(Мэндэлснийх нь 100 жилийн ойд)

Нэг сарын драм өндөрлөлөө. Одоо түүнийг албажуулах л үлдлээ. Хүсэл хясал тээсэн “1984.08.23” тулж ирлээ. Одоо хэрхэн албажуулах вэ? Мэдээж МАХН-ын Төв Хорооны ээлжит бус бүгд хурлыг зарлан хуралдуулна. Дараа нь АИХ-ын ээлжит бус чуулган залгана. Тэр бүгд хурал, чуулганы уур амьсгал ямар байх нь тодорхой. Улс төрийн Товчооныхон нь өөрсдөө “уруу царайлсан”, “хамгаас илүү сандарсан”, “бүх хүн их гутарсан шинжтэй” угтан авсан Кремлийн тэр шийдвэрийг одоо бүгд хурлын гишүүн 200 гаруй хүнд, мөн АИХ-ын депутат 400 орчим хүнд дуулгах гэж байгаа хэрэг шүү дээ.



Тэдний оюун тархинд юу суусан байв. МАХН-ын XVIII их хуралд (1981 он) баяр хүргэсэн, санал шүүмжлэл тавьсан МАХН-ын гишүүдийн хэлсэн үгнүүдээс эшлэв. Иймэрхүү тодорхойлолт маш олныг эшлэe.  “Монголын ард түмний үнэнч хүү, энх тайван, найрамдал, социализмын үйл хэргийн ялалтын төлөө цогтой тэмцэгч”, “Олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн”, “Манай нам, ард түмний хайрт удирдагч”, “Монголын ард түмний алдарт хүү”, “тууштай интернационалч”,  “манай ажилчин анги, нийт хөдөлмөрчдийн хайрт удирдагч”, “бадрангуй интернационалч”, “социалист Монголыг цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө мятаршгүй тэмцэгч”, “манай нам, төрийн болон Зэвсэгт хүчний шалгарсан удирдагч, БНМАУ-ын маршал”, “эцэж цуцахыг мэдэлгүй асар их хүч хөдөлмөр, зохион байгуулах гарамгай авьяас чадвар, бүтээлч оюун билгээ зориулсан”, “манай энхрий хайрт намыг 40 жилийн турш удирдаж байгаа хайрт удирдагч”, “бид бүхний гүн хүндэтгэлийг  хүлээсэн мэргэн удирдагч нөхөр”, “олон улсын коммунист хөдөлгөөний нэрт удирдагчийн нэг”... ийм л итгэл үнэмшилтэй, тэр итгэл үнэмшил дээрээ хатуу зогссон тийм л хүмүүст тэр аугаа хүн чинь тэгвэл үүрд алга болох нээ гэдгийг хэлэх гэж байгаа хэрэг шүү дээ. Ам нь эвлэж авиа гаргахад маш хэцүү даалгаврыг Ж.Батмөнх нар авчээ.

Намын Төв Хорооны гишүүн, тэр үед Москвад сууж байсан Элчин сайд Ц.Гүрбадам дурсаж бичиж байна. Тэрээр  “Түүхэн үнэний тухай бодрол, УБ, 1994” номынхоо “Дүлий дүмбэ” оргисон дүнсгэр бүгд хурал хэмээх бүлэгт Намын Төв Хорооны ээлжит бус VIII бүгд хурлыг:

-    Урьд өмнө нь хэзээ ч ийм чимээ аниргүй, гунигтай байдалд болж байсангүй.
-    Моломжамц гуайн хоолой үе үе зангиран Ерөнхий нарийн бичгийн даргын олон жилийн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн магтахыг сонсож суухад нас нөгчсөн хүний оршуулган дээр хэлж байгаа үг шиг.
-    Үгээ хэлж дууссаны нь дараа нь танхимд нэг хэсэг чив чимээгүй болов. Нэг ч хүн нэг ч үг дуугарсангүй.
-    Тэр өдрийнхөө үдээс хойш АИХ-ын чуулган чуулж тогтоол гарган Ю.Цэдэнбалыг биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан өөрийн нь зөвшөөрснөөр...
-    Чуулган бас л гунигтай байдалд болж нэг ч хүн юм асууж, үг хэлсэнгүй. Үүгээрээ чуулган бүгд хуралтай ихэр юм шиг адилхан, үг хэл нь хадны цууриатай төсөөтэй байж билээ.
-    Гэхдээ нэг л ноцтой ялгаа байсныг Батмөнх, Моломжамц, Рагчаа, Намсрай дөрвөөс өөр хэн ч олж харсангүй. Чандлан нууцалж байсан болохоор мэдэх ч аргагүй байсан биз. Тэр нь Цэдэнбалыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолд “өөрийн нь зөвшөөрснөөр” гэсэн тодотгол санаанаасаа нэмж оруулсан явдал юм.
-    Тэр “зөвшөөрөл” гэдэг нь чухамдаа Намын Төв Хороонд гаргасан албан ёсны хүсэлт, өргөдөл биш, ер нь “зөвшөөрөл” гэхэд хэцүүхэн зүйл, өөрөөр хэлбэл нутгийнхаа нөхөрт бичиж өгсөн зурвас цаас л байсан хэрэг. Тэр мөчид өөрөө зөвшөөрсөн гэдэг ам яриа байснаас бус тэр зурвасыг хэн ч үзээгүй.
-    Д.Моломжамц – Зөвшөөрөх нь зөвшөөрч байсан. Гэхдээ бичиж өгөөгүй. Зөвхөн амаараа л “Батмөнхийг миний оронд тавьж болох юм” гэж байсан.

Тэгвэл тэр хоолойгоо зангируулан эмгэнэлийн бичиг уншиж байсан Моломжамц нь чухам юу гэж ярьсан юм бэ? Хэлсэн үгийг үзвэл хоёр хүний нэр дээр шувтан магтаал урсгасан байна. Эхлээд Цэдэнбалын тухай ярьжээ. Эрүүл мэндийн байдал нь цаашид ажил хийх алба хаших бололцоогүй болгож байна, эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж өөрийн нь зөвшөөрсний дагуу МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил болон Улс төрийн Товчооны гишүүнээс чөлөөлөх саналыг бүгд хуралд оруулж байна гэж хэлээд араас нь магтаалаа урсгажээ. “Бүгд хурлаас түүнд талархал илэрхийлэх нь зүйтэй гэсэн саналтай”, “Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлэв”, “Нөхөр Ю.Цэдэнбал өөрийн оргилуун эрч хүч, арвин баялаг мэдлэг, туршлага, шавхагдашгүй авьяас билэг, цуцашгүй бүтээлч хөдөлмөрөө нам ард түмэндээ үнэнчээр зүтгэх ариун үйл хэрэгт зориулж байлаа”, “түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн”, “марксист-ленинист сургаалийг Монгол орны нөхцөлд бүтээлчээр хэрэглэхийн үлгэр дууриалыг үзүүлж байв”, “марксизм-ленинизмийн цэвэр тунгалаг байдлын төлөө туйлбартай тэмцэж”, “манай намын онолын сэтгэлгээний хөгжилд их хувь нэмэр оруулсан”, “намын эгнээний нэгдэл нягтралыг бэхжүүлэх, нам олон түмний холбоог зузаатгах, намын байгууллагуудын дайчин чадвар, коммунистуудын манлайллыг өндөржүүлэхэд байнга анхаарал тавьж”, “манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах, БНМАУ-ын батлан хамгаалах хүч чадлыг зузаатган бэхжүүлэхэд цэргийн том зүтгэлтэн, Батлан хамгаалах Зөвлөлийн дарга маршал Ю.Цэдэнбалын гүйцэтгэж ирсэн үүрэг”, “Коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, тууштай коммунист, интернационалч” ... гэхчлэн коммунист дэглэмийн үеийн зусардлын уйтгартай үгс сонины нэг буланг дүүргэжээ.



Хожим Д.Моломжамц өөрөө тэр үгээ хэрхэн залруулав? Мэдээж тэрээр өөрийнхөө бодлыг сэтгэлээрээ илэрхийлээгүй, цаанаас бичиж өгсөн цаасыг зөвхөн унших үүрэг ногдсон гэж өчсөн байна.
 
МАХН-ын Төв Хорооны ээлжит бус VIII бүгд хурал дээр Та үг хэлж Ю. Цэдэнбалын гавьяа зүтгэлийг өндөр үнэлсэн байдаг. Та түүнийгээ аль хэр шударга дүгнэлт гэж боддог вэ?
-    Үзэл суртлын хэлтсийн Түмэндэлгэрт би үүрэг өгч урьд нь Ю. Цэдэнбалд шагнал, цол хэргэм гардуулахад өгч байсан албан ёсны баримтад заасан үнэлэлт дүгнэлтийг түүвэрлүүлсэн. Түүнийг үндэс болгон өгөх дүгнэлтийг гаргаж Улс төрийн Товчоогоор хэлэлцүүлж тохирсон. Тэгэхээр тэр үнэлэлт миний хувийнх биш гэдэг нь ойлгомжтой.

