Монголчууд гаднаас авсан зээлээ “чулуу болгож” чадалгүй үрж, өрөнд уначихаад, эцэст нь хөнгөлөлттэй зээл өгсөн улсаа шулагч гэж хараагаад, өөрсдийгөө эзэн Чингисийн эх оронч удам гэж биеэ магтаад байх юм. Ийм увайгүй улсад дахин зээл өгч, хөрөнгө оруулж, хамтрах гүрэн олдох уу? Бид мөнгөгүй болсон болохоос тэд мөнгөгүй болоогүй. Бид гуйсан болохоос тэд гуйгаагүй. “Чингисийн удам өөрсдөө хөгж” гээд бүгд буруу харчихвал бид хэнийг зүхэх билээ?
   
ОУВС-гийн “Стэйнд бай” хөтөлбөрөөр гадны дөсөр зээл олж өгч, тэдний хяналт дор авсан зээлээ хулгайлахгүй, идэж уухгүй, үрэн таран хийхгүй хямралаа дав! гэсэн туслалцааг “Колончлогчид бидний бүсийг чангалаад далдуур шулах нь” гэх политэкономоор гуугчиж гарав. Нааш харсан болгонд ийнхүү хар санаалж, нүүр лүү нь нулимж байснаас зээл авахаа л болчихмоор юм. Тэгвэл  ядаж улс гүрэн хараадаггүй, мөрөөрөө муу Монгол гэгдэнэ биз дээ.   
   
Хятад 2 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай 4 тэрбум ам. долларын зээл өгч, газар нутгийг минь тасчин эзэгнэж, хүн амыг минь уусгах хар санаа гаргалаа гээд өнгөрсөн сонгуульд навс ялагдсан АН-ын лидерүүд харанхуй намайг улам мунхруулахаар үзэл суртлын дайнд мордов. Өгсөн зээлээр нь үйлдвэрлэл, дэд бүтцээ хөгжүүлж, ашиг олж баяжаад, авсан зээлээ хугацаанд нь хүүгийн хамт төлчихвөл Хятад яах бол? Төлсөн ч аюултай гэх хардлагад итгэх үү болих уу. Хятадууд өөрсдөө саяхан Америк зэрэг баян гүрнүүдээс зээл аваад босоод ирсэн улс. Өгсөн зээлээр нь үсрэнгүй хөгжөөд эхэлбэл урам орсон донор орнууд цаашид дуртайяа хөрөнгө оруулж, хамтдаа хождог жишиг ил байна.

Гариг-бөмбөрцгөөрөө харилцан бизнес хийж буй өнөө үед авсан зээлээрээ маш түргэн хөгжиж баяжаад “баярлалаа” гээд зээлийг нь хүүтэй нь хамт хугацаанд нь буцааж төлөх чадваргүй аваас монголчууд минь донор орнуудыг харааж зүхэж байснаас дуугай л малаа малъя. Газар дор 2-3 км-ийн гүнд орших эрдэс баялаг гэх чулуу шороо, хүрзээ гаднаас худалдаж авдаг бидэнд баялаг биш гэдгийг ухаар. Дэмжье хамтаръя гэсэн болгоныг зүхэж, нүдний булай болсноос бүдүүлэг нүүдэлчин хэвээрээ, тайгын хэдэн цаатантайгаа ижилсээд, дэлхийн жуулчдын амьд үзмэр болоод, мөрөөрөө амьдарсан нь нэрэнд цэвэр. Үгүй ээ, тэгвэл эмгэнэл. Чармайх ёстой.
   
Тажикууд авсан зээлээ баялаг болгон үржүүлж чадалгүй хугацаа хэтрүүлээд хэсэг нутгаа өгчээ. Өгсөн юм уу, түрээсэлсэн юм уу бүрхэг. Энэ золгүй жишээг манайхан ард түмнээ айлгах сайхан далим хэмээн шүүрч авав. Тэгвэл дэлхийн II дайны төгсгөлд үнс нурам болсон Япон гадны зээлээр цэцэглэсэн. Дараа нь өмнөд Солонгос Японы жишгээр эрчимтэй хөгжсөн. Заавал Тажикстан болно гэж шордоод буй андууд хаанахын хэнбугай вэ? Япон, Солонгос хөгжсөн ази хүний шургуу чадварыг монголчууд өөрөөсөө хайгаач. Тийм ази чанар монгол хүнд байж юу магад. Чөлөөт, сумо, жюдо бөхчүүд маань япон, солонгос бөхтэй ухаан бяраар ана мана тэмцэлдэж буйг хараад “тэднээс бид дутахгүй юм биш үү” гэх өөдрөг үзэл төрдөг.       
   
