаг сонсоход шогтой. Жороолж сурдаггүй хөгшин азарга аятай МАН ардчилал зах зээлийн замд бүдчээд байна уу даа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Үхсэн хүний мөнгийг авч ясыг нь өндөлзүүлж чадахгүй гэж ахмадууд хүсэлт гаргасан. Маш олон ахмад Сангийн яаманд санал ирүүлсэн” гэж хөгшчүүдийг гөрдөв. Зөнөгүүдийг гүтгэх хуульгүй гэж буй юм байх. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юү гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэх афоризмээрээ алмайруулав. Удирдах зөвлөлд буг бологсдын тэнэг зааврыг зөвтгөн тайлбарлах гэж Ерөнхий сайд минь олны доог бүү бол. Та мэргэжил туршлагатай залуу лидер атлаа МАН-ын удирдах зөвлөл гэх баян айлд хүргэн орсон хөдөөний оюутан шиг даруу зангаар хулчигнах тусгүй. Танаас илүү гарах мэдлэг цаадуулд чинь байхгүй. Тиймээс өөрийн давуу чадвараар толгой өөдрөг зоримог тууштай ажилла. Тэгж та чадна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг: Баянзүрх дүүрэг цагаан арслан шүтээнтэй, Баянзүрх хайрхан банхар нохой савдагтай. Банхар хөшөө босгосноос хойш тус дүүрэгт хүүхдийн эндэгдэл эрс буурч, гэмт хэрэг огцом багассан. Банхар хөшөө олон тэрбумаар босоогүй. Ердөө 280-хан саяар бүтсэн. П.Сэргэлэн сайд 1500 гаруй ламаар мал сүрэг, тариандаа хурал хуруулж, яамны мөнгө Ганданд шахав. Мэргэжлийн засгийн газар мухар сүсэгтнүүдтэй уралдан сүм хийд рүү гүймхий байгаа сурагтай. Харин хотын дарга Су.Батболд “даншиг гэх шашны муухай үгийг фестваль” болгоно гэж 37-38 оны нугалаагаар салхиллаа. Интелигент талыг нь сонирхвол мэргэжлийн Засгийн газар ийм дүр зурагтай.

Чингисийн талбай гэснийг хуучин нэрээр нь Сүхбаатарынх болгоод авав. Сүхбаатар манай талынх, Чингис дайсны талынх гэдэггүй болсон нийгэмд энэ  талбай Сүхийх ч бай, Чингисийх ч бай зөрөө гарахгүй. МАН, АН хоёрын хоосон хэрүүлийн нэг төдийхөн. Ю.Цэдэнбалаа тахин шүтүүлэх үзэл суртлаа өндөр хэмжээнд эхлүүлж дөнгөлөө. Ю.Цэдэнбал “эргэж ирлээ” хэмээн МАН алга удтал нижигнүүлэн ташиж, Бал даргын сургаал тэртээ дээр цацран гэрэлтэв. Даргыгаа өрөвдөгсөд нулимс дуслуулан уухайлахаас аргагүй уур амьсгал үүсгэж, хуучнаа магтан дуулав. Алга ташилт цаашид бүх ард түмнийг хамран нижигнэх төлөвтэй. Ц.Шаравдоржийн “Социализмын сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал” номд: Тулганд Чингисийн асаасан галыг унтраахгүй гэж анх тэмцсэн хүн бол Ю.Цэдэнбал гэж албан ёсоор тунхаглав. Д.Төмөр-Очир нарын эсэргүүчүүд Чингисийн голомтыг унтраах гэснийг Бал таслан зогсоожээ. Бат-Үүл анд Зоригоо хөнөөсөн аллагад сэжиглэгдэж, Элбэгдорж Эрдэнэтийн луйварт унаснаар АН мааниа уншуулах ойртов. Ю.Цэдэнбал “эргэж ирлээ” гэдэг ийм учиртай байжээ. Өөрсдийн “жаалуудаа” бүгдийг цалинтай болгоод, улсынхаа жолоог “Стэнд бай”-д атгуулаад, МАН-ын томчууд ард нь харвингаа илээд хэвтчихвэл бошхийгээд авах нь тэр. Гэхдээ 65 гишүүн өөрсдийгөө хүчээр сонгуулиагүй учир тэд буруугүй. Тэднийг сонгосон 53 хувьд л хамаг учир бий. Тэд бол 90 онд ширээнээс ширдэгт бууж, дорд муусайн хар ажилчин, нэгдлийн гишүүдтэй ижилссэндээ ардчилал, зах зээлд ясны дургүй, захиргаадалтаа санагалзагчид, удам угсаатайгаа хүч хавсраад жаалж яваа нь тэр. Өөдгүй муу ардчилагчдаас гайтаж пост коммунист мөрөөдөл биелэв.     
   
Үүнийг монголчууд хүслээ гэж үү? 26 жил ардчилал, зах зээлийн бартаат харгуйгаар бэдэрч, хал үзэж, халуун чулуу долоосон иргэд биз дээ бид чинь.
                                                                                                                     2016-10-01