Моломжамцын илтгэлийн гуравны хоёр нь Цэдэнбалыг магтахад, гуравны нэг нь шинээр сонгогдох Батмөнхийг магтахад зориулагджээ. “Манай нам, ард түмний өмнө нөхөр Ю.Цэдэнбалын байгуулсан гавьяа зүтгэл мартагдахгүй” гэсэн тангарагийн гэмээр үгсээ залгаад миний энэ зохиолын баатрыг магтжээ.

-    Нөхөр Ж.Батмөнх ажил амьдралын их туршлагатай, манай нам, төрийн нэртэй зүтгэлтний нэг гэдгийг та бид сайн мэднэ.
-    Нөхөр Ж.Батмөнх сүүлийн арав гаруй жил нөхөр Ю.Цэдэнбалтай хамт ажиллан манай намын дотоод, гадаад бодлого, улс орны хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэхэд биечлэн оролцож байлаа. Тэр бүхий л хүч чадал, мэдлэг, туршлагаа намын нийгэм-эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, монголын ард түмний сайн сайхан аж байдлыг дээшлүүлэхэд бүрэн зориулж ирлээ.
-    Тууштай коммунист, интернационалч нөхөр Ж.Батмөнх ЗХУ болон ах дүү социалист бусад оронтой тогтоосон манай найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, социалист эдийн засгийн интеграцыг гүнзгийрүүлэх үйлсэд хүч, анхаарлаа тавьж байдаг билээ.
-    Нөхөр Ж.Батмөнх манай нам, төрөөс империализм, харгис хүчний эсрэг, улс түмний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө явуулж байгаа бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.
-    Нөхөр Ж.Батмөнхийн хөдөлмөрийн хүний төлөө тавьж байдаг байнгын анхаарал халамж, хүмүүст хандах хандлага, намч, зарчимч өндөр шаардлага, зохион байгуулах авьяас чадвар болон өөрийнх нь ажилч хичээнгүй чанар, эелдэг зөөлөн, энгийн шударга зан байдал нь хамт ажилладаг нөхдийнх нь болон коммунистууд, хөдөлмөрчдийн хүндэтгэлийг хүлээж байдаг юм.
-    Нөхөр Ж.Батмөнх намаас итгэж хүлээлгэсэн үүрэг даалгаврыг биелүүлж, МАХН, ардын төрийн улс төрийн чиг шугамыг хэрэгжүүлэхийн төлөө үр бүтээлтэй хөдөлмөрлөж ирсэн юм.
-    Нөхөр Ж.Батмөнх МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын өндөр албан тушаалд ажиллаж манай намын дайчин штаб– Төв Хороог нэр төртэй удирдаж чадна гэдэгт Улс төрийн Товчоо бат итгэж байна.
       
Энэ үгэнд хэд хэдэн далд санаа цухалзжээ. Нэрлүүлэгч Батмөнх нь 10 гаран жил Цэдэнбалын нөмөр нөөлгөнд явж, цаадхи нь дагуулж хөтлөн халамжилсаар улс төрч болгожээ гэсэн санаа цухалзав. Тууштай коммунист, интернационалч нөхөр Ж.Батмөнх гэж Монголын гадаад харилцааг нэвт шувт мэдэгч байсан юм байна. Империализм, харгис хүчний эсрэг тэмцэлд оройлон оролцжээ. Ажилч хичээнгүй чанар, эелдэг зөөлөн, энгийн шударга зан байдал гэсэн нь өмнөх 2 дугаар бүлэгт нэг бус удаа дурдагдсан “томоотой гэхэд дэндүү томоотой”, “даруу гэхэд дэндүү даруу” гэсэн тодорхойлолтыг хэлсэн бололтой. Улс төрийн Товчоо бат итгэж байна гэсэн нь бүгд хурлын гишүүдэд өөр сонголт байхгүй шүү, сонгохоос өөр замгүй шүү гэсэн тулгалт ч юм шиг.  

МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод Ж.Батмөнхийн бүгд хуралд хэлсэн үг гэж лут том, коммунист дайчин илтгэл байна. Илтгэлийн тавны нэг нь халаагаа өгч буй их удирдагчаа магтан сайшаах, үлдэх хэсэг нь өөрийнх нь хөтөлбөр маягтай зорилгоо тодорхойлсон үгс байна. Магтаалын хэсгийг үзвэл Моломжамцынхаас ялгарах зүйл байхгүй, бараг л нэрийг мөнхжүүлье гэхийн наагуур үнэлж дүгнэжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар удирдах ажлаас чөлөөлөгдөж байгаад харамсаж байна гэсэн нь нэн ноцтой үгс юм шиг. Шинкаревын номын дараахи мөрүүд Ж.Батмөнхийн харамсаж байна гэдэгтэй гал ус мэт харшилна.

-    Монголын төрийн удирдлага солигдсоны дараа Цэдэнбал Улаанбаатар руу эргэж очих гэж зүтгэн, явуулаач гэж гуйж байв. Гэвч шинэ удирдлага түүнийг эргэж очно гэхээс эмээгээд байсан бололтой, төлөвлөсөн арга хэмжээг дуусгатал Москвад байлгаж байхыг хүсч байлаа. Тэд Цэдэнбалын өмнө бүгдээрээ чичирж байсан шүү дээ.

Харамсах бус, бах тав чинь ханав уу хэмээн чөлөөгдсөн хүний ар гэрийнхэн Москвагаас харааж суугаа шүү дээ. Ямар ч магтаал тэдний уур хилэн, гомдлыг барагдуулахгүй л дээ.

-    Аймшигтай шүү! Цэдэнбал өөрөө бүгд хуралд оролцоно гээд байсан, хэрэв хүрээд ирсэнсэн бол асуудал буруу тийш эргэх бүрэн үндэстэй... Дарга хэрэв хүрээд ирвэл гишүүд нь эргээд аягүй бол Улс төрийн Товчооныхон нам, төрийн эргэлт хийх гэсэн хэрэгт буруудаж баахан хэлмэгдэл гарахыг ч хэн байг гэх вэ.      

Энэ бол Ц.Намсрайн хожим ам алдсан дурсамж үг. Тийм хэлмэгдэл гаргахаас сэргийлж чадсандаа тэгж магтал сайшаалыг Батмөнх, Моломжамц нар урсгаж байсан юм болов уу. Нөгөө талаас “Аймшигтай шүү!” гэдэг үгийг шинжээд байвал нөгөө “Монголын ард түмний үнэнч хүү, энх тайван, найрамдал, социализмын үйл хэргийн ялалтын төлөө цогтой тэмцэгч”, “Олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн”, “Манай нам, ард түмний хайрт удирдагч”, “Монголын ард түмний алдарт хүү” гээд бат итгэчихсэн нам–засгийн  тэр олон түшмэдэд хэрхэн ойлгуулах вэ, хэрхэн ятгах вэ, сэтгэлээр яаж унагачихгүй байх вэ гэсэн ацан шалааг нь хэлж байх шиг.
 
 Сонгогдоод Ж.Батмөнх хэрхэн ярьсныг эргэж үзье.

-     Нөхөр Ю.Цэдэнбал манай нам, төрийг бараг 45 жил шахам удирдахдаа өөрийн шавхагдашгүй хүч, арвин мэдлэг, баялаг туршлага, авьяас билгээ зориулж ирсэн нам, ард түмний тэр үйл хэрэгт бүхий л хүч, мэдлэг, туршлагаа зориулах болно гэдгийг бүгд хурлын энэ хүндэт индрээс Намын Төв Хорооны гишүүд та бүхэнд болон манай орны коммунистуудад илэрхийлж байна.
-    Өнөөдөр бид манай нам, төрийн гарамгай удирдагч, монголын ард түмний үнэнч хүү, шалгарсан марксист-ленинист, тууштай интернационалч, олон улсын коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, монгол-зөвлөлтийн ард түмний ленинч найрамдал, энх тайвны үйл хэрэг, улс түмний эв нэгдлийг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэгч нөхөр Юмжаагийн Цэдэнбалд хандаж, түүний шууд удирдлагын дор манай намын баримталж ирсэн зарчимт чиг шугамд гуйвшгүй үнэнч байхаа илэрхийлж байна.
-    Нөхөр Цэдэнбалын улс төрийн  мэргэн ухаан, амьдралын арвин туршлага нь урьдын адилаар манай нам, ард түмний үйл хэрэгт үйлчлэх болно гэж манай коммунистууд, бүх хөдөлмөрчдийн бодол санааг бүрэн дүүрэн илэрхийлэн хэлж болно.

Энэ бол бараг л алтан шарилынх нь дэргэд толгой гудайлгаад хэлсэн тангарагийн үгс аятай бууж байна. Хойд Солонгосын суртал нэвтрүүлэг л өнөөдөр дэлхийд ганцаараа сондгойрон ийм тангараг уншсаар байгааг тэр үед бид яг давтаж байжээ. Монголын хөгжлийн түүхэн үеүд гээд хөгжил дэвшлийн үйл явцуудыг тоочиж, энэ бүхэн нь нам–төрийн шалгарсан удирдагч нөхөр Ю.Цэдэнбалын нэр хүнд, олон талын бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Намыг 40 гаруй жилийн турш удирдахдаа, мөн батлан хамгаалах хүчийг зузаатгахад оруулсан хувь нэмэр гээд илтгэгч баахан ажил үйлс цааш нь  тоочжээ. Марксизм-ленинизм ба Монгол-Зөвлөлтийн найрамдалд цогтой тэмцэгч  Цэдэнбалын оруулсан жинтэй хувь нэмэр гэж асар их өв сан байгааг илтгэгч нэгд нэгэнгүй дурджээ.
 
-    Нөхөр Цэдэнбалын амьдрал, үйл ажиллагаанд намын удирдагч хүний олон сайхан шилдэг чанар байдаг юм. Энэ нь түүний намч өндөр зарчим, шаардлага, зохион байгуулах авьяас билэг, аливаа асуудалд санаачилгатай, ажил хэрэгчээр ханддаг чанар, улс төрийн хурц хараа, марксизм-ленинизм, нам, ард түмний үйл хэрэгт харш аливаа илрэлтэй эвлэршгүй тэмцэгч байх чадвар, өргөн олонтой өдөр тутам нягт холбоотой байж, тэдний эрэлт хүсэлтийг шуурхай мэдэрч анхааралтай ханддаг, асар их хөдөлмөрч, нэн энгийн төлөв даруу зан чанараар илэрч байгаа юм.
-    Эдгээр нандин чанараараа нөхөр Ю.Цэдэнбал социалист монголын ард түмний чин сэтгэлийн хайр хүндэтгэлийг зүй ёсоор хүлээсэн юм. Ах дүү орнуудын ард түмэн, олон улсын коммунист ажилчны хөдөлгөөн дотор ч нэгэн адил өндөр нэр хүндтэй билээ.
-    Д.Сүхбаатар, түүний хамтран зүтгэгчдийн хувьсгалт үйл хэрэг, үзэл санааг үнэнчээр үргэлжлүүлэгч нөхөр Цэдэнбалын туулсан зам нь нам, эх орондоо мятаршгүй үнэнчээр зүтгэхийн үлгэр дууриал юм.       

“Намын удирдагч хүний олон сайхан шилдэг чанар”, “түүний намч өндөр зарчим”, “зохион байгуулах авьяас билэг”, “улс төрийн хурц хараа”, “харш аливаа илрэлтэй эвлэршгүй тэмцэгч байх чадвар”, “асар их хөдөлмөрч”, “нэн энгийн төлөв даруу зан чанар” гэхчлэн нэг бодгаль хүнд хэт ахдахаар тодорхойлолтууд нь өөрсдөө тийм байх гавьяагүй, Цэдэнбалтай зэрэгцэх хүн энэ танхимд сууж байгаа 200 хүнээс нэг ч алга гэсэнтэй адил дуулдаж байна. Өнөөгийн өнцгөөс харж ярьж байна л даа.



“Цэдэнбалгүй одоо яана даа” хэмээн зүрхээ зүсүүлсэн Төв Хорооны гишүүд индрээс санал болгосон ганц хүнийг л (Ж.Батмөнх) үг дуугүй сонгосон бололтой юм билээ.

-    МАХН-ын Төв Хорооны бүгд хурал санал нэгтэй, нэгдэл нягтралтай болж өнгөрөв. Бүгд хурал намын удирдлагын залгамжлалын асуудлыг нам, ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагын үүднээс шийдвэрлэв гээд бүгд хурлын сонсгол мэдээнд заажээ.

Гэтэл энэхүү “санал нэгтэй, нэгдэл нягтралтай болж өнгөрөв”, “намын удирдлагын залгамжлалын асуудлыг нам, ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагын үүднээс шийдвэрлэв” гэсний эсрэг, тодорхой хэлбэл Цэдэнбалын орыг сонгохдоо алдаж энджээ гэх харуусал гомдол хожим олон гараад иржээ. Одоо ч тэгж ярьж яваа ахмадууд бий.  Өөрсдөө дүнсгэр бүгд хурал дээр амаа үдүүлэн дув дуугүй сууж өнгөрөөчихөөд (санал нэгтэй сонгочихоод) одоо болохоор эргэж ноцож байгаа нь юу билээ. Эсвэл сонголт буусан зохиолын баатар маань тэр хүнийг баярлуулж гялайлгаагүй юү, хувийн өс хонзонгоор яриад байна уу, бүү мэд.

“Түүхэн эрхэмүүдийн цадиг” цувралын хүрээнд
НЭПКО хэвлэлийн газраас хэвлэн гаргасан
“Жамбын Батмөнх” номын хэсгээс