Хоёр хулгайч намтай. Сангийн авдар хоосорсон. Зээл авахгүй бол мөнгөгүй. Хөрөнгө оруулагчдыг эх орончид хөөчихсөн. Сонгуулиар төрийн эрх авч чадаагүй хулгайч нь харанхуй ардынхаа “гадныхныг зүхдэг эх оронч өвчин”-ийг сэдрээж, төр засгаа бүрдүүлсэн нөгөө хулгайчийнхаа хийх гэсэн ажлыг нураахаар давшлав. Залхуураад ажил хийдэггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй сонгогчид “Ахиухан халамж амлахгүй аваас та нарыг сонгохгүй” хэмээн улстөрчдөө барьцаалчихсан. Дотоод талдаа ч гадаад талдаа ч нил хардлага. Ялсан намын чаддаг нь хомроглон халах, барих, хорих. Сүржигнэж сүржигнэж буруутай эсэхийг тогтоохгүй мартчихна. 60 сая малын махыг сэжиглээд авах улс олдохгүй. Жалга дүүрэн илжирч буй арьс ширээ мөнгө болгох овсгоогүй Засаг иргэдийнхээ халаасыг тэмтрэхдээ нэрэлхсэнгүй. Юмхнаар юм хийж, хуримтлал үүсгэх заншил нүүдэлчинд заяасангүй. Зөвхөн малын бөгс харж амьдрах, ухаан битүүрдэг аж.  

Айлын зээлүүлсэн мөнгөөр юм бүтээлгүй гударчихаад зээл өгсөн айлаа зүхэх олон улсын хэмжээнд дүгнэгдэж л байгаа. Малын захад насыг элээсэн аав минь “олонтой яваарай” гэж сургасан сан. Гэм хийгээгүй байхад нь хөршөө зүхдэг айлтай айлсах айл олдохгүй болдог. Түншлэх ханилгаагүй, тулга тойрсон харалган бодлоготой жожиг улс ч ганцаардана. Зах зээлээр замнаж, гайхам амжилт олсон орчин үеийн БНХАУ, өнгөрсөн зууны ЗХУ-тай заавал ижил байх ёстой гэж АН онолдож, нүд орой дээр гаргав. Хуучин ЗХУ-ыг өдгөөх БНХАУ заавал орлоно гэх нь сонгуульд ялагдсаны тунирхал биз. Яагаад гэвэл АН урьд тэгж ярьж байгаагүй. Ялж ялагдаж сурах соёл. Сонгогчид 65 суудал өгчихсөн. Одоо яалт ч үгүй. Маний үед эх оронч үзлийг Зөвлөлтөд үнэнч, Хятадыг үзэн ядах хоёрхон хэмжүүрээр тогтоож байв. Эдүгээ энэ хоёр хатуу хэмжүүрээ ардчиллаар зөөллөж, зах зээлээр уян хатан болгууштай. Байгалийн ба малаас гаралтай түүхий эдээ хаяа нийлсэн аварга зах зээлд тээврийн зардлаа хямдруулж, ахиухан гаргах бодлогыг АН хэрэгжүүлэх гэвэл эсэргүүцэлтэй тулгараад чадахгүй. Харин МАН чадна. Эсэргүүцэл МАН-д зөөлөн. 65-ыг гаргаж ирсэн сонголтын оносон тал энэ. Оносноо “чулуу болгож” ард олон хүртээсэй. Хямралын үед ялж, хэрээс хэтэрсэн ачаа үүрсэн намынхаа “арай зөв нь” хэмээн шилсэн бодлогыг дэмжихээс өөр давуу зам алга. Засгаа унагаж, Их хурлаа тараах зам бий. Ядарсан цагт “дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэх ардын үг юун түрүү санаанд орчихоод гардаггүй. Цөөхүүлээ учраас тамир дутаад байна. Тиймээс тарамдсан хүчээ нийлүүлээд “нэг, хоёр, гурав аа” гээд дуу дуугаа авалцан зүтгэх зөв байх аа хүүхэд минь.

Бурхан бидэнд тун нарийнхан жим хайралжээ. Жим нарийнхан тусмаа маш их болгоомж шаардана. Эрсдэлтэй харгуйд хальтарч, хүчитний барьцаанд унахгүй алхахыг гагцхүү бидний ухаан жолоодно.             
                                                                                                                    2016-10